Ёс суртахуунаар сэтгэлийн амгаланд хүрэх

Studybuddhism universal values 01

Өнөөдөр би иргэний ёс зүйн аргыг хэрэглэж хэрхэн сэтгэлийн амар амгаланд хүрэх тухай ярина. Энэ талаар олон хүнд ярих боломж олдож байгаад би маш их баяртай байна. Миний үнэхээр гайхалтай найзуудын нэг, Америкийн эрдэмтэн Давид Ливингстоне, хорвоог орхихоосоо өмнө сайхан сэтгэлтэй хүн бусадтай уулзсанаар илүү олон зүйлийг ойлгож, нүдний хүүхэн хараа ч тэлдэг гэж хэлж байсан юм. Тэр өөрөө надтай уулзаж маш их зүйлийг ойлгосон, мөн түүний хүүхэн хараа ч бас тэлсэн гэж ярьдаг байв. Энэ үйл явдал ердөө хоёр тохиолдолд түүнд тохиолдсон бөгөөд нэг нь надтай уулзахад, нөгөө нь эхнэртэйгээ уулзахад тохиолдож байсан гэж хэлж байсан юм. Гэтэл одоо, миний очиж байгаа газар бүрт хүмүүс дээрхтэй адил, надад үнэхээр чин сэтгэлээсээ халуун дотно хандаж байдагт би үнэхээр их талархдаг, та бүхэнд ч бас баярлалаа.

“Шашнаас ангид иргэний үзэл” гэж юу гэсэн үг вэ? Би энэ үзлийг Энэтхэгийн уламжлалт ойлголтоор ойлгодог. Миний зарим ислам, христийн шашинт найзууд маань “шашнаас ангид иргэний” гэдэг үгийг шашны эсрэг гэсэн тодорхой хэмжээний утгатай гэж үздэг учраас намайг энэ хэллэгийг хэрэглэхэд тийм дуртай байдаггүй. Мөн зарим хүмүүс “ёс зүй” бол шашинд тулгуурлах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл Энэтхэгийн Үндсэн хууль шашнаас ангид иргэний үзэл дээр суурилсан байдаг боловч энэ нь шашны эсрэг биш байдаг. Энэтхэгт хүмүүс шашинд маш их хүндэтгэлтэй ханддаг. Ганди болон Энэтхэгийн Үндсэн хуулийг боловсруулагчид бүгд шашин шүтлэгтэй хүмүүс байсан. “Шашнаас ангид” гэдэг нь тэдний хувьд бүх шашныг хүндэтгэх, нэг шашныг нөгөө шашнаас илүүд авч үзэхгүй байх гэсэн утгатай байсан ба энэхүү шашнаас ангид үзэл нь Энэтхэгийн шашин шүтлэггүй хүмүүсийн эрхийг мөн хэдэн мянган жилийн турш хүндэтгэсээр ирсэн юм. Иймд би “шашнаас ангид” гэдэг үгийг энэ утгаар нь хэрэглэдэг.

Видео: 14-р Далай лам — “Энэрэн нигүүлсэх хандлага чухал болох нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Бүх хүн, бүр амьтан, шавьж хорхой хүртэл илүү их амгалан тайван байдлыг хүсдэг. Нэг ч хүн сэтгэлийн тайван бус байдлыг хүсдэггүй. Хүн бүр амар амгалан байж, сэтгэлийн тайван бус байдал, асуудал, зовлон бэрхшээлээ шийдвэрлэх эрхтэй. Үүнийг учир шалтгааны ухаанаар эсвэл туршилтаар батлах шаардлага байхгүй. Ердөө л байгалиасаа ийм байдаг. Бүх амьтад, шувууд, араатан амьтан, хүн бид бүгдээрээ үүнд хүрэхийг хүсдэг. Хамгийн чухал нь тэрхүү зорилгод хэрхэн хүрэх арга юм. Тэр арга нь бодит байдалд нийцсэн байх ёстой бөгөөд бодит байдалд нийцээгүй аргууд нь ердөө тэрхүү зорилгодоо хүрэхгүй байх шалтгааныг бий болгодог. Жишээ нь, заримдаа амьтад айхдаа буруу зүг рүү зугтаж, аюулаас холдох бус бүр аюултай байдалд ордог. Харин бид бол хүн, бидэнд гайхамшигтай оюун ухаан байна. Иймд бид учир шалтгааны дүгнэлт хийх чадвар, сэтгэхүйгээрээ дамжуулан бодит байдалд нийцсэн арга хэрэглэх илүү нөөц боломжтой. Бид урт хугацааны нөхцөлд дүгнэлт хийх чадвартай бөгөөд зарим тохиолдолд урт хугацааны тус хэргийн төлөө богино хугацааны ашигаас ухардаг. Энэ нь бидий амьтнаас дээгүүр сэтгэхүйтэй болохын илрэл юм. Ийм оюун ухаантай учраас хүн бид урт хугацааны ач тус хүртэхийг хичээдэг.

Тэгвэл, ямар түвшний мэдрэхүйн хүчин зүйл бидэнд хамгийн их тус хүргэдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мэдрэхүйн эрхтний түвшний хүчин зүйл нь гол төлөв түр зуурын шинж чанартай байдаг. Жишээ нь та зураг, эсвэл спортын үйл ажиллагаа үзэх, эсвэл өөр өөр орон газар, байгалийн байдал, үндэсний хувцас, хүмүүсийг сонирхон жуулчилж явахад үүнээс та тодорхой мэдрэхүйн таашаал хүртдэг, тухайлбал нүдээрээ дамжуулан. Миний Делид байдаг энэтхэг жолооч крикетэд (спорт) дуртай. Крикетийн нэг тоглолттой үеэр би түүнээс урд шөнө хэдэн цаг унтсаныг нь асуухад тэрээр дөрвөн цаг гэж хэлсэн. Би түүнийг шүүмжилж, спортын тоглолт үзэхээс хангалттай сайн унтаж амрах нь дээр байдаг гэж хэлж байв. Энэ нь сэтгэлд сайн нөлөөтэй байдаг юм. Мөн мэдээж хөгжим, үнэртэн, хоол зэрэг нь бие махбодын таатай мэдрэхүй өгдөг. Эдгээр мэдрэхүйн эрхтэний түвшний таашаалууд нь ердөө тур зуурынх юм. Тухайн мэдрэмж дуусахад бидэнд зөвхөн тэдний талаарх дурсамж л үлдэнэ.

Гэтэл сэтгэлийн түвшний зарим мэдрэмжүүд, тэдгээр нь мэдрэхүйн эрхтний хүчин зүйлээс хамаардаггүй ба түүнээс бий болдог таашаал нь илүү удаан үргэлжилдэг байна. Иймд бид хоёр түвшний жаргал, зовлон байдаг гэдгийг ойлгох нь чухал. Нэг нь мэдрэхүйн эрхтэний түвшний тур зуурын, нөгөө нь сэтгэлийн түвшний илүү гүн.

Орчин үед хүмүүс хамгийн чухал зүйл гэж үзэн мэдрэхүйн түвшиндээ хэт их анхаарч үүнээс шалтгаалан баяр баясгалан хүртэхээр гадаад материаллаг эх сурвалжууд руу хандаж дотоод илүү гүн түвшнийгээ орхигдуулаад байна. Олон жилийн өмнө би Герман улсын Берлин хотод нэгэн зочид буудалд буусан юм. Тэр буудлын эсрэг талд шөнийн клуб байлаа. Би орой 7.30 эсвэл 8.00 цагийн орчимд унтдаг. Тэр орой би гадаа олон өөр өнгийн, улаан, хөх, анивчсан гэрлүүдийг харж, маш чанга хүчтэй цохилт бүхий дуу чимээ сонсож байв. Тэгээд би унтсан боловч шөнө дунд сэртэл өнөөх дуу чимээ үргэлжилсээр байлаа. Ингээд өглөө дөрвөн цагийн үед намайг босох тэр үед ч үргэлжилсэн хэвээр байсан юм. Тэнд байсан хүмүүсийн бүх энерги мэдрэхүйн тэр түвшиндээ шингэсэн байх. Маргааш өдөр нь тэнд байсан бүх хүнийг би маш их ядарсан гэж бодож байна.

Саяхан би хэдэн хүүхэдтэй нэг энэтхэг гэр бүлтэй уулзаж бид энгийн яриа өрнүүлсэн юм. Эцэг, эх нь бас байлаа. Би сүүлийн хоёр, гурван жил телевиз их үзэхээ больсон, зөвхөн BBC радиогийн мэдээ сонсож байгаа гэдгээ хэлэхэд багачууд нь надад “Телевиз үзэхгүй болохоор их уйддаг байх даа” гэж хэлж билээ. Энэ нь тэд телевиз нилээн их үздэг гэдгийг харуулж байгаа юм. Тэр дундаа Америк, Европд хүүхдүүд маш их телевиз үздэг. Энэ нь хүүхдүүдийн хурц ухаанаар дүн шинжилгээ хийх сэтгэлийн чадварыг өөрчилдөг учраас тийм их тустай зүйл биш. Тэгэхээр баяр баясгалан хүртэх арга болгож зөвхөн мэдрэхүйн түвшинд бус харин сэтгэлийн түвшиндээ ажиллах гэдэг нь илүү утга учиртай болж байна.

Өөр нэг санаа бол сэтгэлийн жинхэнэ тайван бус байдал нь гол төлөв сэтгэлийн түвшинтэйгээ холбоотой байдаг. Иймд аз жаргалтай амьдрахад тайван амгалан сэтгэл хэрэгтэй. Сэтгэлийн тайван бус байдал нь сэтгэлийн түвшинтэйгээ холбоотой байдаг учраас аз жаргалтай амьдрахын тулд бид сэтгэлийн түвшинтэйгээ ажиллах хэрэгтэй. Иймд нэгдүгээрт, бид өөрсдийн дотоод ертөнц, дотоод үнэт зүйлдээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Бид уураг тархиныхаа тэр багахан зайд сэтгэлийн өргөн уудам дотоод орон зайг судалж болно. Үнэндээ бид энэхүү дотоод орон зайн тухай маш бага мэддэг. Иймд бид сэтгэл хөдлөлүүдийг судлах хэрэгтэй. Хүчтэй сэтгэл хөдлөл бий болох үед сэтгэлийнхээ нэг хэсэгт бид тэрхүү сэтгэл хөдлөлийг шинжлэх хэрэгтэй. Ингэснээр бид түүнийг намжина гэдгийг алхам алхмаар ойлгодог. Уур бухимдалд автсан сэтгэлийг ажиглах чадвар бидэнд байдаг ба түүнийг шинжилж эхэлмэгц хүч нь багасдаг байна. Сэтгэл рүү илүү гүнзгий харвал нилээн сонирхолтой байдаг.

Бид одоо 21-р зуунд амьдарч байна. 20-р зуун бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн чухал зуун байсан юм шиг санагддаг. Учир нь шинжлэх ухаан, техникийн салбарт үнэхээр олон ололт амжилт гарсан. Ингээд бидний мэдлэг нэмэгдэж, амьдралын түвшин ч нэмэгдсэн. Гэвч үүний хажуугаар энэ зуун цус урсгасан зуун болж өнгөрчээ. Та бүхний эцэг эх, эмээ өвөө маш их зовлон бэрхшээл, сэтгэлийн түгшүүр амссан. Хоёр зуун сая гаруй хүн амь эрсдэж, зарим нь цөмийн зэвсэгт өртсөн. Хэрэв тэрхүү их хэмжээний хүчирхийлэл нь шинэ эмх цэгц бий болгосон бол түүнийг яахав зөвтгөж болох юм. Гэвч энэ бол асуудлын гол нь биш. Одоо ч хүртэл, 21-р зууны эхэнд Иран, Ирак, Афганистанд асуудлууд олноороо байсаар байна. Маш их алан хядах үйл ажиллагаа; энэ бол өнгөрсөн үеийн алдаа, үл хайхарсан байдлын шинж тэмдэг юм. Зөвхөн гадаад эд зүйлсэд маш их анхаарал хандуулж байсаны шинж. Харин өнөөдөр бид зөвхөн гадаад нөхцөл байдал бус дотоод үнэ цэнийхээ талаар илүү их бодох ёстой.

Хэдийгээр материаллаг ахиц дэвшил нь ерөнхийдөө сайн боловч баян, ядуугийн хооронд маш том зааг бий болж байгаа нь асуудал юм. Энд Австрид эрх тэгш байдлын түвшин харьцангуй сайн байна, харин өнгөрсөн жил би Мексик, Аргентин, Бразил улсуудаар явж байхдаа баян, ядуугийн ялгаа ямар байгаа тухай асуухад тэд маш их гэж байсан. Энд Австрид бага байж магадгүй юм.

Би мөн “Авилгын түвшин их байна уу эсвэл бага байна уу?” гэж асуусан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй ардчилсан орнуудад ч маш их авилга байж болдог. Энэ нь хувийн сахилга бат, ёс суртахууны хэм хэмжээ дутагдаж байгаагаас болдог юм. Жишээ нь Энэтхэг бол маш шашинлаг сэтгэхүйтэй үндэстэн. Гэвч тэнд авилга бас их бий. Олон энэтхэг хүмүүс гэртээ тэнгэрийн дүрүүдийг залж, цэцэг, хүж өргөж, залбирал үйлддэг боловч тэд “Миний авилга амжилттай байх болтугай” гэж залбирдаг хэмээн би заримдаа хошигнодог юм. Энэ үнэхээр харамсалтай. Тэд шашинлаг сэтгэхүйтэй боловч үнэхээр олон хүмүүс мөнгө завшдаг. Тэд сүсэг бишрэлтэй хүмүүс юм шиг байдаг, гэвч шашныхаа зарчмыг мөрдөх түвшиндээ сүсэг бишрэлтэй биш сүсэгтэн хүмүүс.

Хэдэн жилийн өмнө би нэг эрдэмтэнтэй үндэстэн дамнасан компаниудын талаар, тэдний ашиг яагаад ил тод байдаггүй тухай ярилцсан юм. Бид эдгээр зүйлийн талаар ярилцаад, “энэ компаниудыг удирдаж байгаа хүмүүс сүсэг бишрэлтэй юм шиг санагддаг, ийм учир тэдэнд тодорхой хэмжээний сахилга бат байх ёстой” гэж намайг хэлэхэд тэрээр “энэ чинь 18-р зууны үеийн сэтгэлгээ” гэлээ. Хэдийгээр эдгээр хүмүүс Эзэн тэнгэрт залбирдаг байж болох боловч түүнд ул суурьтай ханддаггүй. Хэрэв тэд нухацтай ханддаг бол Эзэн тэнгэрийнхээ үнэнч шударга байх, халамжлан хамгаалах, ёс зүйн хэмжээг баримтлах зэргийг мөрдөх ёстой. Бид бусдыг, байгаль орчныг хайрлаж хамгаалах ёстой. Ийм учир бид ёс суртахуунд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ нь албан үүрэг гэдэг утгаар эсвэл айж эмээж бус харин сайн дурын, “хэрэв би энэхүү үйлдлийг хийвэл энэ нь ёс суртахууны зарчимтай харшлах болно” гэж ойлгосны үндсэн дээр хувийн сахилга батдаа илүү анхаарна гэсэн үг юм.

Бид ёс суртахууныг нэмэгдүүлэхэд илүү хүчин чармайлт гаргахгүй бол хүн ам өсөж, нөөц баялаг багасаж байгаа үед ердөө улам их асуудлууд л бий болох болно. Иймд бид энэхүү 21-р зууныг энэрэл нигүүлсэхүйн зуун болгоход хүчин чармайлт гаргасан зуун болгох хэрэгтэй. Энэ бол ёс суртахууны, иргэний ёс зүйн үндсэн зарчим юм.

Ёс суртахуун нь сайхан сэтгэлтэй маш их холбоотой байдаг. Энэ нь бусад хүмүүст илүү их анхаарал тавих гэсэн үг. Тэд бас жаргалыг хүсдэг, тэд зовлон хүсдэггүй, бид бүгд бие биеэсээ харилцан хамааралтай. Тэд сайн сайхан байх нь бид сайн сайхан байхын эх сурвалж болдог. Хэрэв бид үүнийг ойлгож тэднийг хүндэтгэвэл худал хэлэх, хууран мэхлэх, дээрэлхэх, шударга бусаа ашиглах орон зай гарахгүй. Энэ нь сайхан сэтгэл сайн сайхны эх сурвалж гэсэн утгатай ба сайхан сэтгэл нь бидний эхээс эхлэлтэй бидний биологийн хүчин зүйл юм. Бид эхийн хайр халамж, эхийн сүүгээр хүн болсон. Энэ чанар бидний генд, бидний цусанд шингэсэн байдаг. Гол асуудал бол хүүхэд бусдаас мөнгө болон соёлын үнэт зүйл шаардахаасаа илүү хайр халамж хүсч байдаг, харин тэд өсөж том болохоороо хэрэв илүү ухаан суугаагүй бол тэдний аливааг үнэлэх үнэлэмж нь мууддаг. Яагаад? Учир нь тэд илүү хувиа хичээх үзэлтэй болдог аж. Хэрэв тэд бусдад туслах бол тэр нь “би оронд нь юу авах вэ?” гэсэн сонирхлоос гарсан байдаг. Хувиа хичээх үзэл нь том асуудлуудын эх үүсвэр болж байдаг “би” гэсэн мэдрэхүйг дэмждэг. Бид хүн төрөлхтөний байгууллыг бүхэлд нь “бид”, өөрсдийгөө Европын холбооны, эсвэл нийт дэлхий дахины нэг хэсэг гэж авч үзэх хэрэгтэй. Дэлхий дээрх долоон тэрбум хүнийг “бид”, бид бол “бид”-ний хэсэг гэж авч үзэх хэрэгтэй, энэ жижигхэн “би” гэдэг үүднээс биш. Бид баян, ядуу хүн бүрийг хүндэтгэх хэрэгтэй. Хүн бүр эдийн засгийн хувьд ч, бусад бүх салбарын хувьд ч тэгш эрхтэй байх хэрэгтэй. Энэ хүндэтгэл бид бусдын сайн сайхны төлөө санаа тавих үед бий болно.

Энэ нь заавал шашны асуудал байх албагүй. Шашин бол хувь хүний шинж чанартай байдаг. Дээрх зүйл бол бүх хүн төрөлхтөний санаа тавих асуудал юм. Хэрэв бид бүгд бие биеэ хүндэтгэвэл шударга бус байдал байхгүй болно. Мөн сайхан сэтгэл нь биеийн эрүүл мэндэд маш их тустай. Зарим эрдэмтэд байнгын аюул заналхийлэл, айдас хүйдэс нь бидний дархлалын системийг сулруулдаг бөгөөд хувиа хичээсэн хандлагатай байгаа үедээ бид өөрсөд рүүгээ чиглэсэн маш их айдас, бусад руу чиглэсэн маш их үл итгэх хандлага бий болгодгийг тогтоожээ. Энэ нь айдас, ганцаардалд хүргэж, улмаар итгэл найдваргүй болгож уур бухимдалд хүргэдэг. Харин бид сэтгэлээ нээж, бусдад санаа тавих хандлагатай байвал бид өөртөө итгэх итгэлтэй болдог. Үүгээрээ бид нээлттэй, тод байж чадна. Хэнтэй ч уулзсан, хэнтэй ч танилцсан, эргэн тойрныхоо хүн бүрийг өөрийн ах, эгч адил авч үзэх болно. Хэрэв бид сайхан сэтгэлээр бусдад санаа тавьж байвал ихэнх хүмүүс эерэг байдлаар ханддаг. Гэвч үргэлж ийм байдаггүй л дээ. Би машинд суугаад явах үедээ замын дагуу явж байгаа хүмүүс рүү харж инээмсэглэдэг. Нэг удаа би Германд явган хүний зам дээр явж байсан нэг эмэгтэй рүү инээмсэглэхэд тэр эмэгтэйд хачин санагдсан нь мэдэгдсэн. Миний инээмсэглэл түүнд сайхан санагдахгүй харин бүр түүнийг айлгасан байв. Тэгээд би харцаа өөр зүгт хандуулсан юм. Гэвч энэ бол асуудлын гол биш.

Сайхан сэтгэл бол бидний ээжээсээ сурдаг зүйл бөгөөд бүх амьдралынхаа туршид өөрсөддөө тээж явах ёстой тийм зүйл юм. Шинжлэх ухааны нэг хурал дээр бид “эрүүл сэтгэл, эрүүл бие” гэсэн уриа хэрэглэж байв. Үүний тулд бид бодит байдлыг мэддэг байх хэрэгтэй – бид амгалан сэтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл тайван бус үед бид хэт нэг талыг барих хандлагатай болж, бодит байдлыг харж чаддаггүй бөгөөд энэ нь асуудлуудыг бий болгодог бол сайхан сэтгэл нь сэтгэл амгалан байхад тусалдаг.

Хэрэв бидний сэтгэл тайван амгалан биш байвал боловсролд ч асуудал гарч эхэлдэг. Сэтгэл тайван бус, баяр баясгалангүй үед юманд суралцах маш хэцүү. Иймд тайван амгалан сэтгэл хийж буй аливаа зүйл, ажил мэргэжлийг гүйцэтгэх, мөн улс төрийг ч сайн явуулахад тустай байдаг юм. Товчоор хэлбэл, сэтгэлийн амгалан байдал нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, түүгээрээ бид бодит байдлыг илүү тодорхой харж, түүний үндсэн дээр сайхан сэтгэлийг улам илүү хөгжүүлдэг.

Энэ бүхэн нь иргэний ёс зүйн үндсэн зарчим, баяр баясгаланг бүтээх гол түлхүүр юм. Миний хувьд би үүнийг нилээн чухал зүйл гэж боддог. Хэрэв та бүхэн үүнийг утга учиртай зүйл гэж үзвэл амьдралдаа хэрэглээд үз. Хэрэв танд энэ утгагүй, ойлгомжгүй санагдвал, мартана биз. Баярлалаа.

Top