Бурханы шашны бүтээл гэж юу вэ?

What%20is%20buddhist%20practice

Бурханы шашны гол анхаардаг зүйл нь өөрийн сул талаа арилгаж, эерэг чадамжуудыг төлөвшүүлэх явдал. Аливаа зүйлийг тодорхой ойлгохгүй байх болон сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал хоёр нь сул талд хамаарах бөгөөд эдгээр нь амьдралын талаарх ойлголтонд төөрөгдлийг бий болгодог. Уур, шунал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөө, мунхагийн нөлөөгөөр бид аливаа үйлдлийг өөрийн эрхгүй хийдэг. Ойлгомжтой харилцах, бодит байдлыг таних, бусдын сэтгэлийг ойлгох, өөрийгөө сайжруулан хөгжүүлэх чадварууд нь эерэг чадамжинд хамаарна.

Бурханы шашны бүтээл нь сэтгэлийг тогтуун болгож, дурдалыг төрүүлэхээс эхлэх бөгөөд энэ нь цаг үргэлж бид бусадтай хэрхэн харилцаж, аливаа үйлдлийг хэрхэн хийж, ганцаараа байгаа үедээ хэрхэн бодож байгаагаа анзаарч байхыг санаж байх гэсэн утгатай юм. Энэ нь тэдгээрийг ердөө ажиглаад, байгаагаар нь үлдээх гэсэн үг биш. Дурдалтай байгаа үед бид юу тустай, юу гэм хортой болохыг ялгаж чаддаг. Энэ бол өөрийн тухай бодлоор эзлэгдэх явдал биш: бид бусдад илүү их анхаарал тавьдаг, бусдад илүү их нээлттэй болдог.

Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Бүтээлийг хүчтэй, баяр хөөртэй хийх нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Өөрийн сэтгэлийг шинжих, өөрийгөө мэдэх нь асуудлуудынхаа шалтгааныг олох зорилготой юм. Гадаад хүчин зүйлүүд, бусад хүмүүс нь мэдээж бэрхшээлүүд үүсэх нөхцөл болдог боловч Бурханы шашин нь асуудлуудын илүү гүнзгий шалтгаануудыг нь гаргаж тавихыг оролддог. Ингэхийн тулд бид өөрийн сэтгэл уруу харах шаардлагатай болно. Сэтгэлийн зуршил мөн эерэг, сөрөг сэтгэл хөдлөлүүд нь амьдралыг өөрийн зүгээс хэрхэн туулахад нөлөөлнө.

Ажлын хэт ачаалал, сэтгэл санааны хямрал, зовнил, ганцаардал, өөртөө итгэх итгэлгүй байдлыг даван туулах үед тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой гарч байгаа хүндрэлүүд нь тэдгээр асуудлуудаасаа бус харин бидний сэтгэлийн төлөв байдал, сэтгэл хөдлөлөөс үүсэж байдаг. Амьдралд тасралтгүй гарах сорилтуудыг шийдвэрлэх хамгийн сайн арга нь сэтгэлийг тайвшруулж, сэтгэлийн тайван байдал, сэтгэлийн тодорхой ойлгох чадварыг бий болгох явдал.

Бидэнд зовлон шаналал, бэрхшээлүүдийг бий болгож өгдөг сэтгэл хөдлөл, хандлага, зан байдлуудыг (дурдан) мэдсэнээр бид тэдгээрийг арилгахад тохирох аргуудыг хэрэглэх боломжтой болно.

Бид бодит байдлыг мөн сэтгэлийн үйл явц хэрхэн явагддагийг сайтар ойлгосон ойлголтон дээр суурилсан сэтгэлийн эрүүл ахуйг сахих хэрэгтэй. – XIV Далай лам

Бид бүгд биеийн эрүүл ахуйдаа анхаарал тавьдаг, гэтэл сэтгэлийн төлөв байдалдаа анхаарал тавих нь ердөө үүний адил чухал. Сэтгэлийн эрүүл ахуйг төлөвшүүлэхийн тулд бид гурван зүйлийг дурдан санах хэрэгтэй: Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдлуудыг сөрөх аргуудыг санаж, шаардлагатай үед ашиглахаа санаж, тэдгээрийг үргэлжлүүлэн хадгалахыг санах явдал.

Бүх аргуудыг санаж байхын тулд:

  • Тэдгээр аргууд юу болохыг судалж мэдэх
  • Тэдгээрийг зөв ойлгож, хэрхэн ашиглахыг мэдэж, тэдгээр нь сайн нөлөөө үзүүлнэ гэсэн итгэлтэй болох хүртэл тэдгээрийг шинжилж бодох
  • Тэдгээр аргыг сайн мэдэх үүднээс бясалгалд ашиглан дадлага хийх.

Бид өөртөө эмч адил байх хэрэгтэй: өөрийн өвчнийг оношилж, шалтгааныг нь ойлгож, тэдгээрийг анагаах ямар аргууд байдаг, хэрхэн ашиглахыг судалж, улмаар тэдгээр аргыг бодитойгоор ашиглаж сурах.

Бид удаан хугацаагаар өвдөж, амьдралынхаа хэв маягт өөрчлөлт гаргахыг хүсвэл бодит алхам авахын өмнө тухайн өөрчлөлт нь тус болно гэсэн итгэлтэй болох хэрэгтэй. Ихэнх хүмүүс хоол тэжээлийн талаар судалж үзэх, чийрэгжүүлэлтийн дасгал хийж эхлэхгүй харин хоолны дэглэм сахиж, дасгал хөдөлгөөн хийж эхлэх байх. Мэдээж үүний өмнө заавар зөвлөгөө авах бөгөөд ямар нэг сайн үр дүн гарвал тэдгээрийг цааш үргэлжлүүлэх сэдэл төрж болно.

Сэтгэлийн эрүүл мэндийг сайжруулахыг оролдох үед үүнтэй адил үйл явц явагдана. Дурдалыг сайжруулах дасгалаар ямар нэг ахиц мэдрэгдвэл амьдралынхаа чанарыг сайжруулах, бусдад илүү их тус хүргэх Бурханы шашны бүтээлүүдийн талаар илүү ихийг судлах сонирхол, сэдэл төрөх нь хялбар болно.

Бурхан багш амьдралын олон зовлонг туулж явсан бидний адил энгийн нэгэн хүн байсан. Бидний адил өөрийн болон өөрийн эргэн тойрны хүмүүсийн амьдралыг сайжруулахыг бас хүсэж байв. Тэрбээр өөрийн сэтгэлийг шинжилж үзсэнээр бидний эргэн тойронд юу ч болж байсан тайван, дурдалтай байж, өөрийн сэтгэл хөдлөлийг хянах хүч бас чадвар бидэнд байдгийг олж мэдсэн.

Энэ бол Далай ламын “сэтгэлийн эрүүл ахуй” гэж нэрлэх дуртай зүйл – бид бүгдийн хүсдэг тэр зүйлийн гол зүрхэнд: аз жаргалтай, тайван, зовлон бэрхшээлгүй амьдралд хүргэдэг учраас шашин шүтлэг, соёлын хил хязгаараас давж гарсан зүйл.

Top