Бурхан багш ба түүний цаг үеийн улс төрийн үйл явдал

Бурханы шашны зохиолд түүхэн Бурхан багшийн тухай хэдэн хувилбар намтар бичигдсэн байдгыг илрүүлж болно. Түүний тухай бичсэн хамгийн эртний бичвэрийг олоход хэцүү боловч, янз бүрийн түүхт үйл явдал дээр тулгуурлан бичигдсэн палийн сударт (судар-самгарди үг) ба теравадын уламжлалын винайн бичвэрт үндэслэн амьдралын түүхэн намтарыг бүрэлдүүлэн тогтоож болно. Махасангхик, сарвасти ба махаяны хожмын ном бичигт эртний бичигт өгүүлсэн энгийн өдөр тутмын амьдралыг ихээр чимэглэж, ид шидийн зүйлийг нэмсэн байдаг. Гэвч Палийн шастир бичигт Бурхан багш бол их хэцүү, тайван бус цагт амьдарч байсан бөгөөд өөрийнхөө хувийн ба шашны сургуулийн дотоод  амьдралын замд үүсэх олон хүнд төвөгтэй бэрхшээлийг даван туулж байгаа махбодь, цусаар тогтсон энгийн хүн болохыг үзүүлдэг. Энд бид, Стивен Бэтчелорын “Бурханы шашинт шашингүйчийн наминчлал” ном дээр үндэслэж, бурхан багшийн амьдралын нилээн эртний намтарыг ёрөнхий байдлаар авч үзье. Бүх нэр ба гарчиг томъёолол палийн номд зааснаар өгөгдөж байна.

Бурхан багш м.э.ө. 566 онд орчин үеийн  өмнөд Балбын нутаг дэвсгэр дээр орших Лүмбэний (Lumbi-na'i tshal), цэцэрлэгт төрсөн юм. Энэ  цэцэрлэг Саки (Sha-kya, санскр. – Шакья) бүс нутгийн нийслэл Капилаваттхагаас (Ser-skya'i gnas, санскр. Капилавасту) холгүй оршдог. Палийн ном сударт Сиддхадттха (Don-grub, санскр. Сиддхартха) нэр тааралддаггүй боловч бид үүнийг хэрэглэхэд аятайхан тул цаашид авч үзье.  Бурхан багшийн өөр нэр Готама (Gau-ta-ma, санскр. Гаутама) бол үнэн хэрэгтээ, түүний хамаарагдах овгийн нэр юм.

Сиддхаттхагийн эцэг Суддходана (Zas tsang-ma, санскр. Шуддходана) хаан байгаагүй бөгөөд бурханы шашны хожим үеийн сурвалж  бичвэрт өөрөөр тэмдэглэгдсэн байдаг. Тэр юутай ч  Готама овгийн язгууртан байсан ба Саки мужийн губернаторын тушаалыг эзэлж байсан бололтой. Палийн шашны эх сурвалжид түүний ээжийн нэр огт дурсагддаггүй ч хожим үеийн самгардийн ном зохиолд Сиддхаттхагийн эхийг Маядеви (Lha-mo sGyu-'phrul-ma) гэж нэрлэн заажээ.  Сиддхаттхагийн ээж түүнийг төрсний дараа удалгүй нас нөхцсөн ба Сиддхаттхаг, түүний ээжийн дүү эгч  Паджапади (sKye-dgu'i bdag-mo chen-mo, санскр. Махапраджапати) өсгөн хүмүүжүүлсэн ба тухайн үеийн заншлаар, түүний эцэг, тэр эгчтэй нь гэр бүл болсон байна.

Саки эртний улс байсан боловч Сиддхаттхагийн төрөх цагийн үед  агуу хүчит Косала (Ko-sa-la, санскр. Кошала) хаант улсын  бүрэлдхүүнд орсон байжээ. Косалагийн хил хязгаар өнөөгийн Бихар мужийн нутаг дэвсгэр дээр байх Ганга мөрний хойд эргээс Гималайн нурууны хоймор хүртэл дэлгэн тархсан байв.  Түүний нийслэл нь Саваттха (gNyan-yod, санскр. Шравасти) хот болно.

За тэгээд Бурхан багшийн амьдралд тун чухал байр эзэлсэн газар нутгийн тухай товчхон авч үзвэл, энэ нь түүний намтарыг судлахад дөхөм болж магадгүй юм. Саки улс Косалийн хаант улсын зүүн хэсэгт оршдог. Сакигаас зүүн өмнөх зүгт Мала (Gyad-kyi yul, санскр. Малла), муж байсан ба Малагаас дорнод зүгт – Ваджи улс (санскр. Вриджи) түүний нийслэл хот нь Вайшала (Yangs-pa-can, санскр. Вайшала) болно. Ваджи улсад төр засгийг олон овгийн холбоонууд барьж байсан бөгөөд тэдний дунд  хамгийн нэр алдартай  нь Личчавагийн (Li-ccha-bi, санскр. Личчави) овог байв. Ваджи ба Косалагаас өмнө зүгт Ганга мөрний эсрэг талын эрэгт өөр нэг хүчит хаант улс  Магадха (Yul Ma-ga-dha, санскр. Магадха), оршдог бөгөөд түүний нийслэл хот нь Раджагаха (rGyal-po'i khab, санскр. Раджагриха) болно. Косалагаас баруун зүгт өнөөгийн пакистаны Пенджаб мужийн нутаг дэвсгэр дээр персийн хаан Ахеменидын  гүрний хязгаар муж Гандхара (Sa-'dzin, санскр. Гхандхара) байсан. Гандхарын нийслэл Таккасиле (rDo-'jog, санскр. Такшашила) – д гурван цаг үеийн алдарт их сургууль байрлаж байсан. Энэ их сургуульд грек, перс, энэтхэгийн соёлын эрдэм мэдлэгийн харилцан солилцоо явагдаж байжээ.

Сиддхаттхагийн  төрж өссөн хот Капилаваттха тухайн үеийн худалдааны Хойд замын гол зангилаа төв байсан юм. Энэ хойд талын зам баруун зүгт орших Косала, Гандхара хоёрыг холбож байжээ. Саки, Малла болон Ваджа улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин тэр зам Косала, Магадха хоёрыг өмнө зүгт холбож байсан байна. Тийм байдлаар, Палийн шашны ном бичигт Ситтхаддха Готамын 20 нас хүртэлх амьдралын тухай мэдэгдэл тун бага гэлээч тэр өөрөө тухайн цаг үеийн соёлын амьдралтай танилцсан нь мэдээж бөгөөд тэр бүр Таккасилын их сургуульд суралцаж байсан гэх боломжтой боловч энэ тухай нарийн тодорхой мэдээлэл байхгүй юм.

Сиддхаттха удалгүй, самгардийн эх сурвалжид Яшодхара (Grags 'dzin-ma) гэж алдаршсан  Бхаддакаччантай гэрлэсэн байна. Тэр Ситтхаддхагийн үеэл эгч байсан бөгөөд мөн хожим Бурхан багшийн эсрэг зогсогч Девадаттын (Lhas-byin, санскр. Девадатта), эгч байсан байна. Тэд нараас ганцхан хүү Рахул (sGra-gcan 'dzin, санскр. Рахула) төржээ. Тун удалгүй энэ хүүг төрсний дараа Бурхан багш 20 настай байхдаа Капилаваттха хотыг орхин гарч үнэнийг эрж Магадхын зүг чиглэсэн байна. Хойд замаар аялан явсаар Ганга мөрнийг туулан гарч Раджагахад ирсэн байна. Тэр цагт Магадхийн хаан ширээнд Бимбисар (gZugs-can snying-po), сууж байсан ба Косалын хаан ширээнд Пасенади (rGyal-po gSal-rgyal, санскр. Прасенаджит) сууж байжээ. Косала ба Магадхи хоёрын хооронд энх тайван  байдлыг хадгалахын тулд  энэ хоёр хаан тус бүр хажуугийн хөрш улсаас эхнэр авсан байна. Пасенади хааны эгчийг Деви (Lha-mo, санскр. Деви) гэж нэрлэдэг.

Магадхе бүс нутагт Ситтхаддха, Алар Калам (санскр. Арада Калама) ба Уддак Рамапутта (санскр. Удрака Рамапутра) зэрэг хоёр багшийн нийгэмлэгт суралцсан байна. Энэ хоёр багш брамины уламжлалыг баримтлагчид болохоор, түүнийг хоосон ахуйн шингээн төвлөрүүлэхэд хүрэх ба “ялгавар бус, ялгавар бусын үгүйд” хүрэхэд, яаж сурах замыг номлон зааж байжээ. Гэвч Сиддхаттха энэ сургуулийн амжилттайд итгэл алдаж тэр багш нарыг орхин явжээ. Үүний дараа тэр бараг хоол идэхийг больж, хамгийн хатуу мацаг барьсан байна. Тэгээд дахиад л  энэ арга байдал чөлөөлөгдөхөд хүргэхгүйг тэр мэдэрчээ. Тэгэхээр, тэр даяанчлах явдлыг зогсоож, Урувелын (lDeng-rgyas, санскр. Урубилва), хязгаарт зорин гарч  Бодгаяад ирээд, Бодь модын дор чангаар бясалган сууж 35 настай байхдаа  бүрэн төгс гэгээрэлд хүрсэн байна. Энэ түүний Магадхад ирснээс хойно зургаан жилийн дараа тохиолджээ.

Гэгээрэлд хүрсний хойно тэр Мигадайн (Ri-dvags-kyi gnas, санскр. Мригадава) баруун талд  буюу Исапатанд (Drang-srong lhung-ba, санскр. Ришипатана), байдаг Гөрөөсний цэцэрлэгт хүрээлэнд очихоор зорьжээ. Манай үед энэ газрыг Сарнатх гэж нэрлэдэг ба Варанасигаас тун холгүй оршдог. Ганга мөрнөөс хойш орших  Магадхе гэдэг газар нутгийг Пасенади хаан өөрийн эгч Девиг Бимбисар хаантай гэрлүүлэхэд инжийн эд болгон бэлэглэсэн байна. Бурхан багш Гөрөөсний цэцэрлэгт таван шавийнхаа хамт борооны улирлын турш даяан барьжээ. Удалгүй цөөхөн тооны  шүтэн дагагчид ирж тэд нартай нэгдэн гэрлэхгүй байх сахил авсан нийгэмлэг үүсгэн байгуулсан ба мөн тэдний бүх эд хэргийн талаар Бурхан багш халамж тавих хэрэгтэй болжээ.

Весала хотын Личчхави овгийн язгууртан Махали гэгч Бурхан багшийн тухай сонсоод хаан Бимбисарт, түүнийг Магадхад урихыг зөвлөсөн байна. Ингээд, борооны улирал дууссаны дараа Бурхан багш, түүний хүрээ дорно зүгт чиглэн гарч Магадагийн нийслэл Раджагаха хотод ирсэн байна. Бимбисара (Сүгжин нянбу) хаан Бурхан багшийн сургаалыг сонсон бишрэл гайхалд автсан  бөгөөд түүний хэрэгцээнд урд хаягдсан цэцэрлэгт хүрээлэн Велувана ('Od-ma'i tshal, санскр. Венувана), өөрөөр “Хулсан шугуй” гэдэг газрыг өгсөн ба энэ нь түүний, өөрийн хүрээний хамт борооны улирал ирэх үеэр даяан хийхэд сайн юм болжээ.

Удалгүй Бурхан багшийн хүрээнд урьд угуул нутгийн нэг том гуру хүний гол шавь байсан Сарипутта (Шаарибу) (Sha-ri'i bu, санскр. Шарипутра), Моггаллана (Монголживуу) (Mo'u dgal-gyi bu, санскр. Маудгальяяна), нар нэгдэн орж, улмаар Бурхан багшийн хамгийн ойрын шавь нар нь болсон. Шарипутта Бурхан багшаас өргөжиж байгаа ламын хүрээний сахилын дэг хэмжээг нарийвчлан боловсруулсан дүрэм гаргахыг хүссэн ба Бимбисара хаан түүнд өөрийн хүрээнд шашны бусад тухайлбал, жайны (Нүцгэнтэн) сургуулийг нэгтгэх саналыг дэвшүүлсэн байна. Жишээлбэл, хаан, сарын дотор дөрвөн удаа хурал хуран (gso-sbyong, санскр. упошадха) сургаал номыг хэлэлцэх талаар зөвлөжээ. Бурхан багш зөвшөөрсөн байна.

Нэг удаа Косалын нийслэл хот Саваттхаас банкны чинээлэг түшмэл Анатапиндика (dGon-med zas-sbyin, санскр. Анатхапиндада) ажлаар Раджагаха хотод морилон иржээ. Бурхан багшаар гайхан биширсэн тэр хүн Пасенади хааны нийслэл Савати хотод тусгай дэвсгэр газрыг ялган гаргаж, борооны даяанг хийхийг дэвшүүлсэн байна. Үүний дараа тун удалгүй Бурхан багш ламын хүрээнийхээ хамт Косалад нүүн ирсэн боловч нөгөө түшмэл Анатапиндика тэнд зохих тусгай газрыг таслан олгох болтол нилээн хэдэн жил өнгөрсөн ажээ.

Хэсэг хугацааны дараа Бурхан багш өөрийн гэр бүлтэй уулзахаар Капилавастуд буцаж ирсэн байна. Бурхан багшийн эцэг Суддодана удалгүй түүний номыг дагагч болсноор барахгүй Бурхан багшийн найман настай хүү Рахула шашны хүрээнд шавилан сууж, анхны  сахилыг хүртсэн байна. Дараагийн жилүүдэд Сакигийн хэд хэдэн язгууртнууд бурхан багшийн эгнээнд нэгдэн орцгоов. Тэдний дунд Бурхан багшийн бөл дүүнүүд – Ананда (Kun dga'-bo, санскр. Ананда), Ануруддха (Ma-'gag-pa, санскр. Ануруддха) ба Девадатта, мөн Сундарананда (mDzes-dga', санскр. Сундаринанда) – “Гоё Нанда” гэж алдаршсан эцэг нэгтэй дүү Нанда (dGa'-bo, санскр. Нанда) нар байжээ.

Бурхан багшийн авга эгч, түүнийг үрчилсэн эх Паджапати шашны хүрээнд нэгдэх зөвшөөрөл Бурхан багшаас гуйсан атал, эхний үед Бурхан багш зөвшөөрөөгүй байна. Гэвч тэр үсээ хусуулж, гэлэнмаагийн хувцас өмсөөд нилээн том бүлэг эмэгтэйчүүдийн хамт бурхан багшийн хойноос дагасан байна. Паджапати, Бурхан багшаас эмэгтэй ламын сахил хүртээхийг хоёр, гурван удаа гуйсан боловч Бурхан багш тус бүрийн гуйлтанд  татгалзсан хариу өгчээ. Эцсийн эцэст Бурхан багшийн нас нөгцөхөөс хэдэн жилийн өмнө Ананда, Паджапатийг өмгөөлөн, түүний нэрийн өмнөөс  бурхан багшаас  сахил хүртээхийг гуйсан ба Бурхан багш хэдий тийм боловч эцэст шашны хүрээнд эмэгтэй хүнийг авахыг зөвшөөрсөн байна. Энэ явдал  Ваджи улсын Весалид болсон ба  Бурханы шашинд гэлэнмаагийн сургууль үүсэх эхлэлийг тавьсан болно.

Анатапиндика агуу их өглөгч нэртэй бөгөөд Бурхан багшийг Косалад буцаж ирсний хойно олон алтан зоос төлж,  Шравасти хотын ойролцоо “Джетова төгөл” буюу Джетавана (rGyal-byed-kyi tshal, санскр. Джетавана) нэртэй газар цэцэрлэгт хүрээлэн худалдан авчээ. Тэнд Бурхан багш ба түүний хуврагуудад зориулан борооны улиралд даянчлах хийд барьсан байна. Үүний дүнгээр, Бурхан багшийн төгс гэгээрэлд хүрсний дараа бараг 20 жилийн хойно жил бүрийн борооны улирлын үеэр даяан (dbyar-gnas, санскр. варшака), хийж энэ үеэр гурван сарын турш хөл хорин суудаг уламжлал батлагдан тогтжээ. Ийм байдлаар  Джетовын төгөлд борооны улирлын үеэр Бурхан багш 19 удаа даяан барьж, энэ үеэр 844 сургаал айлтгасан байна. Анатхапиндика, Бурхан багшийн ламын хүрээний гол тэтгэн ивээгчээр үлдсээр байсан ч амьдралын сүүлд бүрэн хоосорсон байна.

Анх удаа Косалын хаан Пасенади Бурхан багш Готамтай  Жетовын төгөлд тааралдан  уулзсан ба тэр 40 настай байжээ. Бурхан багш хаанд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд хожим тэр бас түүний сургаалыг дагаж, ивгээн тэтгэгч болсон байна. Тэгээд мөн Бурхан багш, Пасенади хаан хоёрын хоорондох харьцаа байнгын үед тун эелдэг байжээ.  Хэдийгээр хаан боловсролтой, сургаалд аятай, их дэмжлэг үзүүлдэг хүн байсанч хаан бас тачаангуй амьдралд дуртайн зэрэгцээгээр их хэрцгий хүн байжээ. Жишээлбэл, паранойн багтрааны улмаар өөрийнхөө армийн жанжин, найз нөхөр, Маллагаас гаралтай Бандхулуг цаазлахыг тушаасан байна. Үүний дараа хийсэн хэрэгтээ харамсаж тэр, Бандхулын зээ дүү Караяныг армийн жанжнаар томилсон байна. Олон жилийн дараа генерал Караяна Пасенади хааныг  түлхэн унагааж, ахынхаа өшөөг авчээ. Тийм байсан ч Бурхан багш  хааны урьдчилан хэлэхэд хэцүү зан авирыг болон солигдмол амжилтыг тэвчихээс өөр аргаүй байсан:  яагаад гэвэл түүнд өөрийн хуврагын хүрээг дээрэмчид, зэрлэг амьтнаас хамгаалахад тусламж хэрэгтэй бөгөөд түүнчлэн, тэдэнд туслах боломж чадалтай чинээлэг ивээн тэтгэгчдийн нийгэмд нэвтрэх хялбар зам хэрэгтэй байжээ.

Төр баригч овгийн династи үргэлжихэд Пасенади хаанд үе залгамжлагч хүү хэрэгтэй байлаа.  Түүний анхны эхнэр Магадхагийн хаан Бимбисарын дүү хүүхэн түүнд хүү төрүүлж чадаагүй бололтой. Тэгэхээр хаан, доод нийгмээс гаралтай Бурхан багшийн номыг баримтлагч сайхан хүүхэн Малликуг (Ma-li-ka, санскр. Маллика) эхнэр болгон авчээ. Брамин- санваартнууд хааны шүүх дээр энэ эмэгтэйн доод гарлын талаар маргаан үүсгэн гаргажээ. Маллика Пасенади хаанд Ваджира (rDo-rje-ma, санскр. Ваджри) охинийг төрүүлсэн болно.

Тэгэхээр, хаан хүүг төрүүлэх зорилгоор гурав дахь удаа гэрлэхээр шийджээ. Тэр Бурхан багшийн үеэл Маханамын (Ming-chen, санскр. Маханама), охин Васабхатэй  гэрлэсэн бөгөөд Маханама Бурхан багшийн эцэг нас барсны дараа Саки мужийн захирагч болжээ. Маханама мөн Бурхан багшийн ойрын шавь Ананда, Ануруддхи нарын ах байсан юм. Хэдийгээр Маханама, охин Васабхаг язгууртан гаралтай мэтээр нөхөрт өгсөн боловч үнэндээ, түүний боол эмэгтэйгээс төрсөн бутач охин байжээ. Тийм учраас, хэдийгээр Васабха хаанд хүү Видадабхуг төрүүлсэн ч тэр хаан ширээнд залгамжлан суухад тун эргэлзээтэй, яагаад гэвэл түүний эхийн гарлыг нууцаар хадгалж байжээ. Тэрчлэн Бурхан багш, Васабхатай төрөл садангийн холбоотой тул түүнийг нилээн хүнд байдалд оруулжээ.

Видадабха,өөрийн хууль бусаар төрсөн тухай мэдэхгүй байсан ба  16 настай байхдаа анх удаа Саки ирээд, өөрийн нагац ах Маханаматай уулзсан байна. Энэ үеэр Пасенади хааны армийн удирдагч Караяна, Видадхад  түүний эхийн жинхэнэ гарлын тухай мэдэгдсэн байна. Пасенади хаан өөрийн армийн удирдагчаас, түүний хүү боол эмэгтэйн хууль бус ач болохыг сонсоод,  хаан  сакичуудад хилэгнэн  уурласан байна. Тэр, эхнэр хүү хоёрынхоо хаант байр суурийг хасаж боол болгон хөөжээ. Гэтэл Бурхан багш тэднийг өмөөрөн хаантай ярихад эцсийн эцэст хаан, эхнэр хүү хоёрын эрх мэдлийг дахин сэргээсэн байна.

Үүний дараагаар Косалад Бурхан багшийн үлдэх асуудал аюултай болсон тул тэр  барагцаалбал, 70 настай байхдаа Магадхагийн нийслэл Раджагаха хотод буцаж ирсэн. Энд ордны эмч Живакад ('Tsho-byed, санскр. Дживака), харъяалагдах Манго модны шугуйд буусан байна.  Бурхан багш,  хааны мэдэлд орших Хулсын шугуйнд очихын оронд, энэ газрыг таалж сонгон авснаас үзвэл ер нь түүний бие лагшин муудаж байсан болов уу гэж таамаглахад боломжтой.

Бурхан багш 72 настай байхад, түүний анхны ивээн тэтгэгч, Магадхагийн хаан Бимбисара  улс төрийн ширүүн даралтанд орж, хаан ширээнээс няцан бууж, ханхүү Ажатасатту (Ma-skyes dgra, санскр. Аджаташастру )-д  төрийг булаалгасан байна. Ажатасатту  эцгээ шоронд хориод, өлсгөж алсан байна. Бимбисарагийн бэлэвсэн эхнэр, Пасенади хааны эгч Деви эмэгнэн гашуудсаар нас барсан байна. Түүний өшөөг авах хүслээр Пасенади, зээ хүү Ажатасаттугийн эсрэг дайнд мордож, Девигийн инж болгон Бимбисарад бэлэглэж өгсөн Ганга мөрнөөс хойт зүгт орших Варанасийг тойрсон тосгонуудыг эргүүлж авахаар шийдсэн байна. Гэтэл дайн их сунжирсан учраас энх тайванг олохын тулд Пасенади хаан өөрийн охин Важраг Ажатасаттуд гэргий болгон өгөхөөс өөр аргагүйд хүрсэн ажээ.

Барагцаагаар, энэ үеэр, Бурхан багшийн үеэл Девадатта (Лхайжин) бас Ажатасаттугийн багш байсан бөгөөд Бурхан багшийн шашны хүрээний эрх мэдлийг булаан авахаар оролдсон. Девадатта, шашны хүрээний дэг жаягт хэдэн нэмэлт дүрэм оруулахыг Бурхан багшид итгүүлэх хэргийг чармайн оролдсон бололтой. Тухайлбал, хуврагууд ойд амьдрах, модны дор унтах, айлын гэрт орохгүй байх, новш болсон хуучин хувцас өмсөх, ба хувцас бэлэг болгон өгөхөд авахгүй байх, бас цагаан хоолыг хатуу баримтлах.  Бурхан багш зөвшөөрөөгүй, учир нь энэ дүрэм хэтэрхий тэвчээрлэлд оруулж, түүний шашны хүрээг нийгмээс маш их тасрахад хүргэнэ. Девадатта, Бурхан багшийн нэрээр тангараг өргөв. Түүний үзэл хэсэг залуу ламын сонирхлыг татаж, өөрсдийн хүрээг байгуулснаар Бурхан багшийн шашны хүрээнд хагарал гарсан байна. Түүнээс гадна Девадатта олон удаа Бурхан багшийн амийг хорлох амжилтгүй оролдлого хийжээ. Эцсийн эцэст Шарипутра ба Моггаллана хоёр Бурхан багшийн шашны хүрээг орхин гарсан лам нарыг эргэж ирэхийг тэдэнд итгүүлж чадсан байна.

Үнэлэн үзэхэд, Девадатта өөрийн хийсэн үйлд буруугаа хүлээсэн боловч Бурхан багшаас уучлал гуйж амжилгүй нас нөгцсөн байна. Аль болсон тохиолдолд ч Бурхан багш түүнд муу хандаж, уур хилэнг сэтгэлд далдаар өөрт хадгалаагүй болно. Хаан Ажатасатту эцгээ алсан нүглийг наминчлан өөрийн эмч Живакийн зөвлөснөөр, Бурхан багшид эцгээ алсан тухай сэтгэлээ илчлэн, буруугаа хүлээсэн байна.

Ойролцоогоор нэг жилийн дараа Бурхан багш өөрийнхөө төрөлх орон Сакид буцаж иржээ. Пасенади хаан Бурхан багшид мөргөхөөр очиж, хүндэтгэлийг илэрхийлж байх үеийн араар генерал Караяна улстөрийн эргэлт гарган төрийн ширээнд ханхүү Видадабхуг тавьжээ. Түлхэн унагаагдсан хаан хаашаа зугтаахыг мэдэхгүй, өөрийн зээ, Ажатасатту хааны үрчилсэн хүү Раджагахугаас өмгөөлөлт эрэхээр Магадха руу чиглэн морджээ. Гэвч Пасенадийг хотын хэрэм дотор оруулаагүй ба маргааш өдөр нь түүний хүүрийг олсон байна.

Түүний зэрэгцээ Косалын шинэ хаан Видудабха, өвөг ах Маханама, түүний төрсөн жинхэнэ гарлыг нууж байсанд өшөөчлөн Сакигийн эсрэг дайн эхэлсэн байна. Маханама бол Бурхан багшийн үеэл ба Сакигийн хүчин төгөлдөр губернатор байсныг та бүхэн санаж байгаа биз дээ. Бурхан багш хэдийгээр, хаанаас дайн эхлэхгүй байхыг гарав дахин гуйсан ч тэр шантрашгүй үлджээ. Косалын арми Сакигийн нийслэл Капилаваттху хотын бүх хүн амыг устгах тушаал авсан байна. Аллага хядлагыг урьдчилан сэргэмжлэх чадалгүй болсон тул Бурхан багш Пасенадигийн адил, хаан Ажатасаттугаас хамгаалалтыг хайж Магадхагийн нийслэл Раджагаха хот хүрэхээр явсан байна.

Магадха орох зам Ваджа улсын нутгаар дамждаг байжээ. Энэ улсын нийслэл Весали хотод Бурхан багшийг түүний ойрын шавь Шарипутра хүлээж байв. Тэгтэл бас тэр хотод урьд  Бурхан багшийн туслагч байсан, хуврагын сахилыг өөрөөс буулган, шашны хүрээнээс гарсан Весалийн язгууртан Сунаккатта (Legs-pa'i rgyu-skar, санскр. Cунакшатра), амьдарч байлаа. Тэр, Бурхан багш гүн ухааны хэтийдсэн үнэний амжилтанд хүрэх тухай биш, ганц логикийн арга дээр тулгуурлаж, уягдан зууралдахыг зогсоох сургаал өгдөг, ямарч шидтэний авъяас чадвар байдаггүй гэж Ваджи улсын парламентын гишүүдийг Бурхан багшийн нэр хүндэд эргэлзэх хандлагад бүрэн хүргэсэн байна. Бурхан багш үүнийг найрсаг үг гэж үзжээ. Тэглээ ч гэсэн, энэ буруушаалтаас боловуу, магадгүй эмэгтэйчүүдийн шашны хүрээг үндэслэх ажлаас болсон ч бололцоотой тул Бурхан багш, түүнд үзүүлэх дэмжлэг ба өөрийн сайн нэрийг  Ваджад алдсан байна. Тиймээс Бурхан багш Ганга мөрнийг гатлан Раджагахад очиж, Гиджхакутын (Bya-rgod-kyi phung-po, санскр. Гридхракута), ойролцоох Тасын өндөрлөгт хаданд суусан байна.

Бурхан багшид бараалхахаар Аджасатту хааны төрийн сайд Вассакара ирсэн байна. Тэр, түүнд Ажатасатту, хаант улсын хилийг өргөтгөх зорилгоор Ваджа улсыг эзлэн авахаар завдаж байгаа тухай ярьсан байна. Хэдийгээр Бурхан багш Ваджийн ард түмэн өөрийн заншлаар их бахархдаг, түүнийг хадгалан үлдээх чадалтай тул тэднийг хүчээр эзлэн авч ялах боломжгүй тухай өгүүлсэн боловч  Косалын арми Сакид дайнаар нэвтрэн орсонтой адил тэр ойртож байгаа дайныг урьдчилан сэргийлэх хүч чадалгүй байв. Эдгээр гай зовлон дээр бас Бурхан багшийн ойрын шавь нар Сарипутта ба Моггаллана хоёр бараг нэг цаг үеэр нас барсан явдал нэмэгдсэн байна. Хөгширсөн Шарипутта өвчний улмаас нас нөгцсөн ба харин Моггаланыг даяанчлаж байх үеэр дээрэмчид үхтэл зодож алсан байна.

Магадлахад дэмжлэг олоогүй Бурхан багш дахин хойд зүгийг чиглэн гарахаар шийджээ. Юуны өмнө, тэр төрсөн нутаг Сакид очихоор завдсан ба Косалын дайны дараа юу үлдсэнийг харах гэсэн бололтой. Замд гарч явахын өмнө Бурхан багш Анандаас Тасын оргилын хормойд бүх шавь нарыг цуглуулахыг гуйж, хамгийн сүүлчийн сургаал тавьж айлдахаар хүссэн байна. Бурхан багш лам нарын хүрээнд Ваджийн парламентын жишээгээр, ардчилсан зарчмыг даган: удаа дараагийн хурал хурах, эв найрамдалтай амьдрах, өглөгийн зүйлийг тэгш хуваах ба өндөр настангуудыг хүндлэх зэргийг захижээ.

Удалгүй Бурхан багш Тасын оргилыг орхин, Магадхуг чиглэсэн байна. Тэр Вадж улсын нийслэл Весала хотод борооны улиралын үеэр даяан хийхээр буужээ. Гэтэл орон нутгийн нийгэм дайны аюулаас гадна бүр хэдийн доройтолд хүрснийг үзсэн байна.  Бурхан багш Ваджийн парламентын дэмжлэгийг алдаад борооны улиралыг цор ганцаар өнгөрөөх гэж шийдээд, лам нараас өөрийн найз нөхөд ба тэтгэгчдийн дунд хоргодох газар олохыг гуйсан байна.

Борооны улиралын үеэр 81 настай Бурхан багш хүндээр өвдөж, үхлийн үүдэнд ойрхон болсон. Ананда түүнээс сүүлчийн сургаал айлтгахыг хүсжээ. Бурхан багш хуврагуудад би та нарыг өөрийн мэдэх бүх юманд сургасан тэгээд ирээдүйд энэ сургаал тэдний гол аврал болж чиглэлийг заах ёстой гэжээ. Зовлонгоос ангижрахын тулд тэд нар сургаалыг барин хэрэгжүүлэх хэрэгтэй ба аль нэгэн лидер буюу шашны хүрээ аврах юм гэж найдах ёсгүйг захисан байна. Үүний дараа Бурхан багш, би удахгүй үхнэ гэж хэлжээ.

Сургаал баримтлагчид ба Ананда, Ануруддха нарын хамт Бурхан багш борооны улирлын дараа дахин замд гарсан байна. Саки орох замд Малла бүс нутгийн хоёр гол хотын нэг Паве хотод Бурхан багш саадан буужээ. Тэр хотод  төмөрч Чунда (Tsu-nda, санскр. Чунда), хортой гахайн махаар тэд нарт зоог барьсан байна. Ая таагүй байдлыг сэжиглэн, Бурхан багш өөрийн нөхдөд хоол битгий ид гэж хэлээд, өөрөө тэр гахайн махыг идсэн байна.  Үлдсэн хэсгийг нуухыг тушаажээ. Малла бүс нутаг бол Сакид үймээн хядалдаан гаргасан генерал Караяны төрөлх нутаг байжээ. Тун магадгүй,  энэ хор, Бурхан багшийн ном сургаалыг бүрэн цээжилсэн Анандад зориулагдсан байж болох юм. Хэрвээ Ананда хорлогдон алагдсан бол Бурхан багшийн сургаал ном ч хадгалагдан үлдэхгүй, шашны хүрээ ч байхгүй болох боломжтой байжээ.

Цусан гүйлгээгээр өвдөх хэцүү шаналгаан дор Бурхан багш, түүнийг хамгийн ойрхон байгаа  Кусинара (Ku-sha'i grong-khyer, gNas-rtsva-mchog, санскр. Кушинагара) хотод аваачихыг Анандагаас гуйсан байна. Тэнд хоёр модны хооронд зассан дэвсгэр дээр хэвтээд, Бурхан багш хэсэг хуврагуудаас, та нарт  аль нэг эргэлзээ, асуулт үлдсэн үү гэж асуухад, энэлж гансарсан Ананда болон бусад хуврагууд дуугүй зогсоцгоож байжээ. Ингэж м. э. 485 онд наян нэгэн настай байхдаа Бурхан багш  жанч халжээ.

Бурхан багшийн шарилыг  яг чандарлахаас өмнө Павагаас Махакассапа ('Od-srung chen-po, санскр. Махакашьяпа)  тэргүүтэй хэсэг шавь нар хүрэлцэн ирсэн. Тэр, Бурхан багшид, тэд нараас сүүлчийн хүндэтгэлээ илэрхийлэх болтол чандарлах үйл ажиллагааг хойшлуулахыг улам шаргуу хүссэн.  Махакассапа бол Магадхаас гаралтай брамин бөгөөд хэдэн жилийн өмнө нас сүүдэр өндөр байхдаа сахил хүртэж лам болжээ.Түүнтэй Бурхан багш анх удаа уулзаад, тэр Махакассапад өөрийн хуучин элэгдсэн орхимжийг өгч оронд нь брамины шинэ хувцасыг солиж авсан байна. Хожим энэ зангааг  Бурханы шашны дээд ямбатангуудын угсааны эхлэл буюу эрх мэдлийг дамжуулах билэг дэмбэрэлтэй зүйл гэж  үзэх болжээ.

Гэхдээ, Бурхан багш хэд хэдэн удаа шавь нартаа, түүнийг жанч халсны дараа тэдгээрийн багш нь сургаал ном болох тухай айлдсан байдаг. Тэр, түүний шашны хүрээ Ваджийн парламентын ардчилсан системээс жишээ авч цаашид тогтон оршихыг хүсэж байснаас гадна Косала ба Магадхатай адилхан хаант байгуулалт руу чиглэн харалгүй –шашны хүрээ, байгуулагыг нэг санваартан толгойлж байхгүйг мөрөөдөж байжээ.

Ямарч юм байлаа гэсэн Бурхан багшийг нас барсны дараа Махакассапа ба Ананда нарын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл гарсан бололтой. Өөр үгээр хэлэхэд, энэ гүрүгээс (багшаас) сурагчид эрх мэдлийг дамжуулдаг энэтхэгийн уламжлалт систем, ба жижиг хүрээнд амьдарч,  ёрөнхий дүрмийг баримтлан, ижил дадлагыг үйлддэг хоосон лам нарын нилээн ардчилсан, тэгш байх систем хоёрын хоорондох зөрчил болно. Эцэст  Махакассапа ялсан байна.  Бурхан багшийн шарилыг чандарласны дараа чандарыг тараан байрлуулаад, ирэх борооны улирлын үеэр Раджагахад чуулган явуулж, Бурхан багшийн бүх сургаалыг тоолон бичиж батлах саналыг  Махакассапа дэвшүүлсэн ба шавь нар зөвшөөрсөн байна.  Махакассапа чуулганд оролцох ахлахыг сонгох ёстой байжээ. Тэр зөвхөн төгс  чөлөөлөлтийг олсон архатуудыг шилэн сонгожээ. Тэд нар 499 байжээ. Махакассапа эхлээд нэрийн жагсаалд Анандаг оруулаагүй, яагаад гэвэл тэр архатын төгс байдалд хүрээгүй гэжээ. Ананда, Бурхан багшийн сургаалыг хамгийн сайн цээжилсэн байсныг Махакассапа огт хайхралгүй түүнийг хассан байна. Түүнчлэн Ананда, Бурхан багшийн хүслээр, шашны хүрээнд нэгдмэл лидер  байх ёсгүйг хатуу санаж, үүнийг баримтлахыг шаардаж байжээ.  Махакассапа бас Ананда, эмэгтэйчүүдэд хуврагын сахил хүртээх нь зөв гэдгийг Бурхан багшид итгүүлж, зөвшөөрөл авсан учир түүнд таагүй ханддаг байжээ. Энэ явдал  Махакассапа өнгөрсөн үед брамины хуучин зарчим баримтлагч байсан тул Анандагийн зан түүнийг доромжилсон шиг санагдаж байжээ. Гэтэл ахлах лам нар Анандыг хасахыг татгалзсан  тул эцсийн эцэст Махакассапа аргагүй бууж өгөн түүнийг чуулганд оролцохыг зөвшөөрсөн байна. Теравадын (Бага хөлгөний сургаал) сургаалын дагуу Ананда, чуулган хурахын өмнөх шөнө архатын төгс бүтээлд хүрсэн гэдэг.

Чуулган хурах цагийг хүлээх үед Ананда, Ажатасаттугийн төрийн сайд Вассакарутай (dByar-gyi rnam-pa, санскр. Варшакара) уулзалдсан. Түүнээс, Ананда Магадхийн цэргийн хүч Ваджи руу дайрахыг төлөвлөж байгаагаар ч барахгүй,  Магадхаас баруун талд оршдог Авантигийн (A-banti'i yul, санскр. Аванти) төр баригч Паджота (Rab-gsal, санскр. Прадьёта) хааны зүгээс байлдаанд бэлтгэж байгааг мэдсэн байна. Тийм байдлаар, хэдийгээр Бурхан багш түүний шашны хүрээг тэргүүн хамба удирдах хэргийн эсрэг байсан ч  Махакассапа удирдлагын жолоог өөрийн гарт авчээ.Гэвч энэ нь тэр үеийн самуун аюултай цагт Бурхан багшийн сургаал, түүний шашны хүрээг хадгалан үлдээхэд тусалсан нь гарцаагүй.

Раджагахийн ойролцоо Долоон навчит хад – Саттипаннигуха (Lo-ma bdun-pa'i phug, санскр. Саптапарнагуха) –д болсон  Бурханы шашны анхдугаар чуулганд таван зуун архатууд оролцсон байна. Махакассапа чуулганы тэргүүлэгчээр сууж, Ананда цээжээр таван суттыг уншиж, харин Упали  (Nye-bar ‘khor, санскр. Упали) лам нарын винайн ёсыг барих сахилга батын жаягыг давтан таниулсан байна. Теравадын хувилбарын дагуу энэ чуулган дээр мэдлэгийн онцгой хэсгийн сургаал – абхидхарма (chos mngon-pa, санскр. абхидхарма) номлолыг сэргээхийг хориглосон. Гэвч вайбхашика сургуулийн сарвастивада уламжлалынхан Махакассапа зарим тохиолдолд абхидхарма сургаалыг уран уншдаг тухай ярьдаг ба саутрантика сургуулынхан абхидхармын сургаал Бурхан багшийн үг биш байсан харин түүнийг таван зуун архатын дотроос долоон архатууд зохиосон гэдэг.

Төвдийн уламжлалт тогтолцоогоор,  Махакассапа долоон тэргүүн багшуудын (bstan-pa'i gtad-rabs bdun) залгамжлах тал ёсны эхлэлийг тавьсан болно. Хятадын чань уламжлал, мөн түүний дараагаар, солонгосын сон ба японы зэн уламжлалууд энэтхэгийн хорин найман тэргүүн багш нарын залгамжлалын талыг барих ба Бодхидхарма тэдний хорин найм дахь тэргүүн нь байсан юм. Бодхидхарма бол энэтхэгийн мастер байсан бөгөөд Хятадад чань сургаалыг авчирсан болно. Зүүн Азид түүнийг чань чиглэлийн анхны тэргүүн мастер гэж үздэг.

Эцэст дүгнэхэд, теравадын пали ном зохиолд Бурхан багшийг маш хэцүү нөхцөл байдалд өөрийн шашны хүрээг байгуулж, цаашид байнга өргөтгөгдөн өссөн хүрээ ба бишрэн дагагчдыг дэмжихэд их санаа хүч тавьдаг гоц ухаантай, номын бараг эмгэнэлт лидерийн дүрээр харуулсан байна. Тэр, тухайн цагийн улстөрийн далд явуулга, дайн байлдаан, нутгийн ард олны аллага хядлага, бас засаг төрийн өмнө түүнийг муутгах, өөрийн шавь нарын зүгээс эрх мэдлийн төлөө явуулсан ширүүн тэмцэл зэрэг хүнд явдалтай нүүр тулгарахад хүрч, эцсийн мөчид хорлуулагдан ертөнцийн мөнх бусийг үзсэн болно. Тийм байлаа ч, эдгээр хатуу бэрхшээлийг даван туулж, Бурхан багш хэзээ ч сэтгэлээр огт унадаггүй, оюуны гүн тайван байдлыг үргэлж хадгалж байжээ. Төгс гэгээрэлд хүрээд дөчин зургаан жилийн турш ном сургаалыг айлтгаж, энэ хугацаанд өөрийн үүргийг туйлшгүй биелүүлж, бүх дэлхий даяар чөлөөлөгдөх ба төгс гэгээрэлд хүрэх замыг заасаар байсан юм.

Top