Амьдралд тустай Бурханы шашны аргууд

Энэ үдэш бид Бурханы шашны аргуудыг өөрт тус болох үүднээс хэрхэн өдөр тутмын амьдралдаа хэрэглэх талаар ярилцах болно. Бидний ярьдаг Бурханы шашны арга эсвэл Бурханы шашны сургаал гэдэг нь Санскрит хэл дээр “Дарма” гэдэг үгээр илэрхийлэгддэг. Тэгвэл “Дарма” (Ном) гэдэг үг нь чухам юу гэсэн утгатай үг болохыг харвал энэ нь “биднийг тогтоон барьдаг зүйл” гэсэн утгатай байдаг. Дарма (Ном) бол биднийг зовох, асуудалтай тулгарахаас тогтоон барьдаг, хамгаалдаг зүйл юм.

Хутагтын дөрвөн үнэн

Бурхан багшийн заасан анхны сургаал нь “Хутагтын дөрвөн үнэн” гэж бидний мэдэх сургаал байдаг. Энэ нь бодит байдлыг ойлгож чадсан, өндөр эрдэмд хүрсэн тэдгээр хүмүүсийн үнэн гэж ойлгох дөрвөн зүйл байдаг. Эдгээр дөрөв нь:

  • Бидэнд тулгардаг үнэн асуудлууд
  • Тэдний үнэн шалтгаанууд
  • Хэрэв эдгээр асуудлуудыг бидэнд дахин тулгарахгүй байхаар үнэн зогсоодог бол ямар байх
  • Бидний бүх асуудлыг ингэж зогсоож чадах ойлголт, үйлдэл гэх мэт байдаг.

Бидний жинхэнэ (үнэн) асуудлууд

Бурханы шашинд бидний асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар хэлэх олон зүйл байдаг. Үнэн хэрэгтээ Бурхан багшийн сургаал нь бидний амьдралд тохиолддог бэрхшээлүүдийг даван туулахад туслах зорилготой. Арга нь маш оновчтой, амьдралд илүү ойрхон байдаг. Бидэнд ямарч асуудал тулгарсан тэд бүгд нэг шалтгаантай байдаг. Тэгэхээр бидэнд тулгараад байгаа асуудлууд яг юу болохыг ойлгохын тулд бид өөрсдийн дотогш шударгаар, гүнзгий сайн харах ёстой. Бидний олонхийн хувьд энэ бол хялбар үйл явц биш байдаг. Үнэхээр бидний амьдрал дахь асуудлын хүрээ нь хаана, юу байгааг олж харах нилээн хөндүүр, хэцүү байдаг. Олон хүмүүс үүнээс зайлсхийдэг. Хэдийгээр зовлонтой байсан ч, ялангуяа эрүүл бус харилцаатай үед, тэдэнд асуудал байгааг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаггүй. Гэвч бид үүнийг “Би зовж байна” гэдэг түвшинд орхиж болохгүй. Бид асуудал үнэхээр яг юу байна гэдгийг илүү гүнзгий харах хэрэгтэй.

Бидний асуудлуудын жинхэнэ (үнэн) шалтгаан

Ингээд бид бидний асуудлуудын шалтгаан нь юу болохыг хайх хэрэгтэй. Асуудлууд ямар нэг зүйлээс үүсэлгүйгээр, зүгээр өөрөө оршиж байдаггүй. Шалтгаан байх ёстой. Мэдээж сэтгэлд нийцгүй нөхцөл байдал бий болоход оролцсон олон түвшний хүчин зүйлүүд байгаа. Юу юунаас илүү хувь хүмүүсийн гэр бүлийн дотор зөрчил үүсэхэд хангалттай мөнгө төгрөггүй байх гэх мэт эдийн засаг, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн асуудлууд ярвигтай өөр хүчин зүйлүүд болж болдог. Тухайн асуудал үүсэхэд нөлөөлөх янз бүрийн нөхцөл байдал байж болно. Гэвч Бурхан багш бидний асуудлын хамгийн цаад шалтгаан юу болохыг олохын тулд бид улам, улам илүү гүнзгий харах хэрэгтэй гээд бидний асуудлын хамгийн цаад шалтгаан нь бодит байдлын талаарх буруу ойлголт – төөрөгдөл байдаг гэж хэлсэн байдаг.

Бид зовлон, шаналалтай байдаг. Энэ нь мэдээж зарим нэг шалтгаанаас үүсдэг. Бид их таагүй үйлдлүүдийг жишээлбэл, маш их ууртайгаар, хийж байж болно. Ийм үед нэг ч хүн амгалан байхгүй, тийм биз дээ? Тэгэхээр энэ тохиолдолд уур бидний ая тухгүй байх шалтгаан болж байгаа ба уураас бид ямар нэг аргаар ангижрах ёстой гэж таних хэрэгтэй.

Биднийг зовлонтой болгож байгаа нэг асуудал бол цаг үргэлж санаа зовох явдал байж болно. Санаа зовох нь маш таагүй сэтгэлийн төлөв байдал юм. Санаа зовсон үед хэн ч тайван, жаргалтай байдаггүй, тийм биз дээ? Энэтхэгийн Бурханы шашны их мастер Шантидэва “Хэрэв та ямар нэг хэцүү нөхцөл байдалд орсон ба тэндээс нөхцөл байдлыг өөрчлөх ямар нэг зүйл хийж чадах бол, яагаад санаа зовох гэж? Зүгээр түүнийгээ өөрчил. Санаа зовох нь ердөө тус болохгүй. Хэрэв нөхцөл байдлыг өөрчлөх юу ч хийж чадахгүй бол, яагаад санаа зовох гэж? Тэр бас ердөө тус болохгүй” гэж хэлсэн байдаг. Бид санаа зовох хэрэггүй зүйл дээр санаа зовж будилаад, улам цааш санаа зовдог. Үүний гол утга нь санаа зовох нь огт тус нэмэр болдоггүй гэсэн үг юм.

Бидэнд өөр бас нэг түвшний асуудал байдаг нь хэзээ ч сэтгэл ханахгүй байх явдал юм. Мэдээж бид аз жаргалтай олон үеүдийг туулдаг. Гэвч харамсалтай нь тэр нь тасралтгүй үргэлжилдэггүй бөгөөд бид үргэлж илүү ихийг хүсэж байдаг. Энэ нь ямарч сэтгэлийн ханамжгүй байдлыг үүсгэдэг. Бид өөрсдийн дуртай хоолыг ердөө нэг удаа идээд сэтгэл хандаггүй, тийм биз? Бид дахин дахин идэхийг хүсдэг. Тэгээд хэрэв бид нэг дор түүнээс хэтэрхий их идвэл эхэндээ сайхан байсан байдал нь гэдэс өвдөх болж хувирдаг. Бид ийм төрлийн баяр жаргал дээр бага зэрэг будилдаг. Бид үүнийг цаашид үргэлжлэхгүй, хэзээ ч сэтгэл хангахгүй гэдгийг нь ойлгож, яг юу гэдэг утгаар нь таашаал авахаасаа илүү уягдаж орхидог. Ингээд бид энэ байдал үгүй болоход маш сэтгэл дундуур болдог.

Энэ нь бид өөрсдийн сайн найз, хайртай хүнтэйгээ байж байгаад дараа нь тэд биднийг орхихтой адил байдаг. Мэдээж тодорхой нэг үе шатанд тэд биднийг орхино, тиймээс хамт байх тэр цаг үедээ бид сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Бидний хэрэглэж болох нэг сайхан дүрслэл байдаг. Бидний хайрыг татсан хэн нэгэн сайхан хүн бидний амьдралд орж ирэх нь цонхон дээр ирж суудаг шувуутай адил. Шувуу цонхон дээр ирэх үед түүнийг бидний дэргэд байгаа тэр сайхан байдлаас таашаал авч болно. Шувуу эрх чөлөөтэй учраас мэдээж хэсэг хугацааны дараа нисэж одно. Хэрэв бид маш эвлэг зөөлөн байвал шувуу буцаж ирж болох юм. Харин түүнийг барьж аваад торонд хийвэл тэр маш баяр жаргалгүй болж бүр үхэж магадгүй. Үүний адил, энэ шувуу шиг сайхан хүмүүс бидний амьдралд орж ирдэг ба бидний хийх хамгийн сайн зүйл бол тэдэнтэй хамт байх хугацаандаа сэтгэл хангалуун байх явдал юм. Ямар нэг шалтгаанаар тэд холдон явах үед, ямарч хугацаагаар, ийм зүйл тохиолддог. Хэрэв бид энэ талаар тайван амгалан байж, “Битгий яв. Би чамгүйгээр амьдарч чадахгүй” гэх мэт зүйлийг шаардахгүй байвал тэд буцаж ирж магадгүй. Хэрэв тэгээгүй тохиолдолд бидний чангаасан, шаардсан байдал тэднийг ердөө л хөөнө.

Амьдралын эгэл аз жаргал, баяр баясгалангийн мөн чанарыг ойлгохгүй будилвал мэдээж бидэнд асуудал гарна. Бүр бидэнд байгаа сайхан цаг үеэсээ бид таашаал авч чадахгүй. Учир нь бид түүнийгээ алдах вий гэж айж, санаа зовниж байдаг. Бид идүүрэндээ хоолтой нохойтой адил – идэж байх зуураа ийш тийш харж, хэн нэгэн ирж, булааж авахгүй байх үүднээс архирч байдагтай адил. Заримдаа бид ийм байдаг биз дээ. Бидэнд байгаа зүйлд сэтгэл ханаж, дууссан л бол дууссан гэж хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч мэдээж энэ сонсогдож байгаа шигээ тийм амар хялбар биш – магадгүй бүр хялбар ч сонсогдохгүй байж болно – гэвч амьдралд тохиолддог зүйлсийг өөр талаас нь харж сурахад сургуулилалт шаарддаг.

Бидний асуудлуудыг жинхэнэ (үнэн) зогсоох

Бурхан багш бидний бүх асуудлыг бүрмөсөн зогсоох боломжтой гээд ингэхийн тулд шалтгааныг нь арилгах хэрэгтэй гэсэн. Энэ бол маш оновчтой, маш уялдаа холбоотой арга. Хэрэв түлш байхгүй бол гал байхгүй болно. Бурхан багш асуудлууд дахин эргэж ирэхээргүй тийм аргаар эдгээр асуудлуудыг зогсоох боломжтой гэсэн.

Бид эдгээр асуудлуудаас ердөө түр нэг чөлөөлөгдөөд түүндээ сэтгэл ханахыг хүсэхгүй биз дээ? Энэ нь унтахтай адил. Унтах үед бид харилцааны ямар нэг асуудалгүй болдог. Сэрэхэд асуудал чинь байж байх учраас энэ бол эцсийн шийдэл биш. Энэ бас бид хаа нэг тийшээ амралтанд явахтай адил. Амралтнаас эргэж гэртээ ирэхэд асуудал чинь байж л байх болно. Тэгэхээр амралт бас хамгийн сайн, гүн гүнзгий гарц биш байна.

Бурхан багш бас зүгээр дуугүй асуудлаа хүлээн зөвшөөрөөд тэр асуудалтайгаа амьдар гэж хэлээгүй. Учир нь энэ бас сайн шийдэл биш, тийм биз? Бидэнд хийж чадах зүйл байхгүй, юу ч нэмэргүй мэт санагдсанаар бид бууж өгч, бүр оролдохоо больдог. Асуудлаа давж гарахыг оролдох нь маш чухал байдаг. Хэдийгээр их ахиц гаргаагүй ч, ямар ч байсан оролдсон гэсэн сэтгэл төрж байдаг.

Асуудлуудыг зогсоох аргууд

Хэрэв бид энэ бүх асуудлуудыг үнэхээр зогсоохыг – тэдний жинхэнэ (үнэн) төгсгөлийг хүсэж байвал асуудлуудын цаад шалтгаан болох төөрөгдөлөөс гарахын тулд зөв ойлголтуудыг авч, аргуудыг дагах хэрэгтэй гэсэн Бурхан багшийн дөрөв дэх сургаал байдаг. Хэрэв үргэлж санаж явахгүй юм бол сайн ойлголттой байх нь хэрэг болдоггүй учраас анхаарлаа сайжруулах хэрэгтэй болдог. Ойлголтоо санаж, түүн дээрээ анхаарч чадах төвлөрөлтэй болоход бидэнд хувийн сахилга бат хэрэгтэй байдаг. Асуудал, бэрхшээлгүй байх үүднээс хэрэглэдэг Бурханы шашны ерөнхий аргууд нь хэдэн дэг журам мөрдөх, төвлөрлөө сайжруулах, зөв ойлголттой болох (заримдаа “билэг ухаан” гэж хэлдэг) эдгээр юм.

Үүний зэрэгцээ бидний асуудлын хамгийн том шалтгаануудын нэг нь бидний хувиа бодсон байдал байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд бодит байдлыг буруу ойлгосоноос болдог ба бид өөрсдийгөө энэ дэлхий дээр амьдарч байгаа цорын ганц хүн мэт боддог юм шиг санагддаг. Бусдууд байгаа гэдгийг хэдий мэддэг ч бид энэ ертөнцийн хамгийн чухал хүн, төв нь мэт бодсоор байдаг. Ийм ташаа хандлагаас болж “Би үргэлж өөрийн хүссэнээр байж, юу дуртайгаа авах ёстой” гэж бодоод хэрэв өөрийнхөөрөө болохгүй бол маш сэтгэл дундуур байдаг.

Энэ бол бодит байдлын талаарх маш буруу хандлага. Яг ийм байдлаар бусдаас онцгойрох зүйл бидэнд юу ч байхгүй. Харин хүн бүр аз жаргал хүсдэг, зовлонг хүсдэггүй, бүгд өөрийн хүссэнээ авахыг хүсдэг, хүсээгүйгээ авахыг хүсдэггүй байдгаараа адил. Гэтэл бид хамт амьдардаг учраас яаж ийгээд хамт амьдрах ёстой болдог. Ийм учраас бид бусдыг асрах, энэрэн нигүүлсэх, анхаарах хэрэгтэй бөгөөд асуудлаас сэргийлэх, асуудлыг даван туулах арга зам нь бусдын тусыг бас бодсон байх хэрэгтэй. Бусад бидэнд туслахад бид дуртай байдгийн адил тэдэнд бид туславал тэд бас дуртай байх болно.

Амгаланг эвддэг сэтгэл хөдлөлүүдийг даван туулах

Мэдээж хүн бүр гэгээнтэн, эсвэл бодьсадва биш. Энэ бол үнэхээр үнэн. Хүн бүр ямар нэг түвшинд будилсан, буруу ойлголттой байдаг. Ийм учраас бид сөрөг сэтгэлийн хөдлөлүүдийнхөө нөлөөнд орж үйлдүүдийг хийдэг. Жишээлбэл, хэрэв би ертөнцийн төв, хамгийн чухал хүн гэж бодож байвал үүнийг санаа зовох байдал дагалддаг, тийм биз дээ? Энэ үед “Би хамгийн чухал хүн байх ёстой гэвч хүмүүс надад үргэлж тэгж хандахгүй байна” гэж санаа зовж эхэлдэг. Ингэж санаа зовох байдал үүсдэг.

Санаа зовсон үед, биднийг санаа зовох зүйлгүй болгох ямар стратегиудыг бид хэрэглэж болох вэ? Нэг стратеги нь дараах байдлаар байж болно: “Хэрэв надад ердөө хангалттай зүйл байвал, яаж ийгээд тэр намайг санаа зовох зүйлгүй болгоно. Хэрэв надад хангалттай мөнгө эсвэл хангалттай анхаарал эсвэл хангалттай хайр байвал би аз жаргалтай болно.” Гэвч бидний туулж үзсэнчлэн ийм төрлийн аз жаргалын мөн чанар нь – тэр жаргал бидэнд хангалттай хэзээ ч байдаггүй, тэр жаргалд бид хэзээ ч сэтгэл ханадаггүй, тэр жаргалыг улам илүү их авахыг бид үргэлж хүсдэг, ийм л байдаг.

Энэ тухай сайтар бод. Ойлгомжтой байх болно. Бид үнэхээр бидний хайртай хүн бидэнд “Би чамд хайртай” гэж нэг л удаа хэлэхийг хүсдэг үү? Хэрэв тэд түүнийг нэг л удаа хэлвэл тэр нь хангалттай болж, тэд дахин хэлэх шаардлагагүй байдаг уу? Бид үүнд хэзээ ч найддаггүй. Бид үргэлж түүнийг дахин дахин сонсохыг хүсдэг, тийм биз дээ? “Цаашид дахин хэлэх шаардлагагүй. Би үүнийг мэднэ” гэж хэлэх түвшинд бид хэзээ ч хүрдэггүй. Юманд шунах тухай ярих үед бид зөвхөн материаллаг зүйл, мөнгөнд шунах тухай ойлгодоггүй. Бид бас хайранд, мөн бидний ихэнх нь анхааралд онцгой их шунадаг. Бид үүнийг бага хүүхдүүдээс хардаг. Энэ бүхэн нь нийтлэг тохиолддог үйл явцуудын нэг: Хэрэв бидэнд хангалттай зүйл байвал тэр нь биднийг санаа зовох зүйлгүй болгоно. Гэвч хүссэн үр дүн гардаггүй.

Дараагийн нэг нийтлэг тохиолддог үйл явц нь уур, эгдүүцэл: “Хэрэв асуудал үүсгэнэ гэж бодсон зүйлээ зайлуулж чадвал бид санаа зовох зүйлгүй болно.” Гэвч бид хэзээ ч түгшүүргүй байж чаддаггүй. Үргэлж бид эмээсэн байдаг. Хэн нэгэн ямар нэг бидний хүсээгүй зүйл хийх вий гэж болгоомжилж байдаг – тэгээд бид хөөж, уурладаг. Заримдаа энэ нь өөрт маш хэцүү байдаг. Жишээлбэл, нөгөө хүн маань бидэнд хангалттай анхаарал тавихгүй байна, хангалттай цаг зарцуулахгүй байна гэж бодохоороо тэдэн рүү хашигчдаг. Бидний харилцааны тухай би бодож байна л даа. Бид уурлаж “Чи надад илүү их анхаарал тавих ёстой! Чи надтай илүү их цагийг өнгөрүүлэх ёстой!” гэж хашгирах гэх мэт. Үүний үр дүн нь юу вэ? Ихэвчлэн тэд улам цааш холддог. Эсвэл бидэнд тал засаж хэсэг хугацаанд хамт байдаг ч тэд үүнд таатай байхгүй байгааг бид мэддэг. Хэн нэгэнд уурласнаар бидэнд тэд илүү дуртай байх болно гэж бид яаж бодож чадаж байна вэ? Үнэхээр байж боломгүй биз дээ? Биднийг санаа зовох зүйлгүй болгоно гэж найдаж хийдэг эдгээр механизмуудын ихэнхи нь үнэндээ асуудлуудыг улам муутгаж байдаг.

Бидний хийдэг өөр нэг арга ажиллагаа нь хана босгох явдал байдаг. Энэ нь хэрэв ямар нэг байдлаар асуудлыг авч хэрэгсэхгүй байвал байхгүй болно эсвэл өөрөө холдоно гэсэн бидний туршлагагүй, шийдвэр гаргах чадваргүй байдал дээр суурилдаг. “Энэ талаар сонсохыг хүсэхгүй байна” гэсэн ийм төрлийн хандлага гаргаж хана босгодог. Энэ шийдвэргүй байдал нь мэдээж бас хүссэн үр дүнд хүргэдэггүй. Ердөө үл ойшоож, хайхрахгүй өнгөрөөснөөр асуудлаас холддоггүй.

Эдгээр бүх тогтворгүй сэтгэлийн хөдлөлүүдийн нөлөөгөөр бид бүхий л түрэмгийлсэн үйлдлүүдийг хийдэг. Бид хашгирдаг. Бүр хэн нэгнийг цохьдог. Хэрэв “Би ядарсан хүн, надад юу ч байхгүй” гэж санагдвал, надад тус болно гэж бодож хулгай хийж магадгүй. Жишээлбэл би Энэтхэгт нилээн олон жил амьдарсан үеийнхээ тухай бодож байна л даа. Энэтхэг бол шавьжны эх орон – бидний мэдэх бүх төрлийн, үнэхээр олон шавьж байдаг. Тэгээд бүгдийг нь алах боломжгүй, дийлэх ямарч арга байхгүй. Хамгийн ганц шийдэл нь тэдэнтэй хамт амьдарч сурах. Хэрэв өрөөнд чинь янз бүрийн шавьж байхад дургүй бол шумуулны тортой унтаж болно – өөрийн эргэн тойрондоо тортой, хамгаалалттай хэсэгт. Энэ бол өрөөндөө байгаа алаад дуусахгүй шумуулнуудыг агнахаар шөнөжин унтахгүй байхаас дээр юм. Хаалганы доогуур үргэлж л зай гарсан байдаг эсвэл цонх сайн хаагддаггүйгээс болж шумуул байсаар байна. Гэвч бидний байж ядсан түрэмгийлсэн “Би заавал тэднээс салах ёстой!” гэсэн сэтгэл барьж болохгүйгээр хөдөлдөг.

Түрэмгийлсэн, хор уршигтай олон өөр зан байдал байдаг. Худал хэлэх, хатуу ширүүн үг хэлэх, эхнэр нөхрөө араар тавих, хүчин хийх – ийм үйлдлүүд байдаг. Түрэмгийлэх байдлаар хандах нь бусдад төдийгүй ялангуяа бидэнд зовлон авчирдаг. Энэ үүднээс Бурханы шашин нь амьтны амь таслахгүй байх тухай маш хүчтэй ярьдаг, тийм биз? Тэгвэл жишээлбэл, шумуул гэх мэт өөрийн дургүй амьтнаа алах зуршилтай байх юм бол энэ нь бидний хамгийн эхний автомат хариу үйлдэл болно, тэгнэ биз дээ? Энэ нь зөвхөн амьтны амь таслахын тухайд биш юм. Бидний дургүй ямар нэг зүйл болоход тайван байдлаар шийдэж сурахаасаа илүү хэлээрээ, биеэрээ, дотоод сэтгэлдээ байж болно, шууд л ширүүн дориун ханддаг.

Зарим тохиолдолд мэдээж амьтан алахаас өөр аргагүй болж магадгүй. Жишээ нь газар тариаланд хортой, халдварт өвчин тараадаг гэх мэт шавьжнууд байж болно. Бурханы шашин бол хэт мугуйд шүтлэг биш. Энэ тал дээр бодит байдлаас хөндий, мухардмал байдлаар хандахгүй байх хэрэгтэй. Гэвч “Би эдгээр хумхаа өвчин тээгч шумуулнуудыг үзэн ядаж байна!” гэх мэт байдлаар уур хорсолтойгоор хандахгүй байхыг хичээгээрэй. Тэгээд аливаа гарах сөрөг үр дүнгийн талаар бас мэдлэг, туршлагагүй байж болохгүй. Жишээлбэл, шавьж устгах зорилгоор хорыг бүх жимс, ногооны талбайд хэрэглээд тэгээд бид түүнийгээ идвэл энэ нь бас өвчин үүсгэж болно. Тэгэхээр сөрөг нөлөө бас байдаг. Ингээд энэ бүхэн нь бидний үндсэн сэдэв – бидний арга болох сахилга бат, төвлөрөх чадвар болон асрал, энэрэл нигүүлсэлээр тэлсэн билэг ухаан руу чиглэж байна.

Ёс зүйн сахилга бат

Амьдрал дахь асуудлуудаас зайлсхийхэд эдгээр урьдчилан сэргийлэх аргуудыг бид яаж хэрэглэдэг вэ? Эхний түвшин, эхний хийх ёстой зүйл бол түрэмгийлж хандахаас зайлсхийсэн ёс зүйн сахилга батыг мөрдөх. Түрэмгийллийг уур, шунал, хүлээс, атаа, хөнгөн хийсвэр хандлага, омог гэх мэт сэтгэл хөдлөлүүдийн нөлөөгөөр хийдэг. Энэ нь түрэмгийлэх сэтгэл төрөхөд бид “Үгүй, би тийм байдлаар үүнийг хийхийг хүсэхгүй байна” гэж маш тодорхой шийддэг гэсэн үг.

Чиний хийсэн алдаанаас болж чамруу хашигчмаар санагдах үед хашигчих нь ердөө нөхцөл байдлыг илүү муутгана гэдгийг бид мэддэг. Бид чамд хэлж өгөх эсвэл хийгдсэн алдааг засах ёстой байж болох юм, харин хашигчих нь асуудлыг илүү муу болгоно биз дээ? Ялангуяа муугаар дуудах, харааж зүхэх нь нөхцөл байдалд тус болохгүй нь тодорхой. Тэгэхээр ёс зүйн сахилга бат гэдэг бол бид түрэмгийлэх байдлаар өөрийн эрхгүй үйлдэл хийх гэж байна гэдгийг аль болох хурдан, бүр яг түрэмгийлэх байдлаар үйлдэл хийхийн өмнө анзаарах явдал юм. Ингэж бодох хүч байдаг ба “Энэ ердөө тус болохгүй” гэж ялгаж салгаж, тэр байж ядсан сэтгэлийг барьдаг.

Энд уураа дотроо хадгалаад, тэр нь өөрийг чинь идээд, барьсаар барьсаар эцэстээ дэлбэрч гарах тухай яриагүй байна. Энэ бол бидний арга биш. Хэрэв бид арга хэмжээ авч чадахгүй байсаар уур дотор хуралдсан үед битгий бусад хүмүүст гаргаарай. Хана цохих энэ тэр нь бидний гарыг өвтгөнө, тэгэхээр тэр тэнэг хэрэг болно. Иймээс үүнийг зарим өөр аргаар гаргах хэрэгтэй, тийм үү? Дэр нүдэх эсвэл гэрийнхээ шал угаах гэх мэт уур бухимдлыг даван туулах аргууд, үнэндээ хүч шаардсан гэрийн ажлууд, хол газар гүйх, зааланд ачаалалтай дасгал хийх зэрэг нь уур бухимдлын хүчийг сулруулахад тусалдаг.

Санах (дурьдал), төвлөрөх (төвлөрөл)

Ийм байдлаар асуудлуудад хандаж сурсанаар бид түрэмгийлэх байдлаар юманд хандах гэж буйгаа анзаармагц өөрсдийгөө хорьж чаддаг. Энэ үйл явцад бидний хэрэглэж байгаа зүйл бидний “ялгах ухамсар” (Төвд: shes-rab). Бид юу бидэнд тустай, юу бидэнд хортой гэдгийг ялгасны үндсэн дээр тайван байж, уур бухимдлаа дотооддоо хадгалахгүй болдог. Тэгэхээр энд бидний төлөвшүүлэх гэж буй чанар бол “дурьдал” (Төвд: dran-pa) юм. Энэ нь “санах” гэсэн утгатай. Энэ нь би юу хийхийг хүсэж, амьдралд хэрхэн оролцож, ямар байхыг хүсэж байгаа тийм сахилга батыг барьж байх оюуны цавуу мэт – түүнийгээ барьж мартахгүй байх явдал юм. Энэ бол дурьдал. Энэ нь “идэвхтэй санах” гэдэгтэй ижил утгатай үг.

Тэгэхээр бидний хийхийг оролдож байгаа зүйл бол илүү сэргэг байх. “Будда” гэдэг үг нь “бүрэн сэрсэн хүн” гэсэн утгатай. Ийм тийм үйлдэл хийе гэх сэтгэлд хүчтэй төрж байгаа хүсэл, сэтгэлийн хөдлөлүүд, энэ бүхний эрхшээлд орохгүй үүндээ сэргэг байж хэрхэн үйлдэхээ бид ухамсартайгаар сонгож болдгийг ухаардаг. Бид сэтгэл санааны тавгүй байдалд байсан ч энэ нь өөрчлөгдөж болдог; бид үүнийг өөрчлөх ямар нэг зүйл хийж болдог.

Заримдаа сэтгэл санааны тавгүй байдлыг шийдвэрлэх нь маш хялбар байдаг. Хамгийн энгийн аргуудын нэг нь “уйланхай хүүхдийг унтуулах” арга. Бид унтахгүй удаж, нойр нь хүрсэн жаахан хүүхэд цаг үргэлж уйлж байдаг шиг л байдаг. Ялангуяа бидний сэтгэл санаа тавгүй үед бид тийм байдаг. Тэгэхээр хэвтэж дуг хийх эсвэл унтаж амар. Сэрэх үед илүү дээр болсон байдаг.

Хэрэв хэн нэгэнтэй санал зөрөлдөж улмаар байдал ширүүсэх үед нөгөө тал өөрийг чинь сонсохгүй, та өөрөө нөгөө талаа сонсохгүй гэдгээ мэддэг. “Хоёулаа тайвширсан үед дараа дахин ярилцъя” гэж яриагаа дуусгаж тайвшрах үүднээс алхах гэх мэт зүйлүүдийг хийх нь дээр байдаг.

Эдгээр нь маш энгийн аргууд. Гэвч Бурханы шашин үүнээс илүү гүн гүнзгий нөлөөтэй аргуудыг заадаг боловч энэ бол эхлэл. Эхлээд өөрсдийн чадах аргуудыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Гэвч зарчим бол хамгийн чухал зүйл. Зарчим бол асуудлын шалтгаан юу байна гэдгийг олж, түүнийг даван туулах ямар нэг зүйл хийнэ гэсэн үг. Ердөө асуудлынхаа хохирогч болж үлдэж болохгүй. Утга нь амьдралдаа тохиолдож буй зүйлүүдийг хяналтандаа авах явдал.

Ингээд хэрэв бидний зан үйлдэлд юу тустай, юу хортой талаарх ойлголтыг барьж байх дурьдлыг хөгжүүлж чадвал, бид болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж тухайн нөхцөл байдалд хэрхэн хандахыг хүсэж байгаагаа санаж хэрэв тийм байдлаар хандаагүй байвал – хэрэв тийм нөхцөл байдалд бид биеэрээ яаж үйлдэж, хэрхэн ярьж, сэтгэлдээ хэрхэн бодох чадварыг хөгжүүлж чадсан байвал, түүнийгээ засаж чаддаг.

“Би муу хүн. Хэн ч намайг тоодоггүй” гэхчлэн санаа зовж эхлэх эсвэл иймэрхүү бодол цувж эхлэх үед “Хөөе, би ийм өөрийгөө өрөвдсөн, санаа зовсон, иймэрхүү бодлын аялалд гарахыг хүсэхгүй шүү. Энэ намайг зөвхөн зовлонтой л болгоно” гэж хэлээд анхаарлаа илүү эерэг зүйл рүү хандуудаг. Зүгээр суугаад санаа зовохоос илүү бие болон сэтгэлээрээ хийж болох олон сайхан эерэг зүйлүүд байдаг. Бидний санаа зовж байхдаа боддог шиг юм бүр ямар муухай байж болох талаар бодохоос бидний бодож болох илүү сайхан олон зүйлүүд байдаг. Энд бидний төлөвшүүлэхийг оролдож байгаа зүйл бол төвлөрөл гэдгийг ойлгож байгаа учраас анхаарал хэсэн сарних үед бид түүнийг буцааж авчирч чаддаг.

Жишээлбэл, хэн нэгэнтэй ярилцаж байх үед бидний сэтгэл сарниж эхэлвэл – энэ нь заавал ямар нэгэн зүйлд санаа зовсоноос биш, харин “Энэ хүн хурдан ярьж дуусаасай!” эсвэл “Оройн хоолондоо юу идэх вэ?” гэх мэт юуны ч тухай байж болно – бид ярилцаж байгаа хүндээ анхаарлаа хандуулахаа зогсоож эсвэл “Тэнэг юм ярьж байна” гэхчлэн дотроо шүүмжилж эхэлвэл анхаарлаа буцаан авчирч, ярилцаж байгаа хүнээ сонсоход төвлөрөх хэрэгтэй.

Энэ нь төвлөрч сурах маш амьдралд ойр оролдлого, гэвч сахилга бат шаардана. Энэ сахилга батыг бид эхлээд бие болон хэл ярианы үйл дээрээ төлөвшүүлдэг. Хэрэв анхаарлаа буцааж авчрах, ямар нэг байдлаар анхаарал хэлбийвэл засах энэ чадварыг төлөвшүүлвэл бид үүнийгээ бүхий л нөхцөлд хэрэглэж болдог. Энэ үнэхээр маш, маш их хэрэгтэй. Жишээ нь өөрийнхөө биеийг хэрхэн байлгаж байгааг анзаарч эхэлж болно. Хэрэв зүгээр номхон зогсож байхдаа мөрөө чангалж өргөсөн, хүзүүгээ зангидсан иймэрхүү байвал – хэрэв үүнийгээ анзаарч мэдвэл мөрөө буулгаж сулла. Энэ бол ердөө анхаарал хандуулах, санах, тэгээд тэр талаар ямар нэг зүйл хийх асуудал. Мөн хэт сэтгэл хөдлөх ба энэ нь тухайн нөхцөл байдалдаа зохимжгүй бөгөөд хүнтэй их чанга эсвэл бухимдах байдлаар ярьж эхэлвэл үүнийгээ ажиглаад зүгээр өөрчил. Мөрөө буулгаж тайвшрахтай адил, гэвч энэ удаа бол сэтгэл хөдлөлийн түвшинд хийнэ.

Энэ бол хэрхэн Номын аргыг амьдралдаа хэрэглэх нууц нь юм. Ердөө аргуудаа санах, түүнийгээ хийх хангалттай сахилга баттай байж хэрэглэх. Үүнийг бид сайн хүн болох гэж эсвэл багшаа баярлуулах гэх мэт үүднээс хийдэггүй. Бид үүнийг асуудлуудаас зайлсхийх гэж – бэрхшээлүүд – хэрэв бид ямар нэг зүйл энэ талаар хийхгүй бол бид өөрсдийгөө зовлонтой байдалд оруулна, энэ сайхан биш гэдгээ мэдэж байгаа учраас хийдэг, тийм биз дээ? Бид өөрсдийн хувийн сахилга батыг төвлөрөх үүднээс сэтгэлийн түвшиндээ – бүр өөрийн сэтгэл санаатайгаа ажиллах үүднээс хэрэглэдэг. Өөрсдийн сэтгэл санаатай ажиллах нь мэдээж илүү нарийн, илүү хэцүү байдаг. Гэвч миний өмнө хэлсэнчлэн, сэтгэл нилээн хөдөлсөн үед ч тайширч бас болдог.

Зөв ойлголт

Нэгэнт бид төвлөрөх аргыг хөгжүүлсэн бол, эсвэл тодорхой нэг хэмжээгээр, бидний төвлөрч чадаж байхыг хүсдэг зүйл бол болж буй зүйлийн талаар зөв ойлголттой байх. Бид бүгд бодит байдлын талаар – бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог, дэлхий хэрхэн оршдог талаар янз бүрийн буруу ойлголттой байдаг ба энэ буруу ойлголтоосоо болж үнэндээ бол бодит биш янз бүрийн төсөөлөлүүдтэй болсон байдаг, тийм үү? “Би ямарч нэмэргүй хүн. Азгүй амьтан” эсвэл “Би дэлхий дээрх хамгийн гайхалтай хүн” эсвэл “Би ядарсан хүн. Намайг гэх нэг ч хүн байхгүй” гэх мэтээр бид төсөөлж болно. Гэвч хэрэв бид өөрийнхөө амьдралд байгаа хүн бүрийг, жишээ нь ээж надад хэзээ ч хайртай байгаагүй, миний нохой надад хэзээ ч хайртай байгаагүй гэх байдлаар бодох юм бол нэг ч хүн бидэнд хэзээ ч хайртай байгаагүй болно. Ийм байх бараг боломжгүй.

Бид ингэж ийм зохиомол зүйлүүдийг төсөөлөөд түүнийгээ үнэн гэж боддог. Энэ бол туйлын буруу. Бид ямар нэг уулзалтанд хоцорч очиж болно, эсвэл очихгүй ч байж болно. Хамаагүй, “Тэр яах ч үгүй” гэж боддог, тийм биз дээ? Бид бусдын талаар үнэхээр хайхрамжгүй байдаг. Гэвч хүн бүрт, надад байдаг шиг сэтгэл санаа гэж байгаа. Нэг ч хүн өөрийг нь үл тоохыг хүсдэггүй. Нэг ч хүн товлосон болзоондоо нөгөө хүнээ хоцорч ирэх эсвэл утасдахгүй байхад дуртай байдаггүй. Үүнд дуртай нэг ч хүн байхгүй. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл бол эдгээр зохиомол төсөөллүүдийг таслан зогсоох, энэ бүх утгагүй зүйлүүдийг төсөөлөх, ялангуяа бусдын сэтгэлийг хөндөхгүй байх тал дээр тоомжиргүй ханддаг байдлаа зогсоох явдал. Учир нь энэ бол бидний асуудлын “Би бол энэ ертөнцийн төв. Би үргэлж өөрийнхөөрөө байх ёстой. Би хамгийн чухал хүн” гэсэн хамгийн гол шалтгаан нь болдог. Энэ бол илэрхий зохиомол төсөөллийн тусгал. Нэг ч хүн цорын ганц хамгийн чухал хүн байдаггүй. Гэвч өөрсдийн зохиомол төсөөллийг үнэн гэж итгэсний үндсэн дээр бид хувиа боддог. Тэгэхээр хэрэв бид хувиа хичээсэн байдлаа даван гаръя гэж бодож байвал тэр зохиомол төсөөллөө буулгаж, түүнийг сэтгэлдээ тусгахаа зогсоох хэрэгтэй. Хэдий сэтгэлд би ертөнцийн төв, ганцаараа байгаа мэт санагдавч (учир нь нүдээ аних үед толгойд ингэж дуугарч, би нэг ч хүнийг хардаггүй болохоор би өөрөө ганцаараа байгаа мэт байдаг) үүнийг бид андуурал гэдгийг санаж “Энэ бол тийм биш. Ердөө л тийм юм шиг санагддаг” гэж итгэхийг хичээх хэрэгтэй.

Цаг үргэлж ийм ойлголттойгоо байх нь асуудлуудаа үнэн зогсооход хүрэх жинхэнэ (үнэн) зам мөр гэж Бурхан багш хэлсэн. Хэрэв бид цаг үргэлж ийм зөв ойлголттой байдаг байсан бол бид ямар ч буруу ойлголтгүй байх байсан. Хэрэв бидэнд ямар ч буруу ойлголт байхгүй байсан бол бидэнд ямар ч уур бухимдал төрөхгүй байх байсан. Бидэнд шунал, хүлээс зэрэг байхгүй байх болно. Хэрэв бидэнд эдгээр сэтгэлийн аль нь ч байхгүй байвал бид түрэмгийлэх байдлаар үйлдэхгүй. Хэрэв бид түрэмгийлэх байдлаар үйлдэл хийхгүй байвал бид ямар ч асуудал өөртөө болон өрөөл бусдад авчрахгүй. Энэ бол бидний амьдрал дахь асуудлуудыг хэрхэн шийддэг Бурханы шашны үндсэн арга.

Хэрэв бид бусадтай илүү сайхан харилцаатай байхыг хүсвэл дараах байдлаар ойлгосон байх хэрэгтэй. Үүнд:

  • Би хүн. Тэр бас хүн. Бид бүгдээрээ адил сэтгэлтэй
  • Хүн бүрт хүчтэй тал ч бий. Хүн бүрт сул тал ч бий. Надад аль аль нь байгаа, түүнд ч бас
  • Хэн ч цагаан морь унасан сэтгэл булаам гүнж эсвэл ханхүү биш.

Та нарын уншиж байсан үлгэрүүд дотор ийм дүр байдаг уу? Бид үргэлж тэр цагаан морь унасан гүнж эсвэл ханхүүтэй адил төгс хүнийг хайж байдаг. Гэтэл тэр чинь үлгэр. Ийм юм байдаггүй гэвч бид түүнийг төсөөлж байдаг. Тэр үлгэрт итгэсэн байдаг учраас бид тэр хэн нэгнийг гүнж, ханхүү мэт байна гэж боддог ба хэрэв тэд тийм биш байвал бид уурлаж бухимдаж, заримдаа бүр тэдэнд дургүйцдэг. Тэгээд дараагийн танилцсан хүнээ гүнж, ханхүү гэж төсөөлдөг. Гэвч бид хэзээ ч гүнж юмуу ханхүүг олохгүй. Учир нь тийм зүйл байдаггүй.

Ингээд хэрэв бид эрүүл саруул харилцаатай байхыг хүсвэл бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бодит байдал бол өмнө нь хэлсэнчлэн хүн бүр сайн талтай, хүн бүр сул талтай, бид яаж ийгээд хамт амьдарч сурах хэрэгтэй байдаг ба хэн ч ертөнцийн төв биш. Тэгээд ямар ч гүн ухаан, шашны ерөнхий сургаал нь сайхан сэтгэлтэй, бусдыг анхаардаг, асардаг, өглөгч, бусдыг уучилдаг байхыг сургадаг. Бүх шашин, бүх гүн ухаан адил зүйл сургадаг. Бурханы шашин ч мөн адил.

Бидний ажлын байранд ч бас адил зарчим үйлчилнэ. Хэрэв та байгууллагадаа хамт ажилладаг хүмүүст анхаарал халамжтай ханддаг бол (эсвэл хэрэв та ажил олгогч байгаад ажилчиддаа анхаарал халамжтай ханддаг бол), бизнес бүхэлдээ илүү түвэггүй явагдана. Хэрэв та дэлгүүрт ажилладаг бөгөөд худалдан авагч нартаа анхааралтай, ая таатай ханддаг бол уур амьсгал бүхэлдээ илүү таатай байна, тийм биз? Хэрэв хэн нэгэн хийж буй зүйлдээ үнэнч, хуурч мэхлэхгүй байвал мөн л байдал хамаагүй илүү сайн байна. Энэ нь бид ашиг олж, амьдралаа тэтгэхийг хичээхгүй байх гэсэн үг биш харин үүнд хэт шунахгүй байх тухай юм.

Бусад хүмүүс биднийг мэхлэх үед – мэдээж хүн бүр ингэхгүй л дээ – танд юу гэж санагддаг вэ? Бурханы шашны үүднээс бид эдгээр хүмүүсийг муу хүн гэж хэлэхгүй, бид тэднийг буруу ойлголттой, төөрөлдсөн байна гэдэг. Тэд төөрөлдөж, будилсан байдаг. Тэд ингэх нь тэдэнд улам илүү асуудал үүсгэнэ гэдгийг ойлгодоггүй. Нэг ч хүн тэдэнд дуртай байхгүй. Ийм учраас тэд бидний хувьд үзэн ядахаас илүү энэрч хайрлах орон болно. Хэрэв бид тэднийг энэрэн нигүүсэх орон гэж харж тэдэнд хүлээцтэй хандвал биднийг мэхлэх үед сэтгэл тавгүйтахгүй ба дараагийн удаа анхааралтай байж дахин мэхлэгдэхгүй байхыг хичээдэг. Гэвч бид хүмүүсийг юу гэж боддог вэ? Олон хүмүүс дээрхтэй адил байдаг. Тэр бол бодит байдал. Харин төөрөгдөл нь хүн бүр шударга гэж боддог. Хүн бүр шударга биш! Хүн бүр шударга байдаг бол ямар сайхан бэ, гэвч хүн бүр тийм биш. Тиймээс ядаж бид шударга байхыг хичээе.

Бурханы шашинтай биш хүмүүс эдгээр аргыг хэрэглэж болох уу?

Тэгэхээр эдгээр аргуудыг хэрэглэхийн тулд бид Бурханы шашны зан үйл, бясалгал зэрэг чанд зам мөрийг дагах ёстой юу? Үгүй, үнэхээр тэгэх шаардлагатай биш. Эдгээр бүгдийг хэрэглэхэд хатуу тогтсон шашны зам мөр дагах шаардлага байхгүй. Дээрхийн Гэгээн Далай лам үргэлж иргэний ёс зүй, хүний үнэт зүйлийн талаар – бусдын талаар анхаарал тавих, илүү ухамсартай байх, мэдлэг туршлагагүй байж, хий хоосон зүйл төсөөлөхгүй байх тухай ярьдаг. Энэ бүхэн бол хэний ч дагаж болох ерөнхий зөвлөгөө юм.

Бясалгалын тухайд, сууж ийм байдлаар бодохыг оролдож хэрэв анхаарал сарнивал буцааж авчрах байдлаар өөрсдийгөө ийм сэтгэлгээнд сургах аргын тухай ярьдаг. Үүнийг бясалгалд сууж байхдаа Бурханы дүр дээр эсвэл амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг оролдох байдлаар хийж болно. Гэвч үүнийг бас ном унших, хоол хийх, өөр ямар нэг зүйл хийж байхдаа хийж болно. Хоол хийж байхдаа зөвхөн хоол хийх ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зарим нэг солиотой бодолд автах үед түүнийгээ хоол хийх ажиллагаан дээрээ буцааж авчир. Энэ нь заавал Бурханы шашны бясалгал бүтээл байх албагүй. Заавал Бурханы шашны ямар нэг зан үйл оролцуулах эсвэл Бурханы шашны орчин нөхцөл бүрдүүлэх гэхгүйгээр өөрсдийгөө ийм зөв байдлаар бодох, үйлдэх гэх мэтэд хэвшүүлэх олон олон аргууд бий.

Энэ нь бидний Номыг (Дарма) хэрэглэх – урьдчилан сэргийлэх – асуудлуудаас зайлсхийхэд туслах арга юм.

Асуулт байна уу?

Асуулт, хариултууд

Өөрийн дотооддоо болон эргэн тойрондоо юу болж байгааг мэдэх

Асуудлаас зайлсхийхийн тулд бид ердөө цаг үргэлж төвлөрсөн байх шаардлагатай юу?

Асуудлаас зайлсхийхийн тулд бид цаг үргэлж төвлөрсөн байх шаардлагатай юу гэж үү? Нэг утгаараа тийм. Гэвч тэр бол бүрэн дүүрэн хариулт биш. Жишээ нь бид уурлаж хашигчиж, хэн нэгнийг цохихдоо маш сайн төвлөрсөн байж болно. Тэгэхээр энэ бол бүрэн дүүрэн хариулт биш. Бидний дотоодод юу болж байгааг мэдэх – бидний бодол, сэтгэл санаа гэх мэт – мөн нэгэн зэрэг бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн хувьд юу болж байгааг мэдэх, ойлгох хэрэгтэй гэдэг утгаараа бид бас сэргэг байх хэрэгтэй. Хэн нэгэн хүн гэрт ирэхэд – бидний гэр бүлийн нэг гишүүн, эсвэл бидний дотно хэн нэгэн, эсвэл хэн ч бай – түүнийг маш их ядарсан байхыг харж болох юм. Үүнд анхааралтай байх ёстой. Энэ бол тэдэнтэй ямар нэг чухал зүйлийн талаар том яриа эхлүүлэх цаг биш – тэд ядарсан байна. Иймд та үргэлж өөрийн эргэн тойрондоо болж байгаа зүйлд ухамсартай, анхааралтай, төвлөрч байхыг хүсэх болно. Бусдын нөхцөл ямар байгааг, зөвхөн миний нөхцөл ямар байгааг биш.

Бид зөвхөн өөрсдийнхөө нөхцөл байдлыг харах, бусдынхыг харахгүй байх гэсэн туйл руу хазайх, эсвэл зөвхөн бусдад анхаарал тавьж өөрсөддөө тавихгүй байх гэсэн өөр нэг туйл руу хазайдаггүй. Энэ бол зайлсхийх бас нэг зүйл. Бусдад “үгүй” гэж хэлж чадахгүй байх ийм синдромтой олон хүмүүс байдаг ба тэд бусдад, гэр бүлийнхэндээ, эсвэл хэнд ч хамаагүй юм хийж өгсөөр туйлдаа хүртэл ядарч эсвэл бүр залхдаг. Бид бидний өөрсдийн хэрэгцээ юу билээ, бидэнд ямар санагдаж байгааг бас анхаарах нь чухал. Хэрэв бид амрах шаардлагатай бол амарна. Хэрэв бид “Үгүй, уучлаарай. Би үүнийг хийж чадахгүй. Энэ хэтэрхий их байна. Би боломжгүй байна” гэж хэлэх шаардлагатай бол “үгүй” гэж хэл. “Үгүй” гэж хэлэхдээ зүй нь хэрэв боломжтой бол тэдэнд өөр саналыг тавих хэрэгтэй. “Магадгүй тэр хүн тус болж чадах байх” гэх байдлаар зөвлөгөө өгдөг.

Товчоор хэлбэл, өөрийн дотоодод болон эргэн тойрондоо болж байгаа бүх зүйлд сэргэг байж, зөв ойлголт, асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандаарай.

Уур бухимдлын талаар

Та уур бухимдал болон бусад муу нөлөөтэй сэтгэлийн хөдлөлүүдийг шал угаах гэх мэт аргаар даван гарах тухай ярьсан. Гэвч Бурханы шашинд илүү гүнзгий олон арга байдаг гэж онцолж байсан. Эдгээр аргуудыг хаанаас олж үзэж болох талаар зөвлөгөө өгөхгүй юу?

Асуулт бол уур бухимдлыг өнгөц, түр зуур даван туулах тухай ярьсан зарим аргууд – бүх шалаа угаах гэх мэт биеийн хүчний ажил хийх нь цээжинд хурсан их уур бухимдалтай үед тус болдог – мөн зарим илүү гүнзгий аргууд байдаг тухай би цухас дурдсан. Тэгэхээр би тэдний заримаас товч хэлж болох уу?

Цааш нь бага зэрэг гүнзгийрүүлвэл, хэн нэгэн хүнд уурлаж бухимдсан үед түүнийг даван туулах нэг түвшин бол тэвчээрийг төлөвшүүлэх байдаг. Тэгвэл тэвчээрийг яаж төлөвшүүлдэг вэ? Олон олон арга бий. Жишээ нь “байгаа онох тэвчээр” гэж нэрлэдэг нэг арга байдаг. “Хэрэв би бай босгоогүй бол хэн ч түүн рүү буудахгүй.” Жишээ нь би танаас нэг үйл хийхийг хүсээд та буруу хийсэн үед би танд уурлах хандлагатай байдаг. Эсвэл та түүнийг огт хийгээгүй бол. Тэгэхээр энэ хэний буруу вэ? Энэ бол үнэндээ миний буруу. Би өөрөө хийхээс залхуурсан тэгээд танаас хийхийг гуйсан. Тэгээд миний хүлээж байгаа зүйл юу вэ? Хэн нэгэн хүнээс ямар нэг юм хийх хүсэлт гаргаад бид юу хүлээдэг вэ? Та хоёр настай хүүхдийг өөрт чинь аяга халуун цай авчирч өгөхийг хүсээд, тэд түүнийг асгасан гэж бодъё. Мэдээж тэд түүнийг асгана. Үүнтэй адил – хэн нэгнээс ямар нэг зүйл хийж өгөхийг хүсэхдээ бид юу хүлээж байдаг вэ?

Тэгэхээр асуудлыг үүсгэсэн зүйл бол миний залхуурал байсан байна гэж би харна. Бусдад бухимдахгүй. Хэтэрхий залхуу эсвэл завгүй, юу ч байсан – би өөрөө хийхээс залхуурсан учраас би өөр хэн нэгнийг надад ямар нэг зүйл хийж өгөхийг хүссэн гэдгээ би мэдэж байгаа. Гол санаа нь хэрэв би хэн нэгэн өөр хүнээс түүнийг хийхийг гуйж байгаа бол тэд түүнийг маш сайн хийнэ гэж хүлээхгүй байх хэрэгтэй – эсвэл миний хийх байсан аргаар хийнэ гэж, энэ нь бас зөв биш байж болно. Би бас алдаа гаргаж байна. Хэрэв би үүнийг өөрөө хийгээд тэгээд алдаа гаргавал өөртөө бухимдах ямар ч шалтгаан байхгүй. “Би төгс төгөлдөр биш – хэн ч төгс төгөлдөр биш – тиймээс би алдаа гаргадаг.” Ингээд та бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг. “Би хүн. Хүмүүс алдаа гаргадаг. Тэгээд би алдаа гаргасан.” Хэрэв түүнийг засаж болох бол засдаг. Өөртөө бухимддаггүй. Өөртөө бухимдах нь ямар ч утгагүй. Хэрэв чадах бол зүгээр л зас. Хэрэв чадахгүй бол тэр л биз – зүгээр орхиод цаашид түүнийг дахин давтахгүйг хичээ.

Уур бухимдлыг даван туулах илүү гүнзгий түвшин бол бодит байдлыг ойлгох. Одоо би маш энгийн түвшинд ярьж байна. Гэвч ийм энгийн түвшиндээ ч тустай байдаг. “Би ертөнцийн төв биш. Яагаад би үргэлж өөрийнхөөрөө байх ёстой гэж? Яагаад? Би үргэлж өөрийнхөөрөө байх, бусад хүмүүс өөрийнхөөрөө байхгүй байх, миний онцгой зүйл нь юу юм?” Ингэж бодох байдлаар “би” бол ертөнц дээрх хамгийн чухал зүйл гэсэн хатуу үзлийг нурааж эхэлдэг. Хатуу “би” гэсэн үзлийг. Мэдээж цааш нь үргэлжлүүлсээр байж болно. Хэрэв ийм “би” гэсэн, үргэлж өөрийнхөөрөө байна гэсэн үзлийг хатуу барьж байвал өөрийнхөөр чинь болохгүй үед мэдээж маш бухимдана, тийм биз дээ?

Бурханы шашинд бид болон бусад бүгд хэрхэн оршдог тухай хэлэх олон зүйл байдаг. Бид оршдог боловч, жишээ нь нэг жижигхэн “би” миний толгой дотор суугаад ярьж байдаг ба тэр нь миний толгой доторх дуу хоолойны эзэн гэж төсөөлдөг шиг тийм боломжгүй байдлаар оршдоггүй. Нэг жижигхэн “би” “Би одоо юу хийх вэ? За би үүнийг хийе” гэж ярьж, гомдоллодог ба тэгээд бие чинь нэг машин, түүнийгээ та хөдөлгөдөг юм шиг санагддаг. Гэвч энэ бол эндүүрэл. Таны дотор нэг жижигхэн “би” байдаггүй, тийм биз дээ? Гэвч би оршдог – би ярьдаг, юм хийдэг. Тэгэхээр бид ийм төсөөлөлд итгэсэн байдгаа зогсоох ёстой. Учир нь түүнийг бодит байдал юм шиг санадаг. Ингэж л санагддаг. Ийм дуу хоолой гарч байдаг бөгөөд тэнд ярьж байгаа хэн нэгэн байх ёстой.

Бурханы шашинд бидний нэрлэдэг “Сэтгэл судлалын” бүхий л хүрээнд санал болгох олон зүйл байдаг.

Бидний бие махбодын талаар

Надад хоёр асуулт байна. Эхнийх нь бид биетэйгээ хэрхэн ажиллах тухай зарим зүйлийг бага зэрэг дэлгэрэнгүй хэлж өгч болох уу. Бид биеэ амраах шаардлагатай гэж дурдсан, магадгүй бид зарим зүйлүүдийг хийх хэрэгтэй байх. Харин хоёр дахь асуулт: Энэ бүх хоосон төсөөллүүдийн эх сурвалж нь юу байдаг вэ? Жишээлбэл, бидний толгой дотор ярьж байгаа энэ хүн – яагаад энэ гарч ирдэг юм бэ?

Эрүүл мэндтэй холбоотой мэдээж олон мэдлэгийн салбарууд байгаа. Жишээлбэл, Төвдийн уламжлалт бие махбодын энергийг тэнцвэржүүлэх талаар олон зүйлийг тайлбарладаг Буддын анагаах ухаан байна. Ер нь бидний энерги, эрүүл мэндэд бидний хоол, зуршил маш их нөлөөлдөг – хүйтэнд хангалттай дулаан хувцасгүй гарч өвдөх гэх мэт зуршил. Бид ийм зуршлын тухай ярьж байна. Эсвэл хэт ачаалалтай ажиллах – ийм зуршлууд биднийг өвчин тусахад хүргэдэг.

Бид бас биеийн төлөв байдлаа мэдэж байхыг оролддог. Дотооддоо хэдий тайван амгалан болно төдий хирээр сэтгэл төдийгүй биеийн байдалдаа илүү сонор сэрэмжтэй болдог. Сэтгэл санаа түгшиж түүнийгээ анзаарах үед, жишээлбэл – бидний судасны цохилт маш хурдан байгааг мэдэх гэх мэт – бидний хийж болох маш энгийн зүйлүүд байдаг. Бүр ердөө хоолныхоо дэглэмийг тохируулах байдлаар. Жишээ нь бид кофе, өтгөн цай уухаа зогсоож, энерги нэмэх үүднээс илүү хүндэвтэр хоол идэж болно, тослог хоол гэх мэт – бяслаг эсвэл юу ч байж болно. Дулаан бай, салхинд эсвэл нэвт салхитай газар битгий бай. “Трррр” гэсэн дуу чимээ гаргадаг өндөр хүчтэй машин техникийн дэргэд битгий бай гэх мэт. Энэ нь энергийг илүү их доргиодог. Тайван нөхцөлд бай. Ийм түвшний хэвшүүлэх зүйлүүд бас байдаг.

Төвд уламжлал нь биеийн дасгал хөдөлгөөнүүд эсвэл Хятад, Японы Бурханы шашны уламжлалд байдаг тулааны урлагийн аргаар бие махбодтой ажиллахыг онцолдоггүй. Гэсэн хэдий ч Тай чи, Чигонг болон тулааны урлагийн тодорхой бусад төрлүүд нь их тустай байж болдог. Тэдгээр нь өөрийн хөдөлгөөнийг анхаарах байдлаар төвлөрлөө хөгжүүлдэг аргууд юм. Төвдүүдийн хийдэг дасгал нь энергийн системтэй ажиллах, илүү нарийн өөр арга байдаг, тулааны урлагийн арга шиг биш. Энэ нь илүү йога талын, арай өөр арга юм. Энэ бүгд бид бие махбодтойгоо хэрхэн ажиллаж болох тухай байлаа.

Бидний толгой дахь дуу хоолой хаанаас гардаг вэ?

Бидний толгой дахь дуу хоолойны хувьд, энэ нь бидний сэтгэлийн мөн чанартай холбоотой бөгөөд нилээн ярвигтай болж ирдэг. Бурханы шашинд сэтгэлийн тухай ярих болоход бид нэг биет зүйлийн тухай биш бодох, харах, сэтгэл хөдлөлтэй холбоотой сэтгэлийн үйл ажиллагааны тухай ярьдаг. Энэ бол маш, маш их өргөн ойлголт. Тэр үйл явцад юу болдог вэ гэхээр нэг төрлийн сэтгэлийн голограм (гурван хэмжээст фото дүрс) үүсдэг. Жишээлбэл, бид нэг зүйлийг харах үед гэрэл нүдний торлог бүрхэвчийг мөргөж, мэдрэлд электрон хүчдэл, химийн харилцан үйлчлэл үүсгэж үүний үр дүнд тухайн зүйл хэрхэн харагдах талаар нэг төрлийн гурван хэмжээст дүрс гарч ирдэг. Тэр нь үнэхээр сэтгэлийн гурван хэмжээст дүрс байдаг. Энэ нь тэдгээр химийн нэгдлүүд болон электрон хүчдэлүүдээс үүсдэг.

Гурван хэмжээст дүрсүүд нь зөвхөн харааных байдаггүй. Эдгээр сэтгэлийн голограм нь дуу чимээ байж болно, жишээ нь үг гэх мэт. Бид нэг өгүүлбэрийг нэг агшинд бүгдийг нь сонсдоггүй – хэсэг хэсгээр нь сонсдог – тэгээд бүхэл өгүүлбэрийн нэг голограм бий болж түүний ямар утгатай болохыг нь ойлгодог. Үүний адилаар сэтгэл хөдлөлийн хэлбэрээр, бодлын хэлбэрээр бас үгийн хэлбэрээр – дуу хоолой – голограмууд бий болдог. Ердөө ийм явц бий болдог. Зарим танин мэдэхүйн үйл ажиллагаа оролцдог. Энэ нь бидний харах, бодох, мэдрэх үйл явц. Энэ бол сэтгэлийн үйл явц хэрхэн явагддаг нь юм. Энэ үйл явц нь ямар нэг түүнээс тусдаа үүнийг харж, хянаж, явуулдаг “би” гэж байхгүйгээр явагддаг. Ийм сэтгэлийн голограмын хэсэг нь “би”-ийн тухай – “Тэр дуу хоолой бол би” гэсэн бодол байдаг. Хэн бодож байна? Би бодож байна. Би бодож байна гэж бодож байгаа тэр нь бол та биш юм. Тэр бол нэг бүхэл голограмын үйл явцын хэсэг юм.

Бидний толгой дахь энэ дуу хоолойны эх сурвалж юу вэ? Энэ нь сэтгэлийн үйл явцын нэг онцлог үйл явц юм. Бүх сэтгэлийн үйл явц хэрхэн явагддаг нь их чухал биш. Энэ дуу хоолой цаг үргэлж гарч байдаггүй, чийгийн улаан хорхойн толгойд бодол, дуу хоолой гарч байна гэвэл би итгэхгүй. Мэдээж тэр чийгийн улаан хорхой уураг тархитай, сэтгэлтэй, хардаг, үйлдэл хийдэг.

Үнэхээр энэ талаар бодоод үзэхээр илүү их сонирхолтой болж эхэлдэг. Дууны чимээний голограм нь харилцааны нэг хэлбэр, тийм үү? Энэ бол үгний сэтгэлд буух хэлбэрийг илэрхийлдэг нэг төрлийн дүрслэл юм. Нэг сонирхолтой асуулт бол, хэн нэгэн төрөлхийн сонсголгүй хүнд дууны тухай ямар ч ойлголт байхгүй – тэдний толгойд дуу хоолой дуулддаг болов уу, эсвэл тэд дохионы хэлтэй холбож боддог болов уу? Энэ бол маш сонирхолтой асуулт. Би үүний хариултыг олоогүй.

Дуу хоолой ч бай, дохионы хэл ч бай, юу ч бай – эсвэл чийгийн хорхой яаж боддог нь ч бай – андуурал бол ярьж байгаагийн цаана тусдаа нэг “би ” гэж байгаа ба тэр нь хяналтын самбарын ард сууж байдаг бөгөөд нүднээс дэлгэцэн дээр мэдээлэл орж ирэхэд, тэд нэг микрофонтой, түүгээрээ ярьж тэгээд хөл, гараа хөдөлгөх товч дардаг гэсэн ойлголт юм. Энэ бол бүрэн буруу төөрөгдөл. Гэтэл хяналтын самбарын ард сууж байдаг тэр “би” нь “Хүмүүс миний тухай юу гэж бодох бол?” “Би одоо юу хийвэл дээр вэ?” гэх үүний объект нь байдаг. Бидний санаа тавьж, түүний талаар санаа зовдог зүйл бол энэ хяналтын самбарын ард байдаг “би” юм.

Бид энэ “би” гэдэг нь хий хоосон зүйл гэдгийг ойлгох үед ямар ч санаа зовох зүйлгүй болдог. Бид ярьдаг, үйлдэл хийдэг. Мэдээж энэ бол би, ярьж байна, үйлдэл хийж байна. Хэрэв хүмүүст энэ таалагдахгүй бол таалагдахгүй л байдаг. Тэгээд яахав дээ? Бурхан багш хүн бүрийн сэтгэлд нийцдэггүй байсан. Хүн бүр Бурхан багшид дуртай байгаагүй. Харин миний хувьд би яадаг вэ? Бид ойлгож, асарч, энэрч тэгээд үйлддэг. Ингээд л боллоо. “Миний тухай тэд юу гэж бодох бол?” гэж битгий санаа зов. Энэ сонсогдож байгаа шигээ хийхэд тийм хялбар биш л дээ.

Бусдын бухимдсан үед өөрсдийгөө хянах

Бусад хүмүүс бидэнд бухимдсан үед өөрсдийгөө хэрхэн хянах вэ?

Бид тэднийг жижиг хүүхэд гэж хардаг. Хэрэв хоёр настай жаахан хүүхэд бидэнд уурлаж, “Одоо унтах цаг боллоо” гэхэд “Та муухай. Би танд дургүй хүрч байна” гэж бөөн сүйд болвол бид уурладаг уу? Зарим хүмүүс уурладаг. Гэхдээ тэр чинь ердөө хоёр настай хүүхэд, бид юу хүлээх вэ дээ? Тэднийг тайвшруулахыг оролд. Хоёр настай хүүхэдтэй байгаа юм шиг зөөлөн бай. Дээрх шиг хоёр настай хүүхдэд яаж хандах вэ? Энэ талаар сайн бод. Ер нь хоёр настай хүүхдийг муухай аашлах үед тэднийг тэвэрч авч хайрлаж энхрийлэхэд тэд тайвширдаг, тийм биз дээ? Хашгичвал тэд улам их уйлдаг. Томчууд ч бас ийм байдаг – том биетэй нялх хүүхэд шиг.

Энд ингээд дуусгая гэж бодож байна. Та бүхэнд их баярлалаа.

Top