Бурханы сургаалиар дадлагажигсдад өгсөн Ринбүүчигийн ерөнхий зөвөлгөө

Номын багшид эелдэг, тусархуу хандах

Сэркон Ринбүүчи бүх лам нарт ухаалаг хандаж, тэдний цагийг үрэхгүй байхыг хүмүүст байнга онцлон сануулдаг байв. Тэр Спитигийн сүсэг бишрэлтэй хүмүүсийн жишээг энд дурддаг. Спитигийн сүсэгтнүүд хадаг барихаар эгнэн зогсоод, сунаж мөргөхөөсөө өмнө, ламын яг өмнө ирэхийгээ хүлээгээд, хүн бүр нэг нэгээрээ мөргөнө. Ингэх нь цаг их иднэ. Цаашилбал, ламаас асуулт асуухдаа ном түүх ярьж, тоглолт үзүүлж хэзээ ч болохгүй гэж Ринбүүчи хэлдэг байв. Үнэндээ тэр надад тийм асуултыг хэзээ ч битгий үгчлэн орчуул, зөвхөн санааг нь барьж ав гэж сургадаг байв.

Дээр нь Ринбүүчи түүн дээр ирэгсэд түүнд байнга хадаг барьж, өөрийнх нь “олиггүй хайрцаг” гэж нэрлэдэг жигнэмэгийг өгөхөд дургүй. Ламд өргөл өгөхийг хүсэгч хүмүүс үнэхээр аятайхан, хүн хэрэглэж, таалахаар зүйлийг өргөн барих нь зүйтэй гэж хэлнэ. Цаашилбал над шиг байнга уулздаг хүн бол юм авчрахаа боль гэж хэлдэг байсан. Тэр юу ч хүсдэггүй, түүнд юу ч хэрэггүй байлаа.

Ямар нэг зүйл бүтэмжгүй болоход амьдралын эгэл ухаан гаргах, дараагийн төлөвлөгөөнд бэлтгэх чадвар

Ринбүүчи хүмүүст эрүүл саруул ухаанаа ашигла гэж үргэлж сургана. Тиймээс тэрээр хорвоогийн хэрэг явдлын талаар хүмүүс мэрэглүүлэхийг хүсэхэд дургүйцдэг байв. Мэрэг төлөг тавибал таарах ганцхан тохиолдол бол хэрэг учрыг онцгойлон, оюун билгийн асуудлуудтай хамааралтай хэргийг ердийн арга хэрэгслүүд шийдэж чадахгүй үе мөн. Нэгэн удаа би түрээсийнхээ асуудалтай холбоотой бэрхшээлтэй учраад, яах тухайгаа мэргэлүүлье гэж гуйв. Ринбүүчи намайг хөөж гаргаад, хуульчтай уулз гэж билээ.

Цаашилбал, ямар ч үйл ажиллагааг төлөвлөхдөө Ринбүүчи үйл ажиллагааны дор хаяж гурван боломжит хувилбарыг үргэлж бэлтгэхыг зааварлана. Ийм хэтийн бодлогын уян хатан чанар нь нэг төлөвлөгөө бүтэлгүйтвэл, арчаагүй сандарлаас сэргийлдэг. Хэд хэдэн бусад хувилбарууд бэлэн байхад дор хаяж нэг нь бүтнэ гэсэн итгэлээр аюулгүйн мэдрэмжтэй болдог.

Гэхдээ шавь нар ч зарим үед мэрэг төлгөөс хараат болж, ингэснээр, өөрөө бодох, сэтгэл чадваргүй, байдлаа зоргоор нь тавьдаг. Өөрсдийнхөө амьдралын төлөө хариуцлагаас зайлсхийж, өөрсдийнхөө өмнөөс хэн нэгнээр шийдвэр гаргуулахыг ийм хүмүүс л хүсдэг. Хэдийгээр гол шийдвэрүүдийн талаар Номын багштайгаа зөвлөх нь ихэвчлэн тустай байдаг ч хамгийн найдвартай зам бол өөрийн үнэ цэнийг дотогш хандуулах явдал юм. Лам байхгүй байлаа ч эдгээр үнэт чанарууд маань үйл явдлын хамгийн зөв мэргэн явцыг шийдэхэд туслахаар гарын дор байж байх болно.

Ринбүүчи нэг л асуудлаар хүссэн хариугаа автлаа төлөг дахин дахин тавиулахыг гуйдаг хүмүүсийн эсрэг онцгой сургамжилж байв. Мэрэг төлөг тавихыг гуйна гэдэг нь ламд итгэл, үнэмшилтэй байхыг шаардана. Энэ нь хүнд юу гэж зөвлөсөн, түүнийг нөгөө хүн хийнэ гэсэн үг юм. Дээр нь Ринбүүчи хэн нэг лам дээр ирэхдээ, тийм багш энийг ч тэрийг ч хий гэсэн та юу гэж бодож байна? гэж хэлэхээс сэрэмжлүүлдэг байлаа. “Үүнийг би хийх ёстой юу?” Тухайн ламыг өөр нэг Номын багш буруудаж гэж хэлүүлэх эвгүй байдалд оруулна гэдгээ ойлгохгүй байгаа нь тэр хүний мэдрэмж дутагдаж байгааг харуулдаг.

Асуултыг зөв зохистой тавьж сурах

Үнэн хэрэгтээ ихэнх Барууныхан лам нарт хэрхэн зүй ёсоор асуулт тавихаа мэддэггүй. Хэрэв тэд ирж асуултаа тавибал Ринбүүчи ихэвчлэн засч залруулна. Жишээлбэл, Адислалын ёслолд орох эсэхээ хэн нэг нь мэдэхгүй байгаад “Авшигт байлцах нь сайн уу?” гэж асуух нь шогтой хэрэг. “Мэдээж сайн байлгүй яахав”? Хэн ч муу гэж хэлж чадахгүй шүү дээ. Мөн “ Би орох уу? Байх уу”? гэж хэн нэгний асууж буй нь “ Би орох үүрэгтэй юу”? гэсэн асуулттай адил юм. Хэнд ч оролцох үүрэг ноогдуулаагүй. Номын багшийн зөвлөгөөг ийм асуудлаар эрэлхийлэхдээ “Би яавал, юу хийвэл зохих талаар ямар зөвлөмж та өгөхсөн бол?” гэж оронд нь асуух явдал хамгийн зөв билээ.

Цаашилбал ламд бараалхан түүний хүртээдэг адислал авах зөвшөөрөл гуйхдаа “Авшиг хүртэж би болох уу, үгүй юу”? гэж асуух нь тэнэг хэрэг. Энэ нь “ Би чадвартай юу, үгүй юу? гэсэн битүү утгатай бөгөөд тэр чигээрээ утга учиргүй асуулт. Асуух зөв маяг нь “Би адислал хүртэж болохсон болов уу?” юм. Хэн нэгэн хүн харийн ямар нэг оронд үлдэхдээ визээ сунгуулах гэж гуйхдаа зөвхөн тэнэг л бол “Би арай удаан үлдэж болох уу, үгүй юу?” гэж асуух болно. Хүсэлт тавих боловсорсон аргаар “Танай зөвшөөрлөөр арай удаан хугацаагаар байх бодолтой байна” гэж хэлэх хэрэгтэй.

Бүтээл хийх үүрэг, амлалт авахын өмнө тэдгээрийг нягталж үзэх

Нэг удаа Тернер хэдэн сараар Ринбүүчид ахин дахин төвөг удаж зургаан мутарт Махгал (Гомбо) бурханы шашны хамгаалагчийг дуудах зөвшөөрлийг хүртээгээч гэжээ. Эцэст нь, Ринбүүчиг зөвшөөрөхөд, Тернер өдөрт унших уншлагын аль нь юу болохыг асуув. Ринбүүчи түүнийг бараг шахуу зодож, ам авсан уншлагын адил юуг ч болов хийх эрмэлзэлтэй байх учиртай гэж загнасан юм.

Ринбүүчи Барууныхан амлалтаасаа ухарч, ном уншлага үйлдэхэд цөөхөн тоогоор унших гэж тохиролцох оролдлого хийхэд маш ихээр дургүйцдэг байсан юм. Тэрээр дандаа тодорхой нэг Бурхан багшийн дүрээр дадлагажиж, хамаг амьтны тусын тулд адислал авах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэдэг байлаа. Оролцогч нарт зөвхөн “сайхан санагдах” эсвэл хүн бүр бүгдээрээ хийд рүү очиж байвал би бас очно гэвэл буруу шалтгаанар очиж байгаа хэрэг гэж үздэг юм. Ийм гаж байдал нь түүнд утга учиргүй хөгийн тэнэг санагддаг байлаа. Ингэх бол бясалгал үйлдэх, дадлагажихыг мартсан нь дээр. Бүхэл амьдралдаа амлалт өгч, Дандарын ёсны дадлагаар дадлагжих нь чухал юм.

Ринбүүчи номын дадлагуудыг, багш нарыгаа дараа сүүлд гэж хүлээлгүй татагдан орохоосоо л өмнө нарийн нямбай нягтлахыг онцлон тэмдэглэдэг байсан. Ринбүүчигийн анзаарсан Барууныхны үндсэн алдаа бол энэ байлаа. Бид арай болоогүй байхад юманд дайран орж, түргэдэх хандлагатай байдаг. Ринбүүчи тас хөлдсөн нуур руу гүйн очиж мөргөөд, дараа нь модоор тогшин үзэж мөс өөрийг нь даахуйц хатуу эсэхийг шалган үзэх галзуу хүн шиг байхаас сэрэмжил гэж сургана.

Яаран хуврагийн сахил хүртэхээс зайлсхийх


Ринбүүчи хүмүүс хэний ч номонд эелдэг зангийн үүднээс, бүр багшийн хувраг хувцсанд мөргөх буюу тасалгаан дах Бурхны хөрөгт мөргөхөөр сууж болно гэж хэлдэг байв. Номын багшийн шавь болно гэдэг нь гэхдээ өөр учиртай юм. Би өөр ямар ч ламд орчуулж болно, харин би хэн нэгэнд зүтгэж ажилласнаар тэр хүн миний Номын багш болчихгүй. Бүр Дандарын ёсны адислалыг орчуулсан ч гэсэн адил гэж тэр тайлбарлав. Хүний багшаа гэх хандлагыг л тооцох учиртай.

Ринбүүчи бас олон Барууны хүмүүс үлдсэн амьдралдаа хүсч буй зүйл нь энэ үнэхээр мөн эсэхийг шалгаж үзэлгүйгээр дэндүү түргэн хувраг, гэлэнмаа болцгоодог гэж бас үзнэ. Тэдний сахил хүртэх явдал эцэг эхэд нь хэрхэн нөлөөлөх, ирээдүйд өөрсдийгөө хэрхэн авч явж, амь зуух талаар бодолгүйгээр алддаг. Мэдээж хэрэг уг хүн урьдын их агуу цуутай хэрэгжүүлэгчид шиг бол гэр бүл, мөнгө гэх мэт хүчин зүйлийн талаар бодох хэрэггүй л дээ. Гэхдээ бид Мил Богд мөн эсэхээ мэдэх билээ. Энэ тохиолдолд Ринбүүчи Дубкан Гэлэг Жамцын жишээг байн байн татаж ярина. Төвдийн энэ их мастер багш залуудаа хувраг болохыг хүсч, харин гэрийнхэн нь үл зөвшөөрч, маш их дургүйцжээ. Тэр тэгэхэд нь эцэг эхээ амьд ахуйд нь их ачилж тэднийг өөд болсон хойно нь, өөрийн өвлөсөн эд хөрөнгийг хэрэгтэй зүйлд хандивласан байна. Зөвхөн дараа нь тэр хувраг болжээ.

Ринбүүчи эцэг эхээ хүндэлж ачлахыг үргэлж онцлон сургадаг байсан. Барууны Бурханы шашинтнуудын хувьд бид хүн бүрийг урдах төрлүүддээ бидний эцэг эх байсан гэж хүлээн зөвшөөрч тэдэнд сайхан сэтгэл гаргах тухай ангайтал ярьцгаадаг. Тэгсэн мөртлөө хувь хүнийхээ түвшинд, бидний дундаас олон хүн энэ төрлийнхөө эцэг эхтэйгээ таардаггүй байх нь бий. Эцэг эхдээ ачлал үзүүлж, сайхан хандах нь Ринбүүчигийн сургаснаар Бурханы номын агуу их дадлага чухам мөн билээ.

Хэрэв хүн урьд нь сайтар шинжээд, тэгээд хувраг юм уу гэлэнмаа болж, эсвэл аль хэдийнээ сахил хүртсэн бол сарьсан багваахайны үлгэрээр хоёрын хооронд саармаг болж болохгүй гэж Ринбүүчи сургадаг байлаа. Сарьсан багваахай шувуудын дунд орохоороо тэдний хийж байгааг дагахгүй “Өө би ингэж чадахгүй. Би шүдтэй.” гэнэ. Хулгана оготны дунд очихоороо “Өө би тэгж чадахгүй. Би жигүүртэй.” гэнэ. Энэ жишээгээр аяглах гэдэг нь ая тухтай байхын төлөө л хувраг хувцас эгэлдрэглэхийг хэлнэ гэсэн үг. Ийм хүмүүс тодорхой үйл ажиллагаанд, санхүүгийн хувьд өөрөө биеэ даах гэх мэтэд дургүй болохоороо хувраг хувцсаараа далим гаргадаг. Тэд тодорхой хуврагийн үйл ажиллагаа буюу хэлбэрүүдэд дургүй үедээ урт үргэлжилсэн зан үйл, ёслолд оролцох, хувраг хувцастай аялах зэрэгт тэд Барууны хүн гэж шалтагладаг. Та нар хэнийг мэхэлж байгаа юм бэ? гэж Ринбүүчи асуух байсан.

Номын бүтээл хийх нь ажил хийхгүй байх шалтгаан биш

Энэ нь Бурханы багшийн сургаалыг хэрэгжүүлэгсэд ажиллах ёсгүй гэж Ринбүүчи тайлбарласан үг биш. Эгэл хар ч бай, сахил санваартай ч бай, хүн бүр бодитой байж, газар дээр бууж амьдрах шаардлагатай. Сэтгэл санаа, хэл яриагаа бид хэрхэн эзэмшиж байгаа маань бие махбодио яаж эзэмшиж байгаагаас илүү хавьгүй чухал гэж Ринбүүчи сургадаг байсан. Тиймээс тэр өөрөө амиа зуух шаардлагатай эрчимтэй дадлагажигсадад хар бор ажил хий гэж Ринбүүчи зөвлөнө. Ажиллаж байхдаа бид тарни тоолж, халуун дулаан мэдрэмж, сайхан бодлуудыг цацруулж болно. Ажлын үеэр сургаал номын талаар бодох дэндүү төвөгтэй, мөн Дандарын ёсны адислал хүртсэн бол дор хаяад бид өөрийн дүр төрхийг хувилгаж болно. Өдрийн туршид бид өөрсдийгөө Бурхан багшийн дүрээр төсөөлөн бодохыг хичээж болох ба орчин тойрноо оюуны хөгжилд төгс ивээлтэй газар гэж ургуулан бодож болно. Тэгээд, өглөө эрт ба шөнө бид Садханы сайтар боловсруулсан дүрслэн бодохуйг гүйцэтгэж болно. Ринбүүчи Бурханы сургаалийг амьдралаас тасархай болгохгүй байхыг үргэлж онцлон хэлдэг байв.

Тернер олон жил Англид нийгмийн халамжийн тэтгэлгээр эхнэр, хоёр хүүхэдтэйгээ ажил эрхлэлгүй амьдарсан юм. Тэр бараг бүх цагаа эрчимтэй бясалгалуудын дасгал хийж өнгөрөөсөн аж. Тэрээр “Би сургаал номыг дадлагажуулж чадаж байхад, ажил хийж цаг үрэх ямар хэрэг байна?” гэж санадаг байжээ. Урьд нь тэр Ринбүүчигээс эд баялагтай холбоотой сахиус болох Цагаан Махгал Бурханаас хамгаалах зөвшөөрлийг хүртэж, өдөр болгон санхүүгийн асуудлуудаа шийдэгдээсэй хэмээн залбирдаг байв. Ринбүүчи ерөөсөө үүнийг нь таашаасангүй. Тэрээр Тернерийг Манал бурханд эрүүл болохын төлөө залбираад байгаа мөртлөө ерөөсөө эм тан уухгүй байгаа бие муутай хүн шиг байна гэж хэлэв. Тэр Тернерт ажил ол, эрчимтэй бясалгалаа зөвхөн өглөө ба шөнө хий гэж хэлсэн юм. Тэгээд Цагаан Махгал Бурханыг дуудах нь түүний ажилд санхүүгийн аз авчрихад туслана гэж хэлэв.

Хэзээд бодит хандлагатай, бүтээлч байх

Ринбүүчи хүмүүсийг агаарт хөвсөн биш бодитой, үр ашигтай байхад дуртайсан. Тиймээс дадлага, уншлагыг түргэн хийхийг тэрээр үргэлж эрхэмлэнэ. Нэг удаа, Италийн Милан хотын Жефелин төвд суралцагчид Ринбүүчигээс Бодь мөрийн зэрэг (ламрим), мөн Жанрайсиг Бурханы (Авалокитешвара) дадлагаар өгсөн хичээлээ гүйцээх бясалгалын чуулганыг удирдаж өгөхийг хүсэв. Ринбүүчи зөвшөөрч, өөрсдийгөө Жанрайсиг Бурхан болгох, дараа нь Бодь мөрийн зэргийн хэдэн арван санаанууд дээр бясалгахад удирдсан бөгөөд энэ бүгдийг ердөө хоёр минутанд хийж хөтлөв. Сурагсад үл итгэж буйгаа илэрхийлэн, энэ бүхэнд ямар богино хугацаа өгөв гэж эсэргүүцэхэд, Ринбүүчи зөөлрөн “За яахав, үүнийг гурван минутанд хийцгээ.” гэв. Дараа нь тэр тайлбарлахдаа, сайн дадлагажигч бол Бодь мөрийн зэргийг бүхэлд нь морин дээр мордох хугацаанд амжуулах хэрэгтэй, хэрэв хүн үхэх дээрээ тулвал удаан аажим үйл явцаар дүрслэн бодохуйг бясалгаж байх цаг гарахгүй гэв.

Номын бүтээлдээ бодит хандлагатай байх

Ринбүүчи Бурханы сургаалийн дадлагуудын бүх талуудаар бодитой сэтгэх хэрэгтэйг онцолдог байв. Хэрэв бид бусдын тусын тулд Бодьсадва болохыг эрмэлзэж байгаа бол энэ нь онцгой шийдвэрлэх ач холбогдолтой. Хэдийгээр бидний зүгээс ямагт бэлэн байх хэрэгтэй ч, бидний туслалцаанд бусад хүмүүс нээлттэй байгаа эсэхийг бид харгалзах ёстой ба голчлон бидний чармайлтын амжилттай байх эсэх нь тэдний үйлийн үр, тэдний санаа сэтгэлийн урьдчилсан нөхцлүүдээс хамаарна. Тиймээс Ринбүүчи бидэнд хамаагүй хэрэгт туслахыг санал болгох буюу бусад хүмүүс бидний дэмжлэг хүлээн авах сонирхолгүй байхад туслах гэхийн хэрэггүй гэж анхааруулдаг байв. Бидний хөндлөнгөөс оролцох нь зөвхөн эгдүүцлийг төрүүлж, хэрэв бидний туслалцаа бүтэлгүйтвэл, хамаг бурууг бид хүлээх болно.

Хийж чадах хэмжээнээс ихийг амлахгүй байх

Нүдэнд өртөгдөхгүй, үл анзаарагдах байдлыг ямагт хадгалах нь хамгийн зөв. Бид туслахыг хүсэж байгаагаа бусдад мэдүүлж болно. Хүсвэл мэдээж бид тэдний хэрэгт оролцох болно. Гэхдээ бид өөрсдийгөө “хөлсний Бодьсадва” болгож сурталчилхаас зайлсхийх хэрэгтэй. Зүгээр л өдөр тутмын бясалгалын дадлагаа гүйцээгээд, даруухан амьдрах нь хамгийн зөв юм. Ринбүүчи гүйцэтгэж чадахаасаа илүүг хийнэ гэж амлах, ирээдүйд ямар нэг зүйлийг оролдоно, хийнэ дуусгана гэж нийтэд зарлахаас онцгойлон сэрэмжлүүлдэг байв. Энэ нь илүү саад тотгорыг үүсгэж, эцэст нь зарласнаа бодитойгоор хэрэгжүүлэхгүй, өөрийгөө тэнэг байдалд оруулж, хүмүүс бидэнд итгэх хамаг итгэлийг алдана.

Гүйцэтгэж чадахаасаа илүүг амлах нь бидний Номын багш нартайгаа харьцах харьцаанд гойд хамаатай. Ринбүүчи Ашвагошагийн бүтээл болох “Оюун билгийн багшийн тавин шүлгийг” өдөр тутмынхаа бясалгалын дадлагын хэсэг болгон уншихыг зөвлөдөг байв. Ринбүүчи үүнийг бясалгалын дадлагынхаа хэсэг болгож өдөр тутам өөрөө уншдаг байсан. Хэрэв бидний багш нар ямар нэг зүйлийг оролдож хийхийг гуйж, түүнийг бид хийж чадахгүй бол яагаад бид гүйцэтгэж чадахгүй байгаагаа хүлцэнгүй даруу бөгөөд эелдгээр тайлбарлах хэрэгтэй. Ринбүүчи Номын багшдаа өгсөн ам тангарагаа бүх сэтгэлээрээ сахих нь ямар нэг боол буюу робот болохын нэр биш. Харин өөрсдийнхөө хөл дээр зогсож, өөрсдөө өөрсдийнхөө төлөө бодож сурах, гэгээрэх явдал юм гэж Ринбүүчи цохон тэмдэглэдэг байлаа. Хэрэв бид Номын багшийнхаа санал болгосныг биелүүлж чадахгүй бол санаагаар унаж, өөрийгөө муу сурагч гэж бодох нь буруу. Номын багш маань ямар ч ухаан бодолгүй дарангуйлагч биш шүү дээ.

Хэрэв би Номын багшдаа буюу өөр хэн нэгэнд ямар нэг зүйлийг хийхийг зөвшөөрч байгаа бол эхнээс нь л бүх зүйлийг тов тодорхой болгохыг Ринбүүчи зөвөлдөг байв. Хэрэв бид гэнэн байдлаар зөвшөөрч, тэгээд даалгавраа биелүүлж байхдаа, эсвэл гүйцэтгэсэн хойноо хариуд нь ямар нэгэн зүйлийг горьдож байгаагаа зарлах юм бол энэ нь биднийг баллаж хаяна. Ринбүүчи, хэрэв бид бодит амьдрал болон оюун санааны зүйлсийг урьдчилан сайтар бодвол аль аль нь сайн бүтэх болно гэдэг байв. Бид бодит амьдралын бус юманд, ухаан жолоогүй үсрэн ороод байх юм бол бидний юу ч бүтэхгүй гэж сургадаг байлаа.

Бурханы шашны номын төвүүдэд өгөх зөвлөгөө

Ринбүүчи ийм хандлагыг Барууны Бурханы шашны төвүүдэд зөвлөсөн юм. Тэр өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй байж өр шир, амлалт, элдэв төслөөр дарах, их томрохоос зайлсхий гэж хэлдэг байв. Тэр бардамналгүй, бага зүйлээс эхэлж, алс холын бөглүүд нутагт байрлах гэж дурлахаас тэвчих хэрэгтэй гэнэ. Бурханы номын төвүүд нь хотын оршин суугчдад очиход цаг хүч хэмнэхээр, тэнд суух хүмүүст ойр хавьд нь ажил олдохоор байх хэрэгтэй. Бүлэг, төвөө хэрэгцээтэй бол хэзээ ч худалдаад, хэрэгтэй бол илүү томыг худалдан авч болох боловч бүх юманд зохих цаг гэж бий.

Бурханы номын төвийн утга нь ихийг амласан сурталчилгаагаар цирк мэт олон хүнийг татахад оршдоггүй. Ринбүүчи чин сэтгэлтэй суралцагчдын багахан бүлгийг үргэлж эрхэмлэдэг байв. Түүнчлэн Номын багшийг сонгоход тэр хүний ярьж байгаа түүх нь их зугаатай, инээдтэй, хөгжилтэйд гол учир нь байдаггүй. Хэрэв инээж хөхөрч, хачин содон зүйл үзэхийг хүсвэл циркийн алиалагчийг үзэхээр явах буюу жүжиг үзүүлбэр, тоглолтонд очиж болно шүү дээ.

Top