Ринбүүчигийн бусад чанарууд

Ринбүүчигийн эцэг Сэркон Доржэ- чангийн ер бусын хүчний чадвар

Сэркон Ринбүүчи өөрийгөө Йогич эсвэл ямарваа тусгай хүчин чадалтай мэтээр хэзээ ч зүтгэж байгаагүй. Тийм хүний жишээг хэлэхийг бид хүсэхэд, тэрээр зөвхөн эрт дээр цагаас хайх шаардлагагүй гэж хэлсэн юм. Түүний эцэг Сэркон Доржэй Чан бол үүний яруу тод жишээ юм. Гандан Жанцей дацангийн хувраг байхдаа түүний эцэг оюун ухааны хамгийн гүний түвшинд хүрэх Йогийн тусгай техникүүдийг өөрийн гэргийтэйгээ хийж, Тэнцэшгүй дандарын ёслолын (Аннутара Йога) шатанд хүрчээ. Бүрэн төгс шатандаа энэхүү тэргүүний дэвшилттэй практик нь нарийн энергийн системийг бүрэн эзэмдэж, гадаад ба дотоод бодис болоод энергийг бүхэлд нь хянахыг шаарддаг. Бэлгийн амьдралыг тэвчих тангарагтай хүн ийм практик хийх нь хориотой. Дээрхийн Гэгээн арван гуравдугаар Далай Лам түүнээс чадлаа нотлохыг хүсэхэд нь Сэркон Доржэй Чан сарлагийн эврийг зангидаад өргөн барьсан гэдэг. Арван гуравдугаар Далай Ламтан ингэж үнэмшээд Сэркон Доржэй Чанд ийм түвшинд практикаа хийж эзэмшсэн дацангаа удирдахыг зөвшөөрчээ. Ринбүүчи дурсахдаа, түүнийг хүүхэд байхад уг эврийг тэд гэртээ хадгалж байсан гэнэ.

Сэркон Доржэй Чанг арван нэгдүгээр зууны үеийн орчуулагч Марав ламтаны хувилсан дүр гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байжээ. Эцгийнхээ уламжлалыг өвлөн залгахаар төрсөн Марав ламтаны алдарт хүү Дарма Додэйгийн хувилсан дүр гэж Сэркон Ринбүүчиг үздэг байв. Тийм боловч нэг ч удаа үүнийг Ринбүүчи надад цухуйлгаагүй, эцэгтэйгээ өөрийгөө хэзээ ч харьцуулж байгаагүй. Гэвч Ринбүүчигийн дув дуугүй байдгийг үл харгалзан, түүний ойр дотны хүмүүст нь тэр мөн нарийн энерги хийнүүдийг хянан эзэмддэг, жирийн бус чадалтай гэдэг нь илт байсан юм. Ринбүүчи хүссэн үед нойрсож чаддаг байдал нь үүний зарим шинж тэмдгийг харуулж байв. Нэг удаа Ринбүүчи Висконсин Холбооны улсын Мэдисоны эмнэлэгт зарим шинжилгээний хүрээнд цахилгаан зүрхний бичлэг хийлгүүлэв. Ринбүүчи шинжилгээ хийлгэхээр хэвтэхдээ эрч хүчтэй шалмаг сэргэлэн байв. Гэвч эмчийг биеэ сул тавиарай гэж хэлэх зуур л Ринбүүчи хэдхэн секунтын дотор хурхирч байв.

Top