What is mind

Сэтгэл бол агшнаас агшинд үргэлж өөрчлөгдөж байдаг, “ямар нэг зүйл”-ийг туулж мэдрэх бие даасан, субъектив мэдрэмж юм.

“Сэтгэл” гэдэг ойлголт нь (англ. mind) тайлбарлахад хэцүү ойлголт бөгөөд өөр өөр хэлэнд түүнийг харилцан адилгүй тайлбарлана. Бурханы шашинд хэрэглэгддэг сэтгэл гэдэг санскрит үг нь чита гэдэг үг байх бөгөөд энэ нь маш өргөн утгатай. Үүнд мэдрэхүй, хэлний болон хийсвэр сэтгэхүй, сэтгэл хөдлөл, баяр болон гунигийг мэдрэх мэдрэмж, анхаарал, төвлөрөл, оюун ухаан гэх мэт олон зүйлийг ойлгодог. Бурханы шашинд сэтгэлийн тухай ярих үед энэ нь сэтгэл оюуны бүх үйл ажиллагааг авч үзэж байдаг.

Гэвч авч үздэг зүйл нь физик биет суурь бус – уураг тархи, мэдрэлийн систем, даавар – тэдгээрт оролцох химийн эсвэл цахилгаан үйлчлэл ч биш. Бурханы шашин нь эдгээрийг үгүйсгэдэггүй, мэдээж тэд байх бөгөөд салшгүй холбоотой оршдог. Сэтгэл нь уураг тархийг захирч, үйл ажиллагааг нь удирдаж байдаг материаллаг бус “юм” ч бас биш. Мөн түүнчлэн Бурханы шашин нь хамтын ухамсар болон универсал оюун ухааны ойлголтыг ч хүлээн зөвшөөрдөггүй.

Видео: Маттхиеу Рикард — “Сэтгэлийн талаарх шинжлэх ухааны үзэл баримтлал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Сэтгэлийн үйл явц гэж юу вэ?

Хэрэв сэтгэл болон сэтгэлийн үйл явц нь ямар нэг зүйлийг туулж мэдрэх бие даасан, субъектив мэдрэмж юм бол жишээ нь уурлах гэдэг нь чухам юу гэсэн үг вэ? Энэ нь уур төрөх үйл явц болон түүнийг мэдрэх мэдрэхүй бөгөөд энэ хоёр нь зэрэг болж байдаг. Тэдгээр нь ямар нэг зүйлийг мэдрэх нэг байнгын урсгал дахь нэг үйл явцыг илэрхийлнэ. Хэн мэдэрч байдаг вэ? Хэрэв би уурласан бол энэ миний мэдрэмж, таных биш. Гэвч “сэтгэл” гэдэг машины уурлах гэдэг товчийг дарах салангид байх нэг би гэж байхгүй – бид бол ердөө тэрхүү мэдрэх үйл явцын хэсэг.

Энэ нь бид алим гэх мэт ямар нэг зүйлийг харахтай адил. Шинжлэх ухааны ойлголтоор бол объектоос ойсон гэрэл нүдний эвэрлэг бүрхэвчээр дамжин торлог бүрхэвчийн рецептор мэдрэлийн эсүүдэд хүрнэ. Эндээс цахилгаан импульс бий болж, түүгээр оптик мэдээлэл тархинд хүрч, тархи түүнийг боловсруулна. Энэ үйл явцыг мэдрэх субъектив мэдрэхүй нь алимны оюуны голограм гарч ирж байгаа тэр үйл явц бөгөөд энэ бол харах үйл ажиллагаа юм. Гэвч сэтгэл бол “сэтгэлдээ ямар нэг зүйл төлөвлөх” гэдэг хэллэгийн илэрхийлдэг утгын адил уураг тархины хаа нэг газар байх, түүний дотор энэхүү алимны голограм гарч ирэх тийм нэг хоосон орон зай биш юм.

Оюуны голограмууд нь дуу, үнэр, амт, хүрэцлэхүйн мэдрэмжийн илэрхийллүүд байж болох төдийгүй бүр бидний дүрслэл болон зүүд байж болно. Оюуны голограмд гарч ирж байгаа дүрсүүд нь тархины өөр өөр хэсгүүдтэй холбоотой дааврын ялгаралтан дээр суурилсан сэтгэл хөдлөл, баяр, гунигийн түвшинг бас илэрхийлж болно. Агшин бүр дэх бидний оюуны голограмын агуулга нь олон хүчин зүйлийн цогц байна. Үүнд: харагдах зүйл, бодол гэх мэт объект; сэтгэл хөдлөлүүдийн холимог; мөн тодорхой түвшний баяр эсвэл гуниг байна.

Нейро судлал ба Бурханы шашин

Далай лам болон Чилийн нейро судлаач Франсиско Варела нар 1987 онд Сэтгэл ба Амьдрал Институтийг (Mind and Life Institute) байгуулснаас эхлэн олон улсын эрдэмтэдийн багууд болон Бурханы шашны эрдэмтэн багш нар сэтгэл болон уураг тархины хоорондох холбоог судлах болсон. Нейро судлаачид бясалгалд эхлэн суралцаж байгаа болон гүнзгий түвшний бясалгал хийдэг хоёр хүний уураг тархины үйл ажиллагааг судалж үзээд тогтмол бясалгал хийх нь төвлөрөл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт эерэг сэтгэл хөдлөлийг төлөвшүүлэхэд хялбар байх шинэ мэдрэхүйн замуудыг бий болгох тархины чадварт нөлөөлдөг болохыг тогтоосон.

Өнөөдөр Барууны шинжлэх ухааны ололт болон Бурханы шашин нь бие биеэ нөхөн баяжуулах болсон бөгөөд Бурханы шашны бүтээл үйлддэг хүмүүс, нэр хүндтэй эрдэмтэдийн хамтарсан үйл ажиллагаа нь Далай ламын дэвшүүлэн тавьдаг 21-р зууны Бурханы шашин гэдэг зүйлийн гол шинж болж байна.

Амьдралыг туулах сэтгэлийн үйл явц нь Бурханы шашны “сэтгэл” гэдэг үгээр илэрхийлэгддэг тэр зүйл юм. Энэ үйл явц нь агшин бүрд өөрчлөгдөж байх бөгөөд түүнийг сэтгэлээс гардаг олон янзын сэтгэлүүд үргэлж дагалдана. Бурханы шашинд бид бол бидэнд оногдсон амьдралын хохирогчид бус харин амьдралд юуг, хэрхэн яаж туулах чухал үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Өөрийн сэтгэлийг сургаснаар бид амсаж туулж байгаа зүйлүүдээ эрс өөрчөн сайжруулах ба тууштай хичээл зүтгэлийн үр дүнд энэхүү эерэг өөрчлөлт нь шамдалгүй аяндаа бий болдог.

Top