Удиртгал
НСЁЗ-н боловсролын хөтөлбөр нь хувийн, нийгмийн, глобал хүрээний гэсэн бидний амьдралын гурван хүрээнд бидэнд туслахад зориулагдсан байдаг. Эдгээр гурван хүрээг тус тусад нь эсвэл дурын дарааллаар авч үзэж болох боловч хэрэв бид бусдын болон илүү өргөн хүрээний нийгмийн бүлэг хийгээд бүр дэлхий дахины түвшний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түүнд үйлчилж сурах гэж байгаа бол эхлээд бид өөрийн хэрэгцээ, дотоод амьдралдаа анхаарах хэрэгтэй.
Бид үүнийг “сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг”-т суралцах замаар хэрэгжүүлж болно. Энэ нь сэтгэл хөдлөл болон тэдгээрийн өөрт болон бусдад үзүүлэх нөлөөг таних, тодорхойлох чадвараас бүрдэнэ. Энэ чадвар нь бидэнд сэтгэл хөдлөлөө амжилттай залуурдах боломж олгодог. Угтаа сэтгэлийн талаарх мэдлэг нь өөрт болон бусдад гэм хүргэж болох өөрийн эрхгүй төрдөг тэдгээр зан байдлуудыг хорьж, бидний хамгийн сайн, урт хугацааны сонирхолд нийцсэн шийдвэрүүд гаргахад шаардлагатай сэтгэлийн тайван байдлыг хадгалах боломж олгодог. Ийм учраас сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг нь бидэнд өсөн дэвжихэд боломж олгодог нэг чухал чадвар болдог.
Хувь хүний хүрээн дэх мэдэхүй, энэрэн нигүүлсэх сэтгэл, оролцоо
НСЁЗ-н боловсролын хөтөлбөр нь гурван “хэмжээс” гэж бидний тодорхойлдог мэдэхүй, энэрэн нигүүлсэх сэтгэл, оролцоо гэсэн тэдгээр гурван чадварыг дэмжин хөгжүүлэхийг зорьдог. Эдгээр хэмжээсүүд нь бидний өөрийн хувь хүний асуудлуудаа шийдвэрлэх, илүү нарийн ярвигтай болж байгаа дэлхий ертөнцтэй нүүр тулах, хариуцлага дэлхийн хүн байхад шаардлагатай мэдлэг, чадвар, сэдлийг бий болгоход оролцоно. Хувь хүний хүрээнд, дээрх гурван хэмжээсийг гурван өөр баримтлалын үүднээс дараах байдлаар авч үзэх болно. Үүнд:
- Анхаарал ба өөрийг мэдэх
- Өөрийг энэрэн нигүүлсэх
- Дотоод хяналт
Анхаарал ба өөрийг мэдэх гэдэг нь өөрийн анхаарлыг залуурдаж сэтгэл болон бие махбодын төлөв байдлаа илүүтэй их мэддэг болох гэсэн санааг илэрхийлнэ. Үүнд “сэтгэлийн хэв маяг”-ын дагуу өөрийн сэтгэл, сэтгэл хөдлөлийг талаар суралцаж мэдсэн мэдлэг багтана. Ингээд өөрийг энэрэн нигүүлсэх гэдгээр бид өөрийн сэтгэлийн мэдрэхүй, сэтгэл хөдлөлийг ажиглан тэдгээрийг илүү өргөн хүрээнд авч үзэж ойлгоход суралцана. Үүнд бидний сэтгэл хэрхэн олон шалтгаан, нөхцөлөөс үүсдгийг шинжлэн үзэх нь илүү их өөрийг хүлээн зөвшөөрөх хандлагат хөтөлдөг талаарх ойлголт багтана. Эцэст нь, эхний хоёр баримтлалаас олж авсан мэдлэг ойлголтоор бид амьдарлын өдөр тутмын сорилтуудад эерэгээр хариу үзүүлэх чадвараа нэмэгдүүлэх өөрийн эрхгүй үйлдэл хийх байдлыг хянах хяналтыг төлөвшүүлэх дотоод хяналтыг төлөвшүүлж эхэлдэг.
Хувь хүний хүрээн дэх эдгээр сэдвүүд бүхэлдээ сэтгэлийн талаарх мэдлэг төлөвшүүлэх сэдэв болж болно. Өөрийн сэтгэл болон сэтгэл хөдлөлийн нарийн төвөгтэй дотоод төлөв байдлуудыг залуурдах чадваргүйгээр гүн суусан, өөрт гэм бүхий зан байдлын хэв маягуудыг даван гарах нь бараг боломжгүй байж болно. Энэ нь бидний өөрийг хянах хяналт болон бүр эрх чөлөөний нөөц боломжийг хязгаарлаж байдаг. Өөрийг төлөвшүүлэх явцад олж авсан тэдгээр арга, ур чадварууд сөрөг сэтгэлийн эрхэнд орохоос зайлсхийж түүний оронд амжилт, бүтээлтэй байхад тустай арга замаар үйлдэл хийхэд хэрэглэгдэж болно. Ингээд дээрх гурван баримтлалыг илүү дэлгэрэнгүй авч үзье.
Анхаарал ба өөрийг мэдэх
Хувь хүний хамрах хүрээний зориолго нь бие болон сэтгэлийн талаар өгөгдсөн тухайн мэдээллээр бие, сэтгэлд юу болж байгааг тухайн хүн өөрөө мэдэх явдал. Жишээ нь, бид уур бухимдал гэж юу болох, яагаад уур төрдөг хийгээд түүнийг хэрхэн тайвшруулж болох талаар мэдлэгийн түвшний ойлголттой байхын зэрэгцээ бидэнд тохиолдож байгаа зүйлд төрж байгаа уур бухимдлыг өөрийн сэтгэлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлд анхаарал хандуулах замаар таньж сурч болно. Энэхүү шууд туулж мэдэх болон судалж суралцсан мэдлэг хоёрын нийлбэр нь сэтгэлийн талаарх мэдлэгийн эхний алхам юм. Анхаарал ба өөрийг мэдэх нь дараах гурван чадварыг шаардана. Үүнд:
- Өөрийн бие болон түүний мэдрэхүйд анхаарал хандуулах
- Өөрийн сэтгэл хөдлөл болон сэтгэлийн мэдрэмжүүдэд анхаарал хандуулах
- Сэтгэлийн хэв маягийг баримтлах
Өөрийн бие болон түүний мэдрэхүйд анхаарал хандуулах
Бид өөрийн бие махбодын мэдрэхүйн түвшинд юу болж байгаад анхаарал хандуулах байдлаар эхэлдэг. Зүрхний цохилт өөрчлөгдөх, булчин чангарах, сулрах, бие халах, хөрөх гэх мэтээр сэтгэл хөдлөлийн төлөв байдлын хамтаар бие махбодын өөрчлөлт явагдаж байдаг учраас бие махбод мэдрэлийн системийн төлөв байдлын талаарх мэдээллийн байнгын эх сурвалж болж өгдөг. Тухайн туулж байгаа зүйлийн талаарх сэтгэлийн тал хандлага руу дангаар нь анхаарал хандуулахаас бие махбодод юу болж байгааг ажиглах нь ихэвчлэн илүү хурдан сэтгэлийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч болдог.
Бие махбодын мэдрэхүйг ажиглах байдлаар мэдрэлийн системд анхаарал хандуулснаар бид аажмаар стресс болон сэтгэлийн амгалан байдлын шинж тэмдгийг тодорхойлж сурдаг. Бид хэт сэтгэл хөдлөлд байна уу (сэтгэл шаналах, хэт уур бухимдал, зовнил) эсвэл хэт гутралд (сул байдал, сэтгэл гуртал) байна уу гэдгийг илүү хурдан анзаарч эхэлнэ. Энэ мэдэхүй нь өөрийн болон бусдын тусын урьдчилсан нөхцөл болох бие махбодыг тэнцвэржүүлэн сэтгэл зүйг тайван байдалд буцаан оруулах эхний алхам юм.
Өөрийн сэтгэл хөдлөл болон сэтгэлийн мэдрэмжүүдэд анхаарал хандуулах
Өөрийн бие махбодод анхаарал хандуулан түүнийг хянаж сурах нь өөрийн сэтгэл хөдлөл болон сэтгэлийн мэдрэмжүүдэд анхаарал хандуулах суурь болж өгдөг. Бие махбод хэдийн тайван, амгалан байна төдийчинээ сэтгэл дээр анхаарал хандуулахад хялбар болдог.
Сэтгэл хөдлөл хэдий маш хурдан төрж болдог ч тэдгээр нь гал болон асахын өмнө гол төлөв нэг цогоос эхэлдэг. Хэрэв бид өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлийг нэг цог байх эхний үе шатанд нь барьж авбал тэдгээртэй нэлээд хялбар ажиллаж болно. Гэвч үүнийг хийхийн тулд бид сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмжүүдийг тухайн гарах агшинд нь харах чадварыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэхүү чадварт дурдан санах (англ. mindfulness) гэх мэт дасгалуудаар тодорхой цаг хугацааны туршид суралцаж, түүнийг сайжруулж болно.
Сэтгэлийн хэв маягийг баримтлах
Сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмжийг ажиглаж мэдэхэд сэтгэл хөдлөлийн төлөв байдлыг залуурдахад туслах нэг эх сурвалж болдог сэтгэлийн хэв маягийг дагах нь их тустай байдаг. Сэтгэлийн хэв маяг буюу түүний зураглал нь сэтгэл хөдлөлийн өөр өөр аймгууд, тэдгээрийн нийтлэг хэв шинжийг тодорхойлох, тэдгээр нь юунаас үүсдэг, юу тэдэнд хувь нэмэр оруулдгийг тодорхойлоход туслах мэдээллийг бидэнд өгдөг. Бид бүх сэтгэл хөдлөл уг мөн чанараараа сөрөг бус харин тодорхой нөхцөл, хам хүрээнд тохиромжгүй үедээ тэдгээр нь сөрөг болдгийг мэддэг. Жишээ нь, айдас нь хортой могойнд хүрэхгүй байхыг сануулах үедээ эерэг болох бол байнгын сэтгэл зовнилд хүргэх үед тэр нь сөрөг үр дүнтэй болж болно.
Сэтгэлийн хэв маягийн дагуух сэтгэлийн талаарх мэдлэг бий болгосноор бид бухимдал нь уур уцаарт хүргэх сэтгэлийн илүү зөөлөн төлөв байдал бөгөөд шалгаж хянаагүй уур уцаар нь дүрэлзсэн уур хилэнд хүргэж болдгийг хардаг. Сэтгэл хөдлөлийн илүү зөөлөн хэлбэрүүдийг жолоодож болохгүй сэтгэл хөдлөлийн төлөв байдал болохоос өмнө таньж чаддаг байх тэнцвэр бүхий сэтгэлийн эрүүл мэндэд чухал чадвар юм.
Өөрийг энэрэн нигүүлсэх
Өөрийг энэрэн нигүүлсэх сэтгэл нь өөрийг өрөвдөх, өөрийг тойлох эсвэл өөртөө өндөр итгэлтэй байх гэсэн үг биш юм. Өөрийг энэрэн нигүүлсэх гэдэг нь ялангуяа өөрийн дотоод сэтгэлийн амьдралтай холбоотойгоор өөрт бодит халамж анхаарал тавих гэсэн утгатай. Бидний сэтгэл хөдлөл бидний хэрэгцээ шаардлагатай хэрхэн холбогдож байдгийг ойлгох нь маш чухал. Сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийн энэ хэсэг бидэнд өөрийг хүлээн зөвшөөрөх илүү их хандлагыг төрүүлдэг. Учир нь бид яагаад, хэрхэн бидний сэтгэл хөдлөл төрдгийг ойлгох үед бид тэдгээрт өөрийг илүү бага шүүмжлэх байдлаар ханддаг. Ингээд бид сэтгэл хөдлөл нь өөрчлөгдөх, шилжих мөн чанартай бөгөөд тодорхой нөхцөлийн хүрээнд үүсэн гардаг, бидний сэтгэлийн нэг өөрчлөгдөшгүй хэсэг биш гэдгийг харах үед тэр нь бидэнд өөртөө итгэх итгэл, өөртэйгөө үргэлжлүүлэн ажиллах сэдэл төрүүлдэг.
Өөрийг хүлээн зөвшөөрөх, өөрт итгэх гэсэн эдгээр хоёр шинж чанар нь шүүмжлэлийг хүлээн авч, ухралтыг эерэгээр, буцан сэргэх байдлаар шийдвэрлэх суурийг бий болдог. Энэ нь хэт өөрийг шүүмжлэх эсвэл өөрийн үнэ цэнийг алдахад хүргэх сэтгэл гутралаас сэргийлдэг. Өөрийг энэрэн нигүүлсэх нь хоёр хэсэгтэй. Үүнд:
- Сэтгэл хөдлөлийг хам нөхцөлд нь ойлгох
- Өөрийг хүлээн зөвшөөрөх
Өөрийг энэрэн нигүүлсэх нь өөрийн чадамжийг бодитой үнэлэх дээр суурилна. Хэрэв бид өөрийг асарч хайрлахгүй бол тэр нь биднийг чадах боломжгүй үедээ илүү ихийг хийх хэрэгтэй мэт санагдахад хүргэж сэтгэл гонсойсон эрч хүчгүй байдалд хөтөлж болно. Өөрсдийг нийтийн амжилт бүтээлийн жишгийн дагуу үнэлэхээс илүүтэй өөрийн сул талыг үнэнч шударга байдал, ойлголт, тэвчээрээр үнэлдэг.
Сэтгэл хөдлөлийг хам нөхцөлийн хүрээнд ойлгох
Өөрийн сэтгэл хөдлөлийг хам нөхцөлийн хүрээнд ойлгох нь – тэдгээр нь бидний үнэт зүйлс, хэрэгцээ, хүлээлттэй хэрхэн холбогдож байгааг нь ойлгох нь критикал сэтгэлгээг шаардана. Өмнө нь бид өөрийн дотоод ертөнцдөө анхаарал хандуулсан бол энд бид тухайн нэг нөхцөл дэх бидний сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл зөвхөн нэг гадаад нөлөөнд төдийгүй бидний өөрийн үзэл, хандлагын нөлөөнд хэрхэн орж байдгийг авч үзэх болно. Эдгээр хандлага, үзлүүд нь бидний өөрийн хэрэгцээ шаардлагын талаарх хувийн ойлголтонд суусан байдаг. Жишээ нь, сэтгэл зовнил нь боломж муу нөхцөлөөс илүү их боломж харах хүслээс үүсэж болно. Уур бухимдал нь хүндлүүлэх хэрэгцээ шаардлагаас гарч болно. Найдлагагүй мэт санагдах нь цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан нөхцөлөөс шууд өөрчлөлт хүлээх хүлээлтээс үүсэж болно. Энэ бүх нөхцөлд сэтгэл хөдлөл нь гол төлөв бидний өөрийн хандлага, хүлээлтээс үүссэн байна.
Эдгээр ойлголтуудыг олж авах хэрээр бид өөрийг эрүүл бус буруу шүүмжлэх хандлагат хөтөлж болох бодит бус хүлээлтүүдийг таньж сурахын зэрэгцээ өөрийн үнэт зүйлсийг таних, үнэлэх, өөрийн байнгын үнэ цэнэ, дотоод итгэлийг бий болгох илүү сайн нөхцөлтэй болдог. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдлүүд нь хэрхэн бидний хэрэгцээ шаардлагаас гарч байдгийг таньж мэдсэнээр бүгд адил биш байж болох тэдгээр хэрэгцээ шаардлагуудыг бид шүүмжлэлтэйгээр үнэлж сурч эхэлдэг. Үүнд өөрийн үнэт зүйлсийг гүнзгий үнэлэх байдлаар хүсэл сонирхлыг хэрэгцээ шаардлагаас ялгах болон тэдгээр үнэт зүйлсийг илүүтэй харуулсан амьдралд биднийг хөтлөх зүйлс багтдаг. Энэ нь илүү урт хугацаанд үргэлжлэх сайн сайханд хөтлөхгүй байж болох тэдгээр богино хугацааны хүсэл сонирхлуудыг дагах явдлыг сөрж байдаг.
Өөрийг хүлээн зөвшөөрөх
Өөрийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Учир нь өнөөгийн нийгэмд уур бухимдал ихээр дотогш чиглэх болсон. Хэт их өөрт шүүмжлэлтэй хандах, өөрийг үзэн ядах, жигших нь хувийн эрүүл мэнд болон амар амгаланд маш хортой бөгөөд улмаар бусдад мөн ихээхэн хэмжээний гэм хор хүргэж болно. Өөрийн үнэлэмжийг сайжруулах нь хамгийн сайн арга биш, учир нь өөртөө итгэлтэй байх нь өөрийг бусадтай харьцуулах дээр суурилдаг бөгөөд хүний өндөр өөртөө итгэлтэй байдал ямар нэг байдлаар сүрдэх үед түрэмгийлэх зан байдал төрдөг. Илүү сайн арга нь өөрийн сэтгэл хөдлөлийн амьдрал, хэрэгцээ шаардлагыг илүүтэй ойлгосон ойлголтон дээр суурилсан дотоод сэтгэлийн тэнхээ, буцан сэргэх чадвар, даруу зан, зориг төлөвшүүлэх явдал байдаг. Ингэснээр энэ нь бидэнд хэт төгс төгөлдөр байх явдлыг багасгаж өөрийн болон бусдын талаар бодит хүлээлттэйгээр урагшлах боломжийг олгодог.
Орчин үеийн соёл бидэнд олон нийтийн сүлжээ, телевиз, кино урлаг гэх мэтээр дамжуулан бодит биш ойлголт хүлээн авахад ихээр сургаж байна. Бид бүгд байнга өөрсдийгөө төгс төгөлдөр, ямар нэг сул талгүй “Супермэн” эсвэл “Гайхамшигт эмэгтэй” адил байх хэрэгтэй хэмээн итгэж эсвэл бодит бус хэт сайшаасан одуудтай харьцуулдаг. Энэхүү хүрэх боломжгүй стандартууд нь шаардлагагүй сэтгэлийн зовлонд хөтөлдөг. Үүнээс үүдсэн сэтгэлээр унах явдал нь сэтгэл хямрал, өөрийг буруутгах, бүр өөрийн бие махбодод хортой эсвэл бусдад чиглэсэн хүчирхийлэл, үзэн ядалт болж болно.
Өөрийн сэтгэл хөдлөлийн амьдралын талаар хязгаарлагдмал ойлголттой байгаа үед бидний сорилтууд, бэрхшээл, ухралтыг давах чадвар муу байж, өөрчлөлт болон эерэг үйлийн боломж хайх хандлага харьцангуй бага болдог. Өөрийн сул талтай холбоотой бодит хандлага нь энэхүү циклийг эвдэхэд чухал. Өөрийн бэрхшээл, тэдгээрийн мөн чанар, уг сурвалжийн талаар ойлголт авч, тэвчээр төрүүлснээр бид тэдгээр гэм хор бүхий сэтгэлийн төлөв байдал, зан байдлаас өөрсдийгөө өөр чиг хандлагатай болгох сэдэлтэй болдог. Үүний зэрэгцээ өөрийн болон бусдын зохиосон дурын стандартад нийцэх өөрийн чадвар болон гүйцэтгэлээс үл хамаарах өөрийн талаарх үнэлэмжтэй байхад суралцдаг. Гадаад нөхцөлүүдээс шалтгаалаагүй – энэхүү өөрийн үнэлэмж нь сэтгэлийн буцан сэргэх чадварын хүчтэй дэмжлэг болдог.
Эдгээр төрлийн өөрийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийг бид санаснаар болохгүй байх явдал, гуниг зовлон тодорхой хэмжээгээр байх нь гарцаагүй гэдгийг ойлгох байдлаар төлөвшүүлдэг. Бүх зүйл дээр хамгийн сайн байж, цаг үргэлж ялалтыг авч, бүх зүйлийг мэдэж, хэзээ ч алдаа гаргахгүй байх нь боломжгүй. Ийм зүйлтэй нүүр туулж байгаа нь зөвхөн би биш. Энэ бол хүн бүхэнд тохиолдох амьдралын бодит байдал.
Дотоод хяналт
Өмнөх хоёр хэсэгт гарсан сэдэв болон дасгал (бүтээл) нь дотоод хяналтын суурийг тавьдаг. Дотоод хяналт нь бие, сэтгэл, сэтгэл хөдлөлтэй холбоотой олж авсан мэдлэг, ойлголтыг улам нэмэгдүүлэх дасгал (бүтээл), зан байдалтай холбогдоно. Дотоод хяналтын зорилго нь өөрсдийн сэтгэл хөдлөлийг амжилттай залуурдсанаар тэдгээр нь өөрт болон бусдад чиглэсэн шаардлагагүй асуудлуудын шалтгаан болохгүй; бидний сэтгэл хөдлөл бидний саад бус холбоотон болох явдал юм. Дотоод хяналт нь гурван хэсэгтэй. Үүнд:
- Бие махбодын тэнцвэржүүлэх
- Танин мэдэхүй ба өөрийн эрхгүй байдлыг хянах
- Сэтгэл хөдлөлийг залуурдах
Бие махбодыг тэнцвэржүүлэх
Хэт сэтгэл хөдөлсөн эсвэл хэт сэтгэл сул байгаа үед сэтгэл хөдлөлийг амжилттай залуурдахад шаардлагатай танин мэдэхүйн болон өөрийн эрхгүй байдлын хяналтыг төлөвшүүлэх хялбар биш. Тодорхой хэмжээний бие махбодын физик хяналтгүйгээр сэтгэлийн тогтвортой, тодорхой байдлыг бий бараг боломжгүй. Иймд бие махбодыг тайвшруулах, элементүүдийг тэнцвэржүүлэхэд тустай тэдгээр дасгал (бүтээлүүд) бидэнд маш их тустай байдаг. Хэрэв бид сэтгэл санааны хямралтай байгаа эсвэл бага насандаа авсан сэтгэлийн шархтай, эсвэл тийм таатай бус нөхцөлд амьдарч байгаа бол бие махбодыг тайван болгох нь ялангуяа их чухал.
Бид бие махбодын тэнцвэртэй байдал болон ердөө биеийг амраах буюу нойр авах хоёрыг ялгах хэрэгтэй. Гол зорилго бол анхаарал болон суралцах үйл явцад таатай бие болон сэтгэлийн төлөв байдлыг бий болгох явдал. Энэ бол сул, нойрмог эсвэл хүчгүй төлөв байдал бус харин идэвхтэй, сэргэг, тэнцвэр бүхий төлөв байдал.
Бие махбодын тэнцвэрийг бий болгох эхний алхам нь тайван, аюул үгүй орон зай бий болгох явдал. Найдвартай, аюулгүй байдлын мэдрэмжгүйгээр бид өндөр сэрэмж бүхий төлөв байдалд байдаг. Гэвч аюул үгүй мэдрэмжтэй байгаа үед өөрийн бодол сэтгэлийг чөлөөтэй сонирхон шинжилдэг. Аюул үгүй мэдрэмж урьдчилан харах байдлаас үүсдэг бол урьдчилан харах байдал нь байнгын зан байдлаар бий болно. Энд байнга дадуулах гэдэг нь өөртөө хэт хатуу байхыг хэлсэн бус харин өөрийгөө байнга ойлгож, энэрэн хайрлаж байхыг хэлж буй явдал юм.
Бие махбодыг тэнцвэржүүлж, аюул үгүй мэдрэмж төлөвшүүлэхэд дараах гурван зүйл тусална. Үүнд:
- Нөөцийг ашиглах гэдэг нь гадаад болон дотоод “нөөцүүд”-ийг явдал юм. Гадаад нөөц нь найз нөхөр, дуртай газар орон, таатай дурсамж, хайртай амьтан гэх мэт. Дотоод нөөц нь бидний нэг ур чадвар эсвэл бидний хошин шогийн мэдрэмж, эсвэл бидний хүчтэй, чадамжтай бие нэг хэсэг гэх мэт өөрийн талаарх эерэг тал зүйлүүд байж болно. Өөрийн нөөцийг сэтгэлдээ авчрах нь бидэнд эргэн сэргэх, аюул үгүй мэдрэмж авах, тохь тух мэдрэхэд тусалж болно. Ингээд нэгэнт энэ сэтгэл төрсөн үед бид өөрсдийн нөөцийг талаар санах үед төрсөн мэдрэмжийг даган үзэж түүнийг стресс болон сэтгэл зовнилтой үед бие махбод түүнийг хэрхэн хүлээн авч байгаатай харьцуулан мэдэрч болно.
- Тулгуур (тогтоон дарах) нь биднийг дарж өгөх барьж эсвэл хүрч болох нэг зүйл. Бид тухайн зүйл, тулгуур хэрхэн бидэнд мэдрэгдэж байгаад болон суудал, биеийн байрлалаа өөрчлөхөд анхаарал хандуулж түүгээр бидний сэтгэл хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдрэхийг оролддог.
- Йога, тай-чи хийх, хөгжим сонсох, зураг зурах, тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа нь бие махбодыг тэнцвэржүүлэх илүү албан ёсны хэлбэрүүдэд биднийг оролцуулах сайн аргууд юм. Мөн бид магадгүй хамгийн хуучны бөгөөд энгийн арга болох амьсгал тоолох эсвэл гүн амьсгалын аргуудыг хэрэглэж болно.
Танин мэдэхүй ба өөрийн эрхгүй байдлыг хянах
Амьдралд амжилттай байхын тулд бид тухайн оногдсон хийх зүйлүүдэд байнгын анхаарал сарнихгүйгээр төвлөрч чадах хэрэгтэй байдаг. Энэ нь зөвхөн чухал уулзалтуудын үеэр анхааралтай байх төдийгүй өөрийн үр ашиггүй бодол болон зан байдлуудыг анзаарах чадвар юм. Өөрийн эрхгүй байдлыг хянаж, тэдгээрийг үйлдэн гаргахгүй байх явдал нь анхаарлаа төлөвшүүлж, түүнийг хязгаарлан, сарнилуудад оруулахгүй байж сурахаас шалтгаална. Хамгийн чухал нь анхаарал гэдэг нь энд дотогшоо харж, бие болон сэтгэлд ямар нэг өөрчлөлт гарахад түүнийг дагаж байх чадварыг хэлж байгаа юм. Анхааралтайгаа ажиллах нь бидэнд түлхэц болон хариу үйлдэл хоёрын хоорондын зайг гаргахад тусалдаг: тэрхүү зайд илүү тунгаан бодсон хариу үйлдэл бий болдог.
Хэрэв бид илүү урт хугацааны зорилготой байж амьдралд тохиолдох сорилтуудыг амжилттай даван туулах гэж байгаа бол энэ чадвар бидэнд шаардлагатай. Бид анхаарлаа сайн хянаж байгаа үед багш эсвэл дээд албан тушаалтнаа сайн сонсохоос илүүтэй танин мэдэхүйн үйл явц, сэтгэл хөдлөлөө хянаж, үйдлээ илүү сайн илэрхийлдэг. Ийм маягаар бид амьдралын сайн сайхныг мэдэрч чадна.
Анхаарлаа сайжруулахад туслах тодорхой стратегиуд бий. Бид өөрийн бие болон сэтгэлд юу болж байгааг мэдэх мэдэхүйг төлөвшүүлэн бодлууд болон сэтгэл хөдлөлөө мэдэх замаар анхаарлын тодорхой орнууд (зүйлс) дээрээ төвлөрч “бүрэн анхааралтай” байж сурдаг.
Сэтгэл хөдлөлийг залуурдах
Бие махбодыг тэнцвэржүүлэх болон танин мэдэхүйн хяналтыг төлөвшүүлснээр олж авсан чадварыг бид сэтгэл хөдлөлөө залуурдахад ашигладаг. Сүүлийн энэ үе шат нь мэдлэгийг бодит практик амьдралд хэрэгжүүлэх, сэтгэлийн тухай мэдлэгийн сүүлчийн үе шат юм.
Энд бид ялгах ухаан төлөвшүүлдэг. Энэ нь ямар үед сэтгэл хөдлөл өөрт болон бусдад эерэг, тустай байх, ямар үед тэдгээр нь өөрт болон бусдад гэм хортой байхыг таних чадвар юм. Үүнийг бид өөрийн биеэр туулж үзсэн туршлага болон сэтгэлийн хэв маягийг нягтлан үзэх замаар тодорхойлдог. Өнгөрсөнд бидний сэтгэл хөдлөл хэрхэн гарсан болон тэдгээр нь ямар үр дүнд хүргэснийг ажиглахыг оролдох үед бид аяндаа эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн талаар ойлголтыг төлөвшүүлж эхэлдэг. Энэ нь бидэнд өөрт болон бусдад гэм хортой байж болох сэтгэлийн төлөв байдлуудаас болгоомжлох сэтгэгдэл төрүүлдэг. Мөн бид өөртөө ямар хандлага төлөвшүүлж, ямар хандлагаа өөрчлөхөө шийддэг. Бид сэтгэл хөдлөлөө тодорхойлж, тэдгээрийг хянаж эхлэх үед улам хичээн, зоригтой байж, илүү их өөртөө итгэлтэй болж эхэлдэг.
Дүгнэлт
Сэтгэлийн талаарх мэдлэг – өөрийн сэтгэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмжүүдийн талаарх ойлголт – олж авах нь өөрийн талаарх эрүүл үнэлэмж болон сэтгэл хөдлөлийн бүхий л асуудлуудыг шийдвэрлэх чадвар олж авах зам мөрийн шаардлагатай алхам юм. Бидний сэтгэл хөдлөлүүд бидний угийн мөн чанар биш гэдгийг ойлгох үед бид тэдгээрийг амжилттай шийдвэрлэж, өөрийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Бид уурлах, эсвэл сэтгэл гутарч байгаадаа бухимдахад өөрийгөө буруутгах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг олж хардаг. Нэгэнт бид сэтгэлийн хэв маягийг харж, сэтгэл хөдлөлүүдийн шалтгаан болон үр дагаврыг ойлгож эхлэхэд бид юу сэтгэлийн амар амгалан авчирдаг, юу бидэнд уур бухимдал төрүүлдэг болохыг олж мэддэг; сөрөг сэтгэл хөдлөлүүдийн хувьд бид тэдгээрийг хяналтаас гарахаас өмнө барин авч тэдгээрийн ерөндгийг хэрэглэх чадвартай болно. Ингэж сурах нь бидэнд өөртөө итгэх итгэл өгч, өөрийн бүрэн нөөц чадамжийг харж, түүнд хүрэхэд тусалдаг.
НСЁЗ -н боловсролын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хөтөлбөрийн бүрэн хэмжээний хувилбарыг эндээс, Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн төвийн (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics) бусад хөтөлбөрийг эндээс тус тус үзнэ үү.