Бурханы шашинтан хүний амьдралын нэг өдөр

Day%20in%20the%20life%20of%20a%20buddhist

Бурханы шашны сургаал нь өдөр тутмын амьдралаа хэрхэн залуурдах тухай нэлээд их зөвлөгөө өгдөг. Тэднээс дурдвал:

Сэрэх цагт

Сэрсэн даруйд, босохоос өмнө амьд сэрүүн сэрсэндээ маш их талархан баярлаж, шинэ өдрийг эхлэхэд бэлдэнэ. Дараах сэтгэлийг хүчтэй төрүүлнэ:

  1. Тухайн өдрийг маш утга учиртай болгох.
  2. Өөртэйгөө ажиллах, бусдад туслах энэхүү чухал боломжийг үрэхгүй байх.

Хэрэв бид ажил уруугаа явах ёстой бол хичээл зүтгэл гаргах, төвлөрөлтэй байх, үр бүтээлтэй байх шийдвэр гаргана. Хамтран ажиллагчиддаа уурлаж, тэвчээргүй, ширүүн хандахгүй. Хүн бүртэй нөхөрсөг байна, гэвч утгагүй дэмий зүйл, хов жив ярьж бусдын цагийг үрэхгүй. Хэрэв гэр бүлээ харж хандаж байгаа бол тэвчээр алдахгүй байж, гэр бүлийн гишүүдийнхээ бие махбод, сэтгэлийн хэрэгцээ шаардлагад чадах хэрээр анхаарал тавьж, асарч хайрлах шийдвэр гаргана.

Өглөөний бясалгал

Ер нь өглөөний цайны өмнө богино хугацаанд бясалгадаг байж болно. Ердөө тав, арван минут тайван сууж, амьсгал дээрээ анхаарлаа тогтоож, төвлөрөх нь их тустай.

Бидний амьдрал бидний эргэн тойронд буй хүн бүртэй хэрхэн холбогдож байдаг талаар бодно. Бидний сэтгэл болон үйл бидэнд болон бусад хүмүүст нөлөөлөх ба бид “Тэд бүгд жаргалтай байх болтугай” гэсэн асрах сэтгэл, “Тэд бүгд зовлон хийгээд зовлонгийн шалтгаан үгүй байх болтугай” гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлнэ. Өнөөдөр бид бусдад өөрийн чадах хэрээр туслах ба хэрэв боломжгүй бол наад зах нь гэм хор учруулахаас зайлсхийнэ гэсэн шийдэр гаргана.

Видео: 17-р Кармапа — “Өдөр тутмын бясалгал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Өдрийн турш дурдлыг агуулна

Өдрийн турш, бид үйлдлийг хэрхэн хийж, хэрхэн ярьж, бодож, сэтгэл ямар байгааг дурдан ажиглахыг хичээнэ. Ялангуяа уур, шунал, атаа, бардамнал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдууллдаг сэтгэл хөдлөл төрж байгаа эсэхийг ажиглахыг хичээнэ. Хувиа хичээх эсвэл бусдын талаар бодохгүй байх, өөрийгөө өрөвдөх эсвэл урьдаас буруугаар бодох зэрэг сэтгэлээр аливаа зүйлийг хийх үед түүнийг анзаарна. Илүү нарийн түвшинд, өөрийн болон бусдын талаар, нөхцөл байдлын талаар логик үндэслэлгүй үйл явдлуудыг тусган бодох үед түүнийг мэдэх зорилго тавина. Энэ урт дараалалд бидний ээлж хэзээ ч ирэхгүй, нэг ч хүн миний адил бусдыг хайрлаж чадахгүй гэж бодох, сэтгэлд зөвхөн “би хөөрхий амьтан” гэж санагдах тэдгээр мөчүүдийг анзаарахыг хичээнэ.

Ийм асуудал үүсгэгч сэтгэлээр өөрийн эрхгүй үйлдэл хийж, ярьж, бодож байгаагаа мэдэх үед бид дараагийн түвшний дурдлыг ашиглана. Юуны түрүүнд хожим харамсах ямар нэг зүйл хийх, хэлэхээс өмнө өөрийгөө зогсоохыг хичээнэ. Хэрэв аль хэдийн хийсэн бол илүү дор зүйл хийх, хэлэхээс өмнө зогсооно. Хэрэв өөрийгөө сөрөг бодол дунд байгааг анзаарвал дээрхийн адил хийнэ. Ийм сэтгэл болон сэтгэл хөдлөлийн асуудлуудыг сөрөх, намжаах ерөндгүүдийг сэтгэлдээ санаж, тэдгээрийг авч хэрэглэн сэтгэлийн тайван төлөв байдлаа олж авах хүртэл үргэлжлүүлэн хадгална.

Бидний олонхын мэдэх нэг жишээ бол ажил эсвэл гэрт хэн нэгэн биднийг шүүмжлэх эсвэл бидний дургүйг үнэхээр хүргэдэг зүйлийг хийх үе юм. Энэ үед бид:

  1. Уурлаж хашхичих нь тус болохгүй гэдгийг санан, өглөө хийсний адилаар амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж тайвшрахыг хичээнэ.
  2. Хүн бүр зовохгүй, жаргалтай байхыг хүсдэг, гэвч ихэнх хүмүүс төөрөлдөж, асуудал бий болгох байдлаар үйлдлүүдийг хийдэг гэдгийг санана.
  3. Тэдэнд жаргал болон жаргалын шалтгаантай байхыг хүсэх сэтгэл төрүүлнэ.
  4. Хэрэв тэд бидний зөвлөгөөг хүлээн авахаар нээлттэй бол зан байдлынх нь сөрөг үр дагаварыг хэлж өгч, түүнийг зогсоохыг хүснэ.
  5. Хэрэв тэд түүнийг хүлээж авахааргүй бол дуугүй байж, тухайн явдлыг тэвчээр суулгах хичээл болгон авна. Гэвч хэрэв бид ямар нэг асуудлыг дуусгаж чадах тохиолдолд юу ч хийхгүй байж хэзээ ч болохгүй.

Хянах ёстой гол зүйлийн нэг бол бусад хүмүүс биднийг шүүмжлэх үед төрөх өөрийгөө хамгаалах мэдрэмж юм. Хэрэв бид тайван байж, тэдний хэлсэн зүйлийг шударгаар ажиглаж үзээд – хэрэв үнэн бол уучлал гуйн, алдаагаа засаж болно. Хэрэв тэдний хэлсэн зүйл утгагүй зүйл байсан бөгөөд тэр нь чухал биш зүйл бол ердөө орхино. Хэрэв энэ нь ямар нэг чухал асуудал хөндсөн байвал ямар нэг гэм бурууг хүлцэж байгаа байдал эсвэл түрэмгийлж буй байдалгүйгээр илэрхийлэх тохиолдолд тэдний буруу бодлыг хэлж өгч болно.

Үдшийн бясалгал

Орой унтахын өмнө амьсгал дээрээ дахин нэг төвлөрөх байдлаар тухайн өдрийн үйл явдлуудтай холбоотой сэтгэлийг тайвшруулах үүднээс өөр нэг богино бясалгал хийж болно. Өдрийн турш болсон бүх үйл явдлуудыг нэхэн санаж, тэднийг хэрхэн шийдвэрлэснийг харна. Тэвчээр алдан уурласан байна уу эсвэл ямар нэг буруу зүйл хэлсэн байна уу? Хэрэв тийм бол өөрийгөө хянаж чадаагүйдээ харамсаж, гэвч ямар нэг гэм буруутай сэтгэл төрүүлэхгүйгээр маргааш илүү сайн хичээх шийдвэр гаргана. Мөн нөхцөл байдлыг ухаалгаар, сайхан сэтгэлээр шийдсэн үеүдийг тэмдэглэнэ. Түүндээ баясах сэтгэл төрүүлж, энэ зам мөрийг цааш үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргана. Ингээд өөртэйгөө ажиллах болон бусдад тус хүргэхийг үргэлжлүүлэх боломж бүхий маргааш өдрийг хүсэн хүлээн унтана. Өөрийн хосгүй эрхэм амьдралыг үнэхээр утга учиртай болгож байгаадаа туйлаас баярлах сэтгэл төрж болно.

Top