Үл хүчирхийлэл ба шашны үнэт зүйлс

Өнөөдөр би үл хүчирхийлэл ба шашны үнэт зүйлийн талаар ярина уу гэсэн хүсэлт хүлээн авлаа. Миний ойлгосноор та бүхэн эмч, багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд бөгөөд энэ сэдэв та бүхэнд нэлээд хамаатай. Учир нь та бүхний ажлын нэг хэсэг бусдад туслах явдал бөгөөд та нарын хувьд ялангуяа үл хүчирхийлэх хэлбэрээр туслах нь маш чухал. Туслах нь мэдээж хүчирхийлэхийн эсрэг үйл гэдэг нь ойлгомжтой. Тодорхой шашны үнэт зүйлтэй байх нь таны ажлыг илүү утга учиртай болгоход туслах ба таны ажил зөвхөн цалин хөлсний тухай бус, та ажлаараа бусдад бодитой туслах боломжтой хийгээд түүний ач холбогдлыг илүүтэй олж харахад танд тусалж болно.  

Бурханы шашинд бусад шашны адил үл хүчирхийллийн талаар ярих олон зүйл байх бөгөөд мэдээж өөр өөр үзэл баримтлалууд үл хүчирхийлэхийн утгыг хэд хэдэн өөр янзаар тодорхойлно. Ихэнхдээ бид хүчирхийллийг тодорхой нэг төрлийн үйлдлээр, хүчирхийлэл үйлдэх гэдгээр ойлгодог бол үл хүчирхийлэл нь тухайн хэлбэрийн зан байдлыг тэвчих гэсэн утгыг илэрхийлнэ. Гэвч Бурханы шашин нь үүнийг түүнд оролцсон байх сэтгэлийн тал, сэтгэлийн төлөв байдлын талаас нь илүүтэй авч үздэг. Учир нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрийн зан байдлыг үнэндээ бид гаргах эсэх нь хүчирхийлэх хэлбэр бүхий сэтгэлийн төлөв байдлаас үүдэлтэй байдаг, тийм биш гэж үү? Иймд бусдад гэм хор хүргэх маш хүчтэй хүчирхийллэх хэлбэр бүхий бодол сэтгэлд байгаа үед хэн нэгэнд гэм хор хүргэхийг тэвчих – энэ мэдээж боломжгүй. Иймд хүчирхийлэх хэлбэр бүхий тийм сэтгэлийн төлөвийг ойлгож, түүнийг даван гарах аргуудад суралцах нь чухал.

Хүчирхийлэл болон үл хүчирхийллийн гурван төрөл

Бурханы шашны сургаалуудад хүчирхийлэл буюу хүчирхийлэх хэлбэр бүхий сэтгэлийн төлөвийг гурван хэлбэрт хувааж үздэг. Хүчирхийлэл гэдэг үгийг өөрөөр “харгис хатуу байх” гэж орчуулж болох юм. Хүчирхийлэх тухай ярих үед бид зөвхөн хүчтэй, хатуу байх тухай ярьдаггүй. Учир нь хэн нэгэн бусдад болон өөрт гэм хор учруулахаас сэргийлэх үүднээс бид зарим тохиолдолд хүчтэй арга хэрэглэх хэрэгтэй болдог. Хэрэв хүүхэд тань машин зам руу гүйн орж машинд дайруулах нөхцөлд орох үед “Хүү минь, зам руу гүйж орж болохгүй” гэж ердөө нэг хэлэхгүй. Та хүүхдээ нэлээд хүчтэй татаж авах ёстой болох байх. Тэгэхээр энэ бол хүчирхийлэл гэдгээр илэрхийлдэг тэр зүйл биш. Хүчирхийлэл бол гэм хор хүргэхийг хүсэх сэтгэл бөгөөд бид олон өөр хэлбэрээр гэм хор хүргэж болно. Хэдийгээр би бид хүчирхийллийн олон хэлбэрийг тоочин хэлж болно гэсэн бүрэн итгэлтэй байгаа ч энд удаад Бурханы шашинд дурддаг тэдгээр гурван хэлбэрийг авч үзье.

Бусдад чиглэсэн үл хүчирхийлэл

Хүчирхийллийн эхний хэлбэр нь бусдад чиглэсэн хүчирхийлэх сэтгэл төрүүлэх. Үүнийг бусдад гэм хор учруулахыг хүссэн, энэрэн нигүүлсэх сэтгэл үгүй, хатуу ширүүн сэтгэлээр тодорхойлно. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдыг зовлон, асуудал бэрхшээл болон тэдгээрийн үүсэх шалтгаангүй байхыг хүсэх сэтгэл. Харин дээрх тохиолдолд бид бусдыг зовлонгүй байхыг хүсэхийн оронд бид өөрсдөө тэдэнд учруулах эсвэл бусад хүмүүс тэдэнд учруулах, эсвэл ердөө аяндаа тэдэнд тохиолдох эсэхээс хамаарахгүй тэднийг зовлонтой байх, асуудал бэрхшээлтэй байхыг хүсдэг. Тэгэхээр энэхүү сэтгэлийг даван гарахад өөрсөддөө туслахын тулд бид хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг, хэн ч зовлон бэрхшээл хүсдэггүй гэдэг үүднээс хүн бүр хэрхэн адил, тэгш болох талаар бодох хэрэгтэй.

Тэгэхээр хэн нэгэн бидэнд гэм хор учруулах үед, тухайлбал та бүхнийг хичээл зааж байх үед нэг сурагч төвөг бэрхшээл учруулан, хичээл үймүүлж байна гэж бодъё. Энэ үед ихэнхдээ уурлаж бухимдах, тэвчээр алдах зэрэг бусад тайван бус сэтгэлийн төлөв байдал оролцсон байдаг тухайн сурагчийг шийтгэх тэр бодлоос илүүтэй тус сурагчийн сэтгэл амгалан бус, тогтворгүй байна гэж бодох нь илүү их тустай байдаг. Тухайн сурагч баяр хөөртэй байхыг хүсэх боловч үнэндээ хэрхэн баяр жаргалтай байх талаар ямар нэг тодорхой эсвэл зөв ойлголтгүй байх ба энэ нь тэр бүхэн тэднийг ямар нэг байдлаар баяр хөгжилтэй болгоно гэж бодсон төөрөлдсөн сэтгэлийн улмаас үймүүлсэн, маш замбараагүй хэлбэрээр үйлдэл үйлдэж байгаа явдал байдаг. Тэгэхээр тухайн хүүхдэд ийм ойлголтоор хандах үед бид тэр хүүхдийг муу хүүхэд, би түүнийг шийтгэх ёстой гэдэг үүднээс боддоггүй; харин бид тэр хүүхэд хичээл дээр үймүүлж сахилгагүйтэхэд хүргэж буй буруу ойлголт, асуудлуудаа даван гарахыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлдэг.

Гэвч энэ нь бид ямар нэг зүйл хийхгүй, идэвхгүй байна гэсэн үг биш. Үл хүчирхийлэх гэдэг нь идэвхгүй байж, юу ч хийхгүй байна гэсэн үг биш харин уурлаж бухимдахгүй, тухайн үймүүлсэн хүүхдэд гэм хор хүргэхийг хүсэхгүй байх гэсэн утгатай. Тэгэхээр бид тухайн сурагчийн үймүүлэхийг зогсоох ямар нэг зүйл, тухайн сургуульд хүлээн зөвшөөрөгддөг аливаа аргыг авч хэрэглэх ёстой нь ойлгомжтой. Гэвч түүний цаана байх сэдэл нь, түүний цаана байх сэтгэлийн төлөв нь тухайн хүүхэд бол муу хүүхэд гэж бодон тэр хүүхдийг шийтгэхийг хүсэх тэр сэтгэлээс маш өөр байдаг.

“Сэдэл” гэдэг энэ үгийг ойлгох маш чухал. Үүнд хоёр тал байна. Нэг нь бидний зорилго байх ба нөгөө нь тэрхүү зорилгод хүрэхэд биднийг хөтлөх нэг сэтгэл хөдлөл байна. Зорилго бол тэр сурагчид туслах. Тэр бол бидний багш болж байгаагийн шалтгаан, жишээлбэл. Энэ нь хэрэв та эмчийн мэргэжлээр суралцаж байгаа бол адил: бидний зорилго өвчтөнд туслах. Тэгвэл одоо тэрхүү зорилгод хүрэхэд биднийг чиглүүлж байгаа сэтгэлийн төлөв байдал нь юу байна вэ? Хэрэв энэ нь ердөө цалин хөлс авах, нөгөө хүн бидэнд үнэхээр талархан, баярласнаа илэрхийлэх тухай байвал энэ нь ердөө маш өөрийг бодсон сэдэл байна, тийм биз дээ? Өөр дээр төвлөрсөн, өөрийг төвчилсөн. Бидний бодол голлон өөр дээр төвлөрснөөс бид нөгөө хүнд юу сайн байх тухайд үнэндээ сайтар анхаарал тавьдаггүй. Жишээ нь эмч нар өвчтөнд мэс засал хийх үнэндээ шаардлагагүй байгаа үед мэс засал хийх онош тавих ба энэ нь ердөө мэс засал гүйцэтгэснээр илүү хөлс авах зорилготой байдгийн адил. Тэгвэл нөгөө хүнд туслах зорилгод хүрэхэд биднийг өдөөх зүйл нь энэрэн нигүүлсэх сэтгэл – нөгөө хүний талаар бодох, түүний сайн сайхны талаар бодох, түүнд юу хамгийн сайн болох талаар бодох.

Гэвч анагаах ухааны салбарт зарим тохиолдолд хэн нэгэнд туслахын тулд бид нэлээн хөндүүр, зовуурь үзүүлж болох эмчилгээ хэрэглэх шаардлагатай болдог, тарилга, мэс засал гэх мэт. (Мэс заслын дараах эдгэрэх явц зовуурь ихтэй байдаг.) Гэвч үүний зорилго нь нөгөө хүнд хөндүүр, зовлон учруулах явдал биш учраас энэ нь хүчирхийллийн хэлбэр биш; зорилго нь түүнийг зовлон, асуудлаасаа гарах, эдгэрэхэд нь туслах явдал.

Тэгэхээр сахилгагүй сурагчийг хүмүүжүүлэх шаардлагатай болох үед энэ нь бас адил байна: сэдэл нь мөн адил тухайн сурагчид гэм хор учруулахгүй байх. Тухайн сурагч бол баяр жаргалтай байхыг хүсэх ба зовлон хүсдэггүй миний адил хүн, магадгүй би түүнд амьдралд илүү аз жаргалтай байх арга замыг үзүүлж, зааж сургаж болох юм гэж ойлгосон учраас бид түүнд туслахыг хүсдэг. Тухайн хүүхэд ирээдүйд ямар ч мэргэжилтэй болох байсан ялгаагүй хэрэв тэрээр сахилга баттай бол, бусадтай хэрхэн хамтарч ажиллахыг мэддэг бол тэр нь тус болох зүйл юм. Эдгээр нь хэн бүхэнд тус болох тэдгээр зүйлс юм.

Сахилга бат гэдэг бол өөрийн хяналт гэсэн утгатай. Хэрэв хүүхэд сахилгагүйтэхийг хүсвэл түүнд өөрийг хянах ёстой болохыг заах хэрэгтэй. Бид хүүхдийг сахилга баттай болгохын зорилго нь тэдэнд өөрсдийгөө сахилга баттай болгоход туслах явдал. Тухайн хүүхдийг хүмүүжүүлэх үед хэрэв бид ийм сэтгэлийн төлөв байдалтай байвал тэр үед энэ нь нэг үгээр тухайн хүүхдэд маш сайн нөлөөлнө. Энэ нь эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхтэй адил; эцэг эхчүүд хүүхэддээ дургүйцэх сэтгэл төрүүлдэггүй, тийм биз дээ?

Иймд хэрэв бид анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх гэх мэт өвчтөнд туслах, сурагчдад илүү баяр жаргалтай, сайн сайхан амьдрал хөтлөх, асуудал бэрхшээлгүй байхад нь туслахыг хүсэх сэтгэл – асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг дотроо агуулж байх бусдад тустай мэргэжилд суралцаж байгаа бол энэ нь суралцах ёстой чухал зүйл гэж би бодож байна. Харин гадна талдаа мэдээж мэргэжлийн хэв маягтай байх хэрэгтэй, энэ нь нухацтай, зарим тохиолдолд нэлээн хатуу чанд байх ёстой гэсэн үг. Энэ үед бид үл хүчирхийллийн энэхүү эхний утгын үүднээс хүчирхийллийн бус хэлбэрээр өөрсдийн мэргэжлийг жолоодож чадна.

Бусдад гэм хор учруулахыг хүсэх үл энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байхын оронд тэднийг зовлон бэрхшээл, гэм хорлолгүй байхыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж хэн нэгэнд туслах хамгийн сайн арга юу болохыг үнэндээ мэдэх маш хэцүү. Хүүхэд бүр, өвчтөн бүр нэг хувь хүн. Тэгэхээр энэ нь нэг хүнд тохирч болох арга нөгөө хүнд заавал тохирох албагүй гэсэн үг. Иймд эмчийн хувьд өвчтөн тус бүрийн, багшийн хувьд сурагч тус бүрийн хувь хүний онцлогийг мөн хүндэтгэх нь чухал. Гэвч энэ нь өдөр бүр үзэх олон өвчтөнтэй, мөн олон сурагчтай ангиудтай үед тийм амар биш байж болох юм. Гэвч хувь хүн бүрийг тус бүрд нь үнэхээр мэдэх боломжгүй байсан ч хамгийн чухал зүйл бол мөн л сэтгэлийн төлөв байдал буюу тэднийг мэдэхийг хүсэх сонирхол юм. Тэднийг мэдэх сонирхол нь тэднийг хүндлэх хүндлэл дээр суурилах хэрэгтэй. Тэднийг тэдний нас болон өөрийн наснаас шалтгаалан өөрийн сайн найзаа эсвэл гэр бүлийнхэн – таны хүүхэд, таны эцэг эх, ах эгч эсвэл дүү гэх мэт хэн ч байсан тэдэнд үзүүлэх сонирхол, хүндэтгэлийн адил сонирхол, хүндэтгэлээр харахыг хичээх хэрэгтэй.    

Санаж байхад үргэлж маш, маш их тустай байдаг нэг зөвлөгөө бол тухайн хүн бол хүний төрөлтөн бөгөөд надад байдгийн яг адил сэтгэл, мэдрэхүйтэй гэдгийг санаж байх явдал гэж би бодож байна. Тэд миний адил баяр жаргалтай байхыг хүсдэг, миний адил бусад тэдэнд мөн сайн байхыг хүсдэг. Хэрэв би тэдэнд хатуу ширүүн сэтгэл гарган, хатуу ширүүн, маш хүйтэн байдлаар хандвал надад хэн нэгэн тийм байдлаар хандах үед сэтгэлд хэрхэн нөлөөлөхийн адил тэдний сэтгэлд нөлөөлнө. Иймд бусдыг хүндлэх энэхүү сэтгэл хувь хүн бүрийн адил маш, маш чухал.

Өөрт чиглэсэн үл хүчирхийлэл

Хоёр дахь төрлийн үл хүчирхийллийн хэлбэр нь бидний дээр тайлбарласан хэлбэртэй бага зэрэг холбогдох ба энэ удаа бид өөрт чиглэсэн үл хүчирхийллийн талаар авч үзнэ (эхний хэлбэр нь бусдад чиглсэн байна). Энд бид  өөрт гэм хор хүргэхгүй байх тухай ярилцана. Өөрт гэм хор хүргэх сэтгэл төрөх үед бидэнд өөрийг хайрлах сэтгэл байдаггүй бөгөөд бид өөрт гэм хор учруулахыг хүсэж байдаг. Энэ нь санаатай эсвэл санаандгүй алин ч байж болно. Жишээ нь үүнд “Би чадваргүй”, “Би ердөө сайн байж чадсангүй”, “Би хангалттай сайн байсангүй” гэх мэт бодлууд байж болно.

Ялангуяа бид эмч байгаад, аль нэг өвчтөн нас барах үед, ийм зүйл болох нь гарцаагүй, тухайн хүнд тусалж чадахгүй байснаар өвчтөн нас барлаа, “Би үнэхээр муу эмч, алдаа гаргалаа” гэж бодон өөрийг буруутайд тооцон, ихэвчлэн сэтгэл зүйн үүднээс ямар нэг байдлаар өөрийг шийтгэхийг хүсдэг. Хэрэв бид эмч эсвэл багш болох гэж байгаа бол эдгээр нь бидний үнэхээр бэлтгэгдсэн байх хэрэгтэй зүйлүүд. Бид Бурхад биш; бид хүн бүхэнд тусалж чадахгүй – бүр Бурхан ч хүртэл хүн бүхэнд тусалж чадахгүй байсан. Тэгэхээр заримдаа бид зарим зүйлийг хийж чадахгүй. Бид тухайн нэг өвчтөнийг эмчилж чадахгүй эсвэл тухайн нэг хүүхдэд үнэндээ заан сургаж чадахгүй байж болно. Тухайн нэг хүн тусламж авахын тулд тэд өөрсдийнхөө зүгээс түүнийг хүлээн авах сэтгэлтэй байх ёстой болдог. Зарим өвчнийг бид анагааж чаддаггүй, хэдийгээр эмчлэх боломжтой байсан ч бид алдаа гаргадаг; бид хүн шүү дээ. Зарим сурагчид нэлээн хүнд сэтгэл зүйн болон нийгмийн, эсвэл гэр бүлийн ямар нэг асуудалтай, тэр нь бидний тэдэнд тусалж чадах чадамжаас давсан байж болно.     

Тэгэхээр бид өөртөө гэм хор хүргэж болох тэдгээр хэлбэрүүдээс сэрэмжлэх ёстой; өөрөөр хэлбэл өөрийг үл хүчирхийлэх. Өөрийг хүчирхийлэх хэлбэрүүд нь, жишээ нь үнэндээ боломжгүй байхад “Би маш сайн байх ёстой” гэж бодон өөрийг хэт шахах. Мэдээж бид хийж байгаа зүйл дээрээ аль болох сайн байхыг хичээх боловч төгс хүн гэж байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэв бид энэ, тэр зүйл дээр амжилтгүй байвал түүнд харамсах нь ойлгомжтой, бид цаашид илүү сайн байхыг хүснэ – гэвч үүний улмаас сэтгэл санаагаар их хямрахгүй байхад үнэндээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Учир нь сэтгэл санааны хямрал нь ердөө бидний ажил, ажлын бүтээмжинд сөрөг нөлөөтэй.

“Тэгэхээр би сэтгэл санааны хямрал эсвэл сэтгэл маш, маш их хөндүүрлэхээс үнэндээ хэрхэн өөрийгөө сэргийлэх вэ” гэж та бүхэн асууж магадгүй – таны нэг сурагч маш сайн суралцдаг байгаад гэнэт ямар нэг шалтгаанаар сургуулиас гарах үе байдаг. Энэ мэдээж харамсалтай, гэвч гол нь сэтгэл санаагаар хямрахгүй байх явдал. Тэгэхээр асуулт бол: Сэтгэлийн хямралд орохгүй байхад бид өөртөө хэрхэн туслах вэ? Энэ нь эргээд бидний бусдад хэрхэн хандах тухайд ярьж байсан тэр зүйлтэй холбогдоно. Бусдад үнэхээр туслах, тэдэнд гэм хор хүргэхгүй байх үүднээс бидний хийх хамгийн чухал зүйлийн нэг бол тэднийг хүндэтгэхтэй адил бид өөрсдийгөө хүндэтгэх хэрэгтэй. “Надад авьяас чадвар бий. Тийм үгүй байсан бол би багш эсвэл эмч болж чадахгүй байх байсан” гэх байдлаар үргэлж түүнийг бататган тэмдэглэж байх нь чухал. “Хийж байгаа ажлаа гүйцэтгэхдээ би түүнийг эерэг сайн сэдлээр гүйцэтгэнэ”, “Би хүн учраас, төгс төгөлдөр биш учраас алдаа гаргана, гэвч би хичээл зүтгэл гаргаж буй өөрийгөө хүндэтгэнэ” гэх байдлаар өөрийн сэдлийг бататгах хэрэгтэй. Энэ нь хэт сэтгэл хямралд орохгүй байхад бидэнд тусална.

Ингээд өөрийн сэтгэлийг үнэн бодитойгоор шалгаад, бид үнэндээ хичээл зүтгэл гаргаагүй, хамгийн сайнаараа хичээгээгүйгээ олж мэдэх үед яах вэ? Бид илүү сайн байж болох байсан. Энэ тохиолдолд мэдээж бидэнд харамсах сэтгэл төрөх ба “Цаашид би илүү хичээе” гэх байдлаар тэмдэглэх нь чухал. Гэвч хичээл зүтгэл гаргахгүй байх, хичээхгүй байх энэ явдал дахин давтагдахгүй байх, түүнийг давтахгүй байхыг хичээхийн тулд бид түүний шалтгаан юу байсныг шалгаж үзэх хэрэгтэй. Энэ нь бид хэт ядарсантай холбоотой байсан байж болно. Энэ тохиолдолд бид мөн адил өөртөө энэрэнгүй, өөрт гэм хор хүргэхгүй байх хэрэгтэй. Амрах үүднээс бидний хэрэгцээ шаардлага юу болохыг – бидний хэмжээ хязгаар ямар байхыг бид мэдэж, мөн түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Энэ тухайд санаа зовох хэрэггүй. Хүн бүхэн өөрийн хэмжээ, хязгаартай. Мэдээж яаралтай, гэнэтийн тохиолдолд бид үргэлж илүү ихийг хийдэг, гэвч бүх зүйл яаралтай, гэнэтийн зүйлс биш. Заримдаа бид ердөө “Би амрах хэрэгтэй” гэх ёстой, ингээд амрахыг оролдож, хэрэв боломжтой бол – заримдаа боломжгүй байж магадгүй – гэвч боломжтой бол ямар нэг өөрийг буруутгах сэтгэлгүйгээр амрах хэрэгтэй.

Ингээд мэдээж бид ажил мэргэжлээ гэр бүлийн амьдралтайгаа тэнцвэржүүлэхийг оролдох үед энэ нь үргэлж хялбар байдаггүй. Хүүхдүүдэд маш их хэрэгцээ шаардлага байдаг, бидний өөрийн хүүхдүүдэд. Гэвч энэ хэрэгцээ шаардлага, хэрхэн бид цагаа хуваарилах зэрэг нь нэн түрүүний зүйл бөгөөд ингэснээ бид  хэт их ажиллаж, хэт ядарснаар аливаа ажлыг тааруу хийхгүй байх юм. Ердөө ядарч унах хүртэлээ ажилласаар, ажилласаар байж болохгүй. Учир нь өөрийн хэрэгцээ шаардлагыг үл хайхрах нь үнэндээ өөрт гэм хор хүргэж буй, өөрт хүчирхийлэл үйлдэж явдал юм. Иймд өөрийг мөн үл хүчирхийлэх нь маш, маш чухал.

Бусдын зовлонд үл баясах

Үл хүчирхийллийн гурав дахь хэлбэр нь бусдын зовлонд үл баясах. Энэ нь хатуу сэтгэлд тооцогдоно – хэрэв бид хүчирхийллийг сэтгэлийн хатуу, ширүүн төлөв байдлын үүднээс авч үзэж байгаа бол -  бусдын асуудал бэрхшээлд баясах нь сэтгэлийн хатуу ширүүн төлөв байдал юм; тухайлбал хэн нэгэн алдаж эндэх үед. “Энэ бол үнэндээ миний төрүүлдэг сэтгэл биш” гэж та бодож байж болох юм. Гэвч хэрэв бид улс төртэй холбоотой жишээ авч үзвэл, хоёр нэр дэвшигчийн дундаас бидний дэмждэггүй улс төрч албан тушаалаасаа буувал – сонгуульд ялагдан, албан тушаалаа өгөх үед – бид маш их баяртай байдаг. Бид тэдний ялагдалд баярлаж буй, тийм биш гэж үү? Ийм төрлийн нөхцөлтэй адил хэдийгээр бидний хамгийн сайн гэж боддог улс төрч тодорхой албан тушаалд томилогдон бид тэдний баяр хөөрт баясах боловч нөгөө улс төрчийн ялагдалд баясах ямар нэг шалтгаан байхгүй юм. Учир нь мэдээж тэд гэр бүлтэй, тэдний асран хамгаалдаг бусад хүмүүс байх бөгөөд тэд асуудал бэрхшээл туулж байгаа – тэд бидний адил хүн. Тэгэхээр бид тэднийг албан тушаалаасаа буусанд баяртай байх боловч тэдний амьдралд сайн сайхныг хүснэ. Бид тэдэнд таагүй муу зүйл хүсэхгүй.

Тэгэхээр бид эдгээр гурван төрлийн үл хүчирхийлэл нь дараах гурван төрлийн бодол, сэтгэлийг сөрж байдгийг харлаа. Үүнд:

  • Үл энэрэн нигүүлсэх – бусдыг зовж, шаналахыг хүсэх
  • Өөрийг үл хайрлах – зориуд эсвэл санаандгүй өөрт гэм хор учруулахыг хүсэх
  • Бусдын зовлонд баясах – хэн нэгэн алдаа гаргах эсвэл тэдэнд ямар нэг таагүй зүйл тохиолдоход баясах.

Миний өмнө дурдсанчлан бидний хийж байгаа үйлийн хэлбэр нь эдгээрийг хүчирхийлэх үйлдэлгүй боловч хүчтэй болгодог. Бурханы шашны нэг судар дээр нэг сонгодог жишээг дурдсан байдаг. Нэг голын эрэг дээр хоёр бясалгагч сууж байв. Нэг хүн тэрхүү голын эрэг дээр ирж – тэр гол маш, маш хүчтэй урсгалтай гол байв – голыг сэлж гатлахыг хүсжээ. Тэрхүү гол нь сэлж гатлах боломжгүй том, хүчтэй урсгалтай гол байсан бөгөөд хүмүүс сэлж гатлахыг оролдоод живдэг байжээ. Ингээд тэрхүү хоёр бясалгагчийн нэг бясалгагч ердөө маш тайван дүр байдалтай, тэр хүн ус руу орж, магадтай живбэл юу ч хийхгүй байдалтай сууж байв. Харин нөгөө бясалгагч нь босож ирэн тэр хүнийг ус руу орохгүй байхыг ятгаж дийлэхгүй болсон учраас түүнийг ус руу оруулахгүй байх үүднээс цохин унагажээ. Бурхан багш ирж энэ бүгдийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулан тайван сууж байсан бясалгагч бол хүчирхийлэл үйлдсэн тэр хүн. Тухайн хүнийг цохиж унаган өөртөө гэм хор хүргэхээс тэр хүнийг сэргийлсэн тэр үйл бол үл хүчирхийлсэн үйлдэл хэмээсэн. Яагаад? Учир нь түүний сэдэл буюу сэтгэлийн төлөв байдал нь тэр хүнийг гарцаагүй усанд живэх зовлонгоос сэргийлэхэд туслахыг хүссэн сэтгэл байсан.

Шашны үнэт зүйлс

Тэгэхээр энэ бүхэн өнөөдөр өглөөний бидний ярилцах сэдвийн хоёр дахь хэсэг болох орчин үе дэх шашны үнэт зүйлс гэсэн сэдэвтэй холбогдоно. “Шашны” (англ. spiritual) гэх энэ үгийн тодорхойлолт үнэндээ хэцүү бөгөөд мэдээж энэ нь давхар утгатай, эсвэл англи хэл, орос хэлэнд өөр өөр давхар утгатай байх нь гарцаагүй. Хэдий ийм боловч түүний тодорхойлолтыг, Бурханы шашны агуулгын хүрээнд тус үг ямар утга илэрхийлдэг талаар авч үзье. Бурханы шашинд бид Номын (Дхарма) тухай ярьдаг. “Дхарма” гэдэг үг нь хамгаалах арга гэсэн утга илэрхийлнэ; асуудал, зовлонгоос зайлсхийх үүднээс бидний хийдэг зүйл. Гэвч үүнийг тухайлбал машин жолоодох эсвэл унадаг дугуй унах үед ямар нэг зүйл мөргөхөөс зайлсхийх үүднээс жолоог хажуу тийш эргүүлэхтэй адил шууд нөхцөлүүдийн үүднээс ойлгодоггүй. Энэ нь Ном болохгүй.

Тэгэхээр бид ердөө бидний шууд хийдэг, өдөр тутмын зүйлүүдийн тухай яриагүй байна. Бид тэдгээрийг шашин, номын зүйл гэж нэрлэхгүй. Харин энэ нь ирээдүйд болох ямар нэг зүйлээс сэргийлэхийг хүсэх үүднээс бодох тухай юм. Бурханы шашин болон бусад олонх шашинд энэ нь хойд төрлүүдийн үүднээс, зарим шашны хувьд энэ насны дараах амьдралын тухай бодох явдал байдаг бөгөөд энэ нь өөрсдийн гол анхаарлыг ердөө энэ насны амьдралын материаллаг ололт амжилтанд хандуулахгүй байх гэсэн утгатай. Учир нь нас эцэслэх үед тэр бүхэн ард үлдэх бөгөөд ирээдүйн асар их хугацаатай харьцуулахад энэ насны нэг амьдрал маш богино байдагтай холбоотой.

Хэрэв бид ирээдүйн төрлүүд, хойд төрөлд итгэдэг бол энэ маш ойлгомжтой, гэвч бидний олонх нь тэдгээрт итгэдэггүй байж магадгүй. Хэдий ийм ч бид шашин, номын хүн байх боломжтой юу? Хэрэв бид зөвхөн өөрийн хувийн болон магадгүй гэр бүлийнхээ энэ насны амьдралын материаллаг сайн сайхны үүднээс бус харин илүү урт хугацааны, жишээ нь, ирээдүй хойч үеийнхний тухайд бодож байвал мэдээж болно. Өөрөөр хэлбэл, хэдий бага ч байсан өөрийн чадах аливаа хувь нэмрийг оруулж илүү амар амгалан дэлхийг бий болгохыг хичээх хэрэгтэй. Бурхан багшийн дурдсан өөр нэг жишээ нь – нэг том уут дүүрэн будаа нь будааны нэг ширхэг бүрээр (ширхэг бүрийн тусламжтайгаар) дүүрсэн байдаг. Тэгэхээр бидний зарим нь тэр уутанд нэг атга будаагаар хувь нэмэр оруулж чадаж байхад зарим нь ердөө нэг ширхэг будаагаар хувь нэмэр оруулж болох юм. Гэвч тэр хоёр хүн хоёулаа түүнд хувь нэмэр оруулж байна. Энэ бол гол санаа. Бүр хэдий бид үнэндээ хувь нэмэр оруулж чадахгүй байсан ч наад зах нь хичээх хэрэгтэй.

Тэгэхээр та бүхэн багш, эмч мэргэжлээр суралцаж байгаа нь мэдээж илүү амар амгалан дэлхийг бий болгоход хувь нэмэр оруулахын хувьд маш том боломж. Багш болсноор та бүхэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлнэ. Эмч нарын хувьд хүмүүсийн өвчинг анагаахад тусалснаар тэд ирээдүйд оруулах өөрийн гэсэн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж чадна. Тэгэхээр энэ нь тэднийг зовлонгүй, баяр жаргалтай байхыг хүсэхтэй маш сайн холбогдоно. Тэднийг ямар нэг байдлаар хүчирхийлэх, хатуу санаа бодол төрүүлэхгүй, мөн тэднийг хүндэтгэнэ. Бид өөрсдийгөө “Би ирээдүйд өөрийн хувь нэмрийг оруулна” гэсэн үүднээс, мөн “Тэд ирээдүйд өөрсдийн хувь нэмрийг оруулна” гэсэн үүднээс өөрийн сурагчдыг, өвчтнийг хүндэтгэнэ. Тэгэхээр хувь нэмэр гэж юу гэсэн үг вэ? Илүү амар амгалан дэлхийг бий болгоно гэж юу гэсэн үг вэ? Энэ нь үндсэндээ хүмүүс илүү баяр жаргалтай байх зарим аргыг дэвшүүлэн тавих гэсэн утгатай. Ийнхүү баяр жаргалтай байх гэдэг нь хэдийгээр тэр нь чухал ч ердөө нэг материаллаг түвшинд бус харин мөн сэтгэлийн амар амгалантай, амьдралд юу ч тохиолдсон түүнийг шийдвэрлэх зөвхөн техник арга төдийгүй сэтгэл зүйн ур чадварыг ашиглаж чаддаг байх нь чухал гэсэн утгатай.  

Тэгэхээр эдгээрийг би шашны үнэт зүйлс гэж хэлэх байна; өөрөөр хэлбэл бидний амьдрал дахь чухал гэж тооцдог зүйлүүд, бидний амьдралдаа хийж буй зүйлүүд. Товчоор хэлбэл, ялангуяа та нарын адил залуу хүмүүсийн хувьд сэдлийг маш нухацтай авч үзэх нь үнэхээр чухал гэж би бодож байна. Өөрийн суралцаж буй мэргэжилд яагаад би суралцаж байгаа билээ? Амьдралд би юунд хүрэхийг хүсэж байна? Ирээдүйд гэр бүлдээ зориулан юунд хүрэхийг зорьж байна? Улмаар ирээдүйд – ирээдүй хойч үеийнхэнд юу үлдээхийг хүсэж байна? Яагаад би үүнд зорьж байна вэ? Энэ нь нэлээн их дотоод эрэл хайгуул шаардаж магадгүй юм. Гэвч энэ бол эрж хайвал зохих маш чухал зүйл. Харин бид эдгээр асуултуудад хариулах өөрсдийн хариултыг маш хангалтгүй гэж үзэж магадгүй. Ингээд “Би өөрийн сэдлийг зөв болгохыг хичээхийг хүсэж байна уу эсвэл үгүй юу” гэдгийг тодорхойлоход бидэнд хэрэгтэй шалгуур нь миний хийж байгаа зүйл өөрт болон бусдад амар амгалан авчрах уу эсвэл ердөө асуудал үүсгэх үү гэдгийг харах явдал юм. Үүний чанарыг үнэлэхийн хувьд урт хугацааны турш үзүүлэх аливаа нөлөө нь ердөө нэн даруй, богино хугацаанд үзүүлэх нөлөөнөөс илүү чухал байдаг. Гэвч хэрэв бидний амьдралдаа хийж байгаа зүйлс тодорхой, бид өөрсдийгөө амьдралдаа зөв, сайн зам мөрөөр явж байгаа гэж үзэж байвал энэ нь бидэнд маш гайхалтай сайн сайхан мэдрэмж, сэтгэл ханамжийг өгч байдаг.

Зарим тохиолдолд хүмүүсийг сэтгэл хямралд оруулдаг хүчин зүйлүүдийн нэг нь тэд өөрсдийнхөө амьдралыг ямар ч утга учиргүй, ямар ч зүг чиггүй гэж үзэх явдал байдаг гэж би боддог. Бид нэг мэргэжил хөөх боловч түүнд зүрх сэтгэлээ зориулаагүй байдаг. Бидэнд дэлхий дахины асуудал, улс орны асуудал, хот дүүргийн асуудал, гэр бүл, өөрийн асуудлууд – энэ бүхэн хэтэрхий их, үнэхээр таагүй санагддаг. Тэгэхээр ийм сэтгэлээр амьдралыг туулах, үүнд ямар утга учир байх билээ? Энэ бол үнэхээр тусгүй; энэ бол тийм баяр жаргалтай амьдрал биш. Тэгэхээр ийм цөхөрсөн сэтгэлийг даван туулахыг оролдоход түүнд  мөн л өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл шаардагдана. “Гадаад нөхцөл байдлуудаас үл хамааран өөрийгөө сайжруулах, илүү сайн хүн байх чадвар надад бий” хэмээн өөртөө батлан тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь өөрийг илүү амар амгалан байлгахад маш чухал төдийгүй – ингэж тэмдэглэх нь – миний сэтгэлийн төлөв байдал бүхэлдээ миний эргэн тойрон дахь бүхий л хүмүүст нөлөөлөх юм. Тэгэхэээр бусдад эрүүл мэндийн хувьд, боловсрол хүмүүжлийн хувьд туслах нь ... энэ бол учир утгатай зүйл. Бид ирээдүй ямар байхыг мэдэхгүй, гэвч хэрэв хүмүүс эрүүл бол, хэрэв хүмүүс боловсролтой бол тэр үед итгэл найдвар, юмс илүү сайн сайхан болно гэсэн итгэл найдвар байна гэдгийг мэдэж байгаа. Ингэж төсөөлөх амаргүй байж болох юм. Гэвч ирээдүйд илүү их асуудал бэрхшээл байж болох ч бид хүмүүст тэдгээрийг шийдвэрлэхэд илүү сайн бэлтгэгдсэн байхад тусалж болно.  

Эдгээр нь орчин үе дэх шашны үнэт зүйл болон үл хүчирхийллийн талаарх миний бодол юм.

Асуултууд

Бидний энэхүү орчин үед, мэдээж бид Бурханы шашны үнэт зүйлсүүдэд энэрэн нигүүлсэх сэтгэл байдгийг ойлгож байгаа. Гэвч бодит амьдрал дээр нөхцөл байдал үнэхээр хэцүү, зарим тохиолдолд хүүхдүүд эцэг эхгүй өсөж, тэд нэлээн хүмүүжилгүй болдог. Ингээд бидний хувьд, хэрэв та багш бол тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаар – сул дорой хүмүүсийг хэрхэн хамгаалах, тэдэнд балмад хандаж, гэм хор хүргэхгүй байхад суралцах хэрэгтэй гэж ойлгуулах маш хэцүү. Тэгэхээр багш нарын хувьд бид энэхүү санааг сурагчдад, ялангуяа нийгэм, эдийн засгийн маш хэцүү нөхцөлд өсөж байгаа, нэлээд сахилга батгүй сурагчдад хэрхэн хүргэх вэ?

Тэдгээр хүүхдүүдэд тусалж болох аргуудын нэг нь тэдэнд өгөх, өглөгч байх боломж олгох явдал гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл, хэрэв хэн нэгэнд (нэг хүүхдэд, жишээ нь) бусад хүүхдүүддээ өглөг өгөх боломж олговол, тухайлбал, бичгийн ажил, зарим хувилсан даалгаваруудыг тараах эсвэл тэд ямар нэг өгөөмөр зүйл хийж болно – энэ бол бусдад туслах ямар нэг зүйл хийж байгаа хэрэг. Энэ нь тухайн хүүхдэд өөрийг үнэлэх үнэлэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, маш хэцүү ар амьдралтай, эцэг эхийн хайр халамж дутуу хүүхдүүд энэхүү гадуурхагдсан мэт сэтгэл мэдрэмжээ ихэвчлэн маш сөрөг зан байдлаар илэрхийлж байдаг. Нэг үгээр хэлбэл “Ар гэрийн нөхцөл байдал муу учраас би муу гэж тооцогддог юм бол би хүн бүхэнд муу гэдгээ үзүүлээд өгье” гэх мэт. Ингээд тэд нийгмийн эсрэг, нийгмээс гадуур мэт байж гэмт хэрэг гэх зэрэгт холбогддог. Энэ бол нэлээн нийтлэг тохиолддог. Гэвч хэрэв тэдэнд тэд бол сайн хүн гэж өөрийгөө харуулах, тэд ямар нэг зүйл өгч чадна гэдгийг харуулах боломж олгох юм бол, хэдийгээр тэд нэг маш сайн аргаар өгөхгүй байсан ч – тийм их үр өгөөжтэй байдлаар гэж хэлэх гэсэн юм – энэ нь тэдэнд ямар нэг өгөх сайн зүйл бий гэсэн сэтгэгдэл төрүүлдэг, ердөө зөвхөн муу зүйлүүд бус.

Бурханы шашны үүднээс, өглөг өгөх, энэ нь тодорхой нэг эерэг хүч буюу буян хурааж байдаг. Гэвч үүнд бид Бурханы шашны тайлбар өгөх шаардлагагүй. Миний тайлбарласан зүйл зарим тохиолдолд ердөө сэтгэл зүйн хувьд тус болж болно гэж би бодож байна. Гэвч тэдэнд ямар нэг хийх эерэг, сайн зүйл өгөхдөө тэдэнд түүнийг шийтгэл гэсэн ойлголт төрүүлэхгүй байх нь маш чухал.

Амьдралд бид үргэлж хэн нэгнийг хүмүүжүүлж байдаг. Гэвч мөн дахин хүмүүжүүлэх нэг үйл явц байдаг ба энэ үед хэн нэгнийг дахин хүмүүжүүлэхийг оролдож байдаг. Энэ үйл явцад бидний хүмүүжүүлж байгаа тухайн хүнд тохирох хамгийн тустай – шийтгэл эсвэл нийгмийн ажил гэх мэт тодорхой төрлийн ажил юу байж болох вэ? Тухайлбал бидний хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бага насны бус хүмүүс буюу хорих газар хүмүүжиж байгаа хүмүүс, гэмт хэрэгтнүүд хэлье л дээ.

Энэ бол ерөнхийдөө хариулахад хэцүү. Учир нь мөн л хүн бүр тус бүрдээ нэг хувь хүн. Би хувьдаа хорих газруудад лекц уншиж байгаагүй. Харин Бурханы шашинтай, миний хамтран ажилладаг олон нөхдүүд уншсаар ирсэн. Тэдний олж мэдсэн зүйлүүдийн нэг нь хорих газар буй олон хүмүүс, мэдээж бүгд биш ... үүнд их хугацаа шаардагддаг. Учир нь тэдэнд өөрсдийн амьдралыг шүүн тунгаах, амьдралдаа юу хийж ирсэн, амьдралаас тэд юу хүсэж байгааг шүүн тунгаах их цаг байдаг. Ийнхүү өөрийн уур бухимдал, хүчирхийлэх зуршлыг шийдвэрлэхэд суралцахыг сонирхох тодорхой тооны хүмүүжигч нар байх бөгөөд тэд жишээ нь амьсгал дээрээ анхаарал төвлөрүүлэх гэх мэт сэтгэл тайвшруулах маш энгийн Бурханы шашны бясалгалын төрлүүдийг үнэхээр сайн хүлээн авдаг. Тэгэхээр мэдээж тэдгээр хүмүүс ийм төрлийн туслалцааг хүлээн авахад бэлэн хүмүүс байдаг. Хүн бүр тусламж авах хүсэлтэй байдаггүй. Хэрэв тэд хүсэлгүй байвал бидний хийж чадах зүйл маш бага байна. Хэрэв тэд өөрсдийн амьдралыг өөрчлөх буюу сайжруулах ямар нэг хүсэлгүй байгаа үед тэднийг ердөө бие махбодын хувьд шийтгэх нь тэдэнд улам их уур бухимдал, хорсол төрүүлнэ.

Сэтгэл судлалд хэрэглэгддэг тодорхой төрлийн аргууд байдаг бөгөөд энд тийм их тохиромжтой биш байж болох ч ердөө нэг санаа өгөх үүднээс түүнээс дурдъя: Бусадтайгаа хамтардаггүй, нэлээн хүмүүжилгүй нэг хүүхэд, өсвөр насны нэг хүүхэд байх ба тэрээр аялалын нэг бүлэг, тэдний ахлагч, нэг луусын хамт аялах болов. Луус бол мэдээж зөрүүд, өөрсдийн хүссэн зүйлийг түүгээр хийлгэх маш хэцүү амьтан байдаг. Тэд тэрхүү луусыг хариуцан явах хэрэгтэй байсан тул тэд түүнтэй харилцах, мөн уур бухимдлаа давах, тэвчих зэрэг чадварт суралцаж, ямар нэг байдлаар тэрхүү луустай ажиллах хэрэгтэй болов. Тэгэхээр энэ нь мөн адил тэдэнд ямар эерэг нэг зүйл хийх, тухайлбал тэрхүү луустай ажиллах тодорхой үүрэг хариуцлага өгөх гэсэн утгатай юм.      

Тэгэхээр зарим тохиолдолд хүүхдэд ямар нэг амьтныг асрах үүрэг даалгавар өгөх нь ... амьтад тэднийг шүүмжилдэггүй, харин хүмүүс тэднийг шүүмжилнэ. Нохойны хувьд ... хэдий их тэднийг бид сургаж хүмүүжүүлнэ, тэр танд сайн хэвээр байдаг. Тэгэхээр тэднээр өөр нэг амьтантай харилцах, энэ тохиолдолд нэг нохой байна, зарим тохиолдолд хэн нэг хүнийг хүмүүжүүлэх даалгавар үр нөлөөтэй байж тэдэнд тайвшрах, тодорхой үүрэг хариуцлага хүлээхэд тусалдаг. Гэвч мэдээж зарим үнэхээр нэлээд харгис хүмүүс байх ба тэдэнд нохой өгсөн тохиолдолд тэд ердөө түүнийг зодож тарчлааж болох тул та нэлээн хянуур байх хэрэгтэй.   

Сэтгэл заслын эмч ажилтай миний нэг найз байдаг бөгөөд тэрээр гол төлөв орон гэргүй, гадаа гудамжинд хоноглож, түүнтэй холбоотой гарах бүхий л бэрхшээлүүдийг үзэж туулах өсвөр насны, хүмүүжил тааруу хүүхдүүдтэй ажилладаг. Түүний хэрэглэдэг зарчмуудын нэг нь бидний ярьж байсны адил нэлээн хүмүүжлийн бэрхшээлтэй тэдгээр хүүхдүүдэд тэднийг хүн хэмээн хүндэтгэх хүндэтгэл, сонирхлоор хандах явдал гэж тэрээр хэлсэн. Тэднийг чин сэтгэлээсээ авч үзэх хэрэгтэй. Тэднийг үнэндээ сонсох, тэдний асуудал юу болохыг мэдэхэд цаг гаргах хэрэгтэй. Гэвч таны зайлсхийх хэрэгтэй зүйлүүдийн нэг бол хэрэв та тэднийг сонсож байгаа бол “Миний явах цаг боллоо. Би одоо явах хэрэгтэй” гэж хэлэхгүй байх явдал. Тэд үүнд ихэвчлэн маш сөрөг ханддаг. Учир нь тэр нь тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг болдог.

Тэгэхээр үүнээс суралцах зүйл нь хэрэв бид нэг хүмүүжил тааруу сурагчтай ажиллах гэж байгаа бол түүнд өөрийн цаг завыг зориулах явдал. Та тэр сурагчийг сонсоно. Тэдний асуудал юу болохыг ойлгохыг хичээхийг хүснэ. (Хэдийгээр та ямар нэг шийдэлд хүрээгүй байсан ч ердөө түүнийг чин сэтгэлээс сонссон явдал тань тус.) Гэвч үүнд цаг хугацааны хязгаар тавилгүй, тухайн хүүхдийг хүн гэдэг үүднээс хүндэтгэх хэрэгтэй.

Гэвч үнэндээ тэднийг хүмүүжүүлэхэд юу хийх хэрэгтэй зэрэг энэ бүхнийг хэлэхэд маш хэцүү. Үнэндээ та бүхний соёл, нийгэмд юу хүлээн зөвшөөрөгддөг, юу хүлээн зөвшөөрөгддөггүйг би сайн мэдэхгүй. Гэвч ердөө шийтгэх нь, ялангуяа уур бухимдлын үүднээс, тус болохгүй.

Хүмүүстэй харилцах өдөр тутмын харилцаанд тулгарах бухимдал, дургүйцлийг хэрхэн даван туулах вэ?

Хэрэв бид өөрсдийн таагүй гэж үзэж байгаа аливаа нэг нөхцөл байдлыг шинжилж үзэх юм бол тэр нь олон олон өөр өөр шалтгаан, нөхцөлүүдээс үүсэж байдаг – нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, тухайн асуудалд холбоотой хүмүүсийн гэр бүлд болж байгаа зүйлс, тэдний нөхцөл байдал гэх мэт. Бид дургүйцэн, тэдгээр зүйлд бухимдах юм бол тэр үед бидний сэтгэлд болох зүйл нь тэр үйл явдлыг, эсвэл бидний дургүйцэж буй тэр зүйл юу ч байсан түүнийг ердөө нэг том, бодитой, үнэхээр таагүй, муухай зүйл болгон авдаг. Бид түүнд хамаарах бүх шалтгаан, нөхцөлүүдийг харах чадвараа алдаж түүний муу талыг бодит байдлаас нь илүү их болгон тусган харна. Бид түүнийг тийм байхыг хүсдэггүй бөгөөд уур бухимдал нь түүнийг үл зөвшөөрсөн маш хүчтэй сэтгэл зүйн дургүйцэл байдаг.

Ингээд хэрэв бид энэ талаар бодож үзэх юм бол тэрхүү дургүйцэл ... түүний цаана байх механизм нь “Би энэхүү зовлон, энэхүү бэрхшээлийг байхгүй болохыг хүсэж байна” гэсэн сэтгэл байна. Энэ бол энэрэн нигүүлсэх сэтгэл. Тэгэхээр уур бухимдал, уур бухимдал төрүүлж байгаа зүйлийг сөрөх сэтгэл нь үргэлж асрал хайр байдаг. Асрал хайр бол нөгөө хүнийг баяр жаргал болон түүний шалтгаан бүхий байхыг хүсэх сэтгэл. Тэд тэдгээр бүх шалтгааны улмаас, тэдний сэтгэл амар амгалан биш учраас маш таагүй байдлаар үйлдэл хийж байгаа. Би тэднийг баяр жаргалтай байхыг хүсэж байна. Ингэснээр тэд уур бухимдал төрүүлсэн, таагүй байдлаар үйлдэл хийхгүй болох юм. Тэднийг баяр жаргалтай байлгахын тулд тэднийг баяр жаргалгүй болгож, таагүй байдлаар үйлдэл хийхэд хүргэж байгаа нөхцөл шалтгаануудыг мэдэж миний өөрчлөлт хийж, тусалж чадах зүйл юу байхыг харах хэрэгтэй.     

Эдгээр нь бидний хэрэглэж болох аргуудын зарим нь. Энэ бол ердөө дүгнэн шинжлэх үйл ажиллагаа. Энэ зүйл энэ, тэр шалтгаанаас үүсэж байна. Эдгээр шалтгааны улмаас тэд тийнхүү үйлдэл хийж байгааг би зогсоохыг хүсэж байна. Тэгэхээр тэдний зан байдалд нөлөөлж байгаа зүйлийг өөрчлөхөд би юу хийж чадах вэ гэх байдлаар шинжилж үзэх юм.

Багш нар болохын хувьд бид өөр өөр ар гэрийн байдалтай – өөр өөр соёл, нийгэм, шашны уламжлал бүхий гэр бүлийн хүүхдүүдтэй ажиллана. Тэднийг сурган, хүмүүжүүлэхийн тулд эдгээр хүүхдүүд, өөр өөр хүүхдүүдэд бүгдэд нь ердөө тэвчээртэй хандах нь хангалттай юу?

Хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь хүүхдүүдэд үзүүлэх таны сонирхол гэж би бодож байна. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн гэр бүлийн шашны уламжлал юу болох, нийгмийн гарал юу болохыг мэдэх гэсэн утгатай. Боловсрол олгох гэж байгаа хүүхдүүдээ хэдий сайн ойлгоно тэдэнд үнэндээ юу хэрэгтэй байгааг та төдий хэрээр илүү мэдэх болно. Боловсролын гол агуулга нь зөвхөн тэднийг шалгалтанд тэнцэхэд бэлтгэх бус харин тэднийг илүү сайн хүн болоход нь туслах явдал байдаг гэж найдаж байна. Тэгэхээр тэдний талаар судалж мэд. Өөрсдийнхөө талаар ямар нэг зүйл хэлэх боломж олго. Тэгснээр та тэдний талаар илүү сайн мэдэх болно.

Хүлээн зөвшөөрөгдөхгүй болов уу гэж санаа зовдог учраас өөрсдийнхөө үзэл бодол эсвэл өөрсдийнхөө талаар ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй болоход түүнээс татгалздаг хүмүүстэй бид цөөнгүй таардаг. Тэгэхээр миний асуулт эдгээр хүмүүст өөрсдийн ийм хаалттай сэтгэл, санаа зовох байдлыг даван гарахад хэрхэн туслах тухайд байна.

Энэ бол үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх талаар маш, маш их санаа зовж байдаг өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой онцгой том асуудал гэж би бодож байна. Тэднийг ичих зангаа даван гарахад хэрхэн туслах вэ? Тэгэхээр Бурханы шашны хийдүүдийн сургалтанд хэрэглэгддэг нэг арга нь нэг хичээлийн дараа бүх сурагчид хоёр хоёроороо хуваагдан нэг нэгэнтэйгээ саналаа солилцдог – тэд мэтгэлцдэг, үнэндээ бол логик учир зүйн мэтгэлцээн байдаг – харин сурагчид нэг нэгэнтэйгээ ярьсан зүйлийн талаар саналаа солилцох, түүнийг ойлгосон эсэхээ шалгаж болно. Тэгэхээр тэд үнэндээ бүх сурагчдын өмнө ярьж байгаа бус, энэ тохиолдолд зарим сурагчид тэднийг шоолон инээлдэж болно. Харин хоёр хоёроороо хуваагдсан тохиолдолд тэд ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй болно. Багш энэ үед сурагчдын дундуур явж бүлгүүд өөр зүйлийн тухай бус тухайн сэдвийн талаар ярьж байгаа эсэхийг магадлах хэрэгтэй. Энэ бол сургалтын нэг маш сайн арга. Учир нь сурагчдад зүгээр идэвхгүй суун сонсохгүй эсвэл анхаарал хандуулахгүй байж ямар нэг мэдлэг олж авахгүй өнгөрөх боломж олгодоггүй. Тэд ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй болдог; тэд нөгөө хүндээ тэд харилцан ярилцаж байгаа, тэд үнэндээ нөгөө хүндээ анхаарал хандуулсан, түүнийг сонссон гэдгээ харуулах хэрэгтэй болдог. Тэд нэг нэгнээсээ ичдэггүй. Гэвч та нэг сурагч нөгөө сурагтайгаа дараалан нэг хос болохгүй байхад анхаарах хэрэгтэй; хосууд солигдож байх ёстой. Энэ бол хийдийн боловсролын тогтолцоонд хэрэглэгддэг нэг арга. Энэ тустай байж болно.

Top