Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын XXVI бага хурлын илгээлт

Uv hhdl cop message

Шотландын Глазгоу хотод болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын XXVI бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх гэж байгаад баяртай байна. 

Дэлхийн дулаарал бол бидний өмнө нэн тулгамдаж буй бодитой асуудал мөн билээ. Өнгөрснийг хэн ч өөрчилж чадахгүй. Гэхдээ хүн бүр сайн сайхан ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломжтой, дан ганц өөрийнхөө төдийгүй энэ дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум гаруй хүнийг амар тайван, аюулгүй амьдрах боломжийг хангах үүрэгтэй. Итгэл найдвараар дүүрэн байж, шийдэмгий үйлдлээрээ өөрийн болон хөршүүдийнхээ амьдралд санаа тавих ёстой юм.

Өвөг дээдсийн минь элбэг баян эх дэлхий хэмээн дээдэлдэг байсан энэ гараг бол бидний цорын ганц гэр орон юм. Үүнийг зөвхөн өөрсдийнхөө төдийгүй, ирээдүй хойч үеийнхээ, тоо томшгүй олон биологийн төрөл зүйлийн төлөө хамгаалах ёстой.

Цас, мөсний нөөцөөрөө Хойд ба Өмнөд туйлын дараа ордог Төвөдийн өндөрлөгийг "Гурав дахь туйл" гэж нэрлэдэг бөгөөд эндээс Брахмапутра, Ганга, Инд, Меконг, Салвин, Шар мөрөн, Янцзы зэрэг дэлхийн томоохон гол мөрөн эх авдаг. Энэ голууд нь Азийн хоёр тэрбум орчим хүнийг ундны ус, газар тариалангийн усалгаа, усан цахилгаан станцаар хангадаг, амьдрал тэтгэдэг гол эх үүсвэр юм. Төвөдийн олон мөсөн гол хайлж, голын далан барьж, голдирлыг нь өөрчилж, ой модыг ихээр сүйтгэж байгаа нь, нэг бүс нутгийн байгаль экологид хайхрамжгүй хандвал дэлхийн бараг бүх газарт сөрөг үр дагавар бий болдгийг тодорхой харуулж байна.

Өнөөдөр ирээдүйн хойч үеэ хамгаалахын тулд бид хий айдаст автан залбирахын оронд шинжлэх ухааны ойлголтод суурилсан бодитой арга хэмжээг хэрэгжүүлэх  учиртай. Манай гарагийн оршин суугчид урьд өмнө байгаагүйгээр харилцан хамааралтай амьдарч байна. 

Хийж байгаа үйлдэл бүхэн маань эргэн тойронд буй хүмүүс, түүнчлэн тоо томшгүй олон амьтан, ургамлын төрөл зүйлд нөлөөлдөг.

Хүн төрөлхтөн бид дэлхийг сүйрүүлэх ба аврах чадалтай цорын ганц төрөл зүйл мөн билээ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хүн бүрийн эрх ашгийн төлөө дэлхийн хэмжээнд хамтран ажиллаж шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ бид хувь хүнийхээ хувьд ч чадах зүйлээ хийх ёстой юм. Усыг ашиглах, хэрэгцээгүй зүйлээ хаях  гэх мэт бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд ч тодорхой үр дагавартай байдаг. Байгаль орчноо хайрлан хамгаалахыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгож, шинжлэх ухааны сургаж байгаа зүйлийг ойлгож авах хэрэгтэй. 

Манай залуу үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ авахыг шаардаж байгааг хараад урам зоригтой байна. Эндээс ирээдүйд итгэх итгэл, найдвар төрж байна. Грета Тунберг тэргүүтэй залуу идэвхтнүүд шинжлэх ухааныг сонсож, түүний дагуу ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулахаар хичээн зүтгэж байгаа нь туйлын чухал юм. Тэдний байр суурь үнэн бодитой тул бид урамшуулан дэмжих ёстой.

Би хүн төрөлхтөн уг мөн чанартаа нэгдмэл гэдгийг ямагт үргэлж онцлон сануулдаг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн аюул нь үндэсний хил хязгаараар хязгаарлагдахгүйгээр бид бүгдэд нөлөөлнө. Энэ асуудалтай бид нэгэн зэрэг нүүр тулж буй тул сөрөг үр дагаврыг хязгаарлахын тулд эв нэгдэлтэйгээр, нэгэн цул болж хамтран ажиллах шаардлагатай юм. Улс орнуудын удирдагч нар энэхүү нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө хүчээ нэгтгэж ажиллана хэмээн найдаж, залбирч байна. Дэлхийгээ аюулгүй, аз жаргалтай ногоон бүс болгохын бид хичээн зүтгэх хэрэгтэй билээ. 

Сайн сайхныг хүсэж, ерөөл залбирал өргөв. 

Далай Лам

2021  оны 10 сарын 31

Top