Герман улсад шилжин суухын өмнө Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав
1998 оны 4 дүгээр сард би Монгол орон ба Барууны орнуудад лекц уншиж, урт замд аялан, эрчимтэй бичиж туурвисан нэгэн үеийнхээ дараа Энэтхэгийн Дарамсала дахь гэртээ эргэж ирэв. 1969 оноос хойш би Гимлайн нурууны бэлд суурьшиж, Дээрхийн Гэгээн Далай Ламыг тойрсон Төвдийн дүрвэгсэдийн нийгэмлэгийг судалж, ажиллаж ирсэн юм. Одоо би Германы Мюнхен рүү юм хумаа зөөж, нүүхээр ирсэн, тэнд би илүү тогтмол байнга суурьшиж, өөрийн ном зохиолоо бичиж Бурханы сургаалийг заах боломжтой болох байлаа. Би Дээрхийн Гэгээнд шийдвэрээ дуулгаж, түүнээс зөвөлгөө авах бодолтой байв. Миний номын багшийн хувьд Дээрхийн Гэгээн бусдад утга учир дүүрэн хувь нэмрээ хүргэж амьдрахын тулд хэрхэн хаана, цаг хугацаагаа илүү урагштай өнгөрөөж болохыг өөрөө тунгааж үзээрэй хэмээн урьд нь айлдсан байсан юм. Туршлага маань миний найдвартай зам заагч байх бизээ.
Би Дээрхийн Гэгээнтэй бараг хорин есөн жилийн өмнө анх уулзахдаа Харвардын Их сургуульд, Алс дорнодын хэлний Санскрит ба Энэтхэг хэл судлалын салбарт докторын (Ph.D) ажил бичихээр Фулбрайтын тэтгэлэгт оюутнаар Энэтхэгт ирсэн байв. Тэр үед Төвдийн Бурханы шашныг Египтийн судлалтай зарим талаар адил үхмэл судлал маягаар онолын судалгааны түвшинд заадаг байсан юм. Би тийм нөхцлийг хүлээн авч чадсангүй, ингээд Бурханы шашинт хүн шиг амьдарч, сэтгэх гэдэг ямар байдаг тухай эргэцүүлсээр олон жилийг өнгөрөөсөн байлаа. Дээрхийн Гэгээнтэнтэй уулзмагцаа, эртний энэ уламжлал амьд хэвээрээ бөгөөд түүнийг ойлгож, бүрэн биелэл нь болж өөртөө шингээсэн Их багш миний өмнө байгааг би ухааран, сэтгэл маш их хөдөлж билээ.
Хэдэн сарын хойно, жинхэнэ ном сургаалыг мэдэх, дадлагажих завшаан хайрлахыг би Дээрхийн Гэгээнээс залбиран гуйлаа. Би түүнд зүтгэн үйлчилж, хүчээ өргөхийг хүсч байсан бөгөөд өөрөө өөртэйгээ нүсэр их ажиллаж байж л зөвхөн ийм завшаанд хүрнэ гэдгийг ойлгож байлаа. Дээрхийн Гэгээн үүнийг элэгсэгээр хүлээн авав. Эцсийн дүнд би түүнд үе үе орчуулга хийж үйлчилдэг, орчуулагчдын нэгэн болж түүнийг шашны удирдагч тэргүүнүүд болон академийн хүрээлэнгүүдтэй дэлхий даяар харилцаа холбоо тогтооход нь тусалж зүтгэх агуу бөгөөд онцгой эрхтэй болсон юм.
Дээрхийн Гэгээн Европ руу байрлалаа шилжүүлэх шийдвэрийг маань таалж, тэрээр миний бичих дараагийн номын тухай асуув. Би түүнд Номын багштай тогтоох харьцааны тухай бичих хүслээ толилуулав. Би Дээрхийн Гэгээний Дарамсалад зохион байгуулсан Барууны орнуудын Буддын шашны багш нарын сүлжээний гурван хуралд оролцсон тул Барууны орныхонд энэ сэдвээр тулгарч буй асуудлын тухай Дээрхийн Гэгээний үзэл бодлыг сайн мэдэж байсан юм. Энэ талаар Дээрхийн Гэгээний нэмж хэлсэн ганц зүйл бол “Бүх саад тотгорын гол уршиг нь юмаа мэддэг багш нар маш цөөхөн байгаад оршиж байна.” гэж билээ.
Бурханы шашны номын багш болох тухай зөвлөсөн Сэркон Рибүүчигийн зөвлөгөөг эргэцүүлсэн минь
Бараалхлын өрөөнөөс гараад, миний анхны өөртөө тавьсан асуулт нь; Би өөрөө хир зэрэг итгэл үнэмшилтэй Бурханы номын багш вэ? гэдэг асуултын тухай байв. Он жилүүдийн туршид би Энэтхэгт дүрвэн гарсан Төвдийн хамгийн цуутай багш нараас сурч, дадлагажих эгэлгүй хувийг хүртсэн билээ. Тэдний дотор зөвхөн Дээрхийн Гэгээн Далай Лам төдийгүй Төвдийн хэд хэдэн уламжлалын тэргүүнүүд болон Дээрхийн Гэгээнтний сүүлийн гурван насан өөд болсон Номын багш нар бас багтаж байв. Тэдэнтэй харьцуулбал миний мэрэгшсэн гэж юу л байхав. Гэхдээ би миний гол багш бөгөөд Дээрхийн Гэгээний номын мэтгэлцээний удирдагч багш нь болох Цэнжаб Сэркон Ринбүүчигийн 1983 онд надад өгсөн зөвлөмжийн нэгээхэн хэсгийг эргэж саналаа.
Би Ринбүүчитэй дэлхийг тойрсон хоёр дахь аялалынх нь үеэр түүний орчуулагч, нарийн бичгээр аялж явсаар Венесуэлийн Каракасаас яг буцаж ирээд байв. Ринбүүчигийн зоригжуулснаар би энд шинээр бүрдсэн Бурханы шашны бүлэгт багшлах урилгыг хүлээн авсан нь миний анхны ийм ажил байлаа. Ринбүүчи Гэвш Ванжилын Нью Жерси дэх хийдэд хэдэн хоногоор амрахаар үлдэв. Гэвш Ванжил бол Оросын халимаг монгол хүн бөгөөд би түүнтэй тэртээх 1967 онд уулзсан, хэдийгээр тэрнээс гүн гүнзгий суралцах завшаан надад таараагүй ч, Төвд уламжлалын анхны багш минь байсан юм.
Намайг эргэж ирэхэд,надаас хэрхэн яасан тухай Ринбүүчи ямар ч асуулт тавьсангүй. Энэ бол түүний ердийн зан бөгөөд энэ нь намайг гайхшруулсангүй. Харин долоо хоногийн хойно Лондонд, оройн хоолны дараа хоолны ширээ тойроод сууж байтал Ринбүүчи, “Ирээдүйд чи алдартай багш болоод чамайг шавь нар чинь Бурхан багш мэтээр санах тохиолдолд, чи гэгээрээгүйгээ бүрэн дүүрэн мэдэж байж, өөрийн багш чинь Бурхад гэдгийг бүү мартаарай” гэсэнсэн. Үүнээс өөр тэр юу ч хэлсэнгүй. Тэгээд бид хоёр хоёулаа нэг хэсэг чимээгүй сууцгаав. Түүний үгийн гүн гүнзгийг ойлготол олон жил өнгөрч билээ.
Ринбүүчи бол "жинхэнэ жишээ" хэмээсэн Зопа Ринбүүчигийн сэтгэгдэл
Нэг удаа Өрнө дахины Төвдийн Бурханы сургаалын нэртэй багш Зопа Ринбүүчи; Хэрэв жинхэнэ ламтай уулзахыг хүсч байвал, хамгийн гоц сайн жишээ нь Цэнжаб Сэркон Ринбүүчи болно, гэж тэмдэглэсэн юм. Зопа Ринбүүчи төвдийн Лам гэдэг үгийг зөвхөн чөлөөт утгануудынх нь нэг болох “хувраг” юм уу эсвэл эрчимтэй бясалгал үйлдэж гурван жилийг гүйцээсэн ёслол зан үйлийг гүйцэтгэгч төдий гэсэн утгаар хэлээгүй юм. Бас тэр “Төрөл арилжихуйг” залах чадвараар дахин төрөл олсон лам Ринбүүчи нь “эрдэнэт цолтой” гэсэн санаагаар хэлсэнгүй. Тэр төгс мэргэшсэн Номын багш хэмээх уг үгийн жинхэнэ утгаар Лам гэсэн билээ. Тиймд ийм багш байх ямар учиртай болохыг, шавь нь түүнтэй хэрхэн харьцдаг тухай тайлбарлаж эхлэхийн тулд Сэркон Ринбүүчигийн болон бидний багш шавийн барилдааны тухай аман хөргийг зураглан өгүүлэх нь хамгийн тустай арга байж болох юм.