Шашны хоорондын эв нэгдлийн талаар хэдэн зүйл хэлье. Зөрчилдөөнд заримдаа шашны итгэл үнэмшил оролцсон байдаг. Жишээлбэл, Хойд Ирландад улс төрийн асуудал маш хурдан шашны асуудал болж хувирч байсан. Энэ бол их харамсалтай хэрэг. Өнөөдөр Шийт, Сунитууд бас заримдаа хоорондоо дайтаж байна. Энэ бас үнэхээр харамсалтай. Шри Ланкад бас үүссэн зөрчил нь улс төрийн асуудал боловч зарим тохиолдолд хүмүүс асуудлыг Хиндү болон Бурханы шашны хоорондын зөрчил гэсэн ойлголт авдаг. Энэ бол туйлын муу хэрэг. Эрт дээр үед өөр өөр шашныхан бие биеэсээ тусгаарлагдмал амьдарч байсан байна. Харин орчин үед маш ойр харилцаатай болсон болохоор шашны эв нэгдлийг хангахын тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
9 сарын 11 – ний үйл явдлын нэг дэх жилийн дурсгалыг хүндэтгэх залбиралын үйл ажилллагааг Вашингтоны Үндэсний Катедралд зохион байгуулсан. Энэ уулзалтан дээр өөрийн яриандаа би орчин үед харамсалтай нь цөөн тооны хорлон сүйтгэгч лалын шашинтнуудаас болж зарим хүмүүс бүх лалын шашинтнууд түрэмгийлэгч, хүчирхийлэгч гэсэн ойлголтыг бий болгодог тухай дурьдсан. Тэгээд тэд Барууны болон Лалын шашинт орнуудын хоорондын мөргөлдөөний тухай ярьдаг. Энэ бол бодит байдалд нийцэхгүй.
Цөөн тооны хорлон сүйтгэгч хүмүүсийн үйлдлээр бүхэл шашныг тодорхойлох нь туйлын буруу. Энэ нь Лал, Иуд, Христ, Хиндү болон Бурханы шашин гэх мэт бүх шашнуудын хувьд адил юм. Жишээлбэл, Шүгдэн сахиусыг шүтдэг хэдэн хүмүүс миний оршин суудаг газрын ойролцоо гурван хүнийг хороосон юм. Амь үрэгдэгсдийн нэг нь маш сайн багш, Шүгдэн сахиусыг шүүмжилдэг байсан тэрээр хутганы арван зургаан шарх авсан ба нөгөө хоёр нь түүний шавь байсан. Тэдгээр алуурчид маш хэрцгий байсан. Гэвч эдгээр хүмүүсээс болж Төвдийн Бурханы шашныг түрэмгийлэгч гэвэл хэн ч итгэхгүй. Бурхан багшийн үед ч бас түрэмгий хүмүүс байсан – энэ бол онцгой зүйл огт биш.
9 сарын 11 – ээс хойш хэдийгээр би Бурханы шашинтан, Лалын шашны хувьд гадны хүн боловч сайн дураараа Ариун Лалыг хамгаалах хүчин чармайлт гаргасаар ирсэн. Миний олон Мусалман ах дүүс, цөөн тооны эгч дүүс маань хэрэв хэн нэгэн цус асгаруулж байх юм бол тэр Лалын шашин биш гэж тайлбарладаг юм. Учир нь жинхэнэ Мусалман, Лалын шашинтан бол Аллахыг дээдэлдэгийн адил түүний бүхий л бүтээлийг хайрлах ёстой. Бүх амьд амьтан Аллахаар бүтээгдсэн. Хэрэв хэн нэгэн Аллахыг биширч, дээдэлдэг бол түүний бүх бүтээлийг хайрлах ёстой.
Миний нэг сурвалжлагч найз Аяатоллах Кхомейний үед Тегеранд ажиллаж байсан. Хожим нь тэр Исламын шашны муллах нар хэрхэн чинээлэг өрхүүдээс хандив цуглуулж ядуу буурай хүмүүсийн боловсрол, нийгмийн асуудалд нь тусалдаг тухай ярьж байсан. Энэ бол жинхэнэ нийгмийн үйл явц. Лалын орнуудад банкны хүүг хориглодог. Хэрэв бид Лалын шашны талаар мэдлэгтэй, бусад шашны адил хүмүүс нь ямар их чин сэтгэлээсээ шашны уламжлалаа дагаж мөрддөгийг нь харвал энэ үнэхээр гайхалтай байдаг юм билээ. Ер нь бид бусдын шашны талаар мэдэж байвал бид харилцан бие биеэ хүндлэх, бахдан бишрэх, үнэ цэнийг нь дээдлэх сэтгэл төрж болно. Ийм учраас бид цаг үргэлж шашин хоорондын ойлголцлыг бий болгох хүчин чармайлт гаргаж байх хэрэгтэй.
Саяхан би Лиссабонд нэг лалын шашны сүм дээр шашны төлөөлөгчдийн уулзалтанд оролцсон. Тэр бол шашны төлөөллүүд лалын шашны сүмд уулзсан анхны уулзалт байсан. Уулзалтын дараа бид бүгд гол танхимд нь орж аниргүйн бясалгал хийсэн. Энэ үнэхээр сайхан байсан. Иймд шашин хоорондын эв нэгдлийг хангах тал дээр цаг үргэлж хүчин чармайлт гаргаж байгаарай.
Зарим нь Эзэн тэнгэр байна гэдэг, зарим нь байхгүй гэдэг – энэ бол чухал биш. Юу чухал вэ гэвэл шалтгаан, үр дагаварын хууль чухал. Энэ бол бүх шашинд адил байдаг – амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, буруу хурьцахгүй, худал хэлэхгүй байх. Өөр өөр шашнууд өөр өөр арга хэрэглэдэг байж болох ч бүгд адил зорилготой. Шалтгааныг нь харахгүйгээр зөвхөн үр дүнг нь харъя. Зоогийн газар очоод хоолны жоронд ийм, тийм орны бүтээгдэхүүн орсон гэж маргахаасаа илүү бид зүгээр тэр бүх хоолноос таашаал авдаг. Зүгээр идээд, таашаал авах нь дээр байдаг.
Тиймээс өөр өөр шашнууд – чиний миний шашин сайн муу философитой гэж маргахаасаа илүү бүгд өөрсдийн зорилгоо болгож энэрэн нигүүлсэхийг заадаг, бүгд сайн гэж хар. Өөр өөр хүмүүст өөр өөр арга хэрэглэх нь зөв зүйтэй хэрэг. Бид тохиромжтой арга, тохиромжтой үзэл баримтлал сонгож авах ёстой.
Дотоод амгалан энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой байдаг. Бүх гол шашнууд ийм санааг илэрхийлдэг – асрал хайр, энэрэл нигүүлсэл, уучлал. Бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөхүүлэн дэмжих шашны бус арга хэрэгтэй байна. Шашин шүтдэг, түүндээ чин сэтгэлтэй хүмүүсийн хувьд тэдний өөр өөрийн шашинд энэрэн нигүүлсэх сэтгэлийг нь улам хөгжүүлэх чадамж их байдаг. Сүсэг бишрэлгүй хүмүүс – тодорхой нэг шашны сонирхолгүй эсвэл шашинд дургүй хүмүүсийн хувьд – заримдаа тэд энэрэн нигүүлсэх сэтгэлийг сонирхдоггүй. Учир нь тэд энэрэн нигүүлсэх нь шашны асуудал гэж боддог. Энэ бол маш буруу. Хэрэв шашныг ямар нэг буруу зүйл гэж харж байгаа бол тэр таны эрх. Харин энэрэн нигүүлсэх сэтгэлд сөргөөр хандах нь ямарч утгагүй.