Хоосон (санскрит: шунъяата) буюу хоосон чанар нь Бурхан багшийн олсон гол эрдмүүдийн нэг билээ. Амьтан болгоны зовлон бэрхшээлийн уг шалтгаан нь тэд өөрийгөө болон бусдыг хэрхэн оршиж байгааг таньж мэдэхгүй төөрөлддөг явдал юм байна гэдгийг Бурхан ухаарч мэджээ. Амьтны сэтгэл оюун нь байж боломгүй оршихуйг бүх зүйлд тулган тохоож байдаг аж. Тэдний төсөөлөл бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байгааг үл ухааран, мунхаг сэтгэлдээ автсаар зовлон бэрхшээлийг хүмүүс бүтээнэ. Жишээлбэл, хэрэв өөрийгөө юм бүхэнд азгүй хэмээн гүжирдэн санадаг бол энэ амьдралд болж бүтэх юм үгүй бөгөөд улмаар сэтгэл санаагаар унаж доройтон өөрийгөө хүндлэхгүйгээс гадна өөртөө итгэхгүй тул юмсыг сайжруулан дээшлүүлье хэмээн хичээх ч үгүй болно. Ингээд дорд муу байр сууринд өөрийгөө бариад байна гэсэн үг.
Хоосон гэдэг нь бид зөнгөөрөө төсөөлөн гүжирддэг тэр оршихуйг байхгүй хэмээх буюу түүнийг бүрэн үгүйсгэж буй хэрэг юм. Бид төсөөллийн хуурмаг таамгаа бодит байдал мөн хэмээн итгэдэг төрөлхийн дадлаараа ийнхүү өөрийн эрхгүй гүжирдэн баримталдаг байна. Жишээлэхэд, "азгүй" гэдэг нь үг бөгөөд түүнд харгалзах утга санаа төдий юм. Тэгэхээр өөрсдийгөө "азгүй амьтан" хэмээн нэрлээд, "азгүй" гэдэг үгээр тодорхойлох үестээ энэ бол зөвхөн зуршил юм гэдгийг ухаарах ёстой. Энэ амьдралд бүтэлгүйтэн азгүйтэж байсан үе олон байж болох, эсвэл бүтэлгүйтээгүй хэрнээ өөрөөсөө хэт ихийг шаардан үргэлжид хангалтгүй санагддаг байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн амжилт, бүтэлгүйтлийн хажуугаар энэ амьдралд олон олон зүйл тохиолдоно. Гэтэл өөрийгөө азгүй хэмээн нэрлэснээр сэтгэлдээ өөрийгөө “азгүй хүмүүс” гэдэг бүлэгт, ангилалд оруулаад, ингээд энэ л бүлэгт үнэхээрийн багтдаг мэтээр итгэнэ. Үнэн хэрэг дээрээ өөрт ямар нэгэн мөн чанараасаа муу, буруу зүйл байгаа тул яах аргагүй энэ ангилалд багтана хэмээн санана. Тийнхүү амьдралд өөр юу хийж байсан, хэн юу гэж бодож байгаагаас үл хамааран тэрхүү ангилалд өөрийн хүчээр багтаах ямарваа нэгэн юм бидэнд байгаа мэт итгэнэ.
Азгүй бүтэлгүй хүмүүс гэдэг бүлэгт багтсан бол тийм л байна гэдэг нь тэр чигээрээ хий хуурмаг санаа юм. Аль нэгэн ангилалд гацчихсан хэн ч гэж байдаггүй. Энэ нь ямарваа бодит байдалтай үл нийцнэ. Би азгүй хэмээгдэх нь тийнхүү өөртөө тохоон гүжирдсэн бодол санаа болон өгсөн нэрээс хамаарах төдийгөөр л оршиж байна. “Азгүй амьтан” гэдэг санаа, “азгүй” гэдэг үг нь тогтсон зуршил төдий л юм. Жишээлэхэд хэн нэгэн нь хөзөр тоглоод хожигдоход заншсан ёсоор тэр хүнийг “азгүй” байлаа гэж хэлэхэд буруудах юмгүй. Жинхэнээр азгүй учраас хэзээ ч хожиж чадахгүй тийм уг мөн чанараасаа азгүй нэгэн гэж байхгүй шүү дээ.Үнэхээр азгүй байна гэдэг оршихуй бол хоосон гэдгийг ухаарахын цагт тэр адилаар оршдог ер юу ч байхгүй юм байна гэдгийг ойлгоно. Учир нь энэ бол бодит байдалтай нийцэхгүй юм. Өөрийгөө үнэхээр азгүй хэмээх санаа нь заримдаа бид бүтэлгүйтэж байснаас тэр утга санаа болоод “азгүй” гэдэг үгийг өөрт тохоосноос л үүджээ. Гэтэл өөрийн зүгээс үнэхээр бүтээд байнгын азгүй байхаас өөрөөр байхын аргагүй тийм угаасаа бүтэхгүй юм бидэнд огт байхгүй шүү дээ.
Тэгэхээр хоосон гэдгээр ийнхүү огтын боломжгүй байдлаар оршихыг няцаадаг байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйд хэнбугай ч тийм байх боломж огт алга.
Ийнхүү хий хуурмаг үзэл бодлоос салж, түүнд хууртан итгэхээс хагацах хүртэл хоосон чанарыг сайтар дадуулах хэрэгтэй. Хоосон чанарыг бясалгахад шамдсанаар дадал зуршлаараа өөрийгөө азгүй хэмээн санах бүрт энэ бол утга учиргүй гэдгийг санан, алхам алхамаар хуурмаг санаанаас хагацна. Ингээд улмаар энэхүү дадал зуршлаас хагацан салж, ахин өөрийгөө азгүй хэмээн санахгүй юм.
Дүгнэлт
Юмс тийнхүү байж боломгүй байдлаар оршихгүй гэдэг нь юу ч оршихгүй гэсэн үг биш. Хоосон гэдэг нь мөн чанараасаа бие даан орших зэрэг байж боломгүй оршихуйг үгүйсгэх төдий л юм. Энэ нь зуршсан үг болон түүнд тохоосон утга санааны дагуухь “тэр” эсвэл “энэ” юмс оршихгүй хэмээн няцаасан хэрэг огт биш.