II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчитэй хийсэн ярилцлага

Study Buddhism цахим хуудас II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчитэй Хамбургийн ойролцоох нэгэн цэцэрлэгт түүний Европд хийсэн саяхны аялалынх нь үеэр уулзан ярилцлаа.
Study buddhism tsenzhab serkong rinpoche 2

Study Buddhism: Та өөрийгөө танилцуулахгүй юу? 

Сэркон Ринбүүчи: Миний нэр Цэнжаб Сэркон Ринбүүчи, Дээрхийн гэгээн Далай ламын хүртээсэн нэр. Намайг гурван ой гарантай байхад хойд дүрийн ламаар тодруулсан. Хийдэд шавилан сууж, тэнд үзэх ёстой олон эх зохиолуудад суралцсан.    

Спитид нэгэн өнөр өтгөн гэр бүлд төрсөн, ах дүү арвуулаа. Би дөрөв дэх хүүхэд нь. Хийдэд суусан учраас гэр бүлийнхэн, ах эгч, дүү нартайгаа их хугацааг хамт өнгөрүүлээгүй. Спити нь нилээн алслагдмал, хуурай, цөл маягийн газар. Далайн түвшнээс дээш өндөрлөг газар. Соёл болон оршин суугчдын хувьд Төвөд болон төвөд хүмүүстэй адил. Төвөд хүмүүсийн адил бид бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд бүгд маш сайхан сэтгэлтэй. Мэдээж мухар сүсэгтэй хүмүүс цөөнгүй байна! 

Study Buddhism: Та маш хүндтэй багш болох Сэркон Ринбүүчигийн хойд дүрээр тодорсон. Танд өмнөх төрлийнхөө хүнтэй адилхан мэт сэтгэгдэл төрдөг үү? 

Сэркон Ринбүүчи: Хариулахад маш түвэгтэй асуулт байна! Юуны түрүүнд, би өмнөх дүрийнхээ хүнтэй хэзээ ч учирч байгаагүй. Миний авсан бие өөр, бас сэтгэл бага зэрэг өөр. Иймд ихэнх тохиолдолд би түүнтэй адилхан мэт санагддаггүй. Түүний бүтээл хийж байсан хэв маяг, багшаа шүтэх хувь хэмжээ – би түүний эрдэмийн тухай сонсоод үнэхээр их биширсэн. 

Гэвч надад Сэркон Цэнжаб Ринбүүчигийн хүмүүст туслах үүрэг хариуцлага нь маш их ойрхон санагддаг. Заримдаа “Би хойд дүрийн лам мөн ч байсан биш ч байсан надад энэ гайхалтай завшаан тохиолдсон байна” гэж боддог. Ийм боломжтой байгаад би үнэхээр азтай.

Study Buddhism: Та өөрийн хариуцлагын талаар бага зэрэг дэлгэрэнгүй ярихгүй юу? 

Сэркон Ринбүүчи: Өмнөх дүрийн Сэркон Ринбүүчигийн хийсэн хамгийн гайхалтай зүйлүүдийн нэг бол түүний Дээрхийн гэгээнд үйлчилж байсан явдал юм. Мөн Спитигийн ард түмэнд үзүүлж байсан энэрэн нигүүлсэх сэтгэлийнхээ үрээр тэдэнтэй, бас төвөд болон зарим европ, америк хүмүүстэй маш ойрын барилдлагатай байжээ. 

Иймд надад ч бас Дээрхийн гэгээнд үйлчлэх адилхан хүсэл бий. Мэдээж хийх зүйл нь бага зэрэг өөр, учир нь миний өмнөх дүр эрдэмтэй багш хүн байсан харин би бол түүний хаана ч хүрэхгүй шүү дээ. Гэвч надад үзэж судлах ёстой зүйл, хийдэг бүтээл бий. Хэдий тийм боловч би Дээрхийн гэгээний зөвлөгөөг даган миний хувьд юу хийвэл хамгийн сайн байх түүнийг хийхийг хичээх болно.        

Түүнээс гадна миний өмнөх дүр юу хийж байсан түүнийг үргэлжлүүлэх явдал. Намайг сургаал ном айлдахыг, надтай номын барилдлага тогтоохыг хүсдэг олон хүн бий. Ийм учраас тэдэнд зориулан энэ бүхнийг хийж өгөх хэрэгтэй мэт санагддаг.  

Study Buddhism: Та хийдэд уламжлалт ёс жаягийн дагуу өсөж хүмүүжээд дараагаар нь гурван жилийг Канадад амьдарч өнгөрүүллээ. Эрс ялгаатай байсан байх. Энэ бүхнийг давж гарахад таны Бурханы шашны хүмүүжил хэр тус болсон бэ?    

Сэркон Ринбүүчи: Миний сүм хийд дэх амьдралын хэв маяг, Канад дахь амьдралын хэв маяг хоёрын хооронд их ялгаа бий. Хийдэд бид бүхий л дүрэм журмыг хүндэтгэн дагах ёстой. Хэрэв өөрт тань тэр бүгдийг дагамааргүй санагдвал тэр үед шоронд байгаа мэт санагдана. Надад сүм хийдийн амьдралын хэв маяг маш ойр санагддаг боловч мэдээж заримдаа би тэр бүгдийг дагахыг хүсдэггүй байсан. 

Канадад нүүж ирээд би шууд канад хүн болчихоогүй! Би англи хэл үзэж эхэлсэн. Миний найзууд намайг бүгд зүгээр Сэркон гэж дуудаж байсан нь их хөгжилтэй санагддаг байлаа. Би их олон сайн найзтай болж, яваандаа тэдэнтэй ойр холбоотой санагдах болсон. Манай нутгийн хүмүүс болон канад хүмүүсийн сэтгэх хэв маягийн хоорондын олон ялгааг би ажигладаг байв. Тэгээд “Аан, энгийн хүмүүс ингэж боддог байх нь!” гэж боддог байлаа.         

Хийдэд суудаг байхад хүн бүр надад маш их хүндэтгэлтэй ханддаг байв. Харин Канадад миний найзуудын хувьд энэ огт адилгүй. Энэ нь надад би бол энгийн хүн гэдгийг санаж байхад үнэхээр тусалсан! Хийдэд надаас өөр хэн ч түүнээс хооллодоггүй миний халбага сэрээ, аяга таваг гэж байсан. Харин Канадад миний найзууд мөхөөлдөс идэж байгаад “Идээд үз, гоё амттай юм!” гэдэг байлаа. Энэ нь надад бусадтай их ойрхон сэтгэгдэл төрүүлдэг байлаа. 

Study Buddhism: Та амьдралаа Бурханы шашинд суралцаж өнгөрүүлж байна. Хэрэв танаас ингэх болсон шалтгааныг асуувал та юу гэх бол? 

Сэркон Ринбүүчи: Яагаад хүмүүс Бурханы шашныг судлах ёстой вэ? Энэ үнэхээр хувь хүний асуудал! Хүн бүрийн өөрийн сонирхлоос шалтгаална. Дээрхийн гэгээн Далай лам Бурханы шашин гэж байна, Бурханы шашны гүн ухаан, Бурханы шашны шинжлэх ухаан гэж бий хэмээн үргэлж хэлдэг. Тэгэхээр олон өөр хүмүүст тус болох олон өөр зүйл бий. 

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Бурханы шашинд суралцахын учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Жишээ нь: энэрэн нигүүлсэх сэтгэл. Бурханы шашинтнууд энэ талаар их зүйлийг ярьдаг. Гэвч энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадуулах нь таныг Бурханы шашинтан болгохгүй. Гэвч түүнийг маш сайн төрүүлэхийн тулд бид бүгдээрээ Бурханы шашны аргуудад суралцаж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлээ та ийм байдлаар сайжруулж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлээ сайжруулахыг хүсдэггүй хүн байдаг гэж би бодохгүй байна. Учир нь энэ үнэхээр сайхан зүйл, тийм биз дээ? 

Бидний орчлон гэж нэрлэдэг тэр зүйлээс – бүх зовлон, асуудлаас – гарахыг хүсэх сэтгэл төрж эхлэх тэр үед, бид илүү ихийг сурахыг хүсэж байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж болно. Гэвч Бурханы шашинтан болох шаардлагагүйгээр Бурханы шашныг судалснаар бидэнд төрж болох маш олон гайхалтай чанарууд бий.        

Study Buddhism: Бурханы шашны арга техникт суралцаж, бодитойгоор хэрэгжүүлэх тал дээр Ази болон Баруунд ямар нэг ялгаа байгаа мэт танд санагддаг уу? Барууныханд ямар нэг тодорхой асуудал бий юу?

Сэркон Ринбүүчи: Маш том ялгаа байдаг гэж би боддог. Мэдээж Азид биднийг уламжлалынхаа дагуу хүмүүжүүлдэг учраас эцэг эхчүүд маань “Явж гороо хийгээд Ум Мани Падмэ Хум-ыг уншаарай” гэхэд бид түүнийг ямар нэг зүйл бодолгүйгээр хийдэг. Түүний зэрэгцээ хүмүүст Бурханы шашны талаарх мэдлэг маш бага байдаг. Тэдэнд “Энэ бол ердөө бидний ёс заншил, өөр юу ч биш” гэж бодогдоно.

Намайг Спитид ном айлдах үеэр хүмүүс маш анхааралтай сонсож, хэлсэн бүх зүйлд толгой дохино. Ингээд ярьсан зүйлтэйгээ холбоотой асуулт асуухыг хүсэхэд нэг ч хүн асуулт асуудаггүй. Би үүнийг асуудал гэж үздэг. Хэрэв тэд гайхаж эргэлзэхгүй байгаа бол тэдэнд үнэхээр ямар нэг сонирхол байхгүй байна гэсэн үг.  

Гэтэл Баруунд ийм биш! Хүмүүс Бурханы шашны сургаал сонсохоор очоод үнэхээр гол санааг нь сонсдог. Сургаал ном тэдний зүрх сэтгэлд үнэхээр хүрнэ! Баруунд би юу гэж хэлнэ түүнд дүн шинжилгээ хийж олон талаас нь бодож үзнэ. Энэ нь итгэл үнэмшлийг улам хүчтэй болгодог.

Мэдээж, Дээрхийн гэгээний ач, түүний заасны дагуу Төвөдийн соёл үнэхээр өөрчлөгдөж байгаа. Хэдий тийм боловч энэ бүхэн одоо ч гэсэн Баруун болон Гималайн бүс нутгийн хооронд миний харж байгаа хамгийн гол ялгаа. 

Study Buddhism: Баруунд Бурханы шашинд үнэхээр бүхэлд нь суралцаж, бүтээл хийх үнэхээр боломжтой гэж та бодож байна уу эсвэл бид суралцахын тулд Ази уруу явах хэрэгтэй юу?   

Сэркон Ринбүүчи: Өмнө нь үнэхээр сайн, эрдэм мэдлэгтэй багштай уулзахын тулд Энэтхэгт ирэх шаардлагатай байсан. Гэвч орчин үед технологийн тусламжтайгаар сургаалыг олж үзэхийг хүссэн хүмүүст энэ бүхэн үнэхээр аятай таатай болсон байна. 

Олон оронд бас маш сайн эрдэм боловсрол эзэмшсэн гэвш, багш нартай олон Бурханы шашны төвүүд байна. Тийм болохоор заавал Энэтхэгт ирээд байх шаардлагагүй болжээ. 


Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Өрнө болон Дорно дахинд Бурханы шашинд суралцаж байгаа нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Study Buddhism: Залуу хүмүүсийн амьдрал маш их завгүй байдаг. Тэд ажиллаж бас хөгжилдөхийг хүсдэг. Гэвч олон тооны залуучууд бас Бурханы шашинд суралцахыг хүсэж байна. Тэдэнд өгөх таны хамгийн гол зөвлөгөө юу байх бол? 

Сэркон Ринбүүчи: Тэд мөн адил үргэлжлүүлэн илүү их суралцах хэрэгтэй. Барууныханд нэг гайхалтай сайхан зуршил байдгийг би мэднэ. Тэд хаана ч явсан – онгоцонд, галт тэргэнд – ном унших дуртай. Тэд Бурханы шашны тухай ном уншиж болно. Хэрэв уншсан зүйлийнхээ талаар эргэлзэж байвал багш нараас асуухыг оролдох эсвэл интернетээс шалгаж үзэж болно.
Ингээд ямар нэг зүйл мэдэж авбал түүнийгээ өдөр тутмын амьдралдаа санаж, дадуулахыг оролдоно. Аажмаар та илүү том зорилгод хүрнэ. Мэдээж хэр том зорилго тавина төдийчинээ том үр дүн гарна. 

Study Buddhism: Олон сахил байдаг. Зарим хүмүүс сахилыг бидний хийх дуртай зүйлийг хорьсон шорон мэт гэж үздэг. Энэ тал дээр таны бодол?

Сэркон Ринбүүчи: Мэдээж, хэрэв танд зарим нэг сахил таны хийхийг хүссэн зүйлийг хорьж байвал тэр нь шорон мэт санагдана. Гэвч сахилын хувьд, хэн ч биднийг тэдгээрийг авахыг шахаж, хүчлээгүй байна. Бид түүнийг сайн дураараа авдаг бөгөөд тэдгээр нь бидний Бурханы шашны бүтээлд маш том боломж болж өгдөг. 

Study Buddhism: Барууны залуу хүмүүст зориулан богино хэмжээний бясалгалуудтай холбоотой зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэх бол? 

Сэркон Ринбүүчи: Энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухааны талаар илүү ихийг бодоосой гэж хэлэх байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлгүйгээр бид юунд ч хүрэхгүй. Бас бид өөртөө болон бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл гаргаж байх хэрэгтэй. 

Study Buddhism: Адис гэж юу вэ? 

Сэркон Ринбүүчи: Энэ үнэхээр сайн асуулт байна! Азид олон хүмүүс энэ, тэр зүйл ариун байдаг тэгэхээр адис авах үүднээс тэдгээрийг хүртэх хэрэгтэй гэдэг. Би адисыг зөвхөн ийм байдлаар үр дүн үзүүлдэг гэж бодохгүй байна. Үүнд итгэл бишрэл шаардлагатай.   

Миний нэг найзын аав удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн юм. Тэр унтаж чадахгүй байсан бөгөөд эмч түүнд хэдэн долоон хоног уух эм өгсөн. Ингээд хэдэн долоон хоног өнгөрсний дараа эмч түүнд эм дахиж уух шаардлагагүй, одоо хэвийн унтаж чадна гэв. Тэр хэдэн хоног оролдсон боловч эмгүйгээр унтаж чадахгүй байв. Тэр эмчээ дуудаж, эм өгөхийг хүсэхэд эмч зөвшөөрчээ. Дараагийн өдөр нь эмч түүнээс хэр сайн унтсаныг асуухад миний найзын аав маш сайн унтаж амарсан гэжээ. Харин эмч үнэндээ түүнд эм биш, орлуулагч өгсөн гэдэг.      

Энэ бол хэрэв тухайн нэг зүйлтэй хамт тодорхой нэг итгэл үнэмшил байвал тэнд бас тодорхой хүч байдаг гэдгийг харуулж байна гэж бодож байна. Тэр нь адис болдог. 

Доктор Александер Берзин, II дүрийн Цэнжаб Сэркон Ринчүүчи нар
Доктор Александер Берзин, II дүрийн Цэнжаб Сэркон Ринчүүчи нар

II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи - Дараагийн бичлэгүүд үзэх 

Top