Шашин хоорондын харилцан уялдааг бий болгох нь

Шашнаа солихын эрсдэл

Дэлхий ертөнцөд маш олон соёл, шашны урсгалууд байх бөгөөд тэд бүгд тухайн бүлэг, хүмүүсийн онцлогт нийцэн хөгжиж ирсэн. Ийм учраас би үргэлж хүмүүст өөрсдийн уламжлалт шашныг шүтэх нь хамгийн оновчтой гэж зөвлөдөг юм. Баруунд ихэнхи хүмүүс Христийн шашин шүтдэг. Гэхдээ тэнд бас Еврейн болон Лалын шашинтнууд бий. Тэдний хувьд бас өөр олон хүмүүсийн хувьд шашнаа солих нь тийм ч амар зүйл биш бөгөөд заримдаа ийм алхам хийх нь төөрөгдөл бий болгодог.

Би нэг жишээг байнга дурьдаж ярьдаг юм. 1960-аад оны эхэн үед Төвдүүд бидний амьдрал маш хүнд бэрх байлаа. Тухайн үед олон Христийн шашны байгууллагууд бидэнд тусламж үзүүлж байв. Энэ үед олон жижиг хүүхэдтэй нэг Төвд эмэгтэй маш хүнд байдалд байсан бөгөөд улмаар Христийн шашны нэгэн элч түүнд тусалж хүүхдүүдийг нь шашныхаа сургуульд оруулж өгчээ. Нэг өдөр тэр эмэгтэй над дээр ирээд энэ насандаа Христийн шашинтан харин хойд төрөлдөө Бурханы шашинтай байх болно гэж хэлсэн юм. Энэ нь түүнийг шашны талаар бага зэрэг төөрөгдөлд орсныг илэрхийлж байна. Хэрэв тэр хойд төрөлдөө диваажинд очвол түүнд Бурханы шашинтан болох ямар ч сонирхол төрөхгүй харин тамд төрвөл тэрээр Бурханы шашинтан болох аргагүй болно!

Мөн би нэг Польш эмэгтэйг 1956 оноос хойш мэднэ. Тэр 1959 оноос боловсролын асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн ба хэд хэдэн Төвд оюутанд тэтгэлэг олгосон юм. Тэрээр Бурханы шашныг сонирхож эхлэхээсээ өмнө Мадраст байхдаа теософист байв. Түүнд шашны аль нэг урсгалд орохын эсрэг үзэл аль хэдийн бүрэлдсэн байсан ч тэр Бурханы шашныг өөрийн шашин болгож авсан юм. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүнд Ертөнцийн Эзэн гэх ойлголт сэтгэлд нь их ойр болсон нь түүнд бас л бага зэрэг төөрөгдөл бий болсныг харуулж байна. Ийм учраас өөрийн шашныг уламжлан авч шүтэх нь хамгийн зөв билээ.

Гэвч хэдэн сая сая хүмүүс дотроос зарим нь Зүүний шашин нэн ялангуяа Бурханы шашныг өөрийн зөнгөөр дагадаг. Энэ хүмүүс сайн бодох хэрэгтэй. Хэрэв Бурханы шашин тэдний үзэл баримтлалтай зөрчилдөхгүй байгаа бол ямар ч асуудалгүй. Төвд хүмүүсийн 99% нь Бурханы шашинтай. Гэхдээ сүүлийн дөрвөн зууны турш Төвдөд Ладахи Лалын шашинтнууд оршин сууж байгаа бөгөөд тэд төвдүүдтэй гэр бүл болж тэдний үр хүүхдүүд лалын шашинтан болж байна. Мөн Амдо орчмын бүс нутагт христийн шашинтнууд бий. Энэ хоёр тохиолдолд ямар ч асуудал байхгүй, зүгээр.

Зарим хүмүүс шинэ шашныг хүлээж авахдаа өмнөх шашиндаа сөргөөр хандах нь бий. Энэ нь хүний байгалийн мөн чанартай холбоотойгоор гарч ирдэг зүйл. Танд өмнөх шашин тань нэг их хэрэгтэй зүйл биш гэж бодогдох болсон ч тухайн шашин ерөнхийдөө огт хэрэггүй зүйл гэсэн үг биш. Хүмүүнлэг нийгмийг бий болгоход бүх л шашин тус нэмрээ үзүүлдэг. Хүнд хэцүү цаг үе тохиолдоход бүх л шашин итгэл найдварыг өгч байдаг. Ийм учраас бид бүх шашныг хүндлэх ёстой.

Шашнууд бие биеэсээ суралцах нь

Өнөөгийн бодит байдал өнгөрсөн үеийн бодит байдлаас өөр байдаг. Өнгөрсөн үед өөр өөр уламжлалтай хүмүүс бие биеээсээ тусгаар, хол амьдардаг байжээ. Бурханы шашинтнууд Азид, Лалын шашинтнууд Дундад Ази болон Азид, Христийн шашинтнууд баруунд гол төлөв амьдарч байсан. Тэд хоорондоо харилцах шаардлага маш бага байлаа. Харин одоо цаг өөр болж байна. Цагаачлалын шинэ шинэ давалгаанууд газар авч байна. Эдийн засгийн даяарчлал, өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбар гэх мэт. Мэдээлэл их чөлөөтэй болжээ. Үүнд Бурханы шашны талаарх мэдээлэл ч бас хамаарч байна. Энэ олон хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн хүн ам олон соёлтой, олон шашинтай нэгдмэл иргэншил болон хувирч байна.

Тэгэхээр үүнээс хоёр үр дагавар бий болох боломжтой. Эхнийх нь олон соёлууд хоорондоо ойртон харилцаж эхэлсэнээр өөрийн соёлд аюул тулгарч байна гэх хардлага. Бид өөр соёл нөлөөлөхөд тав тухгүй болж эхэлдэг. Энэ бол үүсч болох сөрөг хандлага. Хоёр дахь нөхцөл байдлын хувьд харилцаа илүү өргөжсөнөөр соёлууд хоорондын харилцан зохицлыг бий болгох боломж нь мөн адил өргөжих юм. Энэ бол эерэг үр дагавар. Иймд бид одоо жинхэнэ эв эеийг бий болгохын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Хэрэв бид зөвхөн нар, сарыг шүтдэг ч гэх юм уу ямар нэг гүн ухааны суурьгүй шашин шүтлэгүүдийг оролцуулалгүйгээр дэлхийн гол гол шашнууд болох Христ, Еврей, Лал, Хиндү болон Бурханы шашны өөр өөр урсгалууд, Жайнизм, Даоизм, Кунзийн сургаалыг авч үзвэл бүгд өөр өөрийн онцлогтой. Бид хоорондоо илүү харилцаж олон шинэ зүйлийг бие биеэсээ сурч өөрсдийн уламжлалыг илүү баялаг болгох боломжтой.

Жишээ нь Бурханы шашинтай Төвдүүд бид Гималайн нурууны цаана тусгаарлагдаж гадаад ертөнцөд юу болж байгаа талаар ямар ч ойлголтгүй байв. Гэтэл одоо нөхцөл байдал огт өөр болжээ. Бид 50 гаруй жил орон гэргүй дүрвэгчид байсан ч шинэ орон гэртэй болж, бусад орны уламжлалуудаас суралцах олон шинэ боломжуудыг олж харж байна. Энэ нь бидэнд их олон зүйлийг өглөө. Бид өнгөрсөн цаг хугацаанд Энэтхэгт солилцооны хөтөлбөрүүдийг бий болгосон. Энэ хөтөлбөрөөр Христийн шашинтан ах дүүс маань Энэтхэгт ирж биднээс сурч манай Төвд эрэгтэй, эмэгтэй хуврагууд баруунд очиж Христийн тэр дундаа Католик сүм хийдүүдэд очиж үзэх боломжтой болж байна. Ингэж хоорондоо ойр харилцаатай байснаар хэрэв сэтгэлээ хаалттай биш харин нээлттэй байлгавал бие биеэсээ суралцаж болно. Бид харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгож чадна. Тэгээд ч шинэ нөхцөл байдал бий болоод байна. Ийм учраас би шашин хоорондын харилцан зохицлыг бий болгох нь маш чухал гэж боддог. Шашин хоорондын эв нэгдлийг дэвшүүлэн тавих нь миний энэ насны хүлээсэн үүргүүдийн нэг. Энэ бол маш тустай хэрэг юм.

Би дийлэнх нь өөр шашинтан байдаг Барууны улс оронд Бурханы шашны талаар лекц уншихдаа Бурханы шашны талаарх мэдлэгээ хөгжүүлэхэд нь туслахыг гол зорилгоо болгодог. Энэ нь бусад шашныг хүлээн зөвшөөрдөг байх хандлагыг төлөвшүүлэхэд тустай байж болох юм. Одоогийн Пап итгэл үнэмшил болон учир шалтгаанд аль алинд нь ач холбогдол өгөх хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Энэ бол маш чухал. Учир шалтгаан байхгүй бол итгэл үнэмшил зарим тохиолдолд нэг их чухал байхаа больдог. Учир шалтгаан байх үед итгэл үнэмшил нь амьдралын маш чухал хэсэг болдог. Жишээ нь Ертөнцийн эзэнд итгэх нь тухайн хүнд хэцүү цаг үед итгэл найдварыг өгч байдаг. Итгэл үнэмшил нь үзэн ядалт, атаархал, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх гэх мэт сөрөг сэтгэл, үйлдлийг хязгаарлаж байдаг. Хэрэв бид үүнийг ойлгох юм бол итгэл үнэмшил өдөр тутмын амьдралд ямар чухал болохыг ойлгоно. Бурханы шашны уламжлалд бид сүсэг бишрэл болон учир шалтгаанд адилхан ач холбогдол өгдөг. Иймээс магадгүй учир шалтгаан дээр үндэслэсэн Бурханы шашны тайлбарууд бусад шашны бүтээлчдэд хэрэг болж болох юм.

Шинжлэх ухаантай мэдлэгээ солилцох нь

Өнөөдөр дэлхий дээр байгаа шашны бүх уламжлалуудыг тейст буюу бүтээгч эзэнтэй, тейст бус буюу бүтээгч эзэнгүй гэж хоёр төрөлд хуваадаг. Бурханы шашин бол бүтээгч эзэнгүй – тейст бус шашин юм. Тейст бус шашны хувьд учир шалтгаанд чухал ач холбогдол өгдөг. Тийм ч учраас Бурханы шашинд учир шалтгааныг онцолж үздэг. Үүнийг мэдэх нь чухал ач холбогдолтой бөгөөд өөрсдийн тухай, өөрсдийн сэтгэлийн тухай илүү ихийг ойлгоход тусална.

Жишээ нь сөрөг хандлага, сэтгэл хөдлөл нь өвчин зовлонгийн эх сурвалж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Өвчин зовлонг гэтлэхийн тулд бид зөвхөн биеэр, хэлээр үйлдэх үйлдэлдээ анхаарахаас гадна сэтгэлдээ бас анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээрийг сөрөх хүчин зүйлүүд нь бас ихэвчлэн сэтгэлтэй холбоотой байдаг.

Бурханы шашны уламжлалд сэтгэлийг маш нарийн тайлбарласан байдаг. Мөн эртний Энэтхэгийн зарим уламжлалд ийм нарийн тайлбарууд бий. Үүнээс үүдэн өнөөдөр орчин үеийн шинжлэх ухаан энэ чиглэлд илүү гүнзгий судалгаануудыг хийж байна. Жишээлбэл сэтгэл хөдлөл нь хүний эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг учраас анагаах ухаанд сэтгэл хөдлөлийг судлаад эхэллээ. Биеийн эрүүл мэнд сэтгэл хөдлөлтэй харилцан хамааралтай байдаг. Иймд тархины үйл ажиллагааг судалж буй неврологичид сэтгэл хөдлөлийг илүү их анхаарч судалдаг болсон. Бусад шинжлэх ухааны салбарт ч мөн адил сэтгэл, сэтгэл хөдлөлийг маш их анхааран судалж байна. Иймд тэдний судалгаанд Бурханы шашин болон эртний Энэтхэгийн шашны сэтгэл, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг их ач холбогдолтой болж байна.

Би Бурханы шашныг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин гэсэн гурван хэсэгт хувааж үздэг. Бурхан багшийн өөрийнх нь жишээн дээр авч үзье. Бурхан багш анх энгийн бодьгал хүн байсан. Тэр ердийн сэтгэл хөдлөл, сэтгэлээ хэрхэн алхам алхмаар хувирган өөрчлөх арга замыг зааж сургадаг байсан бөгөөд өөрөө энэ аргаа ашиглан гэгээрэлд – Бурханы хутагт хүрсэн. Тэгэхээр Бурханы шашны арга зам гэдэг нь энгийн хүний түвшнээс эхлэн Бурханы хутагт хүрэх арга зам юм.

Энэ нь Бурханы шашны шинжлэх ухааны тал нь болдог бөгөөд энэ бодит байдлыг бид олж харах хэрэгтэй. Үүн дээр үндэслэн бид хувирч, өөрчлөгдөх боломжийг харж болно. Бид өөрчлөлт явагдах нь боломжтой гэж үздэг бөгөөд энэ бол Бурханы шашны тулгуур үзэл – философи юм. Энэ бидэнд ойлгомжтой болох үед дотоод өөрчлөлт гарах үйл явцад итгэлтэй болж тэгээд Бурханы шашны бүтээл хийж эхэлдэг.

Хэрэв Бурханы шашны шинжлэх ухааны талыг дахин авч үзвэл энэ нь сэтгэл буюу дотоод; атом, гариг ертөнц буюу гадаад гэсэн хоёр салбартай байдаг. Барууны шинжлэх ухаан гадаад түвшний судалгаанд маш их хувь нэмэр оруулсан. Энэ түвшинд бүр дэндүү гүнзгийрсэн юм шиг санагддаг. Бурханы шашинт хүмүүс бид тэднээс цөмийн бүтэц болон түүний харилцан үйлчлэл, генетик, гариг ертөнцийн талаар ихийг сурч болно. Энэ бол Бурханы шашинтнуудад маш тустай. Энэ гаригийн хувьд гэхэд л Сүмбэр уул гэж байхгүй нь тодорхой. Тэгэхээр бидний зарим сонгодог (уламжлалт) дүрслэлүүд ч өөрчлөгдөх ёстой. Иймд Бурханы шашинтан бидний хувьд ч одон орон судлал, цөмийн физик, квант физикийг судлах нь маш чухал болж байна.

Гэвч орчин үеийн шинжлэх ухааны зарим судалгаанууд Бурханы шашны ойлголттой тохирдог. Жишээ нь өмнө нь хүмүүс бусад биетээс үл хамааран орших буюу өөрийгөө бүрэн тэтгэн орших биет байж болно гэж итгэдэг байсан. Гэтэл квант физикийн ололтоор тийм биет байх боломжгүй гэж тогтоолоо. Бурханы шашинтнууд хэдэн мянган жилийн турш ийм ойлголттой байсаар ирсэн. Бурханы шашинд бие даан орших эсвэл өөрөө үүсч бий болох ямар ч зүйл байхгүй, бүх зүйл харилцан шүтэн барилдаж үүсч бий болдог гэж сургадаг.

Одоо орчин үеийн шинжлэх ухаан дотоод түвшний мэдлэгийн талаар судалгаа шинжилгээ хийж эхэлж байна. Тэгэхээр аль аль талдаа харилцан тустай байдлууд бий болж болно байх. Бурханы шашинтнууд шинжлэх ухаанаас гадаад юмс үзэгдлийн талаар сурч, шинжлэх ухаан Бурханы шашинтнуудаас сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулах гэх мэт дотоод үзэгдлийн талаар суралцаж болно. Бид эрдэмтэн судлаачидтай уулзахдаа хойд төрөл, нирваанд хүрэх талаар ярилцдаггүй. Бид шашны талаас бус харин сэтгэл, сэтгэл хөдлөлийн талаар ярилцдаг. Нийцтэй байдаг учир нь хоёр талын ашигладаг арга адилхан. Бид юмс үзэгдлийг судалж байж бодит байдлыг тогтоодог.

Тэгэхээр Бурханы шашныг сонирхож байгаа барууны орны хүмүүст хандаж та эхлээд өөрийнхөө шинжлэх ухаанч судалгааг хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бурханы шашинтан биш хүмүүст Бурханы шашны сургаалыг шинжлэх ухаанч зарчмын үүднээс судлах боломж олгох үүднээс миний хувьд лекц уншихад болохгүй зүйл үгүй. Тийм ч учраас би та бүхнийг миний яриаг шинжлэх ухааны лекцтэй зүйрлүүлж авч үзэхийг хүсэж байна. Ярианы эхэнд ерөөл уншдагийг эс тооцвол миний лекцэнд ямар ч шашны зан үйл, үзэл баримтлал байдаггүй. Би шинжлэх ухаанч лекц уншдаг. Та нар юу гэж бодож байна?

Top