Ном хаялцахын зорилго, ач тус

02:33
Бурханы шашны сургалтын ном хаялцах хэлбэр нь хамгийн сайн логикоор хэн нэгнийг ялах тухай биш. Харин суралцагчид өөрийн ойлголтоо баталснаар бясалгалын үеэр тэдэнд ямар нэг эргэлзээ төрөхгүй болох тухай юм. Суралцагч бүр нэг нэгнийгээ өөрсдийн байр сууриа хамгаалж чадах эсэхийг сорьж асуулт тавин хариултанд буй хоорондоо зөрчилдөж байгаа ойлголтуудыг гаргаж ирнэ. Үүний үр дүнд хоёр тал хоёулаа сайн үр дүн хүртэнэ.

Бурханы номын сургалтанд Номын дагсал хаяхын үндсэн агуулгуудын нэг нь Магад мэдлийг (төвд: нгес-шес) хөгжүүлэх явдалд нь танд туслах явдал. Та нэг байр суурийг барьж, таны Номын дагсал хаялцах нөхөр чинь олон талаас сөрж мэтгэлцэнэ. Бүх эсэргүүцлийг сөрж, байр сууриа та хамгаалж чадах юм бол ямарваа логикт нийцэхгүй, таарахгүй зүйлгүй, аливаа зөрчилгүй гэдгийг үнэмшээд, энэ байр суурь дээрээ буюу үзэл дээрээ гуйвшгүй, бүрэн дүүрэн итгэлтэй ухамсраар төвлөрч болно. Ухаан санааны энэ төлвийг бид бас Төсөөлж бясалгах (төвд: мос-па) гэж нэрлэдэг. Энэхүү Магад мэдэл болон Төсөөлж бясалгах нь ямар нэг сэдэв; жишээлбэл, мөнх бус, өөрийгөө ба өрөөлийг үл алагчилах, бусдыг өөрөөсөө илүү үнэтэй гэж үзэх, бодь сэтгэл, хоосон чанар гэх мэтийн сэдвүүд дээр төвлөрүүлсэн ухаанаар бясалгахад хэрэгтэй.

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Сүсгийг залах ба учир шалтгааны ухаан”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Цаашилбал анхан суралцагчдад төвлөрлийг хэрэгжүүлэхэд Номын дагсал хаялцах нь бясалгалаас илүү дөхөмтэй нөхцөл байдлыг бий болгодог юм. Номын дагсал хаялцах буюу мэтгэлцэх үед хамтрагч нөхрийн тань сөрж мэтгэх болоод сонсож суугаа хамт суралцагч нөхдийн нөлөө таныг хүчлэн төвлөрөхөд хүргэнэ. Ганцаараа бясалгаж байх үед зөвхөн өөрийн тань эр зоригийн хүч л бодол санаа сарних буюу нойронд дийлдэхийг зогсоодог. Дээр нь Номын дагсал хаяхад, хийдэд олон хэсэгчилсэн мэтгэлцээн зэрэг зэрэг маш чангаар явагддаг. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэхийг танаас шаардана. Мөн таны эргэн тойронд болж байгаа мэтгэлцээнүүдээс болж анхаарал тань сарнихад хүрвэл та ялагдсан гэсэн үг. Та нэгэнт мэтгэлцээний талбайд төвлөрөх чадвараа бүрдүүлж авсан бол түүнийгээ бясалгалдаа, тэр ч байтугай бүр их шуугиантай газар ч бясалгахад хэрэглэж чадна.

Үүнээс гадна Номын дагсал хаях нь таны зан төлөвийг бүрэлдэхэд тусалдаг. Та ичимхий бүрэг байгаад байвал мэтгэлцэж чадахгүй. Эсрэг тал таныг маргаанд дуудвал, та хариу өгөх ёстой. Нөгөө талаас, хэрэв та бардамнаж сайрхах буюу уурлавал, таны ухаан санаа саруул биш болж булингартан, зайлшгүй дагсал хаягч нөхөр чинь таныг дийлнэ. Ямарч үед та сэтгэлийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Ялсан ч, хожигдсон ч номын дагсал хаялцах нь танд зайлшгүй няцаах ёстой “Би”-г тань таниулах тун сайхан боломжийг олгодог. “Би ялсан, би тийм ухаантай.”, эсвэл “Би хожигдлоо, би ийм мангар” гэж бодох үед та өөрийгөө гэсэн, өөрт тань хэвшсэн “Би” өөртөө агуулдгийгаа танин мэдэх болно. Энэ бол жинхэнэ хийсвэр, няцаавал зохих “Би” чинь билээ.

Та дагсал хаялцагч нөхөртөө, түүний байр суурь нь логик бус гэж баталлаа ч гэсэн, энэ нь таныг илүү сэргэлэн, түүнийг тэнэг гэж нотолж байгаа хэрэг биш гэдгийг санах хэрэгтэй. Таны зорилго дагсал хаялцагч нөхөр тань логикоор баталж болох зүйлсийн талаар тодорхой ойлголт, баттай үнэмшлийг олоход цаг ямагт дэм болохын төлөө байх ёстой.

Top