Хутагтын дөрвөн үнэн: Тойм

18:07
Хүн бүр амьдралынхаа туршид асуудал, зовлон туулдаг бөгөөд бүхий л түүхийн туршид хүмүүс зовлонг арилгах олон аргуудыг дэвшүүлэн тавьсаар ирсэн. Орчин үед интернет нь бидэнд олон арван гүн ухааны мэдлэгийг нэг дороос олж үзэх боломжийг олгох болсон бөгөөд энэ удаа Бурхан багшийн 2500 гаруй жилийн өмнө гарган тавьсан яагаад бид зовдог, хэрхэн амьдралдаа баяр баясгалан, амар амгаланг бий болгох тухай өвөрмөц нэгэн сургаал бидний өмнө байна.

Удиртгал

Хэрэв анх удаа Бурханы шашны талаар судалж үзэх гэж байгаа бол Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалыг авч үзэх хэрэгтэй. Бурхан багш сургаалаа зааж эхлэхдээ, энэ аргаар эхэлж байсан учраас ингэх нь бас зүй ёсны хэрэг юм. Бурхан багшийн үед хэдэн арван шашны болон гүн ухааны үзэл баримтлалууд аль хэдийн бий болсон байсан бөгөөд өнөөдөр бид бүр илүү өргөн хүрээний оюун санааны номлол сургаалуудтай нүүр тулаад байна. Хэрэв Бурханы шашны сургаалыг судалж эхлэх гэж байгаа бол Бурханы шашны онцлог нь юу болох, түүнийг тодорхойлохыг оролдох нь чухал. Мэдээж, Бурханы шашны сургаал болон бусад шашны сургаалуудын хооронд нийтлэг зүйлүүд олон бий: бусдын ачийг санах, бусдыг хайрлах, бусдад гэм хор хүргэхээс зайлсхийх гэх мэт. Эдгээрийг бид бараг бүх шашин, гүн ухааны үзэл баримтлалаас харж болно. Бурханы шашин нь ачлал, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх арвин их аргатай бөгөөд тэр бүхэнд суралцахад Бурханы шашинтан болох шаардлагагүй байдаг. Эдгээр аргуудын ач тусыг бид Бурханы шашны сургаалын бусад зүйлүүдийг хүлээн зөвшөөрсөн ч, үгүй ч хүртэж болно.

Хэрэв “Бурханы шашны онцлог нь юу вэ?” гэж асуувал бид Хутагтын дөрвөн үнэнийг харах хэрэгтэй. Бүр энэ сэдвийн хүрээнд ч тэр бусад үзэл баримтлалын тогтолцоонуудад нийтлэг байх олон зүйлийг харж болно.

“Хутагтын үнэн” (англ. Noble Truth) гэдэг хэллэг бий. Үүнийг би ойлгоход нэлээн хэцүү орчуулга гэж боддог. “Хутагт” (англ. noble) гэдэг үг сэтгэлд дундад зууны үеийн язгууртныг санагдуулдаг, гэвч энэ үг үнэндээ өндөр эрдэмд хүрсэн хүмүүсийг илэрхийлсэн утгатай юм. Хутагтын дөрвөн үнэн нь тэгэхээр бодит байдлыг илтэд мэдсэн тэдгээр хүмүүсийн үнэн гэж үзсэн дөрвөн зүйл байна. Гэтэл эдгээр дөрвөн зүйл үнэн байсаар байтал ихэнх хүмүүс тэднийг ойлгодоггүй, дийлэнх олонх нь үүний талаар бүр мэддэг ч үгүй.

Хутагтын нэг дэх үнэн

Эхний үнэнийг гол төлөв “зовлон” гэж нэрлэдэг. Бурхан багш бидний амьдрал зовлонгоор дүүрэн байх бөгөөд бүр бидний эгэл жаргал гэж үздэг зүйлүүд хүртэл түүнтэй холбоотой дараалсан олон асуудалтай байдаг хэмээсэн. “Зовлон” хэмээн орчуулагдах санскрит үг нь “дүка.” Бидэнд сүка буюу жаргал, дүка буюу зовлон гэж байдаг. Хэл шинжлэлийн үүднээс ка нь орон зай гэсэн үг байх ба дү нь хангалтгүй байдал, таагүй байдлыг заасан угтвар байна. “Муу” гэх мэт буруушаасан үг хэрэглэхгүй байх нь зөв боловч тус үг нь тэр зүг уруу чиглэсэн байдаг. Дүка нь бидний сэтгэлийн орон зай болон амьдралын орон зайтай холбоотой энэхүү орон зайд нэг буруу зүйл бий гэсэн санааг илэрхийлдэг. Нэг таагүй нөхцөл.

Тэгвэл юу нь таагүй юм бэ? Юуны өмнө бид өвчин, шаналал, гуниг гэх мэт бүдүүн хувьтай илэрхий зовлонгуудыг эдэлж байдаг. Энэ нь бид бүгдийн ойлгож чадах зүйл бөгөөд хүн бүр, бүр амьтан хүртэл эдгээрээс хол байхыг хүсдэг. Бурханы шашинд, өвчин, шаналал нь таагүй нөхцөл бөгөөд бид үүнээс гарах хэрэгтэй гэж үзэж байгаа нь ч тийм онцгой зүйл биш. Удаах нэг зовлонг урвах зовлон гэж нэрлэдэг. Энэ нь бидний өдөр тутмын, жирийн, эгэл жаргалыг авч үзнэ. Ийм төрлийн жаргалд ямар асуудал байна вэ? Асуудал нь тэр бол мөнх үргэлжилдэггүй; цаг үргэлж, хувирч байдаг. Хэрэв бидний эгэл жаргал гэж үзэж байгаа зүйл жинхэнэ жаргал байсан бол түүнийг хэдий их эдэлнэ төдий чинээ бид жаргалтай болох ёстой. Ингээд хэрэв бид шоколад идэн жаргал эдэлдэг бол түүнийг хэдий их, хэдэн цагаар иднэ төдий чинээ бид жаргал эдлэх ёстой. Энэ бол тийм биш гэдэг нь ойлгомжтой гэдгийг бид мэдэж байгаа! Эсвэл хайртай хүн тань таны гарыг хэдэн цагаар илбэж байна хэмээн төсөөлье. Таатай мэдрэмж нь удалгүй өвдөх мэдрэмж болж эсвэл эвгүй санагдаж эхэлнэ. Энэ нь ердөө эгэл жаргал нь хувирч өөрчлөгддөг тэр чанараас шалтгаалж байгаа. Мэдээж, тэр нь бидэнд хангалттай байдаггүй; бидний сэтгэл хэзээ ч ханадаггүй. Бид үргэлж илүү ихийг хүсдэг, тэр даруйдаа биш байж болох ч, хэсэг хугацааны дараа.

“Таашаал авахын тулд өөрийн дуртай хоолноос хэр ихийг идвэл зохих бол?” хэмээн бодож үзэхэд их сонин байдаг. Нэг жижигхэн үмх хангалттай байж болно. Гэвч бид үнэндээ үргэлж илүү их, илүү их, илүү ихийг хүсдэг. Тэгвэл, эгэл, ертөнцийн жаргалын энэ асуудлыг даван гарахыг хүсэх нь зөвхөн Бурханы шашны зорилго биш. Ертөнцийн жаргалаас цааш гарч, мөнхийн амгалан бүхий диваажингийн зарим төрлийг олохыг заадаг олон шашин байдаг.

Гурав дахь нэг зовлон нь зөвхөн Бурханы шашны ойлголт бөгөөд түүнийг “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон” гэж нэрлэдэг. Үүнийг бидний “түгээмэл орших асуудал” гэж бас нэрлэж болно. Энэ зовлон нь бидний туулж байгаа бүх зүйлд орших ба бидний өдөр тутмын амьдралын сайн, муу бүхний жинхэнэ суурь болдог өөрийн хяналтгүй төрөл авах үйл явцтай холбоотой. Өөрөөр хэлбэл, эхний хоёр зовлонгийн суурь болох бидэнд одоо байгаагийн адил тийм төрлийн бие, сэтгэлийг дахин дахин авч төрөх тухай юм. Энэ нь дахин төрлийн тухай сэдвийг хөндөх бөгөөд энэ талаар бид дараа ярилцаж болно.

Мэдээж дахин төрлийн талаар сургадаг Энэтхэгийн олон гүн ухааны үзэл баримтлалууд байдаг. Дахин хэлэхэд энэ нь Бурхан багшийн гаргаж ирсэн, шинэ зүйл байгаагүй юм. Харин тэрээр дахин төрлийн механизмыг тухайн үеийн бусад гүн ухаан, шашны тайлбарлаж байснаас илүү гүнзгий байдлаар ойлгож, тайлбарласан. Бурхан багш дахин төрөх үйл явц хэрхэн явагддаг, бидний бие, сэтгэл тэдгээр өвчин, шаналал, эгэл жаргалын сайн, мууг амсаж туулах үйл явц зэрэг нь хэрхэн явагддаг талаар бүрэн гүйцэд тайлбарыг гаргаж ирсэн.

Хутагтын хоёр дахь үнэн

Хоёр дахь үнэн нь бидний туулж, амсаж байгаа энэ бүх зовлонгийн шалтгааныг авч үздэг. Энд бид дахин төрөл гэх мэт зүйлийн талаар ярих шаардлагагүй, харин Бурхан багшийн тайлбарыг учир шалтгааны үүднээс энгийн байдлаар ойлгохыг хичээж болох юм. Бид зовлон болон эгэл жаргалын тухай ярилцсан. Эдгээр нь шалтгаанаас бий болох бөгөөд Бурхан багш түүний “жинхэнэ (үнэн) шалтгааныг” сонирхсон. Бид жаргал, зовлонг шагнал, шийтгэл байдлаар бидэнд ирдэг гэж бодож байж магадгүй. Харин Бурхан багш үүний жинхэнэ шалтгааныг сөрөг болон эерэг зан байдал болох талаар заасан.

Сөрөг зан байдал гэж юуг хэлж байна вэ? Энэ нь гэм хор хүргэх тухай юу? Гэм хор хүргэх тухай ярих үед энэ нь бусдад болон өөрт гэм хор хүргэх тухай байна. Үнэндээ бидний зан байдал бусдад ямар нөлөө үзүүлж болохыг, туслах эсвэл гэм хор хүргэхийн аль нь болохыг мэдэхэд маш хэцүү. Жишээ нь: бид хэн нэгэнд маш их хэмжээний мөнгө өгөөд түүний үр дүнд хэн нэг өөр хүн түүнийг хулгайлахаар түүний аминд хүрэх нэг жишээ байж болно. Бидний зорилго тус болох тухай байсан байж болох ч үнэндээ түүнд ямар ч баталгаа байхгүй. Юу магадтай вэ гэвэл өөрт гэм хортой зан байдлын үр дагавар. Энэ бол Бурхан багшийн сөрөг зан байдал гэдгээр илэрхийлсэн зүйл – өөрт хортой байх явдал.

Энэ нь эргээд юутай холбогдох вэ гэвэл сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж бодох, үйлдэл хийх, ярихтай холбогдоно. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл нь ердөө л тайван байдал алдагдуулна! Тэдгээр нь биднийг сэтгэлийн тайван байдлаа алдахад, өөрийн хяналтыг алдахад хүргэдэг. Үүнд уур, шунал, тачаал, атаархал, бардамнал, гэнэн туршлагагүй байдал гэх мэт сэтгэл хөдлөлүүд багтах ба жагсаалт цааш үргэлжилнэ. Сэтгэл эдгээр сэтгэл хөдлөлийн аль нэгэнд автахад би түүний нөлөөнд орж ярьж, үйлдэл хийх ба энэ нь бидэнд зовлонг бий болгодог. Тэр даруй биш байж болох ч цаг хугацааны явцад зовлон бэрхшээлийг бий болгоно. Учир нь тэдгээрийг дахин дахин давтан үргэлжлүүлсээр байх хандлага нэмэгдсээр байдаг.

Нөгөө талаар, бидэнд эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд ороогүй, харин асрал хайр, энэрэл эсвэл тэвчээр гэсэн бүр эерэг сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн ач тус бүхий зан байдал байдаг.

Аливааг сайжруулах, тус болох байдлаар үйлдэл хийх нь баяр жаргал авчирдаг. Сэтгэл илүү их амарч, бид ерөнхийдөө тайван болдог. Илүү их өөрийгөө хянах хяналттай болж, асуудал үүсгэж болох байдлаар үйлдэл хийж, асуудал үүсгэх зүйлүүд хэлдэггүй. Үр дүн нь мөн л шууд гарахгүй байж болох ч цаг хугацааны явцад энэ нь баяр жаргал авчирна. Гэвч үүний цаана бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог, бодит байдал юу болох талаар мэдэхгүй байх явдал байсаар байна.

Бидний эгэл жаргал, зовлон нь ямар нэг гадаад шүүгч мэт биет төлөөллийн бидэнд хүртээж буй шагнал, шийтгэл биш юм. Эдгээр нь бараг физикийн хууль шиг гарч ирдэг. Зан байдлын шалтгаан ба үр дагавар юун дээр суурилдаг вэ? Суурь нь бидний төөрөгдөл, ялангуяа бидний өөрсдийн талаарх төөрөгдөл, буруу ойлголт. Бид “Би бол хамгийн чухал хүн, би өөрийн хүссэнээр байх ёстой. Би супермаркетийн дарааллын урдуур байх ёстой. Би эхэнд нь байх ёстой” гэж боддог. Бид эхэнд байх гэж шунадаг, ингээд дарааллын эхэнд байгаа хүмүүст уурлаж эхэлнэ. Бидний урд байгаа хүн маш удаан хөдөлгөөнтэй, их цаг авч байгаа учраас бид тэвчээр алдаж, сэтгэл тэдний талаарх бүхий л таагүй зүйлүүдээр дүүрдэг. Бид бүр тус хүргэх байдлаар үйлдэл хийж байсан ч түүний цаана “би”-гийн талаарх маш их төөрөгдөл байж байдаг. Жишээ нь: бид тухайн хүнийг өөртөө сайн байлгах үүднээс эсвэл хариуд нь өөртөө зориулан ямар нэг зүйл хийлгэхийг хүсэж бусдад тусалдаг. Эсвэл тэр нь би өөрөө чухал хүн мэт сэтгэлийг өөрт төрүүлнэ. Бүр наад зах нь бид талархал хүсэж байдаг!

Ийм байдлаар хүмүүст туслахад сэтгэлд сайхан байж болох ч, цаанаа энэ нь маш тухгүй байдаг. Бидний эдэлж болох тэр баяр жаргал нь цаг хугацааны явцад алга болдог. Ямар нэг сэтгэл хангахгүй зүйл болж өөрчлөгддөг. Энэ нь бидний бүх амьдралын турш үргэлжлэх бөгөөд Бурханы шашны үүднээс, бидний дараагийн төрөлд бас үргэлжилнэ.

Хэрэв бид анхааралтай харах юм бол бид бүх зүйлийн талаар буруу ойлголттой, төөрөлдсөн байгаагаа ойлгоно. Жишээ нь: хэн нэгнийг маш их хайрлах үед бид түүний сайн чанарыг дэндүү хэтрүүлдэг. Эсвэл хэн нэгэнд дургүйцэх үед түүний сул талыг хэтрүүлэн, түүнээс нэг ч сайн зүйл харж чаддаггүй. Хэдий их шинжилж үзнэ төдий чинээ өөрсдийн туулж байгаа юм бүрийн цаана байх төөрөгдлийг олж харна.

Илүү гүнзгийрүүлэн шинжилснээр бид үүний үндэс суурь нь бидний өөрийн хязгаарлагдмал тал гэдгийг ойлгоно. Бидэнд байх энэхүү сэтгэл, биед хязгаарлагдмал тал байдаг. Хэрэв бид нүдээ анивал дэлхий ертөнц байхгүй болж, зөвхөн би байгаа мэт санагдана. Бидний толгойд ийм ойлголт байх ба тэр нь “би” мэт, миний дотор байх би адил санагддаг. Энэ нэлээн сонин. Гэвч бид өөрсдийгөө түүгээр тодорхойлно. Энэ бол “би урдуур байх ёстой; би үүнийг хийх ёстой” гэж цаг үргэлж гомдоллож байдаг тэр зүйл. Үргэлж санаа зовж байдаг тэр зүйл. Толгойд байх энэхүү ойлголт онцгой, тусгай зүйл байх бөгөөд хүн бүрээс хамааралгүй бие даан оршдог мэт санагддаг. Учир нь нүдээ аних үед “надаас” өөр зүйл байдаггүй.

Энэ бол бодлын маш буруу хэлбэр бөгөөд мэдээж бид бусдаас хамааралгүй бие даан оршдоггүй; үнэхээр хэнд ч онцгой зүйл нэгээхэн ч байхгүй. Бид бүгдээрээ хүмүүс. Өмнөд туйлд зуун мянган оцон шувуу нэг газар бөөгнөрөөд байж байна гэж бодъё: нэг нь бусдаасаа юугаараа ялгаатай байх вэ? Үнэндээ тэд бол бүгд адилхан. Бид ч мөн адил. Харин оцон шувуунуудад хүмүүс бүгдээрээ адилхан харагдаж болох юм! Юутай ч, “Би бол үнэхээр онцгой, бусдаас тусгай бие даасан” гэж бодсоны үндсэн дээр бид өөрийн хүссэнээр байх ёстой болж, хэрэв тэгэхгүй бол уурладаг.

Угаас бидний бие, сэтгэлийг бүрдүүлэгч нэгжүүд нь энэхүү төөрөгдөл төрөхөд тохиромжтой байдаг. Энэ нь хачин санагдаж болох боловч бид энэ хоёр нүдээрээ голдуу ертөнцийг амсаж мэдэрдэг. Би зөвхөн өмнөх зүйлээ хардаг. Би өмнө юу болсныг, дараа юу болохыг харж чаддаггүй. Нэлээн хязгаарлагдмал. Ингээд нас ахих үед бид сайн сонсож чаддаггүй. Хэн нэг хүн ямар нэг зүйл хэлэхэд бид зөв сонсдоггүй, тэднийг ямар нэг өөр зүйл хэлсэн гэж бодож уурладаг. Энэ талаар бодож үзэхэд нэлээн хэцүү санагддаг.

Бидний тэрхүү түгээмэл орших асуудал бол энэхүү төөрөгдлийг үргэлжлүүлсээр байх ийм төрлийн бие, сэтгэлийг аван дахин дахин тасралтгүй төрсөөр байх явдал юм. Энэхүү төөрөгдлийн суурин дээр бид гэм хор хүргэх байдлаар, эсвэл эгэл тус хүргэх байдлаар үйл хийж, тэр нь бидний эдлэх зовлон болон эгэл жаргалыг бий болгож байдаг.

Хэрэв бид илүү гүнзгийрүүлэн харвал ойлгоход нэлээн ярвигтай болох бөгөөд одоогоор бид тийнхүү гүнзгийрүүлэн үзэх шаардлагагүй ч тэрхүү ямар ч хяналтгүйгээр дахин дахин гарах төрлийг бий болгож байдаг зүйл нь өнөөх төөрөгдөл өөрөө юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол бидний жинхэнэ зовлонгийн жинхэнэ шалтгаан. Энэхүү төөрөгдөл буюу мэдэхгүй байх явдлыг гол төлөв “мунхаг” (англ. ignorance) гэж орчуулдаг. Би энэ үгийг хэрэглэхгүй байхыг илүүд үздэг. Учир нь энэ нь тэнэг, мулгуу гэсэн утгыг илэрхийлдэг; гэвч энэ бол үнэндээ асуудлын гол биш, бидний хүсэх үг хэллэг биш. Мэдэхгүй байх гэдэг нь бид өөрөө болон бусад бүхий л үзэгдэл хэрхэн оршдогийг мэдэхгүй байх гэсэн санааг илэрхийлнэ. Би хамгийн чухал хүн – ертөнцийн гол төв – гэж бодох ба энэ нь бодит байдалтай бүрэн харшлах үед, ийм утгаар бид мэдэхгүй байна гэж хэлж байгаа юм. Бодит байдал бол бид бүгд адилхан нэг газар байна. Энэ нь бид тэнэг, мулгуу гэсэн үг биш харин бидний бие, сэтгэл биднийг тийм байдлаар бодоход хүргэдэг.

Ийм учраас л “Хутагтын үнэн” гэж нэрлэдэг юм. Бодит байдлыг хардаг тэдгээр хүмүүс бидний хардагаас өөрөөр хардаг. Өөрсдийн бодит байдал гэж боддог тэдгээр төөрөгдөл, тусгалууддаа бид үнэхээр итгэсэн байдаг. Бид тэднийг үнэн гэж боддог. Бид энэ талаар тунгаан боддоггүй. Учир нь бид “Би бол хамгийн чухал, би өөрийн хүссэнээр байх ёстой, хүн бүр надад сайн байх ёстой” гэсэн дотоод мэдрэмжтэй байдагтай холбоотой. Зарим нь түүний эсрэг нь болох “Хүн бүр надад дургүй байх ёстой, би олигтой хүн биш” гэсэн бодол төөрөгдөлдөө итгэсэн байдаг. Эдгээр нь адилхан зүйл, ердөө нэг зоосны хоёр тал. Энэ бол жинхэнэ шалтгаан (бүхэн гарахуйн үнэн).

Хутагтын гурав дахь үнэн

Гурав дахь үнэн нь “жинхэнэ зогсоох” гэж нэрлэж болох зүйл байдаг. Үүнийг гол төлөв “хорихуйн үнэн” гэж орчуулдаг бөгөөд энэ нь энэхүү төөрөгдлийг арилган, зогсоож дахин гарч ирэхгүй болгох боломжтой гэсэн нэг зүйл ойлголттой холбоотой. Хэрэв бүхэн гарахуйн үнэн (жинхэнэ шалтгаан) болох төөрөгдлийг арилгах юм бол бид жинхэнэ асуудлууд, бүхий л сайн, муу зүйлүүд, энэ бүхний суурь болох энэхүү хяналтгүй дахин дахин гарах төрлийг зогсоож болно. Хэрэв бид үүнийг хийвэл “гэтлэхүй” гэж нэрлэдэг зүйлд хүрнэ. Та бүхэн хяналтгүй дахин дахин гарах төрлийг илэрхийлсэн “самсара” (сансар, орчлон) гэдэг үг, гэтлэхүй гэдгийг илэрхийлсэн “нирвана” (нирваан) гэдэг санскрит үгнүүдийг харж байсан гэдэгт би итгэлтэй байна.

Бурхан багшийн үед сансраас гэтлэх тухай ярьдаг Энэтхэгийн өөр шашнууд бас байсан. Энэ бол Энэтхэгт нэг нийтлэг сэдэв байв. Харин Бурхан багш эдгээр бусад шашнууд жинхэнэ шалтгааныг нь тодорхойлох тал дээр хангалттай гүнзгий авч үзэхгүй байна гэж харсан. Жишээ нь, таны сэтгэл хэдэн галавын турш юу ч санахгүй байх тэнгэрийн төрөлд төрөх байдлаар та эдгээр хяналтгүй дахин дахин гарах асуудлуудаас хэсэг чөлөө авч болох ч, энэ төрөл барагдаж дуусна. Тэдгээр бусад шашинд бодит гэтлэхүй байгаагүй.

Бурхан багш хорихуйн үнэнийг заасан. Үнэндээ энэхүү төөрөгдлийг арилгаж, дахин гарч ирэхгүй болгох боломжтой гэдгийг ойлгож, түүнд итгэлтэй байх нь чухал. Хэрэв үгүй бол ямар учраас бид түүнийг арилгахыг оролдоно гэж? Хэрэв та төөрөгдлөө бүрмөсөн арилгах талаар санаа тавихгүй байгаа бол гомдоллохгүй байж, байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, түүнийг аль болох таатай болгохыг л оролдох хэрэгтэй болох байх. Магадгүй олон олон эмчилгээний аргууд өвчинтэйгөө амьдарч сур эсвэл эмээ уу гэсэн эцсийн зорилготой байдаг байх.

Хутагтын дөрөв дэх үнэн

Дөрөв дэх үнэнийг гол төлөв “мөрийн үнэн” гэж орчуулдаг ба энэ нь гурав дахь үнэнийг ойлгоход тусална. Энэ нь нэг сэтгэлийн төлөв байдлыг илэрхийлэх бөгөөд хэрэв бид түүнийг төлөвшүүлбэл тэр нь гэтлэхүйд хөтлөх зам мөр болно. Бид үүнийг “зам мөр болох сэтгэл” (англ. pathway mind) гэж бас орчуулж болно, гэвч энэ хэллэгийг бусад хэлэнд орчуулахад хэцүү байдаг.

Бидний сэтгэл огтоос хэрэггүй зүйлүүдийг туурвиж байдаг. Энэ хэрэггүй туурвилд бас түвшингүүд байна. Нэг хэт туйлшрал нь хүн бүр миний эсрэг гэж бодох шизофрени эсвэл хий дэмийрэл байж болох юм. Арай бага туйлшрал нь “энэ бол миний идэж үзсэн хамгийн гайхалтай шоколадтай бялуу байна; үүнийг идвэл би үнэхээр жаргалтай болно” гэх явдал байж болно. Надад ийм нэг явдал тохиолдож байлаа. Бухарестын нислэг маань Вена дээр түр зогссон юм. Би “Венагийн алимны ороомог дэлхий дээр хамгийн сайн нь байх ёстой” гэж бодоод нэгийг захиалсан боловч тийм байсангүй. Миний түүнийг ямар байх талаар бодсон бодол, төсөөллүүд ямар ч хэрэггүй зүйлүүд байсан. Алимны ороомог бол байдаг – тэр бол миний сэтгэлээс гарсан туурвил бус; харин ороомог ямар байх талаар бодсон, намайг үнэхээр жаргалтай болгох хамгийн сайхан зүйл гэж бодсон нь миний сэтгэлийн туурвил байсан.

Үүний адил, би ч, та ч оршдог. Бурханы шашин биднийг оршдоггүй гэж хэлдэггүй. Биднийг хамгийн гол зүйлтэй огт холбоогүй нэг орших байдлыг сэтгэлээсээ туурвидаг гэж хэлдэг. Бидэнд юмс бүрэн бие даан оршдог гэсэн ойлголт үнэхээр байдаг. Энэ бол нэг байх боломжгүй орших хэлбэр. Юмс шалтгаан, нөхцөлөөс бий болох ба цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэвч бид үүнийг хардаггүй; бид зөвхөн нүдний өмнө байгаа зүйлийг хардаг. Жишээ нь: бид нэг хүнтэй уулзах ёстой байтал тэр хүн маань ирсэнгүй. Энэ нь бидэнд нөгөө хүн маш муу, үргэлж биднийг дорд үздэг, бидэнд дургүй болсон мэтээр харагдана. Бид түүний амьдралыг замын хөдөлгөөн, эсвэл ажил дээр гарч ирэх өөр зүйл, өөр юу ч байж болохыг хэн мэдэх билээ, энэ бүхнээс шалтгаалахгүй оршдог гэж боддог. Гэвч бүх зүйл шалтгаан болон нөхцөлөөс бий болдог байхад түүний хувьд бүх зүйлээс шалтгаалахгүйгээр тэр муу хүн байх нь боломжгүй. Ийм байсаар байтал бидний сэтгэл тэдгээр бодлыг туурвиж, түүндээ баригдан сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, уурыг төрүүлдэг. Ингээд дараа уулзахаараа тэр хүнээ өөрөөр харж, бүр тайлбарлах боломж өгөхгүйгээр уурлан түүн уруу хашхичдаг. Энэ бүхний туршид бид л үнэхээр өрөвдөлтэй, зовлонтой болно, тийм биз дээ?

Тэгэхээр бид оршдог, гэвч бидний оршдог гэж боддог байдлаар – бусдаас тусгай, бие даасан байдлаар бус – энэ бол бүхэлдээ туурвил. Энэ бол хог. Энэ нь бодит байдалтай ямар ч холбоогүй. Энэ бол Бурханы шашин дахь бидний “хоосон чанар” гэж нэрлэдэг зүйл. Санскрит хэлэнд энэ үг нь “тэг” гэдэгтэй адил үг байх бөгөөд бодит зүйл огт байхгүй “юу ч үгүй” гэсэн утга илэрхийлдэг. Бид шинэ найз залуу эсвэл бүсгүйгээ үлгэрт гардаг цагаан морь унасан төгс төгөлдөр хунтайж эсвэл гүнж мэтээр төсөөлөхтэй адил – энэ бол боломжгүй. Ийм байдлаар оршдог нэг ч хүн байдаггүй байтал бид үргэлж түүнийг хайсаар байдаг. Ингээд тухайн хүн бидний төсөөлөлд нийцэн амьдрахгүй үед бидний урам хугарч байх боломжгүй зүйл хайж байгаа хэдий ч өөр нэгийг хайж эхэлдэг.

Ийм учраас сэтгэлийн үнэн зам мөр гэдэг нь эдгээр төсөөлөл нь огт хэрэггүй зүйл, бидний төсөөлөлтэй нийцэх бодит зүйл юу ч байдаггүй гэдгийг ойлгох явдал юм. Хэрэв бид жинхэнэ шалтгааныг нь авч үзэх юм бол зовлон нь өөрсдийн төсөөллийг ямар нэг бодит зүйлтэй адилтган түүндээ итгэснээс шалтгаалан гарч байдаг байна. Мөрийн үнэн бол тэдгээр төсөөлөл нь ямар нэг бодит зүйлтэй ердөө холбоогүй гэдгийг гүнзгий ойлгох тухай юм.

Бидний уран зөгнөл бүхий төсөөлөл, бодит байдал хоёр нь харилцан эсрэг. Би давтан хэлье – төөрөгдөл бол энэхүү төсөөллийг бодит ямар нэг зүйл гэж боддог бол зөв ойлголт нь ийм зүйл байхгүй гэж хардаг. Бодит ямар нэг зүйл байна эсвэл байхгүй. Тийм эсвэл үгүй; хоёулаа нэг дор үнэн байх боломжгүй.

Одоо бүгдээрээ аль нь бидний хувьд илүү хүчтэй байхыг шинжилж үзье: “тийм” нь үү эсвэл “үгүй” нь үү? Хэрэв бид учир шалтгааны үүднээс нь авч үзэх юм бол мэдээж “үгүй” байна. Учир нь “тийм” гэдэг бол логикт нийцэхгүй. Хэрэв нүдээ анивал бусад бүх хүмүүс оршихоо болих уу? Мэдээж, үгүй. Би дэлхий дээрх хамгийн чухал хүн учраас үргэлж хүссэнээрээ байх нь зөв үү? Үгүй, энэ бол хөгтэй хэрэг. Хэдий их бид шинжилж үзнэ төдий чинээ өөрийн толгой дотор байх энэхүү жижигхэн “би”-г шалгаж үзэж эхэлдэг. Уураг тархийг авч үзвэл түүний хаана нь толгой дотор ярьж, шийдвэр гаргаад байгаа энэхүү “би” байх юм бол? Чухам юу болоод байна? Шинжилж үзэх юм бол “би” гэж хэлж болох зүйл олдохгүй. Мэдээж би үйл хөдлөлтэй, би аливаа зүйлүүдийг хийдэг, ярьдаг. Бид үүнийг үгүйсгээгүй байна. Бидний үгүйсгэж байгаа зүйл бол өөрийн хүссэнээрээ байх ёстой, ийм бодит “би” гэх зүйл байна гэх явдал. Энэ нь учир шалтгаанаар дэмжигддэггүй. Учир шалтгаан болон шинжлэлээр ийм зүйл оршдоггүй бөгөөд бидний төөрөгдөл ямар нэг бодит зүйлтэй тохирно гэдэг нь юугаар ч дэмжигдэхгүй гэдгийг бид бас ойлгож байдаг.

Бид ийм байх боломжгүй байдлаар оршдог гэж бодсоноор ямар үр дүн гарах вэ? Бид өөрсдийгөө өрөвдөлтэй болгоно! Ийм зүйл байхгүй гэж бодсоноор ямар үр дүн гарах вэ? Бид өөрсдийгөө энэ бүх асуудлаас чөлөөлнө. “Ийм зүйл байхгүй, энэ бол хог” гэж бодох үед түүнийг ямар нэг бодит байдалтай холбож бодох боломжгүй. Зөв ойлголт нь буруу ойлголтыг дарж, оронд нь байрыг нь эзэлдэг. Хэрэв бид цаг үргэлж зөв ойлголтон дээрээ анхаарч байвал төөрөгдөл дахин хэзээ ч гарч ирэхгүй.

Энэ удаа мөн адил, бодит байдлын талаарх зөв ойлголт буруу ойлголтын орыг эзэлж зовлон болон дахин төрлөөс чөлөөлөх тухай Бурхан багшийн сургаал ч бас онцгой зүйл биш юм. Энэтхэгийн бусад шашнууд үүнийг бас хүлээн зөвшөөрдөг. Юу нь онцгой байсан бэ гэвэл бодит байдлын талаарх төөрөгдлийн хамгийн нарийн түвшнийг бүрмөсөн арилгах тэрхүү онцгой ойлголт нь байсан. Бясалгалаар төгс төвлөрөлд хүрч сэтгэлдээ энэхүү зөв ойлголтыг суулгаж, төөрөгдлийг бүрэн арилгах үүднээс Бурхан багш Энэтхэгийн бүх уламжлалуудад нийтлэг байх аргуудыг хэрэглэсэн. Эдгээр аргаар бид жинхэнэ (үнэн) шалтгааныг үнэхээр арилгаж, зовлонгоос бүрэн гэтэлж (гэтлэхүйн үнэнд хүрч) чадна.

Бүх сөрөг сэтгэл хөдлөлийг таслан арилгах бодит байдлын тухай тэрхүү зөв ойлголтыг сэтгэлдээ хадгалж байх хүч өгдөг зүйл бол сэдэл. Энэ бол асрал хайр, энэрэн нигүүлсэх зэрэг сэтгэлүүд байдаг тэр зүйл. Бид харилцан хамааралтай, хүн бүр бидний адил жаргал хүсдэг гэдгийг ойлгосон учраас бид тэдэнд бүрэн дүүрэн тусалж чадахын тулд төөрөгдлөө арилгах хэрэгтэй болдог.

Энэ бол Хутагтын дөрвөн үнэний талаарх суурь ойлголт юм. Илүү гүнзгий ойлгохын тулд бид сэтгэл болон үйлийн үрийг авч үзэх Бурханы шашны ойлголтын талаар судлах шаардлагатай болно.

Видео: 14-р Далай лам — “Бурханы шашны үүднээс сэтгэлийн амгалан гэж юу болох”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Дүгнэлт

Бурханы шашин болон бусад голлох шашин, гүн ухааны үзэл баримтлалуудын хооронд олон нийтлэг зүйл байдаг ч Бурхан багшийн анхны сургаал болох энэхүү Хутагтын дөрвөн үнэний сургаал бол бидний хэрхэн оршдог байдал, туулах зовлон, асуудлуудыг хэрхэн даван туулахыг харуулсан гайхалтай сургаал юм.

Бурхан багшийг гол төлөв эмчтэй адилтгадаг. Эмч биднийг үзэж өвдсөн эсэхийг тодорхойлдог. Түүнтэй адил Бурхан багш хаа сайгүй байх амьтан бүхний амсах олон зовлонг хэлж өгсөн. Эмч өвчний шалтгааныг эрдгийн адил Бурхан багш, бид хэрхэн оршдог талаарх төөрөгдөл нь зовлонгийн шалтгаан болохыг хэлж өгсөн. Ингээд эмч нь бидний эдгэрэх эсэхийг хэлж өгч хэрэв эдгэрэх бол бидэнд эм олгодог. Үүний адилаар, Бурхан багш хорихуйн үнэн, түүнд хэрхэн хүрэх арга замыг заасан. Эцэст нь, хэрэв өөрийн зовлонг арилгая гэж бодож байвал эмийг хүртэх буюу зам мөрөөр явах эсэх нь тухайн хүн нэг бүрээс шалтгаална.

Top