Бурханы шашин ба хувьсал

Study buddhism dino 1 1

Дарвины хувьслын онол нь байгалийн шалгарлын явцыг болон биологийн төрөл зүйлс цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж ирсэнийг тайлбарладаг юм. Энэхүү онолоо тэрээр Төрөл зүйлийн үүсэл хэмээх бүтээлдээ дурьдсан нь бүхнийг чадагч Эрхэт Тэнгэр энэхүү мөнхийн ертөнцийг, хувирч өөрчлөгддөггүй амьтдынх нь хамтаар бүтээсэн хэмээх үзэлтэй зөрчилдөж байсан тул тухайн цаг үедээ тэрсүүд хэмээн үзэгдэж байв. Хувьслын онол нь өнөө ч гэсэн зарим нэгэн шашны үзэл санаатай үл нийцдэг ч Бурханы шашны сургааль номонд энэхүү онолын ерөнхий утга санаатай зөрчилдөх зүйл үгүй юм. Үнэн хэрэг дээрээ, Бурханы шашинтнуудын хувьд энэхүү онол нь Бурхан багшийн айлдсан шүтэн барилдлагын ном, бүтээгч эзэн үгүй хэмээх болон Дээдийн Номын дөрвөн тамганы эхнийх болох мөнх бусын сургааль номтой сайтар нийцдэг юм. Юмс үзэгдэл асар олон шалтгаан, нөхцөлд суурилан байнга урган гарч, хувьсан өөрчлөгдөж байдаг тул хүн болон адгуусан амьтад зэрэг нь энэхүү өөрчлөлт хувьслын их урсгалын нэгээхэн хэсэг бус гэвэл хачирхалтай байхсан. 

Бурханы шашны цаг хугацаа болон хувьслын талаархи үзэл нь Дарвины онолтой яв цав тохирдоггүй. Дарвины онол нь амьтны авч төрдөг биологийн суурь, биед анхаарлаа хандуулдаг ба хэдийгээр амьдралын хэлбэр нь нарийсах тусам оюун санаа хөгжинө хэмээх үздэг ч Бурхан багш хамгийн дорд төрлөөс төгс гэгээрсэн Бурхан хүртэлх сэтгэл оюуны хувьслыг тайлбарласан адилаар гүн нарийн тайлбарладаггүй юм. Тэрчлэн Дарвин амьтны төрөл зүйлийн хувьслыг тэр чигээр нь авч үздэг бол Бурханы шашин түүн дээр нэмээд амьтан тус бүрийн сэтгэл оюуны хувьслыг ч авч үздэг юм. 

Цаашилбал, Дарвины хувьсал нь шат дараалсан, тогтмол “хөгжил” буюу амьтад амьдрах болон үр төлөө үлдээх чадварын хувьд байнга сайжран дээшилж байдаг хэмээн үздэг байна. Бурханы шашин бол амьтан нэг бүр олон янзын төрлийг авч болох ба харин төрлүүд нь шулуун шугамаар дээшлэн сайжирдаггүй хэмээн үздэг. Амьтан дор бүрнээ эсвэл төрөл зүйлээрээ үйлийн үр, шалтгаан, нөхцөлөөс хамааран доошилж дордож болно хэмээдэг. Ийнхүү өөр хоорондоо ялгаатай хэдий ч аль алин нь хувьслын зарчмыг хүлээн зөвшөөрдөг юм. 

Ертөнцийн хувьсал ба эвдрэл 

Шинжлэх ухааны эрдэмтдийн нээснээр 14 тэрбум жилийн тэртээ ертөнц асар хурдтай тэлсэн буюу Их тэсрэлт явагдсан нь цаг хугацааны эхлэл байсан ба 4 тэрбум жилийн тэртээ үүссэн манай гаригийн суурь энэ үед тавигджээ. Цаг хугацаа өнгөрөхийн хамтаар устөрөгчийн хийнээс од эрхэс үүссээр бидний Дэлхий хэмээн нэрлэдэг энэ гариг дээр нэг эст биетүүд үүссэн байна. Тэдгээр нь цааш өнөө бидний эргэн тойрон дахь боловсронгуй биетүүд болон нарийсан хөгжжээ. Мөн ертөнц тэлэн томорч, хувьссаар хэдэн тэрбум жил өнгөрөх ч эцэстээ ертөнцийн төгсгөл ирнэ гэдгийг шинжлэх ухааны эрдэмтэд хэлдэг ба тэрхүү төгсгөл хэрхэн тохиолдох талаар хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг. 

Бурхан багш ертөнцийн хувьсал болон төгсгөлдөө эвдрэх талаар Эхлэлийг өгүүлсэн сударт (Пали: Агганна Сутта) айлджээ. Тэрчлэн, Бурхан багш энэ дэлхийн байгал орчин үүсэн тогтох, улмаар эвдрэн сүйдэх, амьд биетүүд төрөн гарах, улмаар устан сүйрэх, улс нийгмүүд хөгжин дэлгэрч улмаар нуран унах талаар ч дурьджээ. Орчин цагийн шинжлэх ухаан болон Бурханы шашны хоорондын нэг ялгаа бол Бурхан багшийн айлдсанаар цаг хугацаанд эхлэл болон төгсгөл гэж үгүй тул ертөнц үүсэн, оршин тогтоод, эвдрэн сүйрэх нь олон орчлын нэг л хэсэг гэдэг явдал юм. Сударт дурьдахдаа:

Асар урт удаан хугацааны дараа, эрт орой нэгэнтээ, Вашетта, ертөнц шилжинэ... Гэвч асар урт удаан хугацааны дараа, эрт орой нэгэнтээ, энэ ертөнц хувирна...Тэр цагт, Вашетта, зөвхөн нэгэн их ус, тас харанхуй, нүд сохлом харанхуй л оршино. Нар, сар гэж үгүй, одон гариг гэж үгүй, өдөр, шөнө гэж үгүй, сар, сарын хагас ч гэж үгүй, жил, улирал ч үгүй, эр, эм ч гэж үгүй. Амьтдыг (зөвхөн) амьтан л гэж ангилна…

Эндээс харахад Бурхан багш олон ертөнцийн орны үүсэл, эвдрэл болон амьтдын тухай тун тодорхой айлдаж байна. Сударт цааш нь хүйсийн ялгаа үүсэх болон төрөл бүрийн анги давхарга бүхий хүний нийгэм үүсэн хөгжихийг дурьдана. Улмаар сав ертөнц, түүний шим ертөнц нь хэрхэн доройтон муудаж, эвдрэн устахыг харуулна. 

Энэ сударт дурьдсаныг болон Бурханы шашны шүтэн барилдахуй, мөнх бусын тухай сургааль номыг харахад тэдгээр нь шинжлэх ухааны Их Тэсрэлтийн онол эсвэл ертөнцийн төгсгөлийн тухай онол зэргийг хүлээн зөвшөөрөх тал дээр огт зөрчилдөхгүй байна.

Биеийн хувьсал

Одоо биологийн биеийн хувьслын талаар нарийвчлан авч үзье. Хувьслын онолоор бол бид бүгдээр нэг эст биеэс үүсэн хөгжсөн хэмээн маш тодорхой үздэг. Дарвины онолоор бол амьтад сайжрах маягаар ахиж хөгждөг буюу өөрөөр хэлбэл төрөлхийн сайжран хувьсах шинж чанартай гэнэ. Энд зөвхөн биеийн тухай ярьж байгаа бөгөөд учир нь Бурханы шашинд энэ дэлхий дээрхи бие махбод болон тэр биеийг авч төрж буй амьтны сэтгэл ухамсрын үргэлжлэл хоёрын хооронд том ялгаа бий хэмээн үздэг юм. 

Энэ гариг дэлхийгээр үлэг гүрвэл хэрэн хөлхөлдөж асан цаг байсан атал тэд одоо устжээ. Тэгвэл одоо бид яагаад үлэг гүрвэлийн төрлийг авахгүй байна вэ? Шинжлэх ухааны онолоор бол 66 сая жилийн тэртээ тохиолдсон гамшигт сүйрлийн уршгаар үлэг гүрвэл устсан ч сүүн тэжээлтэн амьтад (үүнд хүн ч багтана) усталгүйгээр цааш хөгжсөн байна. Дарвины онолоор бол үлэг гүрвэл төрөл зүйлийнхээ хувьд “байгалийн шалгарлыг” давж чадаагүй тул устсан байна.

Бурханы шашны үзлээр бол үйлийн хүч, үр хөрөнгө боловсрохын тулд тохиромжтой нөхцөл бүрдэх ёстой юм. Одоо цагт, энэ дэлхий дээр үлэг гүрвэлийн төрөл авах нөхцөл бүрдээгүй байна. Харин түүний оронд авч төрөх өөр олон төрөл, бие байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ ч бас өөрчлөгдөнө. Харин яг одоо манай энэ ертөнцийн орны хаа нэгтээ өөр нэгэн гариг дээр үлэг гүрвэл оршин буй бол тэнд үлэг гүрвэлийн төрлийг авч болно хэмээн Бурханы шашин хүлээн зөвшөөрдөг!

Дээрхийн гэгээнтэн Далай ламын шинжлэх ухааны эрдэмтэдтэй явуулсан нэгэн ярилцлагын үеэр түүнээс, компьютер сэтгэлтэй болж, амьтан болж болох уу? хэмээн асуужээ. Тэрээр ихэд сонирхолтой хариулт өгсөн ба компьютер юм уу робот нь сэтгэлийн үргэлжлэлийн суурь болж болохуйц хэмжээнд нарийсан хөгжиж чадвал сэтгэл ухамсар нэгэн төрөлдөө огтоосоо байгалийн бус гаралтай машины биеийг авч болохгүй гэх шалтгаан үгүй хэмээсэн юм.

Үүгээр компьютер бол сэтгэл оюун гэж хэлсэнгүй. Тэрчлэн компьютерт хиймэл оюун ухаан суулгаж болно ч гэж хэлсэнгүй. Харин компьютер нарийсан хөгжвөл сэтгэл оюун түүнийг өөрийн суурь болгон авч болох юм гэсэн байна. Энэ бол Дарвинаас хол давсан зүйл шүү дээ!

Бурхан багш яагаад хувьслын талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй вэ?

Бурхан багш бол хамгийг мэднэ, тэрбээр гэгээрлийн хутагт хүрснээр бүхнийг таньж мэддэг болсон гэж Бурханы шашинтнууд үздэг тул тэгвэл Бурхан яагаад ертөнцийн талаар, амьтны хувьслын талаар илүү нарийн тодорхой тайлбарласангүй вэ хэмээх асуулт гарч болох юм. 

Ерөнхийдөө бол Бурханы айлдсан бүхэн нь биднийг гэтлэхүй болон гэгээрлийн мөрд боловсруулах зорилготой байдаг. Тиймээс ертөнц, түүн дэх амьтны эргэлдэн оршдог орчлон хорвоогийн талаар айлдсаны зорилго бол одоо бидэнд буй эрдэнэт хүний төрлийн ховор чухаг гэдгийг ухааруулах гэсэн явдал юм. Энэ төрлийн ховор чухаг бөгөөд дахин олоход бэрх гэдгийг ухаарснаар оюун санааны өндөр дээд зорилгод хүрэхийн тулд хүмүүс одоо байгаа чөлөө, учралын хэрэг тусыг гаргахад шамдах болно. Сансар судлал эсвэл од эрхэсийн бүтцийг сургах гэж Бурхан энэ ертөнцөд залраагүй юм. 

Тэрхүү зорилгодоо хүрэхэд ямар ч ач холбогдолгүй зүйлсийн талаар санаашрах нь цаг хугацаа, эрч хүчийг дэмий хоосон үрсэн хэрэг мөн. Ялангуяа бидний сэтгэл оюун ихэд төөрөлдөн самуурсан, элдэв хорт муу сэтгэлд автсан учир ертөнцийн орон, түүний амьтны тоо зэргийг тэдгээрийн талаархи буруу зөрүү мэдлэгтээ итгэн үнэмшиж, бодож тунгааснаар бидний гол зорилго болох гэтлэхүйн хутагт хүрэх, амьтны тусыг бүтээх зэргээс холдуулах билээ. Ингээд бүр ч илүү төөрөлдөн будилахад хүрэх биз. 

Үүнийг тодотгосон хэд хэдэн жишээ Бурхан багшийн түүхэнд бий. Жишээ нь, Бурханаас ертөнц үүрд орших эсэх, үхлийн дараа бодгал үргэлжилдэг эсэх зэргийг асууцгаажээ. Гэтэл эдгээр асуултад Бурхан багш хариулсангүй. Ингээд эцэст нь Бурхан бээр айлдахдаа хүмүүс төөрөлдөж эндүүрсэн, тэрчлэн бүтээгч эзэн, өөрчлөгддөггүй мөнхийн бүтээл бодгал зэрэгт итгэж байгаа цагт ямар ч хариулт өглөө гэсэн тэд бээр түүнийг өөрийн төөрөгдөл эндүүрэлтэй хольж хутгах нь зайлшгүй хэмээн айлдсан юм. Гэтэл огт өөрчлөгдөж хувирдаггүй, бусдын бүтээсэн бодгал гэж байхгүй тул тэр адилын бодгалын тоо хязгаартай юу, үгүй юу гэж асуухын утга учир юунд байна вэ?

Энэ хариулт бол өөрөө гайхамшигтай сайхан сургааль юм. Эцсийн эцэст ертөнцийн орны хэмжээг эсвэл амьтдын тоог, тэд хэрхэн оршдогийг үнэн зөвөөр мэдлээ гээд энэ биднийг зовлон бэрхшээлээс хэрхэн ангижруулах юм бэ? Бусдын тусыг бүтээхэд ямар хэрэгтэй байх вэ? Бурхан айлдахдаа, эдгээр асуултын хариуг олох гэсээр байгаад үхэлтэй золговол эрдэнэт энэ төрлийг дэмий хоосон үрэх болно шүү дээ хэмээжээ. Энэ адилыг судалж шинжлэх нь зугаатай байж болох ч үнэн хэрэг дээрээ тусгүй юм. Харин хамгаас чухал нь одоо байгаа бодит байдлыг таниад, энэхүү ховор чөлөө, учралын хэргийг гаргах явдал юм. Бид сансарын хүрдэнд орших ч эдүгээ эрдэнэт хүний бие, сэтгэлийг авсан гэдгийг ойлгож ухаарснаар зовлон бэрхшээлээс ангижран, бусдад туслахад хэргийг нь гаргаж болно. Гэгээрлийн хутагт хүргэх номыг анхааран авч болно. Ингээд түүнд хүрэхийн цагт хариулах боломжгүй мэт санагдах асуулт бүхнийхээ хариуг олж авах бизээ!

Top