Зөв үгс, зөв үйл, зөв амьжиргаа

Өмнөхийг сэргээн санах

Ёс зүйн сахилга бат, төвлөрөл, билиг ухаан гэсэн гурван суртгаал нь бидэнд тохиолдох аливаа зовлон, асуудлуудыг шийдвэрлэхэд туслахад чиглэсэн байдаг. Ийнхүү туслах арга зам нь асуудлуудынхаа шалтгааныг тодорхойлж, тэдгээрийг арилгах үүднээс гурван суртгаалыг хэрэглэх явдал юм.

Гурван суртгаалыг мөн өдөр тутмынхаа амьдралд бусадтай харилцах харилцаанд хэрэглэх үүднээс төлөвшүүлэх нь үнэхээр их тустай.

  • Ёс зүйн сахилга бат – бид биеэ хэрхэн авч явж, бусадтай хэрхэн ярилцаж байгаагаа ажиглах нь маш чухал. Ямар нэг гэм хортой, сөрөг үр дагавартай зүйл хийхээс сэргийлэхэд бидэнд ёс зүйн сахилга бат хэрэгтэй.
  • Төвлөрөл – бусадтай харилцах явцад бид төвлөрч чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр бид тэдэнд тохиолдсон зүйл, тэдэнд юу хэрэгтэй байгааг мэдэж чадна. Хэрэв бидний сэтгэл орчин тойронд байгаа зүйлд сарнисан эсвэл бид гар утас уруугаа тасралтгүй анхаарч байвал энэ нь бидний бусадтай харилцах харилцааг нэлээн бэрхшээлтэй болгоно.
  • Билиг ухаан – хэрэв бид ярилцаж буй хүнээ анхааралтай сонсож чадвал хэрхэн хариулбал зохихыг шийдэх үүднээс билиг ухаанаа ашиглаж чадна. Энэ нь мөн л биднийг бусадтай зөв бодолтой харилцаж, зохих үйлдэл хийн, зохистой ярихад чиглүүлнэ.

Гурван суртгаал нь харилцан уялдаж, нэг нэгэндээ хүч нэмдэг учраас бид тэдгээрийг нэг зэрэг хэрэглэдэг. Бусадтай бус ганцаар байгаа үед гурван суртгаал нь өөрт ч бас маш их тустай:

  • Тэдгээр нь биднийг өөрт гэм хортой байдлаар үйлдэл хийхээс сэргийлнэ.
  • Анхаарлын төвлөрөлтэй байж бид хүрэхийг хүссэн зүйлдээ хүрч чадна.
  • Юу зохистой, юу зохисгүй болохын ялгахад өөрийн ухааныг ашиглана.

Энэ мэт эдгээр нь өдөр тутам дахь хувийн амьдрал болон нийгмийн харилцаанд хэрэглэж болох маш тулгуур зарчим болж өгдөг.

Найман мөр

Гурван суртгаалд хэрхэн суралцахыг харуулах нэг хэлбэрийг “найман мөр” гэдэг. Эдгээр нь тэдгээр гурван суртгаал төлөвших нөхцөл болдог бидний суралцах ёстой найман чадвар (бүтээл) юм.

Ёс зүйн сахилга батыг төлөвшүүлэхэд шаардагдах гурван бүтээл байна:

  • Зөв үгс – харилцааны хэв маяг
  • Үйлийн зөв хил хязгаар – хэрхэн биеэ авч явах
  • Зөв амьжиргаа – хэрхэн амьдралыг залгуулах.

Төвлөрлийг төлөвшүүлэхэд шаардагдах бас гурван бүтээл байна:

  • Зөв зүтгэл – сэтгэлээс бодлын сөрөг ул мөрийг арилгаж бясалгалд нийцтэй сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэх
  • Зөв дурдал – анхаарлаа төвлөрүүлж буй зүйл мөн сэдлээ орхихгүй байх
  • Зөв төвлөрөл – эерэг зүйл дээр төвлөрөх.

Билиг ухааныг төлөвшүүлэхэд шаардагдах хоёр бүтээл байна:

  • Зөв үзэл – юу зөв, юу буруу эсвэл юу гэм хортой, юу тустайг зөв ялгасны үндсэн дээр суурилсан бидний үнэн гэж баримталдаг зүйл
  • Зөв санаа (өдөөх зөв бодол) – бидний зөв үзлийн чиглүүлэх сэтгэлийн эерэг төлөв.

Эдгээрийн илүү дэлгэрэнгүй хувилбар нь дээрх найман бүтээл тус бүрийн зөв ба буруу хэрэглээ юм. Бид тэдгээрийн буруу хэлбэрээс татгалзаж, харин зөв хэлбэрийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг.

Үгс

Бусадтай хэрхэн ярилцаж байгаа нь бидний сэтгэлийн төлөв байдлыг тусган харуулж байдаг. Энэ нь тэдний сэтгэл зүй болон биднийг хэрхэн дүгнэх, бидэнд тэд хэрхэн хандахад нөлөөлдөг. Иймд бид хэрхэн ярих нь тустай, хэрхэн ярих нь сөрөг нөлөөтэйг мэдэх хэрэгтэй.

Буруу үгс

Буруу үгс нь зовлон, бэрхшээлүүдийг бий болгодог нэг хэлбэр юм:

  • Худал хэлэх – үнэн биш зүйлийг хэлж, бусдыг хуурах. Хэрэв биднийг ярихдаа худал хэлж, бусдыг хуурдаг хүн гэж хүмүүс мэдэх юм бол хэн ч бидэнд үнэмшихгүй, итгэл үзүүлэхгүй бүр бидний хэлж байгаа зүйлийг ч сонсохгүй. Энэ нь хэцүү нөхцөл байдлыг бий болгоно.
  • Хов хэлэх – хүмүүсийн хоорондын харилцааг муутгах үүднээс найз нөхдөд нь эсвэл хамтрагчид нь нэгнийх нь талаар муу зүйл хэлэх. Энэ нь тэдгээр хүмүүст биднийг өөрийнх нь талаар бас юу хэлэх бол гэсэн бодол төрүүлж тухайн хүн, бидний хоорондын харилцааг муутгана.
  • Ширүүн үг – ширүүн байдлаар үг хэлж, бусад уруу хашхичин, хараалын үг хэлэх. Хэрэв бид үг хэлээрээ бусдыг доромжилбол тэд бас биднийг доромжилж эхэлнэ. Доромжлуулж байхыг хүсдэггүй л бол бидэн шиг цаг үргэлж өөр уруу нь хашхичиж байдаг хүний дэргэд хэн ч байхыг хүсэхгүй.
  • Дэмий чалчих – цаг үргэлж дэмий, утгагүй зүйл ярьж, бусдад саад болох, эсвэл бусдын хувийн амьдралын талаар худал үнэн зүйл цуурч ярих. Үүний үр дүнд хэн ч бидэнд чин сэтгэлээсээ хандахгүй, бидэнтэй хамт байхыг яршигтай гэж бодно. Өөрийн болон бусдын цагийг үрнэ.

Зөв үгс

Эерэг үгс нь дээрх дөрвөн төрлийн буруу үгсээс зайлсхийхэд бидэнд тусалдаг. Сахилга батын эхний түвшин бол ямар нэг худал зүйл хэлмээр санагдах, хэн нэгэн уруу хашхичмаар, эсвэл чалчмаар санагдах үед тэдгээрийг сөрөг үр дагавартай, асуудал бий болгодог гэж танин, хийхгүй байхыг хичээх явдал.

Энэ нь огтоос хялбар биш. Та тухайн зүйлийг өөрийн эрхгүй хэлэхээс өмнө, тэдгээрийг хэлж, хиймээр санагдах тэр агшинд өөрийгөө барих хэрэгтэй болно. Энэ бол зүсэм бялуу хүсэхтэй адил. Заримдаа бидэнд хоёр дахь зүсмийг идэх боломж гардаг боловч түүнийг шүүрэн авахаас өмнө “Хэдий би хүсэж байгаа ч үүнийг хийх шаардлагагүй. Надад энэ бялууны хэрэг байхгүй; энэ ердөө намайг илүү таргалуулна, би жингээ хасах шаардлагатай байгаа” гэж бодож болно. Энэ бол бидний сахилга бат гэж яриад байгаа зүйл.

Эдгээр зүйлүүдийг хиймээр санагдах үед, эртний Энэтхэгийн их мастер Шантидэва гэгээний хэлсэнчлэн ургаа хад мэт үйлд. Ямар нэг зохисгүй зүйл хэлж, хашхичмаар санагдахад энэ нь намайг бас нөгөө хүнийг бухимдуулна гэдгийг ойлгож түүнийг би хэлэхгүй байя гэх хэрэгтэй. Ургаа хад мэт байя гэнэ. Ямар нэг утгагүй хошин зүйл, эсвэл дутуу бодсон сэтгэгдэл хэлэхийг хүсэх үед түүнийг ердөө ямар ч хэрэггүй дэмий үг гэдгийг ойлгон юу ч хэлэхгүй байх хэрэгтэй. Энэ түвшинд эдгээр зүйлүүд багтана.

Хоёр дахь түвшний сахилга бат нь энэ бүхний оронд та бодитой ямар нэг эерэг зүйл хийх явдал – тэгэхээр, хэрэгтэй, тустай байдлаар ярина гэсэн үг. Энэ нь ингэж ярих нь баяр жаргал авчирч, нөхцөл тохиолдол бүрийг илүү нөхөрсөг болгоно гэдгийг ойлгосны үндсэн дээр бий болно. Бидний хийх хэрэгтэй зүйл бол шалтгаан ба үр дагаврын үүднээс тэдгээрийг бодох явдал юм.

Зөв үгсийг төлөвшүүлэх нь үнэндээ маш ухамсартай хүчин чармайлт болон үнэн бөгөөд аядуу зөөлөн, эелдэг байдлаар; тохиромжтой цагт, зохистой хэмжээгээр; зөвхөн утга учиртай зүйл ярина гэсэн хүчтэй зоримог шийдвэрийг шаардана:

  • Цаг үргэлж хүмүүст саад болохгүй эсвэл байнга тэдэн уруу утсаар ярьж, мессеж бичин ялангуяа өглөөнийхөө цайндаа юу идсэн тухай гэх мэт аар саар зүйл, эсвэл цуу яриа ярихгүй байхыг хичээх хэрэгтэй. Эдгээр ердөө л бусдад саад болох утгагүй дэмий яриа юм.
  • Зохистой хэмжээ нь бусадтай ярих үед тодорхой нэг зүйлийн талаар, ялангуяа тэд аль хэдийн бидэнтэй санал нийлсэн байгаа тохиолдолд, тэднийг ятгахыг хэтэрхий хичээх эсвэл хэтэрхий их ярихгүй байх явдал.

Мэдээж бид ухаанаа ашиглах хэрэгтэй. Жишээ нь, үнэнийг хэлэхийн хувьд, хэрэв хэн нэгэн зохимжгүй хувцас өмссөн байгаа үед түүнийг хэлэх нь тэдний сэтгэлийг хөндөх бол “Зохимжгүй харагдаж байна” гэж хэлэхгүй байх. Зарим үед та болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд энэ нь тухайн хүн тус бүрээс шалтгаална. Миний эгч саяхан манайд зочлон ирсэн. Бид хамт гадуур гарахаар болж, тэрээр нэг цамц өмссөн нь бага зэрэг таталдан, сайхан таараагүй байсан. Тэрээр миний эгч учраас би мэдээж ямар харагдаж байгааг нь хэлж болно. Гэвч гэр бүлийн биш хүмүүст иймэрхүү байдлаар хэлэх нь хэцүү! Та шинэ найз бүсгүйдээ хэдийгээр тэр нь үнэн байсан ч “Өмссөн цамц чинь зохимжгүй харагдаж байна. Өөр юм өмсчих!” гэж хэлэхгүй л байх.

Ширүүн үгийн хувьд, зарим тохиолдолд та зарим зүйлийг хүчтэй хэлэх хэрэгтэй байж магадгүй. Хэрэв хүүхэд тань шүдэнз эсвэл асаагуур гэх мэт зүйлээр тоглож байвал та мэдээж хүчтэй хэлэх хэрэгтэй. Энэ нь үнэндээ ширүүн үгэнд тооцогдохгүй, учир нь таны сэдэл бол уур бухимдал биш. Иймд сэдэл үнэхээр юу юунаас чухал.

Буруу үгсийн бусад жишээ

Бид ярианы эдгээр сөрөг хэлбэрүүдэд бидний бусдад хандан хэлж буй төдийгүй өөртөө хандан хэлж байгаа хэлбэрүүдийг багтаан ойлгож болно. Эдгээр сөрөг үгсийг илүү өргөн хүрээнд авч үзэх боломжтой.

Худал хэлэх гэдэгт бусдад өөрийн сэтгэгдлийн талаар эсвэл бидний тэдэнд хандсан санаа юу байсан талаар худал хэлэх бас багтаж болно. Бид хэн нэгэнд түүнд хайртай гэж хэлэн сайхан хандаж болно – бидний хүсэж буй зүйл нь тэдний мөнгө эсвэл ямар нэг өөр зүйл байгаа үед бүр өөрийгөө хууран, түүндээ итгэсэн байж болдог. Нэг үгээр хэлбэл, энэ бол хууралт. Мэдээж бид түүн дээр очин “Би үнэндээ чамд хайргүй, би ердөө чиний мөнгийг хүссэн юм” гэж хэлж болохгүй. Учир нь энэ нь бага зэрэг зохимжгүй байх болов уу. Гэвч бид өөрийн сэтгэл, санаа зорилгодоо үнэнч шударга байгаа эсэхээ шалгаж байх хэрэгтэй.

Найз нөхдийг маань биднийг орхин явахад хүргэх тийм тааламжгүй зүйлүүдийг хэлэх нь нэгийг нөгөөд муу хэлэхийн (хов хэлэх) нэг хэлбэр болж болно. Зарим хүмүүс цаг үргэлж гомдол тавьж эсвэл байнга үгүйсгэх хандлагатай байдаг ба энэ нь хүн бүрийг өөрөөсөө холдуулдаг. Хэрэв бид ийм байх юм бол хэн бидэнтэй хамт байхыг хүсэх юм бэ? Эсвэл тасралтгүй ярьж нөгөө хүндээ нэг ч үг хэлэх боломж олгодоггүй – энэ нь мөн хүмүүсийг холдуулна. Бид бүгд ийм хүмүүс байдгийг мэднэ. Бид тэдэнтэй онцгойлон байнга уулзаад байхыг хүсэхгүй. Бусдын талаар сайхан зүйл хэлж, аль болох эерэг байх нь зүйтэй байдаг.

Бусдыг төдийгүй өөрийгөө зүхэх үед энэ нь ширүүн үг болно. Бусад хүмүүсийг тэнэг эсвэл муу гэж хэлэх нь мэдээж ширүүн үг. Үүнийг өөртөө хандаж хэлэх нь бас ширүүн үг болно. Энэ нь мэдээж биднийг ердөө ч баяртай болгохгүй. Иймд өөртөө сайн хандлагатай байх нь чухал. Бид өөртөө хэрхэн хандаж, сэтгэлдээ өөртэйгөө хэрхэн ярилцаж байгаа нь үнэхээр чухал.

Дэмий чалчаа үгийн хувьд бид өөрийн хувийн асуудлууд, эргэлзээ, санаа зовж байгаа зүйлын талаар бусдад хамаагүй ярихгүй байх хэрэгтэй. Бусадтай хуваалцаж болохгүй эсвэл хуваалцахгүй байх хэрэгтэй тодорхой зүйлүүд байдаг. Жишээ нь, хэрэв хэн нэг хүн танд итгэж өөрийгөө ижил хүйстэн эсвэл хорт хавдартай гэдгээ хэлээд үүнийг өөртөө хадгалахыг хүсвэл та түүгээр нь хийх хэрэгтэй. Бусдын итгэлийг эвдэх нь гол төлөв чалчаа үгэнд хамаарна.

Зөв үгс нь зөв цагт, зөв нөхцөлд зохистой байдлаар ярих тухай юм. Заримдаа бид албан байдлаар, заримдаа албан бус байдлаар ярих хэрэгтэй байдаг. Хүмүүсийг тавтай байлгах тийм хэв маягаар бид ярих хэрэгтэй. Хүүхдэд ямар нэг зүйл тайлбарлаж өгөх гэж байгаа бол түүнд ойлгомжтой байдлаар тайлбарлах хэрэгтэй. Үүнд насанд хүрэгчид болон өөр хэл соёлтой хүмүүст тайлбарлан өгөх гэх мэт тохиолдлуудыг бас багтаана.

Үйлийн хил хязгаар (Зан үйл)

Найман мөрийн хоёр дахь нь үйлийн зөв хил хязгаар юм. Энэ бол аргачлал бүхий үг хэллэг. Хил хязгаар гэж ярих үед бид “би энэ хил хязгаарын хүрээнд үйлдэнэ, түүнээс цааш гарч үйлдэхгүй” гэсэн тодорхой хязгаарлалтын тухай ярьж байдаг.

Буруу зан үйл

Хил хязгаарыг давах гэдгээр дараах гурван төрлийн сөрөг зан үйлийг илэрхийлнэ. Үүнд:

  • Амь таслах – амьд амьтны амь хөнөөх
  • Эс өгсөнийг авах – бидний биш зүйлийг авах, хулгайлах
  • Зохисгүй бэлгийн харилцаанд орох.

Амь таслах

Энэ бол өөр хэн нэгний амийг авах явдал. Энэ нь зөвхөн хүн амийг хэлж байгаа бус үүнд бүхий л амьтан, загс, шавьж хорхой гэх мэт бүгд багтана.

Бидний ихэнхийн хувьд ан хийх, загасчлахаас татгалзах нь хэцүү зүйл биш гэж би боддог. Зарим хүмүүсийн хувьд хорхой шавьжийг алахгүй байх нь хэцүү байж магадгүй. “Энэ ялаа өмнөх төрөлдөө миний эх байсан” гэх бодол бүхий өмнөх болон дараа төрлийн тухай ойлголт уруу орохгүйгээр үүнийг шийдвэрлэх олон аргууд бий. Хамгийн гол анхаарал хандуулах зүйл нь хэрэв бидэнд төвөг учруулж буй ямар нэг зүйл байгаа бол түүний амийг таслахыг өөрийн нэн түрүүний, зөнгөөрөө гарах хариу үйлдэл болгохгүй байх явдал. Энэ нь өөрийн дургүй ямар нэг зүйлийг хүчирхийллийн аргаар үгүй хийхийг хүсэх зуршил бий болгож улмаар энэ нь бидний нүүрэн дээр эргэлдэх ялаанаас цааш гаран тэлэх болно. Харин үүний оронд бид төвөгтэй аливаа зүйлийг шийдвэрлэх тайван арга замыг олохыг хичээх хэрэгтэй. Ялаа эсвэл шумуулын хувьд тэднийг ханан дээр суух үед шилэн аягаар даран, доор нь цааш тавин авч гадагш гаргаж болно. Олон олон нөхцөлүүдэд бид өөрийн дургүй зүйлээ шийдвэрлэх илүү тайван, үл хүчирхийлсэн аргуудыг олж болно.

Хэрэв та Энэтхэгт амьдарч байгаа бол миний сурсны адил шавьж хорхойтой хамт амьдарч сурах хэрэгтэй болно. Энэтхэгт шавьж хорхойноос салах арга зам ердөө байхгүй. Би бүр аялал жуулчлалын агентлагуудад “Хэрэв та шавж хорхойнд дуртай бол таны очих газар Энэтхэг!” гэсэн сурталчилгааны үг байвал ямар байх бол хэмээн боддог байлаа. Анх Энэтхэгт очихдоо би шавьж хорхойнд ердөө дургүй, харин зөгнөлт бүтээлүүдэд дуртай, ийм нөхцөл байдалтай очиж байлаа. Би, хэрэв би өөр нэгэн гараг дээр очиход тэндэхийн оршин суугчид нь иймэрхүү шавьжны хэлбэртэй байх бөгөөд тэдэнтэй тааралдахдаа миний хийхийг хүсэх зүйл ердөө тэднийг няцлан алах байвал хэчнээн таагүй байх бол гэж боддог байв. Хэрэв та өөрийгөө шавьжны оронд тавьж үзэж эхлэх юм бол – тэд бүгд ердөө л өөрийн хийх зүйлийг хийгээд явж байдаг – тэр үед та тэднийг амьдарч буй нэг зүйл гэж хүндэтгэж эхэлнэ.

Мэдээж гэм хортой хүмүүс байдаг шиг хортой шавьжууд байх ба заримдаа тэднийг хязгаарлахын тулд хүчтэй аргуудыг хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч бид хүмүүс хоорондын зөрчил эсвэл шоргоолж, жоом үүрлэсэн байшингийн тухай ярьж байсан ч ялгаагүй эхлээд тайван арга замыг оролдож үзэх нь чухал.

Тэгвэл царцааны нүүдэл тариаланг сүйтгэх тохиолдлыг авч үзье. Энд сэдэл чухал үүрэгтэй. Бурхан багш өмнөх нэг төрөлдөө хөлөг онгоцны залуурчин байсан жишээ байдаг. Хөлгийн тавцан дээр тус онгоцонд сууж яваа бүх хүмүүсийг үгүй хийхээр зэхэж байсан нэг хүн байжээ. Бурхан багш энэхүү олноор нь хүний амь хороох үйлдлийг тайван замаар зогсоох арга байхгүй байгааг харсан бөгөөд түүнийг зогсоох ганц шийдэл нь тэрхүү олон хүний амь хөнөөх гэж буй хүнийг өөрийг нь хөнөөх арга байв. Ингээд Бурхан багш тэр хүнийг хөнөөсөн. Тэрээр уур бухимдал эсвэл айдсаар бус харин бусад зорчигчдыг амьд үлдээх, тэр хүнийг маш их хэмжээний муу үйлийн үр хураахаас сэргийлсэн энэрэн нигүүлсэх сэтгэлийн сэдлээр түүнийг хийсэн. Гэвч Бурхан багш өөрийгөө хүний амь хөнөөсөн, сэдэл нь ямар ч байсан хэдий тэр нь сөрөг үйл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч “Бусдыг амьд үлдээх үүднээс үүний үрд гарах үйлийн үр дагаварыг би өөр дээрээ хүлээн авахад бэлэн” гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Иймд хэрэв ургацаа хамгаалах үүднээс царцаа гэх мэт хортон амьтдыг устгах шаардлагатай бол – уур бухимдлаар бус, айдсаар бус, ургацаар их мөнгө олохыг хүсэж бус – харин энэрэн нигүүлсэх сэтгэлээр хийвэл гарах үр дүн нь түүнийг уур бухимдлаар хийснээс маш бага болно. Гэвч Бурхан багшийн адилаар тэр нь сөрөг үйлдэл мөн бөгөөд түүнээс гарах ямар ч үр дагаврыг хүлээн авна гэж зөвшөөрөх нь маш чухал.

Хулгай хийх

Ихэнх хүмүүс өөрийн эд зүйлсээс илүү амь насаа хайрладаг боловч хэрэв та хэн нэгний эд зүйлийг авбал энэ нь хоёр талд хоёуланд нь маш их зовлонг бий болгоно. Ялангуяа хулгай хийсэн хүн нь “Би баригдчих болов уу?” гэсэн байнгын шаналах сэтгэлтэй байна.

Харин бидний хийхийг хүсэж буй зүйл бол өөртөө асуудал бий болгохоос зайлсхийх. Мэдээж хэрэв та загас эсвэл шавьж хорхойг албал энэ нь тэдний асуудал болно. Гэвч бидэнд бас асуудал байдаг. Хэрэв бид шавьж хорхойг маш их тээршээх юм бол бидний орон газрыг шумуул эзлэх вий хэмээн үргэлж санаа зовно, тэднийг алах гэж шөнө дунд ч босно. Энэ бол сэтгэлийн амаргүй төлөв байдал. Хэрэв бид эдгээр зүйлүүдийг шийдвэрлэхэд тайван арга замыг хэрэглэдэг бол бидний сэтгэл илүү амар байна.

Хулгай хийхэд энэ бас адил. Та өөрийгөө мэдэгдэхгүй байх ёстой болж, баригдах вий гэж үргэлж санаа зовно. Энэ нь тухайн нэг зүйлийг авахад шаардагдах үйл ажиллагааг хийх маш хүчтэй хүсэл болон танд түүнийг тэвчих хангалттай тэвчээр байхгүй байх явдал дээр суурилна. Ингээд та түүнийг шууд л авчихна.

Мөн үүний эсрэг сэдлээр хулгай хийх, амь таслах жишээ байдаг. Үүнд:

  • Та дур, шуналаар амьтны амь тасалж болно. Магадгүй та нэг төрлийн амьтан эсвэл загасыг идэхийг үнэхээр хүссэн байж болно. Хэрэв идэх зүйл өөр юу ч байхгүй бол энэ нь нэг хэрэг. Гэвч өөр сонголт байхад үүнийг хийвэл энэ нь өөр хэрэг.
  • Хэн нэг хүнд гэм хор хүргэх үүднээс, уурлан юмыг нь хулгайлж болно.

Бэлгийн зохисгүй үйл

Энэ бол хэцүү сэдэв. Учир нь бидний ихэнхийн хувьд, бидний бэлгийн үйлийн цаана байх хүчтэй хэрэгцээ нь шунах сэтгэл байдаг. Бурханы шашин нь чухам юунаас зайлсхийх ёстой талаарх үндсэн зөвлөмжийг гаргаж өгсөн. Үүнд:

  • Бэлгийн үйлээр дамжуулан гэм хор учруулах, бэлгийн хүчирхийлэл гэх мэт
  • Бусдыг төдийгүй өөрийн гэр бүлийн хүнийг хүсээгүй байгаа үед нь бэлгийн үйлд шахах
  • Хэн нэгний гэр бүлийн хүнтэй эсвэл өөрөө гэр бүлтэй бол хэн нэгэн өөр хүнтэй бэлгийн харилцаанд орох. Энэ нь үргэлж ямар нэг асуудалд хүргэдэг тийм биз дээ?

Бэлгийн зохисгүй үйлийн өөр олон хэлбэрүүд байх бөгөөд энэ бүхний цаана байх гол санаа бол ердөө адгуус амьтан шиг байхгүй байх явдал юм. Амьтан бол ойр тойронд хэн, юу байхаас хамаарахгүй хүссэн цагтаа өөр бусад дээр шууд морддог. Тэд шунал, дур хүслийнхээ эрхэнд бүрэн орсон байдаг – энэ бол бидний зайлсхийх ёстой зүйл.

Бидний хийвэл зохих зүйл бол тодорхой хил хязгаар тогтоож, бэлгийн зан үйлээ түүн дотор хязгаарлаж, түүнээс гарахгүй байх шийдвэр гаргах. Бидний тогтоох тэдгээр хязгаарлалт нь давтамж, төрөл, байрлал зэргийг тодорхойлно. Гол утга санаа нь бэлгийн амьдралаа хэрхэн жолоодох, өөрийн хүссэн юу ч байсан, адгуус амьтан шиг, ямар ч цагт, хаана ч, хэнтэй ч хамаагүй тэдгээрийг хийхгүй байх тодорхой хэм хэмжээ тогтоох явдал юм. Энэ нь хувийн сахилга баттай холбоотой үнэхээр маш чухал зүйл. Хувийн сахилга бат гэдэг бол өөрийн тогтоосон хил хязгаараас цааш гарахгүй байх явдал. Учир нь хил хязгаарыг давах нь ердөө дур хүсэл дээр суурилсан байдаг бөгөөд дур хүсэл нь тоолшгүй олон асуудлын шалтгаан болдог гэдгийг бид ойлгосон байдаг.

Мансууруулах зүйл хэрэглэх

Мансууруулах зүйл хэрэглэх нь эдгээр сөрөг үйлд багтдаггүй боловч тэдгээрийг хэрэглэхгүй байх нь бидний төлөвшилд маш чухал.

Бид төвлөрөл, сахилга бат төлөвшүүлэхийг хүсэж байгаа. Гэвч хэрэв бид согтох юм бол бүх сахилга батаа алдана, тэгнэ биз дээ? Бид сэтгэцэд нөлөөлөх эм эсвэл хар тамхи хэрэглэвэл бүх төвлөрлөө алдана. Бидний сэтгэл сарнин, уран зөгнөлөөр дүүрнэ. Хэрэв бид тэдгээр мансууруулах зүйлс эсвэл архины үр нөлөөг хувь хүнийхээ төлөвшлийн үүднээс хүрэхээр зорьж буй зүйлтэйгээ харьцуулж үзэх юм бол мансуурах, согтуурах нь тэдгээртэй зөрчилдөхийг ойлгоно. Энэ нь согтуу байх хугацаанд төдийгүй түүний дараа ч гарч болох бэрхшээлүүдийг бий болгоно – шартах гэх мэт! Иймд өөрийн хэрэглээнд тодорхой хэлбэрийн хязгаарлалт тогтоох нь лавтай сайн бөгөөд тэдгээрээс бүрэн татгалзвал туйлаас сайн болно.

Үйлийн зөв хил хязгаар (Зөв үйл)

Хувийн сахилга батын нэг тал бол сөрөг үйлээс зайлсхийх бол нөгөө тал нь үйлийн эерэг хэлбэрүүдийг үйлдэх явдал. Үүнийг “зөв үйл” гэнэ.

Иймд бусдын амийг авахын оронд бусдын амь насыг хамгаалахад идэвхтэй туслах хэрэгтэй. Үүнийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх нэг хэлбэр нь байгаль орчныг сүйтгэхгүй байх явдал бөгөөд түүнийг хамгаалснаар ан амьтан, загас, усны амьтад эрх чөлөөтэй амьдарч чадна. Хэрэв танд байдаг бол гахайгаа тэжээх нь тэдгээрийг таргалуулж өөрөө идэх зорилготой бус харин тэдгээрийг сайн өсгөж буй хэрэг – энэ бол амьтны амийг хамгаалж байгаа явдал. Нохойгоо тэжээх – энэ бол амь хамгаалж буй нэг хэлбэр! Үүнд мөн өвчтэй хүнийг асрах эсвэл зовлон бэрхшээл тохиолдсон тэдгээр хүмүүст туслах зэрэг үйлүүд багтана.

Таны өрөөнд эргэлдэх ялаа эсвэл зөгийг авч үзье. Үнэндээ тэд тэнд байхыг хүсэхгүй байгаа. Тэндээс гарахыг хүсэж байгаа боловч хэрхэн гэдгээ мэдэхгүй байгаа үед таны өрөөнд андуурч орж ирсэн энгийн алдаа гаргасных нь төлөө та түүнйг алах юм бол тэр сайн зүйл болохгүй, тийм биз дээ? Цонхоо нээн, үргээн гарахад нь тусалж өгч болно – энэ бол амь хамгаалахад тусалж буй хэлбэр. Зөгий ч амьдрахыг хүсэж байгаа! Хэрэв нэг шувуу андууран таны өрөөнд орж ирэх юм бол та буу гарган түүнийг буудахгүй биз дээ? Гэвч зөгий, шувуу хоёрын хоорондох ялгаа нь тэдний хэмжээ, харагдах байдал, тэдний гаргадаг дуу. Хэрэв та ялаа өрөөнд тань байхад дургүй бол – цонхоо битгий нээ эсвэл тор хий!

Хулгай хийхгүй байхын хувьд зөв үйл нь бусдын эд зүйлийг хамгаалах. Хэрэв та хэн нэгнээс юм түр авч хэрэглэж байгаа бол түүнийг эвдэлж хэмхлэхгүй байхыг маш сайн хичээх хэрэгтэй. Мөн хүмүүст сайхан эд зүйлтэй болоход нь туслахыг хичээ.

Бусадтай төдийгүй өөртөө хийх бэлгийн зохисгүй үйлийн оронд та сексийн харилцаандаа эелдэг, зөв сэтгэлээр хандах хэрэгтэй, ороо нь орсон нохой мэт бүү бай.

Зөв, буруу үйлийн бусад жишээ

Хэрэв бид энэ яриаг үргэлжлүүлбэл эдгээр гурван үйлийн олон өөр талууд байдгийг ойлгох болно.

Жишээ нь амь таслахгүй байхыг тэлж авч үзэх юм бол үүнд бусдад бие махбодын хувьд ширүүн аргаар хандахгүй байх явдал багтана. Үүнд хүмүүсийг цохиж, зодох төдийгүй тэднийг хэт их ажиллуулах, бие махбодын хувьд хохирол учруулж болох зүйл хийхэд тэднийг хүчлэхгүй байх зэрэг орно. Үүнийг мөн өөртөө хэрэглэж болно – хэт их ажлаар өөртөө буруу хандахгүй, хэт бага, чанаргүй хооллохгүй, хэт бага унтахгүй байх. Ихэнхдээ бид өөрийн зан үйлийг бусдад үзүүлэх зан үйлийн үүднээс авч үздэг ч түүнийг өөртөө хандаж хэрэглэх нь бас чухал.

Хулгай хийхийн хувьд үүнд зөвхөн бусдын эд зүйлийг авах бус бусдын эд зүйлийг асуухгүйгээр хэрэглэх явдал орно. Хүний гар утсыг авч өндөр төлбөртэй дуудлага хийх, эсвэл зөвшөөрөл авахгүйгээр бусдын хөргөгчинд байгаа хоол хүнсийг авч хэрэглэх. Кино театрт тасалбар авахгүйгээр орох – хүмүүс энэ нэг тохиолдлыг сонсох дургүй байдаг – татвараа төлөхгүй байх! Энэ бол хулгай. Бид “Дайныг санхүүжүүлэх, зэвсэг худалдаж авахад зарцуулагддаг учраас би татвар төлөхийг хүсэхгүй байна” гэж маргаж болно. Гэвч бодит байдал бол тэдгээр нь зам, эмнэлэг, сургууль барих зэрэгт бас зарцуулагддаг. Хэрэв танд эдгээр бүхэн хэрэгтэй бол та тодорхой хэмжээний татвар төлөх хэрэгтэй.

Лицензгүй эсвэл зохиогчийн эрх зөрчсөн програм эсвэл видео татаж авахын хувьд, энэ хулгай юу? Тийм гэж би бодож байна, ялангуяа “төлбөргүй татаж авч болохгүй” гэж тодорхой сануулсан тохиолдолд, энэ бол ойлгомжтой. Үүнийг хулгай биш гэж хэлэхийн аргагүй юм. Гэвч зарчим бол хил хязгаар тавих. Гарах үр дүнгийн талаар бодохгүйгээр хүссэн зүйлээ хийхээс эхлээд огт юу ч хийхгүй байхын хооронд – их олон зүйл бий, тийм биш гэж үү. Хулгай хийхийн хувьд “Би банк дээрэмдэхгүй, дэлгүүр ухахгүй, гэвч төлбөр төлөхгүйгээр татаж авах хувьд? Үүнээс би одоохондоо зайлсхийж чадахгүй” гэж бид хэлэх байх. Энэ нь наад зах нь тодорхой нэг хил хязгаар тогтоож байгаа боловч төлбөр төлөхгүйгээр татаж авах нь хулгай гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал чухал. Мөн төлбөр төлөх чадвар байхад төлбөргүй татаж авах, төлбөрийн чадвар байхгүй байх үе хоёрын хооронд том ялгаа бий. Төлбөр төлөх чадвартай боловч, харамлаж эсвэл бүдүүлэг байдлаар төлөхгүй байх нь илүү муу. Энэ бол зайлсхийх ёстой зүйл.

Хулгай хийхийн энэ тал дээр бид өөрийгөө харж болно – аар саар зүйлд мөнгө үрэхийг зогсоож болно. Мөрийтэй тоглох нь өөрийн эд зүйлийг буруу хэрэглэж байгаа явдал. Үнэндээ худалдаж авах чадвартай байгаа бол өөрөөсөө харамлахгүй байх хэрэгтэй. Зохистой хооллох, сайн хүнс авах мөнгө байхад нарийлан хямд, муу чанартай хүнс авдаг. Энэ бол бараг өөрөөсөө хулгай хийж байгаатай адил!

Бэлгийн зохисгүй үйлийн тухайд, энэ бол зөвхөн өөрийгөө бусад эсвэл бусдын гэр бүл уруу түлхэхгүй байх төдийгүй өөрийн бие махбодын эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул хүргэж болгох бэлгийн харилцаанд орохгүй байх тухай юм. Жишээ нь, та маш сайхан хүнтэй танилцах ба нөгөө талаараа та түүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүснэ. Гэвч асуудал бол тэдэнд сэтгэл зүйн болон бусад өөр бэрхшээлүүд байх бөгөөд хэрэв та түүнд оролцвол цаашид танд бэрхшээл учирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд өөрийн хувийн эрүүл мэндийг сахих үүднээс та түүнд оролцохгүй байх хэрэгтэй. Сайхан хэн нэгнээс болж дур хүсэлдээ автахгүй байх нь зүйтэй юм!

Тогтоосон хил хязгаараа давсан тохиодолд юу хийх хэрэгтэй вэ?

Заримдаа бид зан үйлийнхээ хувьд тогтоосон хил хязгаараа аргагүй давдаг. Бурханы шашин ийм тохиолдлуудад тэдгээрийн үр дүнг бууруулах цогц аргыг санал болгодог. Үүнд:

  • Хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөх. Өөртөө үнэнч байх.
  • Юу ч хийсэн байсан түүнийг хийгээгүйсэн бол хэмээн харамсах. Энэ бол өөрийгөө муу хүн гэж үзэн тэрхүү бодлоо хадгалсаар байх өөрийг гэм буруутайд үзэх сэтгэлээс өөр.
  • Тухайн үйлдлийг давтахгүй байх, хичээн оролдох шийдвэр гаргах.
  • Зовлонд хөтөлж, бэрхшээл учруулдаг учраас үйлийн хил хязгаарыг давахгүй гэсэн сэдлээ дахин батлан тэмдэглэх.
  • Үр дагаварыг бууруулах арга (ерөндөг) хэрэглэх. Жишээ нь, хэрэв та хэн нэгэн уруу хашхичсан бол сэтгэл санаа муу байсан гэх мэтээр тайлбарлан тэднээс чин сэтгэлээс уучлал гуйх явдал.

Амьжиргаа

Энэ нь бид хэрхэн амьдралаа залгуулж байгааг авч үзэх ба бидний зарим нь ёс зүйтэй, зарим нь ёс зүйгүй байдаг.

Буруу амьжиргаа

Энэ нь зарим нэг төрлийн хор хөнөөлтэй үйлдвэрлэлээр ашиг олохоос зайлсхийх асуудлыг хөндөнө. Үүнд:

  • Зэвсэг үйлдвэрлэх эсвэл худалдаалах
  • Мал нядлах, ан хийх, загасчлах, шавьж устгах
  • Архи, мансууруулах бодис үйлдвэрлэх, худалдаалах, түүгээр үйлчлэх
  • Мөрийтэй тоглоом, казиногийн үйл ажиллагаа явуулах
  • Садар самууныг сурталчилсан зүйл хэвлэн нийтлэх, түгээх.

Ийм төрлийн амьжиргаа нь, жишээ нь садар самууныг сурталчилснаар дур, хүслийг нэмэгдүүлэх гэх мэтээр бусдад гэм хор учруулна. Бүр ердийн ажил алба эрхэлж байсан ч үнэнч байж, шударга бус байдлаас зайлсхийх нь чухал. Тухайлбал:

  • Аль болох их мөнгө авах үүднээс үйлчлүүлэгчээсээ илүү төлбөр авах
  • Байгууллагын хөрөнгөөс хувийн хэрэгцээндээ ашиглах, завших
  • Мөнгө авахаар бусдыг айлган сүрдүүлж, дарамтлах
  • Авлига
  • Хөдөлмөрийн мөлжлөгө
  • Хуурамч зар сурталчилгаа
  • Илүү ашиг олохоор хүнс болон бусад бүтээгдэхүүнд хольц хийх.

Мөнгө олох шударга бус аргууд үнэхээр олон байдаг! Ийм төрлийн амьжиргаанаас зайлсхийхийн тулд бид ёс зүйн сахилга баттай байх хэрэгтэй.

Зөв амьжиргаа

Бид үнэнч шударга замаар, нийгэмд тустай ажил хөдөлмөр хийж амьдралаа залгуулахыг зорих хэрэгтэй. Жишээ нь:

  • Анагаах ухаан
  • Нийгмийн ажил
  • Шударга худалдаа
  • Бусдад тустай бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл, худалдаа.

Нийгмийн эрүүл үйл явц, бусдын сайн сайханд хувь нэмэр оруулах ямар нэг зүйл хийх нь маш сайн. Үүнээс гадна бид дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Бусдыг хуурч мэхлэхгүй, илүү хөлс авахгүй
  • Ашиг олох боловч, үндэслэлтэй, шударга үнэ тогтоох
  • Ажилчиддаа сайн цалин өгч, тэдний хөдөлмөрийг мөлжихгүй байх.

Байнга гардаг нэг асуулт бол хэрэгцээ шаардагын тухай асуудал юм. Нэг удаа би нэг төвөд багшийн Авсртали улсад тавьсан номыг орчуулсан юм. Маш их олон тоо толгойтой хонь бүхий нэг газрын хүн “Миний амьдардаг газар хийх боломжтой ганц ажил нь хонь үржүүлэх бөгөөд тэдгээр нь ноос, махны нийлүүлэлтэнд ордог. Тэгэхээр би юу хийх хэрэгтэй вэ? Би өөр хот уруу нүүж, өөр ажил хийх боломжгүй” гэж ярьсан. Төвөд лам “Хамгийн гол зүйл бол өөрийн ажилдаа үнэнч байж, бусдыг хуурч мэхлэхгүй, хонь малаа хайрлаж, сайн тэжээж, арчлах явдал” гэж хариулсан. Иймд гол анхаарах зүйл бол сайхан сэтгэлтэй, үнэнч байх явдал.

Дүгнэлт

Энэхүү найман мөрөөс авч байгаа зөвлөмжийг бид бидний үйл ажиллагааг хязгаарлах хэсэг дүрэм бус харин өөрт болон бусдад зөвхөн гэм хор хүргэх сөрөг үйлээс биднийг ангид байлгах хил хязгаар гэж үзэх хэрэгтэй.

Top