Хувь хүний хамрах хүрээнд бидний авч үзсэн сэтгэлийн боловсрол болон өөрийг хянах чадварууд нь амьдралын явцад бидэнд маш их тустай гэдэг нь эргэлзээгүй. Гэвч хүн бид нийгмийн мөн чанартай тул бид бусадтай сайн харилцаатай байж сурах нь дээрхийн адил чухал. Өмнө нь нийгмийн араншин бидэнтэй хамт төрдөг, хувиршгүй гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар нийгмийн зан араншинд суралцах, тунгаан бодох, зориудын дадлагаар түүнийг төлөвшүүлэх боломжтой болох нь илэрхий харагдах болсон. “Нийгмийн” гэдгээр бидний хүн хоорондын шууд харилцаа, мөн сургууль, албан газар, гэр бүл эсвэл айл хөршийн гэх мэт багахан хүрээний нийгмийн бүлэг дэх харилцааг илэрхийлнэ. Харин хот суурин, нийгэм, дэлхий нийт гэх мэт илүү өргөн хүрээний нийгмийн бүлгүүд нь сүүлийн гурав дахь хамрах хүрээ болох Дэлхий нийтийн түвшний хамрах хүрээнд багтана.
Нийгмийн нэг нөхцөл дэх мэдэхүй (ойлголт), энэрэн нигүүлсэх сэтгэл, оролцоо
Нийгмийн хамрах хүрээ нь хувь хүний хамрах хүрээтэй олон талаараа төстэй боловч онцлог нь гол анхаарал хувь хүн өөрт бус бусад дээр төвлөрнө. Ингээд түүнийг Мэдэхүй, Энэрэн нигүүлсэх сэтгэл, Оролцоо гэсэн гурван хэмжээсээр авч үзнэ. Энд Мэдэхүй гэдэг нь бусдыг болон өөрийгөө нийгмийн амьтан – бид бусатай холбоотойгоор оршдог, бидэнд бусад хэрэгтэй, бидний үйлдэл бусдад нөлөөлдөг – гэдгийг мэдэх суурь ойлголт гэсэн утгатай. Энэхүү мэдэхүй (ойлголт) нь мөн бидэнд хүн болохын хувьд адил зүйл юу байна, мөн бид бусдаасаа юугаараа ялгаатай болохыг мэдэх мэдлэгийг багтаана. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь Хувь хүний хамрах хүрээнд олж авсан мэдлэгээ одоо бусдыг, тэдний сэтгэл хөдлөлийг ойлгоход ашигласнаар харьцангуй бага хариу үйлдэл үзүүлдэг, шүүмжилдэг болох явдлыг багтаана. Бид энэ ойлголтоо талархал, уучлал, өглөгч, төлөв даруу байх гэх мэт бусад нийгмийн зан араншин төлөвшүүлэхэд хэрэглэнэ. Эсэцт нь Оролцооны хэмжээс нь бусадтай эерэг байдлаар хэрхэн харилцаж сурахад энэхүү мэдэхүй, ойлголтоо хэрэглэх явдлыг багтаана. Ийнхүү Нийгмийн хамрах хүрээг дараах гурван хэсэгт авч үзнэ. Үүнд:
- Хувь хүн хоорондын харилцааны ойлголт (мэдэхүй)
- Бусдад төрүүлэх энэрэн нигүүлсэх сэтгэл
- Харилцах ур чадвар
Хувь хүн хоорондын харилцааны ойлголт (мэдэхүй)
Бид бүгд өөрийн гэсэн явцуу хувийн сонирхол дээр төвлөрөх мөн чанар бүхий хандлагатай байдаг боловч бусадтай тэдэнд хамгийн их тустай байхаар харилцаж сурах нь цаг хугацааны явцад төлөвшүүлж болох чадвар юм. Энэ нь зөвхөн бусдад төдийгүй бидэнд мөн ач тус хүргэдэг. Жишээ нь, бусдад талархах сэтгэл төрүүлэх нь хувь хүн хоорондын харилцаа холбоо болон сайн сайхны мэдрэмж төрүүлдэг. Хувь хүн хоорондын харилцааны ойлголт нь гурван хэсэгтэй. Үүнд:
- Нийгмийн бодит байдлыг авч үзэх
- Бусадтай адил бодит байдлыг авч үзэх
- Олон янз хийгээд ялгаатай байдлыг ойлгох
Нийгмийн бодит байдлыг авч үзэх гэдэг нь бидэнд заяагдмал нийгмийн мөн чанар болон бусдын шаардлага, тэдний бидний амьдралд үзүүлэх үүргийг таних чадвар юм. Бусадтай адил бодит байдлыг авч үзэх гэдэг нь бид амгалан хүсэж, зовлонгоос зайлсхийдэг гэх мэт суурь түвшиндээ бусадтай адил болохыг багтаадаг. Харин ялгаатай байдлыг ойлгох гэдэг нь хувь хүмүүс болон нийгмийн бүлгүүдийн ялгаатай, онцлог байдлыг хүндэлж, тэд хэрхэн бидний хамтын оршихуйтай нэгдэж байдгийг ойлгох гэсэн утгатай.
Нийгмийн бодит байдлыг авч үзэх
“Хэн ч нэг арал биш” гэдэг хэллэг байдаг. Бодит байдал бол хүн бид нийгмийн амьтад бөгөөд бид ойлгосон байсан ч, ойлгоогүй байсан ч тоолшгүй олон бусад хүмүүс бидний амьдралд чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Суурь үнэн бол бусад бидний адил дэлхий ертөнцийг түүний ганц эзэн мэт туулж, оршиж, заримдаа биднийг мартдаг. Энэ нь ямар нэг хүсэл, хэрэгцээ шаардлагатай нь, халамж анхаарал хэрэгтэй нь зөвхөн би гэх мэтээр бодох бодолд маш хялбар хөтөлдөг.
Эхэлж бид биднийг хэн болоход хөтөлсөн, бидний оршихуйд нөлөөлсөөр байгаа, ирээдүйд нөлөөлөх тэдгээр хүмүүсийн талаар бодож эхэлж болно. Жишээ нь, бид өөрийн эцэг эх эсвэл бидэнд бидний суурь хэрэгцээ, асран хамгааллыг олгосон, одоо хэр нь олгож байгаа тэдгээр хүмүүсийн талаар бодож болно. Бусад бидэнд хань болдог. Илүү өргөн хүрээнд тоолшгүй олон хүмүүс бидний идэж буй хоол, өмсөж буй хувцас хэрэгслийг хийсэн. Эдгээр бодит байдлуудыг бодож тунгаах нь бусдад талархах, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх суурь болж өгдөг.
Бусадтай адил бодит байдлыг авч үзэх
Бусад бидний тусад оршиж, биднийг бидний хэрэгцээт зүйлээр хангаж байдаг хэмээх тэр үнэнээс гадна тэд мөн сэтгэл зүйн амьдралтай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бусдад талархах суурь талархал бидний үндсэн ижил талуудыг таних байдлаар өсөн нэмэгдэх ба бидний хоорондын ямар нэг ялгаа тэдэнд талархах тэрхүү сэтгэлийг хорихгүй байх хэрэгтэй юм. Бидний голлон үзэх ижил төстэй чанар бол хүний үзэж туулдаг тэдгээр суурь зүйлүүд. Эдгээр зүйлүүд бүх хүн төрөлтөнд ижил нийтлэг байдаг. Бусад бидний адил сайн сайхныг хүсэж, бэрхшээл, зовлон хүсдэггүй. Тэд хүсэл, хэрэгцээ шаардлага, айдас, итгэл найдвар зэргийг багтаасан сэтгэл зүйн амьдралтай. Тэд өвддөг, тэдэнд сул тал бий, тэдэнд саад бэрхшээл тохиолддог, тэд баяр баясгалан, уруудахыг эдэлдэг. Энэ бүх адил төстэй байдлыг танин мэдэх нь төлөвшүүлэн, зуршил болгож болдог чадвар юм.
Сэтгэлийн хэв маяг, өөрийн сэтгэлийн мэдэхүйг багтаасан сэтгэлийн боловсролын тодорхой түвшнийг төлөвшүүлэх үед өөрийн бусадтай адил байдлыг харахад хялбар болдог. Мөн түүний зэрэгцээ бусад биднээс хэрхэн ялгаатай болохыг нягталж үзэх хэрэгтэй болно. Хэдийгээр хүн бүрт хүсэл, хэрэгцээ шаардлага, айдас, итгэл найдвар байх боловч тэд заавал бидний хүсэж буй зүйлийг хүсэж, тэдэнд бидэнд шаардлагатай тэр зүйл хэрэгтэй байх эсвэл тэдний бидний эмээж байгаа зүйлээс эмээх шаардлагагүй. Энэхүү бодит байдлыг ойлгон, хүндэтгэх хэрэгтэй. Цаашлаад бусад биднээс өөр амьдралд туулсан зүйлстэй, өөр үзэл баримтлал, мэдлэгийн хүрээтэй бөгөөд түүнийг мөн ойлгож болно. Өөр хоорондын ялгаатай байдлыг таньж, ижил талуудаа ойлгох нь харилцааны чухал тал болох өөрийг болон бусдыг ойлгох ойлголтыг бий болгодог.
Олон янз хийгээд ялгаатай байдлыг ойлгох
Бусадтай адил бодит байдлын нэг тал нь бид бүгд онцгой, бусдаас ялгаатай бөгөөд бусад нийгмийн бүлгээс ялгаатай өөрийн онцлог шинж чанар бүхий нийгмийн нэг бүлэгт харьяалагддаг явдал. Бид бүгдийг өөр өөр байдлаар өсгөсөн, тус бүрдээ гэрийн бүлийн өөр өөр орчинтой, бидний үзэл бодол, хандлага, хүсэл эрмэлзэлийг төлөвшүүлсэн онцгой амьдралд туулсан зүйлүүдтэй.
Иймд олон янз байдал нь бидний адил байдлын нэг хэсэг бөгөөд биднийг ялган тусгаарлах бус харин нэгтгэх нэг зүйл болж болно. Ялгаа хийгээд олон янз байдал бидний хамтын амьдралд хэрхэн хувь нэмэр оруулдгийг хүндлэх нь улам ихээр глобалчлагдан, олон ургалч үзэл илүүтэй төлөвшин тогтож байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд онцгой чухал ойлголт (мэдэхүй) болж байна.
Бусдад төрүүлэх энэрэн нигүүлсэх сэтгэл
Бүхий л нийгмийн араншинг бусдад үзүүлэх энэрэн нигүүлсэх сэтгэлээс үүдсэн мөн түүнд хувь нэмэр оруулсан байдлаар авч үзэж болно. Харин хувь хүн хоорондын харилцааны ойлголт (мэдэхүй) нь нийгмийн олон зан байдлыг төлөвшүүлж байдаг бол энэрэн нигүүлсэх сэтгэл нь тэдгээрийг ёс зүйн хүрээнд оруулахад тусалж байдаг. Бусдад төрүүлэх энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэх гурван хэлбэр байна. Үүнд:
- Бусдын сэтгэл болон сэтгэл хөдлөлийг хам нөхцөлд нь ойлгох
- Асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг ойлгох, төлөвшүүлэх
- Бусад ёс зүйн зан байдлуудыг ойлгох, төлөвшүүлэх
Бусдын сэтгэл болон сэтгэл хөдлөлийг хам нөхцөлд нь ойлгох
Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байх нь өөрийг муушаах сэтгэлд хөтөлж болно; түүний адил бусад хүмүүс биднийг ойлгохгүй эсвэл бидний хүлээн зөвшөөрөхгүй байдлаар үйлдэл хийх үед бид аяндаа тэдгээрт муушаах байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Үүний адил бидний сэтгэл хөдлөл хэрхэн бидний хүсэл, хэрэгцээ шаардлагаас бий болдгийг ойлгох нь өөрийг хүлээн зөвшөөрөх, өөрт энэрэнгүй хандах хандлагат хөтөлдөг энэ үйл явц бусдын хувьд мөн адил байна.
Хэрэв бид бусдын үйлдэлд тэдний сэтгэл хөдлөл түлхэц өгөх бөгөөд тэдгээр сэтгэл хөдлөл нь тодорхой нэг хам нөхцөл, тухайн сэтгэл хөдлөлийн цаад дахь хэрэгцээ шаардлагаас үүсэж байдгийг ойлгох юм бол тэр нь тэдэнд уур бухимдал төрүүлэх, тэднийг муушаахаас илүүтэй тэдний зовлонг ойлгох, тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхэд хөтөлдөг. Энд өгч байгаа санаа бол тохиромжгүй зан байдлыг уучлах бус харин бусдыг, тэдний сэтгэлийг хүн болохын хувьд ойлгох явдал.
Асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг ойлгох, төлөвшүүлэх
Бид харгис догшин байдлаас энэрэл нигүүлслийг эрхэмлэх нь зүйтэй мэт санагдах нь ойлгомжтой. Гэвч энэхүү байдлаас өөрчлөгдөхөд хялбар байдаг. Бидний өөрсдийн туршлагаас, түүхэн жишээнүүдээс бид хэрхэн үргэлж энэрэл нигүүлслийг үнэлээгүй явдал нь харагддаг. Түүхийн явцад хүн төрөлхтөн бусдын харгислалыг хүлээн зөвшөөрсөн эсвэл өөрсдийн харгис явдлыг ердөө тоолгүй орхисон маш олон жишээ байдаг.
Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидэнд тустай маш хүчтэй зарчим. Гэвч сэтгэлийг ердөө энэрэн нигүүлсэнгүй байхад тушаах нь үр дүнтэй биш. Бид энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг нь юу болох, ямар сэтгэл энэрэн нигүүлсэх сэтгэл биш болох, тэр нь бидний төлөвшүүлэхийг хүсэх нэг зүйл хэмээн үнэлэх болох хүртэл түүнийг ойлгох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхээс өмнө бусдыг асран халамжлах, анхаарах – асрах сэтгэлийг эхэлж төрүүлэх нь илүү хялбар байдаг.
Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бусдын зовлонг арилгах хүсэл бүхий сэтгэл гэж тодорхойлдог. Хэдийгээр бидний олонх нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг хүний оршихуйн гол тал гэж хардаггүй ч судалгаагаар энэрэн нигүүлсэх сэтгэлийн биологийн уг сурвалжийг онцлон тэмдэглээд байгаа. Бүхий л хөхтөн амьтан, шувуудын үр төл төрөөд өөрсдөө амьдарч чаддаггүйн улмаас эсэн мэнд өсөн бойжиход тэдэнд эхийн хайр, асран хамгаалал хэрэгтэй болдог. Хүн болон олон төрөл зүйл амьтдын дотор энэрэнгүй зан байдал хувь талууд болон нийгмийн бүлгийн түвшинд эсэн мэнд байх, дэгжин дээшлэхэд тустай хоёр талын холбоог бий болгодог. Ийнхүү энэрэн нигүүлсэх сэтгэл нь олон байдлаар эсэн мэнд байхын суурь болдог. Энэ нь хүн яагаад бага наснаасаа асрах сэтгэлийг хүчтэй илүүд үздэг, яагаад бид энэрэн нигүүлсэх сэтгэлд тийм их эерэг хариу үзүүлдгийн учир юм. Сэтгэл зүйн хувьд ч тэр.
Бусад ёс зүйн зан байдлуудыг ойлгох, төлөвшүүлэх
Энэрэн нигүүлсэх сэтгэлээс гадна бид мөн талархал, уучлал, сэтгэл хангалуун байдал, төлөв даруу, тэвчээр гэх мэт сэтгэлүүдийг төлөвшүүлж болно. Эдгээр ёс зүйн зан байдлуудад бүгдэд нь нийтлэг зүйл бол тэдгээр нь материаллаг эд зүйлс эсвэл амжилтаас илүүтэй бидний амьдралд тустай, амар амгалан авчрах – дотоод чанаруудтай холбогддог. Хүмүүсийг үнэлж, хэрхэн тэд бидний амьдралыг баяжуулдаг явдал дээр төвлөрөх нь өөрийн өсөлт хөгжил, эд хөрөнгө эзэмших нь урт хугацааны сэтгэл ханамж, амар амгалан авчрах суурь гэдэг санааны эсрэг юм. Бид эдгээр дотоод чанарууд ямар чухал болохыг ойлгох хэрэгтэй. Тодорхой түвшний материаллаг баялгийн дараа амьдрал дахь сэтгэл ханамж буурдаг болох нь судалгаагаар харагдаж байгаа бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд талархах сэтгэл болон жаргалтай байх сэтгэлийн хоооронд хүчтэй холбоо байдаг нь харагдаж байгаа. Талархал нь амьдралд илүү их сэтгэл ханамжтай байх сэтгэлд хөтлөх төдийгүй олон нийтийн сүлжээ, зар сурталчилгаа, телевизээр дамжуулагдаж буй материаллаг утга санаа бүхий мессежүүдийн хүчтэй ерөндөг болж болно.
Бусад хүмүүс бидэнд олон байдлаар тус хүргэсэн бөгөөд тэдгээр ач тусыг хүртэх нь бидний хувьд заавал зориуд байх албагүй. Бид мөн бусдын бидэнд хийгээгүй зүйлд талархаж болно – тэд биднээс эд зүйл хулгайлаагүй, гэм хор хүргээгүй эсвэл биднийг доромжилж муушаагаагүй. Илүү гүнзгий түвшинд бид бусад бүр бидэнд гэм хор бүхий байдлаар үйлдэл хийх үед түүний хүргэж буй тусад талархаж сурч болно. Маш хатуу бэрх зовлон туулсан боловч түүнийг давж гаран өөрийн үзэл хандлагыг өөрчлөн илүү амар амгалан, сэтгэл хангалуун амьдралаар амьдарч буй хүмүүсийн жишээнээс бид суралцаж болно. Бусдын буруу зан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байхын хажуугаар шинэ үзэл хандлага бий болгох энэхүү чадвар нь уур, бухимдал, дургүйцлийг чөлөөлөх нэг хүчтэй арга болдог. Бусад бидэнд тус хүргэсэн тэдгээр хэв маягуудыг авч үзэх нь чин сэтгэлийн, бат бөх талархах сэтгэлийг төрүүлдэг бөгөөд энэ нь эргээд бусадтай холбоотой, ойр байх хүчтэй холбоо болж өгдөг.
Бид өөрийг төвчлөх хандлагын сул тал болон бидний амар амгалан, сайн сайхан хэрхэн бусдын үзүүлсэн асрах сэтгэлийн тоолшгүй олон үйлүүдээс шалтгаалдаг болохыг тунгаан бодох үед бид аяндаа талархах сэтгэлийг төрүүлдэг.
Бидний олонх нь өөрийн найз нөхөд болон хайртай дотны хүмүүстээ энэрэл хайрыг аяндаа төрүүлдэг хэдий ч түүнийг өргөн хүрээг хамарсан, ялгаваргүй байхад тэлэх боломжтой. Бидний суурь нийтлэг ижил талуудын талаарх мэдлэгийг энэрэл хайртай хослуулах үед ялгаварлалаар бага хязгаарлагдсан жинхэнэ энэрэл хайр төрж болдог. Бусадад энэрэнгүй хандахад тэдний үзэл бодол, нөхцөлийг ойлгох хүчин чармайлтыг шаарддаг. Жишээ нь, “энэ хүн хувиа хичээсэн” гэж хэлэхийн оронд “тэдний зан байдал хувиа хичээсэн байдалд тооцогдож болно” гэж хэлж болно. Энэ нь бидэнд тус хүнийг мөн чанарын хувьд хувиа хичээсэн гэж харахгүй байж, тэдний хувиа үл хичээсэн байх үеүдийг харахад нээлттэй байхад тусалдаг.
Бидний бусадтай ижил байх байдлуудыг шинжилж үзэж, талархал, энэрэл хайр төрүүлэх үед бид мөн уучлалыг аяндаа төрүүлж эхэлдэг. Өөрсдийн бодит бус хүлээлтийг чөлөөлж өөрийг хүлээн зөвшөөрөх үед бусдад төрүүлж байгаа уур, дургүйцлийг хөнгөлөх хялбар болж ирдэг. Энэ үед уучлал бусдад өгч буй нэг бэлэг болдог.
Харилцах ур чадвар
Бид найз нөхдийн харилцаанаас эхлээд, гэр бүлийн асуудал, ажил байдлын хөдөлгөөн гэх мэт нийгмийн нарийн харилцаануудыг цаг үргэлж залуурдаж байх шаардлагатай болдог. Нийгмийн олон орчин нөхцөлүүдэд дасан зохицох чадвар нь амар амгалан, амжилттай байхад шаардлагатай болдог. Урт хугацааны сайн сайхан байдал нь утга учиртай, эерэг харилцааг бий болгон хадгалж, гэм хортой харилцаануудыг таньж, зогсоох чадвартай ихээр холбогддог.
Энэ сэдвийн эхний хоёр хэсэг болох – өөрсдийн нийгмийн мөн чанарыг ойлгохуй ба бусдын сэтгэлийг хам нөхцөлд нь ойлгох хоёр нь бидний өөрсдийн болон бусдын сайн сайханд хамгийн их нөлөөлөх бодит чадвар, зан байдал, дадал зуршлыг бий болгох суурийг тавьдаг. Хэдийгээр бидний зан байдал өрөвдөх сэтгэл, энэрэл нигүүлсэл дээр суурилсан байсан ч зарим тохиолдолд бидний үйлдэл үнэндээ түүний эсрэг байх тохиолдол байдаг. Бидний санаа зөв байсан байж болох ч тэр нь санамсаргүй өөрт болон бусдад хүндрэл учруулсан байдлаар дуусч болно. Бид үүнийг илүү их туршлага олж авах замаар багасгаж чадна. Бид ямар нэг чадварыг өөрт төлөвшин тогтож, өөрийн болтол түүгээр идэвхтэй дадлага хийж болдог. Бидний суралцаж болох дөрвөн зүйл чадвар бий. Үүнд:
- Ойлгож сонсох
- Чадварлаг харилцаа
- Бусдад туслах
- Зөрчлийг хувиргах
Ойлгож сонсох
Ойлгож сонсох гэдэг нь ямар нэг сэтгэлийн хариу үйлдлийн улмаас сэтгэлийг нуухгүйгээр бусдыг нээлттэй сэтгэлээр сонсоно гэсэн утгатай. Энэ нь хэдийгээр тэдний үзэл бодол биднийхээс өөр байсан ч тэднийг ойлгон, хүндэтгэх явдал дээр суурилдаг. Бид ойлгож сонсох чадварыг хэсэг хугацааны турш ямар нэг санал, шүүмжгүйгээр бусдыг сонсох оролдлого болох “тайван сонсох” дасгалаар дадуулж болно. Эсвэл бидний санал нийлэхгүй байж болох зүйлийг хэлэх хүмүүсийн ярилцлагыг үзэж эсвэл сонсож, түүнд сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө тэдний хэлж байгаа зүйлийг дахин хэлэх эсвэл утгыг өөр үгээр дахин илэрхийлэх байдлаар түр завсарлага аван дадлага хийж болно.
Ойлгож сонсох нь зөвхөн өнгөц түвшний агуулгад анхаарал хандуулах төдийгүй хүмүүсийн хэлж байгаа зүйлийн агуулгыг ойлгоход шаардлагатай хам нөхцөл болох цаадах хэрэгцээ, хүсэл сонирхолд бас анхаарал хандуулж сонсох явдал юм.
Чадварлаг харилцаа
Сонсох маш чухал боловч бид мөн өөрсөддөө болон бусдад хүч өгөх, үр бүтээлтэй, бусдад санаа тавьсан байдлаар хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. “Эрх хүч бүхий харилцаа” гэдэг ойлголт нь зөвхөн өөрсдийн төлөө бус өөрийн дуу хоолойг бусдад хүргэж чадахгүй байгаа тэдгээр хүмүүсийн төлөө хүндэтгэлтэй, хялбар, ойлгомжтой байдлаар ярих чадвартай холбоотой. Мэтгэлцээн нь нэг маш хүчтэй хэрэгсэл байж болдог. Жишээ нь, бид найз нөхөдтэйгөө мэтгэлцэхээр сонгож, өөрсдийн санал нийлдэггүй талыг дагаж болно. Хүн бид бидний үзэл бодолтой санал зөрөлдөж байгаа тэдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл бүр тэдний үзэл бодлыг байхгүй болгох хандлагатай байдаг учраас дээрх дадал зуршлууд нь төлөв даруу байдал, оюуны сониуч зан чанар, хүний нийтлэг мөн чанарын мэдлэгийг төлөвшүүлэхэд тусалж болно.
Бусдад туслах
Сонсох, харилцах чадвар нь суурь чадвар боловч бусдад туслах өөр тоолшгүй олон арга зам бий. Бусдад туслах нь үргэлж бусдын хэрэгцээнд тохирсон мөн бидний өөрийн чадварт тохирсон байх хэрэгтэй. Нийгэмд үйлчлэхээс эхлээд сайн дурын ажилд оролцох, “гэнэтийн сайхан сэтгэлийн үйл” хийх хүртэл тусламж үзүүлэх нь тусламж хүртэхээс бүр илүүтэй их бидний сайн сайханд хувь нэмэр оруулдгийг судалгаа харуулсан.
Бусдад туслах үйл явцыг түр азнан тунгаан харж болно: бусдад туслах үед бид юу мэдэрч байна, түүнээс бид юу суралцаж байна, түүнийг бид хэрхэн нэмэгдүүлж болох вэ, бидний тусламж үзүүлж байгаа тэдгээр хүмүүст энэ нь ямар нөлөө үзүүлж байна вэ? Эцэст нь бид гадаад талдаа тусламж болж харагдаж байж болох зүйлээс илүүтэй бусдад тэдний урт хугацааны сайн сайханд ямар төрлийн тус үнэхээр хэрэгтэй байж болохыг тунгаан үзэж болно.
Зөрчлийг хувиргах
Бид амьдралын туршид өөрийн эрхгүй зөрчлүүдтэй тулгарч байдаг. Зөрчил нь өөрөө заавал муу байх албагүй; гэвч өөрийн болон бусдын тусад зөрчлийг жолоодож сурах нь нэг чухал чадвар. Зөрчлийг шийдвэрлэх нь хоёр талын сайн сайхныг нэмэгдүүлж болох тийм нөхцөл болон харилцаа холбоонд зөрчлийг хувиргах арга замын зөвхөн хэсэг. Үүнд бидэнд зөрчилд эерэг хандах, хамтын ажиллагаа, эвлэрэл, тайван харилцаа үүсэх нөхцөлийг хялбар болгох чадвар хэрэгтэй болно.
Дотоод амар амгалан гадаад амар амгалангийн суурь болдог. Үүний адил өөрийн дотоод дахь эвлэрэл гадаад эвлэрэлд хөтөлж болно. Өөрийн дотоод ертөнцийн асуудлыг шийдвэрлэсэн байх нь зөрчлийг амжилттай хувиргах боломжийг нэмэгдүүлж өгдөг. Даруу зан, бусдыг ойлгох сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл, уучлал, алагчлалгүй шударга байдал, бидний нийтлэг мөн чанарын талаарх ойлголтыг төлөвшүүлэхгүйгээр зөрчлийг хувиргах, шийдвэрлэх нь хэрэв боломжгүй биш бол хэцүү. Эдгээр чадварууд байгаа тохиолдолд зөрчил шийдвэрлэх үүрэг нь оролцсон бүх талуудын хувьд нэгэн гүн гүнзгий, бодит өөрчлөлт авчирсан үйл явдал, туршлага болж болно.
Дүгнэлт
Энэ сэдвийн эхний хэсэгт бид өөрсдийгөө илүү сайн ойлгох үүднээс сэтгэлийн талаар авч үзсэн. Энэхүү хоёр дахь хэсэгт бид энэ ойлголтыг бусадтай харилцах харилцаанд авч үзэж байна: бидний гэр бүл, найз нөхөд, хамт олон, бидэнтэй тааралдаж буй тэдгээр бидний үл таних хүмүүс гэх мэт. Харилцах чадвар төлөвшүүлэх явдал нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн зарчмуудтай холбогдоно. Хэрэв бид эдгээр сэтгэлийг амьдралд хангалттай хэрэгжүүлж байвал нийгмийн харилцааны чадварууд ердөө нэг хэсэг харилцааны техник болж үлдэхгүй, тэдгээр нь бидний бусдад талархсан сэтгэлийн, тэдний төлөө тавьсан бидний анхаарлын аяндаа гарах үр дагавар болж хувирдаг. Бидний туулж байгаа нийгмийн аливаа нөхцөлүүдэд хэрэв бид эерэг стратегийг авч хэрэглэн хэрэгжүүлбэл бидний харилцаа илүү эв зүйтэй төдийгүй бид илүү их амар амгалан, сэтгэл хангалуун байх болно.
НСЁЗ -н боловсролын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хөтөлбөрийн бүрэн хэмжээний хувилбарыг эндээс, Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн төвийн (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics) бусад хөтөлбөрийг эндээс тус тус үзнэ үү.