Жамиа Миллиа Исламын Их Сургууль, хүндэт зочин [Энэтхэгийн Хүний нөөц хөгжлийн сайд] доктор Кабил Сибал, тус сургуулийн захирал, профессорууд, тэнхимийн эрхлэгч, оюутнууд болон энд хүрэлцэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлье. Юуны өмнө та бүхний амрыг эрээд, Жамиа Миллиа Исламиа Их Сургуулийн хамт олонд надад энэхүү шагналыг олгож байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлье.
Нэгэнт энэ микрофоныг гартаа барьж байгаа болохоор одоо би англиар ярихыг оролдъё. Мэдээж та бүхэн намайг англи хэлэнд их тааруу, тийм болохоор заримдаа үг буруу сонгон хэрэглэж магадгүй гэдгийг мэдэж байгаа байх. Ийм учраас би өөрийн тааруухан англи хэлээр ярих үедээ хүмүүсийг “анхааралтай” байхыг зөвлөдөг юм. Үг буруу сонгож хэрэглэснээс болж зарим буруу ойлголтыг төрүүлдэг. Жишээ нь би “өөдрөг үзэл” гэж хэлэхийн оронд андуурч “гутранги үзэл” гэж хэлж болох юм. Энэ бол нэлээд том алдаа бөгөөд маш аюултай учир миний англи хэлээр ярьж байгаа яриаг сонсохдоо анхааралтай байхыг хүсье.
Энэхүү цолыг олгож байгаа явдал нь надад маш их хүндэтгэл үзүүлж буй хэрэг гэж би бодож байна. Юуны түрүүнд ийм хүндэт цолуудыг хүлээн авахдаа би суралцахад ямар ч цаг үнэндээ зарцуулаагүй, суралцалгүйгээр авч байгаа юм шүү гэж үргэлж хэлдэг. Докторын зэрэг авч байгаа оюутнуудын хувьд, та бүхэн үүнд маш их цаг, хүчин чармайлт гаргасан гэж бодож байна. Харин би эдгээр цолыг өөр өөр сургуулиудаас их хүчин чармайлт гаргалгүйгээр авч байгаагаа надад үзүүлж буй их хүндэтгэл гэж ойлгодог. Ингээд өнөөдөр би нэр хүндтэй нэгэн Исламын Их Сургуулиас энэхүү цолыг авч байгаадаа туйлын баяртай байна. Учир нь шашны эв нэгдлийг бий болгох нь миний хүчин зүтгэж явдаг үйл хэргүүдийн нэг юм.
9-р сарын 11-нд болсон үйл явдлаас хойш би Лалын шашныг хамгаалах байр суурийг хатуу баримталж байгаа. Учир нь Лалын шашны нийгмээс гаралтай цөөн хэдэн хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж Лалын шашныг бүхэлд нь сөргөөр дүгнэх хандлага бий болоод байна. Энэ бол маш буруу. Байгаа нөхцөл байдалд бодитойгоор авч үзвэл Лалын шашин бол энэ гариг дээрх хамгийн чухал шашнуудын нэг. Өнгөрсөн олон зууны туршид Лалын шашин нь сая сая хүмүүст итгэл, найдвар, урам зориг өгч байсан, одоо ч өгч байгаа, ирээдүйд ч өгсөөр байх болно. Энэ бол бодит үнэн. Би бүр хүүхэд байхаасаа л лалын шашинтай дотны найзуудтай байсан. Жишээлбэл, лалын шашинтан худалдаачид Төвдийн Лхаст суурьшсан нь бараг дөрвөн зууны өмнө гэж би бодож байна. Эдгээр лалын шашинтай хүмүүсийн зүгээс ямар нэг зөрчил үүсгэж байсан гэж тэмдэглэгдсэн зүйл байдаггүй. Тэд маш тайван, дөлгөөн хүмүүс байсан.
Үүний дээр лалын шашинтан хүн бол бүхий л амьд амьтныг асарч, энэрч байх ёстой бөгөөд хэрэв хэн нэгэн лалын шашинтан хүн амь хөнөөвөл тэрээр Лалын шашинтан биш болдог гэж хэлж байсан эндэхийн зарим лалын шашинтан хүмүүсийг би мэднэ. “Жихад” гэдэг үгийн утга нь “бусад руу халдах” гэсэн үг биш. Үүний цаад утга нь сэтгэлийн дотоод тэмцэл [алга ташилт] гэсэн үг байдаг. Энэ нь уурлаж бухимдах, үзэн ядах, хүсэн хүлэгдэх гэх мэт нийгэм, гэр бүлийн дотор асуудал үүсгэж байдаг сэтгэлийн сөрөг төлөв байдалтай тэмцэх тэмцэл гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр сөрөг, хорт сэтгэл хөдлөлтэй тэмцэх гэдэг нь “жихад” гэдэг үгийн гүнзгий түвшний утга болж байна.
Иймд хэдийгээр гүн ухааны хувьд бусад шашнаас ялгаатай ч мөн чанарын хувьд энэ шашин бусад шашинтай адилхан юм. Бусад шашны хүмүүстэй илүү ойр харилцаа холбоотой байснаар шашнууд гүн ухааны талаараа их ялгаатай боловч төлөвшлийн түвшиндээ бүгд адилхан хайр, энэрэл, уучлал, тэвчээр, хувийн сахилга бат, сэтгэл хангалуун байдлыг сургадаг болохыг би ойлгосон. Ингээд надад боломж гарах бүрт би цөөн тооны алан хядагч Лалын шашинтнуудаар Лалын шашныг ерөнхийлөн ойлгохгүй байхыг хүмүүсээс хүсдэг. Мөн Хиндү шашинтнуудын дунд, Жүд, Христ, Бурханы шашинтнуудын дунд ч зарим ёс зүйгүй үйл ажиллагаатай хүмүүс байдаг. Хэдий цөөн ч гэсэн Төвдийн Бурханы шашинтнууд дотор ч ийм хүмүүс байдгийг бид мэднэ. Ингээд надад Исламын их сургуулиас ийм хүндэт цол хүртээж байгааг надад үзүүлж буй их хүндэтгэл гэж үзэж байгаагаа дахин илэрхийлье.
Надад энэ насандаа хийхийг зорьж буй хоёр зүйл байдаг. Нэг нь миний өмнө дурдсан шашны эв нэгдлийг бий болгох, нөгөө нь бүх хүн төрөлхтний түвшинд хүний дотоод үнэт зүйл, байгалиас заяасан чанар болох асарч хайрлах сэтгэлийг дэвшүүлэн тавих явдал юм. Биднийг төрөхөд эх хүний зүгээс ээжүүд маань бидэнд асар их хайр халамжийг өгдөг. Хүүхдийн зүгээс мөн дөнгөж төрөөд л ээжийгээ ямар хүн болохыг мэдэхгүй ч байгалийн жам ёсоор түүний хайр халамжаас бүрэн хамааралтай болдог. Эх нь хүүхдийг тэврэх үед хүүхэд маш амгалан болж харин эхээсээ тусдаа байгаа үед айдас түгшүүртэй болдог. Амьтанд хүртэл ийм мэдрэмж байдаг бөгөөд бидний амьдрал ингэж эхэлдэг юм. Төрөх үедээ, мөн түүнээс хойших амьдралын эхний жилүүддээ их хайр халамж хүртсэн хүүхдүүд үлдсэн амьдралынхаа турш илүү эрүүл, энэрэх сэтгэлтэй байдаг. Харин энэ үедээ хайр халамжаар дутсан, эсвэл бүр хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийн хувьд тэдний туулж өнгөрүүлсэн бүхэн нь амьдралынх нь туршид тэдний сэтгэлд хадгалагдсаар байдаг ажээ. Тэдний гадаад байдалдаа хэрхэн харагдахаас үл хамааран сэтгэлийн гүнд нь айдас, үл итгэх байдал нуугдаж байдаг.
Хүмүүс бие биедээ үл итгэх байдал бол үнэндээ нийгмийн амьтан болох хүний үндсэн мөн чанартай харшилдаг. Аливаа нийгмийн амьтны хувьд тэдний хамтын ажиллагаа нь хувь хүн бүрийн сонирхолд маш чухал. Хувь хүн бол нийгмийн нэг хэсэг бөгөөд түүний ирээдүй тухайн нийгэм, хамт олноос бүрэн шалтгаална.
Одоо таны өөрийн аз жаргалтай амьдралын үндсийг авч үзье. Хэрэв та айдастай, бусдад итгэхгүй тэгээд тэднээс хол хөндий байх юм бол та хэрхэн аз жаргалтай байж чадах вэ? Энэ маш хэцүү байх болно! Иймд чин сэтгэлээсээ хамтран ажиллахад нөхөрлөл маш чухал. Нөхөрлөлийн үндэс нь итгэлцэл. Итгэлцлийн үндэс нь нээлттэй, ил тод байдал. Харин энэ бүхний үндэс нь бусдын сайн сайхны талаар санаа тавих халуун дулаан сэтгэл юм. Ийм сэтгэл төлөвшсөн үед бусдыг буруугаар ашиглах, хуурах, мэхлэх, хүчлэн түрэмгийлэх орон зай бий болдоггүй. Учир нь та тэдний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ анхаарч байдаг. Энэ бол зөвхөн шашинтай холбоотойгоор гарч ирдэг ойлголт биш харин биологийн хүчин зүйлтэй холбоотой асуудал юм.
Иймд би хүмүүст “бид бол нийгмийн амьтан” гэдгийг нь хэлж, сануулж байхыг зорьдог. Нэн ялангуяа өнөөгийн долоон тэрбум орчим хүнтэй, даяаршсан эдийн засаг, байгаль орчны асуудалтай энэ дэлхий ертөнцөд хүн бүрийн сонирхол бие биеэсээ харилцан хамааралтай байна. Энэхүү бодит байдлын үүднээс “бид”, “тэд” гэсэн ойлголт зохимжгүй болж байна. Одоо бид хүн төрөлхтнийг нэг гэр бүл гэж үзэх шаардлагатай болоод байна. Иймээс би хүмүүст энэ дэлхий бүхэлдээ миний, бидний нэг хэсэг гэсэн хандлагыг бий болгох ёстой гэж байнга хэлдэг. Хэрэв “бид” болон “тэд”-ний хооронд хатуу зааг тогтоох юм бол хүчирхийлэл бий болно. Харин бүх хүн төрөлхтнийг “бидний”, “миний” нэг хэсэг гэж үзвэл тэр үед хүчирхийлэл хэрэглэх орон зай гарахгүй юм.
Би болоод миний олон нөхөд өнгөрсөн 20-р зууныг хүчирхийллийн зуун болсон гэж бодож байгаа. Энэ зуунд 200 гаруй сая хүн хүчирхийлэлд өртөж амь үрэгдсэн. Би сая Японы Хирошимад зохион байгуулагдсан Нобелийн шагналтнуудын нэг уулзалтанд оролцоод ирлээ. Анх удаа цөмийн зэвсгийг хүн төрөлхтөн хэрэглэсэн газар. Үнэхээр аймшигтай! Өнгөрсөн зуунд бүр цөмийн зэвсгийг хүн төрөлхтөнд хэрэглэсэн байна! Тэгэхээр хэдийгээр энэ зуунд их хөгжил дэвшилд хүрсэн ч, нэг талаараа цус урсгасан зуун болсон. Энэ их цус, хүчирхийлэл нь хүн төрөлхтний зарим асуудлыг шийдэж, тодорхой үр дүн авчирсан бол яахав үүнийг зарим талаар нь зөвтгөж магадгүй юм. Гэвч ийм байгаагүй. Иймд бид үүнээс сургамж авч энэ 21-р зууныг харилцан ойлголцлын зуун болгоход бүх хүчин чармайлтаа одоо гаргах ёстой. Иймээс бидэнд бүх хүн төрөлхтнийг хамарсан нэг бүхэл гэсэн ойлголт хэрэгтэй. Өөр үндэстэн, өөр соёл, өөр арьсны өнгө, өөр шашны итгэл үнэмшил энэ бүхэн бол хоёр дахь түвшний асуудал гэж би боддог. Юу чухал вэ гэвэл, суурь мөн чанараараа бид бүгдээрээ адилхан хүн шүү дээ.
Заримдаа би бид бүхэнд тулгараад байгаа өнөөдрийн олон асуудал үнэн хэрэгтээ бидний өөрсдийн бий болгосон зүйл гэж боддог. Эдгээр бидний бий болгосон асуудлууд нь бид суурь түвшнээ мартаж хоёр дахь түвшнийхээ ач холбогдлыг хэт онцолсноос үүсдэг. Харин одоо, цаг нь болсон байна. Аз жаргалтай, амар амгалан дэлхийг бий болгохын тулд бид хүн гэдэг түвшнийхээ ач холбогдлыг онцлох ёстой. Хүн бүр адил аз жаргалтай байх эрхтэй, нэг хүний ашиг сонирхол бусад хүмүүсээсээ шалтгаалдаг. Иймд бид бусдын ашиг сонирхолыг анхаарч байх ёстой. Энэ нь өөртөө их тус хүргэх хамгийн зөв арга юм.
Энэ бол миний хоёр дахь зорьж буй зүйл. Миний нэг дэх зорьж буй зүйл бол шашны эв нэгдэл, хоёр дахь нь хүний суурь үнэт зүйлийг дэвшүүлэн тавих. Би нас эцэслэх хүртлээ энэ бүхний төлөө зүтгэх болно.
Би энд байгаа хүмүүс, залуучууд, оюутнуудад юуны өмнө баяр хүргэхийг хүсэж байна. Та бүхэн өөрсдийн нөр их хүчин чармайлтаар энэ эрдмийн зэргийг авч байна хэмээн би бодож байна. Магадгүй өнгөрсөн хэдэн өдрийн хугацаанд та бүхэн сайн унтаж амраагүй байх, сэтгэл ч их хөдөлсөн байх. Харин өнөөдөр та бүхэн сайхан амрах байх гэж бодож байна. Юутай ч та бүхэнд баяр хүргээд, нэг зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Амьдрал бол амар биш, ямар ч баталгаа байдаггүй. Чамд олон асуудал тулгарна, гэвч бид хүний нийгмийн нэг хэсэг гэдгээ санаарай. Ямар ч асуудал тулгарсан байлаа, бидэнд тэдгээрийг даван туулах чадвар бий. Тийм учраас өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэл маш чухал. Бас залуу хүмүүс та бүхэнд илүү их тэвчээр хэрэгтэй. Залуу хүмүүс заримдаа хүсэж буй зүйлээ шууд авахыг хүсдэг. Тэгээд бэрхшээл, саад тулгарахад шантардаг. “Ес алдаж ес дахин хичээх” гэдэг нэг төвд үг бий. Энэ бол маш чухал, үүнийг санаж яваарай.
Өөр нэг зүйл бол та бүхэн жинхэнэ 21-р зуунд хамаарах үеийнхэн. Би 20-р зууны хүн, мөн энд буй зарим багш, сайд нар бид 20-р зууныхан гэж би бодож байна. 21-р зууны ердөө 10 жил нь өнгөрчээ, цаана нь 90 жил байна. Тэгэхээр энэ шинэ зуун ямар байхыг шийдэх хүмүүс нь та нар. Та бүхэн үүнд бэлдэх хэрэгтэй. Илүү сайхан, энх амгалан, аз жаргалтай дэлхийг цогцлоохын тулд та бүхэн алсын хараатай байх ёстой бөгөөд зөвхөн боловсрол төдийгүй ёс суртахуун ч чухал. 20-р зуунд мөн энэ зууны эхээр бидний бий болгосон олон асуудлууд бидэнд боловсрол дутсанаас биш харин ёс суртахуун дутсанаас болсон юм. Тэгэхээр аз жаргалтай, энх амгалан дэлхийг бий болгоход боловсрол, ёс суртахуун хоёр хамтдаа байх ёстой.
Ёс суртахууны хувьд олон түвшин байна. Нэг түвшин нь шашны итгэл үнэмшлийн түвшин юм. Илүү суурь түвшин нь шашны итгэл үнэмшилтэй холбоогүй байдаг. Хүн төрөлхтний нийтлэг туршлага, нийтлэг хандлага, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудаас сайхан сэтгэл, нээлттэй байдал бол маш чухал төдийгүй бүр хүний биеийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг болохыг бид харж байна. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарал тавьдаг. Эрүүл байх нэг чухал хүчин зүйл нь сэтгэлийн тайван байдал. Иймд энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхэд илүүтэйгээр хүчин чармайлт гаргах нь үнэндээ таны эрүүл мэндийн хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг болох төдийгүй аз жаргалтай гэр бүлийг бий болгох үндэс болно.
Боловсролын хувьд та бүхэн аль хэдийн өндөр зэрэг авлаа. Харин одоо өөрийн дотоод үнэт зүйлдээ илүү анхаарал тавиарай. Энэ бол хүний жинхэнэ үнэт зүйл, ёс суртахуун юм шүү. Захирал ёс суртахуун, хүмүүнлэг аргын талаар аль хэдийн дурдсан. Энэ бүгд маш чухал зүйл, үүнийг би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. За ингээд яриагаа дуусгая, маш их баярлалаа.