Энгийн үгээр хэлбэл бодисадва гэдэг нь хамаг бусдыг эрхэмлэх нэг ухаантай, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй хүн. Мэдээж, ухаантай, сайхан сэтгэлтэй олон хүн байгаа, тэгэхээр бодисадва юугаараа өөр вэ? Эхэнд нь, бодисадва нар зөвхөн бусдад сайныг хүсэх төдийгүй тэд бусдын зовлонг арилгахад үнэхээр тус болж чадах олон уран аргыг мэдэж, хамаг амьтанд бодитой туслахаар цуцалтгүй ажилладаг. Бодисадва нар бүх асуудлуудын хамгийн гүн уг шалтгааныг ойлгож, энэхүү уг шалтгааныг тасалснаар төрөлхтөн нарт дахин хэзээ ч ямар нэг асуудал гарахгүй байх боломжтой хэмээн итгэсэн байдаг. Бодисадвын энэрэн нигүүлсэх сэтгэлийг үнэхээр хүчтэй болгодог зүйл энэ мэдлэг, зорилго хоёр.
Бодисадва гэдэг үг дараах хоёр санскрит үгээс бүтнэ: “боди” гэдэг нь “гэгээрэл,” “садва” гэдэг нь “төрөлхтөн” гэсэн утгатай. Эхэн үеийн Бурханы шашны сургаалуудад “бодисадва” гэдэг үгийг гэгээрэлд хүрэхийн өмнөх Шагжамүни бурханыг дүрслэхэд хэрэглэж байв. Жишээ нь, Бурхан багшийн өмнөх төрлүүдийн талаарх түүхүүдэд түүнийг бодисадвагаар дүрсэлнэ. Ийнхүү Бурхан багш сэрсэн сэтгэл бүхий төрөлхтөн болохоор тоолшгүй төрлүүддээ итгэхийн аргагүй их хүчин чармайлт, эрч хүч зарцуулсны адил бодисадва нь хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх аянд өөрийгөө зориулсан хүн байна. Тэд өөрт олон сул чанарууд байсаар байгаа хэмээн ойлгосон байдаг тул үүнийг хийнэ. Хэдийгээр тэд бусдад туслах олон аргыг мэдэх боловч аль арга хүн тус бүрд хамгийн сайн тохирохыг бүрэн харж чаддаггүй. Зөвхөн Бурхан үүнийг мэднэ. Тэгэхээр тэд бусдад хамгийн сайн чадахаараа туслахын зэрэгцээ мөн нэг Бурхан болохоор өөр дээрээ илүү ихээр хичээн ажиллаж байгаа хүмүүс.
Бодисадва нар хамаг амьтныг зовлонгоос ангижруулахаар хичээн ажиллах амлалт авдаг. Тэдний туйлын зорилго, тэгэхээр, зөвхөн өөрсдөө гэгээрэл хүрэх бус мөн хамаг амьтанд гэгээрэлд хүрэхэд нь туслах явдал байна. Өөрсдийн их нигүүлсэнгүй сэтгэлийн улмаас бусдад туслахаар тэд өөрийн гэгээрлийг хойшлуулах бөгөөд тэд Номын хөтөч, номын сахиус хэмээн өргөмжлөгдөнө.
Бодисадвын бүтээлүүд ба эрдмүүд
Бодисадва нарт Бурханд бүрэн гүйцэд байх тэдгээр чанаруудын олонх нь тодорхой хэмжээгээр байна. Тэд гэгээрэлд улам ойртох зорилгоор тэдгээр чанаруудыг цааш сайжруулж, тэдгээрийг бусдад илүү их туслахад хэрэглэнэ. Бодисадва нарын эрдмүүдийн заримаас дурдвал:
- Энэрэн нигүүлсэх сэтгэл – бодисадва нар бусад хамаг амьтныг эрхэмлэнэ. Бидний ихэнх нь өөрийг эхэнд тавьдаг бол бодисадва нар бусдыг өөрийн өмнө тавина. Тэд хамаг амьтныг өөрийн ганц хүү адил харах эх мэт. Тэд хүүгээ өвдөх үед хүүгийнхээ зовж байгааг харан тэсвэрлэж чадахгүй байж, түүнд туслах ямар нэг зүйлийг хийнэ. Үүний адил бодисадва нар бидний хэнийг ч зовохыг тэсвэрлэж чаддаггүй. Тэд хамаг амьтныг тэгш асрахыг хүсэх төдийгүй мөн бидэнд хэзээд, өөрийн чадахаар тусална.
- Билгүүн – бодисадва нар юу тустай, юу гэм хортойг ялгаж чадна. Тэд мөн бодит байдлыг уран зөгнөлөөс ялгана. Эдгээр гүн ойлголтууд тэдэнд бусдыг гэтлэхүйд хөтлөхөд тусална.
- Уран арга – бодисадва нар бусдад хэрхэн тусалж, тийнхүү туслахдаа олон өөр аргуудыг чадварлаг хэрэглэнэ.
- Өглөг – бодисадва нар өөрийн эд зүйл болон цаг хугацаа, хүч энергийн аль алины хувьд өглөгч байна. Тэд бусдад туслахын тулд өөрт буй бүх зүйлээ өгөхөд бэлэн байх бөгөөд өөрийн эд зүйлс эсвэл хүрсэн зүйлүүддээ хүлэгддэггүй.
- Тэвчээр – бодисадва нар өөрт болон бусдын аль алинд тэвчээртэй. Тэд гэгээрэлд хүрэх зам мөр урт гэдгийг ойлгож, бусдад өөрийн хүргэж чадах ямар ч алхмаар туслахад хүчин чармайлт гаргахад бэлэн байна.
- Шагшаабад (ёс зүйн сахилга бат) – бодисадва нар ёс зүйн сахилга батыг чанд баримтлах ба энэ нь тэд бусдад гэм хүргэх үйлүүдээс зайлсхийн, хамаг амьтанд тустай үйлүүдийг төлөвшүүлэх гэсэн үг.
- Эр зориг – бодисадва нар эрэлхэг, зоригтой байж, бусдад туслахын тулд саад тотгор, бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн байна. Тэд хэцүү нөхцөл байдлууд болон бусдад туслахаар эрсдэл гаргахаас айдаггүй.
Одоо цагийн нэг бодит бодисадва
Бодисадвын нэг аугаа жишээ нь Дээрхийн гэгээн XIV Далай лам. Дээрхийн гэгээн үүрийн гэгээгээс эхлээд үдэш хүртэл цуцалтгүй, тасралтгүй ажиллана. Тэрээр өдөр бүрийг өглөөний 03:00 цагт эхлүүлэн олон цагийн бясалгал хийж, ингээд өдрийн үлдсэн хугацааг бусадтай уулзан тэдэнд туслахад зориулна.
Нэг удаа Дээрхийн гэгээн нэгэн урт аяны дараа Спитид ирсэн. Энэ үед тэрээр аль хэдийн олон өдрийн турш ном айлдаж, удаан ярьсан учраас дуу нь бараг гарахгүй болсон байсан. Дээрхийн гэгээнийг илүү их ядраахыг би хүсээгүй бөгөөд түүнээс суугаад хүрэлцэн ирсэн хүмүүст энэрэн нигүүлсэх сэтгэлийн Ум мани падмэ хум тарнийн дамжлагыг өгөхийг хүсэхэд тэрээр зөвшөөрсөн. Гэвч айлдвар эхэлмэгц тэрээр хэдий миний бие түүнээс тааваараа, шамдалгүй байхыг хүссэн ч, тэрээр сайн унтаж амарсан бөгөөд хүмүүсийн цагийг үрэхийг хүсэхгүй байгаа тул номоо айлдахаар шийдлээ хэмээн хэлсэн. Тэрээр бараг 3 цагийн турш Эрдэм бүхний суурь уншлагыг тайлбарлаж, энэ үеэр түүний хоолой зүгээр болсон.
Айлдварын дараа миний бие Дээрхийн гэгээнийг дагалдан түүний өрөөнд ирэхэд тэнд гадна орхимжоо тайлан буйдан дээр тавиад тэрээр үнэхээр ядарч байгаа тул намайг буцаж болно хэмээн айлдсан. Гэвч би Дээрхийн гэгээний нүүрэнд ямар ч ядарсан зүйл хараагүй, надад ердөө их эрч хүч дүүрэн нүүр харагдсан. 80 настай ямар ч энгийн хүн ийн хөдөлмөрлөж чадахгүй хэмээн надад санагдсан. Дээрхийн гэгээн Далай лам үнэхээр гайхалтай!
Үүний цаадах нууц нь юу юм бол хэмээн би гайхаж байсан. Энэ энэрэн нигүүлсэх сэтгэлээс өөр юу ч биш. Тэрээр бусдад зовлонгоос бүрмөсөн гарахад нь туслахаар цуцалтгүй ажилладаг. Бид 4 эсвэл 5 цагийн турш видео тоглоом тоглож болно, гэвч тэрээр зөвхөн бусдад туслахад тустай зүйлийг харах учраас ядардаггүй. Бодисадвын эрдмүүдийг авч үзэх үед – энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн, эр зориг гэх мэт – бид Дээрхийн гэгээн тэдний нэг болохыг ямар ч эргэлзээгүй тодорхой харж чадна.
Дүгнэлт
Бодисадва нар өөрийн шавь нартаа гэгээрэлд хүрэх зам мөрд нь тусалдаг хүчтэй, энэрэнгүй хөтөч нар байна. Биеэ умартсан үйлс болон сургаал айлдвараараа тэд Бурханы шашинтнуудад үлгэр дуурайл болон үйлчилж, тэдэнд тэдгээр эрдмүүдийг өөрсөд дээрээ төлөвшүүлэх урам зориг өгнө. Энэ адил бодисадва нар өөрийн амьдралд илүү их билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэл бий болгохоор зорьж байгаа тэдгээр хүмүүсийн урам зоригийн эх сурвалж, хөтөч болж, дэлхий даяарх хэдэн сая Бурханы шашинтнуудын номын амьдралд чухал үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна.
Гадна талдаа хэн бодисадва мөн эсвэл биш болохыг хэлэх ямар ч арга байхгүй бөгөөд, үнэндээ бид бүгд өөрсдөө бодисадва болж болно. Хэрэв бид хамаг амьтанд тусалж чадах зорилгоор Бурхан болохоор шамдаж байгаа бол тэр үед бид бодисадва нар байна. Хэрэв бид бусдад туслахыг хүсэх хүсэл төдийгүй түүнийг хийх авьяас чадвартай байж, хамаг амьтны тусыг хичээн өөрийн цаг хугацаа, хүч энергийг зарцуулбал энэ хэчнээн гайхалтай байх вэ. Хэрэв бид бусдад туслахыг үнэхээр хүсэж байвал бид эхлээд нэг бодисадва болох хэрэгтэй, ингээд дараа нь нэг Бурхан болохоор бид хичээж болно. Үүнээс өөр амьдралыг илүү утга учиртай болгох зүйл юу ч үгүй.