Билиг ухаан юу зөв, юу буруу, юу тустай, юу гэм хортойг ялгана. Үүнд найман мөрийн сүүлийн хоёр мөр хамаарна: зөв үзэл, зөв санаа (өдөөх зөв бодол).
Зөв үзэл нь юу зөв, юу буруу эсвэл юу гэм хортой, юу тустайг зөв ялгасны үндсэн дээр суурилсан бидний үнэн гэж баримталдаг зүйл. Зөв санаа нь зөв үзлийн чиглүүлж өгдөг сэтгэлийн эерэг төлөв.
Үзэл
Бидэнд зөв эсвэл буруу ялгах ухаан байж болно. Үүнд:
- Бид зөв ялгаж мэдээд түүнийг үнэн гэж итгэж болно
- Бид буруу ялгаж мэдээд түүнийг үнэн гэж итгэж болно.
Буруу үзэл бол бид зөв биш мэдэх боловч түүнийг үнэн гэж баримтлах явдал, харин зөв үзэл бол зөв мэдээд түүнийг үнэн гэж баримтлах явдал.
Буруу үзэл
Буруу үзэл нь жишээлбэл бидний үйлдэлд тэдгээрийн зарим нь сөрөг, зарим нь эерэгт тооцогдох ёс зүйн хэмжүүр байдаггүй, тэдгээр нь бидэнд эргэж нөлөөлөх үр дагаврууд гаргадаггүй гэж үзэх явдал. Энэ бол өнөөдөр олон хүмүүст суугаад буй “юу ч хийж болно” гэсэн сэтгэлгээний илрэл. Энэ хамаагүй; юу ч хамаагүй. Яасан ч болно; би үүнийг хийсэн ч эсвэл хийхгүй байсан ч энэ хамаагүй. Энэ бол буруу. Таны тамхи татах, татахгүй нь хамаатай. Хэрэв та тамхи татвал таны эрүүл мэндэд тэр нь сөрөг үр дагавар үзүүлнэ.
Буруу үзлийн өөр нэг хэлбэр нь өөрийгөө өөрчлөн сайжруулах, сул талаа арилгах ямар ч арга байхгүй болохоор өөртөө илүү төвөг удах нь утгагүй гэж үзэх явдал. Энэ бол буруу, учир нь юмс хувиршгүй эсвэл бодитой тогтсон байдаггүй. Зарим хүмүүс бусдын ачийг санах эсвэл бусдад туслахыг хичээх нь утгагүй, ердөө хүн бүрийг ашиглахыг хичээн, аль болох их ашиг олох хэрэгтэй, учир нь ингэж байж аз жаргал олж авна гэж боддог. Энэ бол буруу, учир нь энэ аз жаргалд хүргэдэггүй. Энэ нь зөрчил, атаа, бусдууд миний юмыг хулгайлна гэх зовнилыг бий болгоно.
Буруу мэдэх маш олон төрөл байдаг. Жишээ нь, тухайн нэг зүйл зовлон болон түүний шалтгааныг арилгана гэж бодох. Хүүхэд тань сургуульдаа тааруу сурч байгаа жишээг авч үзье. Буруу мэдэх нь “Энэ бүгд надаас шалтгаалсан. Эцэг эхийн хувьд би буруутай” гэж бодох явдал. Энэ бол шалтгаант чанарыг буруу мэдэж байгаа хэрэг. Юмс ердөө нэг шалтааны улмаас бий болж эсвэл тохиолддоггүй. Юмс ердөө ганц биш олон олон шалтгаан, нөхцөлийн нэгдлээс бий болдог. Бид хувь нэмэр оруулсан байж болох нь бид асуудлын цорын ганц шалтгаан болно гэсэн үг биш. Заримдаа бид бүр шалтгаан нь ч болоогүй – эндүүрэл гарсан байдаг. Сэтгэлийн тайван байдал нь нэлээн алдагдсан нэг хүний жишээ авъя: тэрээр хөл бөмбөгийн тоглолт үзэж, баг нь хожигдов. Тэрээр баг нь хожигдсон цорын ганц шалтаан бол түүний тэрхүү тогтлолтыг ирж үзсэн явдал бөгөөд “Баг минь хожигдсон нь миний буруу”, би муу юм дагуулдаг хүн гэж итгэдэг. Энэ бол утгагүй. Энэ бол шалтгаант чанарыг буруу мэдэж буй хэрэг.
Зөв үзэл
Зөв мэдэх нь туйлаас чухал бөгөөд үүний тулд бид бодит байдал болон учир шалтгааныг нөхцөлдүүлэх үйл явцын бодит байдал зэргийн талаар судалж мэдэх хэрэгтэй болно. Юмс маш олон шалтгаан болон нөхцөлөөр нөлөөлөгдөж байдаг цаг агаарын адил байдаг байхад бид өөрийгөө Ертөнцийн эзний адилаар ганцхан зүйл хийхэд хүүхдийн сурлагатай холбоотой бүх зүйл сайжирна гэж бас буруу ойлгож болохгүй. Юмс ингэж явагддаггүй.
Билиг ухаан нь амьдралаас олж авсан мэдлэг, сэтгэхүй, мөн зөв ялган мэдэж түүн дээрээ төвлөрөх төвлөрлийг шаардана. Үүний тулд бидэнд сахилга бат хэрэгтэй. Ингэж эдгээр нь хоорондоо уялддаг байна.
Санаа (Өдөөх бодол)
Нэгэнт бид юу тустай, юу гэм хортой; юу бодит байдал болох, юу бодит байдал биш болохыг ялгаснаар бидний санаа буюу өдөөх бодол нь бидний ялгах ухаан биднийг хэрхэн яаж үйлдэл хийх, ярихад, юмсын талаарх бидний хандлагад яаж нөлөөлөхийг тооцоолно. Хэрэв бид буруу мэдсэн бол түүнээс буруу өдөөх бодол гарах ба зөв мэдсэн үед түүнээс зөв өдөөх бодол гарна.
Буруу санаа
Санаа буюу өдөөх бодлын нөлөөлөх гурван үндсэн хамрах хүрээ байна. Үүнд:
Мэдрэхүйн дур хүсэл
Буруу өдөөх бодлын нэг нь мэдрэхүйн дур хүсэл дээр – сайхан эд зүйлс, хөгжим, сайхан хоол, хувцас гэх мэт мэдрэхүйн орнуудад шунасан шунал, хүлэгдэх сэтгэл дээр суурилсан байж болно. Бидний хүслээ гүйцээх санаа буюу өдөөх бодол нь тэдгээрийг хамгийн чухал зүйл гэж буруу мэдсэн явдал дээр суурилна. Хэрэв бид зөв ялгаж мэдсэн бол мэдрэхүйн орнуудад шунаагүй, нэг төрлийн тэнцвэртэй сэтгэл болох тэгш сэтгэл бидэнд төрнө.
Бид хаана хооллох, юу идэх нь супер чухал гэж буруу мэдэх нэг жишээ байна. Бид хэрэв зөв газар, зөв хоолыг сонговол энэ нь үнэндээ баяр жаргал авчирна гэж боддог. Хэрэв та зөв ялгаж мэдэх юм бол тэдгээрийг тийм чухал зүйл биш гэдгийг, оройн хоолонд юу идэх, телевизээр юу үзэхээс илүү чухал олон өөр зүйл амьдралд байдаг гэдгийг ойлгоно. Сэтгэл илүү амгалан, тайван болно.
Хорлох сэтгэл
Буруу сэдэл, санааны хоёр дахь хэлбэр нь хэн нэгний сэтгэлийг хөндөх, түүнд гэм хүргэх хүсэл юм. Жишээ нь хэн нэгэн алдаа гаргах үед та түүнд бухимдан, тэр үнэхээр муу, шийтгүүлэх хэрэгтэй гэж бодно; энэ бол буруу мэдэж буй хэрэг.
Хүмүүс алдаа гаргадаггүй гэж бид буруу мэддэг. Энэ бол логикийн алдаатай ойлголт. Бид бухимдаж хэн нэгнийг цохихыг хүсэж болно харин бидэнд зөв ялгах ухаан байвал бид бусдад сайн зүйл хийхийг хүснэ. Энэ бол бусдад тулах, тэдэнд баяр баясгалан авчрах хүсэл бөгөөд үүнд сэтгэлийн хүч, уучлал багтана. Хэрэв хэн нэгэн алдаа гаргавал та түүнийг хэвийн зүйл гэж үзэж, түүнд уурсаж, эгдүүцэхгүй.
Хэрцгий
Гурав дахь буруу санаа нь олон хэлбэртэй хэрцгий авир бүхий сэтгэл юм. Үүнд:
- Танхай – бусдыг зовж, гунихыг хүсэх энэрэхүй үгүй сэтгэл. Жишээ нь, хөл бөмбөгийн нөгөө багийн дэмжигчдийг муу гэж үзэх ба тэд ердөө өөр багийг дэмждэг учраас тэдэнтэй тэмцэлддэг.
- Өөрийг үзэн ядах – өөрийгөө муу хүн, баярлах эрхгүй гэж үзэн өөрийнхөө баяр баясгаланг зориудаар үгүй хийх өөрийгөө хайрлахгүй байх сэтгэл.
- Буруу таашаал – хүмүүс зовж байгааг харах эсвэл тэр талаар сонссоноор баярлах. Та хэн нэг хүнийг муу гэж үзэн, жишээ нь таны дургүй улс төрч сонгуульд ялагдах үед түүнд тохиолдож байгаа бэрхшээл, зовлонг түүний эдлэх ёстой зүйл гэж бодно. Энд бид зарим хүмүүс муу хүмүүс бөгөөд тэд шийтгүүлэх, тэдэнд таагүй зүйлс тохиолдох нь зөв харин зарим хүмүүсийн хувьд, ялангуяа бидний хувьд, бүх зүйл сайн байх ёстой гэж буруу ялгадаг.
Зөв санаа
Зөв ялгаж мэдсэн ухаан дээр суурилсан зөв санаа нь үл хүчирхийлэх, үл хэрцгийлэх хандлага юм. Танд зовж байгаа бусдад гэм хүргэхгүй, тэднийг бухимдуулахгүй, сэтгэлийг нь хөндөхгүй байхыг хүсэх сэтгэлийн нэг төлөв байдал төрнө. Бид тэдэнд ямар нэг муу зүйл тохиолдоход баярладаггүй. Мөн бидэнд хүн бүр зовох бөгөөд тэдний хэн ч угтаа зовохыг хүсдэггүй, хэн ч зовлон хүртэх ёстой биш гэдгийг ойлгож тэднийг зовлон болон зовлонгийн шалтгаанаас ангид байхыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэл бас төрнө. Хэрэв хүмүүс алдаа гаргавал энэ нь тэд угаас муу учраас бус тэд төөрөлдсөн учраас ийнхүү болж буй хэрэг гэж харна. Зөв ялгах ухаан, зөв санаа нь биднийг зөв үг, зөв үйлд аяндаа хөтөлнө.
Найман мөр хослох нь
Зам мөрийн найман хүчин зүйл нь хоорондоо хосолно. Үүнд:
- Зөв үзэл, зөв санаа нь бүтээлийн зохистой суурь болох бөгөөд аяндаа биднийг зөв үг, зөв үйл, зөв амьжиргаанд хөтөлнө. Зан байдлынхаа бусдад үзүүлэх нөлөөний үүднээс юу зөв болохын ялгаж мэдсэнээр бид бусдад туслах, тэдэнд гэм хор хүргэхгүй байхыг хүсдэг.
- Үүний үндсэн дээр бид зан байдлаа сайжруулж, өөртөө сайн чанаруудыг төлөвшүүлэх, өөрийн бие болон сэтгэлийн талаарх бодит бус бодлуудад сарнихгүй байхад хүчин чармайлт гаргадаг. Өөрт болон бусдад тустай зүйлүүд дээр анхаарч байх үүднээс бид төвлөрлийг ашигладаг ба ингэснээр бидний сэдэл, санаа улам хүчтэй болно. Ийм маягаар эдгээр нь хоорондоо уялдана.
Хэдийгээр бид гурван суртгаал, найман мөрийг тус тусад нь тайлбарлаж болох ч тэдгээрийг хооронд нь холбон амьдралд хэрэглэх нь бидний гол зорилго юм.
Дүгнэлт
Өглөө сэрэхээс эхлээд орой унтах хүртэл бидний мэдрэхүй түүнийг уйдаахгүй байлгах ямар нэг зүйлээр цангаж байдаг. Нүд сайхан дүрсийг шохоорхож, чих сайхан дууг, ам сайхан амтыг хүснэ. Хэдийгээр таашаал хүсэхэд буруу зүйл байхгүй ч хэрэв энэ нь бидний амьдралын хэмжүүр болох юм бол бидний сэтгэл хэзээ ч ханахгүй, бид өчүүхэн төдий ч төвлөрөл төлөвшүүлж чадахгүй.
Ёс зүй, төвлөрөл, билгүүн гэсэн эдгээр гурван суртгаал нь бидэнд хором бүрийг хамгийн сайхнаар амьдарч өнгөрүүлэх боломж олгодог. Зөвхөн өөрт таашаал эрэх бус харин өөрт төдийгүй бусдад тус болох боломж олгох нэгэн хэв загварыг эдгээр найман мөр гаргаж өгнө. Яагаад зөв үзэл зөв, буруу үзэл буруу болох, яагаад зөв үйл тустай, буруу үйлүүд гэм хортой зэргийг шинжилж ойлгон тэр дагуу аливаа зүйлийг хийх үед бидний амьдрал аяндаа сайжирна. Бид “Бурханы шашинтны амьдрал” гэж нэрлэж болох тийм нэгэн амьдралыг хөтөлнө.