НСЁЗ -н боловсрол: Нийтийн үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр

Эмори Их Сургууль – Нийгэм, сэтгэл, ёс зүйн боловсрол – Агуулгын товч бүтэц

Нийгэм, сэтгэл, ёс зүйн боловсрол гэж юу вэ?

Видео: Гэвш Лхакдор — “Нийтийн үнэт зүйл юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Нийгэм, сэтгэл, ёс зүйн (НСЁЗ -н) боловсрол хөтөлбөр нь (Social, Emotional and Ethical (SEE) Learning) сэтгэл зүйн хувьд эрүүл, ёс зүйн хувьд хариуцлагатай хувь хүн, нийгмийн бүлгүүд, үндэстнийг төлөвшүүлэхэд туслах зорилго бүхий хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг дунд сургуулиуд болон их дээд сургуулиудын хэрэгцээнд зориулан боловсруулсан боловч бусад салбаруудад ч бас хэрэглэх боломжтой.

Эмори Их Сургуулийн Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн судалгааны төвөөс (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics at Emory University) боловсруулсан энэхүү сургалтын хөтөлбөр нь ёс зүй дээр өргөн хүрээнд анхаарал хандуулсан байдаг. Энд ёс зүй нь ямар нэг тодорхой соёл эсвэл шашны үзэл санаан дээр бус харин нигүүлсэхүй, хүлээц, уучлал гэх мэт хүний суурь, түгээмэл үнэт зүйлс дээр суурилсан байдаг. НСЁЗ -н боловсролын сургалт нь хувь хүмүүст өөрийг болон бусдыг асран хамгаалах илүү их чадамжтай болоход тусалж болох бөгөөд энэ нь тэдний бие махбодын болон сэтгэлийн эрүүл мэндэд маш чухал. Мөн улам илүү их ярвигтай болж байгаа дэлхий ертөнцөд глобал иргэн байхад хүмүүсийг бэлдэхэд туслах үүднээс харилцан нэг нэгнээсээ хамаарах хамаарлын талаарх өсөн нэмэгдэж буй тэрхүү ойлголт болон критикал сэтгэхүйн чадварыг (үзэл санаа болон сэтгэл хөдлөлийн нөлөөгүй бодитоор үнэлж дүгнэх чадвар) төлөвшүүлэхэд анхаарал хандуулсан байдаг.

Тус хөтөлбөр нь “бүх нийтийн түгээмэл үнэт зүйлс” дээр суурилсан тул олон улсын түвшинд, бүхий л улс орон, соёлуудад хэрэглэгдэх боломжтой. Нийтлэг ойлголт, нийтлэг туршлага, шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан тул тус хөтөлбөрийн олон өөр ард түмний шашин, соёлын үнэт зүйлүүдээс үлгэр авсан тэдгээр арга, ойлголтуудыг шууд авч хэрэглэх эсвэл өөрийн соёл уламжлалд зохицуулан тодорхой өөрчлөлт хийн авч хэрэглэх аль аль нь боломжтой. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бүх насны хүмүүст нийгмийн харилцаа, сэтгэл зүй, ёс зүйн чадвар олгоход чиглэнэ. Эдгээр чадварыг хүмүүст зааж сургах арга ажиллагаа нь математик, гадаад хэл, байгалийн ухаан болон бусад шинжлэх ухааны хичээлүүдийг хэрхэн зааж сургадагтай адил. Боловсролын үүргийг хувь хүн болон нийгмийг илүү амар амгалан, харилцан эв зүйтэй байдалд хөтлөх тэдгээр үнэт зүйлс, чадваруудыг хөгжүүлэх үүргээр тэлж болно, үнэхээр түүнийг тийнхүү тэлэх ч хэрэгтэй.       

Гурван хэмжүүр, гурван хамрах хүрээ

НСЁЗ -н боловсрол нь түүгээр төлөвшүүлэхийг зорих гурван төрлийн чадварыг хамарна:

  • Мэдэхүй
  • Нигүүлсэл
  • Оролцоо

Цаашлаад эдгээр гурван хэмжүүр нь дараах гурван хүрээг хамарна. Үүнд:

  • Хувь хүн
  • Нийгэм
  • Дэлхий нийт

Гурван хэмжүүр

Мэдэхүй – өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн талаар ойлготтой болох. Мэдэхүй нь бидэнд өөрийн оюун санааны амьдрал, бусад бидний дэргэд байх, түүний хэрэгцээ, бидний амьдралын онцлог болох аливаа зүйлийн харилцан хамаарал болон бидний оршин буй дэлхий ертөнцийг ойлгоход тусалдаг. Энэхүү ойлголтыг бий болгоход дадлага мөн анхаарлын төлөвшил шаардагддаг.

Нигүүлсэхүй – өөрт болон бусдад мөн нийт хүн төрөлхтөнд тэдний баяр жаргал, зовлон бэрхшээлд санаа тавьсан тэднийг ойлгох сэтгэлээр хандахад суралцах. Энэ чадварт суралцахад критикал сэтгэхүй, өөрийн хэрэгцээ шаардлага, хүслийг талаарх ойлголт, мөн өөрт ашдын сайн сайхныг авчрах тэрхүү зүйлийг тодорхойлох чадвар шаардагдана. Түүний цар хүрээ нь бусдын хэрэгцээ шаардлагыг хамрах бөгөөд энэ нь нийт хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээ шаардлагыг таньж мэдэх явдал юм.

Оролцоо – мэдэхүй болон нигүүлсэхүйд суралцаж олж авсан мэдлэг ойлголтоо хэрэгжүүлэх. Үүнд хувь хүн, нийгмийн сайн сайханд эерэг нөлөө үзүүлэх зан байдал, хандлагат суралцах явдал багтах ба хувийн зохион байгуулалт, нийгмийн харилцааны чадвар болон дэлхийн нэг иргэн байх үүрэг хүлээсэн үйл ажиллагаа шаардагдана.

Эдгээр гурван хэмжүүрийг суурь үнэт зүйл болгон төлөвшүүлэх явдал нь ердөө мэдлэг олж авах тухай бус харин тэдний хувь хүний түвшин нөлөөлөх ач холбогдлыг ойлгох, тэднийг өөрт гүнзгий төлөвшүүлэх явдал юм. Үүнд хэд хэдэн үе шат байна:

  • Юуны өмнө бид сонсож, уншиж, өөрийн биеэр туршлага олж авах замаар суралцах ба үүгээр эхэлж тодорхой суурь мэдээлэл аван улмаар тэдгээр үнэт зүйл тус бүрийг ойлгох ойлголтыг төлөвшүүлнэ.
  • Критикал сэтгэхүйн (үзэл санаа болон сэтгэл хөдлөлийн нөлөөгүй бодитоор үнэлж дүгнэх чадвар) үүднээс бид тэдгээр үнэт зүйлсийг тодорхой дараалал бүхий аргуудын тусламжтайгаар судалж шинжилж, өөрийн нөхцөлүүдэд ашиглах ба энэ нь биднийг нэг “критикал ойлголт” –д хөтөлнө. Энэ бол эхний түвшний мэдлэгиийг өөрийн амьдралд холбосноор “аан, ийм байх нь” гэх нэг ухаарал төрөх тэр үе юм.
  • Дахин дахин давтах үйл явц нь тэдгээр үнэт зүйлийг өөрийн зан чанарын онцлог, хүчтэй тал болгон төлөвшүүлнэ. Энэ нь тэдгээр үнэт зүйлс аяндаа гарах бидний зан байдал болох хүртэл бид тогтмол дадлага хийн, харилцан ярилцаж, мэтгэлцэх юм.        

Гурван хамрах хүрээ

Хувь хүн – бусад болон илүү өргөн олон нийтийн хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулахын тулд бид эхэлж өөрийн хэрэгцээ шаардлага, дотоод амьдралд анхаарал хандуулах ёстой. Энэ нь сэтгэлийн боловсрол буюу өөрт болон бусдад гэм хор хүргэх өөрийн эрхгүй гарах зан байдлыг тэвчих боломж олгох; сэтгэл хөдлөлийг тодорхойлох, тэдгээрийн үр дагаврыг ойлгох чадварыг төлөвшүүлснээр бий болно.

Нийгэм – хүн нийгмийн мөн чанартай учраас бусадтай сайн харилцаатай байх нь маш чухал. Бид нийгмийн хандлагуудыг суралцах, тунгаан бодох, бодит дадлага хийх замаар төлөвшүүлж болно.

Дэлхий нийт – улам илүү их ярвигтай болж буй өнөө цаг үед энэрэн нигүүлсэх сэтгэл дангаараа хангалттай бус. Бидэнд бидний амьдарч буй харилцан хамаарал бүхий дэлхий дахиныг хамарсан тогтолцооны талаарх гүнзгий ойлголт бас хэрэгтэй. Нөхцөл байдлуудыг олон талаас нь хэрхэн харахыг мэдэх нь асуудлыг жижигхэн, хоорондоо холбоогүй асуудал болгох хандлагаас зайлсхийн тэдгээрийг илүү цогцоор нь шийдвэрлэх боломж олгодог.  

Суралцах хэв маяг

Суралцах хэв маяг нь дээрх гурван үнэт зүйлсийг судалж, үнэлэн, эзэмших явдал юм. Тэдгээр нь тус үнэт зүйлсийн талаарх бидний мэдлэг, ойлголтыг цаг хугацаа өнгөрөх хэрээр улам гүнзгийрүүлэн, тодорхой тогтвортой суурьтай болгох боломж олгоно. Суралцах дөрвөн хэв маяг нь:

  • Критикал сэтгэхүй – илүү гүнзгий ойлголтонд хүрэх үүднээс хөтөлбөрийн сэдвүүд болон өөрийн мэдрэхүйг логик учир шалтгаан, өөр өөр үзэл баримтлал, харилцан яриа, мэтгэлцээний үүднээс шинжилж үзэх.
  • Тунгаан бодох – анхаарлыг хувь хүнийхээ мэдрэхүйд чиглүүлэн тэдгээр чадваруудыг тодорхой зохион байгуулалттай аргаар эзэмших.
  • Шинжлэх ухааны тал хандлага – бидний сэтгэл хөдлөл болон гадаад ертөнцийн талаарх шинжлэх ухааны үзэл баримтлалын талаарх ойлголт, тодорхой нэг соёл, шашны хандлагыг онцгойлон баримтлаагүй аргыг санал болгоно.    
  • Оролцоо – бүтээлч илэрхийлэл (зураг, хөгжим, яруу найраг) болон экологийн сургалт (байгаль дэлхийтэй шууд харилцах) гэх мэт оролцооны сургалт нь сурагчдад тунгаан бодох боломж болгодог.     

Эдгээр дөрвөн сургалтын арга нь өмнө дурдсан гурван хэмжүүрийн гол цөм болох энэрэн нигүүлсэх сэтгэлийн зарчим дээр тулгуурласан байдаг. Ихэнх тохиолдолд энэрэн нигүүлсэх сэтгэлийг бусдыг биднээр төлүүлэн хүссэн зүйлээ хүртэх эсвэл биднийг шоглох, эсвэл өөр бусад ямар нэг таагүй зан байдлыг бидэнд хандан төрүүлэх боломж олгодог сул чанар гэж буруу ойлгодог. НСЁЗ -н боловсрол нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг эрэлхэг, маш их дотоод сэтгэлийн хүчээс гарч мөн маш их дотоод сэтгэлийг хүчинд хүргэдэг бусдын төлөө санаа тавих, анхаарах баримтлал гэж ойлгодог.

Дүгнэлт

НСЁЗ -н боловсролын хөтөлбөрөөр бид өөрийн болон бусдын бодол мөн сэтгэл мэдрэмж, сэтгэл зүйн амьдралын талаар илүү их ойлголттой, тэдгээрийг мэдэрч ойлгодог болох юм. Бид зориг сэтгэл бүхий бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бүх хүн төрөлхтнийг үнэлэх хүндэтгэх нийтлэг хүмүүнлэг ёсыг эрхэмлэсэн сэтгэлийн эрүүл ахуйн болон өөрт анхаарал тавих хандлага, чадварыг төлөвшүүлнэ. Улмаар эерэг зан байдлыг сөрөг зан байдлаас ялгаж сурснаар энэ нь бидэнд бусадтай үр дүнтэй, тэднийг хайрлан хүндэтгэж харилцаж, дэлхий нийтийн түвшинд өргөн олны сайн сайхны тусад оролцоход тусална. Иймд НСЁЗ -н боловсролын хөтөлбөр нь өөрийг үнэлэх эрүүл хандлага төлөвшүүлэх, өөрийн эргэн тойрны хүмүүстэй сайн харилцаатай, хариуцлагатай дэлхийн иргэн байх чадвар, үнэт зүйлийн баримжаа олгох цогц хөтөлбөр юм.       

НСЁЗ -н боловсролын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хөтөлбөрийн бүрэн хэмжээний хувилбар, Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн судалгааны төвийн (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics at Emory University) бусад хөтөлбөрийг эндээс үзнэ үү. 

Top