Муласарвастивада бикшү (гэлэн) хуврагийн сахил хүртээх ёс нь Төвөдөд гурван тохиолдлоор тогтож байсан боловч Муласарвастивада бикшүни (гэлэнмаа) хуврагийн сахил хүртээх ёс нэг ч удаа тогтвортой бүрэлдэн тогтож байсангүй. Иймээс Муласарвастивада уламжлалын сахил хүртээх ёсоор Төвөдийн Бурханы шашныг баримталдаг эмэгтэйчүүд сахил хүртэх бол шраманерика болох буюу зөвхөн эхний хүртдэг сахилаа сахидаг байна.
Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх уламжлал нь Төвөдөд анх удаа Энэтхэгийн мэргэн Шантаракшита МЭ 775 онд гучин хуврагийн хамтаар ирж Төвөдийн төв нутагт байх Саме (bSam-yas) хийдийг байгуулах үед тогтжээ. Үүнийг тухайн үеийн Төвөдийн эзэн хаан Три Сонгдэцэний (Khri Srong-lde-btsan) заавраар хийсэн. Гэвч тэр үед арван хоёр тоо бүхий Энэтхэгийн Муласарвастивада ёсны бикшүни хувраг Төвөдөд ирээгүй бөгөөд дараа нь тэрхүү үндсэн сахилыг хүртэхээр төвөд нэг ч эмэгтэй Энэтхэгт зорчоогүй учраас энэхүү эхний үеэр Төвөдөд бикшүни (бүрэн сахилтай эмэгтэй хувраг) хуврагийн сахил хүртээх ёс тогтоогүй байна.
Гэвч Дунхуаны бичвэрүүдэд хадгалагдан үлдсэн Хятад эх суралжийн дагуу, Три Сонгдэцэн Эзэн хааны бага хатадуудын нэг Дроза Жангдрон (‘Bro-bza’ Byang-sgron) хатан өөр гучин эмэгтэйн хамтаар Саме хийдэд бикшүни хуврагийн сахил хүртсэн байдаг. Тэдний сахилыг МЭ 781 онд Самегийн орчуулгын товчоонд уригдаад байсан хятад бикшү нар хүртээсэн байв. Хятадын Танг Эзэнт гүрний Жонг-зонг эзэн хаан МЭ 709 онд Хятадад зөвхөн Дхармагуптака ёсны сахил хүртээх дамжлагыг баримтална хэмээн зарлиг гаргасан байсан учир Төвөд дэх тэрхүү бикшүни хуврагийн сахил хүртээсэн ёс нь Дхармагуптака ёсны дамжлага болж таарна. Тэрхүү сахил хүртээсэн явдлыг нэг (хүйсийн) бүлэг хувраг сахил хүртээдэг аргаар хүртээсэн бөгөөд түүний дамжлага нь Самед ном хаялцах үеэр (МЭ 792 – 794 он) хятадуудын үүсгэсэн бүлэглэл мэтгэлцээнд ялагдаж Төвөдөөс гарснаас хойш үргэлжлээгүй байна.
Төвөдийн эзэн хаан Три Рэлпачэн (Khri Ral-pa can, МЭ 815 – 836 он) хаанчлалынхаа үеэр Сарвастивада үзлийн (Вайбхашика, Саутрантика үзлээс салбарласан Бурханы шашны Бага хөлгөний 18 үндсэн салбарын нэг) сургаалуудаас өөр нэг ч Бага хөлгөний бүтээлийг төвөд хэлэнд орчуулахгүй байхыг зарлиг болгосон. Энэ нь Төвөдөд Муласарвастивада ёсноос өөр сахил хүртээх дамжлага дамжих боломжийг бодитойгоор хязгаарласан.
Шантаракшита гэгээнээс уламжлан ирсэн Муласарвастивада бикшү хуврагийн сахил хүртээх дамжлага Лангдарма хааны Бурханы шашныг хаах болсон МЭ IX зууны сүүл, X зууны эхэн үеэр бараг алдагдсан. Үлдэж хоцорсон гурван Муласарвастивада ёсны бикшү Хятадын Дхармагуптака ёсны нэг бикшүгийн тусламжтайгаар энэхүү бикшү хуврагийн сахил хүртээх дамжлагыг Гонгпа-рабсэлт (dGongs-pa rab-gsal) хүртээснээр дахин сэргээсэн. Гэвч тэр үед Дхармагуптака бикшүни нар оролцсон хос дамжлагаар, хос бүлэг хуврагаар (эрэгтэй, эмэгтэй хос хүйс бүхий хоёр бүлэг хуврагуудаар сахил хүртээх ёс) Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх уламжлал бий болох дээрхтэй ижил төстэй үйл явц болоогүй.
Гонгпа-рабсэлийн Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх уламжлалын нэг салаа нь Төвөдийн төв нутагт эргэн ирж “Бага төвөд винай”-н (sMad-‘dul) уламжлал гэгдэх болов. Гэвч Төвөдийн баруун нутагт Ешей-во (Ye-shes’od) хаан МЭ X зууны сүүл үеэр өөрийн хаант улсдаа Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх уламжлалыг бий болгохоор, магадгүй дахин бий болгохоор Энэтхэгт хандсан. Ингээд тэрээр хоёр дахь удаагийн Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх уламжлалыг бий болгохоор Төвөдийн баруун нутгийн Гүгэд Зүүн Энэтхэгийн Дхармапала бандидыг түүний шавь нарын хамтаар урив. Энэ салбарыг “Дээд төвөд винай”-н (sTod-‘dul) уламжлал гэх болов.
Гүгэгийн түүхийн товчоон-д өгүүлснээр энэ үед Муласарвастивада ёсны эмэгтэй хуврагийн нэг бүлэг мөн үүссэн бөгөөд Ешэй-во хааны охин Лхай-мэтог (Lha’i me-tog) тэдний хамтаар сахил хүртсэн байна. Гэвч энэхүү сахил нь бикшүни сахил эсвэл шраманерика сахил аль байсан нь тодорхойгүй. Аль ч тохиолдолд тус сахилыг хүртээхээр Муласарвастивада ёсны бикшүни хуврагууд Гүгэд уригдсан эсэх нь мөн тодорхойгүй бөгөөд энэ үед Баруун Төвөдөд Муласарвастивада бикшүни хуврагийн бүлэг баттай бүрэлдэн тогтсон баримт байдаггүй байна.
МЭ 1204 онд төвөд орчуулагч Тропу Лоцава (Khro-phu Lo-tsa-ba Byams-pa dpal) Энэтхэгийн их мэргэн, Наланда хийдийн хамгийн сүүлийн ширээт лам Шакяшрибхадраг Гурид гүрний Гузз туркүүдийн халдлагын улмаас хийд орноо орхин гарах шаардлагатай болсон үед Төвөдөд ирэхийг урьсан байна. Төвөдөд байх хугацаандаа Шакяшрибхадра болон түүнийг дагалдан ирсэн лам нар Сажа ёсны хүрээнд Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахилыг тодорхой хүмүүст хүртээв. Ингэж дээрх ёсны сахилын дамжлагыг Төвөдөд гурав дахь удаагаа эхлүүлжээ. Энэ нь хоёр дэд салбартай бөгөөд нэг нь Шакяшрибхадрагийн Сажа бандидад (Sa-skya Pan-di-ta Kun-dga’ rgyal-mtshan) хүртээсэн сахилын уламжлалаас гарсан бол нөгөө нь хожим түүний өөрийн сургасан сахил хүртээх лам нарын бүлгээс гарчээ. Энэ нь улмаар Сажа ёсны дөрвөн хийдэд (tshogs-pa bzhi) салбарласан байна. МЭ XII зуун хүртэл хойд Энэтхэгт бикшүни хуврагийн сахил хүртээх ёс байсаар ирсэн баримт байдаг боловч Шакяшрибхадраг дагалдан нэг ч Муласарвастивада ёсны бикшүни хувраг Төвөдөд ирээгүй. Ийнхүү Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх дамжлага эдгээр гурван удаагийн Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх дамжлагатай холбоотойгоор Төвөдөд нэг ч удаа уламжлан ирээгүй байна.
Шакяшрибхадраг уригдан ирснээс хойших хэдэн зуунуудад Төвөдөд Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх уламжлалыг бий болгох нэг л удаагийн оролдлого тохиосон боловч амжилтгүй болжээ. МЭ XV зууны эхээр Сажа ёсны мэргэн Шакя-чогдэн (Sha-kea mchog-ldan) өөрийн ээждээ тусгайлан зориулж нэг (хүйсийн) бүлэг хуврагаар Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг гаргасан. Гэвч тухайн үеийн өөр нэг Сажа ёсны мэргэн Горампа (Go-ram-pa bSod-nams seng-ge) тус сахил хүртээсэн үйл явдлын хүчин төгөлдөр байдлыг хүчтэй шүүмжилж хожим нь тэрхүү дамжлага зогсжээ.