Дорно дахины мэдлэг болон өрнийн шинжлэх ухаан
Өрнийн болон дорнын уулзах цэг гэдгийн хувьд би бүр гуч, дөчин жилийн өмнө нэг үйл явдлын үеэр Дорнын мэдлэг, тэр дундаа эндэхийн Энэтхэгийн, ялангуяа тэдний сэтгэл хөдлөл болон сэтгэлийн тухай мэдлэгийг нилээн нарийн гэж хэлж байсан. Учир нь үүнд самади [тэгш агуулахуйн бясалгал] болон випассана [үлэмж үзэхүй ба гүн үзлийн бясалгал] бүтээл байдаг. Эдгээр нь сүсэг бишрэл дээр суурилдаггүй. Энэ бүхнийг сэтгэлийг хөгжүүлэх зорилгоор хийдэг. Самади болон випассанагийн бүтээлтэй холбоотой ямар ч сургаал аяндаа л сэтгэлийн тухай, сэтгэл ямар үйл явцтай байдаг, сэтгэлийн хөдлөл ямар үйл явцаар гарч ирдэг тухай тайлбарладаг.
Мөн Бурханы шашинд пражна буюу билиг ухаан [ялгах ухамсар] гэж байдаг ба шашны тулгуур үзэл нь би-үгүй буюу анатма онол юм. Ингээд анатма онолын талаар мэтгэлцэхийн тулд мунхаг болон буруу үзлийн талаар илүү нарийн ойлголт аяндаа хэрэгтэй болдог. Буруу үзлийн цорын ганц ерөндөг нь зөв үзэл, ерөөл залбирал биш, дан ганц бясалгал ч биш. Харин тарнийн сургаалд сэрсэн төлөв, зүүдний төлөв, гүн нойрны төлөв буюу ухаангүй байх үеийн төлөв гэсэн өөр өөр түвшний сэтгэлийн төлвүүдийг авч үздэг. [Энэ бүхэн бол сэтгэлийн талаарх дорнын мэдлэг юм.]
Шинжлэх ухаан баруунаас гаралтай гэдэг нь ойлгомжтой. Эрдэмтэд нь ихэнх тохиолдолд Жүүд-христийн шашинтай гэр бүлээс гаралтай байдаг учраас тэд сэтгэл, сэтгэл хөдлөл гэх зэрэг ойлголтонд их анхаарал хандуулдаггүй. Жүүд-христийн шашны улалмжлалын төлөвшлийн түвшний сургаал нь [дорно дахины шашинтай адил] энэрэн нигүүлсэх сэтгэл, уучлал, хүлцэл мөн сэтгэл хангалуун байдал, хувийн схилга батыг төлөвшүүлэх тухай байдаг. Энэ нь бүх гол гол шашинд бий. Юугаараа эдгээр шашнууд ялгаатай вэ гэвэл эдгээр хүний үнэт зүйлсийг дэвшүүлэн тавьдаг аргаараа өөр өөр юм.
[Бүтээгч эзнийг хүлээн зөвшөөрдөг] Хиндү шашин гэх мэт бүтээгчид итгэх итгэл дээр суурилсан шашнууд байна. Бүх зүйл бүтээгчээс бүрэн шалтгаалж байдаг гэж үзэх тохиолдолд сүсэг бишрэл дангаараа байхад хангалттай. Хувиа хичээх хандлагыг багасгахын тулд бүтээгч Тэнгэрт маш их сүсэглэх хэрэгтэй. Та Тэнгэрийг бүрэн дагана. Энэ нь таны хувиа хичээх хандлагын багасгадаг. Харин Бурханы шашинд бүтээгчийн тухай ойлголт байдаггүй. Бас Жайнизм болон Самкъяа уламжлалын нэг хэсэг нь бүтээгчгүй учраас өөрийн сэтгэлийг өөрчлөхийн тулд өөрөө хүчин чармайлт гаргадаг. Эдгээр зүйлүүдийг ерөөл, залбиралаар өөрчлөх боломжгүй.
Хамгийн багаар бодоход сүүлийн гурав, дөрвөн мянган жилийн турш хүмүүс шашны итгэл үнэмшлийг хөгжүүлсээр ирсэн. Бэрхшээл учрах бүрт тэд залбирч, бүтээгч Эзэнд итгэх эсвэл Бурхан багшид сүсэглэдэг байсан. Жишээлбэл Төвдүүд бид зөвхөн Бурхан багшид сүсэглээд харин хүний-түвшний үйл ажиллагаандаа хайхрамжгүй хандсан. Энэ нь бид өөрийн эх орноо алдсан шалтгаан нь, тийм биз дээ?
Сүүлийн хэд хэдэн мянган жилийн турш – хамгийн багадаа сүүлийн дөрөв, таван мянган зууны турш гэж би боддог – хүмүүс өөрсдийн туйлын итгэл, бишрэлээ Эзэн тэнгэрт даатгаж байсан. Харин одоо сүүлийн хоёр зууны турш шинжлэх ухаан, технологи бидний олон олон итгэл найдварыг биелүүлж эхлээд байна. Сүүлийн нэг мянган жилийн турш бид сүсэг бишрэлд бүрэн найдаж байсан бол харин одоо сүсэг бишрэлгүйгээр шинжлэх ухаан, технологиор бодит үр дүнгүүд гарч байна. Дорно дахиныг ч хамран хүмүүс нийтээрээ шинжлэх ухаан, технологид найдаж байна. Ийм олноороо түүнд татагдах нь арга ч үгүй юм.
Хорьдугаар зууны сүүлийн хагасаас хойш ихэнх хүмүүс зөвхөн материаллаг үнэт зүйлийг эрхэмлэх хязгаарлагдмал хандлагатай болоод байна. Материаллаг эд зүйлс нь бидэнд бие махбодын тав тухыг өгч, мэдрэхүйн түвшинд үнэхээр зарим сэтгэл ханамж авчирдаг боловч сэтгэлийн түвшинд тийм байдаггүй. Сэтгэлийн түвшнийг хүртэхүйн түвшинтэй харьцуулахад сэтгэлийг түвшин нь илүү хүч ихтэй байдаг. Сэтгэлийн төлөв байдал тайван, сайхан байхад бие махбодын өвчин зовиур амархан багасдагийг бид бүгд мэднэ. Гэвч бие махбодын тав тух сэтгэлийн гүн шарх, зовнилтой байгаа үед тэдгээрийг багасгаж чаддаггүй. Тэгэхээр сэтгэлийн төлөв байдал нь илүү чухал гэдэг нь ойлгомжтой байна.
Олон эмч, эрдэмтэд сэтгэлийн төлөв байдал бидний эрүүл мэндэд маш, маш их чухал болохыг бодит байдал дээр харж байна. Эрүүл бие эрүүл сэтгэлтэй маш их холбоотой. Гэвч эрүүл сэтгэлийг эм тариа, архи, тамхиар бий болгож чадахгүй. Эрүүл сэтгэлийг тарилга хийлгэж эсвэл дэлгүүрээс худалдаж авч болохгүй. Эрүүл сэтгэл сэтгэл дотроо л төлөвших ёстой – зарим талаар итгэл үнэмшлээр, гэвч яг бас тийм биш. Жинхэнэ итгэл үнэмшил зөвхөн судалж, шинжилж үзсэнээр л төрдөг.
Иймд дорно болон өрнийн уулзах цэг нь шашны үүднээс биш ердөө л сэтгэлийн шинжлэх ухааны үүднээс бий болно гэж надад санагддаг.
Наландирын ёсны (Наланда сургуулийн) шинжлэх ухааны талууд
Сүүлийн гучин жилд би эрдэмтэдтэй их уулзаж яриалцлаа. Дөчин жилийн өмнө болсон явдал гэж би бодож байна; би хэдэн найздаа, эрдэмтэдтэй ярилцаж үзэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм. Нэг америк эмэгтэй надад “Болгоомжтой байгаарай. Шинжлэх ухаан бол шашныг устгагч” гэж хэлж байсан. Тэгээд тэр үед би Наландирын сургуулийн талаар бодсон юм. Тэд сургаалыг шинжилж, туршиж үзээд хэрэв ямар нэг зөрчилдсөн, авцалдахгүй зүйлийг гаргаж ирвэл, Бурхан багшийн өөрийн хэлсэн үгийг ч няцааж болдог байв. Бурхан багш ч өөрөө маш тодорхой “Миний ямар ч шавь миний сургаалыг сүсгээр хүлээн зөвшөөрч болохгүй, харин шинжилж, туршиж үзэх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эдгээр мастерууд Бурхан багшийн хэлсэн үгнүүдийг ч судалж үзэх эрхтэй байсан. Тэгээд ч дрангдон (дранг-дон), нгедон (нгес-дон) гэсэн Төвд үгнүүд – татах утгын сургаал [хөрвүүлсэн утгын сургаал], магад утгын [эцсийн утгын] сургаал – байдаг. Энэ үүднээс би Наландирын сургууль нь сүсэг бишрэлээс судалж шинжлэхийг илүүтэй онцолдог гэж ойлгодог.
Бурханы сургаалын бүтэц нь бүхэлдээ бодит байдлын, өнөөгийн бодит байдлын тухай ойлголтон дээр суурилж байдаг. Хоёр үнэний сургаал [харьцангуй болон туйлын үнэн] нь бодит байдлын тухай тайлбар юм. Энэ бодит байдлын үүднээс бид зөв үзэл болон буруу үзлийг хооронд нь ялгадаг. Энэ бол зөв үзэл гэж батлахын тулд бид бодит байдал гэж юу болохыг судлах ёстой. Бодит байдал, харагдах байдал хоёрын хооронд үргэлж зааг байдаг. Ихэнх буруу үзэл харагдах байдал дээр суурилсан байдаг ба хорт сэтгэл хөдлөлүүдийн ихэнх нь шунахуй, өөрт шунах – буруу үзлээс бий болдог. Ийм учраас бидэнд дөрвөн үнэний сургаал гэж байдаг. Зөвхөн Бурхан багшийн хэлсэн үг гэж “Бурхан багш л дөрвөн үнэнийг хэлсэн шүү дээ” гэх байдлаар хандах нь буруу. Бид дөрвөн үнэнийг батлах ёстой. Бид дөрвөн үнэний бодит зарчмыг мэдэх ёстой.
Тэгээд би шинжлэх ухаан нь бас үнэнийг, бодит байдлыг олохыг оролддог, гэвч мэдээж өөр салбарт гэдгийг ойлгож авсан. Бурханы шашинтнууд бас бодит байдлыг эрж олохыг оролдож байгаа. Энэ хоёр хоёулаа алдарт Ден Сяо Пиний хэлсэн “Үнэнийг бодит байдлаас хай” гэсэн үгийг үнэхээр хэрэгжүүлж байна гэж би боддог. Хоёр уламжлал хоёулаа бодит байдлыг, үнэнийг судалгаа шинжилгээгээр олохыг оролддог. Ийм болохоор ямарч зөрчилдөх зүйл байхгүй гэж би үзэж байна. Шинжлэх ухааны судалгааны арга нь шалгах, турших зарчмыг баримтладаг. Бурханы шашин ч мөн яг адил зарчимтай.
Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухаан, сүсэг бишрэлийн талуудыг нь ялгаж харах
Бидний хийсэн уулзалт, чуулгануудаас хойш зарим хүмүүс “Бурханы шашин болон шинжлэх ухааны уулзалт” гэж ярих болсон нь буруу. Бид эрдэмтэдтэй Бурханы шашны талаар ярьдаггүй, бид зөвхөн Бурханы шашны шинжлэх ухааны талыг нь барьж ярилцдаг. Ингээд би Бурханы шашны шинжлэх ухааны тал [Бурханы шашны эх бүтээлүүдэд тусгасан байдаг шинжлэх ухаан], Бурханы шашны эх бүтээлүүдэд үзүүлсэн гүн ухаан болон Бурханы шашны өөрийнх нь шашны талын хоорондын ялгааг нь хэлж өгч байсан. Бурханы шашны, шашны тал нь зөвхөн Бурханы шашинтнуудад зориулагдсан, Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны тал бол бүх нийтийнх.
Өрнө, дорно хоёр аль хэдийнэ тодорхой хэмжээнд ойртсон гэж надад санагддаг. Сэтгэл нь нийгэм, гэр бүл, хувь хүний хувьд ялгаагүй бидний эрүүл мэндтэй маш их холбоотой, маш чухал учраас барууны тэргүүлэх эрдэмтэд одоо сэтгэлийг (сайн) дадалд сургах тал дээр маш их ач холбогдол өгөн анхаарч байна. Жишээ нь Висконсины Их сургууль дээр Ричард Давидсоны удирдлаган дор сэтгэлийг сургах талаар хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэх гэх мэт зүйлүүдийг хэрэгжүүлж байна. Мөн сүүлийн хэдэн жил Станфордын Их сургууль, би сая зочлоод ирлээ, тэдний явуулж байгаа бүх судалгаа, туршилт нь үнэхээр гайхалтай юм билээ. Мөн Еморигийн Их сургууль гэх мэт. Тэгэхээр энэ бүхэн шашинтай ямарч хамааралгүй. Ердөө л Бурханы шашны эх сурвалжуудад дурьддаг зарим мэдээллийг сэтгэлийг сургах шинжлэх ухааны арга болгож ашиглах, бидний эхээс бидэнд ирдэг [асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт] сэтгэлийн сайн чанаруудыг бэхжүүлэхэд авч ашиглаж байгаа хэрэг.
Ийм учраас энэ бол өрнө, дорнын уулзах тохиромжтой цэг гэж бодож байна. Энэ миний бодол. Шашны биш, ердөө шинжлэх ухааны хувьд.