Үл хүчирхийлэл арга зам болох нь

Үл хүчирхийлэл нь зөрчлийг шийдвэрлэж, эв найрамдалд хүрэх бодит арга. Энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэл хүний суурь мөн чанар гэдгийг харуулсан шинжлэх ухааны судалгааны үр дүнтэй нийцдэг. Хэрэв бид сүүлчийн зууны түүхийг авч үзэх юм бол хүчирхийлэл ердөө илүү их үзэн ядах, илүү их сөрөг сэтгэл бий болгодог болохыг харна. Хэрэв хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл хэрэглэвэл ямар ч эерэг үр дүн авчрахгүй. Европт улс орнуудын удирдагчид хүчирхийлэл бол зөв арга биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэд илүү өргөн хүрээнд авч үзэн Дэлхийн II дайны дараа Европын холбоог байгуулах болсон. Дэлхийн I, II дайны үед Франц, Герман улс хоорондоо хэрхэн дайсагнаж байсан тухай би хүмүүст хэлдэг. Миний найз, квант физикч Карл Фрийдрих фон Вайцзаекер 90 найстай байхдаа түүнийг залуу байх үед германчууд бүх францчуудыг дайснаа гэж, харин бүх францчууд германчуудыг дайснаа гэж үздэг байсан талаар ярьж байсан. Гэвч одоо энэ хандлага бүрэн өөрчлөгдсөн.

Хүмүүс илүү гүнзгий зүйлийг туулах хэрээр хүчирхийлэл нь цаг үеэ өнгөрөөсөн зүйл гэдгийг ойлгож байна. Хүчирхийлэл нь “бид”, “тэд” гэсэн хүчтэй ойлголтоос хамаарах ба улмаар түүн дээр суурилан дайсагнал бий болдог. Харин бүх хөршүүдээ нэг нийгэмлэг гэж үзэх үед тэд Европын холбоог байгуулж эхэлсэн. Европын холбоог байгуулж эхлэх болсноос Европт дайн дэгдээх маргааны аюул гэж байхгүй болсон гэж би үргэлж хэлдэг. Хэрэв Европын холбоо гэж байгуулаагүй бол өнөөдөр ямар нэг ноцтой асуудал үүссэн байж болох байсан. Гэвч хүмүүс үл хүчирхийлэх хүний суурь мөн чанар дээрээ тулгуурлах болсон.

20-р зууны эхэн болон сүүл үеийн хооронд хүмүүсийн бодол санаанд маш их өөрчлөлт гарсан. Жишээ нь Польшид болсон Эв санааны нэгдэл хөдөлгөөнийг авч үзье. 200 000 орос цэрэг тэнд байсан боловч хүмүүс түрэмгийллийн эсрэг хүчирхийллийн бус аргаар тэмцэхээр шийдсэн байсан. Эдгээр нь энэ тивийн хүмүүс хүчирхийллийн улмаас ихээр зовлон амссаны улмаас үл хүчирхийлэл хамгийн сайн арга болохыг ойлгосны илэрхийлэл байсан.

Би ОХУ-ыг Европын холбоонд нэгдэхийг их хүсдэг. Европын холбоотой адил үзэл санаа Латин Америк, Африкт эхлэх хэрэгтэй гэж би боддог. Африкт олон өөр өөр улс орнууд бий. Иймд Хойд Африкаас эхэлж болох юм, дараа нь Төв, Баруун, Зүүн Африк гэх мэт. Ингээд дэлхий нийтээрээ. Яваандаа бид дэлхийг нэг том холбоо болгохын төлөө зорих хэрэгтэй. Үүнийг би боломжтой гэж боддог. Энэ миний мөрөөдөл.

Энэтхэг улс нэг сайн жишээ болдог. Энэтхэг бол Хойд, Төв, Зүүн, Баруун, Өмнөд улсуудын холбоо. Бүх улсууд нь өөр улс орон адил, өөрсдийн хэл, үзэл санаатай. Гэвч тэд нэг холбоо болж чаддаг. Миний мөрөөдөл, магадгүй нэг хоосон мөрөөдөл байж болно, би Энэтхэг, Хятад, Япон улсууд нэг өдөр нэг холбоо болоосой гэж хүсдэг. Холбооны үзэл санаа нь үл хүчирхийлэх үзэл санаан дээр суурилсан байна гэж боддог.

Энэ зуун харилцан ойлголцлын зуун байх хэрэгтэй. Хүмүүс өөр өөр сонирхолтой байх үед тэнд зэвсэг биш, харилцан яриа байгаасай. Энэ боломжтой. Юуны түрүүнд цөмийн зэвсэг үл хэрэглэх явдал. Энэ маш чухал. Өмнөд Африкт болохоор төлөвлөгдөж байгаад засгийн газрын тогтворгүй байдлаас болж Ромд болохоор болсон Дэлхийн Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтан дээр бид цөмийн зэвсэг үл хэрэглэх тухай асуудлыг авч үзэж ярилцсан. Тэр үеэр бид түүнд тодорхой хуваарь гаргах тухай зөвлөлдөж байсан. Гэвч дорвитой зүйл хийгдээгүй. “Цөмийн зэвсэг үл хэрэглэх” – энэ их сайхан санагддаг, гэвч тодорхой хуваарь гаргахгүйгээр тийм их үр дүнтэй байхгүй болов уу. Ингээд хэрэв энэ нь дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн болбол тэр нь амжилттай болж болох юм. Үүний дараа бүх түрэмгийлэх зэвэг, дараа нь хамгаалах зэвсгийг үгүй болгох хэрэгтэй. Энх тайван дэлхийг бий болгохын тулд зэвсэглэлийг алхам алхамаар зогсоох хэрэгтэй.

Гадаад амар амгаланг бий болгохын тулд түүнийг юуны түрүүн өөрийн дотоод түвшинд эхлэх хэрэгтэй. Маш их уур бухимдал, атаа, шунах сэтгэл байна. Иймд бидэнд гадаад болон дотоод амгалан хоёулаа хэрэгтэй. Дотоод амар амгаланг боловсролоор дамжуулан бий болгож болно. Хэдий их энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлнэ төдий чинээ бидний биеийн эрүүл мэнд сайжирдаг.

Үүнтэй холбоотой мөн инээд хөөр чухал. Хүмүүс зангидсан хөмсөг, ууртай царай харахаас илүү инээмсэглэл харах дуртай байдаг. Хүүхдүүд бүр бидний нохой хүртэл инээмсэглэлийг илүүд үзнэ. Нохой руу инээмсэглэх үед тэд сүүлээ шаравдаг. Хэрэв та нохойгоо хооллох үедээ маш ширүүн харцтай байвал тэрээр хоолыг аван холдон явна.

Нийгмийн амьтдад нийгмийн халамж хэрэгтэй, учир нь тэдний ахуй нийгмийн бусад хэсгээсээ шалтгаалдаг. Хүн бид нийгмийн амьтад бөгөөд дэлхий дахин нийтээрээ бидний нийгэм. Ийм ойлголтоор бид биеэ биеэ хүндлэх сэтгэлийг төлөвшүүлнэ. Ингээд хэдий өөр өөр үзэл бодол, өөр өөр сонирхол байх ч бид хэрхэн урагшлах тодорхой нэг саналд хүрч чадна.      

Эхлээд бид бусдын, бидний ах, дүүсийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Бид хүссэн ч, хүсээгүй ч энэ гараг дээр хамтд амьдрах ёстой. Еврпын холбоонд Зүүн, Баруун нь нэг нэгээсээ, Хойд болон Өмнөд нь бие биеэсээ шалтгаалдаг. Бид бүгдийн ирээдүй мөн нэг нэгээсээ хамаарна. Дэлхийн нийтийн эдийн засгийн хувьд ч үндэстэн хоорондын хил хязгаар тийм их чухал биш болж байна.

Дэлхийн дулаарал чухал асуудал. Хэрэв энэ үргэлжилсээр байвал дараагийн зуунд энэ нь маш ноцтой бэрхшээл болох болно. Би лам хүн учраас надад өөрийн хүүхдүүд гэж байхгүй. Гэвч эцэг эхчүүд, эмээ өвөө нар та бүхэнд өөрсдийн хүүхдүүд, үр ач нарын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Иймд дэлхийн дулааралд нухацтай хандах хэрэгтэй.

Мөн хүн амын тоо нэмэгдэж байна. Намайг Энэтхэгт ирэх тэр үед дэлхийн хүн ам зургаан тэр бум байсан бол одоо долоон тэр бум болсон байна. Эрдэмтэд энэ тоог энэ зууны сүүлчээр арван тэрбум болно гэж хэлж байгаа. Иймд бүх нийтийн байгаль орчин болон нийгмийн сайн сайхны талаар бодох хэрэгтэй.

Үл хүчирхийлэх арга нь асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга. Энэтхэгт би эртний Энэтхэгийн үл хүчирхийлэл ба иргэний ёс зүйн гүн ухааныг сэргээхийг хичээж байгаа. Энэтхэг бол үл хүчирхийлэх үзлийн өлгий нутаг гэж би боддог. 3000 гаруй жилийн өмнө тэнд шашны эв нэгдлийн тухай ойлголт байсан. Би Энэтхэгийн мусульман шашинтнуудыг Афганистан, Сири зэрэг орны Шийт, Сунит нөхөддөө туслахыг зөвлөдөг. Энэтхэгт Шийт, Сунит нарын хооронд ямар ч асуудал байдаггүй. Энэтхэгт хинди, мусульман, христ, парси гэх мэт шашинтнууд эв эетэй амьдарцгаадаг. Үүнтэй адил шашны эв нэгдлийг дэвшүүлэх талаар би тодорхой алхамууд хийж байна.

Материаллаг зүйлс дээр хэт их анхаарах болсон. Энэтхэгт орчин үеийн материаллаг үзэл санаа бүхий боловсролыг үл хүчирхийлэх, ёс зүйн үүрэг хариуцлага, сэтгэлийн талаарх мэдлэг бүхий эртний уламжлалтай нь хослуулахад хялбар. Би Энэтхэгт түүний сэтгэлийн талаарх ойлголттой холбоотой эртний уламжлалаа сэргээхэд туслахад бэлэн байдаг. Хятад мөн өөрийн гэсэн эртний уламжлалтай. Тэнд одоогоор 400 сая Бурханы шашинтан хүмүүс байна. Энэтхэг, Хятадын хүн амыг нийлүүлбэл нэлээд их тоо болно.         

Алхам алхамаар, олон мэргэжлийн салбарын тусламжтайгаар бид энх тайван, энэрэн нигүүлсэнгүй дэлхийг цогцлоож чадна. Энэ боломжтой, ийнхүү 21-р зууны сүүлийн хагас илүү амар амгалан зуун болж болно. Би одоо 84 настай, арав эсвэл хорин жилийн дараа миний явах цаг болно. Гэвч бид алсын хараатай бодит аргаар одоо түүнийг эхлүүлэх хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа.

Top