Номын бүтээл амжилттай байх нь бодит хандлагатай байх эсэхээс шалтгаална. Энэ нь сургаал Номыг юмс үнэндээ хэрхэн оршдог тэр байдалд нийцэх аргаар шалгаж үзэх гэсэн утгатай юм. Ийнхүү шалгахад тохирсон дөрвөн аксиомыг (rigs-pa bzhi; батлах шаардлагагүй, илэрхий үнэн) Бурхан багш гаргаж тавьсан бөгөөд энэ нь Бурханы шашны сэтгэлгээний суурь үзэл санаа болдог. Бурхан багш “Миний сургасан зүйлийг ердөө сүсэг бишрэл эсвэл намайг хүндэтгэсэн хүндэтгэлийн үүднээс хүлээн зөвшөөрөх бус түүнийг алт худалдаж авахдаа шалгадгийн адилаар шинжилж шалгаж аваарай” гэсэн байдгийг санах хэрэгтэй.
Дөрвөн аксиом нь:
- Харилцан хамаарлын аксиом (ltos-pa’i rigs-pa)
- Үүргийн аксиом (bya-ba byed-pa’i rigs-pa)
- Учир шалтгааны аксиом (tshad-ma’i rigs-pa)
- Мөн чанарын аксиом (chos-nyid-kyi rigs-pa).
Богд Зонхов эдгээр дөрвөн аксиомыг Их бодь мөрийн зэрэгт (Лам-рим чэн-мо) хэрхэн тайлбарласныг авч үзье.
Харилцан хамаарлын аксиом
Эхний аксиом бол тодорхой юмс нь түүний суурь болох бусад юмсаас шалтгаалж байдаг явдал. Энэ бол харилцан хамаарлын аксиом. Ямар нэг үр дүн нь шалтгаан болон нөхцөлүүдээс хамаарах ёстой. Энэ бол бид бүгдийн хүлээн зөвшөөрч болох нэг аксиом (батлах шаардлагагүй, илэрхий үнэн). Энэ нь хэрэв бид ямар нэг сайн чанар эсвэл ямар нэг зүйлийн талаарх ойлголт төрүүлэхийг хүсэж байвал бид тухайн зүйл юутай холбоотойг шинжилж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Түүний суурь болгох юуг бид өмнө нь төлөвшүүлэх хэрэгтэй вэ?
Оюун санааны мэдлэг ололтын түвшин тус бүр түүний суурь болох бусад мэдлэг ололт, хүчин зүйлүүд дээр тулгуурлана. Жишээ нь, хэрэв бид билиг ухаан эсвэл хоосон чанар, бодит байдлыг ойлгох ойлголтыг төлөвшүүлэхийг хүсвэл тэрхүү ойлголт юун дээр тулгуурлаж байгааг судалж шинжилж мэдэх хэрэгтэй болно. Энэ нь төвлөрөл дээр суурилна. Төвлөрөлгүйгээр бид ямар нэг ойлголт төлөвшүүлж чадахгүй. Тэгвэл тэр төвлөрөлийн тулгуурлах суурь нь юу вэ? Энэ нь хувийн сахилга бат дээр суурилна. Хэрэв бид анхаарал сарних үед түүнийг зөв болгох сахилга батгүй бол бид төвлөрөл төлөвшүүлж чадахгүй болов уу. Иймд хэрэв бид хоосон чанарыг ойлгох билиг ухаан төрүүлэхийг хүсэж байвал эхэлж бид бага ч атугай хувийн сахилга бат болон төвлөрөл бий болгох хэрэгтэй.
Ном үзэж байгаа үед энэхүү эхний аксиомыг хэрэглэх нь маш чухал. Бидний олонх нь Ном зохиол дээр гарах гайхалтай зүйлүүдэд хүрэхийг хүсдэг, гэвч хэрэв өөрийн хүсэлд бодит байдлаар хандахыг хүсвэл бид тэдгээрт хүрэхэд юун дээр суурилахыг шинжилж мэдэх хэрэгтэй болно. Зорилгодоо хүрэхийн тулд бид юу бий болгох хэрэгтэйг мэдэх үед бид түүнд хэрхэн хүрэхийг мэдэх болно. Ингээд бид тэр үед сууриас нь эхэлж болно. Энэ нь бидний эрэл хайгуулыг бодит болгоно.
Үүргийн аксиом
Хоёр дахь аксиом нь үүргийн аксиом. Шалтгаан, нөхцөлөөр нөлөөлөгдөх бүх юмс үзэгдэл өөрийн тусгай үүргийг гүйцэтгэнэ. Ус биш гал түлэх, шатаах үүрэгтэй. Энэ бол мөн л Бурханы шашны суурь үзэл санаа, нэг аксиом (батлах шаардлагагүй, илэрхий үнэн) бөгөөд бидний бас хүлээн зөвшөөрч болох зүйл. Ном үзэж, судлах үед үүнийг хэрэглэх хэрэглээ бол бид үүний эсвэл түүний гүйцэтгэх үүргийг шинжилж мэдэх явдал. Бид асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт төлөвшүүлбэл зохих тодорхой сэтгэл эсвэл сэтгэл хөдлөлийн төлөвүүд мөн уур бухимдал, төөрөгдөл гэх мэт арилгавал зохих бусад сэтгэл болон сэтгэл хөдлөлийн төлөвүүдийн талаар ойлголт авна. Мөн бид дагах хэрэгтэй тодорхой аргуудад суралцана. Тэдгээр аргуудыг ойлгохын тулд бид тэдгээр нь юунд хэрэгтэй, ямар үүрэгтэй болохыг судалж мэдэх хэрэгтэй. Тодорхой зарим юмс зарим зүйлтэй таарч тохирдог байхад зарим нь тийм байдаггүй. Ийм зүй тогтол бий учраас тодорхой сэтгэлийн төлөв байдлууд зарим сэтгэлийн төлөв байдлыг сайжруулж мөн нэмэгдүүлнэ.
Жишээ нь, асрал хайр төрүүлэх тодорхой нэг бясалгалын аргыг судалж, түүнийг туршиж үзэх нь түүнд сэтгэл итгэмжлэхийг (төрөх итгэлийг) нэмэгдүүлдэг. Бид “Энэ зөв үү, буруу юу?” гэж шалгаад дараа нь түүнийг туршиж үзнэ. Үүний үүрэг бол тухайн аргад итгэх итгэл төрөх. Тухайн нэг бүтээл хийх арга зөв бөгөөд үр дүнтэй гэж итгэхийн үүрэг юу вэ? Энэ нь түүнийг илүү гүнзгий хийх чадамжийг нэмэгдүүлнэ. Хэрэв бид хийж байгаа зүйлдээ итгэлгүй байвал бид түүнийг хийж бүтээхгүй. Хэрэв бид үе шат тус бүрд байх үүргийг ойлгох юм бол бид үе шат тус бүрд сэтгэл зүрхээ зориулна. Хэрэв бид ойлгохгүй бол тэдгээрийн алиныг ч хийхгүй.
Мөн бид ямар нэг зүйлийн гэм хор хүргэх эсвэл харшлах үүргийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, тухайн нэг аргад итгэх нь түүний талаар эргэлзэх эргэлзээг арилгана. Тухайн нэг аргад эсвэл түүнийг дагах өөрийн чадварт итгэхгүй байх нь биднийг түүгээр дамжуулан ямар нэг зүйлд хүрэх, амжилт гаргахад саад болдог.
Бидний сурч буй зүйл тус бүр, хийж буй бүтээлийн үе шат тус бүр юуг нэмэгдүүлэн сайжруулж, юуг арилгахыг мэдэж байх нь маш чухал. Ингэснээр бид хийж байгаа зүйлийнхээ тухайд нэг бодит хандлагатай болно. Жишээ нь, яагаад бид асрал хайр гэх мэт тодорхой нэг эерэг сэтгэлийн төлөв эсвэл хандлага төлөвшүүлэхийг хүсэж байна вэ? Нэг хүлээн зөвшөөрөгдөх шалтгаан бол энэ нь сэтгэлийн амгалан авчирч, бусдад туслах боломж олгох үүрэгтэй. Яагаад бид уур бухимдал гэх мэт тодорхой нэг сэтгэлийн сөрөг төлөв байдлыг арилгахыг хүсэж байна вэ? Учир нь тэр нь: өөрт болон бусдад асуудал бий болгодог. Тамхи татах гэх мэт бидний дурладаг зан байдлын сөрөг хэв маягийг арилгахыг хүсэж байгаа үед үүнийг мэдэх нь маш чухал. Хэрэв бид тамхи татах нь бидний уушгинд ямар нөлөө үзүүлдэг болох гэх мэт аливаа нэг үйлдлийн гүйцэтгэх үүргийн талаар тодорхой ойлгож байвал бид яагаад тэр үйлдлийг зогсоох, болих хэрэгтэйг ойлгоно. Энэ бол үүргийн аксиомыг хэрхэн хэрэглэх хэрэглээ юм.
Учир шалтгааны аксиом (учир шалтгаанаар нотлох)
Гурав дахь аксиом бол учир шалтгааны аксиом. Энэ нь хэрэв тодорхой тогтсон мэдэхүйн аль нэг хэлбэр тухайн нэг ойлголтыг үгүйсгэхгүй бол тэр ойлголт батлагдсан, нотлогдсон гэсэн утгыг илэрхийлнэ. Юуны өмнө бид Ном хэмээн судалж байгаа аливаа ойлголтыг эх зохиолын утгатай зөрчилдөж байгаа эсэхийг тодорхойлох үүднээс шинжилж үзэх хэрэгтэй. Тухайн нэг сургаал Бурханы Ном мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Энэ нь Бурхан багшийн заасан зүйлтэй тохирч байх хэрэгтэй. Бурхан багш өөр өөр шавь нартаа харилцан адилгүй зүйлүүдийг заасан байдаг ба тэр нь наад талдаа зөрчилдөж буй мэт санагддаг учраас Бурхан багшийн заасан гүнзгий санааг хэрхэн бид мэдэх вэ? Энэтхэгийн их эрдэмт мэргэн Дхармакирти, хэрэв тухайн сургаал Бурхан багшийн сургаалд дахин дахин гарах сэдэв болж гарч ирж байвал бид түүнийг үнэхээр Бурхан багшийн илэрхийлсэн зүйл гэж мэднэ. Энэ бол ялангуяа ёс зүйн асуудлуудтай холбоотой чухал зүйл юм.
Ямар нэг зүйлийг баттай мэдэх хоёр дахь арга бол логик, үндэслэл нотолгоогоор дүгнэн мэдэх. Энэ нь логикийн хувьд тохирч байна уу эсвэл логикийн хувьд зөрчилдсөн, алдаатай байна уу? Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт уу эсвэл нийтлэг биш ойлголт уу? Тэгвэл гурав дахь хүчин төгөлдөр мэдэх арга бол шууд танин мэдэх. Бясалгаж байгаа үед, үнэндээ бидний туулж эдэлж байгаа зүйлүүд сургаалтай зөрчилдөж байна уу эсвэл сургаалыг баталж байна уу?
Энэ аксиомыг хэрхэн хэрэглэх нэг жишээ авч үзье. Бид “асрал хайр уур бухимдлыг дардаг” гэх мэт тодорхой нэг сул тал эсвэл асуудлыг багасгах нэг ерөндгийг хэрхэн хэрэглэх тухай сургаал сонсож байж болно. Юуны түрүүнд бид энэ нь Бурхан багшийн заасан зүйлтэй тохирч байгаа эсэхийг авч үзнэ. Тийм, энэ бол Бурхан багшийн заасан ямар ч зүйлтэй зөрчилдөхгүй.
Энэ нь логикийн хувьд зөв үү? Тийм, асрал хайр бол бусдыг баяр жаргалтай байхыг хүсэх хүсэл. Надад гэм хор хүргэж буй, миний уурыг төрүүлж буй энэ хүн яагаад ийм байдлаар үйлдэл хийж байна вэ? Энэ хүн зовлонтой байгаа учраас эдгээр таагүй зүйлүүдийг хийж байна; тэр хүний сэтгэл хямарсан байна. Хэрэв надад энэ хүнийг асарч хайрлах сэтгэл байсан бол би түүнийг баяр жаргалтай байгаасай гэж хүсэх байсан; тэр хүнийг хямарч, ийнхүү зүдрэхгүй байхыг хүсэх байсан. Ийм хандлага нь биднийг тухайн хүнд уурлаж бухимдахаас сэргийлнэ, тийм биз дээ? Энэ бол маш зөв логик. Хэрэв тэр хүн ихээр хор хохирол учруулж байгаа бол, хэрэв би түүнийг зогсоохыг хүсэж байгаа бол би асрал хайраа тэлэх хэрэгтэй болно. Би тухайн хүнийг аз жаргалтай байхыг хүсэх хэрэгтэй болно, учир нь хэрэв тэр жаргалтай, амгалан байсан бол энэ хор хөнөөлийг хийхгүй байсан. Тэр хүнд уурлаж бухимдах нь түүний надад гэм хүргэх явдлыг зогсоохгүй. Энэ сургаалын утга санаа логикийн хувьд зөв байна.
Ингээд сүүлд нь бид шууд танин мэдэхүй эсвэл бясалгалаар шинжилж мэднэ. Өөрөөр хэлбэл, бид энэ бүхэн үр дүнтэй болж байгаа эсэхийг харахыг оролдоно. Асрал хайр төрүүлэх бясалгал хийснээр энэ нь миний уур бухимдлыг багасгаж байна уу? Тийм, багасгаж байна. Энэ бол тухайн сургаал ул үндэстэй зүйл мөн эсэхийг шалгах гурав дахь сорил юм.
Мөн чанарын аксиом
Сүүлийн аксиом бол юмсын мөн чанарын аксиом. Энэ бол гал халуун байх, ус нойтон байх гэх мэт тодорхой үзэгдлүүд нь ердөө юмсын мөн чанар байх аксиом. Гал яагаад халуун, ус яагаад нойтон байдаг вэ? Тэр бол ердөө юмс мөн чанар. Сургаалын хувьд, ямар санаа нь юмсын мөн чанар болохын хувд үнэн юм гэдгийг бид шинжилж үзэх хэрэгтэй. Жишээ нь, амьтан бүхэн жаргал хүсэх ба хэн ч зовлон хүсдэггүй (энэ бол үнэн). Яагаад? Тэр бол ердөө тэдний мөн чанар. Өөр нэг жишээ авъя. Зовлон нь сөрөг зан байдлын, жаргал нь эерэг зан байдлын үр дүнд гарна. Яагаад? Энэ бол ердөө орчлон ертөнцийн зүй тогтол. Үүнийг Бурхан багш ийм болгоогүй; энэ бол ердөө тэдгээрийн мөн чанар. Хэрэв бид тодорхой зүйлүүд тухайн зүйлийн ердөө мөн чанар болохыг шинжилж мэдвэл бид тэднийг амьдралын бодит үнэн гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдгээрт бухимдах нь ердөө цагийн гарз болно.
Номын бүтээлтэй маш их хамааралтай юмсын мөн чанартай холбоотой ойлголтуудын нэг бол орчлон үргэлж сайнтай муутай, өгсөж уруудаж байдаг явдал. Энэ нь зөвхөн сайн, муу төрөл авахтай холбоотой бус харин бидний өдөр тутмын амьдралын агшин хором бүрд хамаарна. Бидний сэтгэл санааны байдал, бидэнд төрөх хүсэл, мэдрэмж үргэлж өөрчлөгдөж байдаг. Хэрэв бид үүнийг ийм мөн чанартай хэмээн хүлээн зөвшөөрөх юм бол бид энэ тухайд сэтгэл хямрахгүй. Орчлонгоос юу хүсэн хүлээнэ гэж? Мэдээж зарим өдөр бясалгал сайн, зарим өдөр тийм биш байна. Зарим өдөр бүтээлээ хиймээр санагдаж, зарим өдөр үгүй. Тийм том асуудал биш! Энэ бол юмсын мөн чанар. Ингээд орхи, түүнд бухимдах хэрэггүй. Энэ бол маш чухал.
Хэрэв бид Номонд бодит байдлаар хандахыг хүсэж байгаа бол Бурхан багшийн заасан эдгээр дөрвөн ойлголт маш их тустай. Эдгээр ойлголтыг мөн тэдгээрийг судалж байгаа сургаалдаа хэрхэн ашиглах тухай ойлголтыг бататгах үүднээс өөрийн биед шунахгүй байх сургаал дээр жишээ авч үзье.
- Энэхүү үл шунах сэтгэлийн төлөвшил нь юун дээр суурилах вэ? Энэ нь мөнх бус, төрөл, би хэрхэн оршдог; бие, сэтгэл, би-гийн хоорондын холбооны тухай ойлголтон дээр суурилна.
- Өөрийн биед үл шунах сэтгэлийг төрүүлэхийн үүрэг нь юу вэ? Энэ нь өвдөх, өтлөх мөн өтлөх үед оюуны чадавх муудсанаар түүнд хямарч, бухимдахгүй байхад бидэнд туслах үүрэгтэй.
- Энэ нь учир шалтгааны үндэслэлтэй юу? Тийм, Бурхан багш биедээ үл шунах нь зовлонгийн шалтгаануудын нэгийг арилгана хэмээсэн: түр зуурын зүйлийг чухалчилсан шунал. Энэ нь логик үндэслэлтэй юу? Тийм, учир нь бие махбод хормоос хоромд өөрчлөгдөж, хуучирч элэгдэж (хөгширч) байдаг. Бид үүний үүргийг өөр дээрээ туулж мэдэрдэг үү? Тийм, үл шунах сэтгэлийг төрүүлснээр бид илүү бага зовлон, бага асуудалтай болж байгааг хардаг.
- Юмсын мөн чанарын хувьд? Хэрэв би өөрийн биед үл шунах сэтгэл дээр бясалгавал миний амгалан жаргал өдөр бүр нэмэгдэх үү? Үгүй. Энэ бол орчлон; юмс үргэлж өгсөж, уруудаж байдаг. Урт хугацааны явцад, яваандаа би илүү аз жаргалтай болж, амьдрал илүү сайн болж болно, гэвч энэ нь шугаман тэгш маягийн өсөлтөөр явагдахгүй. Энэ бол юмсын мөн чанар биш.
Дүгнэлт
Өөрийн биед үл шунах сэтгэлийг төлөвшүүлэх гэх мэт аливаа сургаалыг шинжлэхэд эдгээр дөрвөн аксиомыг ашигласнаар тухайн сургаалд хандах бодит хандлагыг хэрхэн төрүүлж болохыг бид харлаа. Ийнхүү Бурхан багш “Миний сургасан зүйлийг ердөө сүсэг бишрэл эсвэл намайг хүндэтгэсэн хүндэтгэлийн үүднээс хүлээн зөвшөөрөх бус түүнийг алт худалдаж авахдаа шалгадгийн адилаар шинжилж шалгаж аваарай” хэмээхдээ эдгээр дөрвөн аксиомыг хэрэглэж шинжилж шалгах санааг илэрхийлжээ.