Хутагтын дөрвөн үнэн нь бидэнд тулгардаг асуудлуудыг давж гарах зам мөрийг тоймлон үзүүлсэн суурь баримтууд юм. Энэ нь Бурхан багшийн анхны сургаал бөгөөд Бурханы шашны бусад бүх сургаалын үндсэн загвар болж өгдөг.
Хутагтын нэг дэх үнэн: Зовлон үнэн
Нэг дэх үнэн бол амьдрал ерөнхийдөө сэтгэлд хүрдэггүй явдал. Төрөхөөс эхлээд үхэх хүртэл аз жаргалтай мөчүүд олон тохиох боловч тэдгээр нь удаан үргэлжилдэггүй, амьдралд бас таагүй мөчүүд олон тохионо:
- Баяр баясгалан үгүй – өвчин, гутрал, ганцаардал, зовнил, сэтгэл ханамжгүй байдал энэ бүхнийг танихад, ойлгоход хялбар. Зарим тохиолдолд баяр баясгалан үгүй байх нь бүр хүрээлэн буй юмстай ч холбоогүй байна – бид хамгийн сайн нөхөртэйгөө хамгийн дуртай хоолоо идэж байх боловч баяр баясгалан үгүй байх нь ч бий.
- Зуурдын жаргал – бидний таашаах бүхий л юмс үнэндээ удаан үргэлжилдэггүй эсвэл сэтгэлийг бүрэн хангадаггүй ба төд удалгүй зовлон болж хувирдаг. Осготлоо даарч байгаад дулаан газар ороход яваандаа тэр дулаан нь эргээд цэвэр агаар хүсэм тэсэхийн аргагүй халуун зүйл болно. Тэрхүү дулааныг мэдрэх жаргал нь өнөд үргэлжилбэл хичнээн сайхан, гэвч асуудал бол тэр хэзээ ч удаан үргэлжилдэггүй.
- Дахин дахин давтагдах асуудлууд – хамгийн муу нь амьдралд тохиолдож буй сайн, муу зүйлүүдийг шийдвэрлэх бидний арга нь улам их асуудлуудыг бий болгодог явдал. Жишээ нь: хэн нэгэнтэй харилцах бидний харилцаа муу байгаа үед бидний авч байгаа арга хэмжээ нь түүнийг ердөө илүү муу болгодог. Бид салдаг, гэвч тэр үед бид муу зуршлаа бат бөх болгосон учраас дараагийн харилцаанд дээр нөгөө л хэв маягаа дахин давтана. Энэ нь түүнийг бас л муу харилцаа болгоно.
Хутагтын хоёр дахь үнэн: Зовлонгийн шалтгаан үнэн
Бидний зовлон болон зуурдын жаргал нь юунаас ч хамаарахгүй гэнэт гарч ирдэггүй, харин өргөн хүрээтэй олон шалтгаан, нөхцөлүүдээс бий болдог. Бидний амьдарч буй нийгэм гэх мэт гадаад хүчин зүйлүүд нь бидний асуудлуудын гарч ирэх нөхцөл болно, харин Бурхан багш жинхэнэ шалтгааныг нь өөрийн сэтгэлээс хай хэмээсэн. Үзэн ядах, атаархах, шунах гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь эцэст өөрт гэм хор болох байдлаар өөрийн эрхгүйгээр бодож, ярьж, үйлдэл хийхэд хүргэдэг.
Бурхан багш илүү гүнзгий харж, эдгээр сэтгэлийн төлөв байдлуудын цаана байх жинхэнэ шалтгааныг гаргаж ирсэн: бидний бодит байдлыг харах хэв маяг. Үүнд өөрийн зан байдлаас гарах хэтийн үр дагаварыг мэдэхгүй байх, түүний талаар буруу ойлголттой байх, мөн бид өөрөө, бусад хүмүүс, дэлхий ертөнц хэрхэн оршдог талаарх маш хүчтэй буруу төсөөлөлтэй байх зэрэг багтдаг. Бүх зүйлийн харилцан хамаарлыг харахын оронд, бид юмсыг бие даан, гадаад хүчин зүйлүүдээс хамаарахгүй оршдог гэж бодох хандлагатай байдаг.
Хутагтын гурав дахь үнэн: Зовлонг хорих нь үнэн
Бурхан багш бид үүнтэй эвлэрч, энэ бүхнийг тэвчих албагүй, учир нь хэрэв шалтгааныг нь үндсээр нь арилгавал үр дагавар гарахгүй хэмээн онцлон тэмдэглэсэн. Хэрэв бид бодит байдлын талаарх төөрөгдлөө арилгавал асуудлууд дахин хэзээ ч гарч ирэхгүй. Бурхан багш бидний нэг, хоёр асуудлын тухай яриагүй, харин тэрбээр бид шинэ асуудлуудыг бий болгодог байдлаа бүрмөсөн зогсооно хэмээсэн юм.
Хутагтын дөрөв дэх үнэн: Сэтгэлийн зам мөрийн үнэн
Гэнэн, бодит байдлыг мэдэхгүй байх явдлыг арилгахын тулд бид тэдгээрийг шууд сөрөх тэр зүйлийг авч үзэх хэрэгтэй:
- Хүссэн зүйлдээ хурдан түргэн хүрэхээр алсын хараагүй яаран сандран үйлдэл хийхийн оронд урт хугацаанд төлөвлөх
- Амьдралын нэг жижигхэн тал дээр анхаарахын оронд аливааг илүү өргөн хүрээнд авч үзэх
- Өнөөдрийн хувьд бидэнд аль хялбар байгааг хийхийн оронд өөрийн үйлдлийн бидний амьдралын үлдсэн хугацаанд, ирээдүй үеийнхэнд үзүүлэх нөлөөг бодолцох.
Зарим тохиолдолд амьдралд аливаа зүйл бүтэлгүй болох үед хожмын үр дагаварыг нь бодохгүйгээр архи ууж тэдгээрээс анхаарлаа холдуулах, эсвэл чанаргүй хоол хүнсээр өөрийгөө хэт цатгахыг тэр бүхнийг даван туулах цорын ганц арга мэт санадаг. Хэрэв бид үүнийг зуршил болговол өөрийн амь насыг аюулд оруулах төдийгүй гэр бүлдээ ч маш их сөрөг нөлөө үзүүлэх эрүүл мэндийн эрсдэлүүдтэй тулгарна. Үүний цаана бид өөрийн хийж буй үйлдлийнхээ үр дагавараас өөрсдийгөө бүрэн салгаж ойлгодог явдал оршиж байдаг. Энэ буруу ойлголтыг сөрөх хамгийн хүчтэй ойлголт бол:
- Бид бусад хүн төрөлхтөн, дэлхий ертөнцтэй гүнзгий харилцан хамааралтай гэдгийг ойлгох, бид хэрхэн оршдог талаарх бидний уран зөгнөл нь бодит байдалтай нийцдэггүй гэдгийг ухаарах.
Хэрэв бид бясалгал хийж энэхүү ойлголтонд өөрийгөө дасгавал бидний хоосон төсөөллүүдийг дэвэргэж байдаг бүхий л төөрөгдлүүдийг алгуур арилгана.
Бид бүгд жаргалыг хүсэх боловч тэр нь ямар нэг байдлаар биднийг тойрон гарсаар байдаг. Өмнө дурдсан Хутагтын дөрвөн үнэнд үзүүлсэн Бурхан багшийн заасан аз жаргалыг олох арга нь түгээмэл шинжтэй бөгөөд түүнийг анх зааснаас хойш 2500 өнгөрсөн ч агуулга нь одоог хүртэл ач холбогдолтой хэвээр байна.
Өөрсдийн өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхдээ Хутагтын дөрвөн үнэнийг ашиглахад Бурханы шашинтан болох албагүй. Юмс бидний хүссэний дагуу болох боломжгүй, гэвч энэ нь хямрах, итгэл найдвараа алдах шалтгаан биш. Хутагтын дөрвөн үнэн нь жинхэнэ аз жаргалыг олоход хэрэгтэй, амьдралаа үнэхээр утга учиртай болгоход хэрэгтэй бүх зүйлийг багтаадаг.
Товчилбол, зовлонгийн үнэнийг мэдэж, зовлонгийн шалтгааныг арилгаж, зовлонг хорихуйн үнэнд хүрч, сэтгэлийн зам мөрийн үнэнийг төрүүлдэг.