Шашны нэр барьж хуурамч дүр эсгэх байдлаас зайлсхийх

Шударга байх

Хувь хүмүүсийн нэгдэл – энэ бол нийгэм, нийгмийн бүлэг. Гэвч удирдагчид нь нийгэмдээ ямар нэг ёс суртахууны зарчим, ёс зүйг бодолцохгүй орж ирж байгаа юм шиг санагддаг. Нийгмийг зөвхөн мөнгө, хүчний талаас харж байна. Ийм нийгмийн хүмүүс шууд л мөнгө, хүчийг чухал гэж бодно. Бид эдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй. Бүх нийгэмээрээ л ингэж бодож байна.

Олон олон шашин шүтлэгтэй хүмүүс ердөө дүр эсгэж байдаг. Тэд “Эзэн тэнгэр” эсвэл “Бурхан багш” гэх боловч энэ нь өдөр тутмын амьдралд нь огт хамаагүй байдаг гэж би боддог юм. Бурханы шашинтай бид Бурханд залбирдаг боловч жинхэнэ амьдрал дээр бид Бурхан багшийн талаар огт боддоггүй – ердөө мөнгө, эрх мэдэл, нэр алдрын талаар санаа тавьдаг. Энэ юу гэсэн үг үү? Шашны хүмүүс бид бас заримдаа хуурамч дүр үзүүлэхэд суралцаж байна гэж би бодож байна. Бид хамаг амьтны төлөө залбирдаг, гэвч бодит байдал дээр ямар вэ? Бид бусдын эрхийн талаар бодохгүй байна. Бид шашныг шударга бусаар ашиглаж байна. Өөр бусад шашны хүмүүс бас залбирдаг. Эзэн тэнгэртээ залбирахдаа “Би бүтээгч Эзэндээ итгэдэг” гэж залбирдаг. Гэвч түүний бүтээл нь болох бид бүтээгчийнхээ үгийг, бүтээгчийнхээ зааврыг сонсдоггүй.

Би Энэтхэг найзууддаа Энэтхэг хүмүүс харьцангуй их шүтлэгтэй хүмүүс гэж хэлдэг. Тэд Шива, Ганешид залбирдаг. Ганешид ихэвчлэн эд баялагийн талаар залбирдаг гэж би боддог. Тэд мөргөл, залбиралдаа үнэхээр сайн суралцсан. Айл бүр гэртээ шүтээнтэй. Гэтэл бодит амьдрал дээр тэд маш их авилгад автсан байдаг юм. Яаж тэгж байж болох вэ? Ямар ч тэнгэр, ямар ч Бурхан авилгыг зүгээр, болно гэж хэлээгүй. Ямар ч багш “Чи чадах чинээгээрээ шударга бусаар ашиг ол. Би чамайг адислая” гэж хэлээгүй. Ямар ч тэнгэр тэгж хэлээгүй.

Хэрэв бид Бурхан багш, Есүс Христ, Мохамед эсвэл өөр хэн нэгэн гэх мэт гэгээнтнийг хүлээн зөвшөөрдөг бол бид шударга, үнэнч хүмүүс байх хэрэгтэй. Ийм байдлаар бид өөрсдөө ч илүү их өөртөө итгэлтэй болох юм. “Надад нуух зүйл байхгүй. Би хэнд ч юу гэж бодож байгаагаа хэлж, юунд ч үнэн хариулж чадна.” гэх болно. Тэгээд чи бусдын итгэлийг хүлээдэг. Хувийн сонирхлын үүднээс авч үзсэн ч үнэнч, шударга байх нь дотоод хүч, өөртөө итгэлтэй байх маш чухал эх сурвалж болно. Тиймээ, маш сайхан ярьдаг, инээмсэглэдэг хүмүүс байдаг ч тэдэн рүү өнгийгөөд харвал сэдэл нь өөр зүйл байх нь бий. Тэдгээр хүмүүст та хүндлэл, итгэл үзүүлж чадах болов уу?

Шашны бүтээлд (дадуулж хэрэгжүүлэхэд) чин сэтгэлээсээ хандах

Би Бурханы шашинтай хүн. Ингээд Бурханы шашинтай ах эгч, дүү нартаа хандаж хэлэхэд Бурхан багшийн сургаал нь хүн бүрийн мэддэгчлэн хоёр мянга таван зуу гаруй жилийн настай хэдий ч өнөөгийн бидний амьдралтай маш их уялдаа холбоотой байгаа юм. Орчин үед олон шилдэг эрдэмтэд сөрөг сэтгэл хөдлөлийн талаар илүү их мэдээлэл цуглуулах, тэдэнтэй хэрхэн ажиллах арга олж авахаар шамдаж байна. Бурхан багшийн сургаал бол үнэхээр гайхалтай, гэвч номын багш нар эсвэл хойд дүрийн лам хуврагууд буюу багш нарын чанар муудаж байгаа юм шиг надад санагддаг юм. Энэ тал дээр би үнэхээр их санаа зовж байна. Хэрэв та өөрөө сахилга баттай амьдардаггүй бол яаж бусдад ёс зүйтэй амьдрахыг заах юм бэ? Бусдад зөв зам мөрийг заахын тулд та өөрөө зөв зам мөрийг дагах ёстой.

Бүх сайхан зүйлүүдийг аль хэдийнэ ярьсан болохоор надад одоо ярих муу зүйлүүд нь үлдсэн гэж би бодож байна. Бид өөрсдөө маш нухацтай, бодолтой байх хэрэгтэй. Би бол Бурханы шашны хувраг хүн. Би өөрийгөө маш их хянадаг. Өглөө бүр сэрмэгцээ Бурханыг санаад сэтгэлээ засах үүднээс гэх үү дээ Бурхан багшийн сургаалаас дуудаж уншдаг. Тэгээд тухайн өдрийг сургаалын дагуу шударга, үнэнч, нигүүлсэнгүй, амгалан, хүчирхийлэх сэтгэлгүй байх гэсэн зарчмын дагуу өнгөрүүлэх хэрэгтэй болно. Энд хүрэлцэн ирсэн миний Бурханы шашинт ах эгч, дүү та нар “Бурханы ном” (Буддадарма) [Бурхан багшийн сургаал] – ын тухай ярихдаа, Бурханы номыг олонд таниулах, Бурханы номыг түгээн дэлгэрүүлэхдээ эхлээд энд өөрийнхөө зүрхэнд дэлгэрүүлнэ гэж би найдаж байна. Тэр бол үнэхээр, хамгийн чухал ганц зүйл болох – Бурханы ном – хэмээх зүйл юм шүү.

Мэдээж дэлхийн бусад бүх шашнууд дотоод амгаланг төлөвшүүлж түүгээрээ дамжуулж илүү сайхан дэлхийг бий болгох адил нөөц бололцоотой юм. Харин Бурханы шашин, Жайнизм болон Самкъя уламжлалын нэг хэсэг нь хувь хүмүүсийг чухалчлан авч үздэг онцлогтой. Өөрийгөө бүтээх гэсэн үндсэн үзэл, онолтой. Хэрэв зөв үйл үйлдвэл эерэг үр дүн гарна, хэрэв буруу үйл үйлдвэл сөрөг үр дүн гарна гэсэн шалтгаан ба үрийн хуульд итгэдэг. Шалтгаан ба үрийн хуулийн дагуу хэрэв та буруу үйл үйлдэж байвал Бурхан чамайг аварч чадахгүй. “Би та нарт нирваанд (бүх зовлонгоос бүрэн ангижрах) хүрэх замыг зааж өгье. Гэвч түүнд хүрч чадах эсэх нь бүхэлдээ танаас шалтгаална. Би та нарыг адисаар тэнд хүргэж чадахгүй” гэж Бурхан багш заасан. Бурхан багш адисаараа бидний зовлонг арилгаж чадна гэж хэлээгүй.

Тэгэхээр та өөрөө өөрийнхөө багш. Ийм сургаал хүн төрөлхтөнд маш их тустай гэж би боддог. Бүх зүйл бидний үйлээс шалтгаална. Аливаа үйл, эерэг ч бай сөрөг ч бай, бүхэлдээ сэдлээс шалтгаалдаг юм. Бурханы ном ийм байдлаар бидний дотоод амар амгаланд тодорхой хувь нэмэр оруулж чадна гэж би боддог.

Бурханы шашны өөр өөр ёс, тэдгээрийн хоорондын харилцан зохицол

Өчигдөр Бирм, Лаосын төлөөлөгчид болон өөр хэд хэдэн төлөөлөгчтэй уулзах үеэр ярилцаж байсанчлан өнгөрсөнд хүмүүс “Бага хөлгөн”, “Их хөлгөн”, “Тарнийн (Очир) хөлгөн” гэсэн нэрээс нь болж эдгээр гурван хөлгөнийг өөр өөр, тусдаа зүйл гэсэн ойлголттой болж байсан юм. Энэ бол маш буруу. Миний өнөөдөр өглөө товч дурьдсанчлан Теравада буюу Палийн ёс, винайн сургаал нь [хуврагийн сахил болон сүм хийдийн дэг] Бурханы номын суурь нь юм.

Бурхан багшийг өөрийг нь болон түүний амьдралыг харъя. Тэрээр үсээ хусаж, хувраг болсон. Энэ бол сила [(ёс суртахууны) хувийн сахилга бат]. Үүний дараа зургаан жилийн бясалгал хийсэн. Энэ нь самади [тэгш агуулахуйн бясалгал] болон випассана [үлэмж үзэхүй ба гүн үзлийн бясалгал] бүтээл байсан. Ингээд эцэст нь тэрээр гэгээрэлд хүрсэн. Тэгэхээр мөрийн гурван эрхэм бол сила, самади, пання [ялгах ухамсар, билэг ухаан] буюу випассана юм. Иймд Бурхан багшийг дагагч бид энэ замыг дагах ёстой. Хувийн сахилга батгүйгээр, винайг бүтээхгүйгээр, бид яаж самади (тогтож амирласан сэтгэл), випассанаг төлөвшүүлж чадах вэ? Энэ үнэхээр хэцүү. Тиймээс Пали ёс нь Бурханы номын суурь юм.

Үүн дээр Хутагтын дөрвөн үнэний гурав дахь үнэн, ниродаг [зовлон болон түүний шалтгааныг зогсоох нь үнэн] онцолсон Санскрит ёсны Пражнапарамита Сургаалын [Билэг Билгүүний Сургаал] бүтээл орно гэж би бодож байна. Дараа дараагийн тайлбар нь их чухал шүү. Нирода гэж юу вэ? Үүгээр Бурхан багш мунхагийг багасгах боломжийг тайлбарласан юм. Өөрсдийн сэтгэл дэх мунхагийг бүрмөсөн арилгах нь нирода буюу мокша [бүх зовлонгоос бүрэн ангижрах – гэтлэхүй] юм гэж тайлбарласан . Дараагийн тайлбар нь мугга [Хутагтын дөрвөн үнэний дөрөв дэх үнэн болох гэтлэхүйд хэрхэн хүрэх ойлголт буюу зам] юм.

Тэгэхээр Пали ёсны үндсэн дээр Санскрит ёс, хоёрдугаар давхар адил гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, эхлээд нэгдүгээр давхар, энэ нь Пали ёс – бикшү [хувраг]-ийн бүтээл, хувийн сахилга бат, сила байх юм. Үүний дараа хоёрдугаар давхар, Пражнапарамита Сургаал болон абидарма [мэдлэгийн тухай сэдэв], абидармын нэг төрөл – билгүүний сургаал, зургаан барамид [чанадад хүрэхүй] буюу арван барамид орно. Ингээд дээр нь Бурханы шашны Тарнийн (Очир) хөлгөн – випассана, самади, бодь сэтгэлийн [хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэхийг зорих] бүтээл дээр суурилсан бурханы дүрийг дүрслэн бүтээх сургаал ордог. Энэ бүхэн нь нэгдүгээр давхар, хоёрдугаар давхар, гуравдугаар давхар болох юм. Нэгдүгээр давхаргүйгээр бусад давхарыг барих боломжгүй. Тэгэхээр Бурханы шашинт ах дүү нар маань үүнийг мэдэх ёстой гэж бодож байна.

Мэдээж би эрх мэдэлтэн биш. Би өөрийгөө суралцагч гэж боддог. Надад зав л гарвал би үргэлж ном үзэж, маш их уншдаг. Төвдийн Бурханы шашинд Энэтхэгийн Пали, Санскрит мөн Балба (Непал) хэлнээс гурван зуун боть ном Төвд хэлэнд орчуулагдсан гэж үздэг. Зав л гарвал би эдгээр гурван зуун ботийг уншиж, судалж, түүнийгээ бодож тунгааж байдаг юм. Эдгээр гурван зуун ботид гар ч хүрч үзээгүй хүмүүстэй харьцуулахад миний мэдлэг мэдээж бага зэрэг илүү байгаа. Энэ бүгдийг судалж байхдаа дээрх гурван суртгаалыг (мөрийн гурван эрхэм) бүтээх нь чухал, бүр маш чухал гэсэн бат итгэлтэй болсон юм.

Зөв зохистой хувраг байх нь

Теравада, Их хөлгөн, Тарнийн ёс алиныг ч баримталдаг байсан Бурханы шашинтны хувьд бид Бурханы сургаалыг жинхэнэ дагагчид байх ёстой. Энэ маш чухал. Тийм биз? Бурхан багшийн сургаалыг дагагч болохын тулд бид ердөө хуврагийн хувцас (орхимж), бикшү хувцас өмсөнө гэсэн үг биш. Ийм хүмүүсийг Бурханы шашны хувраг гэж нэрлэж болохгүй. Эдгээр хүмүүсийг сайн хувраг, сайн бикшү гэж хэлж болохгүй. Ердөө хувцас солих төдий бол маш амархан шүү дээ. Бурханы шашныг жинхэнэ дагагч болохын тулд бид эндээ, зүрх сэтгэлдээ өөрчлөлт гаргах хэрэгтэй. Бурханы шашны хувраг болохын тулд хувийн сахилга батыг маш нухацтай дадуулах хэрэгтэй. Заримдаа “Бурхан бүх хэцүү ажлыг нь хийг. Бид тансаг сайхан амьдаръя” гэж байгаа мэт байдаг. Яаж? Ингэх боломжтой юу? Хэрэв та Бурханы шашинтан юм бол Бурхан багшийн өөрийнх нь зам – зургаан жилийн маш хүнд даяаныг дагах ёстой. Бид түүний жишээг дагах ёстой.

Нэг хүн Пали болон Санскрит уламжлалын хооронд тодорхой хэсэг зааг, хана байдаг гэж ярьж байсан тухай өчигдөр дурьдсан. Энэ хана хэнд ч тус болохгүй. Бид хамтарч, харилцан бие биеэсээ суралцах ёстой. Танай ёсноос, танай пратимокшаас [хуврагийн сахил] бидэнд сурах зүйл их байна. Та нар бидний Санскрит пратимокшаас зарим зүйлийг бас сурч болно. Зөвхөн тэмдэглэлт үйл ажиллагааны зорилгоор биш, илүү нухацтай уулзалт, ярилцлагуудыг тогтмол хийж байх нь маш их чухал. Энэ бол бас л нэг анхаарах асуудал юм.

Эмэгтэй хуврагийн бүрэн сахилыг сэргээх тухай асуудал

Бикшүнигийн [бүрэн сахилтай эмэгтэй хувраг] хувьд та нарын мэдэж байгаачлан эхнээсээ л би Муласарвастивадин ёсонд [Төвд, Монголчуудын дагадаг ёс] эмэгтэй хуврагийн бүрэн сахилыг сэргээхийг дэмжсээр ирсэн. Гэвч бид винайн сургаалаа дагах ёстой. Хэрэв надад дангаар захирагчид байдаг шиг ямар нэг онцгой эрх байдаг байсан бол “Та нар үүнийг хий” гэж хэлж болох байсан байх. Бид ингэж болохгүй. Бид винайн сургаалуудаа – Муласарвастивадин, Дармагутака [зүүн Азид дагадаг], Теравада [зүүн өмнөд Азид дагадаг] сургаалаа дагах ёстой.

Та нар харж байгаа байх. Энэ бол бидний маш нухацтай хэлэлцэх ёстой нэг сэдэв мөн. Энэ шийдвэр бол миний мэдлээс хэтрэх зүйл. Миний гаргаж чадах шийдвэр бол эдгээр томоохон хийдүүдэд судалж байгаатай адил түвшний сургалтыг бүх Төвдийн эмэгтэйчүүдийн хийдүүдэд явуулах тухай асуудал. Одоо бид аль хэдийнэ хэд хэдэн гэвш-ма [Бурханы шашны гүн ухааны доктор], сайн эрдэмтэдтэй болоод байна.

Өмнө нь хэд хэдэн удаа бид бикшүнигийн талаар ярилцсан. Энэ удаа ч бас ярилцаж байна. Лаос, Бирмийн Бурханы шашны тэргүүнүүдэд хандаж саяхан нэг хүсэлт хүргүүлсэн. Энэ талаар үргэлжлүүлэн ярилцах болно. Бид ямар нэг тохиролцоонд хүрнэ гэдэгт би итгэлтэй байгаа.

Top