Бурханы шашин дахь цэргийн дүрслэл
Бурхан багш нь Энэтхэгийн цэргийн гэр бүлд төрсөн бөгөөд өөрийн шашны зам мөрийг цэргийн дүрслэлээр гол төлөв үзүүлдэг байв. Тэрээр мунхагаас үүдэлтэй шулмын хүч (мунхаг сэтгэлийн хүч – мара), буруу үзэл, хорт сэтгэл хөдлөл, үйлийн үрийн эрхээр гарч байдаг хорьж дийлэгддэггүй зан байдлаа ялсан Баатарлаг ялагч байсан. МЭ VIII зуунд амьдарч байсан Энэтхэгийн Бурханы шашны их мастер Шантидева Бодьсадвын явдалд орохуй бүтээлдээ дайны зүйрлэлийг их ашигласан байдаг. Тэрээр ялах ёстой жинхэнэ дайснууд бол сэтгэлд нуугдаж байдаг хорт сэтгэл хөдлөл болон хандлага юм гэж сургаж байв. Төвдүүд архад буюу гэтлэгчид гэсэн утга бүхий санскрит нэр томъёог дайснаа дарагч гэж орчуулан, өөрийн дотоод дайсныг дарж чадсан төрөлхтөн гэж ойлгож байв. Эдгээр жишээнээс харахад Бурханы шашны “ариун дайн” нь цэвэр сэтгэлийн дотоод асуудал болж байна. Гэвч Цогт цагийн хүрдэний сургаалд нэгэн гадаад тэмцлийг харуулсан байдаг.
Шамбалын домог
Бурхан багш Цогт цагийн хүрдэний сургаалаа МЭӨ 880 онд Өмнөд Энэтхэгийн Андра нутагт Бурханы шашны уламжлалын дагуу номонд суухаар ирсэн Шамбалын хаан Сучандра болон түүний дагалдагч нарт тавьсан байна. Сучандра хаан тэндээс сургаалыг хойт зүгт, өөрийн нутагт дэлгэрүүлсэн нь өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ. Шамбалын орон нь Цогт цагийн хүрдэний (Дүйнхорын) бүтээл хийх нөхцөл бүрдсэн, хүний ертөнц юм. Энэ нь Бурханы ариун орон биш юм. Үнэхээр энэ дэлхийд байдаг гэж төсөөлж болох боловч, Шамбалын орон нь цэвэр оюун санааны орон зай гэж Дээрхийн Гэгээн 14-р Далай лам айлдсан. Хэдийгээр уламжлалт эх бүтээлүүдэд тэр орон руу бодитоор очиж байсан тухай дурдсан байдаг ч, тэнд хүрэх цорын ганц зам нь Дүйнхорын гүнзгий бясалгал бүтээл билээ.
Сучандра хаанаас хойш, долоон хааны дараа, МЭӨ 176 онд Манзушир Яашас хаан Шамбалын бүх шашны тэргүүнүүд, тэр дундаа брахман мэргэдийг цуглуулан тэдэнд ирээдүйд юу болохыг анхааруулан хэлжээ. Тэрээр 800 жилийн дараа өөрөөр хэлбэл МЭ 624 онд Меккад Энэтхэгийн уламжлалт бус өөр шашин гарна гэж хэлэв. Энэ шашны удирдагчид манай орныг эзлэхээр заналхийлэх үед хүмүүс тэдний шашинд маш олноор орно. Учир нь брахманы хүмүүсийн нэгдмэл байдал сул, Ведийн сургаалыг чанд дагахгүй байна гэж анхааруулав. Энэ аюулаас сэргийлэхийн тулд Манзушир Яашас хаан Шамбалын хүн ардад Дүйнхорын авшиг хүртээж “Важра хүрээ”-нд (Очир хүрээнд) бүгдийг нь нэгтгэн оруулав. Ингээд хаан өөрөө анхны Калки буюу тус хүрээний анхны тэргүүн боллоо. Дараа нь тэрээр Цогт цагийн хүрдэний (Дүйнхорын) хураангуй бүтээлийг зохиосон нь бидний үед уламжлан хүрч иржээ.
Гадны эзлэн түрэмгийлэгчид
Лалын шашин МЭ-ний 622 онд үүссэн нь Цогт цагийн хүрдэнд тэмдэглэн үлдээсэн оноос хоёр жилийн өмнө таарч байгаа учир ихэнх судлаачид Энэтхэгийн уламжлалт бус гадны шашин гэдэг нь Лалын шашин юм гэж үздэг. Цогт цагийн хүрдэний судар бичигт тухайн шашны хүмүүс мал гаргахдаа тэнгэрийнхээ нэрийг уншдаг, эрэгтэй хүүхдүүдийнхээ хөвч тасалдаг, эмэгтэйчүүд нь гивлүүртэй, ариун газарынхаа зүгт өдөрт таван удаа мөргөл үйлддэг зэргийг дурдсан байдаг нь тэдний дүгнэлтийг баталдаг ажээ.
Энэтхэгийн уламжлалт бус гэдэг үгийг санскрит хэлэнд млекча (mleccha) (төвд хэлэнд: lalo) гэх ба санскрит бус үл ойлгогдох хэлээр ярьдаг хүн гэсэн утгатай юм. Бурханы шашинтан болон Хиндү шашинтнууд аль аль нь, македончууд ч бай, Александер хааны үеийн грекүүд ч бай, Хойд Энэтхэг рүү халдсан бүхий л гадны түрэмгийлэгчдийг энэ нэрээр тодорхойлдог байв. Өөр нэг өргөн хэрэглэгддэг санскрит үг бол тайи (tayi) юм. Энэ нь перс хэлний араб гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд үүгээр МЭ VII зууны дунд үеийн Ираны араб довтлогчдыг нэрлэж байв.
Анхдугаар Калки, ирээдүйд гарах Энэтхэгийн уламжлалт бус шашны тухай урьдчилж хэлэхдээ, тус шашинд Адам, Ноах, Абрахам, Мосе, Есүс, Мани, Мухаммед, Махди гэсэн найман багш байх ба Мухаммед нь Меккагийн орон болох Багдадад төрнө гэжээ. Энэ нь Лалын шашны төлөөлөгчдийг тодорхойлоход их дөхөм болдог.
- Мухаммед МЭ 570 – 632 онд Арабад амьдарч байсан. Гэтэл Багдад нь МЭ 762 онд Арабын Абассидийн Халифын улсын (МЭ 750 – 1258 он) нийслэл болон баригджээ.
- Maни бол III зууны үед амьдарч байсан Перс хүн бөгөөд сайн ба муу хүчний зөрчлийг онцгойлон үздэг эртний Ираны Зороастризм шашинтай төстэй Манихаизм гэдэг эклектик (олон итгэл үнэмшлийг шилж нийлүүлсэн) шашныг үндэслэгч юм. Түүнийг тэр үеийн Багдадын Аббасидийн ордны, Лалын тэрс Манихаизмын үзлийг баримталдаг хэргэмтнүүд тэнгэрийн элч гэж тооцдог байв. Гэвч тэр үнэхээр тэнгэрийн элч байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Тэднийг Абассидийн халифууд ихээр хавчин гадуурхдаг байжээ.
- Өнөөгийн Афганистан болон Энэтхэгийн хойгт нутаглаж байсан Бурханы шашны эрдэмтэд МЭ IX зууны сүүл үеэр санскрит хэл дээрх бүтээлүүдийг араб хэл рүү орчуулах ажлыг Багдадад суун хийж байжээ.
- Maхди нь Мухаммедийн залгамжлагч бөгөөд ирээдүйд шашны удирдагч (иман) болж итгэгчдийг Иерусалимд хүргэх учиртай байв. Тэрээр Кораны хуулиудыг сэргээж, галав юүлэхээс өмнө Лалын шашинтнуудыг нэг улс болгон нэгтгэх болно гэдэг. Түүнийг Лалын шашныхан мессиа (тэнгэрээс илгээгдсэн элч) гэж үздэг. Энэ ойлголт Аббассидийн эхэн үеийн халифийн төлөө тэмцэл, Меккагийн бослого болон Аббисидийн эсрэг үймээний өөрийгөө золиослогчдын тэмцлээр илэрч байсан. Гэвч Махди гэдэг ойлголт нь мессиа (аврагч, тэнгэрийн илгээсэн элч) гэсэн утгаар МЭ IX зууны сүүлч үе хүртэл бүрэн гарч ирээгүй байлаа.
- Исмайли шийтийн, тэнгэрийн элчүүдийг нэрлэсэн жагсаалт нь Цогт цагийн хүрдэнийхтэй таардаг бөгөөд, тэнд зөвхөн Манигийн нэр ороогүй байдаг. Исмайличууд нь Махдийг тэнгэрийн элч гэж үздэг Лалын шашны цорын ганц бүлэг юм.
- Исмайли шийт бол X зууны хоёрдугаар хагаст Мултаны (одоогийн Пакистаны хойд Синдийн нутаг) Лалын шашинтнуудын дагаж байсан албан ёсны урсгал юм. Мултан нь Египетийн Исмайли Фатимид гүрэнтэй холбоотон байсан бөгөөд Аббасидууд нартай Лалын ертөнц дэх байрь сууриа булаацалдан тэмцэлдэж байв.
Энэ бүхнээс харахад Цогт цагийн хүрдэнд Энэтхэгийн уламжлалт бус шашны түрэмгийлэгчдийн талаар дүрслэхдээ МЭ Х зууны сүүл үеийн Мултаны Исмайличуудыг VIII зууны сүүл үеийн Манихаизм лалын шашинтан нартай зарим талаар хольсон гэмээр санагддаг. Энэхүү дүрслэлийг бичиж үлдээсэн хүмүүс нь Хиндү шахын засаглалын үед Афганистаны зүүн хэсэг, Оддияана хавиар (одоогийн Пакистаны баруун хойд нутаг Сватын хөндий) амьдарч байсан Бурханы шашны эрдэмтэн хүмүүс байх боломжтой. Афганистаны Кабулын ойролцоох Субахар гэх мэт газруудад байдаг сүм хийдүүдийн архитектур нь Цогт цагийн хүрдэний мандалыг санагдуулдаг. Оддияана нь Бурханы шашны тарнийн сургаал дэлгэрсэн гол бүс нутаг байв. Оддияана нь мөн Бурханы шашны болон Хиндү шаивитэ тарнийн сургаал их дэлгэрсэн газар болох Кашмиртэй ойр харилцаатай байжээ. Энэ хоёр нутгийг Бурханы шашны мөргөлчдийн гол зам холбож байв. Ийнхүү Бурханы шашны болон Лалын шашны түүх, ариун дайны түүхэн нөхцөлийг ойлгохын тулд Абассидийн үеийн зүүн Афганистан, Оддияана, Кашмир дахь Бурханы шашин болон Лалын шашны хоорондын харилцааг анхаарч үзэх ёстой юм.
Галав юүлэх тухай иш (урьдчилан хэлсэн байдал)
Анхдугаар Калки, Энэтхэгийн уламжлалт бус шашныхан ирээдүйд нэгэн цагт Энэтхэгийг захирах болно гэж иш үзүүлсэн. Тэдний хаан Кринмати Дели дахь нийслэлээсээ МЭ 2424 онд Шамбалыг эзлэх оролдлого хийх ба судрын тайлбаруудад Кринмати нь тэнгэрийн элч Махдигаар тодорно гэж гардаг. 25-р Калки, Раудрачакрин, тэр үед Энэтхэг рүү довтолж, Энэтхэгийн уламжлалт бус шашны, гадны түрэмгийлэгчдийг тэрхүү тулаанд ялах болно. Түүний ялалтаар Бурханы ном доройтож байсан калиюга буюу “зөрчлийн эрин” өндөрлөж, үүний дараа шинэ эрин эхэлж, Бурханы сургаал тэр дундаа Цогт цагийн хүрдэний сургаал ихэд дэлгэрэх болно гэжээ.
Сайн ба муу хүчний хоорондын тэмцэл нь тэнгэрийн элчийн (мессиагийн) хийсэн галав юүлэх тулаанаар дуусна гэсэн санаа Бурхан багшийг мэндлэхээс хэдэн арван жилийн өмнө, МЭӨ VI зуунд үүссэн Зороастризмд анх гарч байжээ. Энэ үзэл санаа нь МЭӨ III зуунаас МЭ II зууны хооронд Иудаизмд (Еврейн шашин) нэвтэрч, улмаар эртний Христийн шашин, Манихаизмд, хожим нь Лалын шашинд байр сууриа эзэлжээ.
Галав юүлэх тухай сэдвийн өөр нэг хувилбар нь ойролцоогоор МЭ IV зууны үед Хиндү шашны Вишнү Пурана-д гарч ирсэн. Энд дурдсанаар калиюга-ийн (зөрчлийн эрин) төгсгөлд Вишнү нь Калкигийн хамгийн сүүлчийн дүрээр, Шамбалын оронд брахман Вишнү Яашасын хүү болж төрнө гэжээ. Тэрээр буруу номтон гадны түрэмгийлэгчдийг дарж , хүмүүсийн сэтгэлийг дахин сэрээх болно. Үүний дараа Энэтхэгийн эргэх цаг хугацаа гэдэг ойлголтыг хадгалсан шинэ эрин үе гарна гэжээ. Энэ нь галав юүлэх тухай Энэтхэгийн уламжлалт бус үзлийн баримталдаг эцсийн шийтгэл, дэлхийн төгсгөл гэсэн ойлголтоос ондоо юм. Вишнү Пурана-д гарч байгаа энэ ойлголт гадны ямар нэг эх сурвалжаас энэтхэг сэтгэлгээнд орж ирсэн, эсвэл Энэтхэгт бие даан үүссэн эсэхийг тогтооход хэцүү байдаг.
Бурхан багшийн, ном сонсож буй хүмүүсийнхээ мэдлэгийн хүрээнд, тэдэнд танил үг хэллэгээр сургаалаа заах аргыг Цогт цагийн хүрдэний тарнийн сургаал-д бас баримталж тэнд Вишнү Пурана-д дүрслэгдсэн дүр, нэрнүүд хэрэглэсэн байдаг. Ер нь сургаалыг гол төлөв өндөр боловсролтой брахмануудад зориулан тавьж байжээ. Хэрэглэж байсан нэрнүүдэд Шамбал, Калки, калиюга гэх мэт үгнүүд, Вишнү Яашас, Манзушир Яашас нэрний хувилбарууд багтдаг төдийгүй, гадны түрэмгийлэгчдийг мөн млекча гэдэг үгээр дүрсэлж байв. Гэвч Цогт цагийн хүрдэний сургаал дахь дайн гэдэг үг бэлэгдлийн утгаар хэрэглэгдэж байжээ.
Дайны бэлэгдлийн утга
Цогт цагийн хүрдэний хураангуй сургаалд Меккад болсон гадны түрэмгийлэгчидтэй хийсэн дайн нь угтаа жинхэнэ дайн биш, учир нь жинхэнэ тулаан бол биеийн дотор явагддаг гэж тайлбарласан байдаг. МЭ XV зуунд гэлүг ёсны эрдэмтэн Хайдрубжэй, Манзушир Яашасын хэлсэн үг бол Энэтхэгийн уламжлалт бус шашны хүмүүсийг хөнөөх бодит үйл ажиллагааны тухай огт байгаагүй юм гэж тайлбарласан. Анхдугаар Калки дайныг дүрслэх болсны гол санаа нь түүгээр хорт зан үйл болон мунхагийг (буруу үзэл, ойлголтыг) сөрдөг хоосон чанарын гүн гүнзгий ойлголтыг зүйрлэж харуулах явдал байв.
Манзушир Яашас бэлэгдлийн далд хэлбэрийг их хэрэглэсэн байдаг. Раудрачакрин нь “очир мэт сэтгэл”-ийг тодруулбал хамгийн нарийн сэтгэл болох гэгээн гэрлийн сэтгэлийг бэлэгддэг. Шамбал нь очир сэтгэлийн орших их амгаланг бэлэгддэг. Калки байна гэдэг нь очир сэтгэл нь [сэтгэлийн] хамгийн гүн мэдрэхүйн түвшиндээ хүрэх, өөрөөр хэлбэл их амгалан, хоосон [чанар] хоёр зэрэг төрсөн байхыг хэлнэ. Раудрачакрины хоёр жанжин болох Рудра болон Хануман нар нь пратекабудда, шравака (брадигабуд, шарвага) нарын сэтгэлийг бэлэгдэнэ. Энэ хоёр сэтгэл нь очир мэт сэтгэлийн суурь болдог. Дайнд ялахад дэмжлэг үзүүлдэг арван хоёр Хиндү тэнгэр нь 12 шүтэн барилдлага болон [нэг өдрийн] амьсгалын 12 шилжилтийг илэрхийлдэг. Шүтэн барилдлага, шилжилт хоёрын аль аль нь орчлонд эргэлдэх (орчлонд дахин дахин төрөл авах, үхэх) үйл явцыг дүрсэлдэг. Раудрачакрины цэргийн дөрвөн анги нь цаглашгүй дөрвөн сэтгэл (сэтгэлийн цэвэр хандлага) болох асрал хайр, энэрэл нигүүлсэл, баясах сэтгэл, тэгш сэтгэлийг бэлэгддэг. Раудрачакрин болон түүний цэргийн анги Энэтхэгийн уламжлалт бус хүчийг дарж байгаа нь үзэн ядах, өс хонзон санах, эгдүүцэх, урьдчилан буруугаар дүгнэх сэтгэлийн оролцоотой, муу үйлийн үр болох сэтгэлийн хүчийг дарж байгааг илэрхийлдэг. Энэ сэтгэлийн хүчийг ялах гэдэг нь гэтлэхүйд (орчлонгийн зовлонгоос бүрэн ангижрах) улмаар гэгээрэлд хүрэх гэсэн утгатай юм.
Бурханы шашны сурган хүмүүжүүлэх арга
Сударт, Лалын шашинтнууд бодитойгоор ариун дайн хийж байсан гэж гардаггүй боловч үзэн ядах, өс хонзон санах, хорлон сүйтгэх шинжтэй харгис шашин гэж тодорхойлсон утга байдаг. Гэвч үүнийг нь Бурханы шашин бол Лалын шашны эсрэг шашин гэж үзэх баримт болгон хялбархан ашиглаж болох юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн үеийн зарим Бурханы шашинтнууд ингэж гадуурхах хандлагатай байсан хийгээд өнөөгийн зарим Бурханы шашинтнууд ч ийм явцуу үзэлтэй байж болох хэдий ч, Бурханы шашны их хөлгөний сургаалын үүднээс өөр дүгнэлт хийж болох юм.
Жишээ нь, Их хөлгөний судар бичгүүдэд Бага хөлгөний сургаал гэх мэт зарим сургаалуудыг бусдад туслах үүднээс биш зөвхөн өөрийн амгаланд хүрэх тухай үзэл гэж гардаг. Бага хөлгөний бүтээлчдийн зорилго нь үнэхээр өөрийн гэтлэхүй (өөрөө зовлонгоос бүрэн ангижрах) байдаг бөгөөд бусдад туслах үүднээс зорьсон гэгээрэл биш байдаг. Бага хөлгөний сургаалыг ингэж тодорхойлох нь түүнийг урьдаас буруу дүгнэх хандлагат хүргэдэг ч Теравада гэх мэт Бага хөлгөний сургаалын сургалтын үндсэн сэдэвт асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн бясалгал чухал байр суурь эзэлдэг. Зарим хүмүүс Их хөлгөнтөнүүд үнэн хэрэгтээ Бага хөлгөний жинхэнэ сургаалыг огтхон ч мэдэхгүй байна гэж дүгнэж болно. Эсвэл Их хөлгөний сургаал нь үнэн хэрэгтээ хүмүүст хязгаар үзэл (туйлшрах) төрөхөөс сэргийлж Бурханы шашны өөрийн үзэл баримтлалын дагуу байр сууриа илэрхийлдэг логик (хийсвэрлэх) аргаа ашигласан байна гэж харж болно. Прасангика үзлийн энэ арга нь сургаалд суралцаж буй хүмүүст хэт хувиа бодох үзэл төрөхөөс сэргийлсэн байдаг.
Их хөлгөн нь дундад зууны үеийн Хиндү, Жайны философийн зургаан үзлийг бас дээрхтэй адил тодорхойлсон байдаг. Мөн Төвдийн Бурханы шашны ёсууд хоорондоо бие биеэ ийм байдлаар дүгнэдэг ба Төвдийн уламжлалт бөөгийн ёсны үзэлд ч ийм аргаар ханддаг. Ингэж тодорхойлж байгаа тодорхойлолтуудын аль нь ч бодит байдалд нийцсэн дүрслэл биш юм. Бүгд өөр өөр санаа гаргаж ирэх үүднээс бусдын онцлогийг хэтрүүлэх, эсвэл гажуудуулсан байдаг. Энэ нь Цогт цагийн хүрдэнд Лалын шашны харгис чанар болон түүний учруулж болох аюул заналыг дүрсэлсэн дүрслэлд ч илэрч байна. Хэдийгээр Бурханы шашны багш нар Лалын шашныг буруу номтой гэж үзүүлэх прасангика аргыг зөв арга гэж хэлдэг ч, ялангуяа орчин цагт энэ бол дипломат бус хандлага гэж маргах хэсэг бас байж болно.
Гэвч Лалын шашныг заналхийлэн, хорлон сүйтгэх хүчээр төлөөлүүлсэн явдлыг Аббасидын эхэн үеийн зүүн Афганистаны Кабулын нөхцөлөөс харахад ойлгомжтой байдаг.
Түүх болон ишийн (урьдчилан хэлсэн байдал) харьцуулалт
Part of abridged version [Цогт Цагийн Хүрдэний сургаалийн Лалын шашны харгислал, учруулж болох аюулын талаар бичигдсэн зүйлс үнэхээр хэрэгжсэн. МЭ-ний арав дугаар зууны сүүл, арваг нэгдүгээр зууны эхээр Энэтхэгт Цогт Цагийн Хүрдэний сургаал орж ирэх үед үнэхээр Лалын шашны цэргүүд хэд хэдэн Бурханы шашинтай газар нутаг руу халдсан. Үнэхээр олон Бурханы болон Хиндү шашинтнууд шашнаа солихгүй бол хүн амын татварын дарамтанд орох байсан тул арга буюу Лалын шашинтан болцгоосон. Хэтрүүлэгт үнэний хувь байсан гэж хэлж болно. Хэдийгээр Бурханы шашны багш нар Лалын шашнаар сэтгэл, оюунд тулгарах бэрхшээл, аюулыг билэгдсэн прасангика аргын урныг сайшааж байж болох ч орчин үед ийм дипломат бус арга ашиглах нь буруу гэж маргах нэг нь ч бий.]
Анхдугаар Калкигийн түүхэн иш нь дээрх цаг хугацаатай яг тохирдог боловч үйл явдлыг нь сургаал хэлбэрт оруулсан байдаг. МЭ XIII зууны үеийн Сажийн ёсны их сэтгэгч Бутон, Цогт цагийн хүрдэний сургаалд түүхийн талаар үзүүлснийг “Өнгөрсөн үеийн үйл явдлуудыг хянаж үзэх нь утгагүй хэрэг” гэж дүгнэдэг. Харин Хайдрубжэй, Шамбал болон гадны түрэмгийлэгчдийн хоорондын дайныг урьдчилан хэлсэн явдал нь ирээдүйд болох түүхэн үнэний холбогдолгүй, ердөө нэг зүйлрэл биш юм гэжээ. Хэрэв тийм байсан бол Цогт цагийн хүрдэний сургаалд гаригууд болон одны ордуудыг дотоод зүйрлэл болгон ашиглаж байгаагаас огторгуйн биетүүд нь зөвхөн зүйрлэлийн байдлаар, ямар нэг гадаад холбоо хамааралгүй оршдог гэж дүгнэхэд хүрнэ.
Гэвч Хайдрубжэй, Цогт цагийн хүрдэнд, Энэтхэгийн уламжлалт бус тэрхүү шашин арван хоёр тив бүгдэд нь нөлөөлөх ба Раудрачакрины сургаал тэр тивүүдэд түүнийг даван гарах болно гэснийг шууд утгаар нь авч үзэхгүй байхыг анхааруулдаг. Энэ иш бол өмнө нь дүрсэлж байсан Энэтхэгийн уламжлалт бус шашны тэдгээр хүмүүс, тэдний шашны үзэл баримтлал, бүтээлтэй нь холбоотой биш юм. Энд млекча гэж гарч байгаа нь ердөө л Бурханы сургаалтай зөрдөг өөр итгэл үнэмшлүүд, буруу сургаалуудыг (Номын бус хүч) хэлжээ.
Тэгэхээр энэ иш нь шашны бүтээлд хор хүргэх сөрөг хүчнүүд (энэ нь заавал Лалын арми байна гэсэн үг биш) ирээдүйд довтлох ба тэдний эсрэг гадаад “ариун дайн” хийх шаардлагатай болно гэсэн утгатай юм. Харин үүний цаад утгыг, хэрэв энх тайвны арга амжилтгүй болвол ариун дайн хийх шаардлагатай ба тэмцэл нь ямагт Бурханы шашны энэрэн нигүүлсэх сэтгэл, бодит байдлыг бүрэн ухаарсан гүн гүнзгий ойлголтын зарчим дээр суурилж байх ёстой гэж үздэг. Гэвч бодь сэтгэл төрүүлээгүй цэргүүдийн хувьд энэ маш хэцүү даалгавар болох нь үнэн. Хэрэв дайныг Энэтхэгийн уламжлалт бус шашны зарчмаар үзэн ядах, өс хонзон санах, эгдүүцэн урдчилан буруугаар дүгнэх сэтгэлийн үүднээс хийх юм бол ирээдүйн хойч үеийнхэн өөрийн өвөг дээдсийн болон Энэтхэгийн уламжлалт бус ёсны хоорондын ялгааг харахгүй юм. Улмаар Энэтхэгийн уламжлалт бус ёсны зарчмыг төвөггүй хүлээн авах болно.
Жихадын талаарх Лалын шашны ойлголт
Дээрх гадны түрэмгийлэгчдийн зарчмууд нь Лалын шашны жихад ойлголт мөн үү? Хэрэв тийм бол Цогт цагийн хүрдэнд жихадыг зөв тодорхойлсон уу? Эсвэл Шамбал руу халдаж байгаа түрэмгийллээр хэт туйлшрах хандлагаас зайлсхийх ёстой болохыг үзүүлж байна уу? Шашин хоорондын үл ойлголцлоос зайлсхийхийн тулд эдгээр асуултуудыг судалж үзэх нь чухал юм.
Жихад гэдэг араб үг нь мацаг барьдаг ариун Рамадан сарын үеэр өлсөх, цангах гэх мэт зовлон, бэрхшээлийг давж гарахад хэрэгтэй болдог хүчин чарайлт гэсэн утгыг илэрхийлдэг. Ийм хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүсийг мужахедин гэж нэрлэнэ. Энэ нь гэгээрэлд хүрэх зам мөрөөр явж байгаа бодьсадвагийн (хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх сэтгэл бүхий төрөлхтөн) бэрхшээлийг туулан гардаг тэвчээрийн тухай Бурханы шашны сургаалыг санагдуулдаг.
Лалын шашны сүннит урсгалд жихадын таван төрлийг дурддаг. Үүнд:
- Цэргийн жихад гэдэг нь Лалын шашинд хор учруулж байгаа түрэмгийлэгчдийн эсрэг хамгаалах үйл ажиллагаа бөгөөд энэ нь бусдыг Лалын шашинд хүчээр нэгтгэх гэсэн түрэмгий халдлага биш юм.
- Жихад сан нь ядуу болон тусламж шаардлагатай хүмүүст санхүү, эд материалын туслалцаа үзүүлэхэд чиглэдэг.
- Хөдөлмөрлөх жихад бол шударгаар өөрийн болон гэр бүлийн амьдралаа тэтгэх явдал.
- Сурах жихад нь мэдлэг эзэмших үйл ажиллагаа.
- Өөрийн эсрэг жихад нь Лалын шашны сургаалтай зөрчилдөх хүсэл, бодлыг даван гарах дотоод хүчин чармайлт юм.
Лалын шашны шийт урсгал нь нэгдүгээр жихадыг чухалчилдаг бөгөөд Лалын шашинт улс руу хийсэн халдлага бол Лалын шашны эсрэг хийсэн халдлага гэж үздэг. Шийтийн олон шашинтнууд дотоод сэтгэлийн тав дахь жихадыг бас хүлээн зөвшөөрдөг.
Бурханы шашин болон Лалын шашны адил төстэй шинж
Цогт цагийн хүрдэнд Шамбалын дайны домгийг үзүүлсэн байдал, Лалын шашны жихад ойлголт хоёр нь тодорхой адил төстэй зүйлийг харуулдаг. Бурханы шашин болон Лалын шашны ариун дайн нь гадаад дайсны хүчний халдлагыг зогсоох, хамгаалах үйл явц ба ялалт байгуулж шашиндаа нэгтгэх гэсэн түрэмгийлэх ажиллагаа огт биш юм. Аль алиных нь ойлголтонд сөрөг бодол, хорт сэтгэл хөдлөлийн эсрэг тэмцэх дотоод сэтгэлийн түвшний утга байдаг. Хоёулаа үзэн ядах, урьдчилан буруугаар дүгнэх хандлага дээр биш, ёс суртахууны зарчимд суурилахыг чухалчилдаг. Иймд Цогт цагийн хүрдэний сургаалд, Шамбал руу халдсан Энэтхэгийн уламжлалт бус түрэмгийлэгчдийг зөвхөн сөрөг байдлаар дүрсэлсэн нь, туйлшралаас зайлсхийх байр суурь гаргаж ирдэг прасангикагийн хийсвэрлэх аргаар жихадын талаарх ойлголтыг буруу илэрхийлж байгаа хэлбэр юм.
Цааашилбал, олон олон удирдагчид жихад ойлголтыг гуйвуулан эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө ашиглаж байсны адил Шамбал болон түүний гадны хүчний эсрэг дайны тухай ойлголтыг ч бас гуйвуулах явдал гарч байсан. МЭ XIX зууны сүүлээр 13-р Далай ламын туслах багш, Оросын Буриад-Монгол лам Агван Доржиев нь Орос бол Шамбал, Оросын хаан бол Калки гэж байв. Ингэж тэрээр 13-р Далай ламыг Төв Азид эрх мэдлээ тэлэх гэсэн хоёр гүрний тэмцэлд “млекча” болох Английн эсрэг Оросыг дэмжихийг ятгаж байсан.
Монголчууд Шамбалын хаан Сучандра болон Чингис хааныг Очирваанийн хувилгаан гэж үздэг уламжлалтай. Шамбалын төлөө тулалдах нь Чингис хааны яруу алдар, Монголын төлөө тулалдах гэсэн үг юм. Мөн 1921 оны Монголын коммунист хувьсгалын удирдагч Сүхбаатар Цагаан Орос болон Японы дэмжлэгтэй Барон фон Унгерн-Штернберг нарын харгис дэглэмийн эсрэг тулаанд цэргүүдээ Цогт цагийн хүрдэнд гардаг калиюгаг төгсгөх дайны дүрслэлээр зоригжуулж байжээ. Хэдийгээр Цогт цагийн хүрдэний сургаалд дурдаагүй байдаг боловч тэрээр цэргүүддээ, тэд дараа төрөлдөө Шамбалын хааны баатар болж төрнө хэмээн итгүүлж байв. 1930-аад онд Япончууд Өвөр Монголыг булаан эзлэх үеэрээ Япон бол Шамбалын орон хэмээн ухуулж Монголчуудын дэмжлэгийг авахыг оролдож байлаа.
Дүгнэлт
Бурханы шашныг шүүмжлэгчдийн үздэгчлэн Цогт цагийн хүрдэний зөвхөн шашны гадаад түвшний тэмцлийг хэрхэн илэрхийлсэн байдлыг анхаарч, сэтгэлийн дотоод түвшнийхийг нь орхигдуулвал энэ нь Бурханы шашныг бүхэлд нь шударга бус дүгнэсэн хэрэг болно. Энэ нь Лалын шашны жихадыг шүүмжилдэг шүүмжлэлийн хувьд ч адил юм. Бурханы шашны тарнийн сургаал дахь багшаа хэрхэн шүтэх тухай зөвлөгөө нь үүнийг ойлгоход тусалж болно. Багш бүрт сайн болон сул тал байдаг. Хэдийгээр шавь нь багшийнхаа сул талыг зөвшөөрөх ёстой ч, түүнийг нь байнга анхаарч байх юм бол энэ нь ердөө л бухимдал, зовлонгийн шалтгаан болно. Харин шавь нь багшийнхаа сайн талуудыг нь анхаарч байвал зам мөрөөр урагшлах урам зориг төрөх болно.
Бурханы шашны болон Лалын шашны ариун дайны сургаалын талаар дээрхтэй адил зүйлийг хэлж болно. Шашны бүтээлд нь заналхийлсэн ямар нэг сөрөг хүчин зүйл үүсэхэд түүнээс хамгаалах зорилгоор хийдэг гадаад тэмцлийг буруу ашиглах явдал эдгээр шашнуудын аль алинд нь тохиолдож байсан. Үүнийг үгүйсгэх эсвэл хэт онцлолгүй, зөвхөн эдгээр итгэл үнэмшлүүдийн дотоод ариун дайны ач тусыг нь ойлгож, түүнээс итгэл найдвар олж авч болдог.