Бурханы шашны залбирал гэж юу вэ?

Study buddhism prayer 02

Шумерийн сүмийн магтаал дуулал, эртний Египетийн тэнгэрсийн шившлэг гээд хүний нийгмийн зарим соёлоос үлдэж хоцорсон хамгийн эртний зохиол бүтээлүүд залбирал байдаг юм. Өнөө ч гэсэн дэлхийн томоохон шашнууд бүгд залбирал мөргөлийн хэлбэрийг агуулдаг. Христ, Лал, Жүүд шашинтнууд Эзэн тэнгэртээ, Хиндү нар бол олон тэнгэрүүдээсээ сонгон залбиран мөргөнө. Гадна талаас харвал нь Бурханы шашин ч үүнээс ялгаагүй. Бурханы шашинтай аль ч улс орны сүм хийдэд ороход цугласан олон хоёр гараа хавсран бариад, Бурханы дүрийн өмнө залбирал уншлага уншиж байгаатай таарна. Төвөдийн Бурханы шашинтнууд бол эрхи, маанийн хүрд, хийморийн дарцагийг хэрэглэдэг.

Залбирахад гурван хүчин зүйл байдаг буюу эдгээр нь залбирч буй хүн, хэнд залбирч байна, юуны төлөө залбирч байна гэдэг гурав юм. Иймээс Бурханы шашны хувьд залбирал бол нарийн төвөгтэй байна. Учир нь, бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй Бурханы шашинтнууд хэнд, юуны төлөө залбирдаг юм бэ? Биднийг адислах хэн нэгэн байхгүй бол залбирахын хэрэг юу байна? Тэгвэл “бидний зовлон бэрхшээлийг өөр бусад хэн нэгэн арилгаж чадах уу?” гэдэг асуулт бол Бурханы шашинтнуудын хувьд чухал юм.

Ямарвааг өөрчлөхийн төлөө зөвхөн залбирч гуйх нь хангалтгүй. Түүний төлөө үйлдэл байх ёстой. – Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай лам 

Бурхан багш айлдахдаа, хэн ч байлаа гэсэн, тэрбайтугай бүхий л билгэ ухаан, чадал хүчийг эрхшээсэн Бурхан өөрөө ч бусдын зовлон бэрхшээлийг арилгаж чадахгүй хэмээжээ. Энэ ямар ч боломжгүй зүйл. Үүрэг хариуцлагыг бид өөрөө л үүрэх болно. Хэрэв зовж бэрхшээхийг хүсэхгүй бол түүний шалтгааныг хорих хэрэгтэй. Хэрэв жаргахыг хүсвэл түүний шалтгааныг бид өөрсдөө бүтээх хэрэгтэй. Бурханы шашин ёсоор бол цэвэр ариун шагшаабад, ёс суртахууныг сахивал үүнд хүрч болох юм. Сэтгэл санаа, үйлээ өөрчлөн хувиргаснаар хүсэж буй амьдралаа бүтээх нь гагц өөрөөс шалтгаалах ажээ. 

Бурханы шашинтнууд хэнд залбирдаг вэ?

Бурхадын дүрд хүмүүс мөргөн, хүж өргөж, уншлага унших үедээ юуг хүсэмжлэн, хэнд залбирдаг вэ? Хэдий тэд “Шагжмуни Бурхаан, намайг Мерседес машинтай болгож хайрла!” эсвэл “Оточ Манал бурхаан, миний өвчнийг эдгээж хайрла” хэмээн бодож байж болох ч Бурханы шашны лам багш нар энэ адилаар залбирах нь өчүүхэн бага тустай гэдэг юм. 

Харин Бурханы шашинд бол Бурхад, бодьсадва нараас өөрийн амгалан жаргалангийн шалтгааныг болон бусдын тусыг чадахын хэрээр бүтээхэд шамдан хичээх адистид хүчийг хүсэмжилдэг юм. Тэд бээр шидэт саваагаараа дохиход бид гэнэт л тэрчлэн үйлдэх онцгой хүч чадалтай болчихно гэсэн үг бус, харин тэдний үлгэр дуурайлыг санаснаар “Би ч мөн энэ адилыг чадна!” гэсэн итгэлээр дүүрдэг юм. 

Бурханы шашинд судар унших, маани тарни урин тоолох, идам бурхадыг бясалгах зэрэг нь энэрэл нигүүлсэл, хичээл шамдал, тэвчээр зэрэг буянт сайн эрдмийг төрүүлэх болон бусдад тустай буянт сайныг үйлдэх сэтгэлийн дотоод чадавхидаа хүрэх ганц зорилготой байдаг юм. 

Долоон гишүүн залбирал

Бурханы шашны мөрийн шимийг тэр чигээр нь багтаасан Долоон гишүүнт соёрхол бол ихэд өргөн дэлгэр тархсан залбирал билээ. Залбиралд долоон хэсэг буй бөгөөд дор бүрнээ онцгой үр нөлөөтэй. Үүнд:

(1) Гурван цагийг гийгүүлэн заларсан Бурхад, Авралт ном, Чуулганы дээдэст орон ертөнцийн тоосны тоогоор олонтаа хувилан сөгдөн мөргөе. 
(2) Манзушри тэргүүтэй бодьсадва нар хэрхэн Бурхадыг тахин зохиосон адилаар би ч мөн адил Түүнчлэн залрагсад болоод машид итгэлт бодьсадва сэлтийг тахисугай.
(3) Сансарын тэргүүлшгүйгээс энэ хийгээд төрөл тутамдаа өөрийн эрхээр бус хилэнц нүглийг үйлдсэн, бусдыг үйлдэхэд хүргэсэн, цаашилбал төөрөгдөл эндүүрэлд автсан би бусдыг үйлдэхэд даган баяссан зэргээр юу үйлдсэн бүхнээ гэмд хараад авралт танаа зүрхний угаас гэмшин наминчилъя. 
(4) Хамаг амьтныг амгаланд байгуулсан, ханьцашгүй бодь сэтгэл төрүүлсэн, амьтны тусыг бүтээсэн сайн үйлсийн далай адилын их буянд тань харьшгүй баясгалангаар даган баясъя. 
(5) Арван зүгийн Бурхадад алгаа хавсран айлтгая, балай мунхагийн харанхуйд төөрөгсдөд буянт Номын зулыг бадруулан соёрх. 
(6) Гаслангаас нөгчихүйг таалагч та бүхнээ алив амьтныг мунхагийн харанхуйд үл төөрүүлэн, амлаж тоолшгүй галавт залрахыг алгаан хавсран залбиръя. 
(7) Эдгээрийг энэ адилаар үйлдэн хураасан сайн буян бүхний хүчээр би бээр амьтан бүхний тэсэшгүй зовлонг арилгах болтугай.
  • Залбирлын эхний гишүүн бол мөргөл юм. Бурхад энэрэл нигүүлсэл, асрал хайр, билгэ билгүүний бэлэгдэл тул тийнхүү бэлэгдэж буй бүхнийг нь дээдлэн мөргөдөг юм. Мөргөхдөө орой тэргүүнээ газарт хүргэх нь омог бардам сэтгэлийг дарж, даруу төлвийг төрүүлдэг тус эрдэмтэй. 
  • Дараа нь тахил өргөнө. Бурханы шашинтнууд усан тахил өргөдөг ч юу өргөж байна вэ гэдэг нь төдийлөн чухал бус. Харин цаг хугацаа, хичээл зүтгэл, эрч хүч, тэрчлэн эд хөрөнгөө өгөхдөө ямар санаа агуулах вэ гэдэг л чухал бөгөөд үүгээр шунал хүслийг дарна.
  • Гуравт, гэм алдаагаа наминчилна. Бид залхууран хойш тавьдаг, амин хувиа хичээдэг, тэрчлэн хүндхэн нүгэл хилэнцийг ч үйлддэг. Эдгээрийг наминчлан, гэмшээд, эдгээр гэм алдааг цаашид ахин үйлдэхгүй гэсэн баттай санааг төрүүлнэ. Энэ бол нүгэл хилэнцэт үйлийг ариусгах хүчний нэг нь юм.
  • Дөрөвт, даган баясна. Өөрийн үйлдсэн сайн сайхан бүхэн, өрөөл бусдын үйлдсэн буянт сайн бүхнийг дурьдан санана. Бурхадын үйлс зохиол бүхнийг ч санана. Үүгээр атаа жөтөөг хувирган дарна.
  • Тавд, сургаалиа айлдахыг хүсэмжилнэ. Үүгээр сэтгэлдээ Номыг авч, хэрэгжүүлэх болно. “Бид суралцахыг хүснэ, өөрийн болон бусдын амгалан жаргаланг бүтээхийг хүснэ!” хэмээж буй хэрэг. 
  • Зургаад нь, гаслангаас үл нөгчих соёрхол тавина. Үүний өмнө сэтгэл номд орсон бол одоо лам багш нараас амьтныг үл орхин, гаслангаас үл нөгчин, амьтныг бодийн хутагт хүртэл сурган хайрлахыг хүсэмжилнэ. 
  • Төгсгөлд нь, ихэд чухал алхам болох зориулга ерөөл тавина. Хураасан буянт сайн хүч юу байна тэр бүхнийг өөрийн болон бусдын тусыг бүтээхэд зориулна. 

Энэ залбирлаас харахад Бурханы шашны зорилго бол гаднаас хэн нэгэн бууж ирээд, биднийг зовлон бэрхшээлээс аврах явдал биш байна. “Адууг ус руу тууж болох ч ус уулгаж чадахгүй” гэдэг зүйр үг байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, Бурхан бидэнд мөрийг үзүүлэх ч бид өөрсдөө л шунал хүсэл, үл мэдэх мунхагаас ангижирч, хэн бүхэнд байдаг хязгааргүй тустай сайн чадавхийг хөгжүүлэхэд шамдан хичээх хэрэгтэй болно. 

Дүгнэлт

Бурханы шашныг гаднаас нь харахад залбирал ерөөлийн зан үйл бий хэдий ч өдөр тутам гадна талын хэн нэгнээс тусламж гуйж хүснэ гэсэн үг бус юм. Бурхад, бодьсадва нар бол төгс төгөлдөр үлгэр дуурайл бөгөөд өнөөгийн биднийг төгс гэгээрлийн хутагт хүргэх зам мөрийг үзүүлдэг юм. Бурхад, бодьсадва нарт залбирч хүсэмжилснээр адистидыг хүртэж, бидний хязгааргүй нигүүлсэнгүй, асрангуй, билгүүн зэрэг дотоод чадавхи бүхэн сэрдэг юм.

Top