Бурханы шашны учир шалтгааны ухааны тусыг ажил албан дээрээ гаргах нь

Бурхан багш айлдсан сургааль номоо зөвхөн итгэж үнэмших бус, харин алтыг хэрхэн шинждэг мэтээр учир шалтгааны ухаанаар, шалгаж мэдсэнээр нотлон шалгаарай хэмээн айлджээ. 

Бурханы шашинд хоёр учир шалтгааныг хэрэглэдэг. Үүний нэг нь, ямарваа нотлогдохууныг нотлох эсвэл тогтоохдоо түүний тодруулга нь учир шалтгаанд тулгуурлан зохистой байгаа эсэхийг шалгадаг юм. Жишээлэхэд, миний одоо гүйцэтгэж буй ажил бол үүдсэн (өөрчлөгдөж хувирдаг), учир нь миний биеийн адилаар шалтгаан, нөхцөлөөс хамаарна гэдэг нотлогдохуун байна. Нөгөө арга нь, тухайн тодруулга нь ямарваа нэгний бодит магадлал эсэхийг нь түүнээс үүдэн гарах хэтрүүлгийг тодорхойлох замаар тухайн нотлогдохууныг няцаах юм. Жишээлэхэд, миний одоо гүйцэтгэж буй ажил үүдсэн бус (хөдөлгөөнгүй, өөрчлөгдөж хувирахгүй) гэдэг нотлогдохуун байна. Эдгээр хоёр учир шалтгааны аль алиных нь зорилго бол учир шалтгаанд үндэслэсэн бодит санаагаар тухайн ажилд тохиолдох саад тотгорыг давж, амжилт олохын тухайд юм.         

Эхнийх нь, миний ажил үүдсэн (өөрчлөгдөнө) ба учир нь, энэ бол миний бие махбод мэт шалтгаан, нөхцөлөөс хамаарна. Энэ нотлогдохууныг нотолж чадах үнэнхүү нотолгоо бол гурван зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энд өгүүлж буй нотолгоо бол “учир нь, миний бие мэт шалтгаан, нөхцөлөөс хамаарна” гэх болой.

  • Нотолгоо нь нотлогдохууны агуулгадаа нийцэх албатай – ажил дээр тохиолдоод буй бэрхшээл шалтгаан, нөхцөлөөс хамаарах уу? Тиймээ, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдвөл, ажилтнууд өвдвөл, би өөрөө өвдвөл эдгээр нь ажилд нөлөөлнө. 
  • Нотолгоо нь нотлогдохуун тодруулгатай ижил төстэй юмс үзэгдэл бүгдэд нийцэх албатай  – Тиймээ, өөрчлөгдөж хувирдаг юмс үзэгдэл бүхэн миний биетэй адил шалтгаан, нөхцөлөөс хамаарна. Миний бие бол ижил төстэй жишээ мөн. Энэ адилын жишээг санаж болно, үүнд, өөрийн хань нөхөр, эцэг эх, үр хүүхдүүд бүгдээр шалтгаан, нөхцөлд дулдуйдах тул тэд өтөлж хөгшрөх зэргээр өөрчлөгдөнө. Үүнтэй үл нийцэх юу буйг үгүйсгэх хэрэгтэй болно.   
  • Нотолгоо нь нотлогдохуун тодруулгыг эс агуулах юмс үзэгдэл бүхэнтэй харшлах албатай  – Тиймээ, үүдсэн бус, хэзээд эс өөрчлөгдөх үзэгдэл бүхэн нь дэлхий дээр хоногт 24 цаг гэдгийн адил шалтгаан, нөхцөлөөс хамаарахгүй.  Эдгээр нь харшлах жишээ буюу юунаас ч үл хамаарна – хэдэн ч ажилтан авч ажиллууллаа ч гэсэн ажиллах цаг хоногт 24 л байна.  Эдгээр учир шалтгааныг магадтай нотолсоны үндсэн дээр миний ажил шалтгаан нөхцөлөөс хамаарч буй тул үүдсэн буюу өөрчлөгдөж хувирна гэдэг дүгнэлт гарна. Үүнээс санаа зорилгоо тодорхойлно. Гүйцэтгэсэн ажил маань хэрэглэгчийн сорилд тэнцэхгүй байх зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөх нь ажилд нөлөөлж, түүний дагуу сайжруулна.

Бурханы шашны учир шалтгааны хоёр дахь ухаанаар хэрэв өөрийн ажлыг үүдсэн бус буюу огт өөрчлөгддөггүй, хөдөлгөөнгүй гэвэл үүнээс хэтрүүлэг дүгнэлт гарах болохыг харуулна. Энэ тохиолдолд, хэрэв шалтгаан, нөхцөлөөс хамаардаггүйсэн бол тухайн ажлыг гүйцэтгэх шаардлага гарахгүй тул тэр ажил гарч ирэхгүй байхсан. Тэрчлэн, ажилтан ажлаасаа гарах, түүнийг өөр хүнээр орлуулах зэрэг юу ч тохиолдлоо гэсэн ямар ч нөлөөгүй байхсан. Энэ адилаар шинжилснээр бидний ажил хөдөлгөөнгүй тогтмол тул нөхцөл байдалд зохицон, шаламгай түргэн байх боломжгүй гэдэг хийсвэр санааг хорьж тэвчихэд тустай ба нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг бол зайлшгүй юм. 

Top