Стрессийг шийдвэрлэхэд туслах Бурханы шашны ойлголтууд

Энэ үдэш магад гарах сэтгэл буюу өөрсдийн асуудлуудаас чөлөөлөгдөх шийдвэрийн талаар – ялангуяа бид түүнийг Москва гэх мэт ийм том хотуудад амьдрахтай холбоотойгоор хэрхэн ойлгож болох талаар ярих хүсэлт хүлээн авлаа. Гэвч энэ сэдвийг авч үзэх үед орчин үед бидний амьдралд тохиолдож байгаа асуудлуудын ихэнх нь ердөө том хотод амьдрахаар хязгаарлагддаггүй олж мэдэх болно.    

Хэт идэвх стрессийн эх сурвалж болох нь

Мэдээж том хотуудад агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачаалал гэх мэт хөдөө суурин газар байхгүй байж болох зүйлүүд байдаг хэдий ч эдгээр нь дангаараа стресс үүсгэдэг хүчин зүйлүүд биш. Хэрэв илүү нухацтай авч үзвэл хүмүүсийн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалах орчин үеийн хүн бүрд тулгарч буй асуудлуудыг олж харж болно. Бидэнд илүү их сонголт, илүү их мэдээлэл, илүү олон телевизийн суваг, кино, бараа бүтээгдэхүүний сонголт бий болсон нь үүний нэг салшгүй хэсэг гэж би бодож байна. Ихэнх хүмүүс гар утас хэрэглэх болсноор тэд имэйл, мессеж, чат зэргийг тогтмол хүлээн авч, тэр бүхэнд нэн даруй хариулах шаардлага бий болсон. Хэдийгээр энэ бүхэн нь биднийг бусадтай холбоотой байхад тустай боловч зарим тохиолдолд энэ нь ердөө дэндүү их; энэ нь цаг үргэлж өрнөх бөгөөд үүний цаана байх “Би ямар нэг зүйлээс хоцрохыг хүсэхгүй байна. Энэ чухал байж магадгүй. Би орхигдож хоцрохыг хүсэхгүй” гэх сэтгэл зүйгээс шалтгаалан бид маш их итгэлгүй болдог.

Бид юу болж байгаа талаар үргэлж шалгаж байх шахалтанд орох бөгөөд мэдээж цаг үргэлж шинэ зүйл, шинэ мессеж, шинэ чат ирсээр бид ердөө сэтгэл дүүрэн мэдрэмж авдаггүй. Ямар нэг зүйл үзэхийг хүсэх үед, тухайлбал YouTube эсвэл телевизээр – энд Москвад хэдэн телевиз байдгийг би мэдэхгүй байна, европ, америкт хэдэн зуун телевизийн сувгууд байх бөгөөд та ямар нэг зүйл үзээд түүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй, учир нь “ямар нэг өөр сайн зүйл гарч байж магадгүй” гэж танд санагдах ба “миний үзэж амжихгүй хоцорч байгаа ямар нэг зүйл байж магадгүй” гэсэн эрж хайсан сэтгэл танд үргэлж төрдөг.

Өөрсдийн виртуал ертөнцөөс өөрийг хүлээн зөвшөөрсөн үнэлэмж хайх

Ийм зүйлүүд нь бидний хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан бидэнд үнэхээр их сэтгэлийн дарамт бий болгодог гэж би боддог, энэ нь том хотод ч байж болно, жижиг тосгонд ч байж болно. Бид ямар нэг нийгэмд, ямар нэг найз нөхдийн бүлэгт харьяалагдахыг хүсэх ба фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зүйлдээ “таалагдсан” гэсэн сэтгэгдэл авснаар ямар нэг байдлаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж буйгаа мэдэхийг хүсдэг. Гэвч бид тэр тухайд тайван байж чаддаггүй. Бидний хүлээн авсан “таалагдсан” гэсэн саналын тоонд бид сэтгэл ханамжтай байдаггүй, илүү их санал авахыг хүсэх ба заримдаа “Тэд чин сэтгэлээсээ саналаа өгч байна уу” хэмээн түүнд эргэлзэнэ. Тэд ердөө л товчлуур дарж байж болно эсвэл ердөө автоматаар товч дарагдаж байж болно (“таалагдсан” гэсэн олон санал авах үүднээс та мөнгө төлж болно). Утсанд мессеж ирэх үед бид сэтгэл хөдөлж, ямар нэг онцгой зүйл байх болов уу хэмээн хүлээдэг.    

Фэйсбүүк хуудсаа нээж үзэх үед бидэнд ийм хүлээлт байх ба “илүү олон таалагдсан гэсэн санал хүлээн авсан байна уу” гэж харна. Эсвэл өөрийгөө хэр байнга илэрхийлж  байгаад санаа зовнин ямар нэг шинэ зүйл, сонирхолтой зүйл болж буй эсэхийг мэдэхээр үргэлж мэдээ мэдээлэл хайна. Учир нь бид ямар нэг зүйлээс хоцрохыг хүсдэггүй.

Мэдээж үүнийг илүү гүнзгий авч үзэх үед түүний цаана “Би маш чухал хүн, болж буй зүйлийн талаар бүхнийг мэдэж байх ёстой бөгөөд би бүх хүмүүст таалагдах ёстой” гэсэн сэтгэл зүй байдгийг олж мэднэ. Би үнэхээр чухал, бүх зүйлийг мэдэж байх ёстой бөгөөд хүмүүс надад үргэлж анхаарал хандуулж байх ёстой хэмээх бодлын учир шалтгааныг бид Бурханы шашны ойлголтын үүднээс нэлээд гүнзгий түвшинд шинжилж үзэж болно. Яагаад бид өөрийн талаарх бодолд үнэхээр их эзлэгддэг вэ? Энэ талаар бид авч үзэж болох боловч энэ үдшийн хувьд энэ сэдвийг түр орхиё.       

Өөрсдийн нөхцөлийн бодит байдлаас зугтах  

Нэг талаараа бид өөрсдийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд цөхрөн метронд эсвэл гадуур явах үедээ гар утсаараа мэдээлэл хайх, эсвэл хөгжим сонсох байдлаар түүнээс зугтахыг хичээдэг. Бид үргэлж iPod-оор хөгжим сонсон чихэвч зүүх бөгөөд энэ талаар бодож үзэх юм бол энэ үнэхээр бодит байдалтай зөрчилдөж буй явдал байдаг. Нэг талаараа бид нийгмийн бүлгүүдэд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байдаг бол нөгөө талаараа бид үнэхээр бодитойгоор нийгэм дунд орохдоо гар утсаараа тоглоом тоглох, эсвэл маш чанга хөгжим сонсох байдлаар бусдыг өөрөөсөө тусгаарлаж байдаг.

Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол ганцаардал гэсэн үг, тийм биз дээ? Бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг; бусад биднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэт санагддаг учраас бид ганцаарддаг. Гэвч нөгөө талаараа бид өөсрдийн виртуал ертөнц рүү орох байдлаар өөрсдийгөө бусдаас тусгаарладаг бөгөөд энэ нь бас маш их ганцаардах сэтгэлийг бий болгодог, тийм биз дээ?

Бид өөрийн эрхгүй ямар нэг сонирхолтой зүйлээр цаг өнгөрөөхийг хүсэх бөгөөд аливаа нэг үйл явдал болоогүй нэг ч хором байж болохгүй мэт бидэнд санагддаг. Энэ нь бодит байдалтай зөрчилдөж буй өөр нэг хэлбэр. Нэг талаараа бид тайван, нам гүм байдлыг хүсэх боловч нөгөө талаараа мэдээ мэдээлэл, хөгжим урлаг байхгүй нөхцөлөөс бид эмээж байдаг.

Метронд ч байсан, хаана ч байсан ялгаагүй бид ямар нэг байдлаар гадаад орчны дарамт шахалтаас зугтахыг хүсэн гар утас, интернет гэсэн өөрсдийн жижигхэн виртуал ертөнцөд ордог. Гэвч тэнд ч мөн адил бид найз нөхөддөө хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх ба хэзээ ч бүрэн итгэлтэй байдаггүй. Энэ бол үнэхээр бидний бодож үзэх хэрэгтэй зүйл: гар утасныхаа хүрээнд байх нь стрессийг шийдвэрлэх шийдэл мөн үү? Том хот эсвэл өөр ямар ч газар амьдарч байсан энэ шийдэл болж чадах уу?

Зуршил болсон сөрөг хэв маягиийг таньж түүнийг арилгах шийдвэр гаргах

Бидний хийх хэрэгтэй зүйл бол зуршил болсон ийм сөрөг хэв маягаас үүдэлтэй бэрхшээл тулгарах үед түүнийг таньж, эх сурвалжийг нь тодорхойлох явдал. Яагаад бидэнд ийм зуршил тогтдог вэ?

Тэдгээрийн эх сурвалжийг арилгах аргыг мэдсэний үндсэн дээр, түүнийг арилгах боломжтой гэсэн итгэлээр бид тэрхүү асуудлыг даван туулна гэсэн шийдвэр гаргадаг. Гэвч энэ нь тэрхүү асуудлыг ердөө байхгүй болгон, ямар ч сэтгэлийн мэдрэмжгүй дэмий хотоор алхана гэсэн үг биш. Амар амгалан гэдэг нь ердөө ямар нэг зовлон бэрхшээлгүй байна гэсэн үг биш; энэ нь сэтгэлийн тайван байдалтай холбоотой. Бид ямар нэг мэдрэмж мэдрэхгүй байхыг зорьдоггүй, энэ бидний зорьж буй зүйл бас биш.

Гадаад хүчин зүйлүүд, нөхцөлүүд нь бидний туулж байгаа зовлон бэрхшээл, сэтгэл хямралын эх сурвалж биш гэдгийг бид таних хэрэгтэй. Хэрэв тийм байсан бол хүн бүр тэдгээрийг адилхан туулах байсан.

Тэгэхээр асуудал бол интернет, бидний гар утас биш. Хэрэв зөв зохистой хэрэглэх үед тэдгээр нь мэдээж бидний амьдралд маш хэрэгтэй зүйл байна. Асуудал бол бидний тэдэнд хандах хандлага, тэдгээртэй холбоотойгоор төрөх бидний сэтгэл хөдлөл, бид үнэндээ интернет орчинг хэрхэн авч үзэж, хэрхэн өөрсдийн амьдрал дахь нөхцөл байдлуудыг шийдвэрлэж буй явдал юм.

Бидэнд олон олон өөрт гэм хор бүхий зуршлууд байдаг бөгөөд тэдгээр нь бүгд айдас, бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий, аливаа зүйлийн гадна үлдэж хоцрох вий  гэсэн эмээх, өрсөлдөх сэтгэл гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөвийн улмаас бүрэлдэн тогтож байдаг. Гэвч тэдгээрийг даван туулахад авч хэрэглэхийг оролдож байгаа бидний арга болох олон нийтийн сүлжээнд цагийг өнгөрүүлэх нь ердөө бидэнд улам ихээр дарамт болдог. Тэр нь “би хүмүүст таалагдах болов уу?” гэх мэтээр сэтгэл зовнилыг улам илүү болгоно.

Өсвөр насныхны хувьд интернет орчинд бие биеэ шоглох гэх мэтээр энэ нь улам илүү муу байна. Энэ нь зөвхөн “таалагдсан” гэсэн санал авч хүн бүр таныг хэдэн санал авсныг харах тухайд бус хэрэв та “таалагдаагүй” гэх мэт шоглох төрлийн санал авах үед хүн бүр түүнийг бас харж байдаг. Энэ үнэхээр таагүй, тийм биз дээ?

Хүмүүс олон нийтийн сүлжээнд өөрсдийн цагийг сайхан өнгөрүүлж байгаа тухай зургийг нийтэлдэг. Тэд зовлон бэрхшээлтэй байх үеийн зургаа нийтэлдэггүй. Ингээд та бүх найзуудынхаа цагийг сайхан өнгөрүүлж буй тухай зургуудыг харж харин өөрөө гар утастайгаа ганцаараа өрөөндөө сууж байдаг. Энэ тийм таатай сэтгэлийн төлөв биш, тийм биз дээ?

Энэ бүх олон нийтийн сүлжээ зэргийн хүрээнд юу болж байгаа тухайд бид тодорхой бодит хандлагатай байх хэрэгтэй. Фэйсбүүк хуудсандаа таалагдсан гэсэн өчнөөн төчнөөн санал авсан ч тэр нь таныг итгэл дүүрэн болгохгүй, үүнд тийм чадамж байдаггүй. Харин бүр эсрэгээрээ. Бид мэдлэг туршлагагүй, гэнэн байж тэр нь бидэнд маш том өөрчлөлт авчирна гэж боддог. Энэ нь илүү их олон санал авах хүсэл төрүүлэх ба бид ердөө сэтгэл ханадаггүй. Дараа дараагийн санал ирсэн эсэхийг дахин дахин шалган, өөртөө итгэлгүй байна.

Би ч мөн өөрийн вэб хуудасны хувьд энэ мэт байдгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй; өнөөдөр хэдэн хүн түүнд хандсан байна хэмээн дахин дахин шалгана. Энэ адил зүйл. Зарим нь өдөр бүр валютын ханш харж би хэдэн төгрөг алдсан байна хэмээн шалгана. Бид сэтгэл тайван байна гэж ердөө байдаггүй (инээв). Эсвэл зарим нь компьютер тоглоомын орчинд орж, тэгснээр  асуудлууд ямар нэг байдлаар байхгүй болно гэж боддог. Энэ нь архи ууснаар тэр бүх асуудлууд байхгүй болно гэж бодохоос тийм их ялгаатай биш.

Хэрэв энэ байдлыг дүгнэж үзэх юм бол энэ нь бидэнд ямар их гэм хортой болох, амьдралын аливаа дарамт, шахалтыг шийдвэрлэхээр оролдож байгаа бидний арга зам илүү их асуудал бэрхшээлүүдийг үүсгэдэг болохыг олж харна.    

Өөрсдийн нөхцөл байдлыг үр дүнтэй шийдвэрлэхэд ялгах ухаан хэрэгтэй болох нь

Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн байгаа нөхцөл байдлыг таних ялгах ухамсар бидэнд хэрэгтэй. Жишээ нь, бидний ажил маш ачаалал ихтэй: бид түүнийг хийж, гүйцэтгэх ёстой; энэ бол бодит байдал. Бид тэрхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бодит байдал бол бид өөрийн чадах хамгийн сайнаараа түүийг хийх явдал. Хэрэв бид энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөх юм бол өөрийн ажлыг маш хэцүү, өөрсдийгөө “хангалттай сайн биш” гэж төсөөлөх явдлыг зогсооход тустай.  

Асуудал бол бид өөрсдийгөө төгс төгөлдөр байх ёстой гэж бодох явдал. Бурхан л биш бол хэн ч төгс төгөлдөр биш. Хэдийгээр дарга маань биднийг төгс сайн байх хэрэгтэй хэмээн дарамт шахалт үзүүлж байсан ч бодит байдал бол тийм байх боломжгүй. Хэрэв энэ нь боломжгүй юм бол боломжгүй тэр зүйлийг хийж чадахгүй байна хэмээн яагаад бид толгойгоороо хана мөргөн өөрсдөө буруутай мэт санана гэж?   

Тэгэхээр бид өөрсдийн чадах хамгийн сайнаараа байж, нөхцөл байдлын бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд өөрсөддөө тулгараад буй нөхцөл байдлын бодит байдлыг санан, түүнийг “боомжгүй зүйл” хэмээн хэтрүүлэн үнэлж эсвэл “би ердөө гар утсаараа тоглон, интернет орчинд орон тэр бүгдээс зугтаж болно” хэмээн доогуур үнэлэхгүй байх хэрэгтэй.

Та түүнийг шийдвэрлэх ёстой. Та ажлаа хийх ёстой. Хэрэв бид түүнийг доогуур үнэлж байвал түүнийг үнэндээ заавал шийдвэрлээд байх шаардлагагүй зүйл гэж бодно. Жишээлбэл та ажил дээрээ хийж гүйцэтгэх нэг даалгавар авсан боловч түүнийг хийхийг хүсэхгүй байвал та тэр үед хэрхэх вэ? Танд түүнийг шууд хийх сахилга бат байх уу эсвэл танд интернетэд орох, “шинэ мессеж ирсэн байж магадгүй, хэн нэгэн ямар нэг сонирхолтой зүйл нийтэлсэн байж магадгүй” хэмээн утсаа шалгах сэтгэл төрөх үү? Энэ бол та тэрхүү даалгаврыг хийж гүйцэтгэх ёстой гэсэн бодит байдлыг доогуур үнэлж буй явдал. Бидэнд үнэхээр асуудал бий болгож байгаа тэр зүйл юу болохыг танихыг хичээх хэрэгтэй.    

Үүнийг бид хэрхэн шийдвэрлэх вэ?  

Аливаа үйлдэл бидний гормоны хариу урвалд хэрхэн нөлөөлдгийг ойлгох  

Бид хувийн сахилга бат болон бусад жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй бөгөөд бүр шинжлэх ухааны үүднээс, бидний гормоны өөрчлөлтийн хувьд стресс бухимдлыг шийдвэрлэх тухайн арга хэрхэн үр дүн өгч байгааг ойлгох боломжтой. Энэ нь Бурханы шашин юун талаар ярьж байгаа тухайд эрс өөр ойлголт, шинжлэх ухааны нэлээд ул суурьтай тайлбар өгнө.       

Кортизол ба дофамин гормонууд

Таны сэтгэл хямрах үед гормоны түвшинд юу явагдах вэ гэхээр кортизолын түвшин нэмэгдэнэ. Кортизол нь стрессийн гормон учраас бид түүнийг арилгах ямар нэг зүйл хайна. Бидэнд амгалан тайван байдал бий болгож түүгээр бид энэхүү кортизол ялгарах явдлыг зогсооно гэж үзэх бидний стратеги юу байх вэ? Бид тамхи татъя эсвэл олон нийтийн сүлжээнд орж тэрхүү стрессийг арилгах ямарнэг сонирхолтой зүйл эрж хайя гэж боддог. Тэр зүйл сэтгэл тайвшрахад тусална гэсэн бодлоор хөөрөн, баясах сэтгэл төрөх үед бидний дофамин гормоны түвшин нэмэгдэнэ. Дофамин нь сайн зүйл хүлээх үед үүсдэг гормон; энэ нь араатан амьтан идэш хоол хайн ямар нэг амьтны араас хөөх үед ялгардаг гормон, тэнд энэ хүлээлт байдаг. Хайртай дотны хүнтэйгээ уулзахаар явах гэх мэт үед түүнийг танихад хялбар. Хэчнээн сайхан байх бол гэсэн хүлээлтээр дофамины хэмжээ маш их өснө. Ингээд бодитоор тэр хүнтэйгээ уулзах үед тэр нь тийм сайхан биш болон хувирч болно. Гэвч таны баяр жаргалын түвшинг нэмэгдүүлдэг тэр хүлээлт энэхүү дофамин, энэ гормон дээр суурилдаг.    

Бид үнэндээ биологийн амьтад гэдэг нь эндээс ихээр харагддаг. Ингээд тамхи татаж эсвэл итернетэд орсны дараа тэр нь сэтгэлийг бүрэн хангадаггүй, бидний стресс эргэн ирнэ. Тэгэхээр энэ бол тийм сайн стратеги биш.     

Иймд бид тамхи тэрхүү асуудлыг шийдвэрлэнэ эсвэл мэдээ, фэйсбүүк хуудаснаас ямар нэг сонирхолтой зүйл олж мэдэх нь стресийг арилгана гэсэн буруу ойлголтонд итгэхийн сул талыг ялгаж мэдэх хэрэгтэй.

Үүнийг хамгийн сайн стратеги гэж бодохын сул талыг ойлгох үед бид тэр зуршлыг арилгах шийдвэр гаргаж болно. Энэ зуршил ямар ч үр дүнгүй байна.

Зуршил болсон сөрөг хариу үйлдлүүдийг дагахгүй байх

Ингээд бид тамхинаас ямар нэг тусламж эрэхийг зогсоодог. Тамхи татах нь түүнд ямар нэг тус байдаг эсэх үүднээс үнэхээр нэг өөр сэдэв. Ямар ч тус байдаггүй. Харин интернетийн хэрэглээ, олон нийтийн сүлжээний хэрэглээ, цаг үргэлж мессежээ шалгахын хувьд бид үүнийг тохируулах хэрэгтэй, цаг үргэлж түүнийг нээлттэй байлгах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл түүнээс ямар нэг тус хайн хэрэглэхгүй байх явдал. Түүнийг асуудлаас зугтах хэрэгсэл болгон хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүний биелүүлж чадахгүй нэг зорилгоор бус бидэнд тустай тэр зорилгоор нь ашигла.  

Уйдсан, эсвэл ажил дээрээ, гэртээ бидний онцгойлон хийх дургүй ямар нэг зүйлтэй тулгарах үед мэдээж энэ үнэхээр хэцүү бөгөөд бид өөрийн эрхгүй гар утас руугаа татагддаг, тийм биз дээ? Гэвч бид жингээ хасахын тулд хоолны дэглэм барьдагтай адил оюуны хэт ачааллыг хасахын тулд мэдээ мэдээллийн дэглэм барих хэрэгтэй болно. Хоолныхоо хэмжээг хязгаарладагтай адил бид мэдээ мэдээлэл, мессеж, хөгжим зэргийн хэмжээг хязгаарлахыг хичээх хэрэгтэй.

Тэгэхээр өөрт гэм хор бүхий хуучин зуршлаа хязгаарлах үед юуны түрүүн стрессийн кортизол гормоны түвшин нэмэгдэнэ. Учир нь хуучин зуршлууд маш, маш хүчтэй байдаг. Тамхи татахаа зогсоох эсвэл архи, мансууруулах бодис хэрэглэхийг зогсоох үед түүнд татагдах маш хүчтэй шинж тэмдэг илэрдэг адил интернет, эсвэл олон нийтийн сүлжээний мессеж, хөгжим зэргээс түр завсарлах үед түүнд татагдах стресс үүсэж байдаг. Энэ нь хоргүйжүүлэх үйл явцтай адил. Хүмүүс iPod-ынхоо чихэвчийг зүүн байнга хөгжим сонсож сурсан байдаг бөгөөд хөгжмөө сонсохоо зогсоосны дараах хэсэг хугацаанд толгойд хөгжим эгшиглэсээр байдаг энэ үед түүний хорыг гадагшлуулах талаар тайлбарласан байдаг. Толгойд эгшиглэх хөгжмийг намжаахад нэлээд хугацаа шаардагддаг. Үүнийг би маш сайн жишээ гэж бодож байна, толгойд хөгжмийн их ачаалалтай байх.

Үргэлж толгойд нэг хөгжим эгшиглэж байгаа учраас та өөр ямар нэг зүйлийн талаар бодож,  хийж чадахгүйд хүрнэ. Ялангуяа нэг төрлийн хөгжим дахин дахин давтагдах үед энэ нь танд хэцүү байна. Гэвч хэрэв бид хүчин чармайлт гаргавал түүнд татагдах стрессийн түвшин алгуур буурч бид сэтгэл тайвширч байгааг ажиглах болно. Энэ үед бид өөрсдийн сөрөг зуршлыг эерэг зуршлаар солих илүү сайн нөхцөл бүрдэнэ.

Зөвхөн Бурханы шашинтнуудаар хязгаарлагдахгүй хэн бүхний хэрэглэж болох маш сайхан аргууд байдаг. Тухайлбал, бид хүн төрөлхтний нэг хэсэг бөгөөд бүгд хоорондоо харилцан хамааралтай байж, бидний сайн сайхан бусдаас шалтгаалдаг гэдгийг ойлгох нь бусадтай холбоотой, ойр байх бидний сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг хангах илүү тогтвортой арга болдог. Харин олон нийтийн сүлжээнд ийм боломж байдаггүй.

Окситоцин гормон

Окситоцин гормон нь жишээ нь эх хүний хүүхдээ хайрлах хайр халамж гэх мэт бидний ойр дотно харилцааны үед үүсдэг гормон. Энэ нь бидэнд бусадтай холбоотой байх, ямар нэг нийгмийн бүлгийн хэсэг байх гэх мэт сэтгэл төрөхөд нөлөөлнө. Энэ хэрэгцээ шаардлагыг эерэг арга замаар хангаж болох бөгөөд тэдгээр нь өөрсдийгөө хүн төрөлхтний нэг хэсэг бөгөөд, бид бүгд адил тэгш эрхтэй, хүн бүр амар амгаланг хүсэх ба зовлон хүсдэггүй гэсэн ойлголтонд хүрэх явдал байна. Ийм ойлголт нь таалагдсан гэсэн хэдэн санал авахаас хамаарах тэрхүү олон нийтийн сүлжээний бүлгүүдийн нэг хэсэг байхыг оролдохоос илүү сэтгэл ханамж өгдөг.

Гормонтой холбоотой энэ тухай мэдээллийг би тодорхой учир шалтгааны үүднээс гарган тавьж байгаа юм. Дээрхийн гэгээн Далай лам бид 21-р зууны Бурханы шашинтнууд байх хэрэгтэй хэмээн байнга хэлдэг бөгөөд энэ нь Бурханы шашны сургаалд шинжлэх ухаантай нийцэх олон зүйл байдгийг харуулах үүднээс тэдгээрийг холбох гүүр бий болгох гэсэн утгатай. Ийнхүү тэрээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ярилцах үүднээс Сэтгэл ба амьдрал сэдэвт чуулга уулзалтанд тогтмол оролцож Бурханы шашин ба шинжлэх ухааны хооронд нийтлэг зүйлүүд юу байна, хэрхэн эдгээр талууд нэг нэгэндээ харилцан тусалж амьдралын талаар нэг илүү бүрэн дүр зургийг гаргаж ирэх боломжийг хайдаг.

Хэрэв бид өөрсдийн бие махбодын түвшинд тодорхой дааврууд дээр суурилан илүү сэтгэл зүйн тайван байдлуудыг мэдэрч болдог гэдгийг ойлговол түүнд тохирох тодорхой аргуудыг бид хэрэглэж болно. Хэрэв тэдгээр нь үр дүнг өгөхгүй бол тэдгээрийг илүү эерэг, өөрт гэм хор хүргэхгүй арга олоход ашиглаж болно.

Дофамин буюу сэдээх даавар ба эерэг зорилго тавих

Бид сэдээх даавар буюу дофамин гормоны талаар ярьж байсан. Энэ гормон нь араатанд идшээ хөөж байгаа үед төрдөг тэр төрлийн сэтгэл зүйг бий болгодог. Ийнхүү бидэнд фэйсбүүк хуудсандаа илүү олон таалагдсан гэсэн санал авахыг хүсэх дофамин хам шинж үүсэх ба ийм сөрөг, үр дүнгүй аргыг бид хэрэглэж байдаг.

Эсвэл бид тэрхүү сэтгэл зүйд тохирох өөр завсрын аргыг хэрэглэж болно. Надад нэг хүндийг өргөлтийн тамирчин найз бий. Тэрээр 180 кг өргөнө гэж тооцож байгаад 200 кг өргөж байсан. Тэрээр сэтгэл хөдлөн их баяртай байсан. Гэвч тэр 200 кг өргөж чадсанаар Бурханы шашинтан бидний хэлдгээр илүү сайн төрөлд төрөлд төрөх үү? 

Гэвч хэрэв бид тэрхүү дофамин хам шинж буюу ямар нэг илүү зүйлд хүрэхийг хүсэх сэтгэлийг ашиглахыг хүсэж түүнийг шамата буюу төгс төвлөрөлд хүрэх, эсвэл тэвчээр дадуулах, уур бухимдлыг даван туулах гэх мэт зорилгод чиглүүлэх үед тэр нь маш сонирхолтой болж ирнэ. “Би сайн биш, би түүнд хүрч чадахгүй” хэмээн сэтгэлээр унахын оронд “Энд жинхэнэ сорилт байна, энэ сорилттой тулахад би баяртай байна” гэсэн сэтгэлээр ажиллаж эхэлж болно.

Бид үүнийг ямар нэг хүлээлт эсвэл урам хугарах зүйлгүйгээр хийхийг оролдох хэрэгтэй. Та ямар нэг хурдан гарах үр дүн хүлээж байгаа үед таны урам хугарна. Иймд аливаа нэг хүлээлтгүйгээр өөрийн зорилгын төлөө ажилла. Хэрэв таны зорилго учир утгатай зорилго байвал тэр нь амар амгалан байх эх сурвалж болно. Тэрхүү амар амгалан нь ямар нэг биологийн үйл явцын суурин дээр суурилсан байвал энэ нь шинжлэх ухааны аргатай бүрэн нийцэх болно. Өөрөөр хэлбэл бид үүнийг Бурханы шашны арга ямар учраас,  хэрхэн үр дүнтэй болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрч болох тэр аргаар тайлбарлаж болно. Энэ бол тэр бүхний зорилго.

Гурван суртгаал: Хувийн сахилга бат, төвлөрөл, ялгах ухаан

Товчоор хэлбэл бид Бурханы шашинд магад гарах сэтгэл буюу зовлонгоос ангижрах шийдвэр гаргах хэрэгтэй. Ингээд өөрийн хуучин сөрөг зуршлуудыг арилгахын тулд сахилга бат, төвлөрөл, ялгах ухаанд суралцах хэрэгтэй болно. Тэдгээр нь юу тустай, юу гэм хортой, юу үр дүнтэй, юу үр дүнгүй болохыг ялгах ухаан, түүн дээр төвлөрөх төвлөрөл, улмаар өөрийн зан байдлыг түүнд тохируулан өөрчлөх сахилга бат юм.    

Хувийн сахилга батат тулгарах бэрхшээл: Харамсах сэтгэл

Энэ гурав нь хоорондоо харилцан уялдаж байх хэрэгтэй бөгөөд үүнийг зөв төлөвшүүлэхийн тулд тэдгээрт тулгарах хүчин зүйлүүдийг арилгах хэрэгтэй. Харамсах сэтгэл хувийн сахилга батат саад болдог. Жишээлбэл, бид интернетэд орсонгүй, эсвэл мессеж, имэйлээ шалгасангүй хэмээн харамсах ба энэ харамсал нь өдөрт тодорхой цагт тэдгээрийг шалгах бидний сахилга батыг алдагдуулдаг.

Бидний хийх хэрэгтэй зүйл бол гар утас, компьютерийн “танд имэйл ирлээ” гэх мэдэгдлийн тохиргоог хааж, зөвхөн өдрийн тогтсон цагт тэдгээрийг шалгаж байх явдал. Чухал нэгэнд нь түүнийг хүлээн авсан даруйд хариулан бусад тохиолдолд тэднийг түр хойш тавьж, илүү завтай, өдрийн тодорхой цагт хариулах сахилга баттай байх хэрэгтэй.

Энэ бас миний анхаарах зүйл гэдгийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд би ирж байгаа имэйлүүдийг ангилах нэг арга бий болгосон. Би олон нийтийн сүлжээнүүдийг их ашигладаггүй учраас надад тэдгээр мессежүүд ирдэггүй, харин өдөрт гуч ба түүнээс дээш тооны имэйл хүлээн авна. Цаг үргэлж тэдгээрт хариулан түүнээс өөр зүйл хийж амжихгүй байхгүйн тулд тэдгээрийг шалгаад чухал нэгэнд нь хариулж, бусдыг нь тэмдэглэн үлдээнэ. Ингээд оройн цагаар тэдгээрт хариулна. Ийнхүү өөртөө тодорхой цаг гаргадаг ба хэрэв тийм үгүй бол тэр бүхнийг хянахад амаргүй.

Төвлөрөлд тулгарах бэрхшээл: Сэтгэлийн живэл, будангуйрал, догшрол (нойрмоглох, сэтгэл хурц биш байх, сэтгэл сарних)

Төвлөрөлд сэтгэлийн живэл, будангуйрал, догшрол саад болно. Эдгээр нь сэтгэлд байгаа үед бид цаг үргэлж мессежээ шалгаж байхаас зайлсхийх тэрхүү сэтгэлийн дурдлаа мартана. Түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийг санаж байх – энэ бол дурдал.

Тэдгээр мессежүүдэд би оройн цагаар хариулна хэмээн хүлээн зөвшөөрч байвал амьдрал илүү их стресс, дарамт багатай болно. Хэзээ бид тэдгээрт хариулахаар төлөвлөсөн тэр нь ямар ч цаг байж болно. Түүнд юу саад болдог вэ гэхээр бид нойрмоглон, ядарч, түүнийг мартдаг. Энэ үед фэйсбүүк хуудсаа нээж үзэх илүү хялбар байна. Эсвэл таны сэтгэл тодорхой, хурц биш байж босон аяга ус уухын оронд та интернетэд холбогдоно. Эсвэл сэтгэл сарниж, анхаарал нэг зүйлээс нөгөө зүйлд сарнин ямар  нэг бодох зүйлгүйгээр ийм зүйл ч болж байна, тийм зүйл ч болж байна гэсээр та тэдгээр мессежүүдэд хариулна. “Би ямар нэг зүйлээс хоцрохыг хүсэхгүй байна” хэмээн тэдгээрийг уншина.

Ялгах ухаанд тулгарах бэрхшээл: Шийдмэг бус байдал, эргэлзээ

Эцэст нь, шийдмэг бус байдал бидний ялгах ухаанд саад болно. Тэдгээр мессежүүдийг тодорхой цагт уншиж байх тухайд бид эргэлзэн шийдвэр гаргаж чаддаггүй. Энэ зөв шийдвэр үү хэмээн өөртөө итгэлгүй байна. Эргэлзэнэ.

Мессежүүдийг шалгахгүй байх нь хэцүү байдаг учраас ийм эргэлзээ төрнө. Эдгээр эргэлзээг шийдвэрлэхийн тулд бид өөрсдийн зуршлыг өөрчлөхийн давуу талуудыг өөртөө сануулах хэрэгтэй. Хэрэв юмсыг нэг нэгээр нь, тодорхой дараалалтай хийвэл энэ нь амьдралыг илүү төвөг багатай болгоно. Үгүй бол энэ нь эмх замбараагүй байж улам их стресс бий болгоно.      

Тэгш сэтгэл ба энэрэн нигүүлсэх сэтгэл

Амьдралыг илүү амар амгалан болгох өөр аргууд бас байна. Жишээ нь, хүн ихтэй метронд явахдаа түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Өөрсдийнхөө сэтгэлийг хамгаалахыг хүсэн гар утсандаа анхаарлаа хандуулах гэх мэтээр хэдий их бид өөр дээрээ төвлөрнө төдий чинээ бид хаалттай болно. Метрогоор явахад их хугацаа зарцуулагддаг учраас ном унших гэх мэтээр цагийг тайван ашиглах тухай би энд яриагүй. Харин ямар нэг байдлаар бодит байдлаас зугтан гар утсаараа хөгжим сонсох, тоглоом тоглох тухай ярьж байна. Хэдий бид өөр дээрээ төвлөрөн, өөрийг хамгаалахыг хүсэн гар утас руугаа хандана төдий чинээ бид хаалттай болж бидний энерги давчуу, бид илүү их цухалдуу болно. Ямар нэг аюул болох вий хэмээн бид эмээж байдаг учраас тайван биш байна. Ялангуяа энд Москвад метро маш их хүнтэй байдаг ийм нөхцөлд. Берлинд харин тийм их хүнтэй байдаггүй.      

Гар утсаараа тоглож байгаа тоглоом эсвэл iPod –оороо сонсож байгаа чанга хөгжимд анхаарлаа бид бүрэн хандуулсан байдаг ч өөрсдийн гадуур нэг хана босгон, бидэнд юу ч саад болохгүй байхыг хүсдэг. Ингээд ямар нэг байдлаар түүнийг хамгаалах сэтгэл төрнө. Хэдийгээр бид цагийг таатай өнгөрүүлэхийг хичээж байдаг ч энэ нь үнэндээ маш таагүй сэтгэлийн төлөвийг бий болгож байдаг. Бид тайван байдаггүй.

Харин түүний эсрэгээр хэрэв бид өөрсдийгөө метронд явж байгаа бүхий л хүмүүсийн нэг хэсэг хэмээн үзэж бидний адилх нөхцөлд байгаа хүн бүхэнд анхаарал тавих, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлж байвал бидний зүрх сэтгэл нээлттэй болж ирнэ. Мэдээж бид аюулаас сэргийлэх хэрэгтэй боловч түүнийг зөвхөн өөр дээрээ төвлөрөх байдлаар хийхгүй байх хэрэгтэй. Бид хүн бүрийг аюулгүй байхыг хүснэ. Бид хөгжим сонсох эсвэл тоглоом тоглох байдлаар бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлахыг хүсдэггүй. Энэ нь биднийг бусдаас тусгаарладаг. Бид өөрсдийгөө бусдаас тусгаарлахыг хүсэхгүй.

Хүн бүрд нээлттэй хандах сэтгэл     

Хамгийн их тустай зүйл бол хүн бүрд нээлттэй байх сэтгэл боловч нээлттэй байх нь бас маш нарийн. Та дотроо байх нэг би-г хэт онцгойлон үзэж байгаад одоо би нээлттэй болсон тул эмзэг, ямар нэг аюулд хялбар өртөх боломжтой болсон гэж болно. Ийм байдлаар ингэж түүнийг авч үзэж болохгүй. Хүн бүрийн талаар авч үзэн тэдэнд нээлттэй байх гэдэг нь ямар нэг бүлгийн нэг хэсэг байх гэсэн бидний дотоод зөн мэдрэмжид нийцэж байдаг. Өөрийгөө ямар нэг бүлгээс тусгаарлахгүй харин ямар нэг бүлэгт харьяалагдаж байх үед танд илүү аюулгүй мэт сэтгэл төрж байдаг. Энэ нь амьтны хувьд ч адил. Гэвч бидний дотор байх тэрхүү би-гийн тухай ойлголтыг өөрчлөхдөө бид анхааралтай байх хэрэгтэй, тэрхүү өөрийг хамгаалсан ханыг буулгах үед “одоо хүн бүр надад халдах боломжтой боллоо” гэхгүй байх явдал.

Энэ их нарийн үйл явц бөгөөд хэрэв та түүнийг зөв ойлгож чадаж байвал тэр нь маш их тустай. Үүнийг хийхэд бидэнд мөн хувийн сахилга бат, төвлөрөл, ялгах ухаан хэрэгтэй.

Ачаалал ихтэй ажлаас үр дүнтэй завсарлага авах

Өдөр тутмын амьдрал дахь стрессийг шийдвэрлэхийн тулд бид хэрэглэж болох олон өөр арга бий. Жишээ нь хэрэв бид ачаалал ихтэй ажлын дундуур завсарлага авах хэрэгтэй бол интернетэд орохын оронд босон явж, ус ууж, цонхоор гадагш харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэт их сэргээх үйл ажиллагаанаас түүний бага нь сайн байна. Стресс нь хэт их олон зүйлийн сэргээх хүчин зүйлээс болдог бөгөөд түүнийг улам ихээр сэргээх хүчин зүйлүүдээр шийдвэрлэхийг та хүсэхгүй. Бага байх нь сайн. 

Хувийн сахилга бат, төвлөрөл, ялгах ухаан гэсэн эдгээр гурван суртгаалыг ашиглан бид өөрсдийн өдөр тутмын амьдралд байх стрессийн түвшинг бууруулж, өөрсдийн аливаа сөрөг зуршлуудыг арилгаж чадна. Бид ажил, гэр бүл, эдийн засгийн гэх мэт аливаа ачааллыг шийдвэрлэхдээ илүү тайван байж чадна. Энэ нь ялангуяа интернет, олон нийтийн сүлжээ, хөгжим зэргийн хувьд маш их боломж бий болсон орчин үеийн энэхүү нөхцөл байдлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэхэд бидэнд тустай. Гэвч энэ нь интернет ашиглахгүй байж, гар утсаа хаяж, хөгжим сонсохгүй байна гэсэн үг биш. Ийм утгатай биш. Харин тэдгээрийг хэрхэн өөрт тустай, эрүүл арга замаар ашиглах илүү сайн зуршил бий болгох явдал. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Асуултууд

Асуудал нь орчин үеийн амьдралын хэв маягийн хувьд бид зарим зүйлүүдэд хариу өгч байх хэрэгтэй болдог. Жишээ нь, мэдээ сонсоод бид түүнээс зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй бид юу хийх хэрэгтэй, хэрхэн хариу үйлдэл хийх хэрэгтэй тухай мэдэхийг хүсдэг. Жишээ нь, ханш, тэд түүнийг хэрхэн өөрчлөгдөж байгааг үзүүлэх ба бид түүнд арга хэмжээ авах хэрэгтэй болж болно. Эсвэл хэн нэгэн маань өвдөж, тусламж хүссэн байж болно. Эсвэл хамтран ажилладаг хэн нэгэн ямар нэг зүйл хийхийг хүссэн байтал хэрэв бид түүнийг шалгахгүй бол түүнийг мэдэхгүй өнгөрнө. Мөн цаг агаарын мэдээ байж болно. Хэрэв өглөө цаг агаарын мэдээ шалгахгүй гарч даарвал бид өвдөж болно. Энэ бүх тохиолдолд бид үр бүтээмж муутай байж цаг хугацаа, эрүүл мэнд, бусад зүйлээрээ хохирч болно.

Ийм учраас бид интернетийг хэрэглэх эрүүл, ухаалаг аргад суралцах хэрэгтэй. Хэрэв бид жин нэмсэн, ингээд хоолны дэглэм барих бол энэ нь хоол идэхээ бүр зогсооно гэсэн үг биш. Идэж байгаа зүйлээ хязгаарлана гэсэн үг. Үүнтэй адил хэрэв бид хэт их мэдээлэлтэй бол юу үзэхээ хязгаарлаж зөвхөн өөрт хэрэгтэй, тустай зүйлийг үзэх ба миний хэлсэнчлэн дараа шалгах боломжтой имэйлээ тэмдэглэх замаар тэр бүгдийг шийдвэрлэж болно.

Гэвч энэ арга бид бүх мэдээллийг эхлэн авч дараа нь алинд нь хариулах, үгүйгээ шийдвэрлэх ба энэ нь тэр бүх мессежийг уншиж, тэр бүх мэдээллийг эхэлж авах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байна.            

Дахин хэлэхэд та өөр өөр аргуудыг тохируулан авч хэрэглэх хэрэгтэй. Өглөө босоод цаг агаарын мэдээ харах, урд шөнө хэдэн таалагдсан гэсэн санал авсныг шалгах хоёрын хооронд их ялгаа бий. Та хэдэн таалагдсан гэсэн санал авсныг шалгах шаардлагагүй. Мөн таны хүлээн авсан мессежүүдийн зарим нь зар сурталчилгаа, зарим ажил алба зэргийн хувьд тийм чухал биш хүмүүсээс ирсэн байх ба тодорхой зарим зүйлүүдийг та дараа шийдвэрлэж болно. Та имэйлийнхээ хаягийн жагсаалтын хүрээнд юу чухал, юу тийм чухал биш гэдгийг мэдэж байгаа. Миний нэг найз өөрийнхөө бэлдсэн өглөөний цайны зургийг аван хүмүүс рүү илгээдэг. Мэдээж та түүнийг нээж үзэх шаардлага байхгүй.  

Таны түүнийг нь шалгадаггүй гэдгийг тэр мэддэг үү?

Би түүнийг дараа шалгана, гэвч мэдээж түүнийг үзэх гэж ажлаа тасалдуулахгүй.

Бусад шашнууд мөн гормонтой холбоотой “сэтгэл сайхан байх” тухай аргуудыг санал болгодог. Бурханы шашин болон тэдгээрийн хооронд ямар ялгаа байдаг вэ?

Бусад шашнууд мэдээж үүнтэй адил аргуудыг санал болгодог нь үнэн, тухайлбал “Есүс надад хайртай”, “Эзэн надад хайртай” гэх ба энэ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж цаашдынхаа зорилгынхоо төлөө ажиллах урам өгнө. Ийм аргууд мэдээж байдаг, энэ үнэн. Миний ярьсан аргууд зөвхөн Бурханы шашны онцлог биш, тэдгээр нь бусад бүх шашинд байна. Тэд бол хэн бүхэнд хэрэгтэй ерөнхий нэг арга. Миний ярьсан зүйлд зөвхөн Бурханы шашны гэх зүйл байхгүй.

Юу нь Бурханы шашны онцлог вэ гэж асуух үед энэ нь маш гүнзгий түвшний бодит байдлын талаарх үзэл байна. Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийж байгаа тэдгээр харилцан ярианы үр дүнд гарч ирж байгаа зүйл нь тэрхүү үзэл хүртэл зөвхөн Бурханы шашинд байдаггүй гэдгийг хэлж өгдөг бөгөөд бодит байдлын тухай тэрхүү үзэл нь квантын онолтой нэлээд тохирдог. Хэрэв та квантын онолыг түүний ертөнцийн бүтцийг тайлбарладаг логик гаргалгаанд нь авч үзэх юм бол та Бурханы шашны хоосон чанар, шүтэн барилдлагын тухай сургаалыг ойлгох болно.

Хэрэв бид хэн нэгэн хүнтэй биечлэн уулзахаар төлөвлөөд тухайн хүнтэй уулзах үед тэрээр гар утсаа ашиглан бидэнд анхаарал тавихгүй бол яах нь зөв бэ? Энэ тохиолдолд тухайн хүнд бид энд уулзаж байгаа тул түүний энэ байдал зохисгүй гэдгийг илэрхийлж болох уу?

Би хувьдаа болно гэж бодож байна. Тухайн хүнд үүнийг сануулах нь зохимжтой гэж би бодож байна. Гар утасны соёл гэдэг нэг зүйл байх ба энэ маш чухал. Ялангуяа та өсвөр насны хүүхэдтэй эцэг эх бол хоолны ширээнд гар утсаар ярьж, мессеж бичихгүй байх сахилга батыг бий болгох хэрэгтэй. Түүнийг зөвшөөрөхгүй гэж хэлээд гар утсыг хураадаг байх хэрэгтэй. Америкийн нэг их сургуульд багшилдаг миний нэг найз лекцийн үеэр оюутнуудынхаа гар утсыг тусгай нэг ширээн дээр хураан авдаг тухай ярьж байсан. Тэдэнд гар утсаа суудалдаа авч суухыг зөвшөөрдөггүй гэсэн. Энэ бол маш зохимжтой гэж би боддог. Ингээд лекц нь гурван цагийн лекц тул тэдэнд 45 минут билүү нэг цаг тутамд, би мартсан байна, утсаа хэрэглэх завсарлага өгдөг гэж байсан, энэ их сонирхолтой. Тэд бие засах шаардлагагүй харин утсаа шалгахгүй байгаадаа их тэвдэн завсарлага болмогц түүнийг авахаар яарах хэрэгтэй болдог. Энэ нь социологийн хувьд маш сонирхолтой.

Энэ нь хүмүүс гар утасны хэрэглээндээ үнэхээр их цаг зарцуулдгийг харуулж байгаа хэрэг бөгөөд энэ тал дээр хүмүүст олон нийтийн сүлжээний хэрэглээний тодорхой сахилга бат төлөвшүүлэхэд нь туслах хэрэгтэй. Үүнийг хэрэв эелдэг байдлаар хийж байгаа тохиолдолд энэ нь зүйтэй гэж би бодож байна. Дахин хэлэхэд, тэдний мэдэх шаардлагатай ямар нэг зүйл үнэхээр байгаа эсвэл тэр нь ердөө нэг ямар ч чухал биш зүйлийн тухай ярих яриа байх хоёрын хооронд их ялгаа бий. Бид хэр байнга яаралтай чухал дуудлага хүлээн авдаг тухайд бодитой хандах хэрэгтэй. Хэрэв бид хэн нэгэнтэй уулзаж байгаа үед хүүхэд тань гэртээ сайн явж харьсан талаар сонсох тухай утасны дуудлага хүлээж байгаа бол тухайн хүнд хэлж болно. Эелдэг байх хэрэгтэй, “Би нэг дуудлага хүлээж байна. Хүүхэд маань гэртээ сайн харьж очсон тухай сонсохоор хүлээж байна” гэх ба тэд үүнийг ойлгоно, бүх зүйл ойлгомжтой байна.

Метрогоор явж байгаа үедээ би үргэлж хөгжим сонсдог. Гэвч үүнийг би илүү их сэтгэл сэргээх үүднээс хийдэггүй, харин сөрөг сэтгэлийн идэвхжлүүдийг бууруулах үүднээс хийдэг. Учир нь эргэн тойрны хүмүүс ямар нэг зүйлийн талаар ярих ба би түүнийг сонсохыг хүсдэггүй, тийм яриануудад маш их сөрөг зүйл байдаг. Мөн метронд зар сурталчилгаа дамжуулах ба тэдгээр бидний бараг цээжинд орсон зүйлүүд байна. Тэгэхээр эдгээр сөрөг зүйлүүдийг хязгаарлахын тулд би хөгжим сонсдог. Энэ нь би бодит байдлаас зугтаж байгаа хэрэг үү? Эсвэл би сэтгэлийг идэвхжүүлэх сөрөг, маш хүчтэй хүчин зүйлүүдийг арай бага хүчин зүйл рүү өөрчилж байгаа хэрэг үү?

Энэ маш сонирхолтой асуулт. Миний санаанд орж ирж байгаа эхний зүйл нь нэг энэтхэг хариулт. Энэ нь хамгийн тохиромжтой хариулт биш байж болно. Хэрэв та Энэтхэгт шөнийн хуваарьтай унтлагын автобусаар явж байвал бүхэл шөнийн турш тэд дэлгэцээр кино гаргана. Нэг киног дахин дахин, хамгийн өндөр дуун дээр нь тавин гаргана. Ингээд та жолоочид “Дууг нь жаахан намсгаж болохгүй юу” гэх мэт зүйл хэлбэл та “Битгий түүнийг сонс” гэсэн энэтхэг хариулт авна.

Метронд та хүн бүрийн ярьж байгаа зүйлийг сонсох шаардлагагүй. Энэ бол анхаарлын асуудал. Та юун дээр төвлөрч байна? Хэрэв таны анхаарал эргэн тойрны бүх хүмүүс дээр, тухайлбал тэдний нүүрний хувирал дээр байж та тэднийг тийм амар амгалан биш байгааг харах юм бол энэрэн нигүүлсэх сэтгэлээр тэд бүгд зовлон үгүй, амгалантай байх болтугай гэж хүсэж болно. Энэ үед таны анхаарал тэдний хэлж байгаа зүйл дээр төвлөрөөгүй, та зар сурталчилгааг үзээгүй байна. Таны анхаарал өөр зүйл дээр байна.

Хэрэв бид ийнхүү хийж чадахгүй бол хөгжим болно. Гэвч хөгжим тэдгээр хүмүүсийг үл анзаарах шалтаг болохгүй байх нь зөв. Энэ бол энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх нэг сайхан боломж.  

Тонлэн бүтээлийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь Бурханы шашны нэлээд гүнзгий түвшний, өгөхүй, авахуйн бүтээл. Энэ нөхцөлд та юу хийх вэ гэхээр бусад хүмүүсийн ярьж байгаа зүйлийн тухайд түүнийг сонсохгүй байх хана босгож, түүнийг түлхэхээс илүүтэй тэдний ярьж байгаа аар саар, сөрөг зүйлийг хүлээн авч тэднийг юу бухимдуулж байгаа, тэр бүхнийг тэд туулан гарах болтугай хэмээн тэдэнд асрах сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Тэд илүү их эерэг, утга учиртай зүйл ярьж, хийж байж болно. Тэгэхээр энэ бол тонлэн бүтээл үйлдэх нэг том боломж.

Зовлон бэрхшээлээс ангижрах шийдвэр гаргах эхэн үед ихэнх тохиолдолд тодорхой нэг байдлаар энэ нь залхуурах гэх мэт өөр бусад зүйлээс шалтгаалан буурч, тэрхүү шийдвэр байхгүй болдог. Энэ тохиолдолд түүнийг сэргээхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Ихэнх тохиолдолд бидэнд өгдөг гол зөвлөгөө нь бидний арилгахыг хүсэж байгаа тэр зүйлийн сул тал, түүнийг арилгахын сайн талыг өөртөө сануулах явдал байдаг. Түүнээс ангижрах арга юу болох, тэр арга нь үр дүнтэй бөгөөд бид түүнийг хийх чадамжтай гэж сануулах явдал. Энэ бүхэн нь зовлонгоос ангижрах шийдвэрийн хамгийн чухал хэсэг. Өөрөөр хэлбэл “Хэрэв би хангалттай хичээж чадвал түүнээс ангижирч чадна” хэмээн өөртөө сануулах явдал. Үгүй бол бидний урам хугарч, бид юу ч хийхгүй байж, түүнд бууж өгнө.

Хэрэв бид бясалгал хийдэг бол бид илүү их тогтвортой болох ба энэ бидний амжилт. Гэвч сэтгэлийг илүү тогтвортой болгох эм хэрэглэж байгаа үед энэ нь ямар нэг хичээл зүтгэлгүйгээр бидэнд нөлөө үзүүлэх ба бидэнд ямар нэг өөрчлөлт гардаггүй. Мэдээж хэн нэгэн өвдсөн тохиолдолд эм хэрэглэх шаардлагатай. Тэгвэл өдөр тутмын амьдралдаа ердөө сэтгэлийн төлөв байдлаа сайжруулах, стресс бухимдал болон бусад сэтгэл нөлөөлөх сөрөг зүйлүүдийг багасгах үүднээс ямар нэг эм тан хэрэглэх тохиолдлыг та юу гэж бодож байна?

Бурханы шашны аргуудын хувьд бид бодит байдлаар тэдгээрт хандах хэрэгтэй гэж би бодож байна. Бурханы шашны аргууд нь аль хэдийн тодорхой түвшний сэтгэлийн төлөвшил, тогтвор бий болгосон хүмүүст илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Хэрэв бид сэтгэл болон сэтгэл хөдлөлийн хувьд нэлээд тогтворгүй бол Бурханы шашны арга хэрэглэх хараахан бэлэн биш байна гэсэн үг. Та тодорхой хэмжээний тайван байдлыг бий болгох хэрэгтэй бөгөөд үүнд тайвшруулах эсвэл сэтгэл хямралыг засах гэх мэт эм бэлдмэл тустай байж болно. Танд тус болох зүйл хэрэгтэй. Ердөө “За бясалгая” гэх нь тэдгээр хүмүүст тохиромжгүй. Ингээд нэгэнт таны сэтгэл илүү тайван болсон бол тэр үед та бясалгалын аргыг хэрэглэж болно. Түүнээс өмнө сэтгэл хэт хямарсан байх тул төвлөрөл байхгүй байна.

Бирмд гурван хүнийг чихэвч зүүлгэн дүрсэлсэн Бурханы дүрээр рестораны зар сурталчилгаа хийсэн гэсэн хэргээр хорьсон байдаг. Бурханы шашны үүднээс та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Бурхан багшийн нэг атаархуу үеэл болох Дэвадата үргэлж түүнд гэм хор хүргэхийг оролддог байсан. Гэвч мэдээж Бурхан багшид гэм хор хүрдэггүй, тэрээр мэдээж түүнд бухимддаггүй байсан. Тэгэхээр Бурхан чихэвч зүүлгэсэн түүний зургийн хувьд түүнд сэтгэл хямрахгүй. Харин Бурханы шашныг баримталдаг хүмүүс эсвэл аливаа шашныг баримталдаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний шашны гол төлөөлөгчид хүндэтгэлгүй хандах үед тэр нь мэдээж таагүй байна. Хүмүүсийг доромжлох ямар ч шаардлага байхгүй, энэ бол маш бүдүүлэг. Тэднийг хорих эсвэл маш хүнд торгууль ноогдуулах нь ердөө тохиромжгүй байж болно. Гэвч тэд түүнийг хийхгүй байх хэрэгтэй. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь хүмүүсийг доромжлох эрх чөлөө байж таарахгүй. Ялангуяа тэр нь ард түмнийг гутаан доромжилно гэдгийг та мэдэж байгаа үед. Мэдээж энэ нь хэн юуг доромжлол гэж үзэхээс шалтгаална. Гэвч шашны хувьд, тухайлбал Есүс, Мохаммед эсвэл Бурхан багшид ямар нэг хүндэтгэлгүй зүйл хийх нь мэдээж тохиромжгүй гэдэг нь ойлгомжтой. Есүс загалмайн дээрээ чихэвчээр iPod сонсож байгаагаар шинэ iPod-ын сурталчилгаа хийвэл Христийн шашинтнууд түүнд хэрхэн хандах вэ? Христэд хүчтэй итгэдэг тэдгээр хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрнө гэж би бодохгүй байна.

Бид шашны болон эгэл амьдралын аль аль зорилгод хүрэхийг хичээж болно. Үүнд хоёр туйлшрах хандлага байлгийг би харж байна. Нэг нь эгэл амьдралын зорилго дээр илүү төвлөрөх ба энэ тохиолдолд түүнд эцэс төгсгөл гэж үгүй, та тэр л зорилгоо биелүүлэхээр зорино. Харин нөгөө нэг туйлшрал нь, жишээ нь түүнийг би Бурханы шашинтан хүмүүсийн дунд олж хардаг ба тэд шашны зорилгоо биелүүлэхээр зорьж харин эгэл амьдралын зорилгоо мартдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж, тэдгээрийн дунд тэнцвэр хадгалах аргууд бий юу?

Дээрхийн гэгээн Далай лам үргэлж 50/50 хувь гэж хэлдэг. Бид өөрсдийн амьдралын бодит байдлыг харах хэрэгтэй, бидний үүрэг юу байх вэ: бидний санхүүгийн нөхцөл байдал, халамжилж анхаарах гэр бүлийн гишүүд гэх мэт. Бид бодит хандлагаар хандах хэрэгтэй. 

Top