Дахин төрлийг хэрхэн ойлгох вэ?
Ямар нэг зүйл үнэн гэдгийг бид хэрхэн нотлон мэдэж хүлээн зөвшөөрдөг вэ? Бурханы шашны сургаалын дагуу бид юмсыг хоёр янзаар нотолж мэддэг: шууд танин мэдэх эсвэл логик дүгнэлт хийх. Лабораторид туршилт хийж бид ямар нэг зүйлийн буй эсэхийг шууд мэдэхүйгээр нотолж болдог. Жишээ нь микроскопоор харж, өөрсдийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулан бид нуурын нэг дусал усанд олон жижиг микробууд байгааг үнэн гэж мэддэг.
Гэвч зарим зүйлийг шууд мэдэхүйгээр мэдэх боломжгүй байдаг. Бид логик, учир шалтгааны үндэслэл, оюун дүгнэлтэн дээр суурилах ёстой болдог. Жишээ нь соронзон чанарыг бид соронз болон төмрийн үрдэсний үзүүлэх харилцаан дээрээс дүгнэж мэднэ. Дахин төрлийг мэдрэхүйн эрхтний шууд мэдрэхүйгээр батлан харуулах маш хэцүү. Гэвч урд төрлийнхөө амьдралыг санадаг, урд төрөлдөө өөрийн хэрэглэж байсан эд зүйл болон танил байсан хүмүүсээ таньж мэддэг хүмүүсийн олон жишээ байдаг. Үүгээр бид дахин төрөл байдаг гэж дүгнэж болох боловч зарим хүмүүсийн хувьд үүнд эргэлзэж, түүнийг арга заль гэж сэжиглэж болно.
Урд төрлийг санах тухай эдгээр түүхүүдийг хойш тавьж түүнийг ойлгох логикийн арга руу хандаж болно. Дээрхийн гэгээн Далай лам хэрэв тодорхой ойлголтууд бодит байдалтай нийцэхгүй байвал тэдгээрийг Бурханы шашны ойлголтоос хасахад тэрбээр бэлэн хэмээсэн байдаг. Үүнд дахин төрлийн тухай ойлголт ч бас багтана. Тэрбээр үнэндээ энэ мэдэгдлээ анх дахин төрлийн ойлголттой холбоотойгоор хийсэн байдаг. Хэрэв эрдэмтэд дахин төрөл байдаггүй гэж баталж чадвал бид түүнд итгэхээ болих ёстой. Хэрэв эрдэмтэд түүнийг байдаггүй гэж баталж чадахгүй бол аливаа шинэ зүйлийг ойлгоход нээлттэй байдаг шинжлэх ухааны аргуудыг, логикийг тэд баримталдаг учир эрдэмтэд дахин төрлийг байдаг гэдэг талаас нь судалж шинжлэх ёстой. Дахин төрөл байдаггүй гэдгийг батлахын тулд тэд түүний байхгүйг тогтоох ёстой болов уу. Ердөө “Би дахин төрлийг нүдээрээ харахгүй байгаа учраас тэр байдаггүй” гэж хэлэх нь дахин төрлийн байхгүйг тогтоож байгаа хэрэг биш. Соронзон болон таталцал гэх мэт бидний нүдээрээ харж чадахгүй олон зүйл оршиж байдаг.
Дахин төрөл байдаг эсвэл үгүйг шинжлэн тогтоох танин мэдэхүйн логик аргууд
Хэрэв эрдэмтэд дахин төрөл байхгүй гэж баталж чадахгүй бол тэд дахин төрөл үнэндээ байдаг эсэхийг судлах нь зөв. Шинжлэх ухааны арга зүй нь тодорхой өгөгдөл дээр тулгуурлан нэг онол дэвшүүлж дараа нь түүний батлагдах эсэхийг шалгах үйл явц байдаг. Ийнхүү бид тухайн нэг өгөгдлийг авч үзнэ. Жишээ нь, шинэ төрсөн хүүхдүүд ямар ч бичлэггүй хуурцаг адил төрдөггүй нь бидэнд ажиглагддаг. Хэдий тэд маш бага байсан ч тэдэнд тодорхой зуршил, зан чанар байгаа нь анзаарагдана. Тэдгээр нь юунаас бий болдог вэ?
Тэдгээрийг эцэг, эхийн махбодын физик, биет нэгдэл болох эр, эм бэлгийн эс бүхий тэрхүү өмнөх үргэлжлэлээс бий болдог гэж хэлэх нь логик үндэслэл муутай. Умайн хөндийд нийлсэн эр, эм эс бүр ураг болдоггүй. Ураг болж байгаа эсвэл болохгүй байгаа эсүүдийн хоорондын ялгаа нь юу байх вэ? Хүүхдэд байх янз бүрийн зуршил, төрөлх зан араншингийн шалтгаан нь үнэндээ юу байдаг вэ? Бид үүнийг ДНХ, ген гэж хэлж болно. Энэ бол физик биеийн тал. Энэ бол хүүхэд хэрхэн бий болох үйл явцын физик тал гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл мэдрэхүйн талын хувьд энэ нь юу байх вэ? Сэтгэлийг бид хэрхэн бүрдүүлдэг вэ?
Англи хэлний “сэтгэл” (англ. mind) гэдэг үг санскрит болон төвөд хэлэнд байх орчуулбал зохих тэдгээр үгнүүдтэй адилхан утгатай байдаггүй. Тэдгээр хэлэнд “сэтгэл” гэдэг үг нь сэтгэлийн үйл ажиллагааг явуулах тэр нэг зүйлтэй холбоотой бус харин сэтгэлийн үйл ажиллагаа эсвэл сэтгэлд болж байх үйл явдлуудтай холбоотой үг байдаг. Сэтгэлийн үйл ажиллагаа болон сэтгэлд болж байх үйл явдлууд нь юмсын танин мэдэхүйд буух байдал – бодол, харагдах байдал, дуу чимээ, сэтгэл хөдлөл, мэдрэмж зэрэг – мөн тэдэнтэй холбоотой танин мэдэхүйн оролцоо – тэднийг харах, сонсох, ойлгох, бүр тэднийг ойлгохгүй байх үйл явц байна.
Танин мэдэхүйн орон танин мэдэхүйд буух мөн түүнд оролцох танин мэдэхүйн оролцоо бүхий хувь хүнд байх сэтгэлийн энэ үйл ажиллагаа хаанаас гарч байдаг вэ? Энд бид мэдээж эцэг эхээс төрөх бидний бие махбод хаанаас үүсдэг тухай яриагүй. Бид оюуны чадвар зэргийн талаар яриагүй, учир нь үүнд генийн суурь бий гэж бид бас маргаж болно. Гэвч хэн нэг хүний шоколадтай мөхөөлдсийг илүүд үзэх хандлага тэр хүний гентэй холбоотой байх нь үнэнд арай ойртохгүй.
Бидний зарим сонирхол гэр бүл эсвэл нийгэм, эдийн засгийн орчны нөхцөлүүдээр нөлөөлөгдөж байдаг гэж бид хэлж болно. Эдгээр хүчин зүйлүүд мэдээж нөлөөлөх боловч бидний хийх бүх зүйлийг ийм байдлаар тайлбарлахад хэцүү. Жишээ нь, яагаад би бага байхаасаа йогт сонирхолтой болов? Миний гэр бүл эсвэл манай нийгэмд хэн ч түүнийг сонирхож байгаагүй. Миний амьдарч байсан газар тэр тухай зарим номнууд байсан, эсвэл нийгэм нөлөө үзүүлсэн гэж та хэлж болох байх, гэвч би яагаад хатха йогийн тухай тэр номыг сонирхох болов? Яагаад би түүнийг сонгож авав? Энэ бол өөр асуудал. Юмс ердөө санамсаргүй болж, аз тохиож эхэлдэг үү, эсвэл бүх зүйлийг тайлбарлаж болох уу?
Хувь хүн тус бүрийн (бие даасан) сэтгэлийн үйл ажиллагаа хаанаас, юунаас гардаг вэ?
Энэ бүх зүйлийг хойш тавиад, гол асуултандаа эргэж оръё: танин мэдэхүйн объектууд сэтгэлд ургах үйл явц болон тэдгээрт оролцох танин мэдэхүй хаанаас гардаг вэ? Танин мэдэх энэ чадвар хаанаас бий болдог вэ? Эр, эм эсийн энэхүү нэгдэлд амь өгдөг зүйл нь юу вэ? Юу түүнийг хүн болгодог вэ? Бодол төрөх, юмсын дүр төрхийг харахад хүргэж байгаа зүйл нь юу байдаг мөн тархины химийн болон цахилгаан холбооны тал болох танин мэдэх үйл явцад юу нөлөөлж байдаг вэ?
Нярай хүүхдийн сэтгэлийн үйл ажиллагаа эцэг эхээс нь дамждаг гэж хэлэхэд хэцүү. Учир нь хэрэв тийм бол тэр нь эцэг эхээс хэрхэн дамжих вэ? Тодорхой нэг механизмын оролцоо байх ёстой болно. Юмсыг танин мэдэх тэр мэдэхүйгээр тодорхойлогдох – тэрхүү амьдралын оч – эр, эм эс адилаар эцэг эхээс бий болох уу? Энэ нь үрийн шингэнээр дамжих уу? Өндгөн эс боловсрон гадагшлах үед (овуляцаар) дамжих уу? Энэ нь эр бэлгийн эсэд байх уу? Өндгөн эсэд байх уу? Хэрэв бид энэ нь чухам хэдүйд эцэх эхээс дамжих талаар логик үндэслэлтэй, шинжлэх ухааны тайлбар гаргаж ирж чадахгүй бол бид өөр шийдэл хайх ёстой.
Цэвэр логикийн үүднээс авч үзэх юм бол бид үзэгдэл бүхэн бүгд өөр өөрийн үргэлжлэл, үзэгдэл юмсын нэг ижил категорит багтах ямар нэг зүйлийн өмнөх мөчүүдээс үүсдэгийг харна. Жишээлбэл, нэг физикийн үзэгдэл, матери ч бай, энерги ч бай, тэр нь тухайн матери эсвэл энергийн өмнөх агшнаас үүснэ. Энэ бол үргэлжлэл.
Уур бухимдлыг авч үзье. Уурлах үед бидэнд мэдрэгдэх физикийн энергийн талаар бид ярьж болно, энэ бол тусдаа нэг зүйл. Гэвч уур бухимдлыг туулах сэтгэлийн үйл явцыг – үүсэх сэтгэл хөдлөл болон түүнийг мэдэх эсвэл мэдэхгүй байх явдлыг туулж эдлэх үйл явцыг авч үзье. Тухайн нэг хувь хүний уур бухимдлыг туулах явдал нь энэ насанд үргэлжлэх өөрийн гэсэн үргэлжлэлийн өмнөх агшнуудтай байна. Гэвч энэ нь түүний өмнө хаанаас гарч ирсэн байх вэ? Энэ нь эцэг эхээс, үүнийг тайлбарлах механизм байхгүй мэт санагддаг, эсвэл бүтээгч Эзэн тэнгэрээс бий болсон байх ёстой болж таарна. Гэвч зарим хүмүүсийн хувьд, хамгийг чадагч эзэн тэнгэр юмсыг хэрхэн бүтээдэг талаарх тайлбарт байх логик зөрчил нь асуудалд хөтөлдөг. Эдгээр асуудлуудаас зайлсхийх өөр нэг хувилбар нь хэн нэг хүний амьдралд байх уур бухимдлын эхний агшин нь тухайн үргэлжлэлийн түүний өмнөх агшнаас гарах явдал байж болно. Дахин төрлийн онол нь чухам үүнийг л тайлбарладаг.
Кино зүйрлэл
Дахин төрлийг бид киногоор зүйрлүүлж ойлгохыг оролдож болох юм. Кино нь хальсан дээрх кадруудын үргэлжлэл байдгийн тэр адил бидний сэтгэл нь нэг төрлөөс дараагийн төрөлд шилжих нэг насны амьдралын хугацаан дахь үзэгдлүүдийг мэдэх мэдэхүйн тасралтгүй өөрчлөгдөх хормуудын үргэлжлэл байдаг. Үүнд дахин төрдөг “би”, “миний сэтгэл” гэх мэт олдохуйц, ямар нэг биет зүйл ердөө байхгүй. Дахин төрөл бол нэг төрлөөс нөгөө төрөлд дамжих дамжлагын шугам дээр байх нэг жижигхэн баримал мэт биш юм. Энэ бол кино адил, тасралтгүй солигдон өөрчлөгдөж байх нэг зүйл байна. Кадр бүр өөр боловч түүнд үргэлжилсэн үргэлжлэл байна. Нэг кадр дараагийнхаа кадртай холбоотой. Үүнтэй адил олон янзын үзэгдлүүдийг мэдэх, бүр заримыг нь мэдэхгүй өнгөрөөх байнга өөрчлөгдөх хормуудын нэг үргэлжлэл байна. Цаашилбал, хэдийгээр тэд бүгд кино боловч, кино бүр нэг ижил байдаггүйн адил бүх сэтгэлийн үргэлжлэлүүд буюу “сэтгэлүүд” нь нэг зүйл байдаггүй. Үзэгдлүүдийг таних мэдэх мэдэхүйн үргэлжлэлийн тоолшгүй олон бие даасан урсгалууд байх бөгөөд тэдгээрийг тус бүрийг тэдгээрийн өөрийн зүгээс “би” гэж нэрлэж болох юм.
Эдгээр нь дахин төрлийн тухай асуудлыг шинжилж эхлэхэд хэрэглэх танин мэдэхүйн логик аргууд юм. Хэрэв аливаа нэг онол, гаргалгаа логик үндэслэлтэй байвал бид өмнөх төрлөө санадаг хүмүүс байдаг гэдэг баримтыг илүү нухацтай авч үзэж болно. Ийнхүү логикийн аргаар бид дахин төрөл байдаг эсэхийг нягталдаг.
Юу дахин төрөл авдаг вэ?
Бурханы шашинд авч үздэг дахин төрлийг зүйрлүүлдэг тэр зүйрлэл нь дамжлагын шугамаар нэг төрлөөс нөгөө төрөлд дамжих нэг бодит жижигхэн баримал эсвэл хүн мэт хүний нэг сүнслэг хэсэг зэрэг зүйл байдаггүй. Дамжлагын шугам нь цаг хугацааг төлөөлөх ба дамждаг зүйл нь цаг хугацааг дамжих “би” гэж нэрлэгдэх тогтсон зан чанар эсвэл сүнслэг тодорхой биет зүйл байна гэдэг: “Одоо би залуу байна, одоо би өндөр настай байна; одоо би энэ төрөлд байна, одоо би тэр төрөлд байна” гэнэ. Энэ бол дахин төрлийн талаарх Бурханы шашны ойлголт биш. Бурханы шашны зүйрлэл нь киногоор зүйрлүүлсэн тэр зүйрлэл адил байна. Кино нь үргэлжилж байдаг бөгөөд кадрууд нь үргэлжлэлийг бий болгоно.
Түүнчлэн Бурханы шашин нь би нь чи болох, эсвэл бид бүгд нэг гэж хэлдэггүй. Хэрэв бид бүгд нэг байсан бол би нь чи болох бөгөөд бид өлсвөл чи машиндаа сууж хүлээгээд би яваад юм идэж болно. Ийм биш юм. Бид тус бүрдээ өөр өөрийн гэсэн үргэлжлэлийн бие даасан урсгалуудтай. Миний киноны дараалал чиний киноны дараалал руу орохгүй. Гэвч бидний амьдрал киноны адил, бодитой тогтсон биш байдлаар үргэлжилнэ. Амьдрал нэг кадраас нөгөө кадрт шилжин үргэлжилнэ. Энэ нь үйлийн үрийн дагуух дарааллыг дагах ба ингэж нэг үргэлжлэл гарна.
Үргэлжлэл тус бүр хэн нэгэн байх бөгөөд түүнийг нэг “би” гэж нэрлэж болно; үргэлжлэл бүр хэн ч бус биш юм. Гэвч киноны нэр нь тухайн кинонд байх кадр тус бүртэй, кинотой нийтэд нь холбоотой байх боловч кадр тус бүр дээр байх биет ямар нэг зүйл олдохгүйтэй адил “би” нь бие даасан сэтгэлийн нэг үргэлжлэл болон түүний хором бүртэй холбоотой боловч тэдгээр аль ч хормоос ямар нэг биет зүйл байдлаар олдохгүй. Гэвч янагуух шинж, чанар бүхий “би” гэж байна. Бурханы шашин бол үгүйсгэх үзэл бүхий үзэл баримтлалын тогтолцоо биш юм.
Хүн үргэлж хүн болж дахин төрдөг үү?
Бидний энд ярьж байгаа зүйл бол сэтгэлийн үйл ажиллагаа болон бидний сэтгэлийн үйл ажиллагааг тодоройлох ерөнхий хүчин зүйлүүд юм. Хүний сэтгэлийн үйл ажиллагааг тодорхойлдог зүйл нь оюун ухаан бөгөөд тэрхүү оюун ухаан нь бидний мэддэгчлэн “оюун ухаан дорой”-гоос “оюун ухаан сайн” хүртэл хэмжээтэй байж болно. Гэвч сэтгэлийн үйл ажиллагааны хэсэг болох бас өөр хүчин зүйлүүд байна. Жишээ нь уур, шунал, сэтгэл сарнил болон эдгээр сэтгэлийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр өөрийн эрхгүй гарах зан байдлууд. Зарим хүмүүсийн хувьд эдгээр хүчин зүйлүүд нь тэдний сэтгэлийн үйл ажиллагааг давамгайлснаар тэд оюун ухаанаа ашиглахгүй харин уур, шунал зэргийн суурин дээр голлон аливаа үйл ажиллагаанд оролцдог.
Жишээ нь маш их бэлгийн дур хүсэлтэй хүмүүс байх бөгөөд тэд цэнгээний газраар явж хүмүүстэй танилцан, бараг танилцсан хүн бүртэйгээ сексийн харилцаанд ордог – тэр хүн бол нохой адил үйлдэл хийж байна, тэгж бодогдож байгаа биз дээ? Нохой, ямар ч цаг үе байсан хамаагүй, тааралдсан нохой бүр дээр морддог; өөрийн хяналтыг хэзээ ч хэрэглэхгүй. Хэрэв хүн ийм байдлаар биеэ авч явах юм бол тэр хүний дур хүслийн сэтгэхүй нь сэтгэлийн үйл ажиллагааных нь давамгайлах төлөв болж дараагийн нэг төрөлдөө тэрхүү сэтгэлийн үйл ажиллагааны зохих суурь болох нэг биед төрөх ба энэ бол амьтны төрөл.
Иймд өөрийн зан байдлыг нягталж байх нь маш их тустай: “Би энэ эсвэл тэр төрлийн амьтны адил үйлдэл хийж байна уу?” гэнэ. Ялааг авч үзье. Ялааны сэтгэхүй нь сэтгэлийн бүрэн сарнил байна. Ялаа нэг байранд цөөн хэдэн хормоос илүү хугацаанд байж чаддаггүй; байнга хөдөлж, байнга сэтгэл нь сарниж байдаг. Бидний сэтгэл ийм байдаггүй гэж үү, нэг ялааны сэтгэл адил? Хэрэв тийм бол бид дарааагийн төрөлдөө юу хүлээх вэ? Бид оюун ухаан сайтай, сайн төвлөрөлтэй болж төрнө гэж хүлээх үү?
Энэ бол хүн заавал дахин хүн болж төрөх албагүй гэдгийг ойлгоход тус болох зарим санаанууд юм. Бид олон өөр төрлийн биед төрж болох бөгөөд сайн, муу төрлүүд ээлжилж байдаг. Хэрэв бид хүний маш олон эерэг зуршлуудыг бий болгосон бол хэдий бид амьтан болж төрсөн ч амьтны адил зан байдлын өмнөх үйлийн үрийн хүч арилж, өмнөх эерэг хүч давамгайлснаар бид дахин хүн болж төрж болно. Бид мөнхөд доод төрөлд төрөхөөр яллагддаггүй.
Гол зүйл бол сэтгэлийн үйл ажиллагаанд түүнийг хүний төрлийн сэтгэлийн үйл ажиллагаа болгох эсвэл түүнийг эрэгтэй, эмэгтэй гэх мэт ямар нэг төрөл болгох өөрийн мөн чанартай зүйл өөрт нь байдаггүй гэдгийг ойлгох явдал. Энэ бол ердөө сэтгэлийн үйл ажиллагаа. Ийнхүү бидний авах төрөл нь үйлийн үр, бидний өөрийн эрхгүй гаргадаг зан байдлаараа бий болгодог янз бүрийн зуршлуудаас шалтгаална. Ирээдүйн төрлүүддээ бид тэдгээр зуршлуудыг гаргах зохих суурь болон ажиллах тийм биеийг авч төрнө.
Дүгнэлт
Дахин тарлийн талаарх Бурханы шашны тайлбарыг логикийн үүднээс шалгаж үзэх үед бид бие даасан сэтгэлийн тэдгээр үргэлжлэлүүдийг үргэлжлүүлэх шалтгаан болж өгдөг тэр үйл явцыг нягтлах хэрэгтэй болно: хэзээ ч устаж алга болохгүй сэтгэлийн үйл ажиллагааны бие даасан тэдгээр үргэлжлэлүүд. Өөрийн өмнө хураасан зан байдлын зуршлууд нь авах төрөл бүрд нь нөлөөлөх эхлэл үгүй төрөл бол бидний хүрч ирэх эцсийн дүгнэлт юм.