Ёс зүй гэдэг бол бидний зан байдлыг тодорхойлж илүү аз жаргалтай амьдралд хөтлөх ёс суртахууны үнэт зүйлийн тогтолцоо юм. Ёс зүй бол аз жаргалын түлхүүр.
Бурханы шашны ёс зүй
Бурханы шашинд ёс зүй нь билиг ухаан дээр суурилна. Юу ашид үргэлжлэх баяр жаргал авчрах, юу дахин дахин гарах асуудлыг бий болгохыг ялгахад бид оюун ухаанаа ашигладаг. Энэ бол нэг жагсаалт бүхий дүрэм журмыг харанхуйгаар дагах бус харин ёс зүйн зарчмуудыг дагах нь учир шалтгааны үндэслэлтэй гэсэн итгэлтэй байх тухай юм.
Хэрэв бид өөртөө үнэндээ анхаарал тавьж байвал хэрхэн биеэ авч явах тухайд ухаалаг шийдвэр гаргах нь утга учиртай зүйл болно. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг, аз жаргалтай байх ч ёстой. Хүн бүр гэдэгт бид ч бас багтана. Өөрийгөө доогуур үнэлэх нь ёс суртахууныг хайхрахгүй байх хандлагат хүргэдэг бол өөрийгөө үнэлэх нь өөрийн нэр төрийг өргөхөд хөтөлнө. Өөрийн нэр төрийг өргөснөөр өөртөө маш хүндэтгэлтэй байх бөгөөд бид хэзээ ч ёс суртахуунгүй байдлаар үйлдэл хийж нэр төрөө сэвтээдэггүй: энэ нь ердөө буруу мэт санагддаг.
Цэцгийн шимийг хураах зөгий бээр өнгө хийгээд үнэрийг дарахгүйн адил, ухаант нэгэн бээр орчлонг тэр мэт туулна. – Даммапада: 49-р бадаг, Цэцэгс
“Юу ч хийсэн болно” гэх хандлага нь зөвхөн ганцаардал, гутралд хүргэнэ. Ёс зүйт ухамсраар бид тэрхүү хандлагыг давж гарна. Бид амжилт дүүрэн, аз жаргалтай амьдралын суурь болох итгэлцэл, тууштай нөхөрлөлийг бий болгоно.
Оюун дүгнэлт дээр суурилсан ёс зүй ба сахил
Бурханы шашны бүтээл нь амьдралаас урган гарсан мэдлэг дээр суурилдаг. Хэрэв бид хувиа хичээсэн, ууртай, бусдад дээрэнгүй ханддаг бол өөртөө хэрхэн тайван, жаргалтай амьдрал хүлээх билээ?
Бурханы шашинд бидний авч сахиж болох олон түвшний сахил байдаг. Жишээ нь төвөд уламжлалд бүрэн сахилтай эрэгтэй хуврагийн сахих 253 сахил байна. Бурханы шашинтай гэргийтэн хүмүүс “гэргийтэний таван сахил” гэдэг сахилыг авна. Үүнд:
- Амьтны амь таслахгүй
- Эс өгснийг авахгүй
- Зохисгүй бэлгийн харилцаанд орохгүй
- Худал хэлэхгүй
- Мансууруулах зүйл хэрэглэхгүй.
Бурханы шашны бүтээл үйлддэг хүмүүс бүтээл хийхэд зохистой амьдралын хэв маягийг бий болгох үүднээс сайн дурын үндсэн дээр эдгээр сахилыг авдаг. Эдгээр нь сахилууд нь бидэнд зөв зам мөр дээр байж, аз жаргалтай, амжилт дүүрэн амьдралыг бий болгох шалтгааныг бүрдүүлэхэд тусалдаг.
Амжилт дүүрэн амьдралын ёс зүй
Зарим хүмүүс амжилт дүүрэн амьдрахыг эд материал, эрх мэдэл ихтэй байх гэж ойлгодог. Хэдий бид ийм зүйлүүдэд хүрсэн нь хэзээ ч сэтгэл ханадаггүй, тэдгээрийг алдах вий гэж ихээр санаа зовдог. Бид хэдий ихийг олно, ялангуяа бусдыг хохироож олсон бол, төдий чинээ их дайсныг өөрт бий болгоно. Амжилт дүүрэн амьдрал бол хүмүүс бидэнд дургүй байх тийм амьдрал биш. Амжилт дүүрэн амьдрал бол олон найз нөхөдтэй, хүмүүс бидэнтэй хамт байхад дуртай тийм амьдрал байх ёстой. Бидэнд хэр их мөнгө эсвэл эрх мэдэл байх нь хамаагүй; бидэнд юу ч тохиолдсон түүнийг даван туулах хүч өгөх сэтгэлийн дэм бидэнд байх хэрэгтэй.
Ёс зүйн зарчим нь аз жаргалд хөтлөх болон бэрхшээл бий болгох зан байдлын хэв маягуудыг тодорхойлж өгдөг. Хэрэв бид үнэнч байж бусдад баяр жаргал авчрахыг хүсэх юм бол бид тэднийг мэхлэхгүй, шоглохгүй, мөлжихгүй гэдэгт тэд итгэлтэй байна. Энэ итгэл бидний нөхөрлөлийн тулгуур болно. Тэд бидэнтэй уулзахдаа биднээс айх зүйл байхгүй гэдгийг мэдэж амгалан, баяр хөөр дүүрэн байдаг. Бид өөрсдөө мөн баяр жаргалаар дүүрэн байна. Өөрийг тань ойртон очиход хүмүүс танаас айж, эсвэл болгоомжилж байхыг хэн хүсэх билээ? Хүн бүр инээмсэглэлийг таатай угтан авдаг.
Хүн бол нийгмийн амьтан: амьд байхад бидэнд бусдын дэмжлэг хэрэгтэй. Шинэ төрсөн нялх нярай эсвэл дорой буурай өтөл настан байх үед төдийгүй бүхий л амьдралын туршид бидэнд бусдын тус, халамж хэрэгтэй байдаг. Сайхан найз нөхөрлөлөөс авах сэтгэл санааны дэмжлэг нь сэтгэл тэнүүн амьдралыг бий болгодог. Ёс зүйг үнэлэх хүчтэй үнэлэмж нь бидэнд уулзаж буй хүн бүртэй нөхөрсөг харилцаа тогтоох боломж олгоно.