Аз жаргал гэж юу вэ?
Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгвэл аз жаргал гэж юу вэ гэдэг асуулт гарч байна. Өнө удаан орших, баттай аз жаргал нь юу вэ? Бид үүн рүү нилээд гүнзгий харах хэрэгтэй. Бидний мэдрэхүйн эрхтнүүдээр дамжиж бий болдог аз жаргал эсвэл баяр баясгалан – ямар нэг сайхан зүйл харах, сайхан зүйл сонсох, сайхан амт, сайхан үнэр гэх зэрэг мэдрэмжүүд – тодорхой хэмжээний сэтгэл ханамж өгдөг. Гэвч энэхүү мэдрэхүйн эрхтнүүдийн мэдрэмжүүд дээр суурилсан таашаал нь маш өнгөц байдаг. Тодорхой нэг орчин бий болоход та хэсэг баяр баясгалан, эсвэл аз жаргал, эсвэл таашаал хүртэж, ямар нэг сэтгэл түгшээсэн дуу чимээ гарахад таашаал байхгүй болдог. Эсвэл телевиз үзэж тодорхой таашаал авахыг хүсдэг хүмүүс байдаг, тэгээд телевизгүйгээр нэг цаг болоход л тэд уйдаж эхэлнэ. Зарим нэг хэсэг нь дэлхийн орнуудаар явж аялан, хөгжилдөж, цаг үргэлж шинэ газар, шинэ соёл, хөгжим, хоол амталж байх их дуртай байдаг. Энэ нь сэтгэлээ сургаж дотоод амгаланг бий болгох чадвар дутагдсанаас шалтгаалдаг гэж би боддог.
Гэтэл хэдэн арван жилийн турш даяан хийж амьдарсан тэдгээр хүмүүс үнэхээр хамгийн аз жаргалтай амьдралыг туулсан байдаг. Нэгэн удаа би Барселонд нэг католик шашны хуврагтай уулзсан юм. Түүний англи хэлний түвшин нь минийхтэй ойролцоо байсан учраас түүнтэй ярилцахдаа би нилээн зоригтой байсан шүү! Уулзалтыг зохион байгуулж байсан хүн надад түүнийг таван жил ууланд даяан хийж амьдарсан гэж хэлсэн. Би түүнээс ууланд амьдарч байсан талаар нь асуухад тэрээр асрал хайрын талаар бодож байсан, бясалгаж байсан гэж хэлсэн. Тэрээр энэ тухайгаа ярих үед нь түүний нүдэнд сэтгэлийн амгаланд үнэхээр баяссан онцгой байдал илэрч байв. Энэ бол мэдрэхүйн мэдрэмжүүдээс хамааралгүй сэтгэлийн амгалангийн нэг жишээ юм. Цаг үргэлж асрал хайрыг бодох нь жинхэнэ амар амгалан байдлыг бий болгодог.
Би яриа хийхдээ материаллаг хөгжил дэвшил нь бие махбодын тав тухад үнэхээр чухал боловч тэрхүү материаллаг баялаг нь сэтгэлийн тав тухыг хэзээ ч хангадаггүй гэдгийг үргэлж онцолдог. Заримдаа хүмүүс чинээлэг болохоороо илүү шуналтай, илүү их сэтгэлийн хямралтай болдог бөгөөд үр дүнд нь баяр баясгалангүй хүн болж хувирна. Ийм учраас аз жаргалтай амьдралд хүрэхийн тулд зөвхөн материаллаг үнэт зүйлд найдаж болохгүй. Материаллаг үнэт зүйл хэрэгтэй боловч, түүний хажуугаар бид өөрсдийн дотоод үнэт зүйл рүү илүү нухацтай харах хэрэгтэй. Шашин шүтлэгтэй, шүтлэггүйгээс үл хамаарч хүн төрөлтөн л бол бидэнд дотоод амар амгалан чухал.
Сэтгэлийн амгалан ба сайн эрүүл мэнд
Зарим эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэт их сэтгэлийн хямрал цусны даралт болон бусад олон зүйлд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Мөн зарим анагаах ухааны эрдэмтэд байнгын айдас, уур бухимдал, үзэн ядах сэтгэл нь үнэндээ бидний дархлалын системийг гэмтээдэг ч гэж хэлдэг. Иймд эрүүл мэнд сайн байх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь сэтгэлийн тайван байдал юм. Учир нь эрүүл бие, эрүүл сэтгэл хоёр маш нарийн холбоотой байдаг. Надад тохиолдсон нэг явдлыг дурдвал, хоёр жилийн өмнө нэг хэвлэлийн хурал дээр нэгэн хэвлэлийн хүн миний дараагийн дүрийн тухай асуусан юм. Би хошигнон түүн рүү харж, нүдний шилээ аваад, “Миний царайг харвал миний дараагийн төрөл тийм яаралтай хэрэгтэй байна уу эсвэл үгүй юу?!” гэж асуусан юм. Тэрээр яарах шаардлага алга гэж хэлсэн!
Саяхан намайг Европт очоод ирэхэд хуучны хэдэн найзууд маань миний хорь, гуч, бүр дөчин жилийн өмнө авахуулсан зурагнуудыг харьцуулж үзээд бүгдээрээ миний царай одоо хүртэл залуу харагдаж байна гэж хэлж байв. Амьдралдаа би олон олон асуудалтай хэцүү үеүдийг туулж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа гэж би бодож байна. Сэтгэлийн дарамт, зовлон, ганцаардал бий болгох хангалттай хүчин зүйлүүд байсаар ирсэн. Хааяа би уурлаж бухимддаг ч миний сэтгэлийн төлөв байдал гол төлөв нилээд тайван байдаг.
Би гоо сайханд их мөнгө үрдэг тэдгээр залуу эмэгтэйчүүдийг бас шоолох дуртай. Юуны түрүүн нөхрүүд тань түүнийг их үнэтэй байна гэж дургүйцэж болох юм! Юутай ч гадаад гоо сайхан бол тийм чухал биш харин хамгийн чухал нь дотоод гоо сайхан. Та сайхан нүүр царайтай байж болно. Гэвч хэрэв чин сэтгэлийн инээмсэглэл, асрах сэтгэл байгаа үед царай муутай хүн бүр гоо сайхны будаггүй байсан ч сайхан харагддаг. Энэ бол жинхэнэ гоо сайхан, бидэнд байдаг жинхэнэ үнэт зүйл. Гадаад орчин, их хөрөнгө шаарддаг – дэлгүүр, супермаркетууд үргэлж улам томорч байх хэрэгтэй байдаг. Гэтэл дотоод амар амгаланд зардал хэрэггүй! Эдгээр үнэт зүйлүүдийн талаар бодож, үүнд өөрсдийгөө танил болговол сөрөг муу сэтгэлүүд аажмаар багасдаг. Энэ нь дотоод амар амгаланг авчирдаг юм.
Бусдыг илүү их энэрэх хандлага, бусдын сайн сайханд санаа тавих сэтгэл нь өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Өөртөө итгэлтэй үед та бүхий л үйл ажиллагаагаа ил тод, үнэнч, шударгаар явуулдаг. Энэ нь бусдад итгэл төрүүлдэг ба итгэлцэл нь нөхөрлөлийн суурь болдог билээ. Эрх мэдэл, мөнгө, бүр түүнчлэн боловсрол, мэдлэгээр найз нөхөдтэй болдоггүй, харин нөхөрлөлийн гол хүчин зүйл нь итгэлцэл байдаг. Бусдын амьдрал, сайн сайхны төлөө, түүнийг хүндэтгэх сэтгэл нь харилцан ярианы суурь болдог.