Танин мэдэх оюуны тус ба хэрэг

Энэтхэгийн Бурханы шашны тогтсон тааллын Саутрантика (Судрын аймагтан) ёсонд юмсыг танин мэдэх оюун ухааныг долоо ангилсаныг Төвөдийн Гэлүгба ёсонд ийнхүү тайлбарладаг юм. Үүнд:

  1. Илт мэдэл  (он-сүм)
  2. Даган жишигч (жэй-баг
  3. Жич мэдэгч (жад-шэй
  4. Үзэвч эс магадлагч (нанла-маэба
  5. Сэтгэлийн шинжлэл (ид-жод)
  6. Сэжиг (тэ-цом
  7. Буруу мэдэл  (лог-шэй

Юмсыг хэрхэн танин мэдэж байгааг тодорхойлох нь бид мэдэж байна уу, эсвэл мэдэж байна гэж бодож байна уу гэдгийг ялгаж салгахад ихэд чухаг юм. Сэтгэл оюун бодит зүй тогтолтой үл нийцэх эндүүрэл, гүжирдлэг лүгээ хольцолдсон байдгаас өөрт болоод өрөөл бусдад зовлон үүддэг. Ялангуяа, илтэд мэдэж байгаа эсвэл мэдэж байна хэмээн санаж байгаа зүйлс нь худал хуурмаг буйг таньж мэдэхгүйгээс, тэрчлэн яаруу давчуу, алдаатай дүгнэлт хийснээс зовлон үүдэн гардаг. 

Жишээлэхэд, нэг найз маань урдаас ирж явна гэж саная, харин би нүдний шилээ зүүгээгүй байв. Тиймээс тэр зүг рүү харахад бүдэг бадагхан дүрс л хөдөлж байна. Хараа минь эндүүрч байна. Урдаас ирж байгаа бүдэг бадаг дүрс гэж байхгүй юм. 

Тэгвэл нүдний шилээ зүүгээд дахин хартал хэн гэдгийг нь танихад хэтэрхий хол байна. Харааны мэдэл хэн нэгэн ирж явааг ноттой таньж байгаа ч тэр бол өөрийн найз гэдгийг тодорхой таньж чадахгүй байна. Тодорхой харж чадахгүй байна гэдгийг мэдэж байвал хэн гэдгийг нь магадлахын тулд ойртох шаардлагатай гэдгийг ноттой мэднэ. Ингээд яаран дүгнэлт хийлгүйгээр тэвчээртэйгээр хүлээнэ. 

Найз минь ирж явна хэмээн таамагласандаа би урдаас алхаж буй эмэгтэйг хараад өөрийн найзын дүр төрхийг тохоон гүжирдэн бодож мэднэ. Гэтэл түүний талаархи тэрхүү төсөөлөл нь баттай бус, зөвхөн санаа төдий л юм. Би эргэлзэн тээнэгэлзэнэ. Найз минь магадтай мөн хэмээх бодолд мэхлэгдэж мэдэх тул төсөөлсөн санаа маань хуурмаг буюу тэрхүү таамаг худал байж болно.     

Ямарваа үнэн учир шалтгаангүйгээр өөрийн зөн совин дээр суурилан, найзыгаа ирж явна хэмээн найдах төдий бус тэр яг мөн байна хэмээн шийдлээ гэж саная. Яг таг мэдэхийн тулд ойртож харах ч шаардлагагүй гэж бодно. Найзтайгаа яг энэ цагт уулзана хэмээн тохиролцсон ба урьдаас эмэгтэй хүн ирж явна. Найз минь эмэгтэй хүн, ирэх цаг нь мөн байна, тиймээс ирж яваа хүн найз минь байж таарна гэдэг дүгнэлт гаргана.   

Тэр хүн бол миний найз хэмээн баттай итгэсэн байтал тэр биш байвал бидний дүгнэлт худал болно. Харин ирж яваа хүн найз минь байж магадгүй хэмээн таамаглаж байтал тэр мөн байвал таамаг тохирчээ гэсэн үг болно. Гэтэл энэ нь баттай учир шалтгаан дээр үндэслээгүй байна. Найзтайгаа би энэ цагт уулзах ёстой байсан, урдаас эмэгтэй хүн ирж явна, найз маань эмэгтэй хүн тул ирж яваа хүн миний найз байж таарна, ирэх цаг нь одоо болж байна гэдэг бол эс магадласан учир шалтгаанд үндэслэсэн байна. 

Урдаас ирж байгаа хүн миний найз уу, эсвэл өөр хүн үү гэдэгт эргэлзэж байлаа гэж саная. Энэ хоёрын аль алиныг сонгож чадахгүй нааш цааш хэлбэлзэн, үймцэнэ. Энэ эмэгтэй яг хэн юм бол гэдгийг мэдэхгүй байгаа тул итгэхэд бэрх болно. Учир нь, шийдэж чадахгүй тээнэгэлзэх эргэлзээ хэмээх нөхөр сэтгэл бол нисванисын сэтгэл учраас тэр юм. Энэ сэтгэлийн эрхээр сэтгэл амгалангүй, өөртөө итгэлгүй болно. Өөрийн эрхгүй л зовниод байдаг. 

Хэн гэдгийг баттай таньж чадахааргүй хол байх үед бидэнд юу харагдана вэ? Нэгэн эгшний өнгө дүрсийн араас дараагийн эгшний өнгө дүрс харагддаг бус уу? Үгүй ээ, бид харж, сонсож, үнэрлэж, амталж, хүрэлцэж болохуйц, тэрчлэн нэгхэн эгшний төдийд бус хэсэг хугацааны туршид оршин байдаг бүхэл бүтэн орныг харж байна гэж бид санана. Тэр юу ч биш гэж үү? Үгүй ээ, тэр бол бие, хүний бие, эмэгтэй хүний бие байна. Тэгвэл алхаж байгаа биеийг л харж байгаа юм уу? Үгүй ээ, энэ бол биеийг нэрлэсэн бодгалыг харж байна. Бодгал чинь тэгвэл зөвхөн бие юм уу?  Үгүй ээ, бодгал бол сэтгэл оюун, элдэв мэдрэхүй, хуран мэдэл тэргүүтнээс бүтсэн бөгөөд тодорхой хугацаанд оршин байдаг гэдгийг бид мэднэ. 

Урдаас ирж яваа хүн үнэн хэрэг дээрээ миний найз Мэри мөн байна гэж саная. Түүнийг харахдаа зүгээр л нэг хүнийг харж байна уу, эсвэл Мэри-г харж байна уу? Тэр хүн бол хэн нэгэн буюу Мэри мөн байна. Өөрөөс нь хэн гэдгийг нь асуувал тэр өөрөө болон түүнийг мэддэг бусад ч үүнийг л хэлнэ. Гэтэл хэн гэдгийг нь танихад бэрх хол байхад ирж байгаа хүн Мэри гэдгийг би мэдэхгүй. Гэсэн хэдий ч Мэри-г харж байна. Бид хэн нэгэн өөр хүнийг хараагүй, хэн нэгэн бишийг ч хараагүй. 

Ингээд Мэри мөн байна хэмээн баттай таньж болохуйцаар найз маань ойртоод ирэх цагт энэ бол Мэри байна гэдгийг бид хэрхэн мэдэж байна вэ? Бид үүнийг төсөөлж мэдэж байгаа буюу тухайн бодгалын талаар сэтгэлд тогтсон ерөнхий утганд үндэслэж байна. Түүнийг харах, хоолойг нь сонсох, биед нь хүрэх зэрэгт тэрээр юу хийж байх, юуг хэлж байх болон өөрт ямар хуран мэдэл төрж байхыг үл харгалзан бүгдийг өөрийн мэдэж буй тухайн нэг л бодгалын ерөнхий утганд багтаана. Энэ утга хөдөлгөөнгүй буюу үл өөрчлөгдөж, юуг ч хийж гүйцэтгэхгүй тул түүний юу хийж буйг нь харах, сонсоход үл харгалзана. Цаашилбал, тэрхүү утгыг “Мэри” гэдэг нэрээр нэрлэх ба түүнийг харах, сонсох, түүнд хүрэлцэх үест түүнийг энэ нэрээр нэрлэнэ.  

Сэтгэлдээ “Мэри” хэмээн нэрийдсэн төрөлд энэ бодгалыг оруулна гэдгээ хэрхэн мэдэх вэ? Харсан хүнийхээ нийт бусын бэлгэ чанарыг ялгаж мэдээд, мөн тэрчлэн “Мэри” гэдэг утгын нийтийн бэлгэ чанарыг ялгаж танина. Нийт бусын бэлгэ чанар гэдэг бол зөвхөн Мэри-д агуулагдаад өөр хэнд ч байдаггүй бэлгэ чанар юм. Харин нийтийн бэлгэ чанар бол тухайн ерөнхий утганд багтах зүйл тус бүрт агуулагдах бэлгэ чанар юм. Энэ бол Мэритэй уулзсан, ярилцсан, Мэригийн тухай бодсон тус бүрийн нийтийн бэлгэ чанар мөн. Энэ бол Мэри хэмээх учир шалтгаан дээр үндэслэн ийнхүү дүгнэсэн байна. Хэрэв хэн нэгэн нь нийт бусын ийм, тийм бэлгэ чанартай бол ийм, тийм нийтийн бэлгэ чанар бүхий ерөнхий утганд багтана.  

Хэрэв бид Мэри-г холоос хараад Сузан байна хэмээн эндүүрвэл “Сузан” хэмээх нэрийтгэлээр нэрлэсэн бодгалын ерөнхий утгаар харсан байна. Би буруу мэдлээр Мэри-гийн нийт бусын бэлгэ чанар нь Сузан-ы нийт бусын бэлгэ чанар мөн байна хэмээн санасан байна. Үүн дээр үндэслэн энэ бол Сузан хэмээн буруу таньсан ба учир нь түүнд Сузаны нийт бусын бэлгэ чанарууд байна хэмээн урьдчилан таамагласан нь буруу байлаа. Энэхүү алдаан дээр суурилаад Мэри-г Сузаны ерөнхий утганд оруулсан буюу Мэри-г  Сузан байна хэмээн гүжирджээ. Ийнхүү Мэри-г Сузан хэмээн хуран мэдсэн нь хуурмаг байв. Хэдийгээр Сузантай адил харагдсан ч энэ нь худал юм. 

Мэри ойртоод ирэхэд энэ бол Мэри хэмээн бид хуран мэдэх ба тэрчлэн энэ бол Сузан биш гэж мэдэх болно. Түүнийг Сузан гэдгийг үгүйсгэх болно. Хэрхэн үүнийг үгүйсгэх вэ? Юуны өмнө, Сузаныг урьдаас таньдаг байсан тохиолдолд л энэ бол Сузан биш байна хэмээн мэднэ. Хэрэв бид Сузан-ыг таньдаггүй байсан бол энэ бол Сузан гэдгийг үгүйсгэж чадахгүй буюу Мэри-г “Сузан биш” гэж танин мэдэж чадахгүй юм. Улмаар энэ бол Мэри байна гэдэг баттай болоход энэ бол Мэри-гээс өөр хэн нэгэн гэдгийг үгүйсгэх ба Мэри-гээс өөр гэдэгт мэдээжээр Сузан багтана. Харин энэ бол Мэри гэдгийг тодорхой танихад цагт энэ Сузан байх эсвэл энэ Сузан байж магадгүй гэж санаж байсны Сузан байх гэдгийг үгүйсгэнэ. Түүнийг Мэри байна хэмээн илтэд танин мэдсэнээр энэ бол “Сузан биш”, бас энэ бол “Мэри-гээс өөр хэн ч биш” хэмээн далдуур танин мэднэ. “Илтэд” гэдэг нь Мэри бидний мэдэлд баригдаж байна, далдуур гэдэг нь хэдий бид энэ бол Сузан биш гэдгийг, энэ бол Мэри-гээс өөр хэн ч биш гэдгийг мэдэж байгаа ч Сузаны үгүйг эсвэл Мэри-гээс өөр хэн ч байхгүйг харуулах юу ч байхгүй юм. 

Мэри байна хэмээн анх таних тэр эхний эгшин дэх бидний хуран мэдэл шинэ байдаг. “Мэри ирж байна” гэж бодно. Тэр эгшнээс цааш идэвхитэйгээр хуран мэдэл төрүүлэхгүй юм. Энэ бол Мэри гэдэг жич мэдэл төрж, мэдэл шинэ биш болно. Энэ бол Мэри гэдгийг мэдэж байгаа ч анх хэн гэдгийг нь мэдсэн адил шалгадаг ухаан биш байх юм. 

Бид долоон янзаар хэрхэн танин мэддэгийг ба эдгээр ухааныг ялгаж салгах, хэргийг хэрхэн гаргахыг эдгээр жишээгээр дүрслэн харууллаа. 

Top