Ринбүүчитэй хамт суралцсан минь

Сэркон Ринбүүчитэй анх уулзсан хийгээд түүний эхний зөвлөгөө

Би анх Сэркон Ринбүүчитэй Бодь Гаяад 1970 оны нэг дүгээр сард уулзсан. Америкт Гэвш Ванжилын удирдлагын дор Англи хэл сурч байсан хоёр төрөл арилжсан залуу лам Шарпа ба Камлунг Ринбүүчи нар түүнийг надад санал болгож билээ. Сэркон Ринбүүчи бол Нууцын чуулганыг (Guhyasamaja) судлахад намайг чиглүүлж чадах хамгийн тохирсон Номын багш бололтой. Би төгсөлтийн семинартаа оньсого мэт үндсэн их зохиолын багахан хэсгийг Санскрит ба Төвд хувилбаруудаар харьцуулсны дараа энэ нарийн төвөгтэй Дандарын аймгийн системийг докторын ажлынхаа сэдэв болгон сонгосон байлаа.

Ийм дэвшилтэт тэргүүн зэргийн судалгааны ажилд миний хэл шинжлэлийн судалгаа ямар ч бэлтгэл болж чадахгүй байсан ч Сэркон Ринбүүчи намайг анхааралтай хүлээж авав. Тэрээр Дандарын аймгийн дээд дацан Жьюдэд дацангийн чөлөөнд суусан, олон жилийн хойно Гелугба урсгалын тэргүүн болсон Кенсур Ишээ Дондов хэмээх Хамба ламтан агсныг надад санал болгосон юм. Ринбүүчи надад ийм цуутай багшийг сонгож өгснийг нь намайг хүндэтгэж буй хэрэг гэж үзэн хүлээж авлаа.

Далхаузид Гэвш Наваан Даргэйн дэргэд суралцав

Хэдэн сарын дараа би Хамба ламтан агсантай Дарамсалагийн ойролцоох Жьюд ариун уулын тосгон Далхаузийн дээд хэсэгт орших үхрийн аргал, шавраар шавсан бяцхан тагзанд нь уулзав. Даруу төлөв өвгөн ламтан гурван жил тасралтгүй хийсэн бясалгал бүтээлээ (нямбаа) саяхан гүйцээсэн байлаа. Намайг сургана уу, гэж гуйхад минь Хамба ламтан уриалгахан зөвшөөрөөд, яг цагаа олж ирлээ гэж тэр надад хэлсэн юм. Тэр дараа өдрөөс нь эхлэн гурван жилийн Нууцын чуулганы системийн эрчимтэй нямбаа эхлэх гэж байлаа. Түүнийг би дагахыг хүсэж байна уу? Би татгалзах нь мэдээж боловч Ринбүүчи надад Бурханы номын сонгодог аргаар өргөн барьсан сургамжийг би ойлгож авлаа. Ринбүүчи надад үнэнийг өөрөө олж харах нөхцөл байдлыг бий болгосон байв. Би энэ дээд шатны Дандарын ёсыг эхнээс нь эхлэн сурах хэрэгтэй ажээ.

Би эрдмийн ажлын сэдвээ арай даруухан Бодь мөрийн зэргийн аман уламжлал болох Шаталсан бодь мөр сэдвээр даруй өөрчлөөд, Шарпа ба Камлунг Ринбүүчигийн багш Гэвш Наваан Даржэйгаас үндсэн суурийг суралцахаар болов. Гэвш гэдэг нь бүдүүн тоймоор бол докторын зэрэгтэй дүйцэхүйц хийдийн хуваргийн зэрэг бөгөөд Гэвш Наваан Даржэйд эрдэмт багшийн чадвар нь арван хэдэн настай таван төрөл арилжсан лам нарын Номын багш (Гэрийн багш) байх байр суурийг олгосон юм. Энэ үед Гэвш Даржэй өөрчилж янзалсан, ялаа багширсан үхрийн саравчинд сууж байв. Тэндэх зай нь зөвхөн ор дэвсгэр, тэгээд гурван хүн шалан дээр шахалдан суухад хүрэхээр тийм давчуухан ажээ. Түүний амьдарч байгаа нөхцөл нь миний огиудсыг хүргэсэн ч, би суугаад суралцаж эхлэв. Би бас ярианы орчин цагийн Төвд хэл сурах хэрэгтэй байв. Харвардад, би зөвхөн сонгодог бичгийн хэл л үзсэн юм. Дараагийн удаа би Сэркон Ринбүүчитэй тэр жилийнхээ зургаан сард уулзсан билээ. Аймшигт булчин задрах тахал, гэдэсний хижиг тэнд дэгдэж Ринбүүчигээс Хаянхирваа бурханы адислалыг хүртээхээр Далхаузд очихыг Дээрхийн Гэгээн хүсэв. Энэхүү хүчирхэг Бурханы дүрийн дадлага ариун цэвэр сахин хамгаалалттай нийлээд олон түмнийхээ халдварт өвчнийг зайлуулж туслав. Би авшиг хүртсэн цөөн тооны Барууныхны тоонд багтсан боловч Ринбүүчитэй хувиараа уулзах завшаан таарсангүй. Энэ адислалыг хүртээх бусад газрууд түүнд байсан бөгөөд Далхаузаас яаралтай цааш явжээ.

Их сургуулийн профессор болохоос татгалзаад Дарамсалад ирж суув

Дараа уулзах үеэр олон өөрчлөлтүүд гарсан байлаа. 1971 оны намар Дээрхийн Гэгээн Дарамсала дахь шинээр байгуулагдсан Төвдийн бүтээлүүдийн архивийн номын санд гадаадынханд Бурханы сургаал айлдахыг Гэвш Наваан Даржэйгаас хүсэв. Шарпа болон Камлунг Ринбүүчи нар түүнд орчуулж байлаа. Би номын санд ном судар орчуулж, тусалж болох уу гэвэл Дээрхийн Гэгээнтэн зөвшөөрөв. Эхлээд би эрдмийн ажлаа хамгаалж докторын зэргээ аваад, дараа нь буцаж ирэх хэрэгтэй байлаа. Тэгэхэд Пакистантай хилийн мөргөлдөөн зуугаад бээр хүрэхгүй газарт гараад байсан явдал бас намайг хойшлуулалгүй явахад хүргэсэн юм. Би Дээрхийн Гэгээнтэний зөвөлгөөг мөрдөн Харвардад буцаж ирэв. Профессоруудаа гайхшруулан байж, их сургуульд багшлах ажлаас татгалзан, үгүй гэж хэлчихээд хэдэн сарын дараа 1972 оны есөн сард Дарамсалад нүүж ирлээ.

Ринбүүчид шавь оров

Сэркон Ринбүүчи Непал руу шинээр байгуулагдсан хийдүүдэд адислал хүртээж, сургаал айлдахаар хоёр жилээр яваад удаагүй байв. 1974 оны намар Дарамсалад түүнийг буцаж ирэхэд нь би түүнтэй шууд харилцаж чадах хэмжээнд Төвдөөр овоо сайн ярьдаг болсон байлаа. Би эхлээд ойлгоогүй боловч Ринбүүчи намайг түүний орчуулагч байх үйлийн үрийн холбоотой гэдгийг мэдэж байсан бололтой. Тэр үүнийгээ намайг өөрт нь олонтоо бараалахахыг урамшуулж, янз бүрийн хүмүүстэй уулзахаараа, хажуудаа суулгах зэргээр харуулсан юм. Уулзалтуудын завсраар Ринбүүчи надтай хүүрнэн, Төвдөөр янз бүрийн үгийг, намайг яриаг нь ойлгосонд дамжиггүй болгох үүднээс тайлбарлаж өгдөг байсан.

Нэг их удалгүй Ринбүүчи надад Цагаан Манзушир, Цагаан Сарасвати, Цагаан Дарь эхийн сүр жавхлантай гурван хуйлмал зургийг бэлэглэв. Тэдгээрийг Спитигийн олон түмнээс түүнд өргөж барьсан байжээ. Эдгээр Бурхадын дүрүүд түүний хувь хүний хөгжилд болон бясалгалын дадлагад нь хар бага наснаас нь гол чухал байжээ. Тэдгээр нь дээр дурдсан дарааллаар хамаг амьтны тусын төлөөх оюун санааны цэвэр тунгалаг байдал, ойлгомжтой бөгөөд бүтээлч үгийн илэрхийллийн гялалзсан гярхай чанар, урт бөгөөд үр бүтээлтэй амьдарлын эрчим хүчний биелэл болдог юм. Энэхүү гүн гүнзгий билэгт бэлэг бидний харилцааг батлав. Таны шавь чинь байж болох уу гэж Ринбүүчигээс намайг асуухад тэрээр харваас илт юмыг үгээр илэрхийлэхийг шаарддаг Барууны хэв шинж заншилд тэвчээртэйгээр, хүлцэнгүйгээр инээмсэглэж билээ.

Орчуулагч, багш болгохоор миний биеийг сургаж эхлэв

Ринбүүчи тэгээд намайг орчуулагч болгохоор системтэйгээр сургуулилж эхлэхдээ, хийж байгаа зүйлээ ингэж, тэгж байна гэж хэзээ ч үгээр илэрхийлэлгүй хийсэн юм. Эхлээд, тэр миний ой тогтоолт дээр ажиллав. Намайг бараалхах бүрийд Ринбүүчи гэнэт гэнэт миний хэлсэн саяын үгийг нэгд нэггүй давтаж хэл гэдэг байлаа. Мөн би өөрийнхөө хэлснийг ч бас яг давтаж хэлэх хэрэгтэй болдог байв. 1975 оноос эхлэн би түүний яриаг орчуулж эхлэхэд Ринбүүчи өөрийн хэлсэн үгнүүдээ, эргүүлж буцаагаад Төвд хэлэнд хөрвүүлэхийг хүсэх нь олонтоо байв. Ингэж ямар нэг алдаа, нэмэлт буюу орхигдуулсан зүйл байгаа эсэхийг шалгадаг байлаа. Үнэндээ түүний орчуулагчаар зүтгэсэн найман жилийн туршид Ринбүүчиг үүн шиг буцаагаад хөрвүүлэхийг хүссэн тохиолдол бүрд, би заавал түүний хэлснийг буруу ойлгосон байдаг байлаа. Ринбүүчи миний хаана алдаа гаргасныг байнга мэдэрдэг байсан шиг санагддаг байв.

Ринбүүчи чуулганы төгсгөлд өөрийн номлолын таван минутын товч хураангуйг өгч, одоо товч дүгнэлт хийх чиний ээлж гэж надад хэлнэ. Энэ замаар тэр намайг маш урт яриа хөрвүүлэх төдийгүй бас зааж сургахад дадлагажуулав. Заримдаа тэр хамт байгаа хүмүүстэйгээ хөөрөлдөж, намайг дүгнэлт хийж байхад төвлөрөх чадварыг маань сорьдог байлаа. Сайн багш гадны дуу чимээнд анхааралаа сарниулж, бухимддаггүй байх ёстой.

Ой тогтоолтыг минь сайжруулахаар сургаж эхлэв 

Ринбүүчи намайг хувиараа сургахдаа, хэзээ ч ямарваа тэмдэглэл хийлгэдэггүйсэн. Би бүгдийг санаж, дараа нь тэмдэглэх ёстой байв. Төдөлгүй Ринбүүчи надад хичээлийн дараа хийх тоо тоомшгүй даалгавар өгч, тэмдэглэлээ дараа нь бүр шөнө дөлөөр л хийхээр болгоно. Эцэст нь, намайг орчуулж байхад заримдаа Ринбүүчи ном айлдахаа түр зогсоож, хажуугаар нь тэс өөр сэдвээр миний хичээлтэй хамаатай ямар нэгэн зүйлийг хувийн журмаар тайлбарлаж өгдөг байлаа. Тэгээд түүний хэлснийг эргэцүүлэн үзэж, тэмдэглэл хийх хором ч өгөлгүйгээр, өөрийн сургаалаа дахиад л үргэлжлүүлэн зааж эхлэнэ.

Хэрэв би түүний урьд нь надад хэлсэн зүйлийн талаар асуух юм бол тэр намайг ой ухаангүй гэж хатуухан зэмлэнэ. Нэг удаа би нэг үгийн утгыг түүнээс асуусанд Ринбүүчи “Энэ үгийг би чамд долоон жилийн өмнө тайлбарласан. Би үүнийг тодхон санаж байна. Яагаад чи санаддаггүй юм бэ?” гэж хариулсныг би санаж байна. Үнэн хэрэгтээ тэр нэгэн удаа нас ахих тусам оюун ухаан улам саруулхан болдог гэж надад сануулж байсан юм.

Орчуулгыг илүү оновчтой болгох үг хэллэгийг гаргаж ирэхээр бид тусгайлан ажиллав

Сэркон Ринбүүчи миний ой ухааныг сайжруулах төдийгүй, бас нягт нямбай орчуулж сургахыг сонирхож байсан билээ. Барууныхныг сургасан туршлагаасаа тэрээр тэдний буруу ойлголтын ихэнх нь тодорхой зарим нэршлүүдийг төөрөгдүүлэн орчуулснаас гардаг болохыг ойлгожээ. Эцсийн дүнд тэр Англи хэлээр шинэ нэр томъёо бий болгохоор надтай ажилласан юм. Тэрээр Төвд нэршил бүрийн хоёр дох буюу хамаарах утгыг тэвчээртэйгээр тайлбарлаж, утгыг нь тохируулахын тулд Англи хэлний ижил утгатай үгийн санааг дараа нь асууна. Тэр шинэ нэр томёъог туршиж үзэхэд намайг зоригжуулж, таарахгүй хэм хэмжээний боол бүү бол гэнэ. Санскрит хэлнээс Бурханы номын текстүүдийг хөрвүүлэх ердийн хэвшсэн Төвд нэр томёъолол зуун зууны туршид аажим үүсч бий болжээ. Өрнийн хэлүүд рүү хөрвүүлэхэд, үүн лүгээ хянан засварлах үйл явцыг дайрах нь жам ёсны зүйл байх болно.

Харилцааны чадварт мөн даруу байхад сургав

Намайг шавиа болгооч гэж анх Ринбүүчигээс хүсэхдээ би бусдад яаж нигүүлсэнгүй, ухаалаг мэргэн туслах чадварлаг аргад суралцахыг түүнээс онцгойлон гуйсан юм. Шилдгүүдийн академийн гарал үүсэлтэй, тэр хүрээндээ бас ч онцгой гаргуун байсан миний хувь хүний хөгжил өрөөсгөл талтай байв. Би нийгмийн харьцааны ур чадвар, төлөв даруу занд суралцах хэрэгтэй байлаа. Эцэстээ Ринбүүчи намайг зөвхөн нэг л нэрээр “Дамми” (тэнэг) гэж дуудан, миний хэлсэн хийсэн тэнэг, буруу зүйл бүрийг цаг ямагт анхааруулдаг байв. Жишээлбэл, надаар орчуулга хийлгэхдээ намайг түгдрэх болгонд, энэ нь хичнээн удаан үргэлжилсэн ч бай, эсвэл намайг тэнэг гэж дуудахад нь би яаж ч ичсэн хамаагүй Ринбүүчи өөрийг нь бүрэн дүүрэн ойлгосон байхыг шаардана. Миний ойлгоогүй, зөв орчуулаагүй, нэг ч үгийг зөвшөөрдөггүй байсан. Иймэрхүү арга хэдийгээр өөрийгөө доогуур үнэлдэг сурагчдад таарахгүй ч түүний тууштай хандлага надад төгс тохирч байлаа.

Нэгэн удаа Францын Лавуарт ярвигтай эх бичгийн тайлбараар яриа хийлээ. Намайг орчуулахаар суухад, Ринбүүчи тайлбарын хэд хэдэн хэвлэмэл хувилбарыг харьцуулж, явцын дунд уг эх бичгийг хянахыг надаас хүсэв. Надад үзэг байсангүй. Харин миний чанх өөдөөс харж суусан гялалзсан час улаан будмал үстэй, уруулаа улаанаар зузаан будсан, ном айлдах үеийн туршид шүднийхээ завсар улаан сарнай зуусан нэгэн эмэгтэй байв. Би надад үзгээ түр өгөх хүн байна уу гэж асуувал тэр эмэгтэй өөрийнхөө үзгийг надад өглөө. Цуглааныг өндөрлөхөд, би бүр мөсөн эцэж туйлдсан байлаа. Намайг босоход, эмэгтэй нэг ч үг хэлэлгүй гараа сунгалаа. Би өөрийн бодолдоо автсан байсан тул сайн орчууллаа гэж надад баяр хүргэхээр тэр эмэгтэй гараа өгч байна гэж санав. Би хариуд нь гараа сунгах үед Ринбүүчи “Дамми, үзгийг нь буцааж өг!” гэж хүнгэнэв.

Магтаал хүлээхгүй бусдад туслах сэтгэлтэй байхыг заан сургав  

Миний өөртөө төвлөрсөн занг номхруулахын тулд Ринбүүчи зөвхөн бусдын төлөө үйл хийхийг бас сургасан юм. Өөртөө зориулж миний хүссэн ямарваа сургаал, адислалыг өгөхийг тэр хэзээ ч зөвшөөрдөггүй байлаа. Хэрэв тэрнээс өөр хэн нэгэн гуйж байгаа бол зөвхөн зөвшөөрч, би орчуулагч болдог байлаа. Ринбүүчи миний хувьд мэдэх чухал гэж өөрөө бодсон зүйлүүдийг л ганцхан надад ганцаарчлан заадаг байсан.

Цаашилбал, Ринбүүчи хэзээ ч намайг нүүрэн дээр минь магтаж байсангүй, харин үргэлж зэмлэдэг байв. Ингэхдээ тэр зориуд бусдын өмнө намайг загнаж, ингэж намайг шүүмжлэл дарамтанд ажирдаггүй болгохыг зорьж байсан. Үнэндээ Ринбүүчи надад ганцхан л удаа “Тус болсонд баярлалаа.” гэж хэлсэн нь бидний Өрнөдөд хийсэн анхны аялалын төгсгөлд болсон явдал юм. Энэхүү сэтгэлийн хат суулгах хүчирхэг аргаар, Ринбүүчи намайг магтуулах хүслээс буюу багшийгаа баярлуулах үүднээс бус, зүгээр л бусдад үйлчлэх хүсэлд хөтлөгдөж явахад сургасан юм. Түүнээс талархлын үг харах нь толгойгоо илүүлэх гэж горьдох нохойтой адил болохыг би мэдмэгцээ, сайшаалын аливаа тэмдгийг найдаж хүлээхээ даруй зогсоосон билээ. Намайг тэр үнэлж магтлаа ч, би сүүлээ годгонуулахаас өөр яах вэ дээ!

Төвөд хэл дээр эх зохиолууд уншихыг зөвлөв

Ринбүүчи хүмүүсийг өөрсдөө Их хөлгөн судруудыг уншиж сурахыг ямагт хөхүүлэн урамшуулна. Эргэлзээтэй зүйл, асуулт хэн нэгэнд байх юм бол Ринбүүчи түүнд номноос лавлаж үзүүлнэ. Тэрээр би эдгээр сургаалыг бүтээгээгүй, харин эдгээр нь бат үндэслэлтэй эх сурвалжаас гарсан юм гэж тайлбарлаж өгдөгсөн. Ринбүүчи зөвхөн лам багшаас бүх юмыг сурна гэж хүлээж сууж болохгүй гэдэг байсан. Тэрчлэн Барууны орныхонд Бурханы сургаалын ихэнх хэсэг зөвхөн Төвд хэл дээр л олдох болно хэмээн Дээрхийн Гэгээнтэний мэдэгдснийг давтан хэлдэг байлаа. Тиймээс ч барууны шавь нарыг Төвд хэл сурахыг маш ихээр дэмждэг байв. Тэрээр Төвд хэлний үе, үсэг бүр утга учраар дүүрэн гэж хэлдэг байв. Тийнхүү сургаж номлож байхдаа Ринбүүчи, Төвд хэлний мэрэгжлийн нэр томъёоны бусад болон хамаарах утгуудыг нарийвчлан боловсруулсан байдагсан.

Энэ арга замынхаа дагуу Ринбүүчи миний сургалтыг үргэлжлүүлэн, ном судар уншуулж, түүнээс урган гарах аливаа асуултыг өөрт нь тавьж байхыг зөвшөөрдөг байлаа. Тэрээр ийм маягаар шавь нар эцэстээ Бурханы шашны зохиол бүтээлийн дунд далайд сэлж, агаарт нисэх шиг чөлөөтэй судалдаг болно гэж хэлнэ. Лам багш нь шавь нараа хоёр хөл дээрээ зогсдог болгож, тэгээд нисгэж сургадаг учиртай хэмээн тайлбарлаад, юу судалж, уншихыг нь удирдан зөвлөж өгнө. Тэгээд шавь нараа үүрнээс нь түлхэн унагаж, өөрсдийнх нь эрхээр тавина.

Ринбүүчигээс хамааралгүй байхыг заан сургав  

Ринбүүчи ямар ч байдлаар, юуг ч, түүнээс хамааралтай, шалтгаалдаг болгохгүйн тулд намайг сургахдаа, олон аргыг хэрэглэдэг байв. Жишээлбэл, Ринбүүчи бид хоёр туйлын нягт харилцаатай байсан ч юм бүхэнд, бүх нөхцөлд надад туслах болно гэсэн дүр хэзээ ч үзүүлж байгаагүй. Нэгэнтээ би нэлээд өвдөж, уусан эм тан ямарч тус болохгүй байлаа. Ринбүүчигээс Өрнөд, Төвд, Энэтхэгийн аль эмнэлгээр эмчилж, ямар эмчид түшиглэвэл хамгийн зөв болох талаар мэргэлж өгөхийг хүссэнд, одоо миний төлөг төөрөөд байна гэж хэлсэн. Тэгээд оронд нь намайг өөр нэг Их ламтан руу явуулж, тэр ламтан надад илүү үр дүнтэй эмчилгээ олоход тусалсан. Би ч даруй эдгэрсэн.

Далай ламын айлдварыг орчуулахад бэлтгэв

Хэдэн жилийн дараа Ринбүүчи намайг Дээрхийн Гэгээнтэний орчуулагч болгохоор сургуулилж байгааг би ойлгов. Үнэндээ би бол Ринбүүчигийн Дээрхийн Гэгээнтэнд бэлэглэхээр бэлтгэж буй бэлэг юм байна гэж заримдаа надад бодогдоно. Зохих ёсоор зүтгэхийн тулд би хэзээ ч Дээрхийн Гэгээнтэнээс хараат, түүнээс хамааралтай болох ёсгүй юм. Би Дээрхийн Гэгээнтэний орчуулгын хэрэгцээ, шаардлагад тохируулан сонгож болох гольфийн олон бөмбөгний нэг нь төдий болох учиртай байлаа. Би бас асар их ачаалалтай тулгарч өөрийнхөө “Би”-г ялан туулах хэрэгтэй болно.

Тийнхүү Ринбүүчи Далай Ламтанд зүтгэж үйлчилж байхдаа биеэ хэрхэн зохистой авч явахыг надад заасан юм. Тухайлбал, Дээрхийн Гэгээнтэнд орчуулга хийгч хүн бүжиглэж байгаа мэт гараа хөдөлгөж хэзээ ч болохгүй, амьтны хүрээлэнд байгаа юм шиг түүнийг гөлрөн ширтэж болохгүй. Үүний оронд, толгойгоо гудайлгаж бүрэн төвлөрөх ёстой бөгөөд өөрийн бие хүнээс хэзээ ч, юу ч нэмэрлэж болохгүй. Орчуулагчид нь Дээрхийн Гэгээнтэний дурьдаж байгаа дарааллаар хүмүүсийн нэрсийг болон санаануудыг жагсаан, Дээрхийн Гэгээнтэний хэлж буй юуг ч гэсэн утга учиргүй буюу зорилгогүй өөрчилж болохгүй.

Гадаадынхан бараг лам бүрийг “Дээрхийн Гэгээн” гэж дуудаг шиг биш, харин Дээрхийн Гэгээнтэний хэрэглэж буй яг тэр байдлаар лам нарын цол нь зөв орчуулагдах учиртай. Барууны энэ учрыг үл ойлгосон заншил эдгээр лам нарт хүндэтгэл үзүүлэхийн оронд Далай Ламыг басамжилж доош нь хийдэг юм. Үнэндээ гадаад хүмүүс тэдэнд Далай Ламтантай адил хүндэтгэл үзүүлэн ярьж буйг мэдэх юм бол, энэ нь тэдний сэтгэлийг зовоох байсан. Католик урсгалын сүм ба Дипломат корпусууд шиг Төвдийн цол хэргэмийг хэрэглэх эрэмбэ нь хатуу чанд дэг жаягийг мөрдлөг болгодог юм.

Дээрхийн Гэгээнтэнд намайг орчуулж байхад Сэркон Ринбүүчи миний эсрэг талд ихэвчлэн сууна. Түүнийг харах нь надад сургасан, заасан зүйлсийг санахад туслана. Жишээлбэл, нэг удаа хэдэн зуун Барууны хүмүүс ба хэдэн мянган Төвд хүмүүсийн өмнө гараад Дарамсалад орчуулж байхад Дээрхийн Гэгээнтэн намайг зогсоож чангаар хөхөрч, “Тэр сая яг алдаа хийчихлээ.” гэв. Дээрхийн Гэгээнтэн Англи хэлээр төгс сайн ойлгоно. Хэдийгээр би хивсэн доогуур шоргоолж шиг мөлхөн ормоор санагдсан ч, үзэх нүдний өмнө сууж байсан Ринбүүчи маань Даммид биеэ барихад нь тусалсан юм.

Ухаангүй зан байдлыг минь засахаар хүчтэй аргуудыг хэрэглэв 

Заримдаа хичээлийн талаар надад хүчтэй сануулга шаардагддаг байв. Жишээлбэл, Дээрхийн Гэгээнтэнд миний орчуулж байсан бүр эхний үед Бодь Гаяа дахь Бодь модны доор цугларсан арван мянга гаруй хүнд Далай Ламтан ном айлдсан юм. Миний микрофон ажилласангүй. Тэгээд Дээрхийн Гэгээнтэн чанга яригчийг нь хуваалцуулахын тулд дууны мастер багшийн өвөр дээр намайг бараг авируулж гаргав. Энэ нь ч бас ажиллахаа больчихов. Дээрхийн Гэгээнтэн тэгэхэд нь нүүрний эгнээнд суух Сэркон Ринбүүчи ба өөрийн сэнтийн хооронд суулгаж, өөрийн микрофоноо өгүүлбэрүүдийн дунд шилжүүлэн өгөв. Би маш их бажгадаж биеэ барагтайхан хянаж байлаа. Би микрофоныг нь авч Дээрхийн Гэгээнтэнд эргүүлж өгөхдөө заншил ёсоор хүндэтгэлтэйгээр хоёр гараа сунгахын оронд нэг гараараа өгч байжээ. Сүүлд нь, Ринбүүчи намайг микрофоноо гадил жимс шүүрэн авч байгаа сармагчин шиг авч байсан гэж бараг зодож билээ.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдваруудын үеэр баримталбал зохих хэм хэмжээнд сургав

Ринбүүчи Барууныхныг Дээрхийн Гэгээнтэнд хамгийн сайн талаасаа өөрсдийгөө үзүүлэх тал дээр бас санаа тавьдаг байв. Дээрхийн Гэгээнтэн олон түмэнд ном айлдах үеэр Барууныхны биеэ авч яваа байдлыг Ринбүүчи шүүмжилдэг байв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн гэж хэн болохыг ойлгох нь маш чухал гэж хэлдэгсэн. Тэр бол эгэл жирийн нэг эргэн төрсөн лам биш. Түүний дэргэд байх нь онцгой хүндэтгэлтэй, даруу төлөв байдлыг шаарддаг. Жишээлбэл, авшиг хүртэх ёслол ба ном айлдах үеэр цай ууж, завсарлахад, Дээрхийн Гэгээнтэн тэнд байхгүй мэт нүдний нь өмнө зогсож, ярьж хөөрөлдөх нь туйлын бүдүүлэг хэрэг. Зохих ёс дүрэм хэрэгтэй, ямарваа нэг зүйл ярилцах бол гарч ярих нь зүйтэй гэдэгсэн.

Нэг удаа Дарамсалад Барууны Бурханы шашны нэгэн байгууллага ном айлдварыг ивээн тэтгэж, Дээрхийн Гэгээнтэнд би орчуулга хийсэн юм. Дээрхийн Гэгээнтэн бичгээр ирсэн асуултанд хариулъя гэж санал болгов. Цуглаан бүрийн дараа Ринбүүчи дараагийн өдөрт зориулж, өргөн толилуулсан асуултуудыг надаар уншуулж, аливаа тэнэг улиг болсон асуултуудыг шийдэмгийгээр хүлээн авалгүй орхино. Ринбүүчи асуултуудыг надаар илүү гүн гүнзгий утгатай болгуулан, засаж найруулна. Асуултууд Дээрхийн Гэгээнтэний цаг хугацааг, хариулт айлдвараас олон хүн тус хүртэх завшааныг дэмий үрэх ёсгүй. Дээрхийн Гэгээнтэн хэдэн ч удаа, хичнээн гүнзгий гойд сайхан асуултууд байваа гэж тэмдэглэн хэлж байв. Би Дээрхийн Гэгээнтэй хаа ч аялсан энэхүү хянах ажлыг өөрөө мөрдөн хэрэглэж сурсан юм.

Top