Ринбүүчигийн жанч халсан ба эргэн төрсөн нь

Дээрхийн гэгээн Далай ламын амь насанд учирч болзошгүй аюул байв

Сэркон Ринбүүчигийн өөд болсон нь түүний амьдралаас бүр ч илүү ер бусын байсан юм. 1983 оны 7 дугаар сард Дээрхийн Гэгээн Далай Ламтаны Спитигийн Табо хийдэд Цогт цагийн хүрдэний адислалыг хүртээх ажлыг Ринбүүчи зохион байгуулсан билээ. Үүний дараа Төвд зурхайн ёсоор энэ он Дээрхийн Гэгээнтэний тотгор жил (барцадтай) юм байна гэж Ринбүүчи нутгийн өвгөн лам Гачен Друбгелд дурсчээ. Дээрхийн Гэгээнтэний амьдрал, амь насанд аюул нүүрлээд байна. Эдгээр тотгоруудыг өөр дээрээ шилжүүлбэл сайнсан. Энэ ярьсан зүйлийг өөр хэнд ч үг цухуйлгахгүй байхыг тэр өвгөн ламаас хүсчээ.

Үүний дараа Ринбүүчи гурван долоо хоногийн хатуу дэглэмтэй бясалгал бүтээлд оров. Дараа нь тэр ойролцоох Төвдийн армийн хуаран руу “Бодьсадвагийн явдал мөрөнд орохуйг” цэргүүдэд номлохоор одов. Ринбүүчиг бүх эх бүтээлийг аажуухан урт хугацаагаар заана гэж бодож байтал тэрээр маш яаравчлав. Цэргийн хуарангаас төлөвлөснөөсөө хэдэн өдрийн өмнө мордохдоо, түүнд очих онцгой явдал гарлаа гэж тайлбарласан юм. Энэ өдөр 1983 оны наймдугаар сарын 29 байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн, Швейцарийн Женев рүү нисч, Палестины чөлөөлөх байгууллагын (ПЧБ) тэргүүн Яссир Арафаттай нэг цагт тэнд бас хүрэлцэн очихоор байв. Цагдаагийн эрх мэдэлтнүүд, Арафатын эсрэг чиглэсэн алан хядах үйл ажиллагаа гарч болзошгүй гэж зовницгоож байлаа. Швейцарийн тал Дээрхийн Гэгээнтэний аюулгүй байдлыг хамгаалах баталгаа өгч чадахгүй гэж сэрэмжлүүлсэн байсан юм.

Top