Бурханы шашин ба Исламын шашин: Өөр өөр аргууд ба нийтлэг зорилго

Азид нэлээдгүй бүс нутгуудад Бурханы шашинтнууд болон Исламын шашинтнуудын хооронд зарим нэг зөрчлүүд үүсэж байдаг. Хэдийгээр тэд зэрэгцэн аж төрөх ёстой ч заримдаа тэдний харилцаа тийм их тайван байдаггүй. Гэвч тэдгээр талууд байгаль орчны доройтол, агаарын бохирдол, дэлхийн дулаарал гэх мэт нийтлэг нэг адил асуудалтай. Бурханы шашин болон Исламын шашин нь эдгээр асуудлуудыг ухаалаг, энэрэнгүй арга замаар шийдвэрлэхэд хүмүүсийг өдөөх өөр өөр стратеги, арга ухаан санал болгодог. Нэг нэгнийхээ арга ухааны талаар илүү их мэдлэгтэй байх нь харилцан нэг нэгнээ ойлгох, хүндэтгэх хүндлэлийг илүүтэй бий болгоно. Үр дүнд нь хоёр тал орчин үеийн нийгмийн амьдралын эдгээр сорилтуудыг шийдвэрлэхэд нэг нэгэнтэйгээ илүү сайн хамтран ажиллаж чадна.

Дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг Бурханы шашин болон Исламын шашны аргууд нь тэдний үзэл санааны баримтлалаас эхтэй байдаг. Эдгээр аргуудыг ойлгоход бидэнд тэдгээр итгэл үнэмшил тус бүрийн суурь үзэл баримтлалын талаарх ойлголт хэрэгтэй болно.     

Шалтгаан ба үр дагаврын талаарх ойлголтын суурь     

Исламын шашин

Исламын шашин нь бүтээгч эзэнтэй шашин. Орчлон ертөнцийн зүй тогтол болон шалтгаан ба үр дагаврын хуулийг Эзэн тэнгэр бүтээсэн байна.

Бурханы шашин

Бурханы шашин нь бүтээгч эзэнгүй шашин. Энэ нь Эзэн тэнгэрт итгэх үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, Эзэн тэнгэр оршдоггүй гэж үздэг шашин гэсэн утгатй бус; энэ нь ердөө бүтээх санааг хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйл ямар нэг эхлэл болон төгсгөл үгүйгээр, хувь хүн болон нийгмийн бүлгийн туулах мэдрэмж, хүртэхүй болон материаллаг ертөнцийн зүй тогтлын аль алины хүрээнд шалтгаан ба түүний үр дагавар болон гарна. Шалтгаан ба түүний үр дагаврыг хэн ч бүтээгээгүй; энэ бол ердөө юмсын орших хэв маяг.     

Товч дүгнэлт

Аль аль итгэл үнэмшил нь шалтгаан ба түүний үр дагаврыг хүлээн зөвшөөрдөг тул дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх аргыг олж, тэдгээрийн шалтгааныг арилгах, бууруулах тухайд санал нэгдэнэ.

Шалтгаан ба үр дагавар хоорондын холбоо

Исламын шашин

Шалтгаануудын цогц нь тодорхой нэг цогц үр дагаварт хүргэх үйл явцыг “хувь тавилан” гэнэ. Энэхүү шалтгаан ба үр дагаврын хоорондын холбоог Эзэн тэнгэр бүтээсэн бөгөөд шалтгаан нь ямар үр дагаварт хүрэхийг Эзэн тэнгэр шийднэ.  

Бурханы шашин

Шалтгаануудын нэг цогц болон түүнээс гарах үр дагаврын цогц хоорондын холбоо нь ердөө харилцан шалтгаалж бий болно. Өөрөөр хэлбэл, шалтгаан эсвэл үр дагавар болох бие даасан, бусад зүйлээс үл хамаарах, өөрөө бий болж орших ямар ч  шалтгаан эсвэл үр дагавар байдаггүй. Ямар нэг зүйл ердөө өөрийн үзүүлэх үр дагавартайгаа холбоотойгоор нэг шалтгаан болно чадна.    

Товч дүгнэлт

Аль аль итгэл үнэмшил нь шалтгаан ба үр дагавар нь тодорхой нэг хуулийг дагах ба ямар ч зүйл шалтгаангүйгээр, санамсаргүй бий болдоггүй гэж хүлээн зөвшөөрдөг. Иймд эдгээр итгэл үнэмшлүүд хэрэв дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэх зохих арга хэмжээг авбал асуудлуудыг шийдвэрлэж болно гэдэгтэй санал нэгдэнэ.

Сонгох чадвар ба сонголт

Исламын шашин

Эзэн тэнгэр хүнийг оюун ухаантай бүтээсэн. Тэрхүү оюун ухаан нь бодох, ялангуяа сэтгэн бодох, логик сэтгэхүйн үүрэгтэй. Тус оюун ухааны шинж чанаруудын нэг нь сонгох чадвар ба энэ нь худалдан авалт хийх үедээ дахин хэрэглэх даавуун тор хэрэглэх үү эсвэл нэг удаагийн хуванцар тор хэрэглэх үү гэх мэт сонголт хийх хүч, чадвар гэсэн утгатай юм. Үндэстний түвшинд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах эсэх, хэрэв бууруулах бол ямар хэмжээгээр гэдгийг сонгох сонгох чадвар бидэнд байна.

Ийм сонголтуудтай тулах үед бидний хийхээр сонгосон юу ч байсан түүний зайлшгүй хүрэх үр дагавар нь Эзэн тэнгэрийн зарлигийн дагуу байна. Иймд Эзэн тэнгэрийн бүтээсэн шалтгаант чанарын хуулийг дагна гэдэг үүднээс үр дагавар нь урьдаас тогтоогдсон байх боловч сонголт нь тийм биш байна. Энэ утгаар бид сонгох чадвартай.

Бурханы шашин

Ямар нэг үйлдэл хийх боломж олгодог сэтгэлийн хүчин зүйл (сэтгэлээс гардаг сэтгэл) нь ялгах ухаан (билгүүн) юм. Энэ нь тухайн үйлийн боломжит сонголтууд дээр анхааран, тэдгээрийн сул тал болон сайн чанарын хүч мөн тэдгээрийн сул чанарыг сайн чанараас нь мөн давуу талыг нь сул тал, гэмээс нь ялгадаг. Бид өөрийн ялгах ухаан дээр тулгуурлан ямар сонголт хийх шийдвэрээ гаргадаг.

Өөрөөр хэлбэл энэхүү сэтгэлийн хүчин зүйлийг оюун мэдэл гэнэ. Энэ нь тухайн нэг зүйл зөв эсвэл буруу, эерэг эсвэл сөрөг, тустай эсвэл гэм хортой болох зэргийг ялгана. Энэ нь оносон эсвэл алдаатай аль аль нь байж болно. Худалдан авалт хийхдээ дахин хэрэглэж болох даавуун тор авч явах эсвэл нэг удаагийн хуванцар тор хэрэглэхийн аль нь байгаль орчинд сайн болохыг ялгах ухаан дээр тулгуурлан бид алийг нь хэрэглэх тухай шийдвэрээ гаргадаг. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тухай шийдвэр гаргахад энэ мөн адил. Бидний гаргах шийдвэрийн үр дагавар шалтгаан ба үр дагаврын хуулийн дагуу явагдана.           

Бурханы шашинд карма буюу үйлийн үр нь бидний зан байдлын өөрийн эрхгүй гарах байдал – өөрийн урьдын зан байдал, урьдын сонголтоо дахин дахин давтах өөрийн эрхгүй байдлын тухай байдаг. Гэвч ямар нэг зүйл хийх сэтгэл төрөх үе болон түүнийг хийхээр сонгох үе хоёрын хооронд нэг завсар байна. Тэнд бид өөрийн сонголт хийх хэв маягийг давтах хүчний дагуу үйлдлийг хийх, үгүйг шийдэхэд ялгах ухааныг ашиглаж болно. Энэ үүднээс бид сонгох чадвартай байна. Гэвч нэгэнт бид үйдлийг хийж эхэлбэл тэр үед шалтгаан ба үр дагаврын хууль үйлчилж, тэр дагуу үр дагавар гарна.       

Товч дүгнэлт

Аль аль итгэл үнэмшил нь бид хэрхэн үйлдэл хийх сонголт хийх чадвартай гэдэг дээр санал нийлж байна. Хүн бүхэнд асуудлуудын урт хугацааны туршид ач тустай байх шийдлийг олох зөв сонголт хийх чадвар байна. Учир нь хүн бүхэнд юу тустай, юу гэм хортойг учир зүйн үүднээс ялгах хүний суурь оюун ухаан байдаг. Энэ нь хүн бүр хамгийн сайн шийдвэрийг гаргана гэсэн утгатай бус, энэ нь ердөө хүн бүхэнд ухаалаг шийдвэр гаргах оюуны чадавх байдаг гэсэн үг. Гэвч сонголтыг хийж, түүнийг хэрэгжүүлж эхлэх үед түүнийг түүнтэй харилцан уялдаатай үр дагавар дагна.  

Хийсэн сонголтын хариуцлага

Исламын шашин

Эхийн хэвлийд үр тогтох үед Эзэн тэнгэр сахиусан тэнгэрийг Өөрийн амин сүнсийг тухайн урагт эхийн хэвлийд нь амьсгалуулахаар (амь өгөхөөр) илгээдэг. Ихэнх ислам шашинтнууд Эзэн тэнгэрийн сүнс биед амь өгч байгаа түүнийг “сүнс” гэж үздэг. Тэр сүнс нь сонголт хийх тэрхүү оюуныг ашиглах чадамжтай байх ба ийм учраас тухайн хийх сонголтуудад хариуцлага хүлээдэг байна.  

Бурханы шашин

Бурханы шашин нь бие даан орших сүнс байна гэж үздэггүй боловч хувь хүмүүс болох бид оршдоггүй ба бид өөрсдийн хийх сонголтондоо хариуцлага хүлээдэггүй гэж хэлдэггүй. “Би нэг сонголт хийсэн” гэж бидний хэлж байгаа нь ердөө харьцангуй үнэнд тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь үнэн зөв. Энэ бол хэн нэг өөр хүн, юмс тэр сонголтыг хийсэн эсвэл хэн ч тэр сонголтыг хийгээгүй биш юм. Гэвч бидний сонголт хийж үйл явц нь бидний толгойд байх бие даан орших нэг “би” сонголтуудын цэснээс оюун ухааныг нэг хэрэгсэл болгон ашиглаж нэг сонголт хийх мэт явагддаггүй. Ямар ч тохиолдолд шийдвэр  гаргагч нь, сонголтууд болон шийдвэр нь харилцан хамааралтай байх бөгөөд тэдгээр нь бие даасан нэгжүүд биш юм. Тэдгээр нь нэг нэгээсээ хамаарах төдийгүй – хэрэв сонголт байхгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй бол шийдвэрийг гүйцэтгэх гэж байхгүй байж болно – мөн тэдгээр гурван хүчин зүйл нь бүгдээрээ маш олон шалтгаан, нөхцөлүүдээс бас хамаарч байдаг.        

Товч дүгнэлт

Аль аль үзэл баримтлалын тогтолцоо нь хувь хүмүүс болох бид өөр өөрсдийн сонголтуудыг хийх ба хийсэн сонголтууддаа бид хариуцлага хүлээнэ гэдэг дээр санал нэгддэг. Иймд байгаль орчны доройтол гэх мэт дэлхий нийтийн асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ авах эсэх нь биднээс шалтгаална.

Шийдвэр гаргахад нөлөөлөх оюуны бус хүчин зүйлүүд

Исламын шашин

Эзэн тэнгэр хүн төрөлхтнийг төгс төгөлдөр бүтээсэн бөгөөд Эзэн тэнгэрийн хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл нь түүний бүтээсэн бүхий л төгс чанарт ойр байх явдал байдаг бол харин Эзэн тэнгэрт үзүүлэх хүний хайр нь тэдэнд дутуу байх, тэдэнд хэрэгтэй тэрхүү төгс чанарт хүрэх эрмэлзэл байна. Энэ эрмэлзэл нь Эзэн тэнгэрийн бидэнд бүтээж өгсөн төгс чанарыг өөрсдийн зан чанар, Эзэн тэнгэрийн бүтээлүүдэд үйлчлэн туслах замаар тэтгэх, түүнийг илэрхийлэн харуулах гол хэлбэрүүдийн нэг болох Эзэн тэнгэрт залбирах залбирлаар илэрхийлэгдэж байдаг. Энэхүү залбирал нь Эзэн тэнгэрийн эрх чадалд итгэх бидний итгэл үнэмшил, түүнийг даган баримтлахын илэрхийлэл болдог. Бид Эзэн тэнгэрийн зохиосон хууль цаазын дагаж түүний эрх чадлыг бид хүлээн зөвшөөрөх ба хуулийг дагаж эсвэл зөрчсөнөөр Эзэн тэнгэрийн эрхийн дагуу зохих үр дагаварыг хүртэнэ.   

Эзэн тэнгэр хүн төрөлхтнийг зүрхтэй бүтээсэн бөгөөд тэр нь эерэг болон сөрөг аль аль сэтгэл хөдлөлийг мэдрэх эрхтэн болдог. Тэр нь Эзэн тэнгэрт эргэлзэх сэтгэлтэй, тийм учраас харалган, эсвэл Эзэн тэнгэрт итгэх сүсэг бишрэлээр дүүрэн, хүчтэй байж болно. Хэрэв зүрх сэтгэл оюуны сонгох чадвар дээр суурилж байвал бидний сүнс Эзэн тэнгэрийн хууль цаазтай харшилсан сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орно. Ингээд бид өөрийг эрхэмлэх сэтгэлээр Эзэн тэнгэрийн зарлигийг зөрчин, өөрийг чухалчлах, хувиа хичээх гэх мэт сөрөг сэтгэл давамгайлсан өөрийн эрх мэдлийг дагна. Оюун дээр суурилан гаргаж байгаа бидний шийдвэрүүд нь хувиа хичээсэн, алсын хараагүй өөрийн эрх мэдэл дээр суурилсан эсвэл өөрийн сайн зан чанараар Эзэн тэнгэрийн бүтээлүүдэд үйлчилж Эзэн тэнгэрийн эрх чадлыг хүлээн зөвшөөрч буй сэтгэл дээр суурилсан байж болно. 

Бурханы шашин

Ямар нэг эхлэл үгүй бидний сэтгэлийн үргэлжлэл нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, өглөгч сэтгэл, тэвчээр гэх мэт бусдад санаа тавьсан сэтгэл мөн зөвхөн өөрт төвлөрсөн, хувиа хичээх сэтгэл, шунал, тачаал, үл мэдэх мунхаг гэх мэт эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлүүдийг агуулж байдаг. Ялгах ухааны тусламжтайгаар бидний хийдэг сонголтууд нь эдгээр олон янзын сэтгэл хөдлөлүүдийн харьцангуй хүчтэй холбоотойгоор гарч байдаг. Цаашлаад тэдний харьцангуй хүч нь ямар ч тохиолдолд олон гадаад болон дотоод нөхцөлүүдээс шалтгаалж байдаг – бусдын хийж, хэлж буй зүйлүүд, нийгмийн үнэт зүйлс, эдийн засгийн байдал, мөн эрүүл мэнд, боловсрол, стресс болон ажлын ачаалал гэх мэт. Ийм байдлаар бидний сонгох сонголт олон хүчин зүйлээс хамааран хийгдэнэ.

Товч дүгнэлт

Аль аль  үзэл баримтлал нь хэрэв бидний оюун ухаан сөрөг сэтгэл хөдлөл, хувиа хичээх сэтгэл, шуналын нөлөөнд байвал бид дэлхий дахины асуудлыг хэрхэн шийдэхтэй холбоотой тооцоогүй, ухаалаг бус шийдвэрүүдийг гаргана гэдэгтэй санал нийлж байна. Харин бүх дэлхий нийтийн амар амгалан байдалд анхаарсан энэрэн нигүүлсэх сэтгэлийн нөлөөнд байвал бид сайтар бодож боловсруулсан, ухаалаг, урт удаан хугацааны ач тустай байх шийдвэрүүдийг гаргана.   

Дэлхий нийтийн асуудлуудыг шийдвэрлэх сэдэл

Исламын шашин  

Дэлхий дахин болон хүн төрөлхтөнд хамгийн цэвэр ариун сэтгэлийн угаас асрах сэтгэл төрүүлэх үед бидний тэрхүү хайр ивээл нь дэлхий дахин эсвэл хүн төрөлхтөн тэдэнд бус харин биднийг төгс төгөлдөр бүтээсэн Эзэн тэнгэрийг хайрлан ивээх сэтгэл байна. Дэлхийн байгаль орчинд анхаарал тавих сэтгэл нь иймд Эзэн тэнгэрийн бүтээлүүдэд үйлчлэх замаар Эзэн тэнгэрийг шүтэн бишрэх бидний бишрэлийн нэг хэлбэр болно.    

Бурханы шашин

Хамаг амьтны тусад санаа тавих сэтгэл нь амьтан тус бүр баяр жаргалыг хүсэх ба асуудал, зовлонтой байхыг хүсдэггүй, үүгээрээ адил гэсэн ойлголтон дээр суурилдаг. Цаашлаад бид бүхэн нэг нэгээсээ, мөн бидний амьдран буй дэлхийн байгаль орчноос бүрэн хамаарч байдаг. Бидний хийж буй зүйл зарим замаар хүн бүрийн сайн сайханд мөн бусдын хийж буй зүйл бидний сайн сайханд нөлөөлж байдаг. Харин асрал хайр нь хамаг амьтныг баяр жаргалтай, тэрхүү баяр жаргалын шалтгаантай  байхыг хүсэх хүсэл байдаг; асрал хайраар бид хүн бүрийг баяр жаргалтай болгох алхамаа хийдэг.

Товч дүгнэлт

Бурханы шашин, Исламын шашны аль аль нь бусдын сайн сайханд анхаарал тавихыг сургадаг. Аль аль нь бүх нийтэд үзүүлэх асрал хайр, тэрхүү асрал хайрыг үйл бүхэндээ хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг онцгойлон авч үздэг.

Дүгнэлт    

Дэлхий дахины асуудлыг шийдвэрлэх сэдэл нь хэрхэн урган гарч байдгаас үл хамаарах хамгийн чухал зүйл бол бүх дэлхий нийтийн хүн төрөлхтний тусын тулд бүгд хамтран ажиллах явдал юм. Энэхүү хүчин чармайлтын ач холбогдол дээр Бурханы шашин болон Исламын шашин бүрэн санал нэгддэг.

Top