Бурханы шашны талаарх нийтлэг буруу ойлголтууд

Бурханы шашны талаарх олон өөр өөр буруу ойлголтууд байх ба тэдгээр нь олон өөр өөр шалтгаануудаас төрдөг. Зарим нь соёлуудаас, тухайлбал барууны эсвэл Азийн мөн орчин үеийн барууны сэтгэлгээний тодорхой нөлөө бүхий бусад соёлууд аль алинаас шалтгаалсан байна. Зарим нь бусад соёлуудаас шалтгаалсан байна, жишээ нь уламжлалт хятад сэтгэлгээ гэх мэт. Хүмүүсийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор ерөнхий байдлаар үүсэх буруу ойлголтууд байж болно. Мөн ердөө сургаалын талаарх тайлбар бичвэр нь ойлгоход хэцүү байх явдалаас гарах буруу ойлголтууд байж болно. Багш нар зарим ойлголтуудыг тодорхой тайлбарлаагүй эсвэл тайлбарлалгүй орхисоноор бид тэдгээрийг нь юу гэсэн утгатай болохыг өөрсдөө тусган ойлгосноос гарах буруу ойлголтууд бас байж болно. Энэ нь багш нар өөрсдөө сургаалыг буруу ойлгосоноос шалгаалж болно, учир нь бүх багш нар эрдэмийг бүрэн эзэмшээгүй байна: олонхыг тэднийг бүрэн боловсрол олохоос өмнө сургаал тайлбарлуулахаар илгээдэг. Мөн хэдий багш нар ойлголтуудыг тодорхой тайлбарласан ч бид анхааралтай сонсоогүй эсвэл дараа тэдгээрийг зөв санахгүй байж болно. Эсвэл бид хангалттай тэмдэглэл хөтлөөгүй эсвэл хөтөлсөн тохиолдолд хэзээ ч тэдгээрийг дахин уншдаггүй явдал байж болно. Ийм хэлбэрүүдээр төрөх үнэхээр олон буруу ойлголтууд байдаг хэдий ч, хэдийгээр олон зүйлийн ярилцаж болох ч, энэ удаа хамгийн нийтлэг төрдөг ердөө цөөн хэдэн ерөнхий сэдвүүдийн заримын талаар тайлбарлахыг хичээе.

Бурханы шашны өөрийн талаар төрөх ерөнхий буруу ойлголтууд 

Бурханы шашин юмсыг гутранги үзлээр авч үздэг гэж ойлгох 

Бурхан багшийн заасан анхны сургаал нь Хутагтын дөрвөн үнэн бөгөөд тэдгээрийн эхний үнэн болох “жинхэнэ зовлон (зовлон үнэн)”-гийн тухай сургаал байсан. Бид зовлон (зовлонгийн зовлон), бидний эгэл хэлбэрийн амар амгалан (урвах зовлон) болон хяналтгүй дахин дахин гарах төрлийн бүх зүйлд түгээмэл байх бидний туулах зүйлийн (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон) талаар ярьдаг бөгөөд эдгээр нь бүгд зовлонд тооцогдоно. Гэвч “зовлон” (англ. suffering) гэдэг үг англи хэлэнд нэлээд хатуу үг байна. Энд илэрхийлж байгаа утга нь дээрх бүх гурван төлөв бүгд сэтгэл ханамж авчирдаггүй, асуудал, бэрхшээлүүд бүхий байдаг тул хүн бүхэн амар амгалан байж, зовлонгүй байхыг хүсдэг учраас бид амьдрал дахь өөрийн асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэх хэрэгтэй болдог гэсэн санааг илэрхийлнэ. 

Бурханы шашин амар амгалан (баяртай, жаргалтай) байх нь сул талтай гэж хэлдэг гэх нь буруу ойлголт. Гэвч бидний эгэл хэлбэрийн амар амгаланд сул тал бий – тэдгээр нь удаан үргэлжилдэггүй, хэзээ ч сэтгэл хангадаггүй бөгөөд тэдгээр нь дуусах үед бид үргэлж цааш үргэлжлэхийг хүснэ. Хэрэв бидэнд бидний дуртай хоол гэх мэт бидний дуртай ямар нэг зүйл хэт их байвал бид түүнээс уйдаж, цааш идэхийг хүсэхгүй болно. Иймд Бурханы шашин нь бидэнд эдгээр бүх сэтгэл ханамж авчирдаггүй нөхцөлүүд байхгүй байх явдлаас бий болох тэр төрлийн амар амгаланд зорихыг сургана. Энэ нь хамгийн дээд зорилго нь ямар нэг зүйл мэдрэхүй байна гэсэн үг биш. Энэ нь олон төрлийн амар амгалан байх бөгөөд бидний гол төлөв туулдаг зүйл зовлонгоос илүү сайн зүйл байх хэдий ч тэр нь бидний туулж мэдэрч болох амар амгалангийн бүрэн түвшин биш гэсэн утгатай. 

Мөнх бус гэдэг нь зөвхөн сөрөг утгатай гэж бодох 

Мөнх бусын талаар зөвхөн бидний эгэл амар амгалангийн үүднээс ойлгох нь буруу ойлголт: эгэл амар амгалан нь дуусаж, сэтгэл ханамж авчрахгүй болж, улмаар зовлон болно. Мөнх бус нь мөн бидний амьдрал дахь тодорхой зовлон бүхий ямар нэг үе бас дуусна гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь сэтгэл амар амгалан байж, амьдрал дахь өөрийн нөхцөлүүдийг сайжруулах шинэ боломжуудын ашиглах боломжийг нээлттэй үлдээнэ. Ийнхүү Бурханы шашин нь бидний амьдралд хандах хандлага, амьдралыг үзэх үзлийг өөрчилж, улмаар гэтлэхүй, гэгээрэлд хүрэх асар олон тооны аргуудыг санал болгоно. Тэдгээр бүх өөрчлөлтүүд мөн мөнх бус байх суурь зарчмаас бий болно. 

Бурханы шашны үзлийг үгүйсгэх үзлийн нэг хэлбэр гэж ойлгох 

Бурхан багш амьдрал дахь хүн бүрийн асуудал, бэрхшээлүүдийн жинхэнэ шалтгаан нь тэдний бодит байдлын талаар – хүн бүр өөрсдөө, бусад мөн бусад бүх зүйл хэрхэн оршдог талаарх үл мэдэх явдал (мунхаг) байна гэж заасан. Тэрээр хоосон чанарын талаарх сургаалаа энэ төөрөгдөл, буруу ойлголтыг арилгах ерөндөг болгон заасан. Хоосон чанарыг үгүйсгэх үзлийн нэг хэлбэр бөгөөд Бурхан багш юу ч оршдоггүй – та оршихгүй, бусад оршихгүй, таны асуудал оршихгүй тул таны асуудлыг шийдвэрлэх шийдэл нь юу ч оршдоггүй гэж ойлгох явдал гэж заасан хэмээн ойлгох нь буруу ойлголт. 

Хоосон чанар нь ийм ойлголтыг ердөө илэрхийлдэггүй. Бид юмсын орших бүх төрлийн байх боломжгүй хэлбэрүүдийг бодит гэж тусгана – жишээ нь, юмс бусад бүх зүйлээс тусдаа, бие даан оршино гэж бодно. Бид бүх зүйл хоорондоо холбоотой, бусад бүх зүйлээс нэгдмэл байдлаар харилцан хамаарч байдаг гэдгийг мэддэггүй. Бидний энэ талаарх зуршил болсон төөрөгдөл нь бидний сэтгэл юмсыг байх боломжгүй хэлбэрүүдээр орших байдлаар харагдуулах ба жишээ нь бидний цахим хуудас өөрөөрөө, бие даан, түүнийг бий болгож буй зуу гаруй хүний хэдэн арван мянган цагийн хөдөлмөрөөс шалтгаалахгүй орших байдлаар харагдуулна. Оршихуйн энэ байх боломжгүй хэлбэр нь ямар нэг бодит зүйлтэй тохирдоггүй. Хоосон чанар нь оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг тусгах бидний тусгалтай тохирох ямар нэг бодит зүйл огт байхгүй байх явдал. Нэг ч зүйл өөрөө бие даан оршдоггүй; энэ нь юу ч оршдоггүй гэсэн үг биш. 

Ёс зүй болон сахилуудын талаарх буруу ойлголт 

Бурханы шашны ёс зүй нь ёс суртахууныг сайн болон муу гэх шүүлтээр шүүх явдал дээр суурилна гэж үзэх

Ёс суртахууны хувьд мөн бусад олон тохиолдлуудад буруу ойлголтууд буруу чиглүүлсэн орчуулгын үг хэллэгээс олонтаа шалтгаалан гарч болно. Үүний улмаас бид Бурханы шашны бус ойлголтуудыг Бурханы шашны сургаалаар тусган ойлгоно. Жишээ нь, бид бидний Библийн сургаалын уламжлалд хэрэглэгдэх үг хэллэгүүдийг хэрэглэж болно, жишээ нь, “буянт” (англ. virtuous), “нүгэлт” (англ. non-virtuous), “буян” (англ. merit), “нүгэл” (англ. sin) гэх мэт. Ийм төрлийн үгс нь ёс суртахууны талаарх Бурханы шашны сургаалыг ёс зүйгээр шүүх болон гэм буруутай байх тухай ойлголтоор харуулна: зарим  зүйлс сайн, зөв зохистой гэсэн утгаар буянт зүйл болно. Хэрэв бид тэдгээрийг хийвэл сайн хүмүүс болох ба тэр байдлааар үйлдэл үйлдвэл бид тодорхой төрлийн шагнал болох адил буян хураана. Гэвч хэрэв бид буянт-бус, “ариун-бус” байдлаар үйлдэл үйлдвэл тэр үед бид муу хүн болж нүгэл хурааснаар түүний хариуд зовох ёстой болно. Энэ нь Библийн сургаалд дурдах ёс зүйг Бурханы сургаалын ёс зүйгээр тусгаж буй тусгал болох нь тодорхой. 

Бурханы шашны ёс зүй нь цэвэр ялгах ухааныг төлөвшүүлэх явдал дээр суурилна. Бид юу эерэг юу сөрөг болох, юу тустай болон юу гэм хортой болохыг ялгаж сурч, ингээд ойлголтоор гэм хортой, сөрөг зан байдлаас зайлсхийх хэрэгтэй болно. 

Бурханы шашны ёс зүй нь хууль, дүрэм дагах дээр суурилна гэж ойлгох 

Дараагийн буруу ойлголт нь, Бурханы шашны ёс зүйг ялгах ухаан дээр суурилахаас илүүтэй хууль, дүрэм дагах дээр суурилна гэж үзэх явдал. Зарим соёлуудад хүмүүс хууль, дүрмийг маш нухацтай авч үзэх ба энэ үед тэд нэлээд уян хатан биш болдог: тэд хууль, дүрмийг зөрчихийг хүсдэггүй. Харин төвөдүүд ёс зүйн заавруудыг дагах гэдэг үүднээс нэлээд чөлөөтэй байна. Энэ нь тэд хайнга байна гэсэн үг биш, харин энэ нь тодорхой нөхцөлүүдэд ёс зүйн зааврыг хэрхэн ашиглахад ялгах ухааныг хэрэглэх ёстой болно гэсэн утгатай. Энд бидний ялгахыг хүсэж байгаа зүйл нь бид сэтгэлийн тайван байдал алдагдуулах (сөрөг) сэтгэл хөдлөл нөлөөнд орж үйлдэл үйлдэж байгаа эсвэл бидний зан байдлын хэв маягт эерэг шалтгаан буй эсэх явдал байна. 

Сахилууд нь боломжит цоорхой бүхий байж болох хуулиудтай адил гэж бодох 

Өөр нэг байдлаар бид хуульч адилаар сахилуудыг харж болно. Ингээд бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэх эсвэл сахилыг зөрчих, хүчийг нь сулруулах шалтаг олох үүднээс үйлийн үрийн тухай сургаалын тайлбараас цоорхой эрнэ. Би нэг жишээ дурдья. Бид жишээ нь алкоголь хэрэглэхгүй байх сахил хүртээд, ингээд эцэг эхийн хамтаар хооллох үед тэднийг гомдоохгүй байх үүднээс дарс хэрэглэх эсвэл согтохгүй тохиолдолд зарим үед алкоголь хэрэглэж болно гэж хэлдэг. Бид сахилыг тойрох үүднээс ийм төрлийн шалтагуудыг тоочдог. 

Энд гол санаа нь хэрэв та сахил хүртсэн бол та сахилыг бүрэн сахих явдал. Та сахилыг таллан авдаггүй. Энэ сахилын онцлог. Хэрэв бид сахилын нарийвчилсан зүйл бүгдийг эсвэл тодорхой нэг сахилыг эх зохиолд тодорхойлсон байдлаар сахиж чадахгүй үед бид тус сахилыг хүртдэггүй. Тухайн сахилыг заавал хүртэх шаардлага байдаггүй. 

Өөр нэг хувилбар байна. Сахилуудын талаарх абхидхармын сургаалд гурван ангилал бий: Ямар нэг сөрөг зүйл хийхээс татгалзах амлалт гаргах сахил. Мөн өөр нэг ангилал байх ба үүнийг орчуулах маш хэцүү - үгчилбэл сахилын-эсрэг гэх зүйл байна. Энэ нь, жишээ нь, амьтны амь хөнөөх гэх мэт, ямар нэг сөрөг зүйл хийхээс татгалзахгүй гэх сахил. Хэрэв та армид алба хааж байгаа бол, жишээ нь, дайсан довтлох үед та буудахаас татгалзахгүй гэж амалж болно. Үүний дараа завсрын нэг ангилал байна: тухайн нэг сахилд тодорхойлсон зүйлийн зөвхөн тодорхой  хэсгийг сахих. 

Бидний ашиглаж болох энэхүү завсрын ангилал нь дараах хэлбэрээр байж болно. Жишээ нь, зохисгүй бэлгийн харилцаанаас зайлсхийх тухай гэргийтний сахилын хувьд, хэрэв бидний сахиж үнэхээр чадахгүй гэж бодож байгаа сахилын хэсгүүд байвал бид гэр бүлтэй хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орохгүй байх мөн хэн нэгэнтэй хүч хэрэглэн, албадан бэлгийн харилцаанд орохгүй байхаар зөвхөн амалж болно. Ийм амлалт нь эх зохиолуудад тодорхойлсон сахилд үнэндээ тооцогддоггүй. Гэвч энэ нь маш эерэг, илүү их эерэг хүч бий болгоно – миний бие “буян” гэхээс илүүтэй “эерэг хүч,” “нүгэл” гэхээс илүүтэй “сөрөг хүч” гэдэг үгийг хэрэглэхийг илүүд үздэг – тэгэхээр ингэж амлах нь ердөө тухайн төрлийн зан байдлаас татгалзахаас илүү эерэг хүчийг бидний сэтгэлийн үргэлжлэлд бий болгоно. Энэ нь сахилыг орлохгүй боловч ёс зүйн маш хүчтэй хэлбэр болдог. 

Бурханы шашны ёс зүйг хүмүүнлэг – ердөө бусдад гэм хүргэхээс зайлсхийх ёс зүй гэж үзэх  

Ёс зүйтэй холбоотой ойлгодог өөр нэг буруу ойлголт нь Бурханы шашны ёс зүйг хүмүүнлэг байх ёс зүй гэж буруу ойлгох явдал. “Хүмүүнлэг” гэдэг нь ердөө бусдад гэм хүргэх зүйлсийг хийхээс зайлсхийх гэсэн утгатбай. Тэгэхээр хэн нэгэнд гэм хүргэхгүй тохиолдолд энэ хангалттай. Энэ нь хүмүүнлэг ёс зүй, юутай ч, миний ойлгож буй хүмүүнлэг ёс зүй. Хэдийгээр энэ маш сайхан, маш сайн ч, Бурханы шашны ёс зүйн суурь биш. Бурханы шашны ёс зүйн суурь нь өөрт-гэм бүхий зүйлээс зайлсхийхийг онцлон тэмдэглэнэ, учир нь бид юу бусдад гэм хүргэхийг үнэндээ мэдэхгүй: Бид хэн нэгэнд тэдэнд тус болно гэж үзэж сая евро өгч болно. Ингээд маргааш өдөр нь, тэдэнд тэр мөнгө байсанаар хэн нэгэн тэднийг дээрэмдэн, амь насанд нь хүрч болно. Тэгэхээр бид юу бусад хэн нэгэнд тус болохыг мэддэггүй. Бид ирээдүйг харж чадахгүй. Бурханы шашны сургаалд тодорхойлсон байх зүйл нь хэрэв бид сөрөг байдлаар, уур бухимдал, шунал, хүчтэй тачаал, атаархал, зан байдлын шалтгаан ба үр дагаврын талаар мэдэхгүй байх гэх мэт – сөрөг сэтгэл хөдлөлүүдийн суурин дээр үйлдэл үйлдвэл энэ нь өөрт гэм хортой байна. Энэ нь тус зан байдлыг давтах сөрөг зуршил бий болгож энэ нь бид өөрсдөө зовлон туулах шалтгаан болно. Энэ Бурханы шашны ёс зүйн суурь. 

Дахин төрлийн талаарх буруу ойлголтууд 

Дахин төрлийн талаарх ойлголтыг алгассанаар өөрийн сөрөг зан байдал болон сөрөг сэтгэл хөдлөлүүд дээр ажиллахгүй байх 

Бурханы шашны ёс зүй нь хүмүүнлэг – ердөө бусдад гэм хүргэхгүй байх үзэл дээр суурилах тухай энэ буруу ойлголт нь  Их хөлгөний сургаалын бүтээлийг яаран онцолноос, бага төрөлхтөн, дунд төрөлхтөний сургаалыг бид алгасаж болно гэж ойлгосноос байнга төрдөг мэт санагддаг. “Лам-рим” гэдэг нь гэгээрэлд хүрэх зэрэглэсэн үе шатууд гэсэн утгатай. Эхний түвшний (бага төрөлхтний үе шат) сэдэл нь муу төрлүүдээс зайлсийх. Гэтэл бид бүр дахин төрөлд итгэдэггүй. Дунд түвшинд (дунд төрөлхтний үе шат) хяналтгүй дахин дахин гарах дахин төрлүүдээс бүгдээс бүрмөсөн зайлсхийнэ. Гэтэл бид дахин төрөлд мөн итгэхгүй байсаар байх ба иймд дээрх хоёр түвшний сэдлийн аль нь ч  бидэнд тийм чухлаар нөлөөлөхгүй: бид “үүнийг алгасая” гэж бодно. Гэвч бид Их хөлгөний сургаалд олон талаар, тэдгээр нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээр, өгөөмөр сэтгэл, тусламж гэх мэт манай барууны уламжлалтай маш адил мэт санагдах учраас татагдана. Энэ нь сайхан санагдах ба ингээд бид энэ түвшний сургаалд татагдан эхний хоёр төрөлхтний ач холбогдлыг бууруулж эсвэл тэдгээрийг алгасана. 

Ингэхдээ бид мөн тэдгээрийн агуулгын нэг чухал хэсгийг, тухайлбал, өөрт гэм хортой болох өөрийн сөрөг зан байдал болон сөрөг сэтгэл хөдөлөл, хандлагуудыг арилгахыг хичээх тухай сургаалыг алгасна. Бид ердөө шууд бусдад туслахыг хичээхэд анхаарна. Энэ нь буруу. Хэдийгээр Их хөлгөний сургаалыг онцлох нь чухал ч энэ нь эхний хоёр төрөлхтний сургаал дээр суурилах ётсой. Бид эхэлж өөрийн сөрөг зан байдал болон сөрөг сэтгэл хөдлөл ажиллах ёстой, учир нь эдгээр нь бидний бусдад туслахыг хичээх үйл явцад ихээр саад болно.

Дахин төрлийг нухацтай авч үзэхгүй байх 

Бидний олонхын эхний хоёр төрөлхтний сургаалыг алгасах хүчтэй шалтгаан нь бид дахин төрөл байдаггүй гэж боддог. Үнэндээ, эхний түвшний (бага төрөлхтний) сургаалын гол зүйл нь муу төрлүүдээс зайлсхийх; иймд бид аврал айлтгаж (өөрийн амьдралд эерэг чиг гаргах), муу төрөлд төрөх шалтгаан болох тул тэдгээр сөрөг зан байдлаас зайлсхийхээр үйлийн үрийн тухай сургаалыг баримтлана. Гэвч бид дахин төрөлд итгэдэггүй учраас үүнийг алгасаж эсвэл ач холбогдлыг нь бууруулна. Ялангуяа бид мэдээж тамын төрөл болон бирдийн төрөл, тэнгэр болон эсрэг-тэнгэрүүдийн төрөлд итгэхгүй. Бид тэдгээр нь оршдоггүй бөгөөд сургаалд тодорхойлох тэдгээр тодорхойлолтууд нь үнэндээ зөвхөн хүний сэтгэл зүйн төлөвүүдтэй холбоотой гэж бодно. Энэ нь сургаалын хувьд үнэндээ үнэн биш бөгөөд энэ нь том буруу ойлголт. 

Хүний бус, амьтны бус амьдралын хэлбэрүүдэд төрөл авахыг нухацтай авч үзэхгүй байх 

Миний бие энэ удаа энэ талаар тийм их нарийвчлан ярихыг зорихгүй байгаа ч хэрэв бид өөрийн болон бусдын сэтгэл, сэтгэлийн үргэлжлэлийн талаар бодох үед, тэдгээр нь зөвхөн хүн бидний бие болон сэтгэлийн туулах хэмжээгээр тодорхойлогдох тэр хязгаарлагдмал хэмжээгээр сэтгэлийн амар амгалан болон сэтгэлийн зовлон, биеийн таашаал болон хөндүүрийг туулахгүйгээр тус солонгорлын цар хүрээг бүрэн туулж болохгүй шалтгаан байхгүй. Мэдрэхүйн хүртэхүйн өөр өөр төрлүүдэд тэдгээр нь өөр өөр байна. Зарим амьтад хүн бидний харж чадахаас илүү хол зайд байх зүйлийг харж чаддаг; зарим илүү сайн сонсож чадна гэх мэт. Тэгэхээр ямар учраас бидний туулж мэдэрч чадах сэтгэлийн амар амгалан, зовлон болон бие махбодын таашаал, хөндүүрийн хувьд байх хил хязгаар тэлж, тамын төрөл эсвэл тэнгэрийн төрлийн гэх мэт түүний суурь болох зохих биет хэлбэр байж болохгүй гэж. 

Бусад амьдралын хэлбэрүүдийг ердөө хүний сэтгэл зүйн төлөвүүдээр ойлгох 

Үйлийн үрийн тухай сургаалын тайлбарт бидэнд тэдгээр бусад төрлүүдэд төрж байсан өмнөх амьдралуудаас үлдсэн тодорхой нөлөө байна – тэдгээр төрлүүдэд бидний туулж амсаж байсан зүйлтэй адил байдлаар юмсыг туулж амсанан гэж гардаг ч; энэ нь бидний болон бусдын авч болох тэдгээр бусад амьдралын хэлбэрүүдийн тухай ойлголтыг ердөө хүний сэтгэл зүйн төлөвүүдээр ойлгож болно гэсэн үг биш. Энэ нь сургаалын зарим тайлбарыг орхигдуулж буй явдал. 

Үйлийн үрийн тухай сургаалыг зөвхөн нэг насны амьдралын тохиолдлоор хязгаарласнаар сургаалыг ойлгомжгүй гэж үзэх     

Дахин төрөл болон оршихуйн тэдгээр бусад төлөвүүдийг хүлээн зөвшөөрхгүй байгаагаас бид үйлийн үрийг ердөө бидний энэ насны амьдралд үйлдэж байгаа үйлүүдийн үр дагавраар тодорхойлох байдлаар буруу ойлгодог. Энэ хязгаарлалт нь үйлийн үрийн тухай сургаалын талаарх олон эргэлзээний шалтгаан болдог. Ердөө баригддаггүй, гэмт хэрэг хийгээд зугтах томоохон гэмт хэрэгтнүүд байдаг. Харин бид ямар нэг ноцтой сөрөг зүйл хэзээ ч хийгээгүй байх нөхцөлд, хорт хавдар гэх мэт бидний амьдралд тохиолдох олон таагүй зүйлүүдийг туулж болно. Бид өөрсдийн яриаг эсвэл өөрийн үзлийг зөвхөн энэ насны амьдралаар хязгаарлах тохиолдолд үйлийн үр ойлгомжгүй санагдана.

Сургаалын талаарх буруу ойлголтууд 

Бурханы шашны сургаалаас өөрийн дургүй хэсгүүдийг шүүн гаргах  

Эдгээр нь илүү том асуудал, сургаалыг ойлгох илүү их буруу ойлголтыг илэрхийлнэ, энэ нь бид зөвхөн өөрийн дуртай зүйлүүдийг сонгон авч, хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй зүйлүүдийг орхиж эсвэл үл хайхарч болно гэж бодох явдал: “шүүн ариутгасан” Бурханы шашин гэх зүйл байна. Бид бүх хэцүү зүйлүүдийг шүүж, арилгана. 

Газрын хөрсөн доогуур явдаг, алт ялгаруулдаг заан гэх мэт тэдгээр бүх зүйлийн талаар өгүүлэх үйлийн үрийн тухай түүхийг сонсох үед бид “Аль вэ! Эдгээр чинь хүүхдэд зориулсан үлгэрүүд байна!” гэж бодно. Бид тэдгээр түүхүүдэд тодорхой сургаал байна гэж харахгүй. Зарим төвөд хүмүүсийн адил бид тэдгээрийг үгчилж ойлгох эсэх нь гол биш. Гол санаа нь тэдгээрийг орхигдуулахгүй байх; тэдгээр нь сургаалын хэсэг. Өөр нэг жишээ нь, Их хөлгөний сургаалын судрын сургаалд, Бурхад хэдэн зуун сая төрөлхтөнд сургаал айлдаж буйгаар; хэдэн зуун сая Бурхад байлцаж байгаагаар; Бурхан бүрийн шар үсний сүв бүрд өөр хэдэн сая Бурхад байна; гэх мэт үргэлжилнэ. Ихэнх тохиолдолд бид энэ талаар ярихаас цааргалж, “Энэ их хачирхалтай” хэмээн тэдгээрийг сургаалын хэсэг гэж хүлээн зөвшөөрдөггүй. 

Энд асуудал нь Бурханы шашнаас өөрийн дуртай хэсгүүдийг сонгож авах явдал байна. Бурханы шашны тодорхой сургаалуудыг хэрэгсэхгүй байхаас зайлсхийхтэй холбоотой тодорхой тарнийн болон бодьсадвын сахилууд бий. Бурханы шашны сургаалуудыг үнэн биш; өөрөөр хэлбэл, ердөө сургаалын тодорхой хэсгүүдийг хүлээн авч бусдыг үл харгалзана, ердөө бид өөрийн дуртай зүйлийг авдагтай адил. Хэрэв бид Бурханы шашны шашныг өөрийн Номын зам мөр гэж хүлээн авах гэж байгаа бол бид хэдийгээр тухайн нэг сургаал бидэнд хачирхалтай санагдаж байсан ч наад зах нь “Миний бие энэ сургаалыг ойлголгүй байна,” “Би энэ талаар илүү гүн тайлбар болон илүү сайн ойлголт авах хүртэл шүүмжийг түр азная” гэж хэлэх түвшинд хангалттай нээлттэй байх хэрэгтэй. Сэтгэлээ хаалттай байлгаж, тэдгээрийг эс тооцохгүй байх нь чухал. 

Эрдэнэт хүний төрөлд дахин төрөх нь хялбар байна гэж бодох 

Өөр нэг буруу ойлголт нь хэдийгээр бид дахин төрлийг хүлээн зөвшөөрдөг ч эрдэнэт хүний төрөлд дахин төрөх нь хялбар байна гэж бодох явдал. Бид гол төлөв “Тийм, миний бие дахин төрөлд итгэдэг бөгөөд мэдээж би хүн болон төрнө, мэдээж надад сургаалыг үргэлжлүүлэн дадлага болгох бүх боломжууд байна” гэх мэтээр боддог. Энэ нь бодит байдлыг үнэхээр, үнэхээр ойлгохгүй байгаа явдал. Ялангуяа, өөрийн төрүүлсэн сөрөг зан байдлын хэмжээ, уур, шунал, хувиа хичээх сэтгэл гэх мэт – сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнд өнгөрүүлсэн хугацааг өөрийн цэвэр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр үйлдсэн үйлдлийн хугацаатай харьцуулах үед дараагийн удаа эрдэнэт хүний төрөл авах нь маш хэцүү байна гэдэг нь нэлээд илэрхий байна. 

Өөрийн хайртай хүмүүстэйгээ үргэлжлүүлэн хамт байх үүднээс эрдэнэт хүний төрөлд шамдах 

Өөр нэг буруу ойлголт нь өөрийн найз нөхөд, гэр бүлд сэтгэл хэт (буруу) татагдсаны улмаас тэдэнтэй үргэлжлүүлэн хамт байхаар эрдэнэт хүний төрөлд шамдах явдал. Эсвэл бүр ердөө хэрэв миний бие эрдэнэт хүний төрөлд дахин төрвөл мэдээж би өөрийн найз нөхөд, төрөл садан, хайртай хүмүүстэйгээ дахин уулзана гэж бодох. Энэ нь мөн буруу ойлголт. Үнэхээр тоолошгүй олон төрөлхтөн, амьдралын хэлбэрүүд бий. Бидний үйлийн үрийн түүх тус бүрийн дагуу бид бүгд өөр өөр нөхцөлүүдэд төрнө. Тэгэхээр бид дараа төрөлдөө ямар төрөлд төрөх эсвэл хэнтэй бид учрахад ямар ч баталгаа байхгүй. Үнэндээ, энэ насны амьдралд учирсан хэн нэгэнтэй дахин учрахад маш урт хугацаа шаардагдах нь илүү боломжит. Бид учирч болно; энэ нь тийм боломжгүй биш. Гэвч үүнийг хялбар эсвэл баталгаатай гэж бодох нь буруу. 

Үйлийн үрийн талаар буруу ойлголтууд 

Бид муу бөгөөд өөрийн сөрөг үйлийн үрийн (чадамжуудын) боловсролыг хүртэнэ гэж бодох 

Үйлийн үр болон дахин төрлийн тухай сургаалтай холбоотой өөр нэг санаа нь хэдий бид энэ насанд туулж буй зовлон нь өмнөх төрлүүдэд бий болгосон сөрөг үйлийн чадамжуудын боловсрол гэж хүлээн зөвшөөрөх ч, бид “Хэрэв надад зовлон тохиолдож байгаа бол, ямар нэг муу зүйл тохиолдож байгаа бол би түүнийг хүртэх ёстой” гэж бодож болно. Эсвэл тэр нь танд тохиолдсон бол та түүнийг хүртэх ёстой гэж бодох. Энэ тохиолдол дахь буруу ойлголт нь хууль, дүрмийг зөрчсөн, гэм буруутай, муу, ингээд одоо өөрийн хүлээх шийтгэлийг хүртэж буй биет орших “би”-г илэрхийлнэ. Бид үйлийн үр, зан байдлын шалтгаан ба үр дагаврын тухай сургаалыг буруу ойлгосоны улмаас “би”-г – муу бөгөөд одоо шийтгүүлж буй тус биет “би”-г буруутгана. 

Бусдын үйлийн үрийн боловсролд бид хариуцлага хүлээнэ (буруутай) гэж бодох  

Ингээд бид бусдын үйлийн үрийн боловсролд өөрийг буруутгах ийм гэм буруугийн тухай ойлголтыг төрүүлнэ. Бид үйлийн үрийн боловсролыг туулахтай холбоотой олон хүчин зүйл, нөхцөл байх бөгөөд тэдгээр тус бүр нь өөр өөрийн шалтгаантай байна гэдгийг хардаггүй. Би бусад хүмүүсийн үйлийн үрийн боловсролд нөлөө үзүүлнэ гэж бодох нь нэг буруу ойлголт. Тэдний туулах зүйл нь зөвхөн миний биеэс бус тэдгээр бүх хүчин зүйлүүдээс шалтгаалан бий болно. 

Нэг жишээ дурдъя. Бид машинд мөргүүлсэн гэж бодъё. Энэ нь миний бие урд нэг төрөлдөө нөгөө хүн намайг мөргөх шалтгаан болох зүйл хийсэн явдлаас шалтгаалсан бус. Хэрэв бид “Би тэд намайг мөргөх үйлийн үрийн хариуцлагыг хүлээнэ” гэж бодож байвал, энэ буруу. Юунд бид үйлийн үрийн хариуцлагыг хүлээх вэ гэвэл энэ нь бидний мөргүүлэх явцыг хэрхэн туулах явдал. Нөгөө хүний үйлийн үр нь тэд биднийг машинаар мөргөсөн явдалд үүрэг хүлээх явдал байна. Үүний адил, бидэнд тохиолдож байгаа зүйл нь олон олон өөр өөр үйлийн үрийн хүчин зүйлүүд мөн сөрөг сэтгэл хөдлөлүүд, цаг агаар: бороо орж, зам халтиргаатай байх гэх мэт ерөнхий хүчин зүйлүүдийн харилцан хамаарлын үр дүн байна. Тэд бүгд харилцан хамаарч бидний зовлон эсвэл асуудлуудыг туулах нэг нөхцөлийг бий болгоно. 

Номын багшийн тухай дахь буруу ойлголтууд 

Номын багш нь зохих эрдмийг эзэмшсэн, бидэнд үлгэр дуурайл үзүүлэх ёстой шаардлагыг үл хайхрах 

Ингээд Номын багш нарын тухайд, миний бие үүнийг зөвөн барууны хүмүүсийн дунд тохиолддоггүй өргөн хүрээтэй буруу ойлголт гэж боддог. Юуны түрүүн, Номын багш чухал болохыг онцлох явдлаас шалтгаалан бид багш нь зохих эрдмийг эзэмшсэн байх шаардлагыг анхаарлын гадна үлдээх хандлагатай байна – багшийн эзэмшсэн байх эрдмүүдийг жагсаасан жагсаалт байна. Хэдийгээр багш нь зохих эрдмийг эзэмшсэн байсан ч бид тухайн хүнээс үлгэр дуурайл авч байх хэрэгтэй байна. 

Номын багш чухал байх гол шалтгаануудын нэг нь багш нь урам, бидэнд бүтээл хийх эрч хүч, бидний даган дуурайхыг хүсэх үлгэр дуурайлыг өгөх явдал. Бид ном, интернэтийн мэдээлэл зэргээс мэдээллүүдийг авч болно. Мэдээж багш бидний асуултуудад хариулах, мөн бид бясалгалын бүтээлдээ (дадлага) алдаа гаргаж байвал түүнийг засаж чадах шаардлагатай байна. Гэвч хэрэв тухайн багш бидэнд үлгэр дуурайл үзүүлэхгүй бол бид үнэхээр их ахиц гаргахгүй. 

Өмнө сайтар шалгахгүйгээр хэн нэгнийг өөрийн багшаар хүлээн зөвшөөрөх 

Багш нар үнэхээр зохих эрдмийг эзэмшсэн байх, тэд үнэхээр бидэнд үлгэр дуурайл үзүүлэх шаардагатай байхтай холбоотой дээрх буруу ойлголтын улмаас бид өмнө нь бүрэн эсвэл зохих байдлаар шалгахгүйгээр хэн нэгнийг өөрийн багшаар хүлээн зөвшөөрөхөд яаруу ханддаг. Бидэнд “Та багштай байх ёстой; та багштай байх ёстой” гэж онцлон тэмдэглэх явдлын улмаас яарах сэтгэл төрнө. Энэ үед хожим бид багшийн гэмийг бодитойгоор харах үед бидний урам хугарах боломж гарах эрсдэл бий болно. Бид зохих байдлаар шалгаагүй байна. Энэ том асуудал, учир нь ёс зүйн зохисгүй үйлдлээр үнэн эсвэл худал буруутгагдсан Номын багш нартай холбоотой олны дургүйцлийг хүргэсэн үйл явдал олонтаа гараад байгаа. Зарим тохиолдолд тэд үнэхээр буруутай байсан; тэд үнэндээ зохих эрдмийг эзэмшээгүй байсан бөгөөд бид тухайн хүнийг багш чухал гэсэн дээрх ойлголтын нөлөөгөөр өөрийн багшаар яаран хүлээн зөвшөөрсөн байж болно. Ингээд бид өөрийн багш оролцсон байх тэдгээр ёс зүйн зохисгүй үйлдлүүдийн талаар мэдэх үед бид үнэхээр их цочирддог. 

Бүх төвөд хүмүүс, ялангуяа хуврагууд, тэр дундаа өндөр хэргэм зэрэгтэй тэдгээр хүмүүсийг өв тэгш бурханы шашинтан гэж бодох 

Үүний зэрэгцээ, бүх төвөд хүмүүс; эсвэл илүү нарийвчилбал, бүх эрэгтэй болон эмэгтэй хуврагууд; бүр нарийвчилбал, бүх Ринбүүчи, гэвш болон хамба лам нарыг Бурханы шашны бүтээлийн (дадлага) төгс жишээ гэж бодох нь буруу ойлголт. Энэ маш нийтлэг буруу ойлголт. Бид “Тэд өв тэгш Бурханы шашинтнууд байх ёстой: (учир нь) тэд төвөд хүмүүс” эсвэл “Өв тэгш Бурханы шашинтнууд: тэд орхимж орхисон байгаа.” Эсвэл “Өв тэгш Бурханы шашинтнууд: тэд Ринбүүчи” гэж бодно. Энэ нь бодит байдлыг сайн мэдэхгүй байгаа явдал. Тэдний ихэнх нь ердөө энгийн хүмүүс. 

Ихэнх нийгмүүдэд байдгаас илүүтэй төвөд хүмүүсийн дундах Бурханы шашны бүтээл хийдэг хүмүүсийн тоо олон байж болох бөгөөд тэдэнд соёлынх нь хэсэг болсон Бурханы шашны тодорхой үнэт зүйлс байдаг байж болно; гэвч энэ нь, ямар ч тохиолдолд, тэд бүгд өв тэгш Бурханы шашинтан байна гэсэн үг биш. Хэрэв хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй хувраг болж байвал үүнд олон шалтгаан байж болно. Төвөд хүмүүсийн хувьд, энэ нь гэр бүл нь тэднийг хүүхэд байх үед хийдэд суулгадаг явдал байж болно, учир нь тэд таныг хооллож ундалж чадахгүй байх тул та хийдэд сууснаар идэх хоолтой байж, мөн боловсрол эзэмшинэ. Энэ нь мөн илүү өөрийн сэдлийн шалтгаантай байж болно – надад тодорхой асуудлууд байна, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд надад хийдийн амьдралын сахилга бат хэрэгтэй байна гэнэ. 

Миний Ринбүүчи найз нарын нэгийн тайлбарласнаар “Орхимж нь надад тус сахилга бат үнэхээр хэрэгтэй, учир нь миний бие маш сахилга батгүй хүн бөгөөд надад олон сөрөг сэтгэл хөдлөлүүд бий, миний бие тэдгээрийг шийдвэрлэхэд бүрэн хичээл зүтгэл гаргаж байгааг харуулна” хэмээсэн. Энэ нь тэд тэдгээр асуудлуудыг шийдвэрлээд байгаа гэсэн үг биш. Тэгэхээр бид тэднийг, ялнагуяа, тэдгээр Ринбүүчи нарыг бүгд гэгээрсэн гэж бодохгүй байх хэрэгтэй. Дээрхийн гэгээн Далай лам үргэлж “Өмнөх төрлийнхөө зөвхөн алдартай нэрд найдах нь үнэхээр том буруу ойлголт” хэмээн айлддаг. Тэрээр тэдгээр Ринбүүчи нар энэ насны амьдралдаа зөвхөн өөрсдийн нэр хүндэд найдах бус өөрсдийн эрдэмийг харуулж, батлах ёстой гэж онцлон тэмдэглэдэг. 

Эрэгтэй, эмэгтэй хуврагуудыг хүндлэхгүй байх, тэднээр гэргийтэн хүмүүст үйлчлүүлэх 

Нөгөө талаар, эрэгтэй, эмэгтэй хуврагуудыг хүндлэхгүй, Номын төвүүд дээр тэднээр гэргийтэн хүмүүст үйлчлүүлэх нь буруу. Номын төвүүд дээр эрэгтэй, эмэгтэй хуврагууд суурин амьдрах тохиолдол нэлээд байна. Тэдгээр хуврагууд төвд цэвэрлэгээ хийх, багш нарын айлдварт зориулан бэлтгэл хийх, тасалбар хураах гэх мэт ажлуудыг хийх ёстой байна. Төв нь зочдыг дотроо байрлуулдаг тохиолдолд амралтын өдрийн сургалт явагдах үеэр тэд байр сууцууд гэх мэт тэдгээр бүх зүйлийг зохион байгуулан бүр завгүйн улмаас айлдварт ч сууж амждаггүй. Гэргийтэн хүмүүс тэдгээр хуврагуудыг үйлчлэгч адил боддог мэт байна.  

Үүний эсрэг байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хуврагууд өөрсдийн сахилын түвшингээс үл хамааран хүндлэл хүлээх ёстой. Энэ нь Хувраг эрдэнээс аюулгүй зүг айлтгах буюу тэдгээрт аврал одуулах тухай сургаалын хэсэг: бид бүр орхимжийг хүртэл хүндлэх ёстой. Энэ нь та тэднийг өв тэгш гэж үзэж, энэ тухайд бодит бус хандлагатай байна гэсэн үг биш. Гэвч тодорхой хүндлэлийг үзүүлэх ёстой. 

Номын багшийг ерөөс өө сэвгүй Бурхан гэж үзэж, өөрийн амьдрал дахь бүх үүрэг хариуцлагаа 

“Багшийг шүтэхүй” (англ. “guru devotion”) гэх ойлголтын (хэллэг) талаар мөн маш их буруу ойлголт байна. Миний бие үүнийг тийм их тус болох орчуулга гэж боддоггүй, учир нь энэ нь бараг шашны нэг бүлэглэлд байх адил багшийг харанхуйгаар шүтэх гэсэн санааг илэрхийлэх мэт санагддаг. Энэ маш буруу ойлголт. Номын багштай тогтоох харилцаатай холбоотой тус үгийн хэрэглээ нь бид мэргэжлийн эмчид найддагтай адил хэн нэгэнд итгэх, найдах гэсэн утгатай. Тэгэхээр бидний эмчтэй харилцах харилцаанд хэрэглэгддэгтэй адил үг бидний багштай харилцах харилцаанд хэрэглэгдэнэ. Гэвч Номын багшийг Бурхан адил харах тухай зөвлөгөөг бид багш нь өв тэгш бөгөөд бид түүний зөвлөгөөг шашны бүлэглэлд байдаг адил үг дуугүй дагах ёстой гэж буруу ойлгодог. Энэ буруу ойлголт. Үүний улмаас бид өөрийн бүх үнэлж дүгнэх чадвар, өөрт хүлээх хариуцлагаасаа ухарч, шооны мэргэнээс хамаарч, бүх шийдвэрийг мэргийн дагуу гаргана. 

Бид өөрөө өөрсдөө Бурхан болох, өөрөө ухаалаг, энэрэнгүй шийдвэрүүдийг гаргах ялгах ухааныг төлөвшүүлэхийг зорьж байгаа. Иймд, хэрэв багш нь өөрийн эрх хүчинд эрдэхэд байдгийн адил биднийг ердөө өөрөөсөө шалтгаалж байхыг хүсэж байвал үүнд ямар нэг буруу зүйл байна гэсэн үг. Үүнийг зүгээр гэж үзэж, зөвшөөрөх нь буруу ойлголт. Багштай харилцах ийм төрлийн хүч болон хяналтын сэтгэл зүйтэй байх нь зөвлөгөөг зохих байдлаар дагахгүй байгаа явдал байна. 

Багшид сэтгэл зүйч эсвэл Христийн шашны хамба ламын хүлээх үүргийг тусган харах 

Бурханы шашны багшид өөрийн хувийн асуудлын талаар ярилцан, зөвлөгөө эрэх нэгэн болох Христийн шашны хамба лам эсвэл сэтгэл зүйчийн үүргийг тусган харах нь мөн буруу ойлголт. Энэ Бурханы шашны Номын багшийн үүрэг биш. Бурханы шашны Номын багш нь улмажлалын хувьд сургаал айлдах бөгөөд сургаалыг хэрхэн ашиглах талаар бодох нь биднээс шалтгаалах явдал байна. Сургаалын талаарх ойлголттой холбоотой мөн өөрийн бясалгалын бүтээлийн талаар асуулт асуух үнэндээ зөвхөн тохиромжтой байна. 

Хэрэв танд сэтгэл зүйн асуудал байвал та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй; өөрийн Номын багшид хандах шаардлага байхгүй. Ялангуяа гэр бүл эсвэл хэн нэгэнтэй тогтоосон ойр дотны харилцааны талаарх асуух нь бүр зохисгүй. Багш нар ийм төрлийн асуудлуудын талаар хандаж асуулт асуух хүмүүс биш. Гэвч хамба лам нарын (англ. pastors, priests) үзүүлдэг үүрэг бүхий уламжлалт шашинтай бидний хувьд бид Номын багш нар бидний хувийн амьдрал дахь бэрхшээлтэй үеүдийг туулахад биднийг хөтлөх хамба ламын ийм ерөнхий үүргийг бас хүлээнэ гэж найддаг.     

Би нэг жишээ дурдъя. Миний бие өөрийн Номын багш Цэншаб Сэркон Ринбүүчигийн дэргэд есөн жилийг, маш ойр, өдөр бүр, өдрийн ихэнх цагийн турш өнгөрүүлсэн. Эдгээр есөн жилийн турш тэрбээр нэг ч удаа миний хувийн асуудлын талаар асууж байгаагүй. Хэзээ ч асууж байгаагүй. Миний хувийн амьдралын талаар. Миний гэр бүлийн талаар. Миний гэр бүлийн амьдралын нөхцөл байдлын талаар. Юу ч асууж байгаагүй. Бидний яриа бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байсан, тэрбээр сургаал тайлбарлах эсвэл миний бие бусдад туслах үүднээс түүнд туслах – түүнд орчуулга хийх эсвэл түүний аяллыг зохион байгуулах гэх мэт. Ийнхүү энэ нь баруунд бидний харилцдаг харилцаанаас маш өөр харилцаа, бидний хялбар ойлгох тийм харилцаа биш байсан. 

Аврал одуулах – өөрийн амьдралд аюулгүй зүг гаргахын ач холбогдлыг бууруулах 

Багштай харилцах харилцааны тухай сэдэв нь миний “аюулгүй зүг” гэж орчуулдаг авралын тухай сэдэвт биднийг хөтөлнө. Энэ нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганы үзүүлэх аюулгүй зүгийг өөрийн амьдралд гаргах. Авралыг ердөө нэг клубт нэгдэх гэсэн утгаар түүний ач холбогдлыг бууруулах нь буруу ойлголт. Та үсээ авахуулж, хүзүүндээ улаан зангиа зүүж, төвөд нэр авснаар тус клубт элсэнэ. Энэ нь ялангуяа багш нь тодорхой нэг төвөд уламжлалтай байх бөгөөд бид өөрсдийг ерөнхийлөн Бурханы шашинд орж байна гэхээс илүү Төвөдийн Бурханы шашны тодорхой нэг уламжлалд орж байна гэж үзэх үед асуудал болно: “Би одоо Бурхан багшийн заасан зам мөрийг дагах боллоо” гэхийн оронд “Би одоо Гэлүг ёсны хүн боллоо.” “Би одоо Карма Гаржүд ёсны хүн боллоо.” “Би одоо Нингма ёсны хүн боллоо.” “Би одоо Сажа ёсны хүн боллоо” гэнэ. Ийм буруу ойлголтын улмаас бид шашны урсгалаар хуваагдах, өөрийг тусгайлан авч үзэх үзлийг баримтлан, өөрийн урсгалын Номын төвөөс бусад Номын төвд хэзээ ч очдоггүй. Номын төвүүдийн үйл ажиллагаанд оролцдог барууны Бурханы шашинтан хүмүүсийн ихэнх нь зөвхөн нэг л төвд очиж, өөр бусад төвөөр ердөө ордоггүй нь нэлээд үнэхээр гайхалтай. 

Баруунд хүрэлцэн ирж суурьшиж байгаа багш бүр өөрийн Номын төв болон байгууллагыг байгуулах шаардлагатай гэж бодох 

Бүр илүү ойлгомжгүй зүйл нь баруунд ирж суурьшиж байгаа багш бүр өөрийн Номын төв, байгууллагыг байгуулахыг хүсдэг мэт санагддаг. Энэ буруу санагддаг, учир нь энэ үед нөхцөл байдлыг тогтоон барих боломжгүй болно. Бурханы шашны 400 өөр брэндийг ирээдүйд тодорхойгүй хугацаагаар хадгалж хамгаалах боломжгүй. Цаашлаад, энэ нь шинэ хүмүүст маш ойлгомжгүй байна. Мөн тэдгээрийн номын сан, тахил, түрээс зэрэг олон зүйлийг санхүүжүүлэх нь ихээхэн зардалтай байна. Төвөдөд, Энэтхэг, Балбаас олон өөр багш нар хүрэлцэн ирж, олон өөр хийдүүд байгуулагдсан ч, улмаар тэдгээр нь нэгдэн тодорхой бүлгүүдийг бий болгосон. Тэдгээр нь Энэтхэгт байсан тэдэнтэй ижил бүлгүүд байгаагүй – Энэтхэгт Гаржүд эсвэл Сажа ёс байгаагүй – гэвч тэд нэгдсэнээр тэр үед тэдгээрийг дэмжин уламжлуулж болохуйц болж, улмаар тодорхой уламжлалууд бий болсон. 

Тэгэхээр хэдийгээр баруунд бидэнд Трунгпа Ринбүүчи, Согял Ринбүүчи, Ешэ лам болон Зопа ламтан нарын зэрэг багш нарын эхлүүлсэн тэдгээр томоохон байгууллагууд бий ч, бид Төвөдөд тохиолдож байсны адил бүлгүүд нэгдэж илүү том хэмжээний уламжлалуудыг бий болгож байсан талаар бодох хэрэгтэй. Гэвч ингэхдээ бид хоёр туйлаас зайлсхийх хэрэгтэй. Нэг нь барууны Бурханы шашин хэт их олон бүлгүүдэд хуваагдсан байвал, энэ сайн биш. Нөгөө талаар, түүнийг хэт их удирдан чиглүүлж байвал, энэ мөн сайн биш. Иймд үүнд маш анхааралтай байх хэрэгтэй. Гэвч, миний бие оршин тогтнох чадвар нь чухал асуудал гэж бодож байна.

Бид өөрийн багштай тохиолдолд, бусад багш нарын дэргэд суралцаж болохгүй гэж бодох 

Бусад Номын төвүүдийн үйл ажиллагаанд оролцохгүй байхын хувьд, бид бусад багш нараас суралцаж болохгүй, бүр өөрийн багшийн уламжлалын багш нараас суралцаж болохгүй гэж бодох нь мөн буруу ойлголт. Ихэнх төвөд хүмүүс хэд хэдэн багштай байна, зөвхөн нэг бус. Жишээ нь, Атиша (санс. Атиса) гэгээн, 155 багштай байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Өөр өөр багш өөр өөр зүйл дээр мэргэшсэн байна. Нэг багш үүнийг тайлбарлахад сайн байх бол өөр нэг багш түүнийг тайлбарлахад сайн байна. Нэг багш ийм уламжлалтай байхад нөгөө багш тийм уламжлалтай байна. Дээрхийн гэгээн Далай ламын айлддагчлан: бид багш нараа 11 тэргүүнтэй Авалокитешвара бурханы адил, багш тус бүр нэг тэргүүн тус бүрийн адил байх бөгөөд тэд бүгд биднийг зам мөрөөр хөтлөхийн хувьд нэг биеийг эрхшээнэ гэж харж болно. 

Хоорондоо зөрчилтэй багш нартай байх 

Хоорондоо зөрчилтэй багш нартай байхгүй байх нь маш чухал. Энэ сайн биш. Та, төвөд хэлэнд дам-циг гэгддэг, хоорондоо сайн, ойр холбоотой багш нарыг олох хэрэгтэй. Үүний учир нь, харамсалтай нь, тодорхой асуудлуудаар – тэр нь сахиус эсвэл хэн жинхэнэ Кармапа байх эсвэл өөр бусад зүйлийн талаар маш хүчтэй санал зөрөлддөг өөр өөр Номын багш нарын хооронд байх бидний зарим тохиолдолд “шашны оддын дайн” гэж нэрлэдэг зүйл гарч байгаа явдал байна. Иймд хэрэв та нэгээс илүү багштай байхыг зорьж байгаа бол хоорондоо зөрчилгүй багш нарыг сонгох хэрэгтэй. 

Ердөө айлдварыг нь сонссоноор багш нь таны Номын багш болно гэж бодох

Энд Бурханы шашны нэг багшийн ердөө айлдварыг сонсох нь мэдээж бид тухайн багшийг хүндлэх хэрэгтэй ч, тус багшийг багшийг шүтэх тухай сургаалд заасан бүх заалтууд бүхий таны Номын багш шууд болгохгүй гэдгийг ойлгох нь мөн чухал. Дээрхийн гэгээний айлддагчлан, “Та ямар ч багшийн айлдварыг сонсож, түүнд та их сургуулийн профессорын лекц сонсохтой адилаар оролцож болно.” Энэ нь түүнээс цааш ямар нэг зүйлийг илэрхийлэхгүй. 

Бүтээлүүдийн (дадлага) талаарх буруу ойлголтууд 

Судлах, дадлага хийх хоёрыг хослуулахгүй байх

Бүтээл (дадлага) хийхийн хувьд, Гэлүг ёсыг цэвэр сургалтын уламжлал, Гаржүд, Нингма ёсыг цэвэр бүтээлийн (дадлага) уламжлал гэж бодох нь буруу ойлголт. Ийм буруу ойлголтын улмаас, хэрэв бид тэдгээр ёсын нэгийг баримталж байвал бид нэг талыг нь анхаарахгүй орхино – бид суралцах явдлыг анхаарахгүй эсвэл бясалгалыг анхаарахгүй орхиж болно гэж бодож болно. Багш нар эдгээрийн нэгийг эсвэл нөгөөг – судлах эсвэл бясалгахыг – онцлох тохиолдолд энэ нь бид нэгийг нь хийж нөгөөг орхино гэсэн үг биш. Бидэнд аль аль нь хэрэгтэй гэдэг нь нэлээд ойлгомжтой. 

70, 80-аад оын үед Дарамсалад Номын сангийн дэргэд суралцаж байсан барууны хүмүүс саяхан Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах үеэр, тэрбээр нэг маш сайхан жишээ татсан. Дээрхийн гэгээн, тарни, махамудра (Их мутарлаг), цогчэн гэх зэрэг гүнзгий түвшний бүтээлүүд нь гарын хуруу адил, гарын алга адил, суурь болох сургаалууд нь Наланда хийдийн Энэтхэг ёсны сургаалууд, Энэтхэгийн Наланда хийдийн мэргэдийн судрын ёсны сургаалууд гэж хэлсэн. Буруу ойлголт нь хуруу болох сургаалуудыг хэт их онцлох явдал. Зарим тохиолдолд багш нар тэдгээр сургаалуудыг маш их онцолдог гэж тэрбээр айлдсан. Тэд шавь нартаа зөвхөн хуруу болох сургаалуудыг заан, дадлага хийлгэж, гарын алга болох сургаалуудыг орхигдуулдаг. Хуруунууд гарын алгаас салбарлах бөгөөд дангаараа үүрэг гүйцэтгэж чадахгүй. Энэ Дээрхийн гэгээний хэрэглэсэн зүйрлэл, үүнийг миний бие маш тустай зөвлөгөө гэж бодож байна. “Миний хийх ёстой бүх зүйл цогчэн сургаал; ердөө суугаад, өөрийн байгаа төрөлх төлөвөөрөө байна” гэж бодох нь буруу ойлголт. Ийм байдлаар бүтээлийг хийх нь тэдгээр төрлийн сургаалуудыг суурьгүйгээр нь хэт хялбарчилж байгаа явдал. 

Өөрсдийг Милбогд хэмээн, амьдралын туршид хийх бясалгалын даяан хийх хэрэгтэй гэж бодох 

Өөрсдийг Милбогд хэмээн, хүн бүр – ялангуяа, бид – амьдралын туршид хийх даяанд орох хэрэгтэй, эсвэл наад зах нь гурван жилийн даяан хийх хэрэгтэй гэж бодох нь мөн буруу ойлголт. Ердөө цөөн тооны хүмүүс бүтэн цагаар бясалгал хийх амьдралд нийцсэн байна; ихэнх нь нийгмийн хамгаалалд байх хэрэгтэй байна. Энэ Дээрхийн гэгээний шууд хэлсэн зөвлөгөө. Бид амьдралын туршид хийх бясалгалын даяан үнэндээ хийх шаардагад нийцэх нь эсвэл гурван жилийн даяанаас, ердөө тэнд суун, гурван жилийн турш тарни унших боловч өөртэйгөө маш гүнзгий түвшинд үнэхээр ажиллахгүй бус үнэхээр сайн ач тус хүртэх нь маш, маш ховор. 

Ердөө өөрийн чөлөөт цагаар бясалгал хийснээр гэгээрэлд хүрч чадна гэж бодох 

Гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд эрчимтэй, бүтэн цагийн Номын бүтээл мэдээж шаардлагатай бөгөөд тус бүтэн цагийн бүтээлгүйгээр гэтлэхүй, гэгээрэлд хүрнэ гэж түүнийг хэт өндөр үнэлэх нь буруу ойлголт. Бид “Тэгэхээр, би ердөө өөрийн чөлөөт цагаар бүтээл хийн, гэтлэхүй, гэгээрэлд хүрнэ” гэж боддог. Энэ мөн буруу ойлголт. Гэвч, өөрийн тухайд бодит байдлаар хандахгүй, тийм эрчимтэй бүтээлийг одоо хийх өөрийн чадамжийн талаар бодит бус хандлагатай байх нь бас буруу ойлголт. Үүний учир нь, юу болдог вэ гэвэл, хэрэв бид өөрсдийг хэт их хүчилж, бид үнэхээр тэр төрлийн бүтээлийг хийж чадахгүй байх нөхцөлд бидний урам маш ихэээр хугарна. Бидэнд төвөд хүмүүсийн хэлдэг лүн гэдэг зүйл, хямарсан энерги, үүсэж, энэ нь биднийг сэтгэл зүй, сэтгэл хөдлөл болон бие махбодын хувьд хямраана.

Гэгээрэлд хүрэхэд хэдэн галавын төрөл шаардагатай болно гэдгийг бодитойгоор авч үзэхгүй байх 

Энэ нь мөн дахин төрөлд итгэхгүй байх явдалтай ялимгүй холбоотой бөгөөд учир нь бид дахин төрөлд итгэхгүй тохиолдолд олон, олон галавын турш дахь бүтээлийн (дадлага) үр дүнд гарах урт хугацаанд хүрэх зорилгууд байна гэдэг үүднээс хардаггүй. Энэ насны амьдралд гэгээрэлд хүрэх боломжтой тухай өгүүлэх сургаал байдаг ч, энэ нь “Дахин төрөл гэж байхгүй учраас бидэнд зөвхөн энэ насны амьдрал байна” хэмээн бодож улмаар өөрийг одоогоор өөрийн хийж чадах зүйлээс цааш шахах шалтаг болж болохгүй.  

Өдөр тутмын тууштай бүтээлийн ач холбогдлыг дутуу үнэлэх 

Мөн үүний нөгөө талыг авч үзвэл, энэ нь өдөр тутмын бүтээлийн ач холбогдлыг дутуу үнэлэх явдал байна. Хэрэв бид өөрийн Номын бүтээлийг тогтвортой хадгалахыг хүсэж байвал өдөр тутмын бясалгалын дэглэмтэй байх нь маш чухал. Үүнд бидний өдөр тутмын бясалгал юу байхаас үл хамааран, сахилга бат, хүлээсэн амлалт, тогтвортой амьдрал, итгэл хүлээх гэх мэт чанартай холбоотой олон, олон ач тус байна. Хэрэв бид сайн зуршлууд бий болгох тухайд чин сэтгэлээс хандаж байвал, энэ нь бясалгал гэж юу болох тэр зүйл, бид бүтээл (дадлага, уншлага) хийх хэрэгтэй. 

“Бүтээл” гэдэг нь юу гэсэн утга илэрхийлэх вэ? Энэ нь дүн шинжилгээ, давтах үйл явцаар сайн зуршил бий болгох гэсэн утгатай. Жишээ нь, (бясалгал хийхэд) тохирсон орчинд, бид өөрийн гол төлөв бухимддаг өөр өөр, биднийг сорьсон нөхцөлүүдийг дүрсэлж, ингээд сэтгэл хямрааж байгаа шалтгаануудыг шинжилж болно. Бид “Миний бие ямар учраас энэ эсвэл тэр нөхцөлийн талаар бухимдаж байна вэ? Миний бие өвдөх үед, жишээ нь, ямар учраас би цухалдуу болдог вэ? Энэ нь ... тэр шалтгаанаас болдог уу?” гэнэ. Ингээд бид улам, улам илүү гүнзгий шинжилж улмаар “Тэгэхээр, би өөр дээрээ төвлөрч байна. Би зовж байна. Би ядарсан хүн” гэх байдлаар харна. 

Хэдийгээр бид өвдсөн үедээ байнга “Би ядарсан хүн” гэх байдлаар бодохгүй ч, хэрэв бид үнэнч байж харж чадвал, бидний гол анхаарал “би” дээр төвлөрч, түүнийг хамгийн ихээр чухалчилж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээд бид өөрийн туулж байгаа зүйлд дургүй байгаа учраас бухимдан, улмаар өөрийн бухимдлыг бусад руу чиглүүлнэ. Тэгэхээр, бясалгалд, бид нөхцөлүүдийг дээрх байдлаар шинжлэх ба энэ нь бидний өөрийн хувийн туулсан зүйлс байх бөгөөд ингээд бид илүү тустай хандлага – дээрх тохиолдод, тэвчээрийг – биднийг сорьсон нөхцөлүүдэд чиглүүлэн төлөвшүүлнэ. Ийм зүйлүүдийг шалган, тодорхой тустай зуршлуудыг төлөвшүүлэхийг хичээх өдөр тутмын бүтээл маш тустай. Бид ийм бүтээлгүйгээр тустай зуршлуудыг төлөвшүүлж чадна болно гэж бодох нь маш буруу ойлголт. 

Бурханы шашны бүтээл нь ердөө зан үйл хийх гэсэн утгатай гэж бодох 

Бурханы шашны бүтээл нь ердөө нэг зан үйл хийх явдал бөгөөд бид өөртэйгөө голлон ажилладаггүй гэж бодох нь мөн буруу ойлголт. Олон хүмүүс тогтмол, бүлгээр эсвэл өөрсдөө, садхана (уншлага), тарнийн сургаалын дүрслэл бүхий эхийг уншдаг. Ингэхдээ тэд ихэвчлэн түүнийг төвөд хэл дээр – бүр өөрсдийн мэдэхгүй тэр хэл дээр уншиж – ингээд түүнийгээ “бүтээл” (дадлага) гэж боддог. Зонгсар Кенцэ Ринбүүчи үүнийг нэг гайхалтай жишээгээр зүйрлэсэн. Тэрбээр, хэрэв төвөд хүмүүс ерөөлүүд болон бусад өөр өөр уншлагуудыг өдөр бүр герман хэл дээр боловч авиаг төвөд үсгээр тэмдэглэсэн байдлаар, өөрсдийн уншиж байгаа зүйл юу гэсэн утгатай болох талаар бага ч гэсэн ойлголтгүйгээр унших ёстой болбол олон төвөд хүн бүтээлийг үнэндээ хийнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байна хэмээсэн. Гэвч барууны орны хүмүүс бид ингэж уншиж, түүнийгээ бүтээл гэж бодож, тус байдлааар хийхийг гэгээрэлд хүрэхэд хангалттай гэж үзнэ. Гэвч бодит бүтээл нь өөртэйгөө ажиллах гэсэн утгатай байна: шинжлэл, ойлголтоор өөрийн хандлагыг өөрчлөх, өөрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгаж, мөн үүгээр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, зөв ойлголт гэх мэт тустай зуршлуудыг бий болгох. 

Номыг зөв дадлага болгоход бид төвөд уламжлалыг дагах хэрэгтэй болно гэж бодох 

Өөр нэг буруу ойлголт нь Номын зөв дадлага болгоход бид жишээ нь, өөрийн “тахилын өрөө” эсвэл бүр Номын төвөд төвөд-хэв загвараар нарийвчлан тахил засах гэх мэтээр төвөд эсвэл ази уламжлалын хэлбэрүүдийг дагах хэрэгтэй гэж бодох явдал. Барууны орнуудад ирж суурьшиж байгаа олон төвөд багш нар Номын төв байгуулан, тэдгээрийг төвөд хийдүүдийн адилаар, ханыг угалзаар чимэглэх гэх мэт байдлаар мэдээж засах дуртай байна. 

Миний төвөд найзуудын хэлдэгчлэн “Хэрэв барууны орны хүн танд таалагдаж байвал, яагаад болохгүй гэж? Үүнд буруу зүйл байхгүй.” Гэвч тэдгээрийг тэр адил засах үнэхээр шаардлагатай гэж бодох нь маш буруу ойлголт. Ялангуяа, энэ нь маш өндөр өртөгтэй байх бөгөөд мөнгийг илүү тустай өөр хэлбэрээр ашиглаж болох тохиолдолд. Тэгэхээр, Төвөдийн Бурханы шашны бүтээл хийхэд, Номын төв эсвэл өөрийн гэрт тийм нарийвчилсан, төвөд-хэв загварын засал бидэнд шаардлагагүй. Бидний бясалгал хийх өрөө нь өөрийн хийж байгаа зүйлд хүндэтгэлтэй байх үүднээс эмх цэгцтэй, цэвэр байх нь хангалттай. 

Өөрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгах нь хурдан үйл явцтай байна гэж бодох 

Номын голлон онцлох зүйл нь зовлонгийн шалтгаануудыг – тухайлбал, бодит байдал болон өөрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийн талаарх үл мэдэх явдлыг (мунхаг) бүрмөсөн (мөнхөд) арилгах явдал хэдий ч сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгах үйл явц хурдтай явагдана гэж бодох нь буруу ойлголт. Бид архад, гэтэлсэн төрөлхтөн, болох үед уур, шунах сэтгэл гэх мэт сэтгэлийг бүрэн арилгах боловч үүнд хүрэх явцад бид тэдгээрийг багасгана гэдгийг бид хялбар мартдаг. Хэрэв бид үүнийг мартвал олон жилийн бүтээлийн дараа бид уур бухимдлыг төрүүлсээр байх үед бидний урам хугарч болно. Энэ маш элбэг тохиолддог. 

Иймд өөртөө тэвчээртэй хандахгүй байх нь буруу. Бид Номын бүтээл (дадлага) өгсөж, уруудах байдлаар явагддагийг ойлгох хэрэгтэй. Бид урт хугацааны үүднээс ахиц хүлээж болох боловч энэ тийм хялбар биш байна. Иймд өөрт бүтээлийн хувьд уруудах үе тохиолдоход өөрт тэвчээртэй хандахгүй байх нь буруу. Гэвч нөгөө талаар, өөрийн сөрөг зуршлуудыг хэт хүлээн зөвшөөрч, өөртэйгөө ажиллах тухайд хайнга хандах эсвэл залхуурахаас зайлсхийх хэрэгтэй. Энд дунд мөр нь уур бухимдал төрөх үед өөрийг буруутгахгүйгээр өнгөрөхгүй, нөгөө талаар, ердөө “Надад бухимдал төрж байна,” эсвэл “Миний сэтгэл таагүй байна” хэмээн түүнийг даван гарах үүднээс тодорхой Номын арга хэрэглэхийг үл хичээх явдал байна. 

Сэтгэл таагүй байх үед бид түүнийг хөнгөлөхөөр юунд хандаж байгааг харах маш сонирхолтой байдаг. Би бясалгалд хандаж байна уу? Би аврал айлтгахад хандаж байна уу? Эсвэл амттан эсвэл бэлгийн харилцаанд эсвэл телевиз эсвэл найз нөхөдтэйгөө ярьж хөөрөх эсвэл интернэтийн мэдээнд хандаж байна уу? Би юунд хандаж байна вэ? Бидний Номын бүтээл – сэтгэл таагүй байх үеийг хэрхэн шийдвэрлэх арга нь бидний сэтгэлийг маш их хөнгөлдөг гэж би боддог.  

Дүгнэлт 

Эдгээр нь энд суугаад, бодож үзэх үед миний санаанд орж ирж байгаа нийтлэг байдаг буруу ойлголтуудын зарим нь. Жагсааж болох үүнээс ч олон бусад буруу ойлголтууд бий гэдэгт би итгэлтэй байна. Миний дурдсанчлан, тухайн сэдэв ойлгоход хэцүү учраас төрөх олон буруу ойлголтууд байх ба ялангуяа энэ нь хоосон чанар, өөр өөр тогтсон таалал (үзэл, сургууль) зэрэгтэй холбоотой байна. Номын талаарх ойлголтуудын нэг нь: Бурхан багшийн заасан зүйл бүр бусдад туслах зорилготой. Хэрэв бид үүнийг чин сэтгэлээс авч үзэж байвал бид сургаалд байх тэдгээр бүх ойлгоход бэрх санаануудын зорилго юу болохыг ойлгохыг хичээнэ. Хэрэв бид ямар нэг зүйл ойлгохгүй байвал түүнийг ойлгох үүднээс Номын аргууд, учир шалтгааны ухааныг хэрэглэхийг хичээж, ингээд хэрэв ойлгохгүй бол тухайн сэдвийн талаар сайн мэдэх хүн гэж өөрийн итгэх хэн нэгнээс асууна. Хэрэв бид нээлттэй байж, өөрийн будилж байгаа явдлын ихэнх нь бидний өөрийн буруу ойлголтуудаас бий болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байвал бид тэдгээрийг залруулахад бэлэн байж ингэснээр сургаалаас хамгийн их ач тусыг хүртэнэ.                                         

Top