“Эх Дэлхийн Өдөр”-ийн 50 жилийн ой тохиож буй энэ цаг үед манай гариг хүн төрөлхтөний эрүүл мэнд, энх амгалан байдалд тулгарч буй томоохон сорилтуудын нэгтэй нүүр тулгараад байна. Энэхүү тэмцэл нь энэрэл нигүүлсэл, харилцан дэмжлэгийн үнэ цэнийг бидэнд сургамжлан сануулж буй билээ. Эдүгээ дэлхий даяар тархаад буй цар тахал нь арьс өнгө, соёл боловсрол, хүйсийн ялгаагүйгээр бид бүгдэд аюул учруулж буй бөгөөд бидний хариу үйлдэл нь адилхан хүн төрөлхтөний хувьд, бид бүгдийн хамгийн чухал хэрэгцээг хангахуйц байх ёстой.
Бидэнд таалагдаж буй эсэхээс үл хамааран бид энэ дэлхий дээр нэгэн том гэр бүлийн гишүүн нь болж төрсөн юм. Баян ядуу, боловсролтой боловсролгүй, ямар үндэстэнд харьяалагддаг аль нь ч бай эцсийн эцэст бид бүгд адил хүн юм. Түүнчлэн, бид бүгдээрээ адилхан аз жаргалыг эрэлхийлж, зовлонгоос татгалзах эрхтэй. Амьд бодгаль бүхэн ийнхүү адил тэгш гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт бид аяндаа бусдын зовлонг ойлгож, бусадтай элэгсэг дотно харьцахыг хүсч эхэлдэг. Эндээс л бусдад бэрхшээлийг даван туулахад нь идэвхтэйгээр туслах хүсэл буюу жинхэнэ бүх нийтийн үүрэг хариуцлагын ухамсар төрөн гардаг юм.
Эх дэлхий маань бидэнд бүх нийтийн үүрэг хариуцлагын талаар сургамж өгсөөр байна. Бидний цэнхэр гариг гайхалтай сайхан амьдрах орчин юм. Түүний амьдрал бидний амьдрал, түүний ирээдүй бидний ирээдүй. Үнэн хэрэгтээ дэлхий бидний хувьд элбэрэлт эх шиг байдаг тул хүүхэд мэт бидний хувьд бүгд түүнээс хамааралтай билээ. Эдүгээ дэлхийн хэмжээнд тулгараад байгаа олон бэрхшээлийн өөдөөс бүгд хамтран нэгдэж, ажиллах нь чухал байна.
Байгаль орчноо ариун дагшин хэвээр нь хадгалахыг чухалчилан үздэг Төвөдийн нутгаас 1959 онд дүрвэж гарсны дараа л би байгаль орчны асуудалд анхаарал хандуулахын ач холбогдлыг ойлгосон юм. Урьд өмнө бид хэдийд ч урсгал усыг хараад уухад аюулгүй эсэх талаар санаа зовдоггүй байв. Харамсалтай нь цэвэр ундны усны нөөц өнөөгийн дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна.
Өнөөгийн халдварт өвчин хяналтгүй тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л орны өвчин туссан иргэд болон эмнэлэгийн салбарын ажилчид цэвэр усны болон ариун цэвэр, ариутгалын зохист шаардлагаар хангагдсан эсэхийг бид баталгаажуулах хэрэгтэй. Эрүүл ахуй нь үр дүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэс суурь юм.
Зохих ёсоор сайтар тоноглогдсон, чадварлаг боловсон хүчинтэй эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал нь өнөөгийн цар тахлын аюулыг даван туулахад бидэнд туслаад зогсохгүй цаашид нийгмийн эрүүл мэндийн болзошгүй хямралаас хамгаалах хамгийн найдвартай батлан хамгаалах хүч байх болно. Эдгээр нь дэлхийн эрүүл мэндийн байдалд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан зорилгууд гэж би бодож байна.
Бид энэхүү хямралыг хамтдаа даван туулж байгаагийн хувьд тулгамдсан хэрэгцээ, тэр тусмаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийгмийн эмзэг бүлгийн ахан дүүсийн гачигдлыг арилгахын тулд нийтлэг эрх ашгийн үүднээс эв санааны нэгдэл, хамтын зорилгоор ажиллах шаардлагатай билээ. Ирж буй өдрүүдэд бид бүгдээрээ аз жаргалтай, эрүүл энх дэлхийг бий болгохын тулд чадах бүхнээ хийнэ гэж итгэж найдаж, залбирч байна.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр