Арьяадэва гэгээн (’Phags-pa’i lha) Шри-Ланкад нэгэн хааны гэр бүлд төрсөн бөгөөд МЭ II зууны дунд үеэс III зууны дунд үе хүртэл амьдарч байв. Үйл явдлын талаарх зарим түүхүүдэд түүнийг лянхуагаас төрсөн гэдэг. Бага наснаасаа хувраг болж Өмнөд Энэтхэгийн Удаибадра хааны Шатавахана хаант улсад Нагаржуна гэгээнтний дэргэд суралцахаар явахаасаа өмнө Бурханы шашны гурван аймаг савын номыг бүрэн үзэж судалжээ. Удаибадра хаан нь Нагаржуна гэгээний Садангийн захиа, Эрдэнийн эрих зохиолуудын эзэн юм. Арьяадэва гэгээн Нагаржуна гэгээнийг дагалдан явж Шатавахана хаант улсад одоогийн Андхра Прадешийн Нагаржунаконда хөндий рүү харсан Шри Парватад үргэлжлүүлэн суралцав.     

Тэр үед Шива тэнгэрийг сүсэглэгч Матрчета Наланда хийдэд хүн бүрийг ном хаян ялж байжээ. Арьяадэва түүнтэй ном хаялцахаар явав. Замдаа тэрбээр шидийн хүчээ гүйцээх зорилготой, эрдэмтэй ламын нүд хайж явсан нэг настай эмэгтэйтэй таарчээ. Энэрэн нигүүлсэх сэтгэлдээ хөтлөгдөн тэрбээр нэг нүдээ түүнд өгөхөд өнөөх эмэгтэй түүнийг аван шууд чулуугаар няц цохижээ. Тэр цагаас хойш Арьяадэва өрөөсөн нүтэй гэдгээрээ алдартай болов. Арьяадэва цааш яван Матрчетатай ном хаялцан шид болон номын аль алинаар нь түүнийг дийлж, улмаар Матрчета түүний шавь болжээ.

Арьяадэва Наланда хийдэд олон жил сууж, амьдралынхаа хожуу үеэр Нагаржуна гэгээнтний дэргэд дахин ирснээр Нагаржуна гэгээнтэн нас эцэслэхийнхээ өмнө түүнд өөрийн бүхий л сургаалыг даатган үлдээв. Арьяадэва гэгээн Өмнөд Энэтхэгийн тэрхүү нутаг орчмоор олон сүм хийд байгуулан сургаал ном айлдан Их хөлгөний уламжлалын үндсийг тавин ялангуяа Бодьсадвын үйлийн йог болох өөрийн зохиосон Дөрвөн зуут бүтээлээрээ (Byang-chub sems-dpa’i rnal-‘byor spyod-pa bzhi-brgya-pa’i bstan-bcos kyi tshig-le’ur byas-pa, санскр. Bodhisattvayogacarya-catuhshataka-shastra-karika)дамжуулан Мадхьяамака үзлийг боловсруулав. Тус бүтээл нь Дөрвөн зуут гэдэг богино нэрээрээ алдартай. Нагаржуна гэгээнтний адилаар Арьяадэва гэгээн Сандуй бурханы бүтээлийн тайлбарыг мөн туурвисан байдаг.        

Зургийг: himalayanart.org                 

Top