Жэцүнма Тэнзин Палмотой хийсэн ялилцлага

Study Buddhism дэлхийн хамгийн эрхэм хүндтэй Бурханы шашны барууны багш нарын нэг Жэцүнма Тэнзин Палмотой ярилцлаа. Тэрээр 21 насандаа хуврагийн сахил хүртэн, Энэтхэгийн Лахаулын цаст ууланд арван хоёр жилийн турш бясалгал бүтээл хийсэн юм. Одоо тэрээр дэлхийн орнуудаар явж лекц тавин хойд Энэтхэгт байх өөрийн үүсгэн байгуулсан Донгю Гяцал Лин эмэгтэйчүүдийн хийдэд хандив цуглуулах ажлыг хийж байна.
1

Study Buddhism: Бидэнд өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Тэнзин Палмо: Би Англид төрсөн, Лондонд өсөж том болсон. 18 настай байхдаа нэг ном уншиж Бурханы номтой учирсан. Номоо талд нь хүртэл уншаад байхдаа ээж үрүүгээ хараад “Би Бурханы шашинтан” гэхэд ээж маань “Өө тийм үү, хонгор минь? Номоо уншиж дуусаад энэ тухайгаа надад ярьж өгч болно шүү” гэж билээ. Би үргэлж Бурханы шашинтан байсан мэт надад санагддаг байсан ч, бүр “Будда” гэдэг үг сонсогддоггүй тэр цаг үед тийм шашин байдаг гэдгийг ердөө мэдэхгүй байлаа. 1960-аад оны үе байсан, тэр үед Лондонд ч хүртэл олон зүйл боломжгүй байв. Яваандаа би Бурханы шашны төвөдийн уламжлалд илүү их татагдах болж 20 нас хүрээд Энэтхэг явлаа. 21 насныхаа төрсөн өдрөөр Камтрул Ринбүүчи багштайгаа учирч, гурван долоон хоногийн дараа анхныхаа хуврагийн сахилыг авч багшийнхаа дэргэд ажиллахаар болов. 

Багш маань намайг Лахаул уруу явахыг зөвлөж би тэнд дараагийн 18 сарыг өнгөрөөв. Дараа нь Энэтхэгт хэдэн жил суув. Эмэгтэйчүүдийн хийд байгуулах хүсэлт хүлээн аваад Энэтхэгт буцан ирснээс хойш тэндээ голлон сууж, улс орнуудаар айлчлан сургаал ном тайлбарлан явж байна.        

Study Buddhism: Бурханы шашны чухам юу нь таныг ийнхүү татах болсон бэ?

Тэнзин Палмо: Би жаахан хүүхэд байхаасаа бид мөн чанараараа төгс төгөлдөр байсан бөгөөд өөрсдийн дотоод төгс төгөлдөр чанарт хүртэл дахин дахин төрсөөр байх болно гэдэгт итгэдэг байсан. Асуулт бол мэдээж төгс төгөлдөр гэдэг чухам юу юм, түүнд хэрхэн хүрэх вэ? Шашны урсгалуудын ихэнх нь эзэн тэнгэрийн үзэл баримтлалтай, гадаад хүчин зүйл болох эзэн тэнгэрийн эрхшээлд байх тухай ойлголттой байдаг нь миний зүрх сэтгэлд хүрдэггүй байлаа. Ингээд Бурханы шашинтай учирч, төгс төгөлдөр зам мөрийг олж авлаа. Бурхан багш түүнд хүрэх зам мөрийг, хүрэх үр дүнг нь тайлбарлаад зогсохгүй хэрхэн хүрэхийг маш тодорхой үзүүлсэнд би үнэхээр их талархдаг. 

Study Buddhism: Лондонгийн охин хаа холын Гималайн нуруунд ирж амьдрах болсон тань танд хэзээ нэгэн цагт сонин санагдаж байв уу?

Тэнзин Палмо: Лондонгоос Лахаулд ирсэндээ би ер гайхаж байгаагүй юм байна. Энэ бүхэн өөрийн аяндаа болсон үйл явц мэт санагддаг. Лондонд байхдаа би буруу газар байгаад байгаа мэт санагдаж, өөр тийш явахыг хүсдэг байлаа. Австрали эсвэл Шинэ Зеланд явна гэж боддог байв. Ингэж санагдаж байсан нь Англи улсыг үгүйсгэж байсан юм ердөө биш, харин тэнд байх учиргүй гэдгээ л мэддэг байсан хэрэг. Ингээд Номтой учраад миний очих ёстой газар бол багшийн минь байгаа газар гэдгийг ойлгосон. Тэр үед, энэ бол Энэтхэг байв.                    

Study Buddhism: Орчин үед, бүх мэдээллийн хувьд интернетэд найдаж болох уу эсвэл бид бодит багштай болох хэрэгтэй юу?    

Тэнзин Палмо: Номын адил интернет маш их тустай байж болно, гэвч энэ бол Бурханы шашны бүтээлийг үнэхээр бүтээхэд хэрэгтэй хамгийн чухал хэсэг гэж би бодохгүй байна. Тодорхой хугацааны дараа, ямар нэг чадварт суралцахад бидэнд зайлшгүй шаардлагатай болдгийн адил биднээс илүү гүнзгий ур чадвартай хэн нэгнээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй болно. Хэрэв бид хөгжимчин, бүжигчин, тамирчин болохыг хүсэж байвал тодорхой хэмжээний материалыг интернетээс татан авч судалж, DVD үзэж, ном уншиж болно. Гэвч яваандаа бидэнд туслах, хувийн зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй. Энэ хоёр хамт явна. Бид цаг үргэлж багшийнхаа дэргэд байх шаардлагагүй, харин биднийг ерөнхийд нь ажиглаж, чиглүүлж чадах хэн нэгэн хүн үе үе хэрэгтэй болно. 


Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Цахим мэдээлэл ба багш нар”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Study Buddhism: Багшийг хэрхэн олох вэ? 

Тэнзин Палмо: Энэтхэгт олон хүмүүс надтай аливаа зүйлийн талаар ярилцахаар ирдэг. Тэдний тал нь “Надад асуудал тулгараад байна, би багштай болохыг хүсэж байна” гэж хэлж ирдэг бол нөгөө нэг тал нь “Би багштай, үүнээс болоод асуудал тулгараад байна!” хэмээн ирдэг гэж би заримдаа ярьдаг юм.

Багш байж болохгүй тодорхой хэсэг багш нар байдаг. Гэвч энд хамгийн гол зүйл бол хэтэрхий бодлогогүй гэнэн байж болохгүй, эсвэл бусдыг татах аливаа хүч, нөлөөнд автаж болохгүй. Бусдыг татах чадвартай байгаа нь тэр хүн үнэхээр эрдэм чадалтай гэсэн үг биш. Эх зохиолуудад ч гардаг, мөн Дээрхийн гэгээн Далай лам ч бидэнд сануулдаг. Бид тухайн хүний зан байдлыг өндөр сэнтий дээр сууж байхад нь бус харин хөшигний ард байхад нь шалгах хэрэгтэй гэдэг. Тэд энгийн хүмүүст хэрхэн хандаж байна – том том ивээн тэтгэгч нарт биш – харин тэдэнд тодорхой ач холбогдолгүй тэдгээр энгийн хүмүүст? Би багшаасаа түүний сайн мэдэх, түүнтэй санал сөрөлддөг байсан нэг ламын талаар юу гэж боддогийг нь асуухад тэрээр хэлэхэд хэцүү байна, харин бид түүний шавь нарыг 20 жилийн дараа ямар хүмүүс болсноор нь шалгаж үзэж болох юм гэсэн юм.

Миний хувьд, би багшийнхаа нэрийг сонсоод миний багш мөн байна гэж мэдсэн. Би энд өөрийнхөө өгсөн зөвлөгөөг бүрэн зөрчиж байна! Харин багш маань Бурхан байсан, тийм ч учраас би их азтай. Бусад хүмүүсийн хувьд, багшийнхаа шавь нарыг хараарай гэж хэлэх байна. Та тэдэн шиг болохыг хүсэж байна уу? Хэрэв та сайн, эвтэй найртай лам хуврагуудыг харж байвал, хэрэв тэд бүтээлээ сайн хийж байгаа, сайхан сэтгэлтэй сайн хүмүүс бол итгэж болох нэг шалтгаан байна гэсэн үг. 

Study Buddhism: Сая сая гүн ухаан, үзэл санааны энэхүү эрин зуунд яагаад Бурханы шашныг судлах ёстой вэ? 

Тэнзин Палмо: Бурханы шашны гол зүйл нь таныг зөвхөн сайн бай гэж хэлдэггүй, харин хэрхэн сайн байхыг хэлж өгдөг. “Бүү уурла” гэдэггүй, харин бидэнд уурлахгүй байхад туслах аргыг зааж өгнө. Төрүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг бүх сайн чанар, өөрчлөх, арилгах хэрэгтэй бүх сөрөг чанаруудад зориулсан арга техникүүдийг заан өгнө.

Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Уурыг даруй анагаах”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Энэ үнэхээр их тустай. Учир нь Бурханы шашинтан болохыг зориогүй хүнд ч илүү сайн хүн болоход нь тусална. Олон Католик шашны эрэгтэй, эмэгтэй номлогч нар илүү сайн католик хүн байх үүднээс, олон еврей хүмүүс илүү сайн еврей хүн болох үүднээс Бурханы шашны сургаалыг хэрэглэдгийг би мэднэ. Яагаад болохгүй гэж?! Энэ бүгд бид бүгдэд маань адилхан байх тэрхүү төрөлх мөн чанараа илүү гүнзгий таньж мэдэхэд л ердөө хөтөлдөг.     

Study Buddhism: Дурдал гэдэг зүйл сүүлийн хэдэн жил хүмүүсийн сонирхолыг маш ихээр татах боллоо. Энэ тал дээр таны бодол юу байх бол? 

Тэнзин Палмо: Орчин үед дурдал маш ерөнхий тодорхойлолттой болоод байна. Хэдий тийм ч гэсэн өдөр тутмын амьдралдаа илүү ухамсартай, үйлдэл бүрээ анзаарч хандаж байхыг хичээх тэрхүү ерөнхий зарчим нь маш чухал. Үүний хажуугаар өөрийн туулж байгаа бүх асуудлуудыг өөртөө авч, өөрчлөх агуулга бүхий сэтгэлийг төлөвшүүлэх зохиолуудын санааг бодож үзэх хэрэгтэй. Бүх гаднын нөхцөлүүд, учирч буй бүдүүлэг, хэцүү хүмүүст бухимдаж, уурлаж, сэтгэл гутарч бууж өгөхийн оронд энэ бүхнийг өөртөө авч, үнэндээ бидэнд эрч хүч өгдөг, хүч оруулдаг аргуудаар тэр бүхнийг зам мөрд урвуулан ашиглаж болно гэдгийг харж болно. Энэ бол үнэхээр бодит амьдралд ойр зөвлөгөө. Ийм ч учраас би өдөр тутмынхаа амьдралыг Номын бүтээл болгох тухай их ярьдаг. Тэгэхгүй бол ямар ч аргагүй мэт сэтгэл төрж, итгэл найдвараа алдах амархан.     

Даяан хийж байсан ч, амьдалын явцад ч бодит байдлыг мэдэх чадварыг аль болох их төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй. Сэтгэл сарних нь бидний хамгийн том асуудал – Бурхан багшийн нэрэлсэнчлэн сармагчин сэтгэл гэх тэр зүйл. Бид энэ сармагчин сэтгэлийг сургах хэрэгтэй. Хаана ч байсан, юу ч хийж байсан бид ухамсартай эсвэл ухамсаргүй байдаг. Бодит байдлыг мэдсэн эсвэл мэдээгүй байдаг. Эдгээр нь тал, тал байх боломжгүй. Ухамсартай, ухамсаргүй хоёр зэрэг байх боломжгүй. Миний авч байсан хамгийн сайн зөвлөгөөний нэг бол манай хийдэд сууж байсан нэг даяанчийн өгсөн зөвлөгөө юм. Тэрээр гурван цаг тутамд сэтгэлээ нэг удаа ажиглаж үзэж байхыг зөвлөсөн. Ингээд бид хэсэг хугацаанд түр амсхийн тухайн мөчид сэтгэлд юу болж байгааг, бид сэтгэлийн ямар төлөвт байгааг ажиглаж үзэж байхаар болов. Сайн, муу гэж дүгнэж цэгнэхгүй, ердөө л ажиглаж мэдэж авна. Яваандаа, юу бодож байгаагаа, өөрийн сэтгэлийн олон янзын эерэг, сөрөг төлөвүүдийг анзаарч эхэлдэг. Сэтгэлийнхээ боол болохгүйгээр түүнийг илүү сайн жолоодож сурна. 

Study Buddhism: Номын бүтээл хийх дур сонирхол, хөөр баярыг хадгалж байх нь ихэнх тохиолдолд хэцүү байж болдог. Үүнийг хадгалахын тулд юу хийж болох вэ? 

Тэнзин Палмо: Юуны түрүүнд бага зэрэг хөнгөнөөр хүлээж авах нь чухал! Долоо дахь барамид (чанад хүрэхүй) нь аливааг хөгжилтэй талаар харах чадвар байвал зүгээр гэж би байнга хэлсээр ирсэн. Ингэснээр өөрийгөө хэтэрхий нухацтай авч үзэхгүй болох юм. Бүтээлдээ нухацтай хандах боловч өөрийгөө хэтэрхий нухацтай авч үзэж болохгүй.      

Энд хэлэхэд, хүссэн, сонгож авсан зүйлээ хийж, номыг зөвхөн унших биш үнэндээ ойлгож чадах ийм хүний төрөл авсан нь үнэхээр завшаантай хэрэг гэдгийг таних нь туйлаас чухал гэж би бодож байна. Ийм түвшний боловсрол түүхэнд үнэхээр ховор тохиолдох бөгөөд бид үүнд талархахгүй байж болохгүй. Өөрт буй бүх зүйлд гүн талархах сэтгэл төрүүлж тэдгээрийг дэмий үрэхгүй байх хэрэгтэй, тэгэхгүй бол бид их харамсалтайгаар насан эцэслэх болно. 

Мөн би үүнийг технологитой бага зэрэг адил гэж бодож байна. Төхөөрөмжийнхөө зай хураагуурыг та цэнэглэх ёстой болдог. Даяан хийх, үе үе сайн багш нараас хувийн зөвлөгөө авах энэ бүхэн зай хураагуураа цэнэглэхэд тусална. Ийнхүү урам зориг төрснөөр өдөр тутмын амьдралд олж авсан зүйлүүдээ үргэлжлүүлэх боломжтой болно. Энэ бол маш чухал.
Эцэст нь хэлэхэд, Бурхан багш сайн найз нөхдийн чухлыг үргэлж онцлон тэмдэглэдэг байсан. Бид нэг л зүгт явж буй нийгэмд амьдарч байна. Иймд адил үнэт зүйлийг эрхэмлэдэг, бид ганцаараа эсвэл гажууд биш, бидний хийж байгаа зүйл бол амьдралын маш зөв арга зам гэдгийг санаж байхад туслах, биднийг дэмждэг наад зах нь цөөн хэдэн найз нөхөдтэй байвал сайн. Энэ нь Ном сургаалыг амьдралынхаа захад биш, төвд тавьж өдөр тутмын амьдралаа Номын бүтээл болгон ашиглахад тусална. 

Study Buddhism: Хүмүүс заримдаа Бурахны шашныг идэвхгүй үзэл баримтлалтай гэж үздэг, энэ талаар та юу гэж бодож байна вэ? 


Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Бурханы шашин идэвхтэй шашин”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Тэнзин Палмо: Бурханы шашин бол хамгийн идэвхтэй шашин! Бүх цаг хугацаанд бид сэтгэлтэйгээ ажиллаж, энэхүү эгэл хэвшмэл сэтгэлээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн түүнийг төлөвшүүлэх талаар ямар нэг зүйл хийж байдаг. Үүнд маш их зүтгэл, хүчин чармайлт орно. Мөн сэтгэл зовж, хямрахаас илүүтэй уужуу, тайван хандлагыг шаардана. Мэдээж энэ нь хойш суугаад бүх зүйлийг хүлээнэ гэсэн үг биш. Хэрэв бид өөрсдөө энэ бүхнийг бий болгохгүй бол өөрөө аяндаа бий болохгүй! 

Study Buddhism: Бурханы шашин дахь эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу? 

Тэнзин Палмо: Уламжлалыг харахад эмэгтэйчүүд Бурханы шашинд их үүрэг гүйцэтгэж байгаагүй. Ном зохиолуудыг эрэгтэй хуврагууд бусад эрэгтэй хуврагууддаа зориулан бичиж байлаа. Эмэгтэй хүнийг авч үзэх ерөнхий хандлага нь эрэгтэйчүүдээс тэднийг нилээн доогуур үнэлэх хандлагатай байв. Тийм нийгэмд эмэгтэйчүүд боловсрол эзэмшин, гүн гүнзгий сургаалуудыг үзэж, амжилт гаргах боломжгүй байв. 

Орчин үед энэ бүхэн их өөрчлөгдсөн. Охидууд хөвгүүдтэй хамт суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байна. Энэ жил анхны хэдэн эмэгтэй хувраг гэвш цолны буюу шашны ухааны докторын зэргийн үнэмлэхээ Дээрхийн гэгээн Далай ламаас гардан авах гэж байна. Эмэгтэй хуврагууд хэнээс ч илүү сайн байж, гүнзгий түвшний бүтээлүүд, урт хугацааны даяан хийн бүхий л хэлбэрээр эрдмүүдийг төрүүлж байна. Үүнийг голлон дэмжигчид нь эмэгтэй хуврагууд суралцаж болох юм байна гэдэг санааг гаргаж ирсэн эрэгтэй хуврагууд байсаар ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд багш нь болж байсан бөгөөд эмэгтэй хуврагуудыг дэмжихдээ маш их хичээл зүтгэл гаргасан. Тэдэнд тулгараад байгаа нэг зүйл бол эмэгтэй хуврагийн бүрэн сахилын тухай асуудал юм. Сүүлийн 30 жилийн турш үүний эсрэг нэг сонирхолтой эсэргүүцэл байсаар байна.   

Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Бурханы шашин дахь эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Study Buddhism: Эмэгтэй хуврагуудын гаргаж байгаа амжилтын талаар сонсоход сайхан байна. Энэ үйл явц аяндаа гарч ирсэн үү эсвэл эхлэхэд хэцүү байв уу? 

Тэнзин Палмо: Ямар нэг эмэгтэйчүүдийн хийдэд очоод тэднээс гол саад юу байна вэ гэж асуувал тэд өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэлгүй байх явдал гэж хэлнэ. Үүнд цаг хугацаа орно. Гэвч Ладакаас анх ирж байсан охидууд, одоогийн охидууд хоорондын ялгаа их өөр. Одоогийн охидууд тэд номхон, хүлцэнгүй ‘байх ёстой’ гэдгийг мэддэггүй, тэгээд ч өмнөх охидууд нь харуулсан учраас тэд олон талаар юу ч хийж чадна гэж боддог. Ийм болохоор тэдний хувьд эргэлзэх зүйл ердөө ч байхгүй.        

Анхны хэдэн эмэгтэй хуврагуудаас, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс төрөлхийн илүү ухаантай гэж боддог уу хэмээн асуухад тэд тийм гэж хариулж байсан. Би “Үгүй, тэд ердөө илүү боломжтой байсаар ирсэн. Хэрэв та нарт адил боломж байвал адилхан сайн сурна. Зарим эрэгтэйчүүд ухаантай, зарим нь тийм биш байдаг. Зарим эмэгтэйчүүд ухаантай, зарим нь тийм биш. Бид бүгдээрээ хүн төрөлхтөн, хэн ч нэг нэгнээсээ илүү биш” гэж хэлсэн. Одоо энэ асуултыг тэднээс дахин асуувал охидууд маань тэр асуултанд нь гайхах байх! Энэ бүхэн одоо сайжирч байгаа. 

Study Buddhism: Эмэгтэй хуврагуудын бүрэн сахилын талаар ямар нэг харагдах шийдэлд хүрч байгаа юу? 

Тэнзин Палмо: Одоогоор бид, үүнийг хийж болно гэж хэлсэн Дээрхийн гэгээн Кармапаг харж байгаа. Бид түүний үүнийг хэрхэн төлөвлөж хийхийг хүлээх ёстой. Бүгд үүнийг харах болно. Үүнийг зөв хийх нь чухал, тухайн сахил хүчин төгөлдөр гэж хүн бүр санал нийлэх тийм нэг аргыг олох байх. Тэгвэл энэ нь бүгдэд тэрхүү боломжийг нээж өгнө. 

Study Buddhism: Сүүлийн нэг асуулт, маш их ганцаардаж байгаа эсвэл сэтгэл санааны хямралд орсон тэдгээр хүмүүс юу хийх хэрэгтэй вэ? 

Тэнзин Палмо: Сэтгэл хямрал, өөртөө итгэлгүй байдал, ганцаардал зэргийг сөрөх гол аргуудын нэг нь бид бүгд үнэндээ бурханлаг чанартай гэдгийг таних явдал. Уур бухимдал, атаа, амбици зэрэг бусад асуудлууд бол ердөө бидний сурч авсан, зуршил болсон хэв маяг болохоос бидний хэн болох угийн чанартай холбоогүй юм. 

Бид дорд нүгэлтнүүд биш, бид ямар ч үнэ цэнэгүй төрөлхтөн биш. Бид эрдэнэ-мэт бас гуа сайхан нэг зүйл.       

Бидэнд бидний чадвар үнэхээр хязгаарлагдмал гэсэн ойлголтыг үргэлж өгдөг. Энэ бол үнэхээр харамсалтай. Үнэндээ бидний чадвар хязгааргүй. Сэтгэлийн мөн чанар үнэхээр гайхалтай. Бид дорд нүгэлтнүүд биш, бид ямар ч үнэ цэнэгүй төрөлхтөн биш. Бид эрдэнэ-мэт бас гуа сайхан нэг зүйл.   

Бурханы шашин нь эцэс төгсгөлгүй өөрийгөө эрхэмлэх сэтгэлийг арилгаж, үнэхээр их уудам, жинхэнэ утга учиртай зүйлд сэтгэлийг хандуулахад тусалдаг. Бясалгал бол биднийг илүү гүн гүнзгий түвшний ойлголтонд хүргэх нэг арга. Бид ихэвчлэн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн урсгалд автсан байдаг. Харин ойлголт, мэдлэгээр бид тэрхүү урсгалд туугдахгүйгээр тэр бүхнийг олж мэдэж чадна. Энэ нь бидний энгийн давчуу сэтгэлээс илүү уудам, гүнзгий нэг зүйлд хүрэх боломжийг олгоно. Хүн бүр үүнд хүрэх боломжтой. Энэ тийм хэцүү биш. Тодорхой заавар, дадлагын тусламжтайгаар хэн ч үүнийг хийж чадна.   

Yura Milyutin, Dr. Berzin, Jetsunma Tenzin Palmo, Matt Lindén, Aileen Barry
Yura Milyutin, Dr. Berzin, Jetsunma Tenzin Palmo, Matt Lindén, Aileen Barry

Жэцүнма Тэнзин Палмо - Дараагийн бичлэгүүд үзэх  

Top