Study Buddhism: Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Рингү Түлкү: Миний нэр Рингү Түлкү. Рингү гэдэг нь Төвөдийн зүүн нутагт байх миний сууж байсан нэгэн хийдийн нэр. Би өөрөө Энэтхэгийн Сиккимд голлон боловсрол эзэмшсэн. Олон хамба, ихэс лам нарын удирдлага дор ном үзэж байсан ч Дилго Кэнцэ Ринбүүчи, XVI Кармапа нарыг үндэсний багшаа гэж үздэг. Бүх сахилаа тэднээс хүртсэн ч Бурханы шашны бүх дөрвөн урсгалын номыг үзэх завшаан бас надад тохиосон юм.
Study Buddhism: Юуны түрүүнд, яагаад хүмүүс Бурханы шашинд суралцдаг вэ? Бурханы шашин тэдэнд юу өгдөг вэ?
Рингү Түлкү: Бидэнд үргэлж “Миний хүсэж байгаа зүйл чухам юу вэ?” гэж асуухыг заадаг байсан. Хэрэв өөрийн үнэхээр хүсэж байгаа зүйл үрүү өнгийн харвал энэ нь бүх зовлон, шаналал, асуудлуудаас гарах хүсэл байдаг. Зөвхөн өөрөө төдийгүй дотны, эрхэм хүмүүсээ бас зовлонгоос чөлөөлөгдөхийг хүсдэг. Тэгэхээр үнэндээ зовлонгүй байж, ашдын амгалан, жаргаланг олох, түүнийг мөн бусдад ч авчрах нь бидний хувьд хамгийн чухал зүйл. Бурханы шашинд суралцсанаар бид үүнийг хэрхэн хийж, үүнд хүрэх үе шатуудыг мэдэж авна.
Study Buddhism: Орчин үед хүмүүс ялангуяа залуу хүмүүс төгс төгөлдөр, аз жаргалтай байх гэж хичээн их дарамт туулах болсон, бүр тийнхүү хичээгээгүй байсан ч адил. Өнөөдөр залуу хүмүүст тулгараад байгаа хамгийн том бэрхшээлийг та юу гэж харж байна вэ?
Рингү Түлкү: Өнөөдөр залуу хүмүүс бүх зүйлийг сайн болно гэсэн их өндөр хүлээлттэй байх болсон. Энэ нь гол асуудал мэт санагдаж байгаа. Тэд бидний ‘орчлон’ гэж нэрлэдэг зүйлийг – ертөнцөд шаналал, зовлон, сөрөг зүйл, сул тал, мунхаглал, түрэмгийлэл гэх мэтээр цааш үргэжлэх олон зүйл их байдгийг үнэхээр ойлгохгүй байгаа мэт санагддаг. Энэ бол маш энгийн. Гэтэл бид хүн бүр сайхан, өглөгч, төгс төгөлдөр байна гэж хүлээж болохгүй.
Ийм гадаад хүчин зүйл бүхий асуудлууд байдаг ч эдгээр асуудлууд нь бидний сэтгэлийн дотор ч бас байдаг гэдгийг ойлгох нь маш чухал. Үүнийг сайтар ойлгосон үед энэ нь юмсыг хүлээн зөвшөөрөх тодорхой боломж бас энэрэн нигүүлсэх сэтгэлийг авчирна – хүн бүр төгс төгөлдөр биш гэдгийг ойлгож, бидний сэтгэлд нийцэхгүй зүйл тулгарах үед бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрнө.
Study Buddhism: Та өөрийгөө үргэлж баяр жаргалтай байдаг гэж хэлэх үү? Хэрэв тийм биш бол яагаад үгүй гэж? Зовлон бэрхшээлийг та хэрхэн даван туулдаг вэ?
Рингү Түлкү: Би өөрийгөө нилээн жаргалтай гэж боддог! Учир нь би бүх зүйлийг төгс төгөлдөр байна гэж хүлээдэггүй. Би хэтэрхий их зүйл хүлээдэггүй – надад бараг хүлээлт байдаггүй. Би их аялдаг, гэвч явсан газар бүрдээ сэтгэл амгалан явдаг.
Аз жаргал гэдэг бол үнэндээ сэтгэлийн амгалан буюу тайван сэтгэл гэж би боддог. Сэтгэл тайван байх тэр байдлыг юмсыг хүлээн зөвшөөрч, ямар ч нөхцөлд байсан зүгээр сайн байж сурч бий болгоно. Энэ бол сэтгэл хөдлөлтэй ажиллах бас гайхалтай арга.
Study Buddhism: Орчин үеийн энэхүү хурдацтай, завгүй нийгэмд хүмүүсийг илүү жаргалтай болгоход авч болох ямар нэг тодорхой алхамууд бий юу?
Рингү Түлкү: Завгүй байх нь үнэндээ аз жаргалтай, аз жаргалгүй байхад тийм их хамаатай гэж би бодохгүй байна. Хэр зэрэг завгүй байх нь биднээс бүрэн хамаарна, нэг талаараа! Энд асуудлын гол нь хүмүүс голдуу хэдийчинээ ихийг хийж, хэдийчинээ их эд хөрөнгө хураана төдийчинээ аз жаргалтай болно гэж боддогт байна. Гэвч үүнийг хийх явцад тэд хэт ачаалалд орж, тэр нь зовлонгийн эх сурвалж болдог. Юуны түрүүнд их зүйл хураах эсвэл их зүйл хийх нь энэ бүхний хариулт биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Гол зүйл бол сэтгэлдээ сэтгэл ханамжийг бий болгох явдал.
Хэдий завгүй байсан ч тэр бол аз жаргалгүй байх шалтгаан огт биш. Тэдгээрт хэрхэн хандаж байгааагаас бүх зүйл шалтгаална. Заримдаа ажил сайн, заримдаа тийм сайнгүй байдаг. Гэвч бидний хийж чадах зүйл бол бүгдийг хамгийн сайнаараа л хийх. Хэрэв би чадахаараа хичээгээд ажил амжилттай болбол сайн хэрэг. Хэрэв амжилтгүй болбол наад зах нь би хамгийн сайнаараа хичээсэн, түүнээс илүү миний хийж чадах зүйл байхгүй байна гэнэ. Хэрэв би юмсыг ингэж хийвэл намайг илүү тайван болгоно гэж боддог.
Study Buddhism: Бурханы шашин хүлээцтэй, аливааг хүлээн авах чадвартай байхыг сургадаг хэмээн олон нийтэд ойлгогддог. Гэвч үүний хажуугаар, идэвхгүй байхыг сургадаг гэлцдэг, юу ч болж байсан хамаагүй – явж, бясалга хэмээдэг гэдэг. Энэ үнэнд нийцэх үү?
Рингү Түлкү: Үүнийг би маш буруу ойлголт гэж бодож байна! Бурханы шашны үүднээс юу ч болж байсан зүгээр гэж лавтай хэлэхгүй. Мэдээж бид бодит хандлагатай байж өөрт байгаа зүйл, байгаа орчныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч хэрэв бид тэндээ зогсоод, бууж өгөх юм бол тэр нь идэвхгүй байдал болно. Ингэх заавал шаардлагагүй!
Бууж өгөх хэрэггүй. Юу ч тохиолдсон, юу ч хийсэн байсан, сайн ч болсон муу ч болсон, юу ч болсон хамаагүй бид одооноос эхлэн бууж өгөхгүй гэнэ. Дараагийн удаа илүү сайн хийх арга олж болно, үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй, гэвч сэтгэлийн дарамттай эсвэл уур бухимдалтай аргаар биш. Өөрт болон бусдад хандсан сөрөг сэтгэлийг удаан хугацаанд төрүүлэхгүй байх нь маш чухал. Хэрэв ингэвэл бид зөвхөн өөрийгөө бухимдуулна, тус болохгүй.
Study Buddhism: Орчин үед хүмүүс их ууртай болсон мэт санагддаг. Байгаль орчны сүйрэл, дэлхий даяар гарч буй олон шударга бус үйл явдлууд, авлига, ёс зүйгүй байдал гэх мэт олон зүйлийн талаар олж мэдэхэд хялбар болсон байна. Бид өөрсдийгөө хүчтэй байлгаж, дэлхийг өөрчилж чадах болов уу?
Рингү Түлкү: Дэлхийг өөрчилж болно гэж би боддог! Гэвч энэ хялбар биш. Энэ хялбар биш учраас хялбар биш юм. Үүнийг бид хийхгүй байгаа учраас хялбар биш юм! Бид бүгд бусдыг сайхан сэтгэлтэй, өглөгч, тусархуу байхыг хүсдэг. Бусдыг биеэ зөв авч явахыг, тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүсдэг. Бид бусдыг хичээнгүй ажиллаж, ухаантай байхыг хүснэ.
Гэвч зөвхөн хүсэх нь хүн бүрийг тийм болгохгүй. Иймд бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
Зургаан чанадад хүрэхүй буюу барамид гэж нэрлэдэг зүйл бидэнд бий – өглөг, ёс суртахуун, тэвчээр, хичээл, төвлөрөл, билиг ухаан – хэрэв хүмүүс эдгээрийг бага зэрэг төлөвшүүлэхийг оролдвол гайхалтай төрөлхтөн болно. Хэрэв дэлхий дээр ийм хүмүүс олон болбол энэ дэлхий маань гайхалтай дэлхий болно. Гэвч бид бусад үүнийг хийхийг хүлээх эсвэл тэднийг хүчлэн хийлгэж болохгүй. Бид өөртөө эдгээр чанарыг төлөвшүүлэхээс эхлэх ёстой.
Энэ бол Бурханы шашны бүтээл юм – өөртэйгөө ажиллах. Ингэснээр бусад хүмүүс эдгээр чанарууд хүн бүрд ямар их тустай болохыг аажмаар харна. Энэ ойлголтыг ердөө оюунаараа хүлээн зөвшөөрч, үнэлэхэд л маш том ялгаа гарна.
Мэдээж олон сөрөг зүйлүүд бий, гэвч уурлаж бухимдсанаар тэдгээрийг өөрчлөхгүй. Хэрэв тухайн асуудлын талаар хэтэрхий уурлах, түрэмгийлэх юм бол үнэндээ би асуудлын нэг хэсэг болно. Тайван байж, тэвчээртэй, таатайгаар, илүү удаан хугацааны турш хичээх нь асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сайн арга.
Study Buddhism: Амьдралд үнэхээр хэцүү асуудлууд тохиолдох үе байдаг. Хүмүүс ажилгүй болдог, нас бардаг, хүчтэй санаа зовох асуудлууд гардаг. Бид юу хийж чадах вэ?
Рингү Түлкү: Намайг нэг удаа Бельгид байхад билүү эсвэл тэр хавийн нэг газар явж байхад минь нэгэн бүсгүй ирээд “Би үүнээс ихийг дааж чадахгүй нь, би эцэст нь туллаа, би одоо үхмээр байна” гэлээ. Тэр найз залуугаа, ажлаа алдсан, тэрэнд мөнгө төгрөг байхгүй, тийм болохоор үхэхийг хүсэж байна гэв. Би түүнээс хэрэв тэр үхэхийг хүсэж байвал хэн ч түүнийг хорьж чадахгүй, харин түүнээсээ өмнө Энэтхэг яваад ирж яагаад болохгүй гэж асуулаа. “Мөнгө байхгүй гэж надад битгий хэлээрэй, учир нь нас барсны чинь дараа чамд ямар ч мөнгө хэрэг болохгүй шүү дээ” гэж би хэлсэн!
Заримдаа хүмүүс Энэтхэг эсвэл өөр ямар нэг газар яваад томоос том инээмсэглэсээр буцаж ирдэг. Тэр эмэгтэй Япон яваад бас баяртай буцаж ирсэн. Тэр уулын уруу унаад тэндээсээ гарч чадахгүй бараг үхэх шахсан тэр үед “Ингээд үхдэг юм байна” гэж бодсон гэсэн.
Тэр үед тэр найз залуу байхгүй, ажил байхгүй, мөнгө байхгүй тухайгаа мартсан байсан, тэр бүхэн ямар ч ач холбогдолгүй санагдсан гэж байсан. Түүнд бодогдож байсан ганц бодол нь “Эндээс л амьд гарвал би баярлана!” гэсэн бодол байжээ. Тэгээд тусламж ирж тэр маш баяртай буцаж ирсэн.
Ийм учраас бүх зүйл маш харьцангуй. Бид голдуу өөрсдийгөө маш муу нөхцөлд байна гэж боддог. Гэвч үнэндээ юмс бүр муу ч байж болно. Үргэлж илүү сайн эсвэл илүү муу нөхцөлүүд байх бөгөөд хэрэв үүнийг сайн ойлговол бидэнд тустай байх болно.
Нэг удаа нэг сэтгүүлч Дээрхийн гэгээн Далай ламаас “Та үргэлж хүмүүсийг өөдрөг байх хэрэгтэй гэдэг, гэвч Төвөдийн хувьд та юу гэх вэ? Энэ тохиромжгүй болоод байна – нөхцөл байдал улам бүр дордож байна, өөдрөг байх зүйл байхгүй байна!” гэж асуусан. Дээрхийн гэгээн инээдгээрээ инээгээд “Таны зөв. Төвөдийн нөхцөл байдал байж болох хамгийн муу нөхцөл байдалд магадгүй байгаа байх. Сайжруулж болохгүй зүйл гэж байхгүй учраас тэр юм. Энэ нь ердөө сайжруулж болох хэмжээнд маш муу байна!” гэсэн юм.
Үүний адил бид сайжруулж болох зүйл дээр төвлөрөх хэрэгтэй бөгөөд тэр нь биднийг аль хэдийн өөдрөг болгосон байдаг. Дээрхийн гэгээний хариулт маш сайн хариулт байсан. Учир нь хэрэв бид маш муу нөхцөлд ороод “Энэ үнэхээр муу зүйл болж байна, би бууж өглөө” гэвэл бид ялагдана. Харин “Энэ нөхцөлийг бага зэрэг ч атугай сайжруулахын тулд юу хийж болох вэ?” гэж бодох үед бид аль хэдийн өөдрөг болсон байх ба энэ бодол нь бидний алсын харааг өөрчилнө.
Study Buddhism: Та төвөд ардын үлгэрийн ном бичсэн. Таны дуртай үлгэр тань юу вэ, энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Рингү Түлкү: Би ардын зохиолуудад дуртай. Хэдий тийм боловч Толстойн зохиолуудад бас дуртай. Түүний бичсэн нэгэн сахиусан тэнгэрийн тухай бүтээл байдаг. Тэр бүтээлд нэг сахиусан тэнгэрийн далавчийг аваад, хүний тухай хамгийн чухал гурван зүйлийг олж мэдүүлэхээр дэлхий үрүү илгээдэг. Тэрээр эхлээд хүмүүсийн зүрх сэтгэлд хайр байдгийг харав. Хоёрдугаарт, тэд хэзээ нас эцэслэхээ мэддэггүй. Гуравдугаарт, хүмүүс бусдын хайраар амьдардагийг мэдэж иржээ. Ингээд тэр далавчаа буцаан авч, нисэн одож байгаа тухай гардаг.
Study Buddhism: Таны бодлоор энэ түүх Бурханы шашны сургаалтай нийцэж байна уу?
Рингү Түлкү: Нийцэж байгаа, зөвхөн Бурханы шашны сургаалаар тогтохгүй. Бүхий л дээд төрөлхтнүүдийн заасан ертөнцийн түгээмэл сургаалуудтай нийцэж байгаа. Дээд төрөлхтөн гэдэг нь хувиа хичээх үзэл огтхон ч төрүүлдэггүй хэн нэгнийг хэлэх бөгөөд тэдний сургаал нь хайрлах сэтгэл – бүхий л хамаг амьтныг тэгш хайрлах сэтгэлийн тухай өгүүлдэг. Энэ бол Бурханы шашны цөм мөн бөгөөд мэдээж бүх шашны сургаалын цөм бас мөн юм.
Study Buddhism: Таны тухай өгүүлдэг “Залхуу Ламтан” гэдэг нэг кино байдаг. Энэ нэр хэрхэн гарсан юм бол?
Рингү Түлкү: Миний нэг шавь миний тавьсан лекцийн материалуудыг эмхтгэн “Залхуу Ламтан бясалгалын тухай бодсон нь” нэртэй товхимол гаргасан юм. Би залхуу, гэвч юм хийдэггүй учраас биш. Надад хийх зүйл их бий, бас их аялах шаардлагатай болдог. Гэвч олон цагаар бясалгал хийхдээ сайн биш. Залхуу учраас тэр байх гэж боддог!
Study Buddhism: Завгүй дээр нь залхуу байж болох бид бүхэнд өдөр тутмын амьдралд маань тус болох богино хэмжээний, таван минутын бясалгал санал болгож болохсон болов уу?
Рингү Түлкү: Ямар нэг зүйлийг эхлэх нэг гайхалтай арга бол өөрийнхөө сэдэл, зорилгыг – миний хийж байгаа зүйл юу вэ, яагаад үүнийг хийж байна вэ? гэдгийг харах явдал гэж би боддог. Миний эцсийн, туйлын зорилго юу вэ? Ингэвэл бид хаашаа явж байгаа, юунд суралцах хэрэгтэй талаар маш тодорхой байж чадна.
Бурханы шашин бол зөвхөн бясалгалын тухай биш. Энэ бол олон талын чадавхтай сургалт. Хүмүүс ихэвчлэн тэд бясалгал хийж чадахгүй байгаа эсвэл завгүй учраас Бурханы шашны бүтээл хийж чадахгүй байна гэдэг. Гэвч бид Бурханы шашны бүтээлийг бүр бясалгалгүйгээр ч хийж болно. Мөн суралцах ёстой хутагтын найман мөр, зургаан чанадад хүрэхүй бий! Мөн ердөө, ач хариулахыг төлөвшүүлж болно – энэ бол гайхалтай бүтээл, үүнд тусгай цаг эсвэл газар шаардлагагүй.
Энэ бол гол зүйл. Хүлээц, тэвчээр, хүмүүжил эдгээр зүйлийг бид амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Энэ нь өдөрт хэдэн минут зарцуулах тусгай зүйл болох шаардлагагүй. Бид юмсыг хэрхэн ойлгож байгаа нь, хэрхэн юманд хариу үйлдэл үзүүлж байгаа нь, хэрхэн амьдарч байгаа нь – энэ нь Номын жинхэнэ бүтээл юм шүү дээ.