Удиртгал
Төвөдийн Бурханы шашны хамгийн чухал ойлголтуудын нэг нь шүтэн барилдлага. Бусад хүчин зүйлүүдтэй холбогдож, шалтгаалахгүйгээр ямар ч зүйл өөрөө оршиж эсвэл гарахгүй. Цаашилбал, бүх зүйл олон шалтгаан болон нөхцөлүүдийн цогцоос урган гарна; нэг ч зүйл зөвхөн нэг шалтгаанаас эсвэл ямар ч шалтгаангүйгээр гарахгүй. Жишээ нь, нэг эрүүл бие дотоод түвшиндээ түүний бүх эрхтэн болон системийн нэг нэгтэйгээ зохицон зөв ажиллахаас шалтгаална. Гадаад түвшиндээ сайн эрүүл мэнд нь мөн эмчилгээ, хоол хүнс, бусдаас ирэх анхаарал халамж, орчин зэргээс шалтгаална. Үүнтэй адил, эрүүл нийгэм нь дотоод түвшиндээ түүний бүх гишүүдийн бүлгүүд нэг нэгэнтэйгээ хамтарч, харилцан зохицож ажиллахаас шалтгаална. Гадаад түвшиндээ нийгэм эрүүл, зөв байх нь мөн эдийн засаг, улс төр болон орчны хүчин зүйлүүд, дэлхий нийтийн ерөнхий нөхцөлөөс шалтгаална.
Ёс суртахуун нь хувь хүний болон нийгэм эрүүл, зөв байхын аль алиныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв хүмүүс эрүүл бус амьдралын хэв маяг, зан байдлаас зайлсхийж, түүний оронд эрүүл хувилбаруудыг нь дагах ёс суртахууны хувийн сахилга батыг дадлага болгохгүй бол тэдэнд бэрхшээл тулгарна. Үүнтэй адил, хэрэв нийгмийн өөр өөр бүлгүүд нийтээр дагах ёс суртахууны зарчмуудыг баримтлахгүй бол нийгэмд мөн бэрхшээл тулгарна. Эдгээр ёс суртахууны зарчмуудаас хамгийн чухал нь хувиа хичээх зан байдлаас зайлсхийн, түүний оронд бусдын сайн сайханд чин сэтгэлээс анхаарсан тусч, сайн зан байдлыг төлөвшүүлэх явдал байна.
Олон соёлтой нийгмүүдэд гишүүдийн бүлэг тус бүр өөр өөрийн гэсэн ёс суртахууны зан байдлын талаар мэдлэг өгч, тэднийг хөтлөх өөрийн тодорхой шашин эсвэл гүн ухааны ойлголттой байх бөгөөд нийгмийн зарим гишүүд нь ямар нэг шашин эсвэл тодорхой гүн ухааны үзэл баримтлалыг дагадаггүй байна. Хувиа хичээх байдлыг багасгаж, тусч, сайн чанарыг төлөвшүүлэх аргууд нь бүлэг тус бүрд өөр өөр байж болно, гэвч зорилго нь ижил бол – харилцан зохицсон, амар амгалан олон соёлт нийгмийг бий болгох нь – ийм нийгэм нь түүний гишүүн бүлгүүдийн бүгдийн харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагаанаас шалтгаалан бий болно.
Энэ санааг тайлбарлавал, 2013 оны 12-р сард Антарктидын мөсөн дунд судалгааных нь хөлгөн нь суусан зорчигчдын нэг байгаагаар өөрсдийгөө дүрсэлье. Тавин хоёр эрдэмтэн мөн жуулчид тэндээ арван өдрийн турш байх шаардлагатай болж, хөлгийн баг зорчигчдыг аврахаар ирсэн Хятадын хөлөг онгоцоор зорчигчдыг аюулгүй газар хүргэснээс хойш бүр илүү удаан хугацаагаар хөлөгтөө байх шаардлагатай болсон гэж бодъё. Тэр хэцүү үед, аврах баг ирэх хүртэл тэд тэнд хэр удаан байх талаар хэн ч мэдэхгүй байв. Тус бүлгийн хэцүү орчин, хүнсний нөөц бага байсан тэр үеийг давж гарах цорын ганц арга зам нь тэд нэг нэгэнтэйгээ хамтран ажиллах явдал байв. Хэрэв хүн тус бүр хувиа хичээн зөвхөн өөрийг анхаарах юм бол энэ нэлээд бэрхшээлтэй асуудал болно. Тэдний эсэн мэнд гарах ганц арга зам нь хүн бүр ёс суртахууны суурь зарчмыг баримтлах явдал, хэдий тэд өөр өөр шашин, соёлтой хүмүүс байсан ч.
Тэдгээр зорчигчдын дунд Төвөдийн Бурханы шашны, Исламын шашны, Христийн шашны, Күнзийн сургаалтан нар, тэдний удирдагчид, мөн хөлөг дээр байх хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн иргэний нийгмийн нэг удирдагч мөн ямар нэг шашин эсвэл гүн ухааны үзэл баримтлалыг дагадаггүй тэдгээр хүмүүс байсан гэж бодъё. Тэдгээр удирдагчид тус бүрдээ хэрхэн тэр сорилтыг шийдвэрлэх вэ? Тэдний тус бүрийн сэтгэх хэлбэр нь ямар байх вэ, тэд тус бүрдээ тэрхүү бүлэгтээ хэрхэн зөвлөгөө өгсөн байх вэ? Хүн бүр санаа зовж, айж, зорчигчдын зарим нь бүр болсон зүйлд уурлаж эсвэл маргаан гаргаж, ихэнх нь сэтгэл хямарсан байв.
Төвөдийн Бурханы шашинд суурилсан ёс суртахууныг төлөвшүүлэх аргууд
Төвөдийн Бурханы шашны удирдагч бүлэгт байх бусад Бурханы шашинтнууддаа Энэтхэгийн Бурханы шашны их мэргэн Шантидэва гэгээний тэвчээртэй холбоотой сургасан сургаалыг сануулах байх: “Хэрэв засаж болох аваас уурлаж ундууцахыг хэрэг юун, хэрэв засаж болох үл аваас уурлаж ундууцах нь тус болохгүй.” Өөрөөр хэлбэл, хэрэв хэцүү нөхцөл байдлаас гарахад таны хийж чадах ямар нэг зүйл байвал түүнд бухимдах нь утгагүй, түүнийг ердөө хий. Гэвч хэрэв таны хийж чадах зүйл юу ч үгүй бол тэр үед яагаад бухимдана гэж? Энэ тус болохгүй. Үнэндээ, тэр нь ердөө таны сэтгэлийг илүү муу болгоно. Иймд уурлах эсвэл хямрах шалтгаан байхгүй. Харин та тус сорилтыг шийдвэрлэх тэвчээр болон зоригийг төрүүлэх хэрэгтэй.
Тэгэхээр одоо мөсөн дунд суусан энэ хөлөг дээр байх гэх мэт нэг хэцүү нөхцөлд юу тус болох вэ гэвэл бодит хандлагатай байх явдал. Юуны түрүүнд нөхцөл олон хүчин зүйлсээс шалтгаалан гарсан; бурууг тохож, түүнд бухимдах нэг хүн эсвэл нэг хүчин зүйл байхгүй. Та бүхний тус бүрийн энэ хөлөг дээр байгаа явдал үнэхээр олон хүчин зүйлүүдээс шалтгаалан гарсан. Нэгд, та бүхэн тус бүр тус экспедицэд нэгдсэн өөр өөр шалтгаантай байсан бөгөөд тэдгээр шалтгаанууд та бүхний хүн тус бүр шинжлэх ухааны тодорхой салбарт мэргэшсэн эсвэл сонирхолтой, энд байх мөнгө, цаг хугацаатай байх тэр бодит байдалтай холбоотой. Ингээд та энэ насны амьдралдаа эдгээр нөхцөлд орох болж боловсроод байгаа таны өмнөх амьдралуудад бий болсон үйлийн үрийн шалтгаанууд байна. Мөн таны гэр бүл эсвэл ажил олгогчоос гарсан ямар нэг татгалзах зүйл байхгүй гэх мэт та зөвхөн тус экспедицэд нэгдэх төдийгүй таны нэгдэж чадсан явдалд үзүүлэх бусдын нөлөө байсан. Ингээд шинжлэх ухааны тус экспедицийг ямар учраас явуулсан, замд гарах тодорхой нэг өдрийг сонгосон шалтгаан, хөлгийн нөхцөл, Антарктидын тус газар зүйн байрлалыг сонгосон шалтгаан, цаг агаарын байдал гэх мэт олон шалтгаанууд байна. Энд мөсөн дунд суусан нь эдгээр бүх хүчин зүйлүүдээс шалтгаалан гарсан. Энэ бодит байдал. Хэрэв эдгээр хүчин зүйлүүдийн аль нэг нь бүрдээгүй бол та энэ нөхцөл байдалд орохгүй байсан. Тэгэхээр шалтаанууд болон нөхцөлүүдийн энэ том сүлжээнд бурууг тохож, уурлах ямар нэг тодорхой зүйл байна уу? Иймд та өөрийг уурлаж эсвэл бухимдаж эхэлж байгааг, эсвэл санаа зовоосон сэтгэлийн тайван байдал алдагдуулах олон бодол төрж байгааг анзаарах үед та амьсгал дээрээ төвлөрч, хамраараа алгуур амьсгалах байдлаар, хэрэв хүсвэл амьсгалыг арван нэг хүртэл тоолох байдлаар авч сэтгэлийг тайвшруулах хэрэгтэй.
Тэнгэр цэлмэж, аврах хөлөг ирэх хугацаа хүртэл аврах явцыг хурдасгах таны хийж чадах ямар нэг зүйл байхгүйг санаарай. Бидний хэн нэг нь нөхцөл байдлыг хяналтад оруулж чадна гэж бодох нь буруу ойлголт. Учир нь бидэнд тохиолдсон зүйл, түүнийг хэрхэн шийдвэрлэх нь мөн олон тооны хүчин зүйлүүдээс шалтгаалан гарна. Цаашлаад, бодит байдал нь бид бүгд энэ нөхцөлд хамт байгаа явдал. Энэ зөвхөн миний асуудал эсвэл чиний асуудал биш. Эсэн мэнд гарах тухай асуудал хүн бүрийн асуудал, иймд бид бүгд энэ хэцүү нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар бодох үүднээс өөрийн хувиа хичээх үзлээс цааш харах хэрэгтэй. Бид цаг агаарыг эсвэл аврах хөлөг хүрэлцэн ирэх явдлыг хянаж чадахгүй, гэвч бидний нөлөөлж чадах зүйл нь бидний өөрийн сэтгэлийн төлөв байдал, ялангуяа бид нэг нэгээ хэрхэн авч үзэх явдал байна.
Зөвхөн өөрийн талаар бодох бодлыг өөрчлөх нэг арга нь энд байгаа хүн бүр аль нэг урд төрөлдөө таны ээж эсвэл аав байж, танд сайхан сэтгэл, асрал хайраар хандаж байсан гэж бодож үзэх. Тэгэхээр энд байгаа хүн тус бүрийг таны удаан хугацааны өмнө орхисон, таны олон төрөлдөө уулзаагүй ээж эсвэл аав тань байгаа мэтээр хараарай. Хөлөг дээр байгаа хүн тус бүрээс өнгөрсөнд хүртсэн тэдний ачийн талархан санаснаар танд тэдний хэнийг ч харсан нэг сайхан сэтгэл аяндаа төрнө. Тэр сайхан сэтгэлийг цааш тэлэн хүн тус бүрийг амгалан байж, зовохгүй байхыг хүсэх сэтгэл төрүүлээрэй, учир нь хүн бүхэн адилхан хүсэлтэй байгаа. Ердөө таны адил, хүн бүр амгалан байхыг хүсэж, зовлон хүсэхгүй байгаа. Энэ үүднээс бид бүгд адилхан. Цаашлаад хүн бүр амгалан байж, зовлонгүй байх тэгш эрхтэй. Бидний хүнсний нөөц бага байгаа энэ үед хүн бүр адилхан хооллохыг хүсэж, мөн хооллох хэрэгтэй байгаа. Та өлсөж байхыг хүсэхгүй байгаатай адил хэн ч үүнийг хүсэхгүй байгаа. Асрал хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэлийн ийм хандлагаар, өөрийн талаар болон бусдын талаарх өөрийн хандлагыг тэгшитгэсний суурин дээр, өөртөө үүрэг хүлээн, хүн бүхэнд амгаланг өгч, тэдний бүх зовлонг арилгахыг хичээгээрэй. Энэ нь энэ хэцүү нөхцөлд байгаа нийт бүлгийн сайн сайханд анхаарч, өөрийн энэ насны эцэг, эхдээ зориулан хүргэхтэй адил аль болох их тусыг тэдэнд хүргэх гэсэн утгатай.
Бурханы шашны удирдагч мөн тус бүлэгт байх бусад Бурханы шашинтнууддаа “өгөхүй, авахуй” гэж нэрлэдэг зүйлийг бодитойгоор хэрэглэн бусаддаа туслах үүднээс хүч болон зоригийг төлөвшүүлэхийг зөвлөнө. Өдөрт хэд хэдэн удаа тэрээр тэднийг бясалгалд тайван сууж, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэн сэтгэлийг тайвшруулж, өөрийн асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн сэдлийг бататгаж эхлэхийг сануулна. Бусдыг зовлонгоосоо ангижрахыг хүсэх хүчтэй энэрэн нигүүлсэх сэтгэлээр хүн бүрийн айдас, санаа зовох сэтгэл тэднийг хар гэрлийн хэлбэрээр орхиж, таныг алгуур хэд хэдэн удаа амьсгалах үед таны хамраар дамжин тань руу орж байна гэж дүрсэлнэ. Ингээд энэ нь доош явсаар таны зүрхэнд хүрч, тэнд таны өөрийн сэтгэлийн тайван, тодорхой байдал болж уусна. Тэр сэтгэлийн тайван, тодорхой төлөвийг хэсэг хугацаанд хадгалаарай.
Ингээд өөрийн өмнөх төрлийн эцэг, эхийн сэтгэлийн тайван бус байдлыг арилгаснаар аяндаа гарсан тэр амгалан сэтгэлээр, энэ амгалан, дулаан сэтгэл болон асрал хайрын тайван мэдрэмж цагаан гэрлийн хэлбэрээр таны сэтгэлээс гарч, таныг амьсгалаа гаргах үед таны хамраар гадагшилж байна гэж дүрсэлнэ. Асрал хайр болон амгалангийн энэ цагаан гэрэл хүн бүр рүү нэвтэрч, тэдний биеийг дүүргэж, одоо тэд бүгд сэтгэлийн тайван байдал болон амгалан, эерэг сэтгэл санаа бүхий хандлагатай болж байна гэж дүрсэлнэ. Энэ бүхнийг хийх зуур, хэрэв та энэрэн нигүүлсэх сэтгэлийн тарна “Ум мани падмэ хум”-ыг уншвал энэ нь сэтгэл тайван, төвлөрсөн байж, танд энэрэн нигүүлсэх сэтгэлийг санаж байхад тусална.
Хэдийгээр энэ байдлаар бясалгах нь хөлөг дээр байгаа бусдад ямар нэг шууд нөлөө үзүүлэхгүй байж болох ч энэ танд асуудлыг шийдвэрлэх хүч, зориг, өөртөө итгэх итгэлийг төрүүлж, таны сэтгэл бас аяндаа тайван болж, та таатай, эерэг хандлагатай болно. Гэвч энэ бүтээл (бясалгал) бусдад шууд бус нөлөө үзүүлнэ, учир нь таны бясалгалын улмаас гарсан таны тэдэнтэй харилцаж, таны биеэ авч явж байгаа байдал бусдад урам өгч болох нэг сайн жишээ болно.
Исламын шашны ойлголт дээр суурилсан аргууд
Исламын шашны удирдагч хөлөг дээр байгаа бусад исламын шашинтнуудтайгаа ярилцсан байж болно. Тэрээр энд бид бүгдийн мөсөн дунд суух болсон нь Эзэн тэнгэрийн хүсэл гэж тайлбарлаж болно. Бид юу болохыг хянаж чадахгүй; бид аврагдах эсвэл бид бүгд амь эрсдэх эсэх нь одоо Бурханы гарт байна. Гэвч Эзэн тэнгэр мөн чанараараа бүхэлдээ өршөөнгүй тул, ялангуяа буруу зүйлүүдээ наманчилж байгаа тэдгээр хүмүүст өршөөнгүй байна. Тэгэхээр хэрэв та Эзэн тэнгэрт итгэх итгэлээ орхин, эргэлзэж эхэлсэн байсан бол одоо түүнийг наманчилж, Эзэн тэнгэрээс өршөөл эрээрэй. Эзэн тэнгэрийн хууль цаазад бүрэн итгэснээр санаа зовох хэрэггүй болно.
Тэрээр тэдэнд Исламын шашны гурван хэмжүүрийг санахыг сануулсан байж болно: Эзэн тэнгэр болон түүний хүсэл зоригт өөрийг тушаах эсвэл хүлээн авах, Эзэн тэнгэрийн бүх бүтээлд номхон хүлцэнгүй байх дээр суурилсан Эзэн тэнгэрт итгэх итгэл мөн Эзэн тэнгэрийн тэдгээр бүх бүтээлд үйлчлэх зан байдал болон үйлд сайн байх. Тэрээр тэдэнд хэрэв та Эзэн тэнгэрийн хүсэл зоригт итгэх итгэлдээ гуйвшгүй байвал та бүрэн амар амгалан байна хэмээн сануулах байдлаар тэднийг зоригжуулсан байж болно. Эргэлзэх эсвэл санаа зовох ямар ч зүйл байхгүй.
Тэрээр цааш Эзэн тэнгэр та бүхнийг бүгдийг ертөнцийн үүссэн цагаас эхэлсэн нэг ариун төлөвт өөрийн зүрх сэтгэлээс өөрийн оюун санаагаар бүтээсэн бөгөөд түүний хайр гэх мэт өөрийн сайн чанаруудыг та бүгд тус бүрд хүртээсэн гэж хэлж болно. Эзэн тэнгэрийн бид бүгдэд зориулсан хайр нь Түүний бүтээсэн бүх сайн зүйлүүдэд ойр байх сэтгэл байна. Таны өөрийн хайраа Эзэн тэнгэрт буцаан илэрхийлэх хамгийн сайн арга нь Түүний бүтээлүүдэд үйлчлэх өөрийн хамгийн үйлүүдээр түүнд бишрэх явдал, ялангуяа өөрийн сайхан сэтгэлийн үйлээр хамт яваа бүх зорчигчиддоо туслах байдлаар. Эцэст нь, Коран сударт Эзэн тэнгэр буянт, сайн зүйлүүдийг хийж, өөрсдийг ариун байлгаж, хууль цааз болон өөрсдийн амласан үүргийн дагуу үйл хийх байдлаар, өдөрт таван удаа залбирах гэх мэт зөв үйл хийж байгаа тэдгээр хүмүүс, болон шударга, ёс суртахууны хувьд зөв тэдгээр хүмүүсийг хайрлана гэж гарна.
Та хайрыг түүний ариун байдалд нь бусдад төрүүлбэл таны хайр зөвхөн тэдгээр хүмүүст төдийгүй тэдний сайн чадвар, сайн зан чанарыг бүтээсэн Эзэн тэнгэрт түүнийг зориулж байгаа болно. Иймд өөрийн айдас, эргэлзээ, хувиа хичээх сэтгэлийн эсрэг тэмц. Эцэст нь, хамгийн дээд тэмцэл бол Эзэн тэнгэрийг мартах шалтгаан танд өгч, танд гэм хортой сэтгэл, зан байдлыг төрүүлэх таны будилсан сэтгэлийг захирах сөрөг зүйлүүдийн эсрэг байна.
Христийн шашны ойлголт дээр суурилсан аргууд
Дараа нь Христийн шашны удирдагч хөлөг дээр байгаа Христийн шашинтнуудад хандсан байж болно. Тэрээр мөн тэдэнд Эзэн тэнгэр, бидний Эцэг, биднийг өөрийн хайраас бүтээсэн гэдгийг сануулж магадгүй. Та тэр хайрыг хэдий их санана, тэр чинээгээр танд Эзэн тэнгэр ойр санагдана. Эзэн тэнгэрт ойр тэр сэтгэлийг туулах хамгийн сайн арга зам нь таны бүтээгдсэн тэр хайр дээр суурилсан ёс суртахуун болон үнэт зүйлүүдийг сахих явдал. Эзэн тэнгэр та бүхнийг бүгдийг Өөртэйгөө адил, та бүгдэд бүгдэд нь байх Өөрийн хайрын очоор бүтээсэн. Иймд та бүхэнд бүгдэд тань тэр хайрыг илэрхийлэн чадамж байгаа.
Есүсийн талаар бодно, тэрээр загалмай дээр нас эцэслэн, дараа нь биднийг бидний нүглээс аврахаар дахин амилан бид бүгдийн тусад өөрийн тавтай байдал эсвэл аюулгүй байдлын талаар бодохгүйгээр зовлонг туулсан. Хэрэв та Есүст итгэдэг бол та Есүсийн амь биеэ үл хайрлан төрүүлэх хайраар өвдсөн, ядуу, зүдэрсэн хүмүүсийг хайрлах түүний жишээг дагаарай. Эзэн тэнгэр тэд бүгдийг бас бүтээсэн бөгөөд Эзэн тэнгэрт тэднийг бүтээсэн нэг зорилго байсан нь лавтай. Иймд та тэд бүгдийг, ялангуяа тэдгээр зүдэрсэн хүмүүсийг Эзэн тэнгэрийн хүүхдүүд гэдгээр хүндлэх хэрэгтэй. Цаашлаад, Эзэн тэнгэр бидний итгэлийг сорихоор биднийг энэ мөсөн дунд суух, энэ нөхцөл рүү илгээсэн. Хөлөг дээр айдас, сэтгэл хямралд автах олон хүн гарна. Эзэн тэнгэрийн зүдэрч буй эдгээр хүүхдүүдийг анхаарах байдлаар өөрийн итгэлийг бататгана, учир нь Есүс тэднийг өөрийн хайр, энэрлээр асрах байсан.
Күнзийн сургаал дээр суурилсан аргууд
Дараа нь Күнзийн сургаалыг дагагчдын удирдагч өөрийн итгэл үнэмшлийг адил дагадаг тэдгээр зорчигчидтой ярилцсан байж болно. Тэрээр мөн тэдэнд санаа зовохгүй байхыг зөвлөсөн байж болно. Та бэрхшээлтэй цаг үе тулгарах үед үйлдвэл зөв, зохих зүйл болох ли-гийн (礼) дагуу, хүн бүхэнд шударга хандах сэтгэл, йи-гээр (义) үйлдэл хийх хэрэгтэй. Та эсэн мэнд гарсан ч эсвэл нас эцэслэсэн ч үр дүн нь минг (命), хувь заяа байх болов ч та зөв зүйлийг хийвэл та харамсахгүй байх болно. Хийх зөв зүйл нь ослын үеийг шийдвэрлэх хөлгийн багаас өгөх бүх албан ёсны зааварчилгааг дагах явдал байна. Жэнгминг (正名), нэрсийн дагуу засах, зарчмыг дагуу, хэрэв хөлгийн ахмад нь хөлгийн ахмад хэрхэн үйлдэл хийх ёстой тэр дагуу, зорчигчид нь зорчигчид хэрхэн үйлдэл хийх ёстой тэр дагуу, хамт зорчиж байгаа зорчигчид нь бие биедээ хэрхэн үйлдэл хийх ёстой тэр дагуу үйлдэл хийвэл нөхцөл байдалд шаардлагатай тэр зүйлтэй та бүхэн нийцтэй байна.
Та бүхэн бүгдэд тань “рэн” (仁), сайн зүйл юу болох, бусадтай холбоотой зөв зүйл юу болох түүнийг хийх дотоод чадамж төрнө. Рэн нь бусадтай харилцахад шаардлагатай хайр, ухаан, чин сэтгэл, шударга байдал зэрэг бүх тусч, сайхан чанаруудын эх сурвалж. Та энэ сайн чанарын энэ дотоод чадамжийг төрүүлэх хэрэгтэй бөгөөд үүнгүйгээр та бэрхшээлийг туулж чадахгүй, та зөв зүйлийг хийж чадахгүй.
Энэ дотоод чадамж гэж юу вэ хэмээн асуувал Күнзийн сургаалд дараах байдлаар өгүүлнэ:
Эхэлж бэрхшээлүүд гарах үед, дараа нь тэдгээрийг шийдвэрлэнэ – үүнийг рэн гэж нэрлэнэ.
Өөрөөр хэлбэл, бидний одоо байгаа нөхцөл адил нэг хэцүү нөхцөлтэй тулгарах үед та нөхцөл байдлыг хадгалсан хэвээр байж, түүнийг хүн бүхэнд шударга хандаж, юу зөв болох түүнийг хийх өөрийн дотоод чадамжийг төрүүлэх замаар нэг зохих тусч, сайн аргаар шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ хэллэгийг ойлгох өөр нэг хэлбэр нь:
Бэрхшээл гарах үе нь эхнийх нь байж, дараагийнх нь түүнийг хадгалах үе бөгөөд, үүнийг рэн гэж нэрлэнэ.
Энэ нь хэцүү нөхцөлүүдэд та ердөө зөв зүйлүүдийг тэд зөв учраас хийнэ, ямар нэг нэр хүнд олж авах эсвэл хариуд нь ямар нэг зүйл хүртэх гэсэн ямар нэг сэтгэлгүйгээр хийнэ.
Та энэ дотоод чадамжийг нийгмийн нэг бэрхшээлтэй тулгарах үед ёс суртахууны хувьд юу зөв болох түүнийг хийсэн агуу хүмүүсийн түүхээс жишээ авах байдлаар хэрхэн төлөвшүүлэхэд суралцаж болно. Күнзийн сургаалд өгүүлснээр:
Сайн сайхны өөрийн энэ дотоод чадамжийг төлөвшүүлсэн хүн өөрийг зөв зохистой байлгахыг хүсэх үед хүмүүсийг зөв зохистой болгоно, мөн өөрөө амжилтад хүрэхийг хүсэх үед хүмүүсийг амжилттай болгоно.
Күнзийн сургаалд мөн дараах байдлаар өгүүлнэ:
Хувиа хичээх сэтгэлийг даван гарч, юу зөв зохистой болохыг дагах, энэ бол сайн сайхны дотоод чадамж. Хэрэв нэг өдөр та хувиа хичээх сэтгэлээ даван гарч, юу зөв зохистой болохыг дагаж чадвал диваажин дор байгаа хүн бүхэн рэн рүү буцан ирнэ.
Рэн юу болох талаар цааш асуувал, Күнзийн сургаалд үүнийг хүмүүсийг хайрлах гэж хэлсэн байна. Күнз тэрээр, рэн төлөвшүүлсэн хүмүүс эрэлхэг, зоригтой байна гэж тайлбарлана. Иймд зөв зорчигчид хийх ёстойн адилаар зөв зүйлийг хийх өөрийн дотоод чадамжаа төлөвшүүлж, хөлгийн ахмадын зааварласанчлан зөв үйл ажиллагааны горимыг дага, тэгвэл юу ч болж байсан та хэзээ ч ичих зүйл хийхгүй.
Хүний суурь ёс зүйн үнэт зүйлс дээр суурилсан аргууд
Тэр үед иргэний нийгмийн удирдагч бүлгийн нийт зорчигчдод хандсан байж болно. Тэрээр хэдийгээр та нарын дунд Бурханы шашныг, Исламын шашныг, Христийн шашныг, Күнзийн сургаалыг дагагч байгаа ч мөн ямар нэг шашин эсвэл гүн ухааны үзлийг баримталдаггүй тэдгээр олон хүмүүс байгаа гэж хэлсэн байж болно. Бид бүгд энэ бэрхшээлээс эсэн мэнд гарахын тулд нэг нэгэндээ ёс зүйтэй байдлаар хандах хэрэгтэй. Үүнд бас шүтлэггүй хүмүүс багтана. Хэрэв бид нэг нэгэнтэйгээ муудалцвал бид хэзээ ч эсэн мэнд гарахгүй. Та бүхний дунд байгаа нэг шашин эсвэл гүн ухааны тогтолцоог баримталдаг тэдгээр хүмүүс өөрийн ёс суртахуун бүхий зан байдлыг баримтлах үүднээс өөрийн тогтолцооны сургаалд итгэх хэрэгтэй, тэгвэл энэ гайхалтай. Хэдийгээр ёс зүйн нэг аргаар үйлдэл хийх та бүхний учир шалтгаан хоорондоо өөр байж болох ч таны итгэл танд бусаддаа хайр төрүүлэх байдлаар үйлдэл хийхэд хэрэгтэй дотоод хүчийг танд өгнө. Эдгээр бүх шашны болон гүн ухааны тогтолцоонууд биднийг асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, уучлах сэтгэлтэй байж, сэтгэл хангалуун байж, өөрийн хувиа хичээсэн гэм хортой зан байдлыг багасгахыг сургадаг. Гэвч эдгээр нь ямар нэг тогтолцоонд итгэдэггүй тэдгээр хүмүүсийн төлөвшүүлбэл зохих зүйлээр бас хүлээн авах үнэт зүйлс байна. Эдгээрийг “хүний суурь ёс зүйн үнэт зүйлс” гэнэ.
Хэрэв бид эдгээр хүний суурь үнэт зүйлсийн түвшинд бодох юм бол бид бүгд бидний ёс зүйн зан байдлын нийтлэг нэг суурьтай байх бөгөөд энэ нэг бүлэг болохын хувьд бидний эсэн мэнд гарах үндсэн зарчим болно. Бид энх тайван, харилцан зохицол, хамтын ажиллагааг хадгалах хэрэгтэй, гэвч гадаад амар амгалан дотоод амар амгалангаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, гадаад амар амгалан нь бид тус бүрдээ тайван, амгалан сэтгэлтэй байхаас шалтгаална. Сэтгэлийн амгалан таны бусдад хандах хандлагатай маш их холбоотой. Хэрэв та бусдыг хайрлахгүй байх сэтгэлийг агуулж, үргэлж зөвхөн өөрийнхөө тухай бодож, өөрөө хэрхэн амжилтад хүрэх талаар бодож байвал тэр үед та бусадтай харилцах үедээ тэд таныг амжилтад хүрэхэд ямар нэг байдлаар танд гэм хүргэж эсвэл саад болно гэж та эмээнэ. Та тэдэнд итгэхгүй бөгөөд айдас болон хардлагад автана. Хариуд нь тэд танд ийм зүйл байгааг мэдэж, улмаар танд бас итгэхгүй. Энэ нь таны болон бусдын хооронд нэг зааг бий болгоно; энэ нь тэдэнтэй харилцах жинхэнэ харилцаатай байхад нэг саад гаргана. Энэ зааг, саад танд итгэл төрөхгүй байх, ганцаардах сэтгэлийг төрүүлнэ. Итгэл багатай байх сэтгэл төрөх үед та бидэнд тулгараад байгаа хэцүү нөхцөлүүдийн сорилтуудтай нүүр тулах өөртөө итгэх итгэлгүй байна. Таны сэтгэл хямарна. Харин нөгөө талаар, хэдий та бүлэгт байгаа бусад хүмүүст ойр сэтгэлээр хандана, төдий чинээ танд та нэг нийгмийн бүлгийн хэсэг гэсэн сэтгэл төрнө. Танд тэр бүлэгт хамаарах сэтгэл төрөх бөгөөд энэ нь танд илүү итгэл дүүрэн сэтгэл төрүүлнэ. Нэгэнт танд итгэл бүхий сэтгэл төрж байгаа бол та аяндаа илүү их өөртөө итгэх итгэлтэй болно.
Хүмүүс нийгмийн амьтад. Нийгмийн амьтан болох нэг хонины адил тэрээр сүргээсээ салах үед түүний сэтгэл маш тайван бус болж, түүнд айдас төрж, хэрэв тэрээр сүрэгтээ нэгдвэл түүний сэтгэл дахин амгалан болдогтой адил хэрэв бид бусдаасаа тусгаарлагдах үед бидний сэтгэл бас зовно. Гэвч ихэнх тохиолдолд хэрэв та бүр бусадтай хамт байх үед, хэрэв таны сэтгэл үл итгэх байдал, хардлагаар дүүрэн байвал таны хандлага таныг тус бүлгээс ямар нэг тав тух мэдрэх эсвэл дэмжлэг авах байдлыг хязгаарлана. Тэгэхээр сэтгэлийн суурь тав тух, энд мөсөн дунд суусан нөхцөлөөс баяртайгаар гарах итгэл найдварыг хадгалж байх чадвар таны бүлэгт буй бусад хүмүүст хандах хандлагаас шалтгаална гэдгийг ойлгоорой. Та бусад хүмүүс тус бүрд ойр сэтгэлийг төрүүлбэл, тэр сэтгэл танд дотоод хүч, өөртөө итгэх итгэл өгнө. Танд та сул дорой мэт санагдаж мөн танд хардах сэтгэл төрөхөө болино. Та бүхний өөртөө итгэх итгэл болон аюулгүй мэт мэдрэх мэдрэмж та бүхэнд нэг нэгэндээ итгэх боломж олгож, итгэл нь жинхэнэ нөхөрлөлийг бий болгоно.
Зарим хүмүүс хэрэв тэдэнд мөнгө эсвэл эрх мэдэл байвал тэд илүү олон найз нөхөдтэй болно гэж боддог. Гэвч ийм найз нөхөд зөвхөн таны мөнгө, эрх мэдлийн найзууд байна. Таны мөнгө, эрх мэдэл байхгүй болох үед эдгээр найзууд мөн байхгүй болно. Үнэнч найзууд тийм биш байна. Танд баяр баясал авчрах жинхэнэ нөхөрлөл харилцан нэг нэгдээ итгэсэн итгэл дээр суурилна. Та бүхэн бие биедээ нээлттэй, чин сэтгэлээс хандаж байвал танд илүү аюул үгүй мэт санагдах, өөртөө итгэх итгэлтэй байх сэтгэл төрөх төдийгүй мөн таны сэтгэл илүү тайван байна. Ийм төлөвт, та бүхэн нэг нэгэнтэйгээ хүчээ холбон бидний нэг бүлэгт одоогоор тулгараад буй тэр бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Эцэст нь, мөсөн дунд суусан нь зөвхөн би биш эсвэл мөсөн дунд суусан нь зөвхөн та биш; харин бид бүгд мөсөн дунд суусан байгаа.
Бид бүр энэ бэрхшээлтэй нөхцөл байдлаас гарсны дараа, хэрэв бид энэ эерэг, бие биедээ нээлттэй хандлагаа хадгалбал та бүхэн халуун дулаан, нэг нэгэндээ итгэлтэй нөхөрлөлөө үргэлжлүүлнэ. Амьдралд үргэлж бэрхшээлүүд байна. Танд ирээдүйд хэзээ ч дахин асуудлууд тулгарахгүй гэж бодох нь мэдлэг, туршлагагүй байгаа явдал. Гэвч нээлттэй байдал, чин сэтгэл болон өөртөө итгэх итгэл, мөн тэднээс ирэх танд итгэх тэдний итгэлээр та бусадтайгаа нэгдэхэд бэлэн, бусад хүмүүс сайн эсвэл муу – юу ч тохиолдсон, түүнийг шийдвэрлэхэд тантай нэгдэхдээ илүү дуртай байна.
Хэрэв ёс суртахуунтай байх шалтгаан юу болох талаар асуувал, энэ энгийн, учир нь бид хүн. Бид нэг нэгэнтэйгээ хамт амьдарч, амьдрахын тулд нэг нэгээсээ шалтгаалдаг учраас ёс зүйтэй байх ёстой. Хэрэв та бусдын амар амгалан, сайн сайхны талаар санаа тавихгүй байж, харин бэрхшээл учруулбал, өөрийг бусдаас тусгаарлан, тэдний халамж, анхаарлыг өөрөөсөө холдуулснаар эцэстээ зовох хүн нь та өөрөө.
Бусдыг халамжлах, анхаарах хоёр төрөл байна. Нэг нь сэтгэл хөдлөл дээр суурилсан, илүү өөртөө болон таны бусдаас авах зүйлд чиглэсэн байна. Хэрэв бусад танд сайхан хандвал эсвэл тэд ерөнхийдөө сайн биеэ авч явж байвал та тэдэнд таатай байж, тэдний сайн сайхны талаар санаа тавина. Та тэднийг зовох эсвэл амгалан бус байхыг хүсэхгүй. Гэвч тэд биеэ зөв авч явахгүй, таны сэтгэлийг хөндөж эсвэл бүр ердөө тантай санал зөрж эхэлмэгц тэдэнд хандах таны хандлага өөрчлөгдөнө. Та тэдэнд сайн байхаа больж, тэд амгалан байх эсэхэд санаа тавихаа болино. Энэ бол сэтгэл хөдлөл дээр суурилсан асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл бөгөөд энэ хэзээ ч үнэнч нөхөрлөлийн тогтвортой суурь болж чадахгүй.
Бусдыг халамжилж, анхаарах өөр нэг төрөл нь тэдний зан байдал эсвэл хандлагаас шалтгаалдаггүй. Энэ нь ердөө тэд таны адил хүн гэдэг ойлголт дээр суурилна. Та өөрийгөө та хэрхэн үйл үйлдэж эсвэл таны сэтгэлийн төлөв ямар байхаас үл хамааран жаргалтай байхыг хүснэ. Энэ ердөө та өөрийгөө анхаарч байгаа нь та амгалан байхыг хүссэн тэр бодит байдал дээр суурилна; та өөрийн сайн сайхны талаар анхаарна. Гэвч энэ нь хэрхэн биеэ авч явж байгаа эсвэл хандлага нь юу байгаагаас шалтгаалан таны дургүй байх тэдгээр хүмүүсийг багтаасан бусад бүх хүмүүсийн хувьд адил байна. Юутай ч, тэд бас амар амгалан байхыг хүсэж байгаа; тэд бас хайр, халамж байгаа үед сайн байж чадна. Амар амгалан байхыг хүсэх хүслийн хувьд бид бүгд адил. Хүн бүр амар амгалан байхыг хүснэ. Бид бүгд амар амгаланг хүсэхийн хувьд адил байх төдийгүй, бид бүгд амар амгалан амьдралаар амьдрах адилхан эрхтэй; амар амгалан амьдрал таныг бусдын талаар чин сэтгэлээс анхаарч, тэднийг бас амар амгалан байхад анхаарах үед ирнэ. Энэ нь та хэнтэй хамт байгаагаас үл хамааран хүн бүртэй чин сэтгэлээс нөхөрлөх дээр суурилна.
Зөвхөн хүнд л буруу биеэ авч байгаа бусдын талаар анхаарал тавих чадвар байна. Зөвхөн хүнд тэдний сайн сайхны талаар санаа тавих чадвар байна. Энэ чадвар хүний өөрийн оюун ухаан эсвэл таны зарим шашин эсвэл гүн ухааны тогтолцооны итгэл үнэмшилд итгэх итгэлээс гарч болно. Амьтдад эдгээрийн аль нь ч байхгүй – тэдэнд хүний оюун ухаан болон итгэл бишрэл байхгүй. Хэрэв тэдэнд бусад амьтад заналхийлж эсвэл гэм учруулбал тэд ердөө дайрна. Гэвч, хүн бидний хувьд, бидний бүгдэд нь ямар нэг шашин эсвэл гүн ухааны тогтолцоонд итгэх сүсэг эсвэл итгэл байдаггүй, гэвч бид бүгдэд хүний суурь оюун ухаан бий. Бид энэ оюун ухааныг, бусдын амар амгалан, сайн сайханд анхаарах нь бидний өөрийн амар амгалангийн түлхүүр ямар учраас болдог, шалтгааныг ойлгоход ашиглах хэрэгтэй.
Та бүтээгч эзэнд итгэдэг эсвэл өмнөх төрлүүдэд итгэдэг, эсвэл өөрийн өвөг дээдсийн хүчтэй нөлөөтэй байсан ялгаагүй хэн ч та эхээс төрсөн гэдгийг үгүйсгэж чадахгүй. Өөрийн эхийн эсвэл таныг өөртөө тус хүргэж чадахгүй нярай байх үед эхийн адилаар асарсан хэн нэгний халамж, хайргүйгээр та эсэн мэнд өсөн торнихгүй байсан. Эрдэмтэд бага байхдаа хайрыг хамгийн ихээр хүртсэн тэдгээр хүмүүс бүхий л амьдралынхаа туршид илүү итгэл дүүрэн, илүү өөртөө итгэлтэй, илүү амар амгалан сэтгэлтэй байдаг бол бага байхад нь тэднийг үл хайхарч эсвэл тэдэнд ширүүн хандаж байсан тэдгээр хүүхдүүд тэдэнд юу ч тохиолдож байсан ялгаагүй тэдгээр зүйлийн талаар итгэл дүүрэн сэтгэлтэй байдаггүйг харуулсан. Тэдний сэтгэл үргэлж бага зэрэг тавгүй байна. Тэдний сэтгэлийн гүнд тэдний амьдралд нь ямар нэг зүйл дутаж байгаа мэт санагдах ба иймд тэд сэтгэлийн суурь түвшиндээ бага зэрэг гунигтай байна. Эмч нар мөн эхийн хайр бүхий биеэр хүрэлцэх явдал нярайн тархины зөв хөгжилд чухал болохыг нотлоод байгаа. Мөн эмч нар байнгын уур бухимдал, айдас болон үзэн ядах сэтгэл дархлааны тогтолцоог хэрхэн гэмтээдэг болохыг баримтжуулсан.
Хүн бүр эрүүл бие махбодтой байхад анхаарах ба тэгэхээр эрүүл бие махбодтой байхын тулд бид зөв, хүчтэй, тайван сэтгэлтэй байхад илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Чухал асуулт нь хэрхэн эрүүл (зөв, хүчтэй), тайван сэтгэлийг төрүүлэх вэ? Хэдий та айлын ганц хүүхэд байж, маш их хайр, халамжаар өссөн ч, хэрэв та өрсөлдөөний нийгэмд, сургууль эсвэл албан ажил дээрээ амжилт гаргахаар ихээхэн хүндрэлтэй тулгарч байсан бол та итгэл дүүрсэн бус, таны сэтгэл хямарсаар ирсэн байж болно. Гэвч хэрэв танд амжилт гаргахын тулд бусдыг ялах хэрэгтэй мэт санагдаж, ингээд таны сэтгэл үл итгэх байдал, айдас, атаархлаар дүүрсэн байх үед үр дүнд нь таны сэтгэл түгшсэн, тогтворгүй байна. Сэтгэлийн энэ тухгүй төлөв зөвхөн таны амжилт гаргах боломжийг алдагдуулах төдийгүй таны эрүүл мэндэд хортой.
Хэрэв, нөгөө талаар, та өөрийн хамгийн сайнаар хичээхийн хажуугаар, мөн бусдын сайн сайхны талаар санаа тавьж байвал, тэр үед та тэднээс урам, тусламж, нөхөрсөг элэгсэг дэмжлэг хүлээн авахыг хүсдэгтэй адил тэд бас танаас тэр адил зүйлийг хүсэхийг та ойлгоно. Хэрэв та тэдэнд чин сэтгэлээс энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлбэл – тэднийг хийж байгаа зүйл дээрээ амжилтгүй байхгүй байх төдийгүй бүр амжилт гаргахыг хүсвэл – энэ танд хүн бүрийн амжилтын төлөө хичээх үйл хэрэгт өөрийн бүрэн хүчин чармайлтыг ашиглах дотоод хүч болон өөртөө итгэх итгэлийг өгнө. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлж тэдний талаар анхаарал тавих нь сул доройн бус хүчтэйн шинж. Үнэндээ, энэ нь сэтгэлийн хүч, тайван байдлын эх сурвалж.
Энд бид мөсөн дунд суусан байгаа бидний энэ нөхцөлд үүнтэй адил дүгнэлт үйлчилнэ. Хэрэв та бүхэн нэг нэгэндээ үл итгэн, өөрсдөд байгаа хязгаарлагдмал нөөцийн талаар марган, өрсөлдвөл бид бүгд зовно. Бид бүгд илүү сул дорой болно. Хэрэв та бүхэн бие биеийнхээ талаар чин сэтгэлээс санаа тавьж, та бүгдийн хэн нэгэн сэтгэл түгших үед нэг нэгийнхээ сэтгэлийн засаж байвал, эх хүн уйлж байгаа нярай хүүхдээ тайтгаруулснаар эх, нярай хоёрын аль алийн сэтгэл илүү дээр болдогтой адил байна. Тайван сэтгэл, чин сэтгэлийн найзуудын нэг хайр дүүрэн бүлэгт харьяалагдах мэдрэмжээр бид бүгд эсэн мэнд гарах хүчийг олж авна.
Тэгэхээр өөрийн хүний оюун ухаанаа ашигла. Хэн нэгэн таныг бухимдуулж эхлэхэд, та уурлан, түүн рүү хашхичмаар санагдах үед ингэх нь зөвхөн юмсыг илүү муу болгоно гэдгийг санаарай. Энэ нь таны өөрийн сэтгэлийн төлөвийг хямраагаад зогсохгүй нийт бүлгийн хамтын сэтгэлийн төлөв байдлыг хямраана. Хүн бүр айн, санаа зовж байгаа бөгөөд тэгэхээр хэрэв тэдний хэн нэгэн биеэ буруу авч явбал, үүний учир нь тус хүн итгэл багатай, эмээсэн байгаа явдал байна. Тэгэхээр ийм хүмүүст халамж болон тэднийг ойлгож байгаа сэтгэлийг үзүүлснээр тэднийг итгэл дүүрэн байж, итгэл алдахгүй болгохыг хичээгээрэй.
Амар амгалан нь ирээдүйд итгэлтэй байхаас гарах ба итгэл нь үзэл бодол нэгтэй, элэгсэг найзуудын дэмжлэгээр гарна. Товчоор хэлбэл, хүний тэдгээр суурь, нийтлэг үнэт зүйлс дээр суурилснаар бид ёс суртахуунтай байдлаар үйлдэл хийж чадна. Хэрэв таны шашны итгэл үнэмшил эсвэл гүн ухааны үзэл эдгээр үнэт зүйлсийг үнэн гэж баталдаг бол тэр үнэхээр гайхалтай. Хэрэв танд тийм итгэл үнэмшил байдаггүй бол өөрийн хүний оюун ухаан болон эдгээр хүний суурь ёс зүйн үнэт зүйлүүдэд дангаар нь бүрэн найдна. Бидний хооронд байх шашнаар үл хуваагдах явдал, мөн хүн бүр хүний эдгээр суурь үнэт зүйлсийг чухалчилснаар, бид бүгд энэ хүнд сорилтоос эсэн мэнд гарч, энэ хамт туулсан зүйлийнхээ улмаас илүү сайн хүмүүс болно.
Дүгнэлт
Энэ дүгнэлтээс бид эдгээр шашин, гүн ухаанууд болон иргэний нийгмийн үзлүүд тус бүрдээ нийгэм дэх нэг бэрхшээлтэй нөхцөлтэй тулгарах үед эсэн мэнд гарах түлхүүр нь ёс суртахууны хувийн сахилга бат байна гэсэн дүгнэлтэд чиглүүлж байгааг харж болно. Энэ нь хувиа хичээх сэтгэл, айдас, сэтгэл хямралыг даван гарч, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, ач санах сэтгэл, хүндлэлийн суурин дээр бие биетэйгээ хамтарч ажиллах гэсэн утгатай. Эдгээр таван үзэл тус бүрдээ – Төвөдийн Бурханы шашин, Исламын шашин, Христийн шашин, Күнзийн сургаал болон шашингүй үзэл – эдгээр сайн чанаруудыг төлөвшүүлэх өөр өөрийн гэсэн аргуудтай:
- Төвөдийн Бурханы шашинтнууд хэцүү нөхцөл байдлуудыг их хэмжээний шалтгаанууд болон нөхцөлүүдээс шалтгаалан гарч байгаагаар харна. Зөвхөн нэг хүчин зүйл эсвэл хүн үр дүнг хянаж чадахгүй боловч хүн бүр үүсэн гарах зүйлд нөлөөлөх ямар нэг эерэг зүйлээр хувь нэмэр оруулж чадна. Тэд хүн бүрийг тэгш, тэд өмнөх төрлүүддээ бидний эцэг эх байсан ба тэд бүгд зовлонгүй, амар амгалан байхыг хүсэхийн аль алины хувьд адил гэж үзнэ.
- Исламын шашинтнууд бэрхшээлүүдийг Эзэн тэнгэрийн хүслээс гарах ба тэдгээрийг хэрхэн ялгах нь Эзэн тэнгэрийн гарт байна гэж харна. Тэд Эзэн тэнгэрийн хүслийг зөвшөөрч, Эзэн тэнгэрт Эзэн тэнгэрийн бүх бүтээлүүдэд үйлчлэх сайн үйлээр бишрэл үзүүлнэ.
- Христийн шашинтнууд хэцүү нөхцөлүүдийг Эзэн тэнгэрээс биднийг сорихоор илгээсэн сорилтууд гэж харж, ядуу, зүдүү тэдгээр хүмүүст үйлчлэх Есүсийн жишээг дагана.
- Күнзийн сургаалын зарчмуудыг дагах тэдгээр хүмүүс бэрхшээлийг үе үе зайлшгүй гарах зүйлүүдээр харна. Болж байгаа зүйлс бидний хувь заяанаас шалтгаална. Бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тэд хөлгийн ахмадын тэдэнд зааварчилсны дагуу зохих журмыг даган, хүн бүхэнд зөв зан төлөв, хайраар тэгш шударга хандах үүднээс сайхан, тусархаг сэтгэл, сайн зан суртахууны дотоод мэдрэмжээ нэмэгдүүлэхийг хичээнэ.
- Зөвхөн хүний суурь ёс зүйн үнэт зүйлсийг баримталдаг тэдгээр хүмүүс юмс хэр их бэрхшээлтэй байсан ч, хүн бүр хайр, элэгсэг халамжид талархана гэдгийг ойлгоно. Нийгмийн амьтад болохын хувьд бид эсэн мэнд байхын тулд нэг нэгэнтэйгээ хамтрах хэрэгтэй бөгөөд хэрэв бид нэг нэгээ харж хандвал, бид ямар нэг бэрхшээлийг даван гарах хүч, өөртөө итгэх итгэлийг олж авна.
Ийнхүү эдгээр таван бүлэг тус бүрдээ ёс зүйн өөрийн гэсэн сургаалтай байна; гэвч эдгээр шашин, гүн ухаан тус бүрийн сургаал, зөвлөгөөг чин сэтгэлээс дагаж буй тэдгээр хүмүүс нэг ижил үр дүнд хүрнэ. Тэд уурлаж бухимдахгүйгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадна. Бүр зорчигчдын нэг нийт бүлгийн сайн сайханд аюул учруулах байдлаар үйл үйлдэж байгааг харвал, жишээ нь түүнийг хүнснээс ихээр авч өөртөө хадгалж байгааг анзаарч, энэ нь тус асуудлыг засах сахилга батын аргуудыг авахыг шаардах ба тэдний ёс суртахууны үнэт зүйлсийн сургаал бүр үүнийг уур бухимдлаар бус харин далайд суусан байгаа зорчигчдын нийт бүлгийн талаар санаа тавих сэтгэлээр хийхэд тэдэнд тусална. Тэд сэтгэлийн тайван байдлыг хадгалан хөлөг дээр байгаа хүн бүрийн сайн сайханд эергээр хувь нэмэр оруулна. Үр дүнд нь нийт бүлэг тус бэрхшээлийг эсэн мэнд даван гарах төдийгүй гишүүд нэг нэгийнхээ сайн сайханд үүрэг хүлээсэн өөрсдийн хамт туулсан зүйлийн улмаас бүр өмнөхөөсөө илүү нэг нэгэндээ ойр болно.
Төгсгөлийн үг
Антарктидын мөсөн дунд суусан хөлгийн энэ жишээ олон соёл бүхий нийгэм амьдралд зайлшгүй гарах сорилт, бэрхшээлүүдийн хэрхэн зөв аргаар хамгийн сайн шийдвэрлэж болох талаар ойлгоход тустай нэг зүйрлэл. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүс нийгэм дэх голлох бүх бүлгүүдийн соёл болон итгэл үнэмшлийн талаар судлах хэрэгтэй. Бусдаас эмээх, тэдэнд үл итгэх байдал нь тэдний итгэл үнэмшлийг талаар мэдэхгүй байхаас үүднэ. Зөв мэдлэг олж авснаар, бид бүх шашин, гүн ухаанууд ёс зүйн сургаалтай бөгөөд ёс зүйн эдгээр сургаалуудын нийтлэг зүйл нь мөн шүтлэггүй тэдгээр хүмүүсийг багтаасан, хүн бүрийн хүлээн зөвшөөрч болох хүний суурь ёс зүйн үнэт зүйлстэй тохирч байдгийг мэдэж болно. Тэдгээр үнэт зүйлс нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл болон бусдын сайн сайханд гүнзгий анхаарсан тэдэнд чиглэсэн хайр энэрэл бүхий халамж байна.
Тус нийгмийн өөр өөр бүлгийн хүмүүсийн итгэл үнэмшлийн тогтолцооноос үл хамааран хүний эдгээр суурь үнэт зүйлсийг илэрхийлэх явдал нь чин сэтгэлээс байгаа үед сайн эсвэл бэрхшээлтэй цаг үеүдэд нийгмийн амьдрал харилцан зохицож явагдаж чадна. Үүний учир нь бүлэг тус бүр харилцан ойлголцол дээр суурилан нэг нэгээ хүндэтгэх явдал байх ба харилцан ойлголцол дээр суурилсан харилцан хүндлэлээс харилцан итгэх итгэлцэл гардаг явдал байна. Өөр өөр соёлтой хүмүүс бие биеэ хүндэтгэн, бие биедээ итгэж байвал тэд нэг нэгээсээ эмээх сэтгэлгүйгээр амьдарна. Энэ нь нийгмийн бүлэг бүрд байх ёс зүйн суурь зарчим дээр суурилан эрүүл, харилцан зохицсон нийгмийг бий болгоно.
Иймд эрүүл нийгэм нь олон хүчин зүйлсээс – эдийн засаг, байгаль орчин, нийгэм, эрх зүйн болон боловсролын тогтолцоо, мөн бидний ярилцсанчлан ёс зүй болон шашин хоорондын эв нэгдлээс – шалтгаалан бүрэлдэх тул, хэрэв эдгээр хүчин зүйлүүдийн аль нэг нь сул байвал нийгэм сайн төлөвшихгүй. Бид хувь хүний түвшингээс эхлэх хэрэгтэй, ялангуяа бидний ёс зүй болон бусдыг, тэдний итгэл үнэмшлийг хүндэтгэх хүндлэлийн хүрээнээс эхэлнэ. Хэрэв бид тайван амгалан сэтгэл, бусдад чиглэсэн энэрэнгүй хандлагыг төлөвшүүлж, түүнийг өөрийн гэр бүл, найз нөхөд, бидний хамгийн ойрын нийгмийн бүлэг рүү тэлснээр тэр үед бид алгуур нэг эрүүл нийгмийг бий болгож чадна. Нийт нийгмийн хөгжил түүний гишүүн тус бүр зөв сэтгэл болон ёс зүйн мэдрэмж төлөвшүүлэхээс шалтгаална. Энэ нь ялангуяа олон соёл бүхий нийгэмд болон олон соёл бүхий улс орнуудад ерөнхийдөө хамаатай.
Дэлхийн гол шашнууд болон гүн ухаанууд тус бүрд бидний Төвөдийн Бурханы шашин, Исламын шашин, Христийн шашин, Күнзийн сургаалын тохиолдолд харсан адил шашин эсвэл гүн ухааны үзэл баримтлал баримталдаггүй тэдгээр хүмүүс бас хүлээн зөвшөөрч болох хүний ёс зүйн суурь нийтлэг бүлэг үнэт зүйлүүд байна. Бид хүүхдүүдээ эдгээр хүний суурь ёс зүйн үнэт зүйлсэд сургах хэрэгтэй бөгөөд ингэснээр нийт дэлхий дахин алгуур бүгдийн тусын төлөөх нэг илүү эерэг газар болно. Баярлалаа.