“Онцгой зүйл юу ч үгүй” гэх хандлага амьдралд нөлөөлөх үү?

Асуулт: “Онцгой зүйл юу ч үгүй” гэх энэ хандлагын санаа надад үнэхээр таалагддаг. Ийм хандлагаар гадаад бүх зүйлд хандвал яах бол хэмээн би гайхаж байна. Жишээ нь, та бусад хүмүүсийн хамтаар нэг төсөл дээр ажиллаж байтал ямар нэг зүйл буруу болох үед та “За яах вэ, онцгой зүйл юу ч үгүй! Ийм юм болчихлоо” гэх энэ хандлагаар хандъя гэж бодъё. Би бусад хүмүүс таныг юманд нухацтай хандахгүй байна гэж бодно байх гэж эмээж байна.       

Доктор Берзин: Онцгой зүйл юу ч үгүй гэх хандлагыг буруугаар бүү ойлгоорой. Энэ нь юу ч хийхгүй байхын нэг биш. Энэ нь мөн “Яасан ч яадаг юм бэ?” гэх анхаарал тавиагүй хайхрамжгүй хандлага биш. “Онцгой зүйл юу ч үгүй” гэдэг нь бидэнд баяртай эсвэл зовлонтой сэтгэл төрж байгаа үед сэтгэл зовохгүй, тэдгээрийн аль алиныг том зүйл болгохгүй байх гэсэн утгатай. Бид юу ч хийж байсан тэдгээрийг ердөө учир шалтгааныг нь тооцсон, сайн бодсон байдлаар, тайван хийнэ. Сэтгэл зовохгүйгээр ердөө юу хийх хэрэгтэй түүнийг л хийнэ.  

Бусад хүмүүсийн сэтгэл зовбол яах вэ? 

Хэрэв тэдний сэтгэл зовох юм бол таны тайван байдал бусдыг тайвшрахад тусална. Нэг сонгодог жишээ хэлье: бид компьютер дээр нэг эх бэлтгэж байтал буруу товч дарж түүнийг устгалаа гэж бодъё. Ийм юм болдог. Сэтгэл зовох нь туслахгүй. Хэрэв бидэнд буцаах функц байхгүй бол бид түүнийг сэргээж чадахгүй, тэр байхгүй болсон гэсэн үг. Уйлаад түүнийг буцааж авчрахгүй, сэтгэл хямрах, зовох ердөө туслахгүй. Тэдгээр нь саад болно. Бид ердөө “За яах вэ?” гээд дахин бичнэ. Хэрэв бид бичсэн зүйлээ санахад хангалттай сайн суралцсан бол түүнийг дахин бичиж чадна, магадгүй хоёр дахь удаагаа бүр сайн бичнэ. Бид ердөө түүнийг шийдвэрлэж,тухайн зүйлийн талаар, жүжгийн хатан гэгддэг (нөхцөл байдал эсвэл үйл явдлуудад байнга хэтрүүлсэн байдлаар, эсвэл хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг хүн) тэр зүйлээс зайлсхийнэ. Хэрэв бид нэг багийн гишүүн бөгөөд эх бичвэр багийнх байсан бол бидний тайван байдал тэдэнд бас тайвшрахад тусална. 

Сэтгэл баяртай эсвэл зовлонтой байхыг бид нөхцөл байдлын хувьд авч үзэж байна уу эсвэл ерөнхийд нь авч үзэж байна уу?      

Би өөрсөдтэйгөө ажиллах тухайд ярьж байна. Сэтгэл зовлонтой эсвэл баяртай байсан ч бид ердөө өөрсдийн амьдралд зохицон, түүнийг том зүйл болгохгүй байх явдал. Өөр хэн нэгэн баяртай эсвэл зовлонтой эсвэл сэтгэл хямарсан байвал яах вэ? Нялх хүүхэд уйлж байна гэж бодъё. Бид юу хүлээх билээ? Тэр чинь нялх хүүхэд шүү дээ. Бид “Өө, үгүй ээ, хүүхэд уйлж байна!” гэж хямардаггүй. Бид түүнийг том асуудал болгодоггүй, бид ердөө түүнд анхаарал тавина. Хүүхэд яагаад уйлж байна? Юу хийх ёстой түүнийг л хийнэ. Үүнтэй адил.       

Шантидэва гэгээн үүнийг их сайхан хэлсэн байдаг, тэрээр, “Хүмүүс нялхас адил” хэмээсэн. Иймээс тэдний сэтгэл хямардаг. Энэ нь хүүхэд уйлахтай адил. Бид тэднээс юу хүлээх билээ? Бид түүнийг том асуудал болгодоггүй, харин тэднийг тайвшруулахыг оролдож, юмсыг бодит байдалд нийцүүлэн хийхийг хичээдэг. 

Хямрах нь юмсыг том зүйл болгож, түүний оршихуйг хөөрөгддөг. Энэ бол хоосон чанар гэж юу болох тэр. Том зүйлүүд юу ч байхгүй. Том зүйлүүд бодит байдалтай нийцдэггүй. Юмс тохиолдсон, тэгээд боллоо. Бид ердөө тэднийг шийдвэрлэнэ. Бидэнд сэтгэл хөдлөл бий юу? Мэдээж бидэнд бий, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээр гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүд гайхалтай. Гэвч бид уур, тэвчээргүй, хүлцдэггүй гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг гаргах шаардлагагүй, учир нь эдгээр нь ямар ч тусгүй. 

Хэрэв бид үүнийг нэг алхмаар ахиулбал ложон, оюун судлахуйн (сэтгэлийг сургах) сургаалтай адил болох мэт санагдаж байна. Бид үнэндээ өөрсдийн асуудлуудаас, тэднийг илүү гүнзгий ойлголт авах нэг алхам болгож суралцаж болох нь. 

Тэр зөв. 

Та оюун судлахуйн сургаалын аргуудыг бодит амьдралд нийцэхгүй гэж боддог уу? Хүмүүс онцгой зүйл юу ч үгүй, том асуудал байхгүй гэдэг дээр ажиллавал илүү бодитой гэж боддог уу?         

Бидний хандлагыг өөрчлөхөд туслах оюун судлахуйн ложон аргууд гэж бий. Жишээ нь, бид сөрөг нөхцөл байдлуудыг эерэг болгож харж болно. Эдгээр нь гайхалтай аргууд, гэвч бид ингэж өөрчлөхийн өмнө мэдэрч буй сэтгэлээ хэт хөөрөгдөхгүй байж, нөхцөл байдал үнэндээ юу болохыг харах ёстой. “Өө, бөөн гамшиг! Хүүхэд дахиад живхээ бохирдуулчхаж” гэх мэтээр түүнийг тийм ихээр хөөрөгдсөн үед нөхцөл байдлыг хувиргах маш хэцүү. Бид түүнийг “Хамаг амьтны живх надад ирэх болтугай. Би хамаг амьтны живхийг сольё” хэмээн өөрчлөхийн өмнө бидэнд илүү бодит байдалд нийцсэн хандлага байх хэрэгтэй. 

Бидэнд үе шатууд хэрэгтэй: эхлээд, хүүхэд өөрийгөө бохир болгочхож. Тэгээд яах вэ дээ! Энэ чинь хүүхэд. Би живхийг сольё гэнэ. Ингээд живхийг сольж байх үед тийм сайхан үнэртдэггүй учраас түүнийг бид таатай мэдрэмж гэж үзэхгүй байж болох бөгөөд бид “Энэ хүүхдийн биеийг цэвэрлэснээр би хамаг амьтны бүхий л тортог, хирийг арилгаж чадах болтугай. Энэ нь хамаг амьтны тортог, хирийг арилгаж чадах шалтгаан болох болтугай ” гэх мэт ложон бүтээлийг хэрэглэж болно. Гэвч эхэнд нь бид түүнийг нэг том асуудал болгон харах байдлыг арилгах хэрэгтэй. Бид үүнийг үе шаттайгаар хийнэ. 

Надад зөвхөн хүн бүрийн тэдгээр живхийг л солих тухай бодогдож байна. Ямар муухай юм бэ? 

Зөв зөв, хэрэв бид хамаг ертөнцийн бүхий л өтгөн шингэнийг өөртөө авах ёстой юм бол хэн Бурханы шашинтан болохыг хүсэх билээ, тэр үнэн. Ерөнхий зарчим болгож хэрэв бид юмсын хошин жишээг хэрэглэх юм бол уйтгартай жишээ авснаас илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ. Тийм биз дээ? 

Өдөр тутмын түвшинд, сөрөг холбоо харилцаа гэх мэт зүйлүүдээс бид ямар нэг таагүй зүйл туулж мэдэрч байвал бид үүнийг бас хэрэглэх үү? 

Хэрэв бид нэг сөрөг харилцаанд байж, юмс муу явагдаж байвал бид “Тэгээд яах вэ дээ, энэ бол орчлон” гэдэггүй. Бидний ашиглахыг хүсэх зүйл бол Дээрхийн гэгээн Далай ламын бидний “гайхамшигт хүний оюун ухаан” хэмээсэн тэр зүйл, бидний ялгах ухаан юм. Бид тухайн нөхцөл байдал тустай байна уу эсвэл гэм хортой байна уу гэдгийг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тухайн хүнтэй энэ харилцаанд байх нь, бидэнд тустай байна уу эсвэл үгүй юу? Хэрэв тустай биш, хэрэв хоёр талд хоёуланд гэм хортой байвал бид түүнийг дуусгавар болгоно. Гол санаа нь тодорхой харж чадах явдал, болж байгаа зүйл дээр бодит байдалд нийцэхгүй хэтрүүлэл, хоосон тусгалууд тусгаагүй байх дээр суурилах хэрэгтэй. Мэдээж, заримдаа салах нь илүү дээр байдаг. Гэвч тус шийдвэрийг тодорхой бодсон бодол, тодорхой дүн шинжилгээний суурин дээр гаргана. 

Өөрийн мэдэлгүй сэтгэлд мэдрэгдэж буй сэтгэлээ мэдэж, түүнийг үнэнчээр илэрхийлэхийг хичээх нь эерэг зүйл болж чадах уу? 

Ихэнх тохиолдолд, Барууны хэллэгээр хэлэх юм бол бид сэтгэл хөдлөлөө нэг өөрийн мэдэлгүй түвшинд мэдэрч байдаг. Асуулт нь, зарим тохиолдолд тэдгээрийг илүүтэй илэрхийлэх нь илүү сайн байх уу гэж байна. Шалгаж үзэх ёстой хоёр өөр тохиолдлыг би харж байна, нэг нь сөрөг сэтгэл хөдлөл, нөгөө нь эерэг сэтгэл хөдлөл. Жишээ нь, уур эсвэл асрал хайр хоёрыг авч үзье. Хэрэв бид хэн нэгэнд өөрийн мэдэлгүй дургүйцэх сэтгэл төрүүлж байвал тэр үед бид түүнийг мэдээж мэдэхийг хүснэ. Түүнийг мэдэх нь тухайн хүнд дургүйцлээ заавал илэрхийлнэ гэсэн үг биш. Дахин хэлэхэд, бид болж байгаа зүйлийн өөр өөр талуудыг шинжилж, ялгах хэрэгтэй. 

Жишээ нь, би найзуудтайгаа уулзахдаа үргэлж тэднээс “Сайн уу, сонин сайхан юу байна” гэж асуудаг, харин тэд надаас би ямар байгааг эсвэл миний юмс хэрхэн явагдаж байгаа талаар хэзээ ч асуудаггүй. Тэд надаас ердөө асуудаггүй, миний ямар байгаа талаар асуух тухай боддоггүй, үнэхээр хувиа хичээсэн нь дургүй хүрмээр хэмээн бодож байна гэж бодъё. Одоо энд нэг ялгаа байгаа юм. Үүнд өөрийн мэдэлгүй дургүйцэх сэтгэл байна уу? Байж болно; гэвч түүнийг илэрхийлж, тэдэнд уурлах нь нөхцөл байдалд туслахгүй. “Чи үнэхээр хувиа хичээсэн! Их муухай” гэж хэлэх нь өөрийн эрхгүй сөрөг байдлаар үйлдэл хийх, тэдэн рүү хашхичих байдалд хүргэнэ. Энэ нь нөхцөл байдалд туслахгүй. “Чи надаас ямар байгааг яагаад асуудаггүй юм? Чи яачихсан юм?” Ийм төрлийн зүйл ердөө тус болохгүй. Хэрэв бид энэ мэт зүйлийн талаар дургүйцэх сэтгэлтэй байгаагаа анзаарвал тэр үед бид түүнийг илэрхийлэхгүй байхад үнэхээр анхаарах ёстой, учир нь хэрэв бид түүнийг илэрхийлбэл тэр үед бид өөрийн хяналтыг алдаж, сөрөг байдлаар үйлдэл хийнэ. 

Юутай ч би тийм дургүйцэх сэтгэлийг анзаарвал, уурлахгүйгээр нөхцөл байдлыг засахыг оролдож чаддаг. Би ихэвчлэн түүнийг тоглоом байдлаар хийдэг. Хошигнол нь нөхцөл байдлыг зөөлрүүлэх маш тустай арга гэж би боддог. Тэд надад өөрсдийн хэрхэн байгаа талаар бүхий л үүх түүхээ ярьж дуусаад, надаас миний талаар асуухгүйгээр ярианы сэдвийг өөрчилж эхлэх үед би “Харин Алекс чи хэр байна даа? Өө, надаас асуусанд баярлалаа!” гэж хэлнэ. Энэ нь бага зэрэг тоглоом шоглоом болж, нөгөө хүн, адил байж, надаас ямар байгаа талаар асуух хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Ийм байдлаар, ямар нэг дургүйцэх сэтгэл гарахгүй. 

Хэрэв бидэнд ямар нэг дургүйцэх сэтгэл байвал бидэнд ийм дургүйцэх сэтгэл цаана байна гэдгийг мэдэх явдал тустай. Хэрэв надад их төвөгтэй биш бол, яах вэ дээ? Тэд надаас би ямар байгаа эсэхийг асуух эсэх нь надад тийм их чухал биш, энэ хамаагүй. Би тэдэнд юу хийж байгаагаа, хэр байгаагаа хэлэх ёстой юу? Үнэхээр ч тийм биш. Хэрэв би үнэхээр тэдэнд хэлмээр байвал, би зүгээр л хэлнэ. Энэ нь хэрэв таны том болсон хүүхдүүд эсвэл ач зээ нар тантай утсаар ярихгүй байвал, хэрэв та тэдний сонин сайхныг сонсохыг хүсвэл ердөө өөрөө тэдэн рүү залгах хэрэгтэй гэдэгтэй адил. Гэвч үүнийг ямар нэг маргаан өдөөх байдлаар бус, тэднийг тань руу залгаагүй нь буруу мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдохгүйгээр хийх хэрэгтэй. 

Тэгвэл эерэг сэтгэл хөдлөлийн хувьд яах вэ? Одоо бид үүнийг шинжлэх байдлаар эхлэх ёстой. Би түүнийг өмнө нь үнэхээр шинжилж байгаагүй тул шууд хийж үзэх хэрэгтэй. Бидэнд жинхэнэ-бус хайр байж болно. Энэ юу гэсэн үг вэ? Бид энд хэн нэгэнд хандсан халхалсан эсвэл нуусан дур хүсэл, сексийн сонирхол гэсэн сөрөг сэтгэл хөдлөлийн талаар яриагүй байна. Энэ бол “Би чамтай нэг оронд ормоор байна” гэх мэт зүйл биш. Бид энд үнэхээр эерэг сэтгэл хөдлөлийн талаар ярих ёстой. Жишээ нь, бид хүүхдэдээ хайртай, тийм үү? Бид өөрийн хүүхдэдээ хайртай, гэвч бид түүнийг хэр байнга илэрхийлдэг вэ? Бид түүнийг илүү илэрхий түвшинд авчрахыг хүсэж байна уу? Болно, тустай байж болно. 

Энэ үед бид хүүхдийг хэт хайрлаж зовоохыг хүсэхгүй учир ялгах ухаанаа ашиглах ёстой. Жишээ нь, хэрэв бид өсвөр насны хүүхэдтэй байгаад, тэднийг найз нөхөдтэйгөө байх үед ээжийн хувиар дэргэд нь ирж “Өө, ээж нь их хайртай шүү” хэмээн хүүхдээ тэвэрч үнсэх юм бол бид тэднийг найз нөхдийнх нь өмнө ичээнэ, энэ ердөө зохимжгүй. Өөр нэг жишээ нь бид өсвөр насны хүүхдээ гадуур явах үед тасралтгүй утасдаж эсвэл мессеж бичиж байж болно. Тэд, “Өө, үгүй ээ, ээж дахиад л зүгээр үү гэж асууж байна” гэнэ. 

Бид өөрийн эерэг сэтгэл хөдлөлөө хэзээ, хэрхэн илэрхийлэхийг тодорхойлох үүднээс ялгах ухаанаа ашиглах хэрэгтэй. Түүнийг хоёр настай хүүхдэд илэрхийлэх хэлбэр нь түүнийг арван таван настай хүүхдэд илэрхийлэхээс өөр. Эерэг сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэхэд зүгээр; гэвч дахин хэлэхэд, бид жүжгийн хатан (нөхцөл байдал эсвэл үйл явдлуудад байнга хэтрүүлсэн байдлаар, эсвэл хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг хүн) болж, түүнийг үнэхээр сүртэй үзүүлбэр болгох шаардлагагүй. Илүү үл мэдэг түвшингүүд бол зүгээр. 

Сэтгэл хөдлөлийн мөнгөн тэмдэгтүүд  

Энэ нь миний маш тустай гэж боддог өөр нэг сэдэв рүү хөтөлнө. Сэтгэцийн эмч, миний нэг найз энэ онолыг эдийн засгийн хэллэгээр илэрхийлсэн байдаг. Бид хүмүүс өөр өөр мөнгөн тэмдэгттэй бөгөөд тэд тэдгээр өөр өөр мөнгөн тэмдэгтээрээ төлбөр төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Бид тэдний мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрч чадахад суралцах хэрэгтэй. Жишээ нь, зарим хүмүүс хайраа тэврэх, үнсэх зэргээр биет байдлаар илэрхийлнэ. Зарим нь биднийг халамжлах байдлаар хайр, анхаарлаа илэрхийлнэ. Тэд бие махбодын хувьд тийм элгэмсэг биш ч, биднийг харж асарч, хамгаална.

Нэг сонгодог жишээ гэвэл аав нь хүүхдүүдээ тийм их энхрийлдэггүй дээр үеийнхний жишээ байна. Гэвч аав нь гадуур  гарч, ажил хийн, цалин мөнгө авч, хүүхдэд хэрэгтэй бүх зүйлийг хангах байдлаар тэдэнд хайр энэрлээ илэрхийлнэ. Энэ нь аавын төлбөр төлж буй мөнгөн тэмдэгт байсан. Хүүхдийн хувиар, бүр насанд хүрсэн хойноо ч бид үүнийг мэдэх хэрэгтэй. “Миний аав надад хайртай байсан, анхаарал, халамжаа үзүүлсэн. Тэрээр миний дуртай, эсвэл илүүд үздэг байсан мөнгөн тэмдэгтээр, намайг тэврэх эсвэл надад ямар их хайртай болохоо хэлэх байдлаар түүнийг төлөөгүй боловч тэр хайр энэрлээ үзүүлсэн.” Бид өөр өөр мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрч сурдаг. Энэ нь энд Дани улсад еврогоор биш кроноор төлбөр хийхтэй адил. Мөнгө л бол мөнгө шүү дээ. Өөр өөр хүмүүс хайр энэрлээ өөр өөр хэлбэрээр илэрхийлнэ. 

Таныг ямар байгаа талаар асуугаагүй найзын талаар таны ярьсан түүхийн хувьд, хэрэв та уурлаагүй боловч танд таны талаар, таныг ямар байгаа талаар тэднээс санаа тавих хэрэгцээ шаардлага эсвэл хүсэл байсан бол яах байсан бэ? Энэ нь та уурласан гэсэн үг биш, та хашхичихыг хүсээгүй. Та ердөө бага зэрэг гунигтай, танд тэднээс тийм их хайр халамжийн мэдрэмж ирээгүй. Та түүнийгээ хэлсэн ч хэрэв тэд өөрчлөгдөж эсвэл таны жаахан зөвлөгөөг авахгүй бол тэр үед та тэрхүү гунигийг хэрхэн шийдвэрлэх вэ? Эдгээр зүйлүүдийг хүсэж буй өөрийн сэтгэлийг даван гарах байдлаар үүнийг хийх үү? 

Энэ нөхцөлд гуниглах боломжит хоёр хэлбэр байна. Өөрийгөө эрхэмлэсэн гуниг байна: “Тэд надад анхаарал тавихгүй байгаа учраас би гунигтай байна. Би тэр талаар уурлаагүй боловч надад анхаарал тавихыг хүсэж байна.” Энэ нь ердөө “би, би, би” гэх бодол дээр суурилсан. Энэ бол нэг төрлийн зовлон. Гэвч бид бас тэд үнэхээр өөртөө төвлөрсөн байна хэмээн гуниглаж болох бөгөөд түүнийг бид өөр дээрээ тусгаж авдаггүй. Энэ тохиолдолд бид тэд тийм асуудалтай байгаад гуниглаж байгаа. Энэ нь тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхэд хөтөлнө. Тэр үед бид тэдэнд туслах аргуудыг бодож болно. 

Хэрэв бидний гуниг “Хүмүүс надад анхаарал тавихгүй байгаа нь надад гунигтай байна” гэсэн ердөө өөрийн талаар санаа тавьсан сэтгэл дээр суурилсан байвал тэр үед бид түүн дээр үнэхээр ажиллах ёстой. Хэдийгээр хүмүүс бидэнд анхаарал тавьсан ч бид чухам юу хүсээд байна? Бид эргэн тойронд папарациуд цаг үргэлж бидний зургийг авахыг хүсээд байна уу? Бидэнд үнэхээр их анхаарал хэрэг байна уу? Мэдээж энэ нь бидний сэтгэлийг хангахгүй гэж би хэлэх гэсэн юм. Бүр бидний хүсэж байгаачлан бусад бидэнд анхаарал тавьсан ч энэ бол эгэл жаргал, удаан үргэлжлэхгүй. Нөгөө талаар, хэт халамжилдаг эцэг, эхийн жишээний адил таван минут тутам “Яаж байна? Бие чинь зүгээр үү? эсвэл Бүх зүйл зүгээр биз?” хэмээн асууж бид хэт их анхаарал тавьж болно.        

Би харилцаагаа зүгээр гэж бодож байхад нөгөө хүн маань тэр адил бодохгүй байж магадгүй. Бид “Би ийм төрлийнх, чи тийм төрлийнх” хэмээн өөр өөр мөнгөн тэмдэгтийн талаар ярьсан нь дээр үү? Бид нэг нэгийнхээ талаар мэдэж авна. Бид нэг нэгнийхээ дуртай, дургүй зүйл дээр ажиллаж болно. Тэр талаар ярилцаж, харилцаж, түүнийг мэдэж авах нь сайн. 

Хэрэв энэ харилцаа нь цааш үргэлжлэх, нөгөө хүн нь аливааг хүлээн авах чадвартай бол бид энэ талаар ярилцаж болно. “Би ийм байдлаар илэрхийлсэн хайр халамжид илүү дуртай.” Нөгөө хүн нь тийм байдлаар илэрхийлсэн хайр халамжид илүү дуртай хэмээн илэрхийлж болно. Энэ нь хосуудын харилцаанд байна; гэвч энэ нь эцэг эх, хүүхэд хоорондын харилцаанд тийм сайн тохирохгүй. Хэрэв эцэг эх нь аль хэдийн өөд болсон байгаад бид хүүхэд ахуй үеэ авч үзэж байгаа бол үүнд тохиролцох зүйл байхгүй. Харилцаанд оролцож байгаа хоёр хүн ер нь нэлээд тэгш статустай эсэхийг харах нь чухал. Тэд өөрчлөгдөж, харилцааг шийдвэрлэж чадах уу? Дарга ажлын газар дээрээ хэнээс ч тухайн хүн ямар байгааг асуудаггүй байж болно. Бид ийм төрлийн асуудлаар даргатай тохиролцдоггүй. Даргатай бид “Таны надад өгч байгаа ажил үнэхээр хэт их байна. Энэ талаар би тийм их таатай биш байна” гэх мэт ажилтай холбоотой асуудлаар бид түүнээс анхаарал татах нь зөв. Та нөхцөл байдлыг ажиглаж, түүнийг ялгах ухаанаар харах хэрэгтэй. 

Бид хоосон чанарыг ойлгох ямар нэг түвшинд хүрээгүй бөгөөд өөрсдийн шалтгаанаа маш бодитой гэж бодож байна гэж бодъё, уур төрүүлэх, тийм хэтрүүлсэн шалтгаанууд биш байж болно. Бид түүнээс зайлсхийн, уур бухимдлаа илэрхийлэхгүй. Бид түүнийг том зүйл болгохгүй байхыг хичээж байгаа ч энэ нь сэтгэл зүйн хувьд эрүүл бус ямар нэг зүйл болох механизм байдаг уу?                 

Энэ нь хүсэл, сэтгэлээ дарах гэдэг асуудлыг хөндөж байна. Бид хоосон чанарыг ойлгох ямар нэг түвшинд хүрээгүй, түүнийг ойлгоогүй байгаа үед бид ердөө тэрхүү дургүйцсэн сэтгэлийг дарж байдаг бөгөөд тэр үед мэдээж энэ нь бидний дотогш орно. Тэр нь бүхий л төрлийн асуудлуудын шалтгаан болж болно. Энэ үед бид юу хийх вэ? Хэрэв бид уур, бухимдлаа гаргах бол, хэрэв бид түүнийг илэрхийлэх ёстой болбол, тэр үед мөн л тохирох цагийг сонгоход ялгах ухаанаа ашиглана. Нөгөө хүн маань бас үнэхээр, үнэхээр бухимдсан эсвэл маш, маш завгүй байгаа үе уурыг илэрхийлэх цаг биш. Түүнийг илэрхийлэх хамгийн тохиромжтой үе хэзээ болохыг харахад ухаанаа ашигла. Уурыг хэт хүчтэй байгаа үед түүнийг битгий илэрхийл, учир нь тэр үед тэр нь хяналтаас гарч болно. 

Энэ бүхэн өөрийн хар ухаан болон оюун ухааныг хэрэглэх дээр бууна. Хэзээ тустай байх бол? Тохиромжтой үе нь хэзээ вэ? Хэрэв нөгөө хүн үнэхээр ядарсан, ердөө унтахыг хүсэж байгаа эсвэл хагас унтаастай байгаа бол тэр нь тэдний хайхрамжгүй байдлын талаар гүнзгий, утга учир бүхий харилцан ярианд орох цаг биш. Энэ нь тэд ажил дээрээ үнэхээр маш завгүй байгаа тохиолдолд мөн адил. Ойлгомжтой байна уу?

Top