Бусад шашны талаар баримтлах Бурханы шашны үзэл баримтлал

Дэлхий дээр хэдэн тэрбум хүн байгаагийн адил хэдэн тэрбум өөр өөр үзэл баримтлал, хүсэл сонирхол байх нь мэдээж. Бурханы шашны үүднээс авч үзвэл олон өөр хүмүүсийн олон өөр хэрэгцээ шаардлагад нийцэх олон өөр шашин байх нь зүйн хэрэг. Бурханы шашин бүх шашин хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмэр оруулах ижил зорилготой гэж үздэг. Энэ нийтлэг зарчмынхаа хүрээнд Бурханы шашин, Христийн шашин нь бие биеэ хүндэтгэх, хамтран ажиллах үзэл санаагаар харилцан нэг нэгнээсээ суралцах солилцооны хөтөлбөрүүдийг бий болгоод байна.

Хүн бүр адилхан үзэл бодол, хүсэл сонирхолтой байдаггүй учраас Бурхан багш өөр өөр хүмүүст тохирох олон өөр сургаал, номыг заасан. Чухам ийм үзэл санаагаар Дээрхийн гэгээн Далай лам, дэлхий дээр ийм олон шашин байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг хэмээсэн байдаг. Хүн бүр нэг янзын зоогийг таашаадаггүйтэй адил нэг шашин эсвэл нэг итгэл үнэмшлийн тогтолцоо хүн бүрийн хэрэгцээг хангахгүй. Олон өөр шашин байгаа нь үнэхээр сайн хэрэг бөгөөд энэ бол түүнийг таатай хүлээн авч, баясах сэтгэлээр хандах нэг зүйл юм.

Шашин хоорондын харилцан ойлголцол

Орчин үед Бурханы шашны эрдэмтэн багш нар болон бусад шашны тэргүүн нарын хооронд харилцан бие биеэ хүндэтгэх зарчим дээр тулгуурласан харилцан ойлголцох яриа хэлэлцээг олноор зохион байгуулах болсон. Далай лам, II Иохан Паул нар хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд 1986 онд Пап лам дэлхийн бүх шашны тэргүүн нарыг Италийн Ассизи хотод нэгэн том чуулга уулзантанд урьсан. 150 төлөөлөгч хуран цугласан бөгөөд Ромын Папын дэргэд суух Далай ламд эхний илтгэлийг тавих хүндэтгэл оногдож байлаа. Тус хурлаар шашны тэргүүн нар бүх шашны нийтлэг сэдэв болох ёс суртахуун, асрал, энэрэл нигүүлслийн талаар санал бодлоо солилцсон бөгөөд олон шашны тэргүүн нарын бие биедээ үзүүлсэн энэхүү харилцан хүндэтгэл, найрсаг, хамтын ажиллагаа нь хүмүүст итгэл найдвар, урам зориг өгсөн юм.

Мэдээж шашин бүр өөр. Үзэл баримтлал, номлол сургаалыг нь авч үзвэл тэдгээр ялгааг нэгтгэх үнэхээр боломжгүй, гэвч энэ нь маргах ёстой гэсэн үг биш. “Миний итгэл үнэмшил чиний итгэл үнэмшлээс сайн” гэх хандлага ямар ч тус хүргэхгүй. Шашин бүрд байх нийтлэг зүйл нь юу байна вэ гэдгийг харах нь илүү чухал: энэ нь тэд бүгд хүн төрөлхтний оршихуйг сайжруулах, хүн бүрийн аж амьдралыг илүү сайн болгох үүднээс ёс суртахуун, асрал хайр, энэрэл нигүүлсэл, уучлалыг төлөвшүүлэн сургахыг эрмэлздэг явдал юм. Тэд хүмүүст амьдралын дан ганц материаллаг талд баригдахгүй, харин материаллаг болон оюун санааны эрлийг тэнцвэржүүлэхийг хичээхийг зөвлөдөг.

Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад бүх шашин хамтран ажиллавал үнэхээр тустай байх болов уу. Материаллаг хөгжил дэвшил чухал, гэвч оюун санааны хөгжил дэвшил бас чухал болох нь улам бүр тодорхой харагдах боллоо. Хэрэв бид амьдралын зөвхөн материаллаг талыг чухалчилбал олноор хөнөөх хүчин чадал бүхий бөмбөг хийх нь хүсэлд нийцэх зорилго болно. Харин хүмүүнлэг эсвэл оюун санааны талаас нь авч үзэх юм бол олноор хоморголон устгах зэвсгийг хураахаас гарах асуудлуудыг бид ойлгоно. Гэвч хэрэв зөвхөн оюун санаагаа хөгжүүлж, материаллаг талаа бүрэн орхигдуулбал бүгд өлсөнө. Энэ бас сайн биш! Иймд тэнцвэр маш чухал.

Бие биеэсээ суралцах

Дэлхийн шашин хоорондын хамтын ажиллагааны нэг тал нь өөрсдийн онцлогийг бусадтайгаа хуваалцах явдал юм. Жишээ нь: Христийн шашны бясалгалд анхаардаг олон хүмүүс Бурханы шашны төвлөрөл, бясалгалын аргуудаас суралцах сонирхлоо илэрхийлж байсан. Мөн нэлээд олон тооны Католик шашны номлогч, хамба, эрэгтэй, эмэгтэй хуврагууд эдгээр аргуудад суралцаж, тус тусын уламжлалд тэдгээрийг дахин сэргээх үүднээс Энэтхэгийн Дарамсалад зочилж байлаа. Цөөнгүй тооны Бурханы шашны хүмүүс Католик шашны сургалтанд багшаар оролцож байсан бөгөөд миний бие мөн тэдэнд хэрхэн бясалгах, төвлөрлийг хэрхэн төлөвшүүлэх, асрал хайрыг хэрхэн төрүүлэх талаар сургалт явуулахаар хэдэнтээ уригдаж байсан. Христийн шашин хүн бүрийг асарч хайрлах тухай сургах боловч хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийн тайлбарлаагүй байдаг бол Бурханы шашинд асрал хайрыг төрүүлэх арвин их арга байдаг. Христийн шашны өндөр түвшний зүтгэлтэн нар Бурханы шашны эдгээр аргуудаас суралцахыг сайшаадаг. Энэ нь тэд Бурханы шашинтан болно гэсэн үг биш – энд хэн ч хэний ч шашныг солихыг оролдоогүй. Энэ нь ердөө тэдэнд өөрийн шашны хүрээнд эдгээр аргуудыг хэрэглэж сурах, илүү сайн Христийн шашинтан болоход нь туслах тухай юм.

Үүний адил олон Бурханы шашинтан хүмүүс Христийн шашны нийгэмд үйлчлэх арга туршлагаас нь суралцахыг сонирхдог. Христийн шашны ихэнх урсгалууд эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудыг сургууль, эмнэлэг, өндөр настан болон хүүхдийн асрах газруудын үйл ажиллагаанд тусалж байхад онцгойлон анхаардаг. Бурханы шашинтай зарим орнууд нийгэмд үйлчлэх ийм үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа боловч газар зүйн болон нийгмийн зарим нэг хүчин зүйлүүдээс шалтгаалан бүгд хараахан эхлүүлээгүй байна. Бурханы шашинтнууд Христийн шашны нийгэмд үйлчлэх арга туршлагаас ихийг суралцаж болох бөгөөд Дээрхийн гэгээн ч үүнд маш нээлттэй ханддаг. Аль аль тал нь бие биеэсээ туршлага судалж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Ийм байдлаар харилцан бие биеэ хүндэтгэх хүндлэл дээр тулгуурласан дэлхийн шашин хоорондын нээлттэй хэлэлцүүлэг ч явагдах боломжтой.

Дүгнэлт

Өнөөгийн байдлаар шашин хоорондын хамтын ажиллагаа нь шашны тэргүүн нарын хооронд өндөр түвшиндээ явагдаж эхлээд байгаа бөгөөд оролцогчид нь илүү чөлөөтэй, хуучинсаг үзэл багатайгаар оролцож буй мэт санагддаг. Харин бусад түвшиндээ, хүмүүс илүү итгэл муутай болж, тэдний дунд, өрсөлдөх, тэмцэлдэх сэтгэл зүй хэм хэмжээ болсон хөл бөмбөгийн багуудыг дэмжигчдийн сэтгэл зүйтэй адил сэтгэхүй бүрэлдээд байна. Шашин хооронд эсвэл Бурханы шашны уламжлалууд өөр хоорондоо ийм хандлагатай байх нь үнэхээр харамсалтай. Бурхан багш олон янзын хүрээний хүмүүст өөр хоорондоо харшлахгүй тохирох олон өөр аргыг заасан байдаг. Иймд Бурханы шашны уламжлалууд дотор, дэлхийн шашин хооронд ч бусад уламжлалуудаа хүндэтгэх явдал маш чухал болоод байна.

Top